
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-05-13
Дугаар 65
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн О.Номуулин, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, холбогдох шүүгч И.Амартөгс, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Т.Энхжаргал, Д.Янжиндулам нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/39 тушаалаар шүүгч Д.Янжиндуламд, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/146 тоот тушаалаар шүүгч Т.Энхжаргалд хүүхэд асрах чөлөө тус тус олгосон байна.
Шүүгч Т.Энхжаргал, Д.Янжиндулам нарын хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаагүй байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-т “Хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй...” гэж заасны дагуу ажилдаа эргэж орох хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан байна.
Нэр бүхий шүүгч нарын харьяалан ажиллах шүүх болох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 191/ЗТ2025/..... дугаар “Шүүгч Т.Энхжаргал, Д.Янжиндулам нарт нэхэмжлэл хуваарилах тухай” тогтоолоор шийдвэрлэжээ.
Уг тогтоолд холбогдох шүүгчдийн гаргасан “... хүүхэд нэг нас хүрээгүй тул шинээр ирж байгаа нэхэмжлэлийг нэг тойрог алгасаж хуваарилуулах тухай” хүсэлтийг үндэслэн, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд шинээр ирж буй нэхэмжлэлийг нэг тойрог алгасаж хуваарилах, бусад хэрэг, гомдол, хүсэлтийг “Хэрэг нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-д заасны дагуу хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Шүүгчдийн зөвлөгөөнд ерөнхий шүүгч товлон зарлах, хуралдуулах, удирдах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах үүрэгтэй оролцдог бөгөөд давуу эрх эдэлдэггүй. Иймд тус шүүхийн шүүгчид хамтын зарчмаар хэлэлцэж, олонхын саналаар гаргасан шийдвэрт Ерөнхий шүүгчийг буруутгах боломжгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т заасны дагуу Нийт шүүгчдийн чуулганы 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ыг баталсан бөгөөд шүүх бүр өөрийн нарийвчилсан журмыг тус нийтлэг журамд нийцүүлэн батлан, мөрдөж ажилладаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргасан хуваарийн дагуу шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилдаг хуулийн зохицуулалттай.
Хуулийн дээрх зохицуулалтад нийцүүлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар Зөвлөгөөний тогтоолоор тус шүүхэд мөрдөх журмыг баталсан байна.
Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт “Зөвлөгөөн ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байх бөгөөд ээлжит зөвлөгөөнийг улиралд нэгээс доошгүй удаа, ээлжит бус зөвлөгөөнийг тухайн шүүхийн шүүгчдийн гуравны нэг, эсхүл танхим, эсхүл Ерөнхий шүүгчийн саналаар хуралдуулна”, 19.8 дахь хэсэгт “Тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуулийн 19.2-т заасан асуудлыг Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд дээрх журмын дагуу шийдвэрлэсэн үйл баримт нь хуульд нийцсэн байх тул шүүгч, Ерөнхий шүүгч сахилгын зөрчил гаргаагүй байна.
Монгол улсын иргэн хэн боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэж заасны дагуу иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх эрхтэй.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлд “... ажилтны хүсэлтээр хүүхэд хөхүүлэх, асрах завсарлагыг ажлын цагийг богиносгох хэлбэрээр олгож болно”, “хүүхэд хөхүүлэх, асрах нэмэлт завсарлагыг ажилласан цагт тооцож ажилтанд олговор олгоно.”, мөн хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1 дэх хэсэгт “Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ, эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болно.” гэж тус тус заасан байна.
Энэхүү үндсэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийн үндсэн дээр шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлж, албан тушаалын цалин авч байх тул шүүгч Т.Энхжаргал, Д.Янжиндулам нарыг өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Дээрхийг нэгтгэн дүгнэхэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс, тус шүүхийн шүүгч Т.Энхжаргал, Д.Янжиндулам нарт Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гараагүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Холбогдох шүүгч нар тайлбартаа “...1. Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Нийт шүүгчийн чуулганы 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталж, 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан "Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам"-ыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн хуралдаж, "Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам"-ыг баталсан.
