info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2025-05-14

Дугаар 15

Улаанбаатар хот

Шүүгч Э.Лхагвасүрэнд сахилгын шийтгэл

оногдуулсан магадлалын тухай

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Б.Сугар, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, холбогдох шүүгч Э.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

  Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн СХМ/2025/0026 дугаар магадлалыг шүүгч Э.Лхагвасүрэн эс зөвшөөрч гомдол гаргасныг хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Иргэн Ү.А-н өргөдлөөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Лхагвасүрэнд холбогдуулан Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ГЗҮ/2024/0042 дугаартай захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ГЗБ/2024/0279 дүгээр гишүүний захирамжаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.6.2-т “сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн” гэх үндэслэлээр сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, улмаар гишүүний 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ГЗБ/2024/0663 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ГНБ/2024/0032 дугаартай сахилгын зөрчлийг нотлох тухай дүгнэлт үйлджээ.

Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны СХМ/2025/0026 дугаар магадлалаар илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 “хуулийн илт тодорхой заалтыг ...удаа дараа зөрчсөн үйлдэл гаргах” гэсэнд хамаарах зөрчлийг гаргасан гэж үзэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7-д баримтлан шүүгч Э.Лхагвасүрэнд “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.

Холбогдох шүүгч Э.Лхагвасүрэн магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдол болон хянан үзэх хуралдаан гаргасан тайлбартаа:

“ ...Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн СХМ/2025/0026 дугаар магадлалыг хүчингүй болгуулж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4, 108.6, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах, эсхүл баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхээр заасан, мөн 119.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болохоор зохицуулсан.

Тухайн үед шүүгчийн туслахаар ажиллаж байсан Б.Э нэхэмжлэгч Ү.А-д Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн гэсэн гарын үсэг бүхий 2023 оны ... дугаар магадлалын файлыг мөн оны 9 дүгээр сарын 11-ний өдөр түүний хүсэлтээр өөрийнх нь ***@gmail.com цахим хаягаар илгээсэн байх боловч үүнийг хуульд заасны дагуу хүргүүлсэнд тооцохгүй, өөрөөр хэлбэл магадлалыг цахимаар гардуулах хууль зүйн зохицуулалт байхгүй, тийм ч учраас энэ өдрөөс түүний хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тооцоогүй, харин үүнээс 3 хоногийн дараа буюу 9 дүгээр сарын 14-ний өдөр Ү.А өөрөө шүүхэд хүрэлцэн ирж магадлалын хувийг бичгийн хэлбэрээр гардан авч, магадлал гардуулсан баримтад мөн өдрөөр огноолон гарын үсэг зурсан болохоо Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө тодорхой дурдсан байдаг.

Гэтэл Сахилгын хорооны магадлалд миний биеийг Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.21-д заасан "хуулийн илт тодорхой заалтыг ... удаа дараа зөрчсөн үйлдэл гаргасан" гэж буруутгахдаа хуульд заасны дагуу гардуулагдсанд тооцогдохгүй мэйлээр илгээсэн магадлалын файлыг "нэхэмжлэгч талд мэйлээр гардуулагдсан хувь" гэж үзэн улмаар үүнийгээ шүүхийн архивд, захиргааны хэрэгт болон шийдвэрийн цахим санд байршуулагдсан хувьтай харьцуулан шүүх бүрэлдэхүүнд оролцоогүй шүүгчийн гарын үсэгтэйгээр магадлалыг албажуулж, нэхэмжлэгчид гардуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасан *... шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна..." гэж заасныг зөрчсөн" гэж дүгнэлт хийлээ.

Хуульд заасны дагуу нэхэмжлэгч Ү.А-д гардуулсан магадлалын хувь, мөн шүүхийн архивд байгаа магадлалын өнгөн хувь, бусад хэргийн оролцогч болох нэхэмжлэгч Х.Т , хариуцагч Сүхбаатар аймгийн улсын бүртгэлийн хэлтэст тус тус гардуулсан хувь болон шүүхийн шийдвэрийн Shuukh.mn цахим санд байршуулсан магадлалд тус тус Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулсан шүүх бүрэлдэхүүн буюу Ерөнхий шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын гарын үсэг зурагдсан, энэ талаар Сахилгын хорооны магадлалын Үндэслэх хэсгийн 2, 3-т тодорхой дурджээ.

