info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-06-03

Дугаар 72

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

болгох тухай     

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батсайханд холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ГС/2025/0044 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:  “...Шүүхийн сахилгын хороо нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан өргөдлийн “талуудаас гаргасан хүсэлт шийдвэрлэсэн, гэрч оролцуулахаар шийдвэрлэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдүүдийг оролцуулах хүсэлтийг шийдвэрлэсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн” гэх үндэслэлүүдэд хууль зүйн дүгнэлт өгөх, хянах эрх хэмжээгүй.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан хуулийг тайлбарлан, хэрэглэх бөгөөд хэрэв буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчийн гомдлоор дээд шатны шүүх нь залруулдаг онцлогтой.

Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4/***тоот “Хэрэг хүргүүлэх тухай” албан тоотоор шилжүүлсэн яллагдагч Г.Ө, Д.Я, Г.И нарт холбогдох 22 хавтас, 5422 хуудас бүхий 180924480... дугаартай эрүүгийн хэргийг холбогдох журмын дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй шүүхийн Тамгын газрын захиргааны албан хаагч хүлээн авч, мөн өдөр “Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-д бүртгэн даргалагчид хуваарилах ажиллагааг гүйцэтгэж, улмаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024/ЕШЗ/1... дугаар “Шүүх хуралдаан даргалагч томилох тухай” захирамжаар шүүгч Б.Батсайханд хуваарилагдсаныг албажуулсан байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т заасны дагуу Нийт шүүгчдийн чуулганы 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ыг баталсан бөгөөд шүүх бүр өөрийн нарийвчилсан журмыг тус нийтлэг журамд нийцүүлэн батлан, мөрдөж ажилладаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргасан хуваарийн дагуу шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилдаг хуулийн зохицуулалттай.

Хавтаст хэргийг хүлээн авах нь шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтны албан үүрэгт хамаарах ба Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1.4 дэх заалтад “шүүхэд ирүүлсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх” чиг үүргийг шүүхийн Тамгын газар хэрэгжүүлнэ гэж заасан тул Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой байна.

Тиймээс шүүгч хэрэг хуваарилах ажиллагаанд оролцох, хяналт тавих, нөлөөлөх зэрэг эрх, үүрэггүй бөгөөд уг үйл баримтаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөхгүй.

Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх гэдэг нь хэрэв тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчид аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон талаар баримт байхыг, эсхүл эдгээрийг шүүгч өөрөө тодорхойлсныг ойлгох  бөгөөд шүүгч үүнийг тэмдэглэн баталгаажуулж мэдүүлэг хөтлөн холбогдох байгууллагад хүргүүлэх хуулийн зохицуулалттай.

Өргөдөлд дурдагдаж буй Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.А нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн цахим сайтад 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19 цаг 12 минутад нийтэд нээлттэй байршуулсан “Шүүгчид нэр дэвшигчдийн талаар олон нийтээс мэдээлэл авах тухай” мэдээллээс үзэхэд 2017 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар зарлигаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон байна.

Ийнхүү шүүгч Ц.А шүүгчийн албан тушаалд томилогдохоос өмнө өмгөөллийн үйл ажиллагаа явуулж, өөр харьяаллын шүүхэд буюу тодруулбал захиргааны хэргийн шүүхэд гуравдагч этгээд С.Чулуунбаатарын өмгөөлөгчөөр оролцож байсан үйл баримт нь шүүгч Б.Батсайханд нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүргийг үүсгэхгүй, хуульд заасан үндэслэл бий болоогүй тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах эрхгүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч дараах үндэслэл байвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй”, 1.1 “оролцогчийн хувиар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, эсхүл оролцохоор бол”, 1.2 “тухайн хэргийн прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садны хүн бол”, 1.3 “өмнө нь тухайн хэрэгт прокурор, мөрдөгч, оролцогч, бусад оролцогч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон бол”, 1.4 “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол” гэж заажээ.

Мөн хуулийн 10.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг прокурор, оролцогч гаргаж болно.” гэж заасан.

