info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-22

Дугаар 76

Улаанбаатар хот

          Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Б.Т-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд:

“... Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Г.Ж- нь “Ө” ХХК-д холбогдуулан хууль бусаар нийтийн эзэмшлийн зам хаасан, үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, барилгын ажлыг саатуулснаас учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба тэрээр өргөдөлдөө “...2018.05.29-ний өдөр хяналтын тогтоол гарч, 2018.09.20-ний өдөр шүүгч Б.Т-т хуваарилагдсан...” гэжээ. Шүүгч хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Тодруулбал;

1. Нэхэмжлэгч шинжээч томилуулах хүсэлт гаргасан, шүүгчийн 2018.10.29-ний өдрийн ... дугаар захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

2. Түдгэлзүүлсэн шалтгаан арилсан тул шүүгчийн 2019.12.03-ний өдрийн ... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдаан товлосон, 2020.01.13-ний өдрийн ... дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

3. Шүүгчийн 2020.03.26-ний өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдаан товлосон.

4. Зохигчийн хүсэлтээр 2020.04.06, 2020.04.20, 2020.05.04, 2021.5.18, 2020.05.21, 2020.06.08, 2020.07.06, 2020.07.23, 2020.09.29-ний өдрийн шүүх хуралдааныг тус тус хойшлуулсан байна.

Шүүгчийн 2020.07.23-ний өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэгч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах хүсэлтийн заримыг хангаж, хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авсан.

Хариуцагч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан хэсэгт гомдол гаргасан, ... шүүхийн 2020.08.06-ний өдрийн ...  дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээхдээ “...шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа” гэж дүгнэжээ.

 

5. Зохигч хүсэлт гаргасан, шүүгчийн 2021.04.19, 2021.05.25, 2021.05.31, 2021.06.08, 2021.06.10, 2021.09.02, 2021.10.19, 2021.11.02-ны өдрийн захирамж, тогтоолоор шүүх хуралдааныг тус тус хойшлуулжээ.

Шүүгчийн 2021.05.31-ний өдрийн захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхиж, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр нэхэмжлэгчийн эд хөрөнгө буюу мөнгийг битүүмжлэх арга хэмжээ авсан ба 2021.06.10-ний өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, 2021.05.31-ны өдрийн 06101 дугаар захирамжаар авсан арга хэмжээг өөрчилж, сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэгчийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ авсан.

Нэхэмжлэгч мөн өдөр уг захирамжид гомдол гаргасныг ... шүүхийн 2021.07.22-ний өдрийн ... дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байна.

6. ... шүүхийн 2021.12.07-ний өдрийн ... дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т зааснаар шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх ба хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах, 105 дугаар зүйлийн 105.1-т шинэ нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ гэжээ.

Шүүгч хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг тухай бүр хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж байсан байх ба энэхүү ажиллагаа нь илт үндэслэлгүй, хууль зөрчсөн, хэргийн оролцогчид тэгш бус хандаж, нэхэмжлэгчид давуу эрх олгосон гэх байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн сахилгын хороо нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх, хянах, өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээ олгогдоогүй бөгөөд шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл гомдлыг хэрхэн шийдвэрлүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулсан, зохигчийн гаргасан гомдлын дагуу шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар тухайн шүүх дүгнэлт хийж шийдвэрлэж байжээ.

... шүүхийн шүүгчдийн 2021.01.21-ний өдрийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч нарын ээлжийн амралтын хуваарийг баталсан байх ба шүүгч Б.Т-ийн ээлжийн амралт 2021.06.11-ний өдрөөс эхлэхээр заасан, шүүгч ээлжийн амралттай байх хугацаанд захирамжид өөрчлөлт оруулсан гэх байдал тогтоогдоогүй болно.

Шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд сахилгын зөрчил гаргасан гэж үзэх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч зохигчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн байсан нь сахилгын зөрчилд хамаарахгүй болно.

