info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-04-15

Дугаар 53

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь

хэрэгсэхгүй болгох тухай

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Уранчимэгт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ГС/2025/0037 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:  “...1. Нэхэмжлэгч Т.Н 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 143/ШШ2021/... дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүсэлт өгчээ. Хүсэлт “Өргөдөл, гомдлын бүртгэл” /2024 он/-ийн дэвтрийн 127 дугаарт бүртгэгдсэн. Хүсэлт шийдсэн 143/ШШ2024/... дугаар захирамж нь 2023 гэж огноологдсон нь техникийн алдаа гэж үзэхээр байна.

Шүүгчийн туслах Э.Б энэ талаар “...Тоо, үсгийн алдаа гарсан байна. Захирамжийн огноо 2024 он байх учиртай ...” гэж мэдүүлсэн, “Иргэн-2014” нэгдсэн системд шүүгчийн туслах Э.Б-н эрхээр нэвтэрч үзлэг хийлээ.

Системийн “хүсэлт” /ГШБ буюу гүйцэтгэлийг шүүхээр баталгаажуулах/ гэсэн цэс рүү орж, үзэхэд “143/ГБ2024/...” дугаарт Т.Н-ийн хүсэлт бүртгэгдсэн байх ба уг бүртгэлийн дугаарыг идэвхжүүлэхэд захирамжийн дугаар  гэх нүдэнд “143/ШШ2024/...”, мөн шийдвэрийн огноо гэсэн нүдэнд “2024.08.08” гэж тэмдэглэгджээ.

Өргөдөлд “… захирамж, гүйцэтгэх хуудасны огноо зөрүүтэй ...” гэсэн ба техникийн алдаа гаргасныг шүүгчийг сахилга, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй, гэхдээ шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарах эрх зүйн актын огноо, дугаар зэргийг нягталж, албажуулахыг цаашид анхаарах нь зүйтэй.

2. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх үндэслэл нь шүүхийн шийдвэрийг үндэслэн олгогдсон гүйцэтгэх хуудас байдаг.

Холбогдох шүүгч 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өгсөн тайлбартаа “...Энэ өргөдлийг харахад, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтад гүйцэтгэх хуудас бичигдээгүй гэсэн байна. Эхлээд би бол бүгдийг нь бичсэн байх, энэ хүн өөрөө гүйцэтгэх хуудсаа алга болгочихсон юм болов уу гэж бодсон ...” гэсэн тул “Иргэн-2014” нэгдсэн системд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг хэзээ өгч байсан, түүний шийдвэрлэсэн байдлыг тодруулахаар үзлэг хийлээ.

Системийн “хүсэлт” /ГШБ/ гэсэн цэс рүү орж, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд хайлт хийхэд, Т.Н нь нэг удаа буюу 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр албадан гүйцэтгүүлэх хүсэлт өгснөөс өөр хүсэлт өгөөгүй байх ба “шийдвэрийн төрөл” гэсэн цэсээс харахад 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр захирамжийн нэг дугаар, гүйцэтгэх хуудасны гурван дугаар авчээ.

Т.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...өнөөдрийг хүртэл хариуцагч ... орон сууцны өмчлөлийг охин бид хоёрын нэр рүү шилжүүлж өгөөгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж өгнө үү” гэжээ.

Гэтэл шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 143/ШШ2024/... дугаар захирамжаар, “... шийдвэрийг албадан гүйцэтгэж, ... гүйцэтгэх хуудас олгох”-оор шийдвэрлэн, 143/ГХ2024/..., 143/ГХ2024/..., 143/ГХ2024/... дугаар гүйцэтгэх хуудсаар

1/ “...Б.С-оос ...охин С.А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 настай ...бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх ...”,

2/  “... Б.С-оос ... улсын тэмдэгтийн хураамж 210,600 төгрөг гаргуулан ... Т.Н-д олгох ...”,

3/  “... Б.С-оос ... улсын тэмдэгтийн хураамж 54,770 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах ...” гэснээс бус шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтад тусгагдсан орон сууцны өмчлөлийг шилжүүлэх талаар албадан гүйцэтгэх хуудас бичээгүй.