Уг журмын 2.3-т "Ерөнхий шүүгчид ажил үүргийн хуваарь, ачааллыг харгалзан нэхэмжлэлийг 2 /хоёр/ тойрог алгасаж "системээс санамсаргүй" хуваарилна. Ерөнхий шүүгчийн ажлын ачаалал ихэссэнтэй холбогдуулан энэ зүйлд зааснаас өөрөөр нэхэмжлэл хуваарилах эсэхийг тухай бүр шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэж болно" гэж зааснаар энэхүү журмыг шүүгчдийн зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонх дэмжиж баталсан.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д "Тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуулийн 19.2-т заасан асуудлыг Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана" гэж заажээ.
Ийнхүү журам батлахдаа Ерөнхий шүүгчийн хувьд бусад шүүгч нартаа аливаа ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй, өөртөө давуу байдал үүсгээгүй, энэхүү журам нь дан ганц Ерөнхий шүүгчид хамааралтай бус бусад бүх шүүгч нарт хамааралтай, өдөр тутмын шүүн таслах ажиллагаандаа дагаж мөрдөх учиртай журам бөгөөд шүүгчдийн зөвлөгөөний бүрэн эрхийн асуудал юм.
Харин ч Ерөнхий шүүгчийн ажлын ачааллаас хамааран нэхэмжлэлийг 3 тойрог алгасуулах саналыг Ерөнхий шүүгчийн хувьд гаргасан боловч энэ санал дэмжигдээгүй, 2 тойрог алгасахаар шийдвэрлэсэн.
Ерөнхий шүүгчийн ажлын ачааллаас хамаарч нэхэмжлэл хуваарилах асуудлыг дээрх байдлаар шийдвэрлүүлсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т "Ерөнхий шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцохдоо давуу эрх эдлэхгүй" гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй байна.
Нийт шүүгчийн чуулганы "Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам"-ын 2.10-т "Хуульд заасан болон шүүгч удаан хугацаагаар өвчтэй, чөлөөтэй, хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагаас бусад тохиолдолд шүүгчид хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг алгасаж хуваарилахгүй" гэж зохицуулсан боловч уг журмын 1.5-д "Шүүгчдийн зөвлөгөөнөөс энэхүү журамд нийцүүлэн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батална.", 2.9-д "Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээж авах хуваарь, бүртгэлийн үйл ажиллагаа зэрэг асуудлыг тухайн шүүхийн нарийвчилсан журмаар зохицуулна.", 4.3-т "Шүүгч нарын тоо нэмэгдэх, хасагдах болон хэрэг, нэхэмжлэл хуваарилах явцад энэ журмаар зохицуулагдаагүй асуудлууд гарвал тухай бүрд нь шүүгчдийн ээлжит бус зөвлөгөөнийг зарлан хуралдуулж шийдвэрлэнэ." гэж заажээ.
Дээрх журмын дагуу тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан нарийвчилсан журмын 2.3, 3.9, 8.4-т Ерөнхий шүүгчид ажил үүргийн хуваарь, ачааллыг харгалзан алгасаж хуваарилахыг, хуульд заасан үндэслэлээр удаан хугацаагаар эзгүй байгаа шүүгч ажилдаа эргэн ороход ачааллыг тэнцвэржүүлэх зарчим баримтлан нэхэмжлэл, хэрэг хуваарилж болох бөгөөд энэ журмаар зохицуулагдаагүй, тодорхойгүй асуудлыг тухай бүрд нь шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэх зохицуулалтыг шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэсэн ба ерөнхий шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцохдоо өөртөө болон бусдад давуу байдал олгоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн, тус шүүхийн шүүгчдийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зөвлөгөөнөөр Шүүх байгуулах тухай хуулийн дагуу тус тойргийн шүүх байгуулагдсанаар 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар шүүгч тус бүрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа үлдэгдэл хэрэг, нэхэмжлэлийн тоо харилцан адилгүй, дунджаар нэг шүүгчид ногдох үлдэгдэл хэрэг, нэхэмжлэл 118 байгааг харгалзан ачааллыг тэнцвэржүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд Нийт шүүгчийн чуулганаар баталсан нийтлэг журам, Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журмыг үндэслэн дундаж хэрэг нь 118-аас бага байгаа шүүгч нарт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн системээс санамсаргүйгээр нэхэмжлэл хуваарилахаар 191/ЗТ2025/... дугаар тогтоол гарсан бөгөөд энэхүү тогтоолын дагуу Ерөнхий шүүгч И.Амартөгс надад 70 нэхэмжлэл шинээр хуваарилагдсаныг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан ажиллаж байна.