Иймд шүүгч Б.Т-т үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

... шүүхийн шүүгч Б.Т- нь Г.Ж-ийн нэхэмжлэлтэй “Ө” ХХК-д холбогдох 793.342.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, барилга албадан буулгаж газар чөлөөлүүлэх, учирсан хохирол 796.471.880 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсантай нь холбогдуулан тус иргэний хэрэгт хариуцагчаар оролцсон “Ө” ХХК 2021.06.21-ний өдрийн 60/01 тоот албан бичгээр гомдол гаргажээ.

Гомдол гаргагчийн гомдол нь хэрэг буцаж ирснээс хойш 33 сар буюу 1100 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн, хэргийн оролцогч бүрд адил тэгш, ялгаваргүй хандах ёс зүйг баримтлах ёстой шүүгч Б.Т- нь Г.Ж-өд хэт үйлчилж, түүний эрх ашгийг хамгаалж, түүнд хэт давуу байдал олгож ялгаварласан, хуулийг илтэд өөрөөр нэхэмжлэгч талд ашигтайгаар хэрэглэсэн, манай хүсэлтийг хэрэгсэхгүй болгодог гэсэн утга агуулгатай гомдол гаргасан байна.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч 2018.10.29-ний өдөр шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, шинжээчийн дүгнэлт ирсэн тул 2019.12.03-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж,

2020.01.13-ны өдөр мөн шинжээч томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэж, 2020.03.26-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх хугацааг тоолдоггүй, зогсдог хуулийн зохицуулалттай, мөн энэхүү шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн үйл баримтыг шүүгчийн ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Харин уг захирамжийг эс зөвшөөрвөл хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан эсэхийг хянуулах боломжтой.

Шүүхийн сахилгын хороонд шүүгчийн захирамжийг хянах, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээ олгогдоогүй төдийгүй шүүгч хэнээс ч хараат бусаар хэрэг маргааныг гагцхүү хуульд захирагдаж шийдэх ёстой, ийм үүрэгтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа урт удаан хугацаанд үргэлжилсэн болох нь үнэн бөгөөд маргашгүй байх хэдий боловч энэ нь шүүгчийн санаатай, хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хэргийн оролцогч болох зохигч талуудын хүсэлтүүдээр шүүх хуралдааныг хойшлуулж байсан болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгч хуулийг илт илэрхий зөрчиж өөрийн үзэмж дур зоргоор санаагаар шүүх хуралдааныг хойшлуулж байсан гэх үйл баримт нотлогдож тогтоогдоогүй болно.

Шүүгч 2020.07.23-ний өдөр ...  дугаар захирамжаар нэхэмжлэгч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах хүсэлтийн заримыг хангаж, хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авч, уг захирамжид гомдол гаргасныг нь ... шүүхийн 2020.08.06-ний өдрийн ...  дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээхдээ “...шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа” гэж дүгнэсэн байх бөгөөд шүүгчийн захирамжийг хянах эрх бүхий субъектээс техникийн шинжтэй алдаа болохыг нэгэнтээ дүгнэжээ. Өөрөөр хэлбэл энэхүү алдааг зохих журмаар хянасан байх ба ёс зүйн болон сахилгын алдаа биш байна.

Шүүгч Б.Т- нь 2021.05.31-ний өдрийн захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхиж, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр нэхэмжлэгчийн эд хөрөнгө буюу мөнгийг битүүмжлэх арга хэмжээ авсан ба 2021.06.10-ний өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, 2021.05.31-ны өдрийн 06101 дугаар захирамжаар авсан арга хэмжээг өөрчилж, сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэгчийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ авч, уг захирамжид гомдол гаргасныг ... шүүхийн 2021.07.22-ний өдрийн 181/ШЗ2021/00197 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байна.

Шүүгч хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэснийг илт үндэслэлгүй, хууль зөрчсөн, хэргийн оролцогчид тэгш бус хандаж, нэхэмжлэгчид давуу эрх олгосон гэж үзэхгүй, тийм нөхцөл байдал сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа болно.

Иймд шүүгч Б.Т-т үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.... шүүхийн шүүгч Б.Т-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд оролцогч шүүгч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                               Б.СУГАР

                    ГИШҮҮН                                                     Д.ЭРДЭНЭЧУЛУУН

                                                                                Х.ХАШБААТАР