Дээрх хуульд зааснаар шүүгч татгалзах үүрэг үүссэн тохиолдолд татгалзан гарах, шүүгчээс татгалзах үндэслэл байгаа бол хэргийн оролцогчийн хувьд хуульд заасны дагуу татгалзан гаргах тухай хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлэх эрх нээлттэй.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр хуралдааны тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарласан байна.

“Хувийн харилцаатай” гэж хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч уг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчтэй эдийн болон эдийн бус хувийн ашиг сонирхлоор холбогдсон байхыг ойлгох бөгөөд нэг сургуульд суралцсан болон урьд хамт ажиллаж байсан зэрэг өөр бусад байдлаар таньдаг, олон нийтийн цахим сүлжээнд “дагагч”, “найз” зэргээр холбогдсон, албан ажил үүрэг гүйцэтгэх явцад тогтоосон албан харилцаа зэрэг нь “хувийн харилцаа”-нд хамаарахгүй.

Өргөдөлд “шүүгч Батсайханы аав эрүүгийн хэргийн нэг тал болох С.Ч-ын удирдлагад байдаг” гэж тодорхойлоод, “Хөвсгөл аймгийн Тариалан сумын ардчилсан намын дарга Г.Болдоо танаа” гэж хаягласан Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын албан тоотын хуулбарыг өргөдөлдөө хавсаргаж ирүүлсэн байна.

Харин холбогдох шүүгчийн эцгийн нэр нь ... байх бөгөөд шүүгч тайлбартаа аавынхаа талаар “цөөхөн тооны мал маллаад хөдөө амьдардаг, жирийн малчин хүн. Намын дарга хийдэггүй, улс төрийн ажиллагаанд оролцдоггүй” гэжээ. Шүүгч өөрийн аавын ажил байдлыг ийнхүү тодорхойлсон, төрийн байгууллагын албан тоотод дурдсан нэр шүүгчийн эцгийн нэр зөрүүтэй байгаа зэргээр өргөдлийн дээрх үндэслэл үгүйсгэгдэж байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглодог бөгөөд тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчид аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон гэж үзэх нөхцөл байдал үүссэн гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Иймд өргөдлийн үндэслэлд дурдагдаж буй эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүгч Б.Батсайханд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн 180924480... дугаартай хэргийн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд талуудын өмгөөлөгчдөөс гаргасан хурал хойшлуулах тухай хүсэлтийг хэлэлцэж, шүүх хуралдааныг 13-ны өдрийн 09 цагт гэж товлосон байна. Хэдийгээр шүүгч болон талуудын хооронд хурал товлогдсон хугацааны талаар зөрүүтэй ойлголт бий болсон байж болохыг үгүйсгэхгүй ч товын талаар боломжит хугацааны өмнө талуудад мэдэгдсэн, товын дагуу шүүх хурал болсон байх тул энэ нь хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. 

Мөн тухайн өдрийн хуралдааны шийдвэр буюу “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” 2025/ШЗ/*** дугаар шүүгчийн захирамжийг эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд бүртгэн, дугаар авах ажиллагааг хийсэн шүүхийн захиргааны албан хаагч сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...эрүүгийн системийн гацалтаас болж дугаар авагдаагүй тул маргааш нь шүүгчийн захирамжийн дугаар авсан ...” гэж мэдүүлсэн бөгөөд ийнхүү эрхийн актын огноо нэг өдрөөр зөрүүтэй гаргаж, албажуулсан нь шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлд хамаарахгүй.

Тус хороо нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэрлэн заасан сахилгын зөрчлийг шүүгч гаргасан эсэхэд шалгах ажиллагаа явуулдаг тул өргөдөлд дурдагдсан өөр байгууллагын албан тушаалтан болон бусад этгээдийн үйл ажиллагаанд холбогдуулан дүгнэлт өгөхгүй. 

