
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-05-20
Дугаар 70
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй
Тус хуралдаанаар Ч.А-гийн өргөдлөөр, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Алтанжигүүрт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн О.Номуулины илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ГС/2025/0050 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналдаа:
“... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболорын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/.... дүгээр захирамжаар яллагдагч Х.Г-ыг шүүхэд шилжүүлж, тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/.... дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэнд шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан байх ба Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ДШМ/.... дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболорын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/... дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 10 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлож, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/.... дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан, шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/... дугаар захирамжаар шүүх хуралдааныг 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт товлож, тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/.... дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг шүүгдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ДШМ/... дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ЕШЗ/... дугаар захирамжаар Х.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Алтанжигүүрийг томилсныг албажуулсан, шүүгч Д.Алтанжигүүр 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/1396 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаасан, тус захирамжид хяналтын прокурор эсэргүүцэл гаргасныг давж заалдах шатны шүүх хянаад 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ДШМ/... дугаар магадлалаар захирамжийг хүчингүй болгосон,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ЕШЗ/.... дугаар захирамжаар Х.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Алтанжигүүрийг томилсныг албажуулсан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 153 дугаар захирамжаар Зам, тээврийн яамыг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлт ирэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан, Зам, тээврийн яамны 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 05/... дүгээр албан бичгээр “шинжээчээр ажиллах албан хаагч байхгүй” болохыг мэдэгдсэн тул дахин 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/.... дүгээр шүүгчийн захирамжаар Шинжлэх ухаан, технологийн Их сургуулийн харьяа Механик, тээврийн сургууль болон Тээврийн цагдаагийн албыг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлт ирэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан үйл баримт тогтоогдоно.
Дээрх эрүүгийн хэргийн хохирогч Ч.А нь шүүгч Д.Алтанжигүүрт холбогдуулан өргөдөл гаргаж, үндэслэлээ “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/.... дүгээр шүүгчийн захирамжаар шинжээч томилж, шүүх хуралдааныг хойшлуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна...” гэж заасныг зөрчсөн, энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчилд хамаарна” гэх агуулгаар тодорхойлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1-д “Шүүх дараах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж болно”: 1.2 “шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх, туршилт хийх, газар, орон байранд үзлэг хийхийг талууд харилцан зөвшөөрсөн”, 5-д “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ДШМ/.... дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгохдоо “...Мөрдөгчийн магадалгааг яллагдагч, түүний өмгөөлөгчөөс үл зөвшөөрч шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, зөвхөн мөрдөгчийн магадалгааг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлд хамаарч байна...” гэж дүгнэжээ.
Улмаар шүүгч Б.Батболор хэргийг хүлээж аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.2, 5-д заасныг баримтлан шинжээч томилж, дүгнэлт гарах хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн №202408/.... дугаартай шинжээчийн дүгнэлт ирсэн, тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/.... дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Г-ыг гэм буруутайд тооцож, торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ “...шинжээчийн дүгнэлт гаргах хуульд заасан шаардлага хангасан эсэхийг тогтоох боломжгүй байх тул шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хүрээнд үнэлээгүй болно” гэж дүгнэсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ДШМ/.... дүгээр магадлалаар “...анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн өмнөх магадлалд заасан ажиллагааг хуульд нийцүүлэн хийж, хуульд заасан шаардлага хангасан шинжээчийн дүгнэлт гаргасны дараа тухайн нотлох баримтыг үнэлэх эсэх асуудлаа хууль зүйн шалгуурын хүрээнд дүгнэх нь зүйтэй” гэж дүгнээд шийтгэх тогтоолыг дахин хүчингүй болгосон байна.
Иймд шүүгч Д.Алтанжигүүрийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/.... дүгээр захирамжаар Шинжлэх ухаан, технологийн Их сургуулийн харьяа Механик, тээврийн сургууль болон Тээврийн цагдаагийн албыг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлт ирэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.” гэж заасантай нийцжээ.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1-д “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана”, 27.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.”, 27.8 дугаар зүйлийн 1-д “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэж тус тус заасан байх ба хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэж шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/.... дүгээр захирамжаар шинжээч томилсон байх тул өргөдлийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна...” гэж заасныг зөрчсөн” гэх үндэслэл үгүйсгэгдэнэ.
