
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-01-07
Дугаар 3
Улаанбаатар хот

Зарим шүүгчид холбогдох сахилгын
хэргийг хэрэгсэхгүй болгож, нэг шүүгчид
сахилгын шийтгэл оногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, сахилгын хэргийн оролцогч шүүгч Б.Алтанцэцэг, Ж.Эрдэнэбат, Б.Эрдэнэмөнх нарыг /цахим/ оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат, Б.Эрдэнэмөнх нарт холбогдох “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”, тус шүүхийн шүүгч Б.Алтанцэцэгт холбогдох “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хянан хэлэлцээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүний 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ГНД/2024/0022 дугаартай “Сахилгын зөрчил гарсныг нотлох дүгнэлт”-д:
“... Нэг. Б.Алтанцэцэгт шүүгчид холбогдох сахилгын хэргийн тухайд:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд иргэн Ш.Ч 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ц.Ц-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан нэхэмжлэл нь шүүгч Б.Алтанцэцэгт хуваарилагдан, шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1100 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.
Нэхэмжлэлийг гардуулахад хариуцагч хаяг дээр байхгүй байсан тул эрэн сурвалжлах ажиллагаа хийж хэргийг түдгэлзүүлж, улмаар хариуцагч Ц.Ц нь шүүхэд өөрөө ирсэн тул 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байна. Нэхэмжлэлийг гардаж авсан хариуцагч 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан тайлбартаа “ ... дээрх мөнгийг 2015, 2026 онд зээлүүлж байсан мөнгө бөгөөд тэр зарим хүмүүс нь мөнгийг буцааж өгсөн, мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх гэж бодож байна ...” гэж дурджээ.
Нэхэмжлэгч 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргасан, шүүгч Б.Алтанцэцэг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 422 дугаар захирамжаар “... хариуцагч Ц.Ц хариу тайлбартаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан хэдий ч ... нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа байнга гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч Ш.Ч-с гаргасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна” гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон захирамжилжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дээрх захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан байх ба 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаар захирамжаар “... иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны бусад үед оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, зохих ажиллагаа нь хуульд заасны дагуу явагддаг ...” гээд хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Мөн тухайн өдрийн ... дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн давж заалдах өргөдлөөр хэргийг хянасан Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 208/МА2022/... дүгээр магадлалаар “... анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан ажиллагаа болж байгаа бөгөөд мэтгэлцэх болон талуудын тэгш эрхийн зарчим алдагдсан байна... ” гэж дүгнэн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Хэргийг давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 48 дугаар албан тоотоор 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр анхан шатны шүүхэд хүргүүлэн, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчдийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан “Шүүхэд иргэний хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, шүүгчид хуваарилах журам”-ын 2.2-т “давж заалдах болон хяналтын шатны шүүхээс 2 удаа хүчингүй болж 3 дахь удаагаа дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн хэргийг нэгдсэн системд байрших тойрогт шүүгчдийн нэрсийн дарааллыг сугалаагаар тогтоосон дарааллын дагуу шүүгчид системээс гараар хуваарилна” гэж заасны дагуу шүүгч Б.Алтанцэцэгт дахин хуваарилагджээ.
Анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 485 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 208/МА2023/... дугаар магадлалаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.
Уг магадлалын үндэслэх хэсэгт “...шүүгчээс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 422 тоот захирамж гаргахдаа талуудыг оролцуулан тайлбар гаргах эрхийг хангалгүй шийдвэрлэсэн нь тэдний эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болж байгаа бөгөөд мэтгэлцэх болон талуудын тэгш эрхийн зарчим алдагдсан байна. Дээрх захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулах үүргийг шүүгчийн туслахад даалгасан боловч ... үүргээ биелүүлээгүй, баримт үйлдээгүй, хэрэгт авагдаагүй талаар 2022 оны ... 208/МА2022/... тоот магадлалд тодорхой заасан боловч уг магадлалын дагуу дээрх эрх зөрчиж гарсан ... 422 тоот захирамжийг хүчингүй болгосны эцэст, шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээх эсэх асуудлыг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед шийдвэрлэх нь хууль ёсны бөгөөд тэгш эрхийн зарчимд нийцнэ гэж дүгнэв” гэжээ.
Эдгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үзвэл, анхан шатны шүүх гэрээний үүргээс үүдэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн захирамжийг өмнө гаргасан учраас хэргийг шийдвэрлэхдээ энэ талаар дурдаагүй бол харин давж заалдах шатны шүүх уг үйлдлийг буруутгаж, зөвтгөх талаар шийдвэртээ удаа дараа дурдаж иржээ.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, түүний өмгөөлөгч 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүсэлт гаргаж, холбогдох шүүгч 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 149/ШЗ2023/... дугаар захирамжаар 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 422 дугаар захирамжаа хүчингүй болгосон байдаг.
