info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-04-24

Дугаар 60

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь

хэрэгсэхгүй болгох тухай

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу нарыг оролцуулан, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Бямбасүрэнд холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ГС/2025/0026 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:  “...Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл П.Г нь Х.Б-д холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2.600.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийг анхан шатны шүүхэд гаргаж, тус нэхэмжлэл шүүгч Б.Бямбасүрэнд хуваарилагдан, шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШЗ2024/... дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.

Улмаар нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, хариуцагч хариу тайлбартаа “тухайн нэхэмжлэлийн талаар урьд шүүхийн шийдвэр гарсан” талаар дурдаж Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2023/... дугаартай шийдвэрийг хавсаргасан.

Дээрх 142/ШШ2023/... дугаартай шүүхийн шийдвэрийг тус шүүхийн шүүгч Ц.Д гаргасан ба “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч П.Г-ийн 2.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэж байсан байна.

Шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШЗ2024/... дугаартай захирамжаар тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 16 цаг 30 минутад хянан хэлэлцэхээр тов тогтоож, Ерөнхий шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 142/ЕШЗ2024/... дугаартай захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэнг томилсон шийдвэрийг албажуулсан.

2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчаас эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, нэхэмжлэгч П.Г-ийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлээд “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан.

Нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэхийн агуулга нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалтай шууд холбоотой байдаг бөгөөд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдвол шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргах бүрэн эрхтэй тул энэхүү шийдвэрийг гаргасан шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т тус тус заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Харин тухайн шүүгчийн захирамж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн эсэхэд дээд шатны шүүхийн хяналт хэрэгждэг бөгөөд өргөдөл гаргагч нь давж заалдах гомдол гаргаагүй нь шалгах ажиллагааны явцад тогтоогдож байна.

Тус шийдвэрийг нэхэмжлэгчид 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гардуулсан байх ба шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул өргөдөлд дурдсан “одоо болтол ямар ч тогтоол шийдвэр өгөөгүй” гэх гомдол үгүйсгэгдэнэ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулаагүй ба өөрөө оролцсон тул өргөдлийн “итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж гэх хүнийг оролцуулан шударга бус шүүсэн” гэх гомдол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, өргөдөл гаргагч П.Г-ийн урьд гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Ж оролцсон бөгөөд энэ нь сүүлд гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан шүүгч Б.Бямбасүрэнд огт хамааралгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Б.Бямбасүрэн нь дээр дурдсан иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлсэн нь сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад тогтоогдож байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Шүүгч Б.Бямбасүрэн Сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“... 1. Нэхэмжлэгч П.Г-ийн гаргасан хариуцагч Х.Б-д холбогдох ажлын хөлс 2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл хэрэг хуваарилах журмын дагуу 2024 оны 04 сарын 23-ны өдөр шүүгч Б.Бямбасүрэн надад хуварилагдсан байна.

2. Нэхэмжлэлийг шүүх хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 142/Ш32024/... дугаартай захирамжаар Иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагч Х.Б-д 2024 оны 04 сарын 30-ны өдөр гардуулан өгсөн. Нэхэмжлэгч хариуцагч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх, эрх үүргийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулсан байна /х.9-10/

3. Шүүгчийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 142/ШЗ2024/... дугаартай захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 05 сарын 29-ний өдрийн 16 цаг 30 минутанд хийхээр товложээ.

4. Ингээд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 сарын 29-ний өдрийн 142/Ш32024/... дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Учир нь нэхэмжлэгч П.Г нь 2023 оны 11 сарын 01-ний өдөр дээрх Х.Б-аас 2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд урьд нь гаргасан байх бөгөөд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 04-ний өдрийн 142/Ш2023/... дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Г-ийн хариуцагч Х.Б-аас 2.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д "Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа" бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

7. Хэргийг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгч П.Г-ийн эрх ашгийг хөндсөн, хууль бус ямар нэгэн үйлдэл хийгээгүй болно.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж гэдэг хүнийг оруулж шударга бус шүүсэн гэдэг тухайд мэдэх зүйл алга. Мөн энэ хүн нь хуучин шүүхэд ажиллаж байгаад Төрийн банкинд хуулийн зөвлөх болсон гэх тухайд ямар ч ойлголт алга, тийм хүнийг танихгүй мэдэхгүй. Шүүх хуралдаанд хариуцагч Х.Б хүрэлцэн ирээгүй тул түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хэргийн материалаас харахад Жавхлан гэх хүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШЗ2024/... дүгээр захирамжаар Х.Б-аас “ажлын хөлс 2.600.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн П.Г-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШЗ2024/... дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх иргэний хэргийн нэхэмжлэгч П.Г нь Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Бямбасүрэнд холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “...ямар үндэслэлээр хурал дууссаныг мэдэхгүй байна, одоо болтол ямар ч тогтоол шийдвэр өгөөгүй” гэж тодорхойлсон.

Илтгэгч гишүүн шалгах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, сахилгын хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ. Тодруулбал,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”: 65.1.6 “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа”, 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан.

Өргөдөл гаргагч П.Г өмнө нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Х.Б-д холбогдуулан “ажлын хөлс 2.600.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2023/... дүгээр шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба энэхүү нөхцөл байдал нь шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШЗ2024/... дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсний дараа мэдэгдсэн тул дээрх хуулийн зохицуулалтын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

Түүнчлэн, сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШЗ2024/... дүгээр захирамжийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “хүү ...” гэж тэмдэглэл үйлдэн гардуулсан нь тогтоогдсон байх тул “одоо болтол ямар ч тогтоол шийдвэр өгөөгүй” гэх гомдол үндэслэлгүй, энэ талаар хийсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.

Иймд шүүгч Б.Бямбасүрэнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ГС/2025/0026 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Бямбасүрэнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

                    ДАРГАЛАГЧ                                     О.НОМУУЛИН

                        ГИШҮҮН                                          Х.ХАШБААТАР

                                                                                    Ц.ДАВХАРБАЯР