Мөн тус шүүхийн шүүгч Ц-т богино хугацааны чөлөө олгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа 190 хэрэг, 3 нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчдийн 2025 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн 191/ЗТ2025/..... дугаар зөвлөгөөний тогтоол, шүүгч З жирэмсний болон амаржсаны амралт авснаар түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа 66 хэргийг шүүгчдийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 191/ЗТ2025/.... дугаар зөвлөгөөний тогтоолоор адил тэнцүү байх зарчмаар сугалаагаар шүүгч нарын нэрсийг байршуулж хэрэг, нэхэмжлэлийг тойрог гүйцээх зарчмын дагуу хуваарилсан бөгөөд Ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Т.Энхжаргал, шүүгч Д.Янжиндулам бид нарт тойргийн нэрсийн дарааллын дагуу адил тэнцүү хэрэг, нэхэмжлэл хуваарилагдсаныг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулан ажиллаж байна.
2. Шүүгч Т.Энхжаргал, Д.Янжиндулам бид хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаагүй байсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-т зааснаар ажилдаа орох хүсэлтээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт бичгээр гаргаснаар 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс ажилдаа орж, мөн өдөр тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журамд заасны дагуу өөрсдийн хүсэлт, саналыг гаргаж, шийдвэрлүүлсэн.
Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журмын 3.9-д "Хуульд заасан үндэслэлээр удаан хугацаагаар эзгүй байгаа шүүгч ажилдаа эргэн ороход ачааллыг тэнцвэржүүлэх зарчим баримтлан нэхэмжлэл, хэрэг хуваарилж болно. Хэрэг хуваарилах тохиолдолд сугалааны аргыг хэрэглэж болох ба ажилдаа эргэн орж байгаа шүүгчийг өөрийг нь байлцуулан нарийвчилсан аргачлалыг шийдвэрлэнэ", 8.4-т "Энэ журмаар зохицуулагдаагүй, тодорхойгүй асуудлыг тухай бүрд нь шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэн, холбогдох зохицуулалтыг журамд тусгаж шийдвэрлэнэ" гэж тус тус заажээ.
Бид Хөдөлмөрийн тухай хууль, Шүүхийн тухай хуульд зааснаар хүүхэд асрах чөлөөгөө авч, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1, 136.2, 139 дүгээр зүйлийн 139.2, 139.3, 140 дүгээр зүйлийн 140.1-д тус тус заасан зохицуулалтад нийцүүлэн дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.9, 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар өөрсдийнхөө ар гэрийн нөхцөл байдлыг тайлбарлан танилцуулж, "Хүүхэд нэг нас хүрээгүй тул шинээр ирж байгаа нэхэмжлэлийг 1 /нэг/ тойрог алгасаж хуваарилуулах тухай" хүсэлтийг Шүүгчдийн зөвлөгөөнд гаргаж, зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонх дэмжиж, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд шинээр ирж буй нэхэмжлэлийг 1 тойрог алгасаж хуваарилахаар шийдвэрлэсэн боловч бусад хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол хүсэлт, шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гарснаар хуваарилагдсан хэрэг, нэхэмжлэлийг шүүгчдийн зөвлөгөөнөөр сугалсан шүүгчдийн нэрсийн дарааллын дагуу тойргоор хүлээн авч, томилогдсон шүүх бүрэлдэхүүнд оролцож шүүн таслах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэн, ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэн ажиллаж байна.