I. Иргэний хэргийг шүүх хянан шийдвэрлэх үед зохигчдоос гаргаж буй хүсэлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай тухайлбал: нотлох баримт, шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамж, нэхэмжлэлийг хүлээн авсан эсэх, хэрэг түдгэлзүүлэх, шинжээч томилох, гуравдагч этгээд оролцуулах, хамтран нэхэмжлэгч хариуцагч нарыг шийдвэрлүүлэх, шүүхийн харьяалал тогтоох зэрэг тохиолдлууд байдаг. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан байдаг.
Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж болон шүүхийн тогтоолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар гомдол гаргах эсэх асуудал ч хөндөгддөг учиртай.
Гэтэл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамааралгүй, нэхэмжлэгчийн шаардах эрх, тухайн шаардах эрхийн хэрэгжих нөхцөл байдалтай холбогдох, хэргийг шийдвэрлэхэд дүгнэдэг Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж үзэж захирамж гаргасан дээр дурдсан хуулийг зөрчиж, илтэд хэргийн нэг талд ач холбогдолтой, тухайн талд үйлчилсэн гэж үзэх үндэслэлийг бүрдүүлжээ.
Түүнчлэн уг үйлдлээс болж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан, удаа дараа давах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хуулийг” ноцтой” зөрчсөн гэж үзнэ.
II. Нэхэмжлэгч 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг шүүгч нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 422 дугаар захирамжаар шийдвэрлэсэн. Мөн хариуцагчийн өмгөөлөгч 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дээрх захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасныг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 672 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Өмнө гаргасан 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 422 дугаар захирамжаа арга буюу 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 149/ШЗ2023/... дугаар захирамжаар хүчингүй болгохдоо дээрх 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 672 дугаар захирамжийг хэрхэх талаар шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр өөр хоорондоо зөрчилдөх үр дагавартай захирамжууд бий болгож, хуулийг зөрчжээ.
2. Өргөдөлд “... Анх өмгөөлөгч авах үед 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хурал дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан баримтаа өгсөөр байтал Алтанцэцэг шүүгч холбогдох хуулийн /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Өмгөөллийн тухай хууль/ заалтуудыг зөрчин өмгөөлөгчтэй байгуулсан “эрх зүйн туслалцаа үзүүлэх” гэрээг шахаж, шаардан гаргуулан авч шүүгчийн эрх нөлөөгөөрөө далайлган гэрээний нууцлал, гэрээний чөлөөт байдалд халдсан...” гэжээ.
Шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 294 дүгээр захирамжаар хэргийг хэлэлцэх хурлыг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр товлосон /сх I хавтас 22 х/ байх ба шүүх хурал хуралдсан өдөр болох 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөр огноолсон хариуцагчийн хүсэлт /сх I хавтас 23-24 х/ мөн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэрэгт авагджээ.
Шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дуу-дүрсний бичлэгийн тэмдэглэлийн 0:08:57-0:09:32 дахь хэсэгт хариуцагчийн өмгөөлөгчөөс: Ц.Ц-тэй өнөөдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах боломжит хугацаагаар хангагдах шаардлагатай байх тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэв.
0:09:34-0:09:35 дахь хэсэгт даргалагчаас: Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан уу гэхэд
0:09:36:0:09:41 дэх хэсэгт хариуцагчийн өмгөөлөгчөөс: Гэрээ байгуулсан. Би дөнгөж сая гэрээгээ бэлдэж ирээд гарынхаа үсгийг зурлаа гэв.
0:09:43-0:09:53 дахь хэсэгт Даргалагчаас: Хүсэлтийг би одоо хэлэлцэнэ. Гэрээгээ байгуулаад гэрээний 1 хувиа манайд өгнө гэв.
0:09:54-0:10:08 дахь хэсэгт Хариуцагчийн өмгөөлөгчөөс: Түрүүн нөлөөллийн мэдүүлэг зэрэг баримт дээр гарын үсэг зуруулж байхад би үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийг өгсөн. Хуульд үйлчлүүлэгчийн хүсэлтээр тодорхойлогдоно гэж байх тул хүсэлтийг би өгчихсөн гэв.
0:10:09-0:10:13 дахь хэсэгт Даргалагчаас: Намайг хэрэг танилцахад байхгүй байсан гэхэд
0:10:14-0:10:19 дэх хэсэгт Хариуцагчийн өмгөөлөгчөөс: Байхгүй байсан. Түрүүн нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулахад, сая л өгсөн. Хурлын өмнөхөн өгсөн гэв.