Нөгөөтээгүүр, шүүгч Д.Алтанжигүүрийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Хэргийг прокурорт буцаах тухай” 2024/ШЗ/... дугаар захирамжийг прокурорын эсэргүүцлээр хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ДШМ/.... дугаар магадлалд “...шүүх хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ...6 дахь хэсэгт ...тус тус заасны дагуу уг ажиллагааг хийлгэх боломжтой байна” гэж дүгнэсэн байх ба уг эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шинжээчийн дүгнэлт шаардлагатай гэх үндэслэлээр дээд шатны шүүхээс нь удаа дараа шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдэж захирамж нь хүчин төгөлдөр байгаа, хуулийн зохицуулалт дутмаг энэ тохиолдолд нэр бүхий шүүгч нь шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэхдээ шүүх хуралдаан хойшлуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн гэж илтгэгч гишүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан нь тухайн заалт хэнд ч илэрхий ойлгомжтой маргаангүй байх, зөрчлийн хэр хэмжээ ноцтой, удаа дараа байх урьдач нөхцөл хангасан байхыг шаарддаг бөгөөд шүүгч Д.Алтанжигүүрийн дахин шинжээч томилж, шүүх хуралдааныг хойшлуулсан ажиллагааг дээр дурдсан үндэслэлээр “илт тодорхой хуулийн заалтыг зөрчсөн” гэж үзэх боломжгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав ...” гэжээ.
Шүүгч Д.Алтанжигүүр:
“... Шүүгдэгч Х.Г-д холбогдох эрүүгийн хэрэг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс тус шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ирж, Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системээс шүүгч надад хуваарилагдаж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны .... дугаар захирамжаар албажуулсан.
Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 05, 16-ны өдрүүдэд шүүх хуралдааныг товлосон боловч шүүгдэгчийн өмгөөлөгч өвчтэй, улсын яллагч ээлжийн амралттай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулж, шүүх хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр товлож, хуралдсан.
Уг шүүх хуралдаанд улсын яллагч П.И, хохирогч Ч.А, түүний өмгөөлөгч Д.Д, шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Б.Д нарыг оролцуулан нээлттэй явуулсан бөгөөд хуралдаан эхлэхэд шүүгдэгч Х.Г-ын өмгөөлөгч Б.Д-оос “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дараах хүсэлтийг гаргаж байна. Өнөөгийн байдлаар уг хэрэг анхан шатны шүүхээр 3 удаа, давж заалдах шатны шүүхээр 3 удаа хянагдсан бөгөөд гол маргаан нь шинжээчийн дүгнэлттэй холбоотой байсаар байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн .... дугаартай магадлалаар тодорхой үндэслэлийг дурдсан болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шинжээч томилж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргаж, шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын хариу тайлбар зэрэгт хууль зүйн дүгнэлт хийж хангаж шийдвэрлэсэн.
Ингэхдээ шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар буюу шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна гэсэн зүйл, заалтаар шүүх хуралдааныг хойшлуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана”, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.”, 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Х.Г-д холбогдох хэрэгт шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар шүүгчийн захирамж гаргасан.
Хохирогч Ч.А-гийн гомдолд дурдсан шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор нэг удаа хойшлуулна..." гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулаагүй, түүний Монгол Улсын Шүүхийн Сахилгын хороонд гаргасан гомдол үндэслэлгүй юм.
Шүүгч миний бие зөвхөн хуульд захирагдан, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг бөгөөд Ч.А-гийн гомдолд дурдсанаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор нэг удаа хойшлуулна...” гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулаагүй бөгөөд хууль бус шийдвэр гарган шүүгчийн нэр хүндийг унагасан, хуульд харш үйлдэл гаргаагүй болно.
Иймд Ч.Агийн гаргасан гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж өгнө үү ...” гэсэн тайлбар ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Ч.А-гаас, Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр нарт холбогдуулан өргөдөлд гаргасныг илтгэгч гишүүний 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ГЗҮ/2025/0025 дугаар захирамжаар, шүүгч Д.Алтанжигүүрт сахилгын хэрэг үүсгэж, харин шүүгч Н.Баярмаад холбогдуулан сахилгын хэрэг үүсгэхээс татгалзжээ.
Тус захирамжийг өргөдөл гаргагчид 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шуудангаар хүргүүлсэн, шүүгч Н.Баярмаад холбогдуулан сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийн холбогдох хэсэгт гомдол гаргаагүй байна.
Илтгэгч гишүүн хэргийг шалгаад, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
1. Сахилгын хэргийг хянавал дараах үйл баримт тогтоогдож байна.