Шүүгч Т.Энхжаргал миний хүү Х нь дээрх хүсэлтийг гаргах үед 6 сар хүрч байсан, одоо 8 сар хүрэх гэж байгаа, шүүгч Д.Янжиндулам миний охин М хүсэлт гаргах үед нэг ой хүрээгүй байсан, одоо нэг ой, нэг сар хүрч байна.
Хөдөлмөрийн тухай хуульд хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулна, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ, эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болно, ажилтны хүсэлтээр хүүхэд хөхүүлэх, асрах завсарлагыг ажлын цагийг богиносгох хэлбэрээр олгож болно, хүүхэд хөхүүлэх, асрах нэмэлт завсарлагыг ажилласан цагт тооцож ажилтанд олговор олгоно гэж зохицуулсан.
Дээрх зохицуулалтаас үзвэл гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ, эсхүл зайнаас гүйцэтгэж болохоор, мөн ажлын цагийг богиносгосон хэлбэрээр ч ажиллахаар байх боловч бид шүүн таслах ажиллагааг тасалдуулахгүй байх үүргийнхээ хүрээнд ажил үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн зэрэгцээ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.24-т "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан ажлаа удаа дараа таслах" гэж заасан зөрчлийг гаргаагүй, мөн зүйлийн 50.1.1-д "албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох" гэж заасан зөрчлийг гаргаагүй буюу Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу цалингаа 100 хувь авч байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т "Хүүхэд хөхүүлэх, асрах нэмэлт завсарлагыг ажилласан цагт тооцож ажилтанд олговор олгоно" гэж заажээ.
Иймд Ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Д.Янжиндулам, шүүгч Т.Энхжаргал бид албан үүргээ гүйцэтгэхдээ өргөдөл, мэдээлэлд дурдсанчлан хууль зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргаагүй, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй, өөрсдөдөө давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй гэж үзэж байна. Дурдсан үндэслэлүүдээр Ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Д.Янжиндулам, шүүгч Т.Энхжаргал бидэнд үүсгэсэн сахилгын хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Б-оос Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Т.Энхжаргал, Д.Янжиндулам нарт холбогдуулан гаргасан мэдээллийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ГЗҮ/2025/0036 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ГС/2025/0048 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргажээ.
1. Мэдээлэл гаргагчаас шүүгч Т.Энхжаргал, Д.Янжиндулам нарт холбогдуулан “...хоёр шүүгч 2025 оны 02 дугаар сарын 06-наас хэрэг, нэхэмжлэл авахдаа “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүний сугалаагаар томилох нийтлэг журам”-ын ачаалал тэнцвэржүүлэх зарчмыг зөрчсөн. Мөн журмын 2.10-т заасан “Хуульд заасан болон шүүгч удаан хугацаагаар өвчтэй, чөлөөтэй, хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагаас бусад тохиолдолд шүүгчид хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг алгасаж хуваарилахгүй” гэх заалтыг, өөрийн шүүхийн баталсан хэрэг, нэхэмжлэл хуваарилах журмыг зөрчиж 1 тойрог алгасаж байгаа нь Шүүхийн тухай хуулийн 50.1.1-т “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэсний дагуу өөртөө давуу байдал эдэлж, хэрэг шийдэхгүй, улмаар цөөн хэрэг шийдэх, цалингаа бүтэн авах зорилготой ажилдаа орсныг нь шалгаж өгнө үү. ...шүүгч нар нэг тойрог алгасаж нэхэмжлэл авч ажлынхаа 0-50 хувийг хийж байгаа тул хийсэн ажилдаа тохирсон цалин авч байгаа эсэх, ..ачаалал тэнцвэржүүлж хэрэг нэхэмжлэл хуваарилаагүйгээс 2025 оны 02 дугаар сарын 06-аас хойш хэрэг шийдэхгүй, ажлын цагаар 2-3 цаг ажиллаж байгаа нь Шүүхийн тухай хуулийн 50.1.24-т заасныг зөрчиж байгаа эсэхийг шалгаж өгнө үү” гэх агуулга бүхий мэдээллийг гаргасан байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/... дүгээр тушаалаар шүүгч Д.Янжиндуламд, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/... дугаар тушаалаар шүүгч Т.Энхжаргалд хүүхэд асрах чөлөө олгосон байна. Шүүгч Д.Янжиндулам, Т.Энхжаргал нараас 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс ажилдаа эргэн орох хүсэлтийг өөрийн харьяалан ажиллах Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт гаргажээ.