Ү.А магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлынхоо нэг үндэслэлийг "шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан" гэж тодорхойлон, үүнийхээ нотолгоо болгож өөрийн мэйл хаягт байгаа магадлалын файлыг хуулбарлан гомдолдоо хавсаргасан болох нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 93 дугаар тогтоолоор тогтоогдох бөгөөд уг тогтоолд "хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэсэн бус харин ... хуульд заасан журмын дагуу томилогдсон шүүх бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн эсэх нь эргэлзээтэй..." гэж дүгнэсэн болно.

Иймд "...шүүх бүрэлдэхүүнд оролцоогүй шүүгчийн гарын үсэгтэй магадлалыг албажуулж, нэхэмжлэгчид гардуулсан..." сахилгын зөрчил гаргасан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.Магадлалын зөвхөн хэрэгт авагдсан хувийн Хянавал хэсгийн зарим үндэслэл, Тогтоох хэсгийн зарим заалт орхигдож хэвлэгдсэнийг анзаараагүй, өөрөөр хэлбэл магадлалын хувь бүрийг хооронд нь тулгаж нягтлан шалгаагүйгээ миний бие хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохоос сахилгын зөрчилд хамаарахгүй, тухайн тохиолдолд хэвлэлтийн, эсхүл магадлалын төсөлд засвар оруулсан файлаа андуурч шаардлагатай тоогоор магадлалыг хэвлэхдээ шүүгчийн туслах алдаа гаргасан байна.

Түүнээс тухайн үед хэвлэсэн магадлалын бүх хувиуд адилхан алдаатай биш, зөвхөн хэрэгт авагдсан магадлалын хувьд л гарсан алдааг хянаж чадаагүйг Шүүхийн тухай хуулийн 50.1.23-т заасан "хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Жишээ нь Шүүхийн тухай хуульд "удаа дараа" гэсэн үгтэй зохицуулалт нийт 7 удаа тусгагдсан боловч тэдгээрийг хэрхэн ойлгох талаар нарийвчлан хуульчлаагүй, гэтэл Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж тодорхой зохицуулсан, үгийн шууд утга болон давтамжийн хувьд 2 ба түүнээс дээших тохиолдлыг "удаа дараа" гэж ойлгож болох хэдий ч тэрхүү удаа дараа гэдэгт тоологдох үйлдэл, эс үйлдэхүй нь нэг нь нөгөөгөөсөө хамааралгүй, эсхүл үйлдлийн хувьд адил байж болох ч нэг цаг хугацаанд зэрэг биш, үргэлжилсэн хэлбэргүйгээр үйлдэгдсэн байхыг ойлгоно гэж би хувьдаа үздэг.

Гэтэл сахилгын хорооны магадлалд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар магадлалын хэвлэсэн хувиудыг хооронд нь харьцуулж, тухайлбал Үндэслэл хэсгийн 3-т “...Ерөнхий шүүгчийн захирамжаар албажаагүй, уг хэргийг хуульд заасны дагуу томилогдоогүй шүүгчээр гарын үсэг зуруулан, тамга дарж албажуулан гаргасан, мөн магадлалыг удаа дараа зөрүүтэй гарган..." гэж нэг магадлалын хувиудад гарсан хэвлэлтийн болон техникийн алдааг, өөрөөр хэлбэл нэг үйлдлээр илэрсэн зөрчлүүдийг удаа дараа гэж дүгнэснийг хуулийг илтэд буруугаар тайлбарласан гэж үзэж байна.

Магадгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэхүү зөрчлийг Шүүхийн тухай Хуулийн 50.1.23-т хамааруулж авч үзлээ гэхэд илтгэгч шүүгчийн хувьд дээрх магадлалыг албажуулж гаргахдаа магадлалын хувь бүрт хяналт тавиагүй, нягтлан шалгаагүй буюу сахилгын хорооны магадлалаар тогтоогдсон “зөрчлүүд” нь бүхэлдээ нэг удаа гэдэгт хамаарч болохоос бус нэг магадлалын доторх зөрчлийг нэг бүрчлэн тоолох байдлаар "удаа дараа зөрчсөн" гэж дүгнэж болохгүй.

3. Магадлал гаргасан хугацааны талаарх дүгнэлтийг ч хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь Ү.А-н Шүүхийн сахилгын хороонд анх гаргасан өргөдөлд намайг Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн чухам аль заалтыг зөрчсөн гэж гомдож байгаа нь тодорхойгүй байсан, харин Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн гишүүний 2024 оны 279 дүгээр захирамжаар уг хуулийн 50.1.26 буюу шийдвэр гаргах хугацааг хэтрүүлсэнтэй холбоотой бус харин 50.1.23 буюу "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн" гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь тодорхой болсон тул энэ хүрээнд тайлбар, нотлох баримтыг гаргаж өгсөн, Сахилгын хорооны 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаан ч энэ хүрээнд явагдсан, түүнээс тухайн үед магадлалыг хэргийн оролцогчдод хэрхэн гардуулсныг нотлох ямар ч баримт сахилгын хэрэгт авагдаагүй, энэ талаарх нотлох баримтыг цуглуулах ажиллагаа ч явуулаагүй болно.

Гэтэл магадлалд илтгэгч гишүүний "...энэ нь хуульд заасан нэг удаа 60 хоногоос дээш гэдэгт хамаарахгүй гэж дүгнэснийг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ..." гэж дүгнэсэн нь Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8-д заасан "Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ" гэсэнд нийцсэнгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Дараах үндэслэлээр холбогдох шүүгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шүүгч Э.Лхагвасүрэнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов

            Тогтоогдсон үйл баримтын тухайд:

            Х.Т  нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд ***дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1213****дугаартай бүртгэлийг хүчингүй болгожээ.

            Нэхэмжлэгч Х.Т ийн өмгөөлөгч Ч.Э-н гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 0... дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасан.

            Нэхэмжлэгч Ү.А магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан,  Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0093 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 0... дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

            Дээрх захиргааны хэрэгт нэхэмжлэгчээр оролцсон иргэн Ү.А-с шүүгч Э.Лхагвасүрэнд холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд: “ ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Лхагвасүрэн, Н.Хонинхүү нар оролцон 221/МА2023/0... дугаар магадлал гаргасан бөгөөд тухайн магадлалыг 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр цахим мэйл хаягаар ирүүлсэнтэй танилцахад шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Лхагвасүрэн, Б.Тунгалагсайхан нар гарын үсэг зурсан байсан; мөн Улсын дээд шүүхээс магадлалын хянавал хэсэг дутуу, тогтоох хэсэг байхгүй буюу ...хавтаст хэргийн магадлалын 5 дугаар хуудас нь нэхэмжлэгч Ү.А-д гардуулсан магадлалын 5 дугаар хуудастай зөрүүтэй, өөр шийдвэр гарсан гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцаасан” гэх агуулгаар өргөдлийг гаргасан.

Илтгэгч гишүүн дээрх өргөдөлд сахилгын хэрэг үүсгэн шалгаад “ ... шүүгч Э.Лхагвасүрэн нь Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд байршсан, шүүгч Б.Тунгалагсайханы гарын үсэг зурсан магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5-д тус тус заасан хуулийн шаардлага хангаагүй,

            ...магадлалыг боловсруулахдаа шүүх бүрэлдэхүүнд хуульд заасан журмын дагуу томилогдоогүй, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд оролцоогүй шүүгч Б.Тунгалагсайханы нэрийг бичиж гарын үсэг зуруулж албажуулсан, энэхүү шийдвэрийг хэргийн оролцогч нар гардан авсан байх ба энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 буюу “хуулийн илт тодорхой заалтыг ...удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэн Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ГНД/2024/0032 дугаар нотлох дүгнэлтийг үйлджээ.