Өргөдөлд “нэг шүүхийн шийдвэрт гурван гүйцэтгэх хуудас бичсэн” гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хууль, Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд нэг шүүхийн шийдвэрт нэг гүйцэтгэх хуудас бичих, эсхүл нэг шүүхийн шийдвэрт тусгагдсан хэд хэдэн шаардлагад тус тусад нь гүйцэтгэх хуудас бичих талаар зохицуулаагүй, иймд нэг эсхүл шийдвэрийн тогтоох хэсгийн тус бүрийн агуулгаар хэд хэдэн гүйцэтгэх хуудас бичих эсэх нь шүүгчийн мэдлийн асуудал гэж үзнэ.

Харин албадан гүйцэтгүүлэх хүсэлтэд дурдсан асуудлыг шийдвэрлээгүй, орхигдуулж, албан ажилдаа хайнга хандаж, хэргийн оролцогчийг чирэгдүүлж, цаг хугацаа алдагдуулсан үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсгийн “Шүүхийн шийдвэр … -г дараах тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр шүүгч захирамж гаргана”: 185.1.1 “төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан” гэсэн заалтыг зөрчжээ.

Хэнд ч ойлгомжтой, илт тодорхой заалтыг зөрчсөн шүүгчийн энэхүү үйлдэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсгийн “хуулийн илт тодорхой заалтыг …зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх хориглосон заалтад хамаарна. Гэхдээ илт тодорхой хуулийн заалт зөрчсөн үйлдэл ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн байж хуулийн шаардлага хангагдаж, сахилгын зөрчил гаргасан гэж үзнэ.

Шүүхийн сахилгын хорооны “Сахилгын хэргийн бүртгэл хяналтын систем дэх мэдээлэл, лавлагаа”-гаар шүүгч Р.Уранчимэг нь хуулийн илт тодорхой заалт зөрчсөн гэсэн сахилгын хорооны шийдвэр гараагүй байна.

Хэдийгээр хэргийн оролцогчийн хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй ч дахин хүсэлт гаргах эрх нээлттэй, үүнийг хориглож хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй тул хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шүүгчид хориглосон заалтын урьдчилсан нөхцөл хангагдахгүй байгаа тул холбогдох шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Түүнчлэн, хэргийг шийдвэрлэхдээ ...хаягт байршилтай, улсын бүртгэлийн ... дугаартай 49.11 мкв талбайтай, 2 өрөө орон сууц нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Голомт банктай байгуулсан “Орон сууцны зээлийн гэрээ”-ны дагуу банкны барьцаатай, зээлийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2030 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл төлж дуусгавар болохоор гэрээ байгуулагдсан байхад үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ ч авагдаагүй орон сууцны асуудлыг шийдвэрлэхдээ хэрхэн өмчлөлдөө шилжүүлж авч болох, зээлийн төлбөрийн үүргийг хэн гүйцэтгэх, гуравдагч этгээд болох банкны эрх ашиг хөндөгдөх эсэхийг тодруулалгүй шийдвэрлэсэн байгаагаа цаашид анхаарах нь зүйтэй.

3.Өргөдөлд “орон сууцыг нэхэмжлэгч Т.Н, С.А нарын эзэмшил, өмчлөлд үлдээхээр шийдвэрлэсэн заалтад гүйцэтгэх хуудас бичиж өгөхгүй эс үйлдэхүй үзүүлж, очиж уулзахаар С-гоо ярь хэмээн амаар хариу өгч байна” гэжээ.

- Холбогдох шүүгч “...өргөдлийг уншаад байхаар шүүхэд дахин ирсэн юм байна, мэдээлэл лавлагааны ажилтан С-гоо ярь гэж хэлсэн юм байна гэж ойлгогдож байна. Гэтэл би энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй, ийм зүйл огт сонсоогүй ээ. Ер нь бол хүний эрхтэй холбоотой зүйл дээр заавал Ерөнхий шүүгчид танилцуулдаг, өөр шүүгчтэй холбоотой бол тухайн шүүгчтэй ярь гэж хэлдэг ...” гэж тайлбарласан.

- Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн “...Шүүхэд нэг өдөр олон иргэд орж ирж хүсэлт, гомдол өгдөг, Н-ийн хүсэлтийг тухайлан санахгүй байна … Ер нь иргэд гарсан шийдвэртэй холбогдуулан ирж уулзах тохиолдол байдаг. Регистрийн дугаар бичигдээгүй, он, сар, дугаар буруу бичигдсэн гэх зэргээр, тэр тохиолдолд би холбогдох шүүгчийн туслахыг зааж өгөөд, очиж уулз гэж хэлдэг. Зарим тохиолдол шүүхийн тамгын газрын ажилтан, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга зэрэгтэй уулз гэх тохиолдол хаа нэг гарсан. Би саяын хэлсэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн эсэх, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас зэргийн талаар би мэдэхгүй, мэдэх шаардлага ч байхгүй. Тийм учраас тэг, ингэ гэж хэлэх үндэслэл байхгүй” гэсэн,

- Нэхэмжлэгч Т.Н “…Уранчимэг шүүгчийн туслахаас …над руу утсаар ярьсан. Хүсэлт шийдвэрлэсэн баримтуудаа ирж ав гэсэн. …2 тусдаа шийтгэврийн хуудас надад өгсөн. …Тэгээд буцаж орж уулзсан, үдээс хойш нь уулзсан шиг санагдаж байна. …Эмэгтэй хүн байсан …Өмнө нь маргаан шийдүүлэх үед Уранчимэг шүүгчийн туслахын өрөөнд очдог байсан, тэр өрөөний эсрэг талын өрөөнд байдаг хүнээс гарын үсэг зурж, хүлээж авсан … Намайг эхлээд очиход нэг л хүн байсан. Тэр хүнээс гүйцэтгэх хуудастай холбоотой юм тодруулъя гээд лавласан. Тэгэхэд нэг эмэгтэй хүн “шүүхээс гарсан шийдвэр учраас үүнээс өөр зүйл гарахгүй” гэж хэлсэн. … Нэгэнт гарсан шүүхийн шийдвэр, үүнийг биелүүлэх ёстой, нэмэлт шийдвэрийн хуудас, гүйцэтгэх хуудас авах шаардлагагүй, С буюу холбогдох хүнтэй учраа олох талаар надад хэлсэн. …Шүүхийн шийдвэрийг нэгэнт биелүүлэх ёстой, С-той учраа олж, нэр дээрээ шилжүүлнэ гэх утгатай зүйл надад хэлсэн …” гэж мэдүүлсэн,

- Шүүгчийн туслах Э.Б “...Би 2024 оны 08 дугаар сард ээлжийн амралтаа авсан байсан. Энэ үед би байгаагүй, байсан ч гүйцэтгэх хуудас бичихгүй байсан. Нөгөө туслах бичнэ ...” гэж мэдүүлснээр Т.Н хэнтэй уулзсан нь тодорхойгүй байсан тул шүүгчийн туслахаар ажиллаж байсан Э.Л-аас  гэрчийн тайлбар авав.

Э.Л “…Яг ийм хүсэлтийн талаар санахгүй байна. Гэхдээ захирамж нь миний бичсэн төсөл байна. …Би Баярцэцэгт гүйцэтгэх хуудаснуудаа үлдээгээд нөгөө өрөө рүү явчихсан байсан. ...Гэхдээ би үүнийг хүлээлгэж өгөхөд байгаагүй гэж бодож байна, учир нь би 08 дугаар сарын 19-өөс хариуцаж байсан ажлаа туслах Б-т хүлээлгээд, О шүүгчийн туслахаар ажиллах болсон. Тиймээс миний хийж байсан ажлын нэг нь гүйцэтгэх хуудасны ажиллагаа байсан тул тэдгээрийг Б үргэлжлүүлж хийсэн. Энэ дэвтрийн бүртгэл дээрээс харахад 2024.09.19-ний өдөр хүлээлгэж өгсөн байна, би тэр үед энэ ажлыг хийхээ больсон байсан …” гэж мэдүүлсэн.

Тухайн үед Э.Л нь шүүгч Б.О-ийн туслахаар ажиллаж байсан нь шүүгч Б.О-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан хэргийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн баримтуудаар  тогтоогдоно.

Хүсэлт тус шүүхэд ирэх үед Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь хоёр шүүгч, гурван туслахтай ажиллаж байсан, нэг туслахад шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх хүсэлттэй холбоотой ажиллагааг хариуцуулж, бусад нь хоёр шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хариуцуулахаар дотоод зохион байгуулалт хийж, шүүгчийн туслах Г.Б шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх хүсэлттэй холбоотой ажиллагааг хийж байсан нь ...тогтоогдоно.