2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс ажилдаа орох болсонтой холбогдуулан шүүгч Т.Энхжаргал, Д.Янжиндулам нараас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд “хүүхэд нэг нас хүрээгүй тул шинээр ирж байгаа нэхэмжлэлийг 1 /нэг/ тойрог алгасаж хуваарилуулах тухай” хүсэлтийг гаргасан байна.
Тус хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд хүлээн авч, тухайн шүүхээс баталсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 3.9, 8.4-т заасны дагуу шүүгч нарт 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд шинээр ирж буй нэхэмжлэлийг 1 тойрог алгасаж хуваарилахаар тус өдрийн 191/ЗТ2025/..... дугаар тогтоолоор шийдвэрлэжээ.
Нийт шүүгчдийн чуулганаар баталсан "Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам"-ын 2.10-т "Хуульд заасан болон шүүгч удаан хугацаагаар өвчтэй, чөлөөтэй, хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагаас бусад тохиолдолд шүүгчид хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг алгасаж хуваарилахгүй" гэж зохицуулсан боловч тус журмын 4.3-т "Шүүгч нарын тоо нэмэгдэх, хасагдах болон хэрэг, нэхэмжлэл хуваарилах явцад энэ журмаар зохицуулагдаагүй асуудлууд гарвал тухай бүрд нь шүүгчдийн ээлжит бус зөвлөгөөнийг зарлан хуралдуулж шийдвэрлэнэ." гэж заасны дагуу шүүгчдийн ээлжит бус зөвлөгөөнөөр ажлын зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж, бага насны хүүхэдтэй шүүгч нарт 6 сарын хугацаанд нэхэмжлэлийг 1 тойрог алгасаж хуваарилахыг зөвлөгөөнд оролцсон шүүгч нарын олонхын саналаар дэмжин шийдвэрлэсэн нь журам зөрчөөгүй.
Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “Зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ”, 19.2.1-т “тодорхой хэрэг, маргаан хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн дотоод ажлын зохион байгуулалт...”, 19.8 дахь хэсэгт “Тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуулийн 19.2-т заасан асуудлыг Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж заасанд нийцсэн байх тул шүүгч нарыг дээрх мэдээллээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт “Амрах, хооллох завсарлагаас гадна хүүхдээ хөхүүлэх, асрахад зориулан ...зургаан сараас нэг хүртэлх насны хүүхэдтэй эхэд нэг цагийн завсарлага нэмж олгоно. Ажилтны хүсэлтээр хүүхэд хөхүүлэх, асрах завсарлагыг ажлын цагийг богиносгох хэлбэрээр олгож болно.”, 136.2 дахь хэсэгт “Хүүхэд хөхүүлэх, асрах нэмэлт завсарлагыг ажилласан цагт тооцож ажилтанд олговор олгоно”, 140 дүгээр зүйлийн 140.1 дэх хэсэгт “Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ, эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болно” гэж заасан байдаг.