- шүүгдэгч Х.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч Б.Батболорыг томилон албажуулсан,
- шүүгч Б.Батболорын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/.... дүгээр захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн,
- анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолоор, шүүгдэгч Х.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,
- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэж, 2023/ДШМ/.... дугаар магадлалаар “... мөрдөгчийн магадалгааг яллагдагч, түүний өмгөөлөгчөөс үл зөвшөөрч шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, зөвхөн мөрдөгчийн магадалгааг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ... үндэслэлд хамаарч байна ...” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон,
- үүний дараа, ерөнхий шүүгч Б.Батболорын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/.... дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээчийн дүгнэлт гаргуулахаар, шинжилгээг 2023 оны 12 дугаар сарын 27-ны дотор гаргаж ирүүлэхийг даалгаж, дүгнэлт гарах хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан,
- шинжээчийн дүгнэлт ирснээр, шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/.... дугаар захирамжаар шүүх хуралдааныг товлож, шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/.... дүгээр шийтгэх тогтоолд, “... шинжээч нараас дүгнэлтийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр буюу шүүгчийн захирамжид дурдсан хугацааг хэтрүүлсэн боловч ямар шалтгаанаар хэтрүүлсэн талаар албан бичгээр ирүүлээгүй, шинжээчийн дүгнэлт гаргах хуульд шаардлага хангасан эсэхийг тогтоох боломжгүй байх тул шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хүрээнд үнэлээгүй болно ...” гэж дурдан, уг шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан,
- энэ шийтгэх тогтоолыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж, 2024/ДШМ/.... дүгээр магадлалаар “... анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн өмнөх магадлалд заасан ажиллагааг хуульд нийцүүлэн хийж, ... шинжээчийн дүгнэлт гарсны дараа тухайн нотлох баримтыг үнэлэх эсэх асуудлаа хууль зүйн шалгуурын хүрээнд дүгнэх нь зүйтэй ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж заасныг зөрчиж гарсан байна ...” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон,
- хэрэг 2 дахь удаагаа анхан шатны шүүхэд буцаж, Ерөнхий шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ЕШЗ/.... дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Алтанжигүүрийг томилон албажуулж, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/... дугаар захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоосон,
- урьдчилсан хэлэлцүүлгийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/.... дугаар захирамжаар “... мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд ... өөр хоорондоо зөрүүтэй[1] байх бөгөөд ... дээрх мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлтийг өөр бүрэлдэхүүнтэй шинжээч дахин томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай ... шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд оролцсон прокурор, хохирогч, түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой гэх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор заасан бөгөөд нотлох баримтыг шүүх дээр биш мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан журмын дагуу цуглуулах, бэхжүүлэх шаардлагатай ...” гэж үзэж хэргийг прокурорт буцаасан,
- прокурорын эсэргүүцлээр Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэж, 2024/ДШМ/.... дугаар магадлалаар “... анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 909 дүгээр шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хүчин төгөлдөр шийдвэр байхад 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт ... заасныг зөрчсөн ...” гэж дүгнэж, захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2. Шүүгч Д.Алтанжигүүр шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоосон гол баримт болох өөр хоорондоо зөрүүтэй мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлтийг зөрүүг гаргах үүднээс,
- дээрх шийдвэрийг гаргасан боловч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдсэн байхад дахин урьдчилсан хуралдаан хийснийг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн,
- мөн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 153 дугаар захирамжаар Зам, тээврийн яамыг шинжилгээний байгууллагаар томилсон боловч Зам, тээврийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05/331 дүгээр албан бичгээр шинжээчээр ажиллах албан хаагч байхгүй гэсэн,
- шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/.... дүгээр захирамжаар “... шинжээч нарын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 202408/.. дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэх, үндэслэлгүй бол аль хэсэг, заалт нь шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлал, хууль ёсны ямар нотлох баримтад тулгуурласан үндэслэл, шалгуураар үндэслэлгүй болохыг тодорхой дүгнэх, жолооч Х.Г Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалт зөрчсөн эсэх, зөрчсөн бол ямар заалтыг, яаж зөрчсөн ...” гэх зэрэг асуулт асууж, Монгол Улсын Шинжлэн Ухаан, Технологийн Их сургуулийн харьяа Механик, Тээврийн сургууль болон Тээврийн Цагдаагийн албыг шинжээчээр томилсон ажиллагааг хийжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ”, мөн хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, ... эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж заажээ.
Давж заалдах шатны шүүхээс шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадалгааны зөрүүг арилгаж, нэг мөр болгож байж шүүгдэгч Х.Г-д холбогдох хэргийг хянан хэлэлцэх шаардлагатай талаар дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг 2 удаа хүчингүй болгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар дээд шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийхээр шинжээч томилон шүүх хуралдааныг хойшлуулсан шүүгчийн ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг нь зүйлчлэл хүндрэх, нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусар хязгаарласан талаар гаргасан гомдлыг шийдвэрлэхийн тулд шүүх хэргийг хянан хэлэлцэх ажиллагааг хойшлуулах ба энэ зохицуулалтаар дахин, нэмэлт шинжилгээ хийлгэх агуулга тусгагдаагүй.
Иймд шүүгч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардлагатай гэж үзэж, 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн шинжээч томилсныг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн шинжээч томилсон 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд, хохирогч Ч.А, түүний өмгөөлөгч Д.Д нар оролцсон, шинжээч томилуулах талаарх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д-ийн хүсэлтийг хэлэлцэхэд шинжилгээ шаардлагатай талаар мэтгэлцэх бүрэн боломжтой байсан болохыг дурдаж байна.
Шүүгч Д.Алтанжигүүр нь өргөдөлд дурдсанчлан хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байх тул сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ГС/2025/0050 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Алтанжигүүрт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Г.ЦАГААНЦООЖ