Харин шүүхийн захиргааны албан хаагчийн үйл ажиллагаанаас улбаалж шүүгч хуульд заасан сахилгын зөрчлийг гаргасан эсэхийг тогтоохоор өргөдөлд дурдагдсан “...шүүх хуралдааны тэмдэглэл хуульд заасан хугацаанд гаргаагүй, шүүгчийн туслах шүүх хуралдааныг нээлттэй явуулахаар хэргийн оролцогчидтой урьдчилж ярьсан, шүүх хуралдааны бичлэгтэй танилцах эрхийг хангаагүй” гэх үндэслэлд шалгах ажиллагаа явуулахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэгт хийсэн үзлэгээр шүүх хуралдааны тэмдэглэлүүд тус эрүүгийн хэрэгт авагдсан байх бөгөөд нарийн бичгийн даргаар шүүх хуралдаанд оролцсон О.Ч гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...хуульд заасан хугацаанд албажиж гарсан” гэж мэдүүлсэн, холбогдох шүүгчийн хариу тайлбарт “ ... сургалтад явахаас өмнө буюу 02 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө гарах тэмдэглэл, захирамжаа гаргасан” гэсэн зэргээр хуралдааны тэмдэглэл хуульд заасан хугацаанд гараагүй гэх үйл баримт нотлогдоогүй.

Өргөдөл гаргагч Д.Я Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  Шүүхийн тамгын газарт хандаж 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдааны бичлэгтэй танилцах тухай хүсэлт ирүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дууны, дуу-дүрсний бичлэгийг танилцуулахыг тус шүүхийн Мэдээлэл технологийн мэргэжилтэнд даалгаж хүсэлтийг нь хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд өргөдөл гаргагч танилцаагүй байна.

Иймд хэргийн оролцогч гаргасан хүсэлтийнхээ хариуг аваагүй, шүүгчийн чиг үүрэгт хамаарахгүй уг асуудлаар холбогдох шүүгчийг буруутгах үндэслэлгүй.

Сахилгын хэрэгт авагдсан баримт болох шүүгчийн туслах А.С-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, нотлох баримтаар гаргуулан авсан тус шүүхийн шүүх хуралдааны танхимын үүдний хэсгийн дуу, дүрсний бичлэгээр 03 дугаар сарын 13-ны өдрийн хурал эхлэхийн өмнө шүүхийн захиргааны нэр бүхий албан хаагчид тус коридорт хэн нэгэнтэй уулзсан, харилцсан үйлдэл тогтоогдоогүй, өргөдөл гаргагч уг үйл явдлыг хүнээс сонссон гэж өргөдөлдөө дурдсан зэргийг нэгтгэн дүгнэхэд “шүүх хуралдааныг нээлттэй явуулахаар хэргийн оролцогчидтой урьдчилж ярьсан” гэх үйлдэл гаргасан гэж үзэхээргүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч, гэрч, өсвөр насны яллагдагч, өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улсын яллагч, хохирогч, гэрч, өсвөр насны яллагдагч, өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нээлттэй, эсхүл хаалттай явуулах эсэхийг шүүх шийдвэрлэх бөгөөд бусад тохиолдолд нээлттэй явуулна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12.2.2-т “шүүх хуралдааныг нээлттэй явуулах, шүүхийн цахим хуудас, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн цахим сүлжээгээр энэ хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайлсан хуульд заасны дагуу шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэх” гэж заасан байх бөгөөд нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст, эсхүл шүүхийн нээлттэй бусад цахим платформд байршуулахтай холбогдсон журмыг Ерөнхий зөвлөл батална гэжээ.

Уг заалтын дагуу батлагдсан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 276 дугаар “Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулах журам батлах тухай” тогтоол 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байна.

Мөн хуульд авлигын гэмт хэргийн анхан ба давж заалдах шатны нээлттэй шүүх хуралдааныг шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэнэ гэж заасан байх бөгөөд шүүх хуралдааныг дуу-дүрсний бичлэгээр дамжуулах тохиолдолд шүүхийн шийдвэрээр зарим хэсгийг хаахаас бусад тохиолдолд өөрчлөлт оруулах, хэсэгчлэн хасалт хийх, засварлахыг хориглосон байна.