Сахилгын хорооны 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0026 дугаар магадлалаар “холбогдох шүүгч Э.Лхагвасүрэнгийн магадлалд Ерөнхий шүүгчийн захирамжаар албажаагүй, уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хууль, журамд заасны дагуу томилогдоогүй шүүгчээр гарын үсэг зуруулан, тамга дарж албажуулан гаргасан, мөн магадлалыг удаа дараа зөрүүтэй гарган илт хайнга, хариуцлагагүй, хайхрамжгүй хандсан үйлдэл сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. ...шүүгчийн гаргасан үйлдлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, ...гаргах” гэж заасны “хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн” зөрчил гаргасан” гэж дүгнэн шүүгч Э.Лхагвасүрэнд “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.

Сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдсон үйл баримтуудыг үндэслэн шүүгч Э.Лхагвасүрэнг “хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн үйлдэл гаргасан” гэж дүгнэх боломжгүй байна.

            1.Шүүгч сахилгын зөрчил гаргасан эсэх тухайд:

            Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолд “...хэрэгт авагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 0... дугаар магадлалын хянавал хэсэг дутуу, “тогтоох” хэсэг байхгүй, тодруулбал тогтоох хэсэгт тусгагдвал зохих давж заалдах шатны шүүхээс гаргаж байгаа шийдвэр, хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалт, давж заалдах гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан байдал зэрэг тусгагдаагүй байна.

            Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ....нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ***дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч Х.Т ийн  өмгөөлөгч Ч.Э-н давж заалдах гомдлоор хэргийг хянан шийдвэрлээд ямар шийдвэр гаргасан нь тодорхойгүй, магадлалд давж заалдах шатны шүүхээс гаргаж байгаа шийдвэр, түүний үндэслэл тусгагдсан байх, магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэх шаардлагыг хангаагүй байна.

            Түүнчлэн хяналтын гомдолд хавсаргаж ирүүлсэн нэхэмжлэгч Ү.А, түүний өмгөөлөгч Б.Б нарт гардуулсан гэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 0... дугаартай 2 магадлалын удиртгал, тодорхойлох, хянавал хэсэг, хэргийг шийдвэрлэсэн бүрэлдэхүүн зэрэг нь хэрэгт авагдсан магадлалаас зөрүүтэй.

            Уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Лхагвасүрэн /илтгэгч шүүгч/ нарыг шүүх хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч Д.Баатархүүг томилсон шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 221/ЕШ2023/1128 дугаар захирамжаар албажуулсан. 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 221/ТМ2023/987 дугаар тэмдэглэлд хэргийг Ерөнхий шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцсэн талаар тусгагдсан байх боловч нэхэмжлэгч Ү.А-н хяналтын гомдолд хавсаргаж ирүүлсэн магадлалд Ерөнхий шүүгчийн захирамжаар албажаагүй, уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хууль, журамд заасны дагуу томилогдоогүй шүүгч Б.Тунгалагсайхан гарын үсэг зурж, тамга дарагдсан байна. Мөн Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын системд шүүгч Б.Тунгалагсайханы бүрэлдэхүүнтэй магадлал байршсан байна.

Үүнээс үзэхэд хуульд заасан журмын дагуу томилогдсон шүүх бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн эсэх нь эргэлзээтэй, хэргийг хянан хэлэлцээд ямар шийдвэр гаргасан нь тодорхой бус, хэргийн оролцогч нарт гардуулсан, хэрэгт авагдсан магадлал өөр хоорондоо зөрүүтэй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.6-д “ ...шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлд хамаарах ба энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно...” гэж дүгнэжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эсхүл Сахилгын хорооны шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