0:10:20-0:10:25 дахь хэсэгт Даргалагчаас: Өмгөөлөгч та төлөөлөх эрхгүй. Энэ хүнийг төлөөлөхгүй өмгөөлөгчөөр оролцох гэж байгаа юм байгаа биз дээ гэхэд
0:10:26-0:10:27 дахь хэсэгт Хариуцагчийн өмгөөлөгчөөс: Тийм гэв.
0:10:28-0:10:40 дахь хэсэгт Даргалагчаас: Төлөөлөх эрх бол хүсэлтээр тодорхойлогдоно. Өмгөөлөгчөөр оролцох гэж байгаа бол эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр оролцоно. Та хуулийнхаа 34.1-ийг унш даа гэхэд
0:10:43-0:10:45 дахь хэсэгт Хариуцагчийн өмгөөлөгчөөс: Гэрээнийхээ хувийг өгчихье ...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно”, мөн хуулийн 34.2-т “Өмгөөлөгч гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг төлөөлөхдөө төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээ авах ба шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслах үүрэгтэй” гэж, мөн Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Өмгөөлөгч үйлчлүүлэгчийг итгэмжлэл, хүсэлт, гэрээ, эсхүл нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд томилолтын үндсэн дээр төлөөлнө” гэж тус тус зааснаар өмгөөлөгч нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлт эсхүл гэрээний үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор зохицуулжээ.
Шүүх хуралдаан болохын өмнө хариуцагчаас өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд өгсөн, энэ нь шүүгчийг хэрэгтэй танилцсаны болсон үйл явдал байх ба шүүгчийг хавтаст хэрэгтэй танилцах үед хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хүсэлт байхгүй байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар шүүгч шаардлага тавьсныг буруутгах үндэслэлгүй байна.
3. Өргөдөлд “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хурал дээр өмгөөлөгч өвчтэй тул хурал хойшлуулах хүсэлт өгсөн. Уг хүсэлтийг шийдвэрлэхээс өмнө өмгөөлөгчгүйгээр надаас хэргийн талаар асууж, хэрэг хэлэлцсэн...” гэжээ.
Нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн /сх I хавтас 28 х/, 03 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчид /сх I хавтас 31 х/ гардуулжээ.
Нэхэмжлэгч Ш.Ч хариуцагч Ц.Ц нар оролцсон 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл дутуу болох нь /сх I хавтас 30 х/ тус хуралдааны дуу-дүрсний бичлэгийн тэмдэглэлээр /сх I хавтас 165-170 х/ нотлогдоно.
Тодруулбал, 0:00:01-0:00:22 дахь хэсэгт даргалагч шүүх хуралдааныг нээсэн, 0:03:34-0:03:57 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулсан байна. Хариуцагчийн тайлбар өгөх хуульд заасан хугацааг олгож, шүүх хуралдааны ажиллагааг түр завсарлая гээд хариуцагчийг хуульд зааснаар хариу тайлбараа өгнө, тэгээд хуралдааныг жич зарлана” гэж буюу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагчид гардуулсан, үүнтэй холбоотой тайлбар гаргах боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж буйг мэдэгдэн шүүх хурал дууссан, тодорхой үндэслэлээр хойшлогдсоноор шүүх хурлын тэмдэглэлд тусгагджээ .
Гэтэл бичлэгээс үзвэл, шүүх хурал цааш үргэлжилж 0:03:59-0:05:20 дахь хэсэгт 1 минут 39 секунд даргалагч хариуцагчаас асуулт асууж, хариуцагч асуултад хариулсан,
0:05:52-0:07:42 дахь хэсэгт 1 минут, 50 секундийн турш даргалагч хариуцагчаас асуулт асууж, хариуцагч асуултад хариулсан,
0:07:43-0:10:27 дахь хэсэгт буюу 2 минут, 45 секундийн турш нэхэмжлэгч тайлбар хэлсэн,
0:10:28-0:12:24 дэх хэсэгт буюу 11 минут, 54 секундийн турш даргалагч нэхэмжлэгчээс асуулт асууж, нэхэмжлэгч асуултад хариулсан,
0:12:29-0:12:32 дахь хэсэгт Даргалагч: Ц-д тайлбар байна уу гээд
0:12:32-0:15:39 дахь хэсэгт Хариуцагч тайлбар хэлсэн байна.
0:15:40-0:18:24 дэх хэсэгт 2 минут, 44 секундийн турш даргалагч хариуцагчаас асуулт асууж, хариуцагч асуултад хариулсан, ингээд
0:18:25-0:22:09 дэх хэсэгт Даргалагчаас: Хуульд заасан хугацаанд тайлбараа өгнө шүү. Манай туслах чам руу утасдана. Тэгээд өг. Хоорондоо тооцоо нийлбэл сайн байна. Ингээд шүүх хуралдааныг хойшлуулъя гэснээр бичлэг дуусах ба шүүгч нь 0:03:59-0:22:09 дэх хором хүртэл нийт 17 минут, 55 секундийн турш шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, хэргийн талаар хэлэлцсэн байх ба энэ хэсэг хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байжээ.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, ... хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, ... шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ” гэж заасан хуулийн шаардлагад нийцэхгүй, уг заалтыг зөрчсөн байхад, тэмдэглэлийг хяналгүй гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд шүүгчийн нийтлэг бүрэн эрхийг тусгажээ. Тус эрхийн 16.1.1-д “шүүх хуралдааныг даргалах” гэж, ийнхүү даргалахдаа 16.1.8-д “шүүн таслах ажиллагааг хуульд заасан дэг, журам, хугацааны дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлэх ...” гэж заасан байдаг. Шүүн таслан ажиллагаа нь хуульд заасан дэг журмаар явагдах ба нэгэнтээ шүүх хуралдаан дууссаныг зарласан боловч цааш үргэлжлүүлэн, талуудыг мэтгэлцүүлсэн, хүндэтгэх үзэх шалтгааны улмаас шүүх хуралд оролцоогүй өмгөөлөгчгүйгээр хэлэлцүүлэг хийж, хууль зөрчжээ.
4. Өргөдөлд “... 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралд ... Алтанцэцэг шүүгч “чи ийм хогийн хогийн юмаар намайг татгалзлаа” гэж уурлаад өмгөөлөгчийг загнаад байсан...” гэжээ.
Шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн бичлэгээс үзэхэд “... 0:07:32-0:10:59 дэх хэсэгт Хариуцагчийн өмгөөлөгчөөс: Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтэй байна гээд, ... хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байна гэх үндэслэлээр татгалзаж байна. 1. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад иргэний хэрэг үүсгэсэн. 2. Өмгөөлөгчөөр оролцоход эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шаардан гаргуулж авсан. 3. Өмгөөлөгч миний бие эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтсэн. 03 дугаар сарын 14-ний өдөр өгсөн хойшлуулах хүсэлтийг хэлэлцээгүй байж хэргийг хэлэлцсэн. Хурлын тэмдэглэл гараагүй ч хуралдааны бичлэгт гарах байх. 4. Төмрийн үйлдвэр ажиллаж байгаа юу гэж Ц-с асуугаад Б руу утсаар ярьж асуусан гэх зэргээр шүүгч өөрийнхөө хувийг ашиг сонирхлоор хэрэгт оролцоод байна. 5. Нэхэмжлэгч талаас хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгөх хүсэлт гаргасан байдаг. Энэ хүсэлтийг зохигч талын оролцоогүйгээр шийдсэн байна. Сая орж ирээд мэдлээ. Ямар ч үндэслэл байхгүй байж байгаа. Сэргээх үндэслэл дээрээ хойшлуулах үндэслэл бичсэн байсан. 2017 оноос хойш уулзаагүй, утсаа аваагүй гээд нэхэмжлэгч талын баримтаар тогтоогдоод байхад нөгөө талаар тогтоогдож байна гээд явчихсан. 26 дугаар талд байгаа. Энэ хэрэгт шүүгчийг хувийн сонирхлоор хандаж байна гэж үзэж байгаа. Гадуур хүмүүс найз нөхөд гээд олон зүйл ярьдаг. Тэр нь яах вэ жижиг газар ажиллаж байгаа. Хэргийг шударгаар шүүх болов уу гэж өнөөдрийг хүрсэн. ... Шүүгчийг татгалзан гарч байна...” гэжээ.
Бичлэгийн “...0:11:24-0:12:44 дэх хэсэгт Даргалагчаас: Хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт дээр хүсэлт гаргагчийн хүсэлтийг шийдэж байгаа болохоос заавал эрүүгийн хэрэг шиг хурал хийж, нөгөө талыг оролцуулах зохицуулалт байхгүй. Та өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэдэг хүний хувьд мэдэх байх. ... Та ийм хогийн, хогийн юм ярьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах гэж байгаа бол угаасаа танд би боломжит бүх хугацааг олгосон. Таны өвчтэй гэдэг бичиг хэрэг дотор байгаа. 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Шинэ гаргасан нэхэмжлэлийг танилцуулъя гэх үүднээс 14 хоногоор хойшлуулсан...” гэж тайлбарласан нь тусгагджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчийг татгалзах эрхийг хуулиар хэргийн оролцогчид олгосон байдаг. Тухайн эрхээ хэрэгжүүлснийг шүүгч “...Та ийм хогийн, хогийн юм ярьж ...” гэж байгааг буруутгах үндэслэл шүүгчид хориглосон заалтад байхгүй байх тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй, гэхдээ цаашид шүүх хуралдаан даргалахдаа хуульд заасан дэгийн дагуу явуулах, зөв зохистой үг хэрэглэхийг анхаарах нь зүйтэй.
5. Өргөдөлд “...2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хурал дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгоогүй, тооцооллоо хийгээгүй байсан ба манай өмгөөлөгч энэ талаар хэлсээр байхад шүүгч нэхэмжлэгчийн өмнөөс тооцоолол хийж 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаартай шийдвэртээ тусгасан байсан...” гэжээ.
Иргэний хэргийг шийдвэрлэсэн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Mainfeed_dual_768-3.mp4 нэртэй дуу-дүрсний бичлэгийн 0:20:53-0:24:22 дахь хэсэг хариуцагчийн өмгөөлөгч: Та хүү алдангиа яаж тооцсон бэ? Тэмдэглэгээнд зөрүү гараад байна. Хариуцагч 7604000 төгрөгийг хаагдсан гэж үзэж байна гэж байна. Та болохоор хүү алдангиа нэмээд 5 сая дээрээ 7604000 болсон гэж үзэж байна. Тооцооллоо яаж хийж байгаа юм бэ гэв.
0:24:34-0:25:20 дахь хэсэгт Нэхэмжлэгчээс: Тухайн үеийн яригдаад байгаа чинь 7604000 төгрөг. Мөнгө өгөхгүй болохоор нь хүүгээ тооцсон. Хүү нь 15%, 4 гардаг чинь хоног орсон байгаа байх. Бодоход 1 ч хүү төлөгдөөгүй. Би хүү нэмээд явж байснаа тэмдэглэчихсэн байгаа. Нэхэмжлэхдээ зөвхөн үндсэн зээлээр нь оролцуулсан гэв.
0:25:22-0:25:55 дахь хэсэгт Хариуцагчийн өмгөөлөгчөөс: Тооцоолол чинь ойлгомжгүй байгаад байгаа. Би маш олон удаа суусан, үнэхээр учрыг нь олохгүй байна. Шүүх яаж тооцооллоо хийхийг би мэдэхгүй байна. Зарим мөнгө нь хасагдчихсан байгаа, зарим мөнгө нь гэрээнийхээ хугацаагаар 1 сарын хүү авах эрхтэй, илүү мөнгө нь хасаж тооцогдох ёстой. Түүнээсээ алдангиа тооцно гэхээр наад тооцоолол чинь маш зөрүүтэй байгаад байна. Та нийт хугацаагаараа хүүгээ тооцож байгаа юм уу гэхэд
0:25:55:0:26:08 дахь хэсэгт Нэхэмжлэгчээс: Тийм. Одоо энд гэхэд 5 саяараа нэхэмжилж байгаа. Үүнийг би оролцуулаагүй байхад энийг хараад та нар хараад ойлгоно. Гэтэл хаа хамаагүй энэ дүнг яриад байгаа байхгүй юу та нар гэсэн нь тусгагджээ.
Мөн Mainfeed_dual_768-4.mp4 нэртэй дуу-дүрсний бичлэгийн 0:10:36-0:10:57 дахь хэсэгт хариуцагчийн өмгөөлөгч: Шүүхэд гаргаж өгсөн тооцоолол чинь зөрөөд байна. Та яагаад гэрээнийхээ ард талд ямар ч тэмдэглэгээ хийгээгүй байна. Давхцаж байгаа баримт байна гэж шүүгч хэлсэн. Гэтэл хариуцагчийн гаргаж өгсөн баримтууд дунд төлчихсөн, хасагдчихсан баримтууд ард нь яваад байна. Үүнийг та яагаад гаргаж өгөөгүй вэ гэхэд
0:10:58-0:11:20 дахь хэсэгт Нэхэмжлэгч тайлбар хэлэв.
0:11:22-0:11:25 дахь хэсэгт Даргалагчаас: 6 сая хэдэн зуун мянга гээд байгаа нь тэр өгсөн мөнгийг нь хасаж тооцсон юм уу
0:11:30-0:11:32 дахь хэсэгт Нэхэмжлэгчээс: 5 сая 600 юу гэв.
0:11:34-0:11:56 дахь хэсэгт Даргалагчаас: Зээлийн төлбөр 6.032.000 төгрөг хассан гээд та тайлбартаа бичсэн байна. Ингээд үндсэн нэхэмжлэл 28 сая 813 мянган төгрөгийг нэхэмжилж байгаа гээд байгаа нь хариуцагчийн өмгөөлөгчийн хэлж байгаа баримтаар хассан юм уу гэхэд
0:11:58 дахь хэсэгт Нэхэмжлэгч: Хасаж тооцоод 6.032.000 төгрөгийг хасаад 28 сая төгрөг гэв.
0:12:18-0:12:20 дахь хэсэгт Даргалагчаас: Тэрийгээ та тодорхой хэлээч гэхэд
0:12:21-0:13:15 дахь хэсэгт Нэхэмжлэгчээс: 5 саяас 2 удаа 750.000 мянгаар 2 удаа хүү төлсөн. 2.500.000 төгрөгийг хасуулсан. 6.032.000 мянган төгрөгийг хасаад 28.813.000 төгрөгийн үлдэгдлээр тооцсон гэсэн байгаагаар зээлийн гэрээний тооцооллын талаар талууд мэтгэлцсэн, шүүгч мөн тодруулж асуужээ.
6. Өргөдөлд “ ... Шийдвэрээ хуульд заасан хугацаанд гаргадаггүй, өмгөөлөгчийг өчнөөн явуулж асуулгаж, шаардуулж байж гаргадаг. Энэ талаар хоёр удаагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд тодорхой дурдсан байгаа. Шүүх хуралдааны тэмдэглэл ч мөн хугацаандаа гардаггүй, өмгөөлөгчөөр шаардуулж гуйлгаж байж гаргасан ... ” гэжээ.
Шүүгч Б.Алтанцэцэгийн шийдвэрлэсэн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 167 дугаар шийдвэр /сх I хавтас 57-66 х/, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 485 дугаар шийдвэр /сх I хавтас 106-112 х/ хэрэгт байх ба эхний шийдвэрийг хариуцагч Ц.Ц 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр, өмгөөлөгч нь 05 дугаар сарын 09-ний өдөр /сх I хавтас 67 х/ тус тус гардаж авсан байна.
Хэрэгт, шүүхийн шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэлийг хугацаанд гаргаагүй гэх тухай хүсэлт байгаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна”, 119.4-т “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна” гэж заажээ.
Дээр дурдсан, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны шийдвэрийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэхэд бичгээр гаргах ёстой байжээ.
Харин 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийг хариуцагч Ц.Ц 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, өмгөөлөгч нь 11 дүгээр сарын 23-ны өдөр /сх I хавтас 114 х/ тус тус гардаж авсан, тухайн шийдвэрийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бичгээр үйлдэж гаргах ёстой байсан.
Эхний шийдвэрийг хуульд заасан хугацаанаас 4 хоног, дараагийн шийдвэрийг 12 хоног хэтрүүлсэн байгааг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж зааснаар зөрчил гэж үзэх үндэслэлгүй болно.
7. Өргөдөлд “ ... Ялангуяа 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хэрэг шүүхэд ирсэн ч өчнөөн сар өнгөрөхөд нэг ч удаа хурал товлоогүй байсаар хуулийн хугацаа хэтрүүлэн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шийдвэрлэсэн шийдвэр нь мөн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болсон ...” гэжээ.
Хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 167 дугаар шийдвэрийг талуудын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүх хянаад, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 208/МА2022/00024 дугаар магадлалаар /сх I хавтас 78-82 х/ анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 48 тоот албан бичгээр хүргүүлснийг, 07 дугаар сарын 18-ны өдөр /сх I хавтас 162 х/ анхан шатны шүүх хүлээн авчээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 5/05 дугаар тушаалын хавсралтаар шүүгч нарын ээлжийн амралтын хуваарийг баталсан, уг хуваариар шүүгч Б.Алтанцэцэг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаагаар амарсан байна.
Холбогдох шүүгч тайлбартаа “ ... Би эрүүл мэндийн шалтгаанаар шүүгчийн зөвлөгөөнөөс 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс чөлөө авч гадаад улсад хагалгаанд орж удаан хугацаагаар өвчтэй байсан ... 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл өвчтэй байх энэ хугацаанд хэргийг өөр шүүгчид шилжүүлээгүй ...” гээд эрүүл мэндийн шалтгаантай холбоотой баримтаа ирүүлсэн.
Улмаар 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдааныг 09 дүгээр сарын 27-ны өдөр хийхээр товлож 1585 дугаар захирамж /сх I хавтас 85 х/, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаж, 10 дугаар сарын 11-ний өдөр хурал товлосон /сх I хавтас 85-90 х/, тус өдөр товлосон шүүх хурал хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилж, 10 дугаар сарын 28-ны өдөр товлосон /сх I хавтас 91-99 х/, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч талаас гэрч асуулгах хүсэлт гаргасныг /сх I хавтас 100-105 х/ шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1821 дугаар захирамжаар хангаж гэрч асуусан, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэж, 485 дугаар шийдвэр гарчээ.
Эдгээрээс үзвэл, “хэрэг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцаж ирсний дараа нэг ч хурал товлоогүй” гэх өргөдөл үндэслэлгүй байна.
Харин 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үүсгэсэн иргэний хэргийн хугацааг сунгасан захирамж хэрэгт байгаагүй, энэ талаар бичсэн хариуцагчийн өмгөөлөгчийн тэмдэглэл ч /сх I хавтас 84 х/ үүнийг нотолно.
Энэ үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасанд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл уг хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүгч хэргийн хугацааг сунгуулаагүй нь дээрх хуулийн заалтыг зөрчжээ.
8. Өргөдөлд “ ... Алтанцэцэг шүүгч Ч хоёрыг найз нөхдийн харилцаатай гэдгийг хүмүүс мэддэг ч гэрчлэх хүн олддоггүй Чулуунчимэг нь өөрөө мөнгөтэй нөлөөтэйн дээр хамтран амьдрагч М нь бас мөнгө төгрөгтэй эрх мэдэлтэй хурлын төлөөлөгч сумандаа нэр нөлөөтэй Алтанцэцэг нь шүүгч тул хүмүүс айж болгоомжилдог биз. ... Нэхэмжлэгчтэй найз нөхдийн харилцаатай ч түүнийгээ үгүйсгэдэг тул өөрөө хэргээс татгалзан гарах ёстой ч гараагүй. ... миний зүгээс шүүгч Б.Алтанцэцэг, нэхэмжлэгч Ч нарыг холбоотой гэж хардаж байгаа ...” гэжээ.
Шүүгч Б.Алтанцэцэг тайлбартаа “ ... Нэхэмжлэгчийн хувьд шүүхээр болон шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалаар хэрэг маргаанаа нэг бус удаа шийдвэрлүүлж байсан, нэг орон нутагт амьдардаг тул танина. Түүнээс найз нөхдийн дотно харилцаа холбоо байхгүй. Би өөрийн ажил амьдралын зарчимтай, ажил мэргэжилдээ хүндэтгэлтэй ханддаг, шүүгч гэдэг ажил мэргэжлийн онцлогоос хамаарч хүмүүстэй төдий л дотносоод байдаггүй, хувийн болон нийгмийн харилцааны хил хязгаарын бүсээ мэддэг, шүүгчийн ажлын үнэт зүйл үнэлэмжтэй түүнийгээ хамгаалж ажилласаар ирсэн, өөрийгөө хуурах, өөрийн үнэт зүйлээс урваж шарвах шалтаг, шалтгаан байхгүй хувийн дархлаатай шүүгч ...” гэжээ.
Уг асуудлыг тодруулахаар өргөдөл гаргагчаас нэмэлт тайлбар авсан, тэрээр “ ... ер нь Зүүнхараагийнхан найзууд гэж ярьдаг юм байна лээ. Ч-н нөхөр нь манай ИТХ-ын төлөөлөгч болохоор би хардсан. 2022 оны 07 дугаар сард шийдвэр гаргах байтал 10 дугаар сар хүртэл сунжруулаад, хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн. Хэзээ билээ нэг удаагийн хурал дууссаны дараа манай өмгөөлөгч 00 орох гээд гарсан. Би хурлын заалнаас гарахад, тэр хурлын зааланд Ч, шүүгч хурлын материалаа эмхлээд тэр 2 үлдсэн. Хурлын заалны хаалга онгорхой, би үүдэнд өмгөөлөгчийг хүлээгээд зогсож байхад “чи явж бай, утсаар яръя” гэж хэлэх нь сонсогдсон. Хүмүүс найз нөхөд гэж хэлээд байдаг нь үнэн юм байна гэсэн бодол надад төрсөн...” гэсэн байдаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч С.Б шүүгчээс татгалзсан /сх I хавтас 32 х/, тус татгалзлыг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 75 дугаар захирамжид “ ... Сэлэнгэ аймаг мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг нь нэхэмжлэгч Ш.Ч-тэй хувийн ямар харилцаатай болох нь ... нэхэмжлэгч Ш.Ч-н нөлөөнд орсон буюу орсон байж болзошгүй талаарх тодорхой мэдээлэл нь үндэслэл нотолгоотой байж тогтоогдох бөгөөд ... энэ талаар үндэслэл бүхий мэдээллийг нотлох баримтыг ирүүлээгүй байна ...” гэж дүгнэн /сх I хавтас 36-38 х/ татгалзлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан байна.
Өргөдөл гаргагч холбогдох шүүгч болон нэхэмжлэгч Ш.Ч нарыг “найз нөхөд” гэж бичсэн учраас 1/-д, нэхэмжлэл хэрхэн шүүгчид хуваарилагдсан болохыг шалгав.
Гэрч Б.Б-н “нэхэмжлэл хүлээн авахдаа системд бүртгэнэ. Нэхэмжлэгчийн мэдээлэл, хариуцагчийн мэдээлэл, нэхэмжлэлийн шаардлага, үнийн дүн зэргийг оруулсны дараа систем санамсаргүй, тохиолдлын байдлаар шүүгчид хуваарилдаг ... системээс шүүгчид хуваарилагдсаны дараа өөрөөр хэлбэл шүүгч нь тодорхой олсны дараа бүртгэдэг, анхан шатны шүүхэд “нэхэмжлэл хүлээн авсан дэвтэр” гэж байдаг. Түүнд ... хүлээн авсан шүүгчийн нэр ... зэргийг бүртгэдэг” гэсэн тайлбар /сх I хавтас 148 х/, Б.Б нь 2021 оны 04 дүгээр сараас 2023 оны 4 дүгээр сар хүртэл Мандал сум дахь сум дундын шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр ажилласан байсан ба түүний эрхээр иргэн-2014 цахим бүртгэл мэдээллийн системд нэвтрэн орж, 2021 оны 09 дүгээр сарын 21-ээс 23-ны өдрүүдэд нэхэмжлэл хүлээн авсан байдлыг үзэж, баримтаар гаргуулан авснаас, тус 22-ны өдөр 2 нэхэмжлэл буюу 14:31 цагт хүлээн авсан нэхэмжлэл Ж.Эрдэнэбат шүүгчид, 16 цагт хүлээн авсан нэхэмжлэл Б.Алтанцэцэг шүүгчид тус тус хуваарилагдсан /сх I хавтас 150 х/, бүртгэлийн дэвтэрт ч мөн тэр дарааллаар бичигдэн /сх I хавтас 143-144 х/ бүртгэгджээ.
Холбогдох шүүгч Б.Алтанцэцэг сахилгын хэрэгт авагдсан баримттай танилцахдаа, “мэдээлэл лавлагаа дээр хэрэг хуваарилалтын үйлдлийг хянах бичлэгийн камер суурилуулсан байх ёстой, түүнийг давхар шалгах” /сх I хавтас 151 х/ гэсний дагуу шалгасан, гэвч “... мэдээлэл лавлагааны системийн хяналтын камерыг 2022 оны 10 дугаар сараас эхлэн ашиглалтад оруулсан ба түүнээс өмнө хяналтын камер суурилуулаагүй байсан ... ” болох нь /сх I хавтас 158 х/ тогтоогдсон.
Үүгээр уг нэхэмжлэл хуваарилалт нь тус шүүхийн дагаж мөрдөх журам болон “Иргэн-2014” системд нийцсэн байна.
2/-т, Өргөдөлд “... шүүгч Б.Алтанцэцэг, нэхэмжлэгч Ч нарын ашигладаг гар утаснуудын ярианы биллийг шалгаж өгөхийг хүсье... ” гэсэн, мөн шалгах ажиллагааны хүрээнд үүнийг шалгаж тодруулах нь зүйтэй гэж үзсэн тул “Х” ХХК-д хандаж, холбогдох шүүгчийн 9....... дугаар, нэхэмжлэгч Ш.Ч-ийн 9....... дугаар гар утасны 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жагсаалт болон хэрэглэгчийн дугаар руу орох яриа, мессежний дугаарын жагсаалтыг гаргаж өгөх боломжгүй гээд, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх гадагш ярьсан яриа, илгээсэн мессежний дугаарыг жагсаалтыг ирүүлсэн болно.
“Х” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 4/5320 дугаар албан бичиг, түүний хавсралтад дурдсанаар /сх II хавтас 13-14 х/, 9....... дугаарыг Б овогтой Алтанцэцэг, 9....... дугаарын Ш овогтой Ч эзэмшдэг болох нь тогтоогдож байна.
Жагсаалтаар, 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 8 удаа цахим зурвасаар, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, мөн 05 дугаар сарын 30-ны өдөр шүүгчийн дугаараас утсаар холбогдсон, Ш.Ч-н дугаараас 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 8 удаа цахим зурвас, харин 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүгчийн эзэмших дугаар руу ярих зэргээр тус тус холбогдож харилцсан байх ба харин үүнээс өмнөх холболтыг тогтоох боломжгүй байсан болно.
Утсаар холбогдсон өдрүүд нь 1/ олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр, 2/ цэргийн баярын өдөр буюу хуанлийн амралтын өдөр Бямба гараг, 3/ хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжид гарсан гомдлыг хэлэлцсэн болон түүний дараагийн өдрүүд байсан болно.
Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хугацааг тодруулбал, иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 149/ШЗ2023/...дугаар захирамж гарч, хэргийн оролцогч уг захирамжид гомдол гаргаж, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн 149/ЕШ2023/... дугаар захирамжаар гомдлыг хэлэлцэх бүрэлдэхүүнд шүүгч