Иймд эрүүгийн хэргийн хуралдааныг шууд дамжуулсан нь холбогдох хууль, тогтоомжид нийцсэн.

Харин Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2025 оны 15 дугаар тогтоолоор “Шүүхийн байрны стандарт”-ийг баталсан боловч, Стандарт, хэмжил зүйн газарт 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэн, уг өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байх тул тухайн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан явагдсан гэх 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр уг стандартад бүртгэлийн дугаар олгогдоогүй байжээ. Иймд албажаагүй, шүүхэд хүргэгдээгүй журмыг шүүгч хэрэгжүүлэн ажиллах боломжгүй.

Түүнчлэн, шүүгч зөвхөн шүүн таслах ажиллагаа явуулах эрх, үүрэгтэй бөгөөд шүүх хуралдааны танхим, тоног төхөөрөмж зэрэг шүүх хуралдаан хэвийн явуулах нөхцөлийг шүүхийн захиргааны байгууллага хангах үүрэгтэй.

Улсын яллагч шүүх хуралдаанд оролцохдоо хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах эрхтэй.

Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт тухайн этгээдийг шүүх хуралдаанд оролцох боломжгүй болгосон бодит нөхцөл байдлыг хэлэх бөгөөд хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирж чадаагүй бөгөөд биечлэн оролцох үндэслэлээр хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн бол шүүх уг шалтгаан хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэх, холбогдох баримт бий эсэх, шүүхэд урьдчилан мэдэгдсэн эсэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухай бүрд шийдвэрлэдэг.

Сахилгын хэрэгт авагдсан 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн  өргөдөлд дурдагдаж буй эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан явагдсан танхимын үүдний хэсгийн бичлэг бүхий 20250414164320.mp4 нэршилтэй хадгалагдсан нийт 30 минут 51 секундийн дуу, дүрсний бичлэгээс үзэхэд шүүх хуралдаан завсарласан байх үед шүүгчийн туслах А.С гартаа цаас барьсан шүүх хуралдааны танхимын үүдэнд ирж, хуралдааны нарийн бичгийн даргатай ярилцаж, хоёр орчим цаас өгснийг нь шүүх хуралдааны танхимд хэргийн оролцогчдын хамт орохдоо авч орсон нь бичигдсэн байна.

Гэхдээ холбогдох шүүгч улсын яллагчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гэх баримтыг “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/*** дугаар шүүгчийн захирамжийн үндэслэл болгоогүй байх бөгөөд захирамждаа “ ... улсын яллагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүгдэгч Д.Я-ийн өмгөөлөгч Д.Б-ээс шүүх хуралдаан давхардсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлсэн байна”, “...Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна”,  “...шүүгдэгч Д.Я-ийн өмгөөлөгчтэй оролцоно гэх хүсэлтийг хүлээн авч, түүний өмгөөлүүлэх эрхийг хангаж дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх хуралдааныг хойшлуулж ...” гэж дурдаж шийдвэрлэсэн.

Дээрхээс үзэхэд өргөдөл гаргагч тухайн шүүх хуралдаанд биечлэн оролцож шүүгчийн захирамжийн агуулгыг мэдсэн, “...улсын яллагчгүй шүүх хуралдаан үргэлжлэх боломжгүй, ...шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө хамт оролцох хүсэлттэй байна...” гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байх атал “шүүгч хэргийн оролцогчдод тэгш хандаагүй, улсын яллагч ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзсэн” гэж өргөдөл гаргасан нь ойлгомжгүй байна.

Хэдийгээр хүн, албан тушаалтан, хуулийн этгээд өргөдөл гомдлоо гаргах, шийдвэрлүүлэх эрхтэй ч зөвхөн сэжиг таамагт үндэслэсэн бус тодорхой баримт нотолгоонд тулгуурласан байх нь зохистой.

