
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
ХЯНАЛТЫН ТОГТООЛ
2022-04-27
Дугаар 3
Улаанбаатар хот

ногдуулсан магадлалын тухай
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Б.Сугар, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, нарийн бичгийн дарга Б.Анхзаяа, *** шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Р.Ү, Б.Д нар /zoom-ээр/-ыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” 109 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гаргасан шүүгч Б.Б, Р.Ү, Б.Д нарын гомдлыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” 109 дүгээр магадлалд:
“Шүүхийн сахилгын хорооны гишүүн “***-ын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдлыг хүлээн авч хянаад, мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар захирамжаар *** шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Р.Ү, Б.Д нарт сахилгын хэрэг үүсгэж, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр “Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлт” гаргасан нь үндэслэлтэй боловч зөрчлийн зүйлчлэл, түүний үндэслэлийг өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.
*** шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б нь П.А-ийн нэхэмжлэлтэй, “***”газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулсан боловч уг шүүх хуралдаан нь 14 цаг 00 минутад эхэлсэн болох нь шүүгч Б.Б-ийн нэмэлт тайлбар, хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тухай баримт, тус шүүхийн “Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх иргэний хэргүүдийн хуваарь”, шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ***/ШЗ2021/02... дугаар захирамж, шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ***/ТМ2021/00... дугаар тэмдэглэл, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг зэргээр нотлогдож байна.
Мөн “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.Б, “Р” ХХК нарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүх хуралдааныг тухайн өдрийн 09 цаг 00 минутад эхлэн, 12 цаг 51 минутад дуусгасан болох нь сахилгын хэрэгт авагдсан 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны ***/ТМ2021/00... дугаар тэмдэглэлээр тогтоогдож байна.
*** шүүхийн өдрийн цайны завсарлага 12.00 цагаас 14.00 цагийн хооронд байдаг байх бөгөөд П.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” газарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минутад эхлүүлж, 17 цаг 40 минутад дуусгасан болох нь шүүгч Б.Б-гийн нэмэлт тайлбар болон шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ***/ТМ2021/00... дугаар тэмдэглэлээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна”, мөн зүйлийн 9.2 дах хэсэгт “шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч шүүх хуралдаанаар нэгэнт хэлэлцэж эхэлсэн хэргийг хянан шийдвэрлэж дуусах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах, түдгэлзүүлэх хүртэл өөр хэргийг хянан шийдвэрлэх эрхгүй” гэж тус тус заасан.
Иймд Ерөнхий шүүгч Б.Б-ийн П.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” газарт холбогдох шүүх хуралдааныг товлосон цагтаа эхлүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай, дээр дурдсан хуулийн дагуу явагдсан ажиллагаа байх тул сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.
П.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Р.Ү, шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Б.Д нар оролцжээ.
Тус иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хүсэлт хэлэлцэж, уг шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан. Шүүхийн тогтоолыг бичгийн хэлбэрээр гаргахдаа өргөдөл гаргагчийн өргөлдөө дурдсанчлан “2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл” хэмээн албажуулсан болох нь шүүгч Р.Ү-ийн тайлбар, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ***/ШЗ2021/00... дугаар тогтоолоор тогтоогдож байна.
Аргын тооллын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нь Монгол бахархлын өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр байжээ. Хуралдаан даргалагч шүүх хуралдааныг хойшлуулж, товыг тогтоохдоо ажлын бус, бүх нийтийн амралтын өдөр болох 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэж хэлсэн боловч 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ***/ШЗ2021/00... дугаар тогтоолоор шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан талаар хэргийн оролцогч нарт мэдэгдсэн болох нь тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ***/ШШ2021/01... дугаартай шийдвэрт тусгагдсан шүүх хуралдааны ирцээс харагдаж байна.
Гэхдээ 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгэн гэж хүн бүр мэдэх боломжгүй юм. Тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ***/ШЗ2021/00... дугаар тогтоолыг бичгийн хэлбэрээр гаргахдаа шүүх хуралдааны товыг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэж зориуд, санаатайгаар өөрчилсөн үйлдэл гэж дүгнэхээргүй байна.