Эндээс, Т.Н нь шүүгчийн туслах Г.Б-тэй уулзсан, Г.Б нь энэ талаар Ерөнхий шүүгч Р.Уранчимэгт мэдэгдээгүй гэж үзэхээр байна. Г.Б шүүгчийн туслахын албан тушаалаас чөлөөлөгдсөн байсан .

Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 7.8.3-т “шүүгчийн туслах шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг холбогдох материалын хамт …хүргүүлнэ” гэж зааснаар гүйцэтгэх хуудсыг хүргүүлэх ажиллагаа нь шүүгчийн туслахын албан үүрэгт хамаарч байна.

Мөн дахиж шүүх дээр очихдоо шүүгчтэй уулзаагүй, “С-гоо ярь” гэж хэлсэн нь шүүгч бус, харин шүүгчийн туслах хэлсэн болох нь тогтоогдож байх тул шүүхийн захиргааны ажилтны үг, үйлдэлтэй холбогдуулан шүүгчийг сахилга, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Дээрхийг нэгтгэвэл, Ерөнхий шүүгч Р.Уранчимэг нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон заалтыг зөрчөөгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч Р.Уранчимэг Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “Т.Н-ийн нэхэмжлэлтэй Б.С-д холбогдох гэр бүлийн холбогдолтой хэрэг маргааныг шүүгч би 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүгч хүсэлтийг үндэслэн албадан гүйцэтгүүлэхээр захирамж гаргаж шийдвэрийн бүх заалтаар гүйцэтгэх хуудас бичиж олгодог. 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Т.Н шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, хүсэлтийг хангаж шийдвэрлэн 00..., 002..., 002... дугаартай гүйцэтгэх хуудас олгосон байна.

Нэхэмжлэгч Т.Н нь дахин шүүх дээр ирж шийдвэрийн 5 дахь заалтад гүйцэтгэх хуудас бичиж өгөх талаар шүүгчтэй уулзаж байгаагүйгээс гадна гомдолд дурдсан үйл баримт болсон эсэх талаар шүүгчийн туслах надад танилцуулж байгаагүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 143/ШШ2021/... дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Т.Н, Б.С нарын гэрлэлтийг цуцалж, 2 дахь заалтаар ...охин С.А-г 18 насанд хүртэл эх Т.Н-ийн асрамжид байлгахаар тогтоож, 3 дахь заалтаар хариуцагч Б.С-оос ... охин С.А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, 5 дахь заалтаар ...тоот хаягт байршилтай 49.11 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Т.Н, охин С.А нарын эзэмшил, өмчлөлд үлдээхээр тогтоож шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч Т.Н-ээс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 143/ШЗ2024/... дугаар захирамжаар /огноо буруу бичигдсэн/ 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 143/ШШ2021/... дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 143/ГХ2024/... дугаартай гүйцэтгэх хуудсыг “хариуцагч Б.С-оор охин С.А-г сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн хэсэгт”, 143/ГХ2024/... дугаартай гүйцэтгэх хуудсыг “хариуцагч Б.С-оос улсын тэмдэгтийн хураамж 210,600 төгрөг гаргуулан Т.Н-д олгохоор шийдвэрлэсэн  хэсэгт”, 143/ГХ2024/00256 дугаартай гүйцэтгэх хуудсыг “хариуцагч Б.С-оос улсын тэмдэгтийн хураамж 54,770 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн хэсэгт” тус тус бичиж, дээрх ажиллагааг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан үйл баримт тогтоогдоно.

Дээрх захирамж болон гүйцэтгэх хуудас бичсэн шүүгч Р.Уранчимэгт холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М гомдол гаргаж, үндэслэлээ “...байрны өмчлөлийн асуудлаар гүйцэтгэх хуудас бичиж өгөөгүй, очиж уулзахаар С-гоо ярь хэмээн амаар хариу өгсөн” гэж тодорхойлсон.

Илтгэгч гишүүн шалгах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, сахилгын хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ч  зөрчигдсөн гэх хуулийн илт тодорхой заалтыг буруу тодорхойлсон байх тул түүнийг зөвтгөж дүгнэн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д “Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг дараах тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр шүүгч захирамж гаргана”: 185.1.1 “төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан” гэж заасан бөгөөд шүүгч нь нэхэмжлэгч Т.Н-ийн гаргасан хүсэлтийг хангаж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 143/ШШ2021/... дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүгчийн захирамж гаргасан нь дээрх хуульд нийцсэн байна.