Иймд сахилгын хэрэгт цугларсан баримтыг нэгтгэн дүгнэхэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батсайхан Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

Шүүгч Б.Батсайхан Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “Хэргийн оролцогч нараас бусад оролцогчтой холбоо, хамааралтай байна гэж хардаж гомдол хүсэлт гаргах эрхтэй. Миний хувьд тус хэргийн оролцогч болох хохирогч, шүүгдэгч нарыг огт танихгүй, улсын яллагч, хохирогч, шүүгдэгчийн зарим өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцож байсны хувьд нэр мэдэх төдий. Хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нартай холбоо, хамааралтай зүйл байхгүй учраас шүүгчийн хувьд энэ хэргээс татгалзан гарах үндэслэл байхгүй бөгөөд өөрт хуваарилагдаж ирсэн хэрэг маргааныг хэнээс ч хараат бусаар хуулийн хугацаанд шийдвэрлэх нь шүүгчийн үүрэг гэж боддог.

Гомдолд дурдсан Ц.А гэж шүүгчийг танихгүй, уулзаж, хамт ажиллаж байгаагүй. Нийтэд илэрхий байгаа гэх баримттай танилцаагүй учраас тайлбар хийх боломжгүй байна. Ц.А гэж шүүгч намайг таних эсэхийг би мэдэхгүй, үнэхээр ажил хэргийн холбоо хамааралтай, удирдлагад нь ажиллаж байсан гэж бичсэн байгаа бол түүнээс тодруулж, тайлбар авах нь зөв байх.

Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх хэлэлцэж, гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Шүүх хуралдаан тодорхой үндэслэлүүдээр хойшлогдсон байгаа.

Миний аав ... нь Хөвсгөл аймгийн Тариалан суманд амьдарч байгаа гэдэг нь үнэн. Аав ... одоо 70 нас хүрч байгаа жирийн л малчин хүн, цөөхөн тооны мал маллаад хөдөө амьдардаг. Намын дарга хийдэггүй, улс төрийн үйл ажиллагаанд оролцдоггүй. Миний аавын амьдарч байгаа газрын мэдээллийг олж авсан байгааг нь хараад гайхаж байна. Энэ нь хэргийн бусад оролцогчид буруу ойлголт төрүүлэх, хардах, шүүгчийн хувьд нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үндэслэл болох эсэхийг нь тодруулмаар байна.

Шүүх хуралдааны товыг талуудын саналаар буюу 13-нд боломжтой гэж оролцогч нарын гаргасан хүсэлтээр товлосон. Миний хувьд 2 сарын 13-нд гэж ойлгож товлосон боловч талууд 3 сарын 13-нд гэж ойлгосон байсан. Хурлын бичлэг нөхөж үзэхэд би сарыг нь хэлэхгүйгээр 13-нд гэж хэлсэн байсан. Туслахыг тов мэдэгдэхэд 3 сарын 13-нд гэж хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар бүгд ойлгосон гэх тайлбар гарсан тул шүүх хуралдааныг 3 сарын 13-нд товлосон. Сар хэлэхгүйгээр 2-13 гэж би ойлгож товлосныг бусад оролцогч 3-13 гэж ойлгосон зөрүү гарсан байсан.

2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл хуулийн хугацаанд гарсан гэж ойлгож байгаа. Хэзээ гарсан гэдгийг санахгүй байна. Тэмдэглэл гараагүй, танилцах талаар надад ямар нэгэн санал хүсэлт ирээгүй. Би Турк улсын сургалтад 2025 оны 02 дугаар сарын 20-нд явсан. Явахаасаа өмнө гарах тэмдэглэл, захирамжаа гаргасан.

2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд ирцтэй холбоотой шүүгдэгч ... нь өмгөөлөгч нарын хамт оролцох хүсэлт, хохирогч талын өмгөөлөгч гэрч оролцуулах хүсэлт тус тус гаргасан. Шүүх шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангаж шүүх хуралдаан хойшлогдсон. Захирамжид хойшлуулсан үндэслэл бичигдсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10 дахь заалтад "...гэрч оролцуулах ...санал, хүсэлтийг" урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр хуульчилсан. Уг шатанд хохирогч, шүүгдэгч талаас гэрч, шинжээч оролцуулах хүсэлтийг гаргаагүй.