Иймд хуралдаан даргалагч, шүүгч Р.Ү, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Б.Д нарын дээрх үйлдлийг Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-д заасан “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэх сахилгын зөрчил гаргасан гэж бүрэлдэхүүн үзээгүй болно.
Түүнчлэн өргөдөл /гомдол/ гаргагчийн өргөдөлдөө “...нэхэмжлэгч талын өмгөөлөгчөөс шалтгаалан шүүх хуралдааныг 1 цаг 48 минут үндэслэлгүйгээр хойшлуулаад зогсохгүй, шүүх хуралдааны явцад удаа дараа хууль, шүүх хуралдааны дэг зөрчиж, шүүх хуралдаанаас гарах хүсэлт гаргаж байсан нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г-ийн зүй бус авирыг таслан зогсоох чиг үүргээ хэрэгжүүлээгүй” гэж дурдсан.
Гишүүн Д.А шүүгч Р.Ү-аас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр асууж авсан тайлбарт “...өмгөөлөгч М.Г Улсын Дээд шүүх дээр хуралтай, гаръя гээд байсан. Тэгэхэд нь гарах зөвшөөрөл өгөөгүй. Одоо энэ хурал дуусах гэж байна, хүлээж бай гэж хэлсэн. Удаа дараа гараа өргөсөн байх аа, тэгэхээр нь шүүх хуралдааны дэг зөрчигдөнө гээд гарах зөвшөөрөл өгөөгүй. Өмгөөлөгч шүүх хуралдаанаас лав гараагүй”, “...гарах эрхгүй. Гэхдээ энэ нь богино хугацаанд болж дууссан. Шүүгч ээ гаръя гэхэд нь гарах боломжгүй, шүүх хуралдаан чинь одоо дуусах гэж байна, хүлээж бай гэсэн. Тэгээд тэр хооронд дахиад 2 удаа тэгсэн. Хуралдааны дэг зөрчигдөнө та гарах боломжгүй гэсэн. Дэг зөрчигдөж байна гэж дэг сануулах тийм урт хугацаанд болж байгаа асуудал биш учраас 1 минутын л дотор болсон асуудал”, “...тухайн өдөр хуралтай гаръя гэж өмгөөлөгч М.Г 3 удаа хэлсэн. Түүнээс биш хуралдаанд айхтар бие бие рүүгээ дайрч давшилсан, хараалын үг хэлсэн тиймэрхүү байдал болоогүй”, “...нэг ч гэсэн хугацаа хэтэрсэн хэргээ оруулчих юмсан гэдэг үүднээс өмгөөлөгчийн эрүүгийн хэргийн хуралдааныг тарахыг хүлээсэн. 1 цаг 45 минут хүлээсэн асуудлыг яалт ч үгүй би хүлээлгэсэн. ...ачаалал ихтэй, хэргийн хугацаа дууссан байсан тул хүлээлгэсэн”, “...тухайн өдрийн хуралдааны цагийг хойшлуулж орсон нь миний буруу” гэжээ.
Мөн өдөр гишүүн Д.А өмгөөлөгч М.Г-ийг гэрчээр асууж мэдүүлэг авчээ. Тэрээр “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд н.Ч-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” ХХК-д холбогдох шүүх хуралдаантай байсан. Би энэ хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцох ёстой байсан. П.О-ийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хувьд хууль зүйн дүгнэлтээ хийсэн байсан тул би дараагийн шүүх хуралдаанд орох гэж байгаа, тэр хуралдаандаа ормоор байна. Би гарч болох уу гэж шүүгчид хэлсэн. Шүүгч болохгүй гэсэн. Намайг ямар ч байсан гаргаагүй. Ийм л зүйл болсон” гэж мэдүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих үүрэгтэй”, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж тус тус заасан.
Сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээс үзэхэд шүүх хуралдаан даргалагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлж, шүүх хуралдааны дэгийг сахиулсан болох нь нотлогдож байх тул Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэх сахилгын зөрчил гаргасан үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд хуралдаан даргалагч, шүүгч Р.Ү дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлж, хуралдааны дэгийг сахиулж өмгөөлөгч М.Г-ийг тухайн өдрийн шүүх хуралдаанаас гаргаагүй болох нь шүүгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдааны бичлэгээр тогтоогдож байна.