Харин, нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ дурдсаар байхад шүүхийн шийдвэрийн 5 дах заалтаар орон сууцыг нэхэмжлэгч болон охин С.А нарын эзэмшил, өмчлөлд үлдээхээр шийдвэрлэсэн хэсэгт гүйцэтгэх хуудас бичээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Дараах тохиолдолд шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шууд олгож болно”: 186.1.4 “төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан” гэж заасныг зөрчсөн.

Хэдийгээр шүүхийн шийдвэрийг бүхэлд нь албадан гүйцэтгүүлэхээр шүүгчийн захирамж гарсан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл шүүхийн шийдвэр болон …тэдгээрийн үндсэн дээр олгогдсон гүйцэтгэх хуудас байна” гэж зааснаар шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь гүйцэтгэх хуудас байдаг бөгөөд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн заалтыг тус тус тухайлан дурдаж, хүүхдийн тэтгэлэг болон улсын тэмдэгтийн хураамж шийдвэрлэсэн хэсэгт гүйцэтгэх хуудас олгосон атлаа  орон сууцны өмчлөгч тогтоож шийдвэрлэсэн хэсгийг заагаагүй энэ тохиолдолд “гүйцэтгэх хуудас олгогдоогүй” гэж үзнэ.

Төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд албадан гүйцэтгэх захирамж болон гүйцэтгэх хуудас бичиж олгох нь шүүгчийн үүрэг билээ.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг тухайн заалт хэнд ч илэрхий ойлгомжтой маргаангүй байх, зөрчлийн хэр хэмжээ, давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тодорхойлохоор хуульчилсан гэж ойлгох бөгөөд дээр дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан зохицуулалт хуулийн илт тодорхой заалт мөн.

 Гэвч илтгэгч гишүүний “...хэргийн оролцогчоос дахин хүсэлт гаргах эрх нээлттэй, үүнийг хориглож хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй тул хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй”, “Шүүхийн сахилгын хорооны “Сахилгын хэргийн бүртгэл хяналтын систем дэх мэдээлэл, лавлагаа”-гаар шүүгч Р.Уранчимэг нь хуулийн илт тодорхой заалт зөрчсөн гэсэн сахилгын хорооны шийдвэр гараагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул хуулийн “ноцтой” болон “удаа дараа” гэх шинжийг хараахан хангаагүй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Харин дахин энэ төрлийн зөрчил гаргасан тохиолдолд хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцлага тооцох үндэслэл болохыг анхаарах нь зүйтэй.

Мөн өргөдөлд дурдсан “С-гоо ярь хэмээн амаар хариу өгсөн” гэх үйл баримт нь шүүгчийн туслахтай холбоотой, шүүгчид энэ талаар танилцуулаагүй болох нь сахилгын хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон тул уг үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

4. Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар дээрх хуульд нэрлэн заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд шүүгчийн шүүн таслах чиг үүрэгт хөндлөнгөөс оролцох, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх, гэр бүлийн эрх зүйн харилцааны маргаанд зээлийн эрх зүйн харилцааны маргааныг хамтатган шийдвэрлэхийг зөвлөх эрхийг хуулиар олгоогүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долоодугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заасан билээ.

 Иймд илтгэгч гишүүний “хэргийг шийдвэрлэхдээ ...үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ ч авагдаагүй орон сууцны асуудлыг шийдвэрлэхдээ хэрхэн өмчлөлдөө шилжүүлж авч болох, зээлийн төлбөрийн үүргийг хэн гүйцэтгэх, гуравдагч этгээд болох банкны эрх ашиг хөндөгдөх эсэхийг тодруулалгүй шийдвэрлэсэн байгаагаа цаашид анхаарах нь зүйтэй” гэх дүгнэлт үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Р.Уранчимэгт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ГС/2025/0037 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Уранчимэгт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.                       

                         ДАРГАЛАГЧ                                     О.НОМУУЛИН

                            ГИШҮҮН                                          Х.ХАШБААТАР

                                                                                                  Д.ЭРДЭНЭЧУЛУУН