Хэдийгээр оролцогч нар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд уг хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлээгүй ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэж заасны дагуу хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр нэр бүхий гэрч, шинжээчид шүүхээс хурлын тов мэдэгдсэн. Энэ нь хэргийн бодит байдлыг тогтоох, мэтгэлцэх боломж, оролцогчийн эрхийг хангасан үйлдэл болохоос хэрэг уншаагүй, ялгаж зааглаж чадахгүй байгаад олон гэрч оролцуулж, шүүх хуралдааныг хүндрэлтэй болгож байна гэж ойлгохгүй байна.

Мөн шүүх ирцтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасныг дэг зөрчсөн гэж үзэхгүй байна.

Хохирогч гэх С.Ч, С.О нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх зорилгоор мэдээлэл тарааж, шүүхэд дарамт учруулж байна гэх агуулгатай баримттай танилцлаа.

Иймд агуулгатай мэдээлэл олон нийтийн сүлжээнд байсан гэдгийг хараагүй, хэн тараасан, ямар зорилготойг нь мэдэхгүй байна. Шүүхээс тараасан оролцсон зүйл байхгүй бөгөөд шүүгчийн хувьд нөлөөллийн мэдүүлэг хөтлөх эсэхийг баримттай танилцаж байж болно.

 Д.Я нь "Хүүхдүүдийг шүүх хуралдаанд оролцуулж тайлбар, мэдүүлгийг сонсож өгнө үү" гэх агуулгаар шүүхэд хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг шүүхээс захирамж гаргаж шийдвэрлэсэн. Захирамжийн хувийг хүргүүлэх болно.

Өмгөөлөгчтэйгөө хамт суух нөхцөл бүрдсэн, хамт суух эрхийг эдлүүлээгүй гэх тухайд:

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №15 дугаартай тогтоолоор шүүхийн байрны стандартыг баталсан байна.

Уг тогтоол шүүхүүдэд ирээгүй, шүүхийн ажилтнаар дамжуулж Ерөнхий зөвлөлөөс авч танилцлаа. Тогтоолын 4 дэх заалтад стандартыг бүртгүүлж дугаар авсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ. Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс стандартыг бүртгүүлэхээр холбогдох байгууллагад хүргүүлсэн, хариу ирээгүй байгаа гэж шүүхийн архивын ажилтанд тайлбар хэлсэн байна. Уг стандарт хэрэгжиж эхлээгүй, шүүхийн байрны стандартыг бүртгээгүй байхад журмыг хэрэгжүүлж, шүүгдэгч нарыг өмгөөлөгчтэйгөө суух эрхийг хангах, тайлбарлах, тэднээс асуух боломжгүй юм.

Шүүх хуралдааныг Шүүхийн тухай хуулийн 12.7 дугаар зүйлд дараах шүүх хуралдааныг шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэнэ гэж;

Мөн хуулийн 12.7.2 дахь заалтад "...авлигын гэмт хэргийн анхан ба давж заалдах шатны нээлттэй шүүх хуралдаан..." гэж заасан.

Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн хорин хоёрдугаар бүлэгт заасан "Авлигын гэмт хэрэг"-т хамаарч байгаа учраас шүүх хуралдааныг шууд дамжуулж явуулсан.

Журамд шүүх хэлэлцэж байгаа хэргийг шууд дамжуулалт хийх боломжгүй бол нөхөж байршуулах зохицуулалттай. Шүүх хуралдаан хойшлох, үргэлжлэх эсэхийг мэдэх боломжгүй учраас хойшлох хурал гээд шууд дамжуулахгүй байж болохгүй байх. ШЕЗ-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 276 дугаартай тогтоолоор баталсан “Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулах журам”-ын заалтыг зөрчсөн зүйл байхгүй. Техник, тоног төхөөрөмжийн байдал хурлын зааланд хэвийн ажиллаж байсан ба хэн нэгэнд давуу байдал олгоогүй” гэжээ.

