
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-05-20
Дугаар 69
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаярт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: Сахилгын хэрэгт авагдсан баримтаар С нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ..... дугаар шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж буй ... дүүргийн ... хороо, ... байрны 54 тоотод байрлах 95.14 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан чөлөөлөх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргажээ.
Шүүгч Б.Мөнхбаяр нэхэмжлэлийг хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ..... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр З, Л нарыг томилсон, мөн өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариу тайлбар гаргах хугацаа тогтоож, зохигчид эрх, үүрэг тайлбарлах ажиллагаа явуулсан ба хэрэг эцэслэн шийдвэрлээгүй байна.
1. Шүүх өргөдөлд дурдсан маргаан бүхий орон сууцтай холбоотой дараах хэргийг шийдвэрлэжээ. Үүнд:
1.1 Б нь “Т” ХХК-д холбогдуулан ... дүүргийн ... дугаар хороо, 2 дугаар байрны 54 тоотод байрлах 88.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг хүлээлгэн өгч, байр ашиглалтад орж, түлхүүр гардуулснаар 1 м.кв талбайн үнийг 1,150,000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөр 50,830,000 төгрөгийг хүлээн авч, төлбөр, тооцоог дуусгахыг болон төлбөр төлөгдсөний дараа орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж, алданги 36,213,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э нэхэмжлэлийг хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 00... дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 00... дугаар шийдвэрээр ... дүүргийн ... дугаар хороо, ...хажууд байрлах, Т хотхон, 2 дугаар байрны 54 тоотод байрлах 88.4 м.кв 4 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтын хамт нэхэмжлэгч Б-д хүлээлгэн өгөхийг хариуцагч “Т” ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх алданги 36,213,500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 00... дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисон, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 00... дугаар тогтоолоор хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.
1.2 С-ын “Т” ХХК-д холбогдох ... дүүргийн ... хороо ... байрны 54 тоот 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т-ын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 00... дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
2. С нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 00... дугаар шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж буй ... дүүргийн ... хороо, ... байрны 54 тоотод байрлах 95.14 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан чөлөөлөх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахдаа дээрх шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа талаар дурджээ.
Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байх ба иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаардаг.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар С-т өгсөн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 000 тоот албан бичигтээ “…Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 00... дугаар шийдвэрээр “Т” ХХК-аас ... дүүргийн ... дугаар хороо, Т хотхоны 54 тоот хаягт байрлах орон сууцыг биет байдлыг доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоо бичиг баримтын хамт гаргуулж Б-д олгуулахаар шийдвэрлэсэн, …иймд дээрх үл хөдлөх хөрөнгийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр сайн дураар чөлөөлж өгөхийг мэдэгдье” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл энэхүү албан бичигт дурдсан “…54 тоотын 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрснийг шүүгчийн захирамжаар баталсан нь хүчин төгөлдөр байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болох тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн .... дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд С нь гуравдагч этгээд юм.
Мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болохоор заасан энэ тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо тухайн иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргахаар хуулийн 122.5-т заасан байна.
С нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ шаардлага, үндэслэлээ тодорхой дурдсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т заасан үндэслэл байхгүй бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Шүүгч энэ хуулийн 13.2, 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл
нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж зааснаар шүүгч нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ.
Иймд өргөдөлд дурдсан “…2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 191/Ш32025/..... дугаартай захирамж гаргуулсан нь ...миний эрхэнд ноцтойгоор халдаж, таньдаг мэддэг шүүгч нартайгаа үгсэн хуйвалдсан, ...эрх мэдлээ урвуулан ашигласан” гэсэн гомдол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүгч нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн нь сахилгын зөрчилд хамаарахгүй.
Сахилгын хороо шүүхийн захиргааны ажилтантай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх эрхгүй тул өргөдөлд дурдсан шүүгчийн туслах Б-т холбогдох гомдлоо тухайн шүүхийн Тамгын газарт гаргах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаярт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Холбогдох шүүгч ирүүлсэн тайлбартаа “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох орон сууцыг албадан чөлөөлөх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох тухай С-ын нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Иргэн-2014 системээр санамсаргүй тохиолдлоор хуваарилагдсаны дагуу хүлээн авсан.
Тус нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан, 65 дугаар зүйлийн 65.1-д заасан нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан тул мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар 7 хоногийн дотор буюу тус шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 191/Ш32025/..... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаа бөгөөд миний бие эрх мэдлээ урвуулан ашиглаагүй, энэ гомдлыг гаргасан болон гомдолд дурдагдах этгээдүүдийг таньж мэдэхгүй болно.
Иймд дээрх дурдсан үндэслэлээр надад үүсгэсэн сахилгын хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Б-гаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаярт холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ГЗҮ/2025/0038 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2025/0052 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргажээ.
1. Өргөдөл гаргагчаас шүүгч Б.Мөнхбаярт холбогдуулан “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 191/Ш32025/.... дугаартай захирамж гаргуулсан нь ...миний эрхэнд ноцтойгоор халдаж, таньдаг мэддэг шүүгч нартайгаа үгсэн хуйвалдаж байгаа нь Монгол улсын шүүх байгууллагыг тоглоомоо болгож байна. Мөн уг захирамжийг гаргасан шүүгч Б.Мөнхбаяр, шүүгчийн туслах Б нар нь эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа тул шалгаж өгнө үү. Б-т шүүхийн процесс ингэж удаан үргэлжилж байгааг та мэдэхгүй авчихсан юм уу гэхэд мэдэж байгаа гэж хэлсэн нь дээд шүүхийн шийдвэрийг үл тоомсорлож, иргэн Б миний эрхэнд дахин халдаж гэж байгаа тул шалгаж өгнө үү” гэх агуулга бүхий өргөдлийг гаргасан байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/.... дугаар шийдвэрээр ... дүүргийн ... дугаар хороо, ...хажууд байрлах Т хотхоны, 2 дугаар байрны 54 тоотод байрлах 88.4 м.кв, 4 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтын хамт Б-д хүлээлгэн өгөхийг хариуцагч “Т” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байх ба тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04-196/000 дүгээр албан бичгээр С-д “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/.... дугаар шийдвэрийн дагуу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг сайн дураар султган чөлөөлөх” мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Гэтэл С-аас “Т” ХХК-д холбогдуулан “... дүүргийн ... хороо 286-б байрны 54 тоот 4 өрөө орон сууцыг өмчлөгчөөр тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Т” ХХК хүлээн зөвшөөрсөн тул ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/.... дугаар шийдвэрээр зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд, С-аас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 01473 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж буй ... дүүргийн ... хороо, ... байрны 54 тоотод байрлах 95.14 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан чөлөөлөх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасныг шүүгч Б.Мөнхбаяр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШЗ2025/.... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгч С-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзэн иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл, шүүгч нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй юм.
Мөн өргөдөл гаргагч шүүгчийн туслахтай холбоотой гомдлыг гаргасан байх ба Шүүхийн сахилгын хороо нь шүүгчтэй холбоотой өргөдөл мэдээллийг шалгах, хууль зөрчиж сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг тул шүүгчийн туслахтай холбоотой гомдлоо холбогдох байгууллагад нь хандан шийдвэрлүүлбэл зохино.
Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаярт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2025/0052 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаярт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
С.ЭНХТӨР