Өөрөөр хэлбэл, хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд сахилгын хэргийн оролцогчоос тогтоогдсон үйл баримттай маргадаггүй. Харин тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил нь сахилгын зөрчил эсэх асуудалд маргадаг тул хянан үзэх хуралдаанаас тогтоогдсон үйл баримт нь сахилгын зөрчил буюу хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн эсэх асуудалд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Сахилгын хорооны магадлалаар холбогдох шүүгч Э.Лхагвасүрэнг “ ... 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2023/0... дугаартай магадлалыг албажуулахдаа хянавал хэсэг дутуу, “тогтоох” хэсэг байхгүй зэргээр зөрүүтэй албажуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т заасныг зөрчсөн, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажаагүй, уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хууль, журамд заасны дагуу томилогдоогүй шүүгчээр гарын үсэг зуруулан, албажуулсан нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т тус тус заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн” гэж үзэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн үйлдэл гаргах” гэх зөрчил гаргасан гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2023/0... дугаартай магадлалыг хянан хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүнд шүүх хуралдааны даргалагчаар Ерөнхий шүүгч Д.Баатархүү, бүрэлдэхүүнд шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Лхагвасүрэн нар оролцсон байна.

Гэтэл магадлалыг албажуулан нэхэмжлэгч Ү.А-д мэйл хаягаар гардуулагдсан гэх магадлалд шүүх бүрэлдэхүүнд оролцоогүй шүүгчээр буюу шүүгч Б.Тунгалагсайханаар гарын үсэг зурж албажуулагдсан байх ба нэхэмжлэгчээс энэ талаар шүүхэд мэдэгдэж, улмаар шүүхээс магадлалыг засварлан дахин нэхэмжлэгчид гардуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлд магадлалд гарсан алдааг засварлах талаар зохицуулсан ба тус зохицуулалтын хүрээнд магадлалд гарсан дээрх алдааг шүүхээс засварлан дахин нэхэмжлэгчид гардуулсан нь шүүгчийг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

Харин шүүгч Э.Лхагвасүрэн нь 221/МА2023/0... дугаар бүхий нэг магадлалыг албажуулахдаа шийдвэрийн хянавал хэсэг дутуу, “тогтоох” хэсэг байхгүй зэргээр зөрүүтэй албажуулсан үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т заасан хуулийн илт тодорхой заалтыг 1 удаа зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгч Э.Лхагвасүрэн магадлалыг албажуулах явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил бүрийг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэж,  холбогдох шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т зааснаар “хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн үйлдэл гаргах” гэж заасан сахилгын зөрчлийн шинжийг хангаж байна гэж дүгнэн улмаар сахилгын шийтгэл оногдуулсан Сахилгын хорооны магадлал нь хууль ёсны бөгөөд  үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, дээд шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл бүхэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн зөрчил болохгүй болно.

Үүнээс гадна Сахилгын хэрэг хянан шалгах ажиллагааны явцад шүүгч Э.Лхагвасүрэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-т заасныг зөрчөөгүй болохыг тогтоосныг дурдах нь зүйтэй байна.

Холбогдох шүүгчийг урьд Шүүхийн сахилгын хорооноос хуулийн илт тодорхой заалт зөрчсөн гэж үзсэн шийдвэр гараагүй тул удаа дараа гэж үзэхгүй  бөгөөд дээрх зөрчлийг дахин гаргасан тохиолдолд “удаа дараа”-д хамаарч сахилгын зөрчилд тооцогдох үр дагавартай тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж ажиллахыг анхаарч ажиллавал зохино.

Иймд дээрх дурдсан үндэслэлээр холбогдох шүүгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.4, 113.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Лхагвасүрэнгийн гомдлын зарим хэсгийг хангаж, Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ГЗҮ/2025/0026 дугаар магадлалыг хүчингүй болгож, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдлыг сахилгын хэргийн оролцогч, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын Дээд шүүхэд гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай

                        ДАРГАЛАГЧ                                    Д.МЯГМАРЦЭРЭН

        ГИШҮҮН                                         Б.СУГАР

                                                                             Х.ХАШБААТАР