Шүүгч Б.Батсайхан нэмэлт тайлбартаа: “2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн гомдолтой танилцлаа. Шүүх хуралдаан тус өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон. Нарийн бичгийн дарга шүүх хуралдаан бэлэн боллоо гэж хэлснээр шүүх хуралдааны зааланд орж, хурал эхэлсэн. Хэргийн оролцогч нарын хэн нь хэдэн цагт ирснийг тухайн үед би мэдээгүй. Гомдолтой танилцаад нарийн бичгийн даргаас асуухад хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарыг зааланд орж ирэхийг хүлээсэн гэсэн, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар хурлаа эхлүүл гэж шаардсан гэх тайлбар хэлсэн.

Прокурор А.Э-ын албан бичиг шүүх хуралдаан эхлэхэд ирээгүй байсан. Өмгөөлөгчийн хүсэлт, бусад оролцогчийн тайлбар сонсоод шүүх хуралдаан завсарласан. Шүүх хуралдааныг прокурор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хойшлуулсан.

Гомдолд дурдсан албан бичиг, гэрчийн хүсэлтийг шийдвэр танилцуулахаар оролцогч нарыг зааланд оруулахад нарийн бичгийн дарга өгсөн. Шүүгчийн туслах прокурорын албан бичиг, гэрчийн хүсэлтийг хурлын заалны үүдэнд шүүх хуралдаан завсарлаж байхад өгч байгаа бичлэгийг хуулбарлан хүргүүлж байна. Миний хувьд бусадтай утсаар ярьсан, холбогдсон зүйл байхгүй болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4/6600 дугаар албан бичгээр яллагдагч Г.Ө, Д.Я, Г.И нарт холбогдох 22 хавтас, 5422 хуудас бүхий 180924480... дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх ба тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ЕШЗ/*** дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Батсайханыг томилсон шийдвэрийг албажуулсан, 12 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ЕШЗ/09 дүгээр захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх хугацааг сунгасан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЗ/*** дугаар захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийг 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цагт товлож, 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/*** дугаар захирамжаар 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цаг хүртэл хойшлуулсан, 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/*** дүгээр захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагт товлосон үйл баримт тогтоогдож байна.

Дээрх эрүүгийн хэргийн шүүгдэгч Д.Я нь шүүгч Д.Батсайханд холбогдуулан хэд хэдэн гомдол гаргасан байх ба нэгтгэн үзвэл “олон хоногийн дараа шүүгчид хэрэг хуваарилагдсан, нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй, татгалзан гараагүй, хүсэлт шийдвэрлээгүй, бүтэн сараар шүүх хуралдааны товыг өөрчилсөн, шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй явуулсан, хохирогч болон прокурорт давуу байдал бий болгосон” гэх агуулгаар үндэслэлээ тодорхойлжээ.

1. Өргөдөлд “...2024 оны 12 дугаар сарын 02-нд шүүх рүү хүрээд ир гэж байснаа, очсоны дараа, өөрөө залгаад, та буц буц дараа намайг утасдахаар ирээрэй гэсэн, 12 дугаар сарын 10-нд нь хэлсэн цагт нь яваад очсон, ингэж олон хоногийн дараа эргэлзээтэйгээр Б.Батсайхан шүүгчид хуваарилагдсан байхад шүүгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд энэ эргэлзээтэй нөхцөл байдлын талаар холбогдох арга хэмжээг авч болох байсан” гэжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор баталсан Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.1.1-д “Ажилтан эрүүгийн хэргийг ирсэн цаг, минутын дарааллаар, ажлын өдрүүдэд, ажлын цагаар хүлээн авч, “Эрүүгийн хэргийн албан хэрэг хөтлөлтөд хэрэглэх бүртгэлийн загвар” /цаашид “Бүртгэл” гэх/-ын Бүртгэл №1-д бүртгэж, хүлээлгэн өгсөн хүний нэр, гарын үсгийг тайллын хамт зуруулна” гэж заасан ба Нийслэлийн прокурорын газраас 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн хэргийг хүлээн авч нэгдсэн системд бүртгэхэд шүүгч Б.Батсайханд хуваарилагдсан байна.

Иймд 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж үзэх боломжгүй бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д “Шүүхийн Тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”: 86.1.4 “шүүхэд ирүүлсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх” гэж зааснаар шүүхийн тамгын газар хэрэгжүүлдэг үйл ажиллагаатай холбогдуулан шүүгчийг буруутгах үндэслэлгүй.

2. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө” гэж заасныг хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байгаа шүүгч болон шүүх бүрэлдэхүүн шүүх эрх мэдлийг хараат бусаар хэрэгжүүлэх эрхэд хөндлөнгийн ямар нэг этгээд халдаж, ямар нэг байдлаар нөлөөлөл үзүүлсэн, нөлөөлөхийг оролдсон тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө гэж ойлгоно.

Өргөдөлд хавсаргасан баримтаас үзэхэд Д.Я нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр дээрх эрүүгийн хэргийн хохирогч С.Чулуунбаатар тогтоогдож, түүний өмгөөлөгчөөр Ц.А оролцсон байх ба тэрээр одоо Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр ажилладаг.

Шүүгч Ц.А нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байхдаа тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байгаагүй, түүнчлэн шүүгчийн албан тушаалд нэр дэвшихдээ хуульчийн мэргэжлээр ажилласан байдлын тодорхойлолтод Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар ажиллаж байхдаа хамтран ажиллаж байсан хүмүүсийн нэрсд тухайн шүүхийн шүүгчдийн нэрсийг бичсэн, уг нэрс дотор шүүгч Б.Батсайханы нэр байгаа нь нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэл болохгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана” гэж заасныг шүүгчийн хувийн ашиг сонирхол нь нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөж улмаар албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал бий болсон тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах, эсхүл энэ талаараа мэдэгдэх үүргээ зөрчсөн байхыг ойлгодог бөгөөд илтгэгч гишүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйл болон Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр хуралдааны тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарласанд үндэслэн зөв дүгнэлт хийсэн байх тул хүлээн авах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-д “Төрийн нууцад хамаарах хэрэг хянан шийдвэрлэх, энэ хуульд тусгайлан зааснаас бусад шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг нээлттэй явуулна”, 2-т “Хохирогч, гэрч, өсвөр насны яллагдагч, өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улсын яллагч, хохирогч, гэрч, өсвөр насны яллагдагч, өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нээлттэй, эсхүл хаалттай явуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нээлттэй, эсхүл хаалттай явуулах эсэх асуудлыг энэ хууль, ...хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ”, 12.2-т “Шүүхийн үйл ажиллагааг дараах байдлаар олон нийтэд нээлттэй, ил тод явуулна”: 12.2.2 “шүүх хуралдааныг нээлттэй явуулах, шүүхийн цахим хуудас, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн цахим сүлжээгээр энэ хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайлсан хуульд заасны дагуу шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэх”, 12.7-д “Дараах шүүх хуралдааныг шууд дамжуулах, эсхүл олон нийтэд дуу-дүрсний бичлэгээр хүргэнэ”: 12.7.2 “авлигын гэмт хэргийн анхан ба давж заалдах шатны нээлттэй шүүх хуралдаан” гэж тус тус заасан ба яллагдагч Г.Ө, Г.И нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байх тул уг эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шууд дамжуулсан нь хууль зөрчөөгүй.

4. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь дээрх хуульд нэрлэн заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг тул хэргийн оролцогчдын хүсэлтийг шийдвэрлэсэн, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжийг хянах, дүгнэлт өгөх, нотлох баримтыг үнэлэх эрх Сахилгын хороонд хуулиар олгогдоогүй болно.

Дээрх болон өргөдөлд дурдсан бусад үндэслэлд илтгэгч гишүүний хийсэн дүгнэлт Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8.”Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ” гэж заасанд нийцсэн, шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ГС/2025/0044 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батсайханд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

                        ДАРГАЛАГЧ                                     О.НОМУУЛИН

                        ГИШҮҮН                                           Д.АРИУНТУЯА

                                                                                      Х.ХАШБААТАР