
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-04-24
Дугаар 61
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийж, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваад холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2025/0033 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“Өргөдөл гаргагч “Х б” ХК нь “...шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагаа хийхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбар лаж хэрэглэсэн, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн... мөн захирамжид гомдол гаргах хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж хэргийн оролцогч гомдол гаргах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан захирагдах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хуулийг ноцтой зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан зөрчил” гэх агуулгаар өргөдөл гаргасан.
1. Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагаа хийгээгүй гэх тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Долоодугаар1 бүлэгт заасан тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан.
Хуулийн уг бүлгээс үзэхэд 751 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлд шүүгч дангаар тусгайлсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл байхгүй тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч нь мөн хуулийн 753 дугаар зүйлийн 753.1 дэх хэсэгт “Шүүгч энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан, мөн энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж зааснаар хэрэг үүсгэн, нэхэмжлэл гардуулах ажиллагааг явуулна.
Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн баримтуудаас үзэхэд шүүгч П.Хишигдаваа нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 132/ШЗ2025/... дугаар захирамжаар нэхэмжлэгч “Х б” ХК нь хариуцагч иргэн П.Г-д холбогдуулан ...төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлд зааснаар шүүх иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагчийг дуудахдаа шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт шүүхийн баталгаат шуудангаар эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлэх бөгөөд мөн хуулийн 754 дүгээр зүйлд зааснаар мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй бол хариуцагч иргэний бүртгэл эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлд хариуцагчийн албан ёсны хаягийг Улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ. Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй бол төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээхээр заасан байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ” гэж заасны дагуу шүүх 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тус тус хариуцагчийг дуудах ажиллагаа явуулжээ.
Дээрх 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Шүүхийн мэдэгдэх хуудас Баримт №3”-т авагдсанаар хариуцагч П.Г-тэй шүүгчийн туслах Д.Т ярихад “Би одоо Сэлэнгэ аймагт ажиллаж амьдарч байгаа, саяхан төрсөн, нялх биетэй учраас очиж нэхэмжлэлийн хувь гардаж авах боломжгүй, цахимаар гардуулж өгнө үү” гэж хэлсэн боловч цахим хаягаа өгөөгүй болох нь шүүгчийн туслах Д.Т-ын Сахилгын хороонд бичгээр ирүүлсэн тайлбарт “...хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулахаар 86... дугаарт ...залгахад түүний аав аваад “П.Г-тэй 95... дугаараар холбогдож ярь” гэсэн. П.Г-тэй 95... дугаараар холбогдоход дээрх Баримт №3-т тэмдэглэсэн тайлбарыг хэлсэн. Улмаар надад цахим мэйл хаягаа явуулаагүй. Тэгээд нэхэмжлэлийн хувь гардуулаагүй байж байгаад шүүгчийн туслах Ц.Б-т уг хэргийг хүлээлгэн өгсөн. Жич: Баримт №3-т П.Г-ийн утасны дугаарыг 95... гэж буруу бичжээ, түүнтэй 95... дугаараар холбогдон ярьсан” гэснээр тогтоогдож байна.
Харин 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүгчийн туслах Ц.Б хариуцагчтай холбогдож чадаагүй тул ... сумын ... багийн Засаг даргатай холбогдон П.Г-г тус хаягтаа оршин суудаг эсэх талаар лавлахад бүртгэлтэй боловч оршин суухгүй байгаа, шилжилт хөдөлгөөн хийлгээгүй байгаа гэхэд нь энэ талаар шүүхэд албан бичиг хийж өгөхийг хэлсний дагуу тус багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар албан бичгээр “П.Г-г тус багт оршин суудаг хаягийн бүртгэлтэй боловч орон нутагтаа амьдардаггүй” гэх тодорхойлолтыг ирүүлжээ.
Улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дугаар зүйлийн 754.1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 77.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ” гэж зааснаар шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 304/ШЗ2025/... дүгээр захирамжаар хариуцагчийн албан ёсны хаягийн лавлагааг Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулахаар шийдвэрлэж, тус хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14/28 дугаар албан бичгээр хариуцагчийн хаягийг “... аймаг, ... сум, ... баг, ...” гэж ирүүлсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан хаягтай ижил хаяг байсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дугаар зүйлийн 754.1 дэх хэсэгт “...иргэний ...албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ” гэж зааснаас бус цахим шуудангийн лавлагааг авна гэж хуульчлаагүй байна.
Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн байгууллагаас оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлэхдээ цахим шуудангийн талаарх мэдээллийг ирүүлээгүй тул цахим шуудангаар нэхэмжлэлийн хувь гардуулах ажиллагааг явуулах боломжгүй байсан буюу “...Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14/28 дугаар албан бичгээр хаягийн лавлагааг гаргаж ирүүлсэн бөгөөд уг лавлагаанд П.Г-ийн цахим шуудангийн хаягийн мэдээлэл ирүүлээгүй болно. Мөн ...шүүгчийн туслахад цахим хаягаа өгнө гээд өгөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.2, 754.3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулах боломжгүй байсан...” гэх шүүгчийн хариу тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт нэхэмжлэлд тусгах шаардлагыг хуульчилсан ба нэхэмжлэгч нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ...”, 26.3 дахь хэсэгт “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ...” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө тодорхойлж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтад зааснаар хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газрын мэдээллийг нэхэмжлэлдээ тусгах ёстой.
Гэтэл “Х б” ХХК-ийн П.Г-г хариуцагчаар тодорхойлж хуучнаар Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, хариуцагчийн регистрийн дугаар болон оршин суух хаяг, холбоо барих утасны дугааруудыг дурдсан боловч цахим хаягийг дурдаагүй байсан байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2, 754 дугаар зүйлийн 754.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийсэн байх тул мөн хуулийн 754 дугаар зүйлийн 754.2 дахь хэсэгт заасан “төрийн мэдээллийн нэгдсэн системийн үндэсний цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээх” ажиллагааг явуулаагүй гэж холбогдох шүүгчийг буруутгах боломжгүй байна.
2. Шүүгч захирамжаа гомдол гаргах эрхгүй гэж гаргасан гэх тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 65.1.9 дэх заалтад “хариуцагчийн хаяг тодорхойгүй”, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, ...заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно...”, 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ...65.1.1-65.1.8, 65.1.10, ...117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заасан.
Мөн Улсын дээд шүүхийн 2014 оны 01 дүгээр “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг шүүхийн практикт хэрэглэхэд анхаарах зарим асуудлын талаар” зөвлөмжийн 4 дүгээр зүйлд “...65.1.9-т заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргана. Энэ тохиолдолд шүүх хуралдаан хийхгүй... 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана...” гэжээ.
Шүүгч П.Хишигдаваа нь дээр дурдсан ... аймаг, ... сум, ... багийн Засаг даргын тодорхойлолтыг үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдож байна гэж үзээд 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 304/ШЗ2025/... дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгохдоо ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 3 дахь заалтаар гомдол гаргах эрхгүй болохыг дурджээ.
Хуулийн дээрх зохицуулалт, Улсын дээд шүүхийн зөвлөмжөөс үзвэл шүүх иргэний хэрэг үүсгэснээс хойш, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцсэн байх боловч гомдол гаргах эрхийг олгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.
Түүнчлэн иргэний хэргийн нэхэмжлэгч талаас “шүүгчийн захирамжийг өөрчлөх, хүчингүй болгох тухай” хүсэлтийг шүүхэд гаргах эрх нь нээлттэй байсан боловч хүсэлт гаргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасныг Улсын дээд шүүхийн 2014 оны дэлгэрэнгүй тайлбарын 325-326 дугаар талд “Бичгээр гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөхөө залруулж, өөрчлөх, хүчингүй болгох боломжийг хуульд заажээ... Илтэд үндэслэл муутай гэдгийг шүүгч, хэргийн оролцогч, өөр хэн ч үзсэн бодит үнэнд нийцээгүй, үг, үсэг, тоо, тооцооны алдаатай зэрэг байдлыг ойлгож болно...” гэж тайлбарласан байдаг.