Харин уг хэргийн шүүх хуралдаан нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минут товлогдсон боловч, цагтаа эхлээгүй 1 цаг 48 минут хоцорч эхэлсэн болох нь Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Р.Ү, Б.Д-ийн нарын тайлбар, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээр нотлогдож байна.
Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Р.Ү, Б.Д нар шүүх хуралдааныг товлосон цагтаа эхлээгүй үндэслэлээ “...шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.О ирсэн, харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар *** шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон ба шүүхийн ***/ШТ/62 дугаар тогтоолоор уг хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 08 цаг 00 минут хүртэл хугацаагаар завсарлуулсан. Ц.Ү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан үргэлжилж, дуусаагүй байснаас буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул тус шүүх хуралдааныг дууссаны дараа П.О-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдааныг эхлүүлсэн” гэх утга агуулга бүхий тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч П.О-ийн өмгөөлөгч М.Г 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө 08 цаг 00 минутад товлогдсон эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байсан байна.
П.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох иргэний хэргийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд оролцоно гэдгээ мэдэж байсан бөгөөд хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргаагүй байна.
П.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” газарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг даргалагч шүүгч, шүүгч Р.Ү, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Б.Д нар шүүх хуралдааныг хуульд заасны дагуу товлосон цагтаа эхлүүлэх ёстой байсан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г эрүүгийн шүүх хуралдаанд оролцож байгаа учраас өөрийн оролцох иргэний шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр гарган шүүх бүрэлдэхүүнд хүргүүлэх эсхүл нэхэмжлэгч П.О шүүх хуралдаанд өмгөөлөгч М.Г-той хамт оролцох тухай хүсэлт гаргах, тухайн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хуралдаанаар хэлэлцэж, шүүх хуралдааныг хойшлуулж, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрт тусгах бүрэн боломжтой байсан гэж бүрэлдэхүүн үзэв.
Түүнчлэн нэхэмжлэгч П.О-ийн бас нэг өмгөөлөгч М.М 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцсон болох нь шүүхийн ***/ШШ2021/01... дугаар шийдвэр, шүүх хуралдааны ...8 дугаар тэмдэглэлээс харагдаж байх бөгөөд нэхэмжлэгч өмгөөлөгчтэй байсан тул шүүх хуралдааныг товлосон цагтаа эхлүүлэх бүрэн боломжтой байсныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана”, 100.4-т “...хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч ...бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно”, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “...хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн ...даруй шийдвэрлэнэ”, 123 дугаар зүйлийн 123.3-т “шүүх хуралдааныг хойшлуулах ...тухай хүсэлтийг ...асуудлаар шүүхийн тогтоол ...бичгээр гаргана” гэж тус тус заажээ.
Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Р.Ү, Б.Д нар дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байх тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан шүүгчид хориглосон “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-д дурдсан 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны товыг шүүх бүрэлдэхүүн зөрчсөн сахилгын зөрчил гаргасан нь нотлогдож байх тул *** шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Р.Ү, Б.Д нарт сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Харин Сахилгын хорооны гишүүний нотлох дүгнэлтэд дурдсан Ерөнхий шүүгч Б.Б-г иргэн П.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” газарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг товлосон цагтаа эхлээгүй, П.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” газарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г-т шүүх хуралдааны дэг сахиулах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан, хуралдаан даргалагч, шүүгч Р.Ү-г шүүх хуралдааны дэг сахиулах үүргээ биелүүлээгүй, хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулан хуралдааны товыг тогтоохдоо ажлын бус, бүх нийтийн амралтын өдөр хуралдаан товлон зарласан зөрчил гаргасан, шүүгч Б.Д шүүх хуралдааны дэг сахиулах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэсэн нь нотлогдохгүй байх тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 50.1.25-д зааснаар сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлгүй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2, 112.4, 112.6, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан *** шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Р.Ү, Б.Д нарт “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2.Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
3.Магадлалыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нарт болон өргөдөл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогчид гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
5.Энэхүү магадлалыг хүргүүлснээр гардан авсанд тооцох бөгөөд гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг дурдсугай.” гэжээ.
