info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-04-22

Дугаар 55

Улаанбаатар хот

                                                  Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, холбогдох шүүгч Т.Ганчимэг, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэгт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

“Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б өргөдөлдөө: “Э”ХХК нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “Э” ХХК-д холбогдуулж “Гэрээний үүрэгт 362,830,342 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх 2015 онд гаргаснаас хойш шийдвэрлэлгүй Д.Д, А.М, Т.Ганчимэг шүүгч нарт дамжиж хуваарилагдсаар одоогийн байдлаар 10 жил гаруй хугацаа өнгөрлөө. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэгийн мэдэлд уг хэрэг 2019 онд шилжин ирсэн боловч шүүхийн шийдвэр гаргалгүй 6 жил дарж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Гэтэл анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 10 жил өнгөрөөд байгаа бөгөөд энэ хугацаанд манай байгууллага нь маш их хохирол амсаад явж байна. Энэ хугацаанд хариуцагч тал шүүхээс элдэв янзын дүгнэлт гаргуулах нэрийдлээр хэрэг шийдвэрлэх хугацааг хойшлуулахыг хичээж, янз бүрийн хүсэлт гаргадаг, түүнийг нь шүүх заавал хангадаг байдлаар шүүх хурлын шийдвэр гаргалгүй манай компанийг хохироож, шүүх хэтэрхий хүнд суртал гаргаж байгаад маш их гомдолтой байна.

Хамгийн сүүлийн удаагийн жишээг авахад шүүгч Т.Ганчимэгийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 06... тоот захирамжаар “Э” ХХК-ийн хүсэлтийг хангаж, шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл өнөөг хүртэл томилогдсон байгууллага дүгнэлтээ ирүүлэхгүй, шүүхээс шахаж шаардах, түргэлүүлэх, болохгүй бол хуульд заасан ямар арга хэмжээ авах эрхтэй байгаа түүнийгээ авах зэргээр хэргийг шуурхай шийдвэрлэх талаар ямар ч арга хэмжээ авахгүй байгаа бөгөөд шүүгч болон туслахад нь хандан хэлж байсан боловч "дүгнэлт ирээгүй байна, хүлээж байна” гэсэн тайлбараас өөр ямар ч бодитой арга хэмжээ авсангүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д шинжээч шинжилгээ хийхдээ Шүүх шинжилгээний тухай хуулийг баримтлахаар заасан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлд шинжилгээ хийх хугацаа, түүнийг сунгах журмыг тодорхой заасан байна. Түүнээс үзэхэд шинжилгээний хугацааг шүүх тогтоож өгөх, уг хугацааг сунгах шаардлагатай бол шүүхэд бичгээр мэдэгдэх зэрэг нарийн зохицуулалттай байна. Гэтэл яагаад энэ журам манай компанийн гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхэд үйлчлэхгүй, шүүгч анхаарахгүй байгаа юм бэ. Манай компани өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шүүхэд хандсан боловч хуулийн хугацаанд шуурхай тогтоож шийдвэрлэх үүрэгтэй шүүгч ажилдаа ингэж хандаж 10 жил манай компанийг хохироож байгаад үнэхээр гомдолтой байна. Шүүгч Т.Ганчимэг нь энэ хэргийг хүлээж 5 жил шүүгээндээ дарж байгаад шилжээд явсан сурагтай.

Баянзүрх дүүргийн шүүгчдийн энэ үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн “Шүүгчид хориглох зүйл” гэсэн 50 дугаар зүйлийн 50.1.1 буюу "албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө. эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэснийг зөрчиж хариуцагчийн эрх ашгийн төлөө үйлчилж, давуу эрх олгож байна гэж хардаж байна. Мөн хуулийн 50.1.26 буюу “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэснийг зөрчиж 60 хоногт шийдвэрлэх хэргийг 10 жил болгож байгаад гомдолтой байгаа тул зохих хариуцлага хүлээлгэж, хэргийг шуурхай шийдвэрлүүлэх талаар арга хэмжээ авч өгөхийг хүсэж, энэхүү гомдлыг гаргаж байна. Хариуцагч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А нь тооцоо нийлсэн акт үйлдэж төлбөрөө өгөхөө хүлээн зөвшөөрөөд баталгаажуулсан баримттай маш илэрхий хэрэг юм.” гэжээ.

Шүүгч Т.Ганчимэг тайлбартаа: “Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаар зарлигаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 00... дугаар тогтоолоор А.М шүүгчийн хянан шийдвэрлэж байсан 28, ажлын ачааллыг тэнцвэржүүлэхээр шинээр 22 нэхэмжлэлийг системээс гараар, Улсын дээд шүүхээс тус шүүхэд дахин хянуулахаар ирүүлсэн нэг хэргийг тус тус шүүгч надад хуваарилж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 02... дүгээр “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамжаар “Э”ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар томилсон шийдвэрийг албажуулсан болно.

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 33... дугаар “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамжаар “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 362,830,342 төгрөгийг “Э” ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8-д заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлсэн байдалтайгаар 2019 оны 5 дугаар 17-ны өдөр хүлээн авсан.

Шүүгч би Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллах хугацаанд хүлээн авсан иргэний хэргүүдтэй нэг бүрчлэн уншиж танилцаж, хуульд заасан ажиллагааг явуулсан ба тус иргэний хэрэгт дор дурдсан ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан Үүнд:

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:

1.1. “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 362,830,342 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 33... дугаар “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамжаар иргэний хэрэг үүсгэж, шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 05... дүгээр захирамжаар “У” ХХК, “Л” ХХК-ийг тус тус шинжээчээр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан.

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З “... шүүхэд гаргасан шинжээч томилуулсан хүсэлтээс татгалзаж, шинээр шинжээч томилж өгнө үү ...” гэх хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тул шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 00... дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай” захирамжаар иргэний хэргийг сэргээж, тус иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09 цагт хянан хэлэлцэхээр товлон, хэргийн оролцогчдод хэрэг танилцуулах, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, шүүх хуралдааны товтой танилцуулж гарын үсэг зуруулсан.

1.3. Тус хэргийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09 цагт хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн талаас /Сиди/-д “... үзлэг хийлгэх тухай ...”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... хэргийн материалтай танилцах тухай...” хүсэлтүүдийг тус тус гаргасан. Хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг шүүгчийн “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” 101/Ш32020/05... дугаар захирамжаар 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цаг 30 минут хүртэл хойшлуулж, хэргийн оролцогчдод хуралдааны тов мэдэгдсэн байна.

1.4. 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цаг 30 минутад хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинжээч томилуулах тухай, хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг гаргаснаар, шүүгчийн 06... дугаар “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” тухай захирамжаар “Ц” ХХК, “Х” ХХК-ийг тус тус шинжээчээр томилсон. Тус шүүгчийн захирамжид зохигчид гомдол гаргаагүй тул шүүхээс 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шинжээч Ш.Ц-т хууль сануулж, эрх үүрэг тайлбарлаж, 2103, 2105 дугаар албан тоотоор шүүгчийн захирамжийг шинжээч нарт хүргүүлсэн.

1.5. Шинжээчээр томилогдсон “Ц” ХХК, “Х” ХХК нь шүүгчийн захирамжид заасан хугацаанд шинжээчийн дүгнэлтийг шүүхэд ирүүлээгүй тул шүүхээс 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 35.., 35.. дугаар албан тоотуудаар шинжээчдээс 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор дүгнэлтийг ирүүлэхийг шаарджээ.

Шинжээчээр томилогдсон “Х” ХХК-ийн шинжээч Ж.У нь шүүхэд 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүрэлцэн ирснээр хууль тайлбарлаж, эрх, үүргийг шүүгчээс танилцуулсан.

1.6. Шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22... дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай” захирамжаар сэргээж, хэргийн оролцогчдод шинжээчдээс ирүүлсэн дүгнэлтийг танилцуулж, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 48 минутад хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас сидинд үзлэг хийлгэх тухай хүсэлтийг гаргасныг хүлээн авч, шүүгчийн 02... дүгээр “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг жич товлон хойшлуулжээ.

1.7. Иргэний хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг 30 минутад хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөс нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргаснаар шүүгчийн 04... дугаар “Хүсэлт шийдвэрлэх, шүүх хуралдаан хойшлуулах тухай” захирамжаар хариуцагч талаас гаргасан туслан гүйцэтгэгчээр ажилласан “П” ХХК-тай холбоотой баримт гаргуулах хүсэлтийг хангаж, шинжээч томилуулах, “Э” ХХК, иргэн Б.Б-ийн дансны хуулга гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02... дүгээр захирамжид өөрчлөлт оруулах хүсэлтийг хангахаас тус тус татгалзаж, шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаагаар товлон хойшлуулсан байна.

1.8. Улсын бүртгэлийн газраас “П” ХХК-тай холбоотой баримтыг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хүргүүлж, шүүхээс захирамжид заасан сиди бичлэгт 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үзлэгийг хийсэн болно.

1.9. Хэрэг хянан хэлэлцэх 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргаснаар шүүгчийн 05... дугаар “Хүсэлт шийдвэрлэх, шүүх хуралдаан хойшлуулах тухай” захирамжаар 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаагаар хуралдааныг хойшлуулжээ.

1.10. 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан хойшлуулах тухай /Ковид-19/, хариуцагч тал шүүхэд гаргасан “Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай”, гэрчийн мэдүүлэг авах, үзлэг хийлгэх, шинжээч томилуулах, тухай хүсэлтүүдийг гаргаснаар шүүгчийн 06... дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хариуцагчийн гаргасан хүсэлтүүдийг хангахаас татгалзаж, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хуульд зааснаар нэхэмжлэгчид талд гардуулах, хариу тайлбар авах, шинжээч томилох хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

1.11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 06... дугаар захирамжид гомдол гаргах хугацааг сэргээх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлснийг шүүгч Г.Бямбажаргал хүлээн авч хянаад, шүүгчийн 5 дугаар сарын 18-ны өдрийн 07... дүгээр “Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж"-аар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

1.12. Монголын хөрөнгө хохирол үнэлгээчдийн холбооноос тус шүүхийн шүүгчийн 06... дугаар захирамжаар шинжээчийн ажлаас татгалзаж байгаа албан тоотын шүүхэд ирүүлсэн тул 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 11... дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай” захирамжаар хэргийг сэргээх тухай” захирамжид, 11... дугаар “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамжаар “Барилгын хөгжлийн төв"-ийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтийг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор шүүхэд ирүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

1.13. Барилгын хөгжлийн төвөөс 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2/18.. “Хариу ирүүлэх тухай” албан тоотыг шүүхэд хүргүүлсэн. Дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор албан хаагчдыг цахимаар ажиллуулж байгаатай холбоотойгоор Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1.7-д зааснаар шинжилгээ хийхээс татгалзаж байгаа тухай дурдсан.

1.14. Шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 33... дүгээр, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 35... дүгээр албан тоотуудаар Барилгын хөгжлийн төвөөс шинжээчдийг нэн даруй томилохыг шаардсан. Барилгын хөгжлийн төвөөс Ш.М, М.М нарыг шинжээчээр томилсон албан тоотыг шүүхэд ирүүлсэн.

  Мөн дахин шүүх 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 43... дугаар албан тоотоор Барилгын хөгжлийн төвөөс шинжээчийн дүгнэлтийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ирүүлэхийг даалгаж шаардсан.

Барилгын хөгжлийн төвөөс шинжээчийн дүгнэлт гаргах хугацааг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 10 хоногоор сунгах тухай шинжээч ажиллуулах зардлын тооцоог тус тус 1/36.. дүгээр албан тоотыг шүүхэд ирүүлсэн.

Шүүхээс Барилгын хөгжлийн төвөөс шинжээчийн дүгнэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ирүүлэхийг даалгаж, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны 3.. дугаар албан тоотыг хүргүүлсэн.

1.15. Барилгын хөгжлийн төвөөс 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1/1.. дугаар албан тоотоор шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гэх албан тоот шүүхэд ирснээр шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09... дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай” захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн.

1.16. Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгчийн захирамж биелэгдээгүй тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг шинжээчээр томилуулах тухай хүсэлт шүүхэд ирүүлснээр шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 09... дүгээр захирамжаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Тухайн шүүгчийн захирамжид зохигч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гомдол гаргаагүй тул 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 23.. дугаар албан тоотоор хүргүүлжээ.

1.17. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинжээчээр ажиллах боломжтой этгээдийн нэрсийг ирүүлэхийг 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 37.. дугаар албан тоотоор шаардаж, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 44.. дүгээр албан тоотоор шинжээчийн дүгнэлтийг энэ оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор шүүхэд ирүүлэх арга хэмжээ авахыг шаардахад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 06/17.. дүгээр албан тоотоор шинжээч нарын мэдээллийг шүүхэд ирүүлж, 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01/21.. албан тоотоор Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу шинжээчээр ажиллах этгээдийг шүүхээс томилж ирүүлэх тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн.

1.18. Шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 24... дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай захирамж”-аар хэргийг сэргээж, тухайн өдрөө буюу 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 24... дүгээр захирамжаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагч Т.Э, Д.Г, Б.Э, Б.М нарыг шинжээчээр томилж, дүгнэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлэхийг даалгаж, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Тус шүүгчийн захирамжид зохигчид гомдол гаргаагүй тул 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 52.. дүгээр албан тоотоор шүүгчийн захирамжийг хүргүүлсэн.

1.19. Мэргэжлийн хяналтын газраас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд дүгнэлт ирүүлээгүй тул шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01... дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай” захирамжаар сэргээж, хэргийн оролцогчдод мэдэгдсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн захирамжид гомдол гаргасныг тус шүүхийн шүүгч Г.Б-ын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04... дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” хүсэлтийг хангаагүй тул шүүх хуралдааныг товлож хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгджээ.

1.20. Тус хэргийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр товлосон ба шүүгч миний эрүүл мэндийн байдлын шалтгааны улмаас хэргийг хянан хэлэлцэх боломжгүй болсон тул шүүх хуралдааны жич товлон хойшлуулсан.

1.21. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хариуцагчийн үзлэг хийлгэх, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай, шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргаснаас шүүх үзлэг хийх, захирамжид өөрчлөлт оруулах тухай хүсэлтүүдийг хангахаас татгалзаж, шинжээчээр Барилга хот байгуулалтын яамны Улсын байцаагчийн эрхтэй этгээдийг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба энэ захирамжид зохигчид гомдол гаргаагүй тул 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 23.. дүгээр албан тоотоор Барилга, хот байгуулалтын яамд хүргүүлсэн.

1.22. Барилга, хот байгуулалтын яамнаас 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 3/16.. дүгээр албан тоотоор шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзаж, “... Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүтцэд Инженер-техникийн шинжилгээний газар байгуулагдсан тул барилгын хийцтэй холбоотой шинжээч томилуулах асуудлаар мэргэжлийн байгууллагад хандана уу...” гэх албан тоотыг шүүхэд ирүүлсэн.

1.23. Шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 15... дугаар захирамжаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээхэд хариуцагчийн төлөөлөгч нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан үндэслэлээр гомдол гаргасан. Уг гомдлыг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүн томилсон шийдвэрийг Ерөнхий шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 05... дугаар захирамжаар албажуулж, 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд, тус шүүхийн 00... дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

1.24. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 30 минутад товлон зарласан боловч шүүгчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цаг 30 минутад товлож, шүүгчийн 23... дугаар “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаан хойшлуулах тухай” захирамжаар хойшлуулж, хэргийн оролцогчдод хурлын тов мэдэгдсэн байна.

1.25. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч хэлэлцээд, тухайн өдрийн шүүгчийн 24... дүгээр “Хүсэлт хангахаас татгалзах тухай захирамж”-аар тухайн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

1.26. Хэрэг хянан хэлэлцэх 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цаг 40 минутын шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан хойшлуулах, хариуцагч талаас нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан.

Шүүх зохигчдоос гаргасан хүсэлтийг хуульд зааснаар хянаад, шүүгчийн 26... дүгээр “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” захирамжаар нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хангаж, хариуцагчаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан шинжилгээ хийгдэж буй эсэхийг тодруулсны улмаас хүсэлтийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд шүүх хуралдааныг жич товлон хойшлуулжээ. Дээрх шүүгчийн захирамжид зохигчид гомдол гаргаагүй байна.

1.27. Шүүх шинжилгээний ерөнхий газарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 56.. дүгээр албан тоотоор тус шүүхээс Шүүх шинжилгээний тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу инженер-техникийн шинжилгээний талаар дүгнэлт гаргаж байгаа эсэх талаар мэдээлэл ирүүлнэ үү гэх хүсэлтийг хүргүүлэхэд 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07/84.. дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан тоотоор Шүүх шинжилгээний ерөнхий газраас “...танай хүсэлтэд дурдагдсан шинжилгээ одоогоор хийх боломжгүй байна ...” гэх хариуг ирүүлсэн.

1.28. Иргэний хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 39 минутад хянан хэлэлцэхэд нэхэмжлэгч тал гэрч асуулгах, хариуцагч тал шинжээч томилуулах, нотлох баримт гаргуулах тухай хүсэлт дахин хуралдаанд гаргасан. Шүүх хуралдаанд талуудын гаргасан хүсэлтийг шүүгч хүлээн авч хянаад 40... дүгээр “Хүсэлт шийдвэрлэх, шинжээч томилох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж’’-аар нэхэмжлэгч тал н.Ц-г гэрчээр асуулгах хүсэлтийг өөрчилж, Л.М-ыг гэрчээр асуулгах хүсэлтийн хаяг тодорхойгүй, шүүхээс дуудах боломжгүй үндэслэлээр хангахаас татгалзаж, хариуцагчаас нотлох баримт гаргуулах, захирамжийн биелэлт хангуулах тухай хүсэлтүүдийг хангахаас татгалзаж, шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Шүүгчийн энэхүү захирамжид зохигчдын хуулийн хугацаанд гомдол гаргах хугацааг дуусгаснаар 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 8.. дүгээр албан тоотоор Шүүх шинжилгээний ерөнхий газарт шүүгчийн захирамжийг хүргүүлэхэд 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 13/12.. дугаар “... Барилга инженерийн байгууламжид шинжилгээ хийх тусгай мэдлэг эзэмшсэн шинжээч байхгүй гэх үндэслэлээр шүүхээс ирүүлсэн материалыг буцаан хүргүүлэв ...” гэсэн албан тоот шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгч би, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудаас гаргасан хүсэлтийг тухай бүр хянан шийдвэрлэсэн болно.

Намайг өөр шүүхэд томилогдон ажиллах болсонтой холбоотойгоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 008... дүгээр “Хэрэг, нэхэмжлэл дахин хуваарилах тухай” тогтоолоор тухайн үед ажиллаж байсан 13 шүүгчид 122 иргэний хэрэг, 14 нэхэмжлэл, 1 хүсэлтийг хуваарилж, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, даргалагчийн өөрчлөн томилохоор тогтсон ба тус иргэний хэрэг шүүгч Б.Мандалбаярт хуваарилагджээ.

2. Өргөдөл гаргагч Б.Б-ийн өргөдөлд “...хамгийн сүүлийн удаагийн жишээг авахад шүүгч Т.Ганчимэг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 06... тоот захирамжаар “Э” ХХК-ийн хүсэлтийг хангаж, шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл өнөөг хүртэл томилогдсон байгууллага дүгнэлтээ ирүүлэхгүй шүүхээс шаардах, түргэлүүлэх, болохгүй бол хуульд заасан арга хэмжээ авах эрхтэй байгаа түүнийгээ авах зэргээр хэргийг шуурхай шийдвэрлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй..., шүүгч Т.Ганчимэг энэ хэргийг 5 жилийн хугацаанд шүүгээндээ дарж байгаад шилжээд явсан сурагтай...” дурдагдсан үндэслэлтэй танилцаж дараах тайлбар хүргүүлж байна.

2.1. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” ХХК-иас холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 362,830,342 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 20....01 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТХОЗ/1.. тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс тус тус татгалзах 180,0983,200 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүгч би 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан ба иргэний хэрэг үүсээд 2 жил 7 сарын хугацаанд шүүхэд хянагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлсэн байдалтай байсан.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхээс томилсон шинжээчээс татгалзаж дахин шинжээч томилуулах тухай ...” хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 00... дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай” захирамжаар хэргийг сэргээж, шүүх хуралдааныг 2020.03.25, 2020.04.07, 2020.04.27, 2021.02.10, 2021.04.06, 2021.04.27, 2022.03.02, 2022.03.30, 2023.10.12, 2023.11.16, 2024.02.08-ны өдрүүдэд тус тус товлон зарласан ба 2023.03.02, 2023.10.12-ны өдрүүдэд товлогдсон шүүх хуралдаан шүүгчийн эрүүл мэндийн байдлаас хойшилж, бусад нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүх бүрэлдэхүүн гомдлыг нэг удаа хянан хэлэлцсэн байна.

2.3. Хэдийгээр зохигчдоос ирүүлсэн аливаа хүсэлт, баримтыг шүүх хуралдаанаас өмнө ирүүлсэн ч хэргийн бусад оролцогчдод танилцуулах, саналыг сонссоны үндсэн дээр шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдаанаар уг хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлэдэг.

2.4. Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ.” гэж зааснаар хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг тухай бүр шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нь “хууль бус" гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.

2.5. Зохигчдын маргааны зүйл нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар маргадаг.

2.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно.” гэж зааснаар зохигчийн хүсэлтийн дагуу шүүгч шинжээч томилсон.

Учир нь шүүгч нь барилгын хийцлэлийн талаар тусгай мэдлэггүй тул мэргэшсэн шинжээчийн дүгнэлтийг гаргуулахаар боломжит бүхий л байгууллагыг шинжээчдийг томилж, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэж байсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар хэргийн ороогчдоос “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжид тухай бүр гомдол гаргаагүй бөгөөд шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

2.7. Шүүхээс шинжээч томилсон шүүгчийн захирамжид дурдсан хугацаанд шинжээч нар дүгнэлтээ ирүүлээгүй гэх үндэслэлээр тухай бүр шүүхийн албан тоотоор шаардаж байсан. Үүнд:

- 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 35.., 35.. дугаар албан тоотуудаар “Ц” ХХК, “Х” ХХК-иас шинжээчийн дүгнэлтийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлэхийг,

Барилгын хөгжлийн төвөөс:

- 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 33..., 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 35.. дүгээр албан тоотоор,

- 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 43... дугаар албан тоотоор,

- 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3... дугаар албан тоотоор шинжээчийн дүгнэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ирүүлэхийг,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас:

- Шинжээчээр ажиллах боломжтой этгээдийн нэрсийг ирүүлэхийг 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 37.. дугаар албан тоотоор,

- 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 44.. дүгээр албан тоотоор шинжээчийн дүгнэлтийг энэ оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор шүүхэд ирүүлэхийг тухайн бүр шаардсан болно.

Шүүх шинжилгээний ерөнхий газраас:

- 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 56.. дүгээр “Мэдээлэл авах тухай” албан тоотоор Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу инженер-техникийн шинжилгээний талаар дүгнэлт гаргаж байгаа эсэх талаар шүүхэд мэдээллийг ирүүлэхийг хүссэн.

- Хэдийгээр Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 07/84.. дугаар “Хариу хүргүүлэх тухай” тоотод “... одоогоор шинжилгээ хийх боломжгүй ...” гэсэн хариуг ирүүлсэн боловч тухайн албан тоотыг үндэслэх зохигчийн хуульд зааснаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлах, мэтгэлцэх зарчмыг зөрчих эрх шүүгчид хуулиар олгогдоогүй болно.

- Иймд 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүхэд хариуцагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн шүүгчийн 04... дүгээр “Хүсэлт шийдвэрлэх, шинжээч томилох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, шүүх хуралдаан хойшлуулах тухай" захирамжаар Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчээр томилсон болно.

  Жич: Шүүхэд нэр бүхий байгууллагуудаас хариу ирүүлсэн албан тоотод огноолсон огноо, дугаар тавигдсан хэдий ч тухайн байгууллагууд нь албан тоотыг шууданд хийсэн дардасны огноо, шүүх хүлээн авсан огноо зэргийг харгалзан үзэхийг хүсье./

Иймд, өргөдөл гаргагч Б.Б-ийн өргөдөлд дурдагдсан “... 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 06... дугаар захирамжаар “Э” ХХК-ийн хүсэлтийг хангаж, шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн, ... шүүхээс шаардах, түргэлүүлэх, болохгүй бол хуульд заасан арга хэмжээ авах эрхтэй, ... хэргийг шуурхай шийдвэрлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй, шүүгч Т.Ганчимэг энэ хэргийг 5 жилийн хугацаанд шүүгээндээ дарж байгаад шилжээд явсан сурагтай ...” гэсэн үндэслэл дурдагдсан үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж зааснаар шүүгч би Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн, тухайн хэргийн оролцогчдын хэн алиныг танихгүй, хэн нэгний нөлөөнд автаагүй, албан тушаалын эрх нөлөөгөө урвуулан ашиглаж бусдад болон өөртөө давуу байдал үүсгэсэн гэж үзэх боломжгүй болно.

3. Өргөдөл гаргагч Б.Б-ийн өргөдөлд дурдагдсан “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэсэн үндэслэлд дараах тайлбарыг гаргаж байна.

3.1. Шүүгч миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар зарлигаар Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байгаа болно.

3.2. “Э”ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй, энэ тохиолдолд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26 дахь хэсэгт заасан үндэслэл хамаарахгүй болно.

Учир нь шүүгч намайг өөр шүүхэд томилогдон ажиллах болсонтой холбоотойгоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 00... дүгээр “Хэрэг, нэхэмжлэл дахин хуваарилах тухай” тогтоолоор иргэний хэрэг тухайн шүүхэд ажиллаж байсан бусад 13 шүүгчид хуваарилагдсан байна.

4. Бусад үндэслэлийн тухайд:

4.1. Улсын онцгой комиссын шуурхай штаб, Дүүргийн онцгой комиссын шуурхай штабын заавар зөвлөмжийн дагуу дэлхийн нийтийг хамарсан цар тахал болох Коронавирус /Ковид-19/ “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх үед ажиллах түр журам”-ын дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Гамшгаас хамгаалах шуурхай штабаас 2021.05.03, 2021.05.11, 2021.06.11, 2021.10.05, 2022.06.09-ний өдрүүдэд халдварын эерэг тохиолдол тус шүүхэд тохиолдол бүртгэгдсэн, тухайлсан хугацаанд шүүхийн нийт албан хаагчдыг 30 хүртэл хувиар болон богиносгосон цагаар ажиллуулах, шүүх хуралдааныг онлайнаар явуулах, шүүгч ажилтан, хэргийн оролцогчдыг болзошгүй эрсдэлээс сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахих нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг авч ажиллаж байсан нь тус иргэний хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давагдашгүй хүчин зүйлийн улмаас шинжээчийн дүгнэлт ирүүлэх хугацаанд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

4.2. Түүнчлэн, шүүгч би Монгол Улсын шүүхийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар улсад 34 жил, шүүгчээр 12 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд хуульд зааснаар ажлын 35 хоног амардаг болно.

Үүнд: 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 17, 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 25-ны хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.

Иймд, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” ХХК- иас холбогдох “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 362,830,342 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 20....801 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТХОЗ/1.. тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс тус тус татгалзах 180,0983,200 төгрөгийг гаргуулах” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.26-д заасан шүүгчид хориглох зүйлийг зөрчөөгүй, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан тул Б.Б-ийн гомдлын дагуу үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “Э” ХХК-д холбогдох  “Э” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 362,830,342 төгрөг гаргуулах нэхэмжлэлд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.М 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ. Тэрээр өөр шүүхэд шилжин ажиллахаар болсон тул шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 00467 дугаар тогтоолоор уг хэрэг шүүгч Т.Ганчимэгт хуваарилагджээ.

Шүүгч Т.Ганчимэг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдох хүртлээ тухайн иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

Дараах үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

1. Шүүгч Т.Ганчимэг хэргийг хүлээн аваад, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 00... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хийхээр товлон зарласан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хэргийн материалтай танилцах” хүсэлтээр шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цаг хүртэл  хойшлогдсон.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлтийг шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 06... дугаар захирамжаар хангаж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, холбогдох ажиллагааг явуулсан байна.

Шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хийхээр товлосон бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулжээ.

Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн хуулийн 55.1-д зааснаар шүүгч энэхүү хуулиар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулахаар заасан ба уг хуулийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэл хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхээр зохицуулсан.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх ба  Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ”, 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэжээ. 

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой явуулсан ажиллагааг ёс зүйн зөрчилд хамааруулах боломжгүй.

2. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 50 дугаар зүйлийн 50.1-т шүүгчид хориглох зүйлийг нэрлэн заасан ба сахилгын хэрэгт авагдсан баримтаар холбогдох шүүгч нь дараах ажиллагааг явуулжээ. Үүнд:

2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээр, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах, хариуцагчийн өмгөөлөгчийн хуралдаан хойшлуулах хүсэлтээр тус тус хойшлогдсон ба шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 06... дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаан хойшлуулах /Ковид-19/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч томилуулах тухай хүсэлтүүдийг хангаж, Монголын хөрөнгө, хохирол үнэлгээчдийн холбоог шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Томилогдсон шинжээч 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дүгнэлт гаргахаас татгалзсан тул шүүгчийн 7 дугаар сарын 30-ны өдрийн 11... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, мөн өдрийн 11... дугаар захирамжаар шинжээчийг өөрчлөн Барилгын хөгжлийн төвийг томилсон. 

Шүүгч Т.Ганчимэг 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан ба шинжээч дүгнэлтээ заасан хугацаанд  ирүүлээгүй тул удаа дараа шаардсан боловч 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1/1.. дугаар албан бичгээр “...дүгнэлт гаргах боломжгүй” гэж мэдэгджээ.  

Шүүгч 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 04 дүгээр сарын 21-ний өдөр товлон зарласан ба 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 09... дүгээр захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, тэрээр 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байжээ.

Шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 24... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сэргээж, мөн өдрийн 24... дүгээр захирамжаар шинжээчийг өөрчлөн томилж, дүгнэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлэхийг даалгасан боловч заасан хугацаанд дүгнэлт ирүүлээгүй.

Шүүгч 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хийхээр товлон зарласан ба 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 08... дүгээр захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  хүсэлтийг хангаж, Барилга, хот байгуулалтын яамны Улсын байцаагчийн эрхтэй шинжээчийг томилон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсан тул 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ.

Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хариуцагч гомдол гаргасан, тус шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн  00... дугаар тогтоолоор гомдлыг хангахгүй орхисон, шүүгч 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байжээ.

Хэргийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэхээр тогтоосон боловч шүүгчийн эрүүл мэндийн шалтгаанаар хойшлогдсон.

2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул хүсэлтийг судлахаар хойшлуулсан, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн захирамжаар  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч шинжээч шинжилгээ хийх боломжгүй талаар хариу ирүүлжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжлэх ухаан, тооцоо,  тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд шүүгч зөвхөн зохигчийн хүсэлтээр шинжээч томилохоор хуульд заасан. Өөрөөр хэлбэл, шүүгч тусгай мэдлэгийн үнэлэлт шаардагдах асуудлаар шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох учиртай.

 Дээрх захирамжид дурдсанаар шинжээч нь дараах асуултад хариулахаар тодруулбал маргаан бүхий барилга нь Барилгын тухай хууль болон Монгол улсад мөрдөгдөж буй барилгын норм дүрэмд нийцэж буй буй эсэх, хүчний хэмнэлттэй эсэх, дулаан алдаж буй эсэх, чанарын шаардлага хангаж буй эсэх, барилгын материалууд нь гарал үүслийн болон тохирлын гэрчилгээтэй эсэх, ажил гүйцэтгэсэн ил болон далд ажлын акт байгаа эсэх, барилгаа захиалагч талд албан ёсны акт үйлдэн хүлээлгэн өгсөн эсэх талаар дүгнэлт гаргахаар даалгажээ.

Шүүгчээс шинжээчид даалгасан эдгээр асуулт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т нийцээгүйгээс томилогдсон шинжээч дүгнэлт гаргахаас татгалзаж байсан ба энэ нь хуульд заасан хугацаа хэтрэх үндэслэл болсон гэж үзэхээр байна. 

Гэвч Сахилгын хороо шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх эрхгүй бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилж, энэ үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж байсныг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “...хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй” гаргасан гэж үзэх боломжгүй.

            3. Шүүх шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэх шинжилгээний хугацааг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд мэдэгдэж, сунгуулах ба хугацаа сунгах эсэх асуудлыг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шийдвэрлэдэг.

Шинжээч  шинжилгээ хийхээс татгалзсаныг шүүгч хүлээн авч, өөр шинжээч томилж байсан тул дүгнэлт гаргах хугацааг сунгаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

4. Шүүгч Б.М ...шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллах болсон тул шүүгчдийн зөвлөгөөнөөр хэргийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дахин хуваарилахаар шийдвэрлэжээ. 

Холбогдох шүүгч нь маргаан бүхий иргэний хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, энэ тохиолдолд түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчсөн” гэж үзэх үндэслэлгүй болно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэгт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.         

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                        ДАРГАЛАГЧ                                    Г.ЦАГААНЦООЖ

                       ГИШҮҮН                                         Д.АРИУНТУЯА

                                                                                         Д.ЭРДЭНЭЧУЛУУН