Хэдийгээр шүүгч П.Хишигдаваа нь 304/ШЗ2025/... дүгээр захирамжаараа хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчил гаргасан байх боловч сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад уг алдаагаа залруулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 304/ШЗ2025/... дугаар захирамжаар өөрийн гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 304/ШЗ2025/... дүгээр захирамжийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчид гомдол гаргах эрхийг олгосон болох нь шүүгчийн “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдахдаа гаргасан алдаагаа засах боломжийг хуульчилсан тул алдаатай захирамжид өөрчлөлт оруулсан шүүгчийн захирамж гаргасан болно” гэх хариу тайлбар, шүүгчийн туслах Ц.Б-ийн “...захирамжийн 3 дахь заалтад “захирамжид зохигч гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байна...” гэх бичгийн тайлбараар тогтоогдож байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад зааснаар хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн тохиолдолд шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхээр хуульчилсан.
Өөрөөр хэлбэл “ноцтой” гэдэг нь хэнд ч илэрхий тодорхой, ойлгомжтой, маргаангүй хуулийн заалтыг зөрчиж, буруугаар тайлбарлан хэрэглэхийг хэлэх бөгөөд шүүгч нь өөрийн алдаатай гаргасан захирамжаа залруулан, нэхэмжлэгчид гомдол гаргах эрхийг олгож зөвтгөсөн байх тул түүнийг “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэж дүгнээгүй болно.
Гэвч шүүгч П.Хишигдаваа нь цаашид энэхүү алдааг дахин давтан гаргахгүй байх талаар анхаарч ажиллах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав. ” гэжээ.
Холбогдох шүүгч П.Хишигдаваа Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“... Х б-ны нэхэмжлэлтэй, П.Г-д холбогдох 9.025.584,2 төгрөг гаргуулах иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.1 дүгээр зүйлийн 751.1, 751.1.1-д заасан маргааны төрөлд хамаарч байгаа тул тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хуулийн хугацаанд иргэний хэрэг үүсгэсэн.
Иргэний хэрэг үүсгэсний дараах ажиллагааг явуулж нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарын хамт хариуцагчид хүргүүлэх ажиллагааг хийхээр шүүхээс П.Г-ийн аав н.П-ийн 86... дугаараар холбогдож 95... дугаарыг авч нэхэмжлэлийн хувь гардуулах талаар мэдэгдэж “Шүүхийн мэдэгдэх хуудас баримт №3”-ыг хөтөлсөн тэмдэглэлийг шүүгчийн туслах Д.Т 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хийсэн нь хэргийн 32 дугаар хуудсанд авагдсан. Уг тэмдэглэлд “Би одоо Сэлэнгэ аймагт ажиллаж, амьдарч байгаа, саяхан төрсөн нялх биетэй байгаа учраас очиж нэхэмжлэлийн хувь гардаж авах боломжгүй байна. Ийм учраас цахимаар гардуулж өгнө үү...” гэж хариуцагч хэлсэн гэж тусгасан хэдий ч хариуцагч цахим хаягаа шүүгчийн туслахад өгөөгүй байна. Шүүгчийн туслах утсаар ярьсан тэмдэглэл хөтлөхдөө утасны дугаарын нэг цифрийг буруу бичсэн тухай тайлбартаа тусгасан.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлд заасан мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэгчийн тодорхойлсон хаяг, холбоо барих дугаараар явуулж, хариуцагчаас “...цахим хаяг өгнө” гэж хариу өгсөн ч ирүүлээгүй тул шүүгчийн туслах Ц.Б дахин 95... дугаараар холбогдож энэ тухай 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Шүүхийн мэдэгдэх хуудас баримт №3”-ыг хөтөлсөн тэмдэглэл хэргийн 40 дүгээр хуудсанд авагдсан. Уг тэмдэглэлд “...утас руу залгасан боловч ашиглалтад байхгүй байсан тул ... сумын ... багийн Засаг даргатай холбогдож тус багт оршин суудаг эсэх талаар лавлахад албан ёсоор шилжилт хийлгээгүй боловч хаягтаа сүүлийн 1 жил гаран оршин суугаагүй Албан тоот авуулъя” гэж тусгагдсан.
2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой дотоод зохион байгуулалт, шүүгчийн туслах Д.Т-аас шүүгчийн туслах Ц.Б-т хэрэг, нэхэмжлэл шилжүүлэх ажлууд хийгдсэнтэй холбоотой хугацаа алдаж, түүнд шүүгчээс хяналт тавих хяналтыг сулруулсандаа дүгнэлт хийж байна.