Холбогдох шүүгч нар тайлбартаа “...гурав хүртэл насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ, эсхүл зайнаас гүйцэтгэж болохоор, мөн ажлын цагийг богиносгосон хэлбэрээр ч ажиллахаар байх боловч бид шүүн таслах ажиллагааг тасалдуулахгүй байх үүргийнхээ хүрээнд ажил үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн зэрэгцээ Шүүхийн тухай хуулийн 50.1.24-т заасан зөрчил гаргаагүй, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу цалингаа 100 хувь авч байна” гэх тайлбарыг болон холбогдох баримтыг сахилгын хэрэгт хавсаргажээ.
Дээрх тайлбар, холбогдох баримтуудаар шүүгч нар нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, шүүн таслах ажиллагааг тасралтгүй явуулж байсан гэж үзэх тул шүүгч нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.24-т заасныг зөрчөөгүй байна.
2. Мэдээлэл гаргагч Ерөнхий шүүгч И.Амартөгсөд холбогдуулан “...Ерөнхий шүүгч 2025 оны 01 сард бусад шүүгч нарт ачааллыг тэнцвэржүүлж хэрэг, нэхэмжлэл хуваарилсан байж, тус хоёр шүүгчид хэрэг, нэхэмжлэл өгөхгүйгээр барахгүй, 1 тойрог алгасуулж хуваарилах, өөрөө 2 тойрог алгасах саналыг өөрөө гаргаж, өөрөө дэмжиж, олонх шүүгч нартаа нөлөөлж шийдвэрлүүлсэн. Шүүхийн тухай хуулийн 50.1.1-д албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох гэснийг зөрчиж, өөртөө болон дээрх хоёр шүүгчид давуу байдал эдлүүлж байгааг шалгаж өгнө үү” гэжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-т заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ыг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан байна.
Тус журмын 2.3-т “Ерөнхий шүүгчид ажил үүргийн хуваарь, ачааллыг харгалзан нэхэмжлэлийг 2 /хоёр/ тойрог алгасаж системээс санамсаргүй хуваарилна. Ерөнхий шүүгчийн ажлын ачаалал ихэссэнтэй холбогдуулан энэ зүйлд зааснаас өөрөөр нэхэмжлэл хуваарилах эсэхийг тухай бүр шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэж болно” гэж заажээ.
Дээр дурдсанчлан нийт шүүгчдийн чуулганаас баталсан журамд хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагаас бусад тохиолдолд шүүгчид хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг алгасаж хуваарилахгүй гэж зохицуулсан хэдий ч журмын 4.3-т заасны дагуу тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөрөө Ерөнхий шүүгчид нэхэмжлэл алгасаж хуваарилах асуудлыг хэлэлцэж, журамдаа тусгасан нь Ерөнхий шүүгч И.Амартөгсийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэгт “Тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуулийн 19.2-т заасан асуудлыг Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж зааснаар Ерөнхий шүүгчид шинээр ирж байгаа нэхэмжлэлийг 2 /хоёр/ тойрог алгасаж хуваарилах заалтыг олонхын саналаар дэмжин тогтоолоор баталсан байх ба шүүгчдийн зөвлөгөөний тэмдэглэлээс үзвэл Ерөнхий шүүгч бусад шүүгч нартаа нөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Түүнчлэн бага насны хүүхэдтэй шүүгч нарт 6 сарын хугацаанд нэхэмжлэлийг тойрогт 1 /нэг/ алгасаж хуваарилах шийдвэрийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж тогтоол гарсан тул энэ асуудлаар Ерөнхий шүүгчийг шүүгч Д.Янжиндулам, Т.Энхжаргал нарт давуу байдал үүсгэсэн гэж үзэхгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Т.Энхжаргал, Д.Янжиндулам нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ГС/2025/0048 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Т.Энхжаргал, Д.Янжиндулам нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН О.НОМУУЛИН
Х.ХАШБААТАР