Шүүгч Б.Б, Р.Ү, Б.Д нар Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” 109 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:
“Нэгдүгээрт. Нотлох дүгнэлтэд заагаагүй үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан тухайд
Нотлох дүгнэлтэд “Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх”, мөн зүйлийн 50.1.25-д заасан “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэсний тус тус зөрчсөн гэсэн 2 үндэслэлээр л нотлох дүгнэлт үйлдсэн.
Гэтэл магадлал гаргахдаа нотлох дүгнэлтэд заагаагүй үндэслэлээр буюу Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэврлэх ажиллагааны явцад нэхэмжпэгч хэнээс, хэзээ юу шаардахыг өөрөө илэрхийлдэг. Энэ нь диспозитив зарчмын агуулга бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудлыг, шаардлагын хэмжээнээс илүү хэмжээгээр шийдвэрлэх эрх шүүхэд байхгүй зарчимтай. Мөн Монгол улсын Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.14 дүгээр зүйлд "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ыг 1.Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана, 2.Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэсэн зарчимтай байхад илтгэгч гишүүний нотлох дүгнэлтэд заагаагүй, хэргийн оролцогчоос тайлбар гаргаж, мэтгэлцүүлээгүй үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Илтгэгч гишүүн анх биднээс тайлбар авахдаа Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан үндэслэлээр тайлбар аваагүй, шүүх хуралдаанд энэ зүйлд заасан үндэслэлээр тайлбар авч, мэтгэлцээн явагдаагүй, бидэнд Шүүхийн тухай хуулийн 102 дугаар 102.1.1-д заасан “амаар болон бичгээр тайлбар гаргах”, 102.1.2-т заасан “хуралдаанд...тайлбар гаргах”, мөн зүйлийн 102.1.1-д заасан “сахилгын хэргийн баримттай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах” эрхийг эдлүүлээгүй. Мөн гэрчээр хэргийн оролцогч болох өмгөөлөгч М.Ганзоригоос мэдүүлэг авсан нь Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.16-д заасныг зөрчсөн.
Бид П.О-ийн нэхэмжлэлтэй, харицагч Э-т холбогдох иргэний хэргийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 9.00 цагт товлогдсон шүүх хуралдаан 1 цаг 48 минутаар хоцорч эхлэсэн шалтгаан, үйл баримтын талаар маргахгүй.
Хоёрдугаарт: Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан үндэслэлийн тухайд: магадлалд “иргэний хэргийн шүүх хуралдааныг даргалагч шүүгч Р.Ү, ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Б.Д нар шүүх хуралдааныг хуульд заасны дагуу товлосон цагтаа эхлүүлэх ёстой байсан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г эрүүгийн шүүх хуралдаанд оролцож байгаа учраас өөрийн оролцох иргэний шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр гарган шүүх бүрэлдэхүүнд хүргүүлэх, эсхүл нэхэмжлэгч П.О шүүх хуралдаанд өмгөөлөгч М.Г-той хамт оролцох тухай хүсэлт гаргах, тухайн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хуралдаанаар хэлэлцэж, шүүх хуралдааны хойшлуулж, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрт тусгах бүрэн боломжтой байсан гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.” гэжээ.
Мөн магадлалд: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т “Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжпэлийг буцаана.”, 100.4-т “...хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч ... бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно”, 105 дугаар зүйлийн 105.1-д “хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн...даруй шийдвэрлэнэ.”, 123 дугаар зүйлийн 123.3-т “шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ...асуудлаар шүүхийн тогтоол...бичгээр гаргана.” гэж тус тус заажээ. ...ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Р.Ү, Б.Д нар дээрх хуулийн заалтыг зөрчсөн байх тул Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан шүүгчид хориглосон “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.” гэжээ.
Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжпэгч П.О биечлэн ирсэн байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэх боломжгүй.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/-д Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:....өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, ...эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч П.О нь Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж өмгөөлөгч М.Г, М.М нарыг сонгон авч, 2021 оны 07 дугаар сарын 19-нд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өмгөөлөгч М.Г, М.М нарыг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлтээ ирүүлсний дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарыг оролцуулсан, шүүх нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах эрхийг хангаж ажиллах үүргээ биелүүлсэн гэж үзэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4- т “...хүсэлтийг нэхэмжпэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч ... бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно” гэж заасан боловч тухайн үед шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нар хэн аль нь хүрэлцэн ирсэн байсан бөгөөд хэргийн оролцогчид нэхэмжпэгчийн өмгөөлөгч нарын өмнө орсон шүүх хуралдааныг тарсны дараа шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх хүсэл зорилготойгоор хүлээж, хэргийг шийдвэрлүүлсэн.
Магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3-ыг хэрэглэх ёстой гэсэн ба шүүх хуралдаан эхлэхэд хэргийн оролцогчоос шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргаагүй харин хариуцагчийн төлөөлөгчөөс гэрч оролцуулах тухай хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.1, 123.3-т заасныг баримтлан шийдвэрлэсэн.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.4, 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3-т заасан хуулийн заалтуудыг хэрхэн, ноцтой зөрчсөн талаарх үндэслэлийг магадлалд тодорхой заагаагүй, Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “ Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн хуулийн заалтыг тайлбарласан албан ёсны тайлбар гараагүй, энэ талаар хэрхэн нэг мөр ашиг хөндөгдөөгүй байхад түүний гомдлоор сахилгын хэрэг үүсгэсэн, шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан гаргасан гомдлыг хэргийн оролцогч гаргах ёстой.
Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.13-т “сахилгын хорооны ...гишүүн хүний нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөөг хүндэтгэх, шударга байх, төвийг сахих, хууль дээдлэх, ялгаварлан гадуурхахгүй байх ...зарчмыг баримтална.” гэж заасан байхад илтгэгч гишүүн нь Э-ын хуулийн хэлтсийн дарга Х.Б-ын гаргасан гомдолд хөтлөгдөн, хэт нэг талыг барьж, буруутгасан байр суурьтайгаар тайлбар авч ялгавартайгаар хандаж сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Иймд дээрх үндэслэлүүдээр сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.3-т зааснаар гомдлыг бүхэлд нь хангаж, Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 109 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” 109 дүгээр магадлалаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт зааснаар *** шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Р.Ү, Б.Д нарт “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг холбогдох шүүгч нар эс зөвшөөрч гомдол гаргажээ.
Гомдолд дурдсан “Нотлох дүгнэлтэд заагаагүй үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан...”,”...Нотлох дүгнэлтэд “Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх”, мөн зүйлийн 50.1.25-д заасан “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэсний тус тус зөрчсөн гэсэн 2 үндэслэлээр л нотлох дүгнэлт үйлдсэн. Гэтэл магадлал гаргахдаа нотлох дүгнэлтэд заагаагүй үндэслэлээр буюу Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй..” гэх тухайд:
Шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 109 дүгээр магадлалд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т “Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана.”, 100.4-т “...хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч ... бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно”, 105 дугаар зүйлийн 105.1 -д “хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн...даруй шийдвэрлэнэ.”, 123 дугаар зүйлийн 123.3-т “шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ...асуудлаар шүүхийн тогтоол...бичгээр гаргана.” гэж тус тус заажээ. ...Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Р.Ү, Б.Д нар дээрх хуулийн заалтыг зөрчсөн байх тул Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан шүүгчид хориглосон “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.” гэжээ.
*** шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.О биечлэн ирсэн байсан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцаах боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4- т “...хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч ... бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно” гэж заасан байх боловч нэхэмжлэгийн өмгөөлөгч тус шүүхийн байранд шүүх хуралдаанд оролцож байсан, шүүгч нар тухайн үед хуралдаангүй байсан тул Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14/-д “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:....өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, ...эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч П.О-ийн хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах эрхийг хангаж ажиллах үүргээ биелүүлж ажилласан гэж үзэж болохоор байна.
Дээрх үндэслэлүүдээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан шүүгчид хориглосон “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” сахилгын зөрчил гаргасан гэж *** шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Р.Ү, Б.Д нарт сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлгүй байна гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.4, 113.13 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. *** шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Р.Ү, Б.Д нарын Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” 109 дүгээр магадлалыг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Улсын Дээд Шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Б.СУГАР
Г.ЦАГААНЦООЖ