... сумын ... багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай албан бичгээр ирүүлсэн “иргэн П овогтой Г нь тус багт оршин суудаг хаягийн бүртгэлтэй боловч орон нутагтаа амьдардаггүй нь үнэн болно” гэсэн тодорхойлолтыг хүлээн авч, шүүх 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 304/ШЗ2025/... дүгээр шүүгчийн захирамжаар нотлох баримт шаардсан.
Уг ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.1 дэх хэсэгт заасны дагуу хийгдсэн бөгөөд шүүгчийн захирамжийг Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 304/АБ2025/00161 дугаартай албан бичгээр Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн.
Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14/28 дугаар албан бичгээр хаягийн лавлагааг гаргаж ирүүлсэн бөгөөд уг лавлагаанд П.Г-г “... аймаг, ..., ... баг, ...” гэсэн байнга оршин суух хаягтай талаар тусгасан бөгөөд иргэний бүртгэлийн дугаар бүхий цахим шуудангийн хаягийн мэдээлэл ирүүлээгүй болно.
Мөн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийн цахим шуудангийн хаягийг тодорхой тусгаагүй, хариуцагч эхний удаа шүүхээс холбогдоход шүүгчийн туслахад цахим хаягаа өгнө гээд өгөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.2, 754.3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулах боломжгүй байсан.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 304/ШЗ2025/00279 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчид хүргүүлсэн. Дээрх шүүгчийн захирамжид тус хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхтэйг дурдаж гаргахдаа эсрэг утга бүхий заалтаар бичиж техникийн алдаа гаргажээ.
Гомдол гаргагчаас маргаан бүхий шүүгчийн захирамжийг гардуулснаас хойш тус шүүхэд 124 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гаргасан шийдвэрээ хянаж өөрчлөлт оруулах тухай хүсэлт болон 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаагүй байна. Хэрэв нэхэмжлэгч гомдол, хүсэлт гаргасан бол шүүгч алдаатай шийдвэртээ өөрчлөлт оруулах болон хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой байсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдахдаа гаргасан алдаагаа засах боломжийг хуульчилсан тул алдаатай захирамжид өөрчлөлт оруулсан шүүгчийн захирамж гаргасан болно.
Дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчийн нөлөөлөлд автаагүй, шүүгчид хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч “Х б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-с Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваад холбогдуулан “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагаа хийхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, ... захирамжид гомдол гаргах хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж хэргийн оролцогч гомдол гаргах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг зөрчсөн ...” гэж өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ГЗҮ/2025/0024 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Нэг. “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагаа хийхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ...” гэх тухайд;
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “Х б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-с иргэн П.Г-д холбогдуулан “9,025,584.2 төгрөг гаргуулах” тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.1-д заасан нэхэмжлэлийг Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх /хуучин нэршлээр/-д гаргасныг шүүгч П.Хишигдаваа хүлээн авч, шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 132/ШЗ2025/... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т “Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ ...”, 754 дүгээр зүйлийн 754.1-д “Шүүх энэ хуулийн 77.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ.” гэж заасан.
Шүүгчийн туслах Д.Т 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчтай утсаар холбогдоход хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа тул нэхэмжлэлийг цахимаар гардаж авах талаар хэлсэн боловч цахим шуудангийн хаягаа ирүүлээгүй байх бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүгчийн туслах Ц.Б хариуцагчтай дахин утсаар холбогдох гэсэн ч хариуцагчийн гар утасны дугаар ашиглалтад байхгүй болсон тул нэхэмжлэлд заасан хаягийн багийн Засаг даргатай холбогдсон байна.
Харин багийн Засаг даргаас хариуцагч П.Г-г бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй талаар хэлж, үүнийг тодорхойлсон албан бичгийг шүүхэд ирүүлснийг үндэслэн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 304/ШЗ2025/... дүгээр захирамжаар хариуцагчийн албан ёсны хаягийн лавлагааг гаргуулахаар Улсын бүртгэлийн хэлтэст даалгажээ.
Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14/28 дугаар албан бичгээр хариуцагчийн хаягийг “... аймаг, ... сум, ... баг, ...” гэж ирүүлсэн нь багийн Засаг даргаас ирүүлсэн албан бичигт дурдсан хариуцагчийн оршин суудаггүй хаягтай давхцаж байсан тул шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 304/ШЗ2025/... дүгээр захирамжаар “хариуцагчийн хаяг тодорхойгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Үүнийг илтгэгч гишүүн “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дугаар зүйлийн 754.1 дэх хэсэгт “...иргэний ...албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ” гэж зааснаас бус цахим шуудангийн лавлагааг авна гэж хуульчлаагүй байна. Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн байгууллагаас оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлэхдээ цахим шуудангийн талаарх мэдээллийг ирүүлээгүй тул цахим шуудангаар нэхэмжлэлийн хувь гардуулах ажиллагааг явуулах боломжгүй байсан ...” гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэлтэй байна.
Тодруулбал, улсын бүртгэлийн байгууллагаас хариуцагчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлэхдээ цахим шуудангийн талаарх мэдээллийг ирүүлээгүй, шүүгчийн туслахад цахим шуудангийн хаягаа өгөөгүй, нэхэмжлэгч хариуцагчийн цахим шуудангийн хаягийг дурдаагүй зэргээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаар нэхэмжлэлийг хүргүүлэх ажиллагааг хийгээгүй гэж буруутгах боломжгүй.
Гэвч шүүгчийн туслах Д.Т нь хариуцагчаас цахим хаягаа ирүүлэхийг хүлээн, хугацаа алдсан байх боловч энэ нь Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд заасан шүүгчийн туслахын чиг үүрэгт хамаарах асуудал байх тул энэ үндэслэлээр шүүгчийг буруутгахгүй.
Харин шүүгч П.Хишигдаваа нь цаашид шүүгчийн туслахын ажиллагаанд хяналт тавьж, бага үнийн дүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг богино хугацаанд шийдвэрлэх, тусгайлсан журмаар хэргийг шийдвэрлэх хуулийн зорилгод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нийцүүлэхэд анхаарах, мөн иргэний бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар нэхэмжлэлийг хүргүүлэх ажиллагааг хийх боломжийг судлан үзэж, энэ талаарх хуульд заасан журмыг чанд мөрдөн ажиллах нь зүйтэй байна.
Хоёр. “... захирамжид гомдол гаргах хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж хэргийн оролцогч гомдол гаргах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан ...” гэх тухайд;
Шүүгч П.Хишигдаваа нь тус иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдож байна гэж үзээд 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 304/ШЗ2025/... дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгохдоо гомдол гаргах эрхгүй болохыг дурджээ.
Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, ...заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно...”, 170 дугаар зүйлийн 170.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ...65.1.1-65.1.8, 65.1.10, ...117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй талаар заасан хуулийн заалтыг зөрчсөн байна.
Харин шүүгч П.Хишигдаваа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэг болон тус заалтын “... “илтэд үндэслэл муутай” гэдгийг шүүгч, хэргийн оролцогч, өөр хэн ч үзсэн бодит үнэнд нийцээгүй, үг, үсэг, тоо, тооцооны алдаатай зэрэг байдлыг ойлгож болно” гэж тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбарт нийцүүлэн, шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 304/ШЗ2025/... дугаар захирамжаар өөрийн гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 304/ШЗ2025/... дүгээр захирамжийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчид гомдол гаргах эрхийг олгосон, мөн тус техникийн шинжтэй алдааг шүүгчийн туслах Ц.Б гаргасан болох нь шалгах ажиллагааны хүрээнд тус тус тогтоогдсон байх тул илтгэгч гишүүний “... шүүгч нь өөрийн алдаатай гаргасан захирамжаа залруулан, нэхэмжлэгчид гомдол гаргах эрхийг олгож зөвтгөсөн байх тул түүнийг “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэж дүгнээгүй ...” гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн, шүүгч П.Хишигдаваа нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдож, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх онцгой бүрэн эрхтэй субьект болохынхоо хувьд шүүгчийн албан үүргээ гүйцэтгэх ур чадварт анхаарах, мөн шүүгчийн туслахын алдаанууд нь шүүх байгууллагад итгэх иргэдийн итгэл алдагдах, шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хүндрэл учрах, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зэрэг олон үр дагавартай тул алдаа дутагдал гарахаас шүүхийн Тамгын газар болон шүүгч нар байнга урьдчилан сэргийлж ажиллавал зохино.
Иймд илтгэгч гишүүнээс Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2025/0033 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваад холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
О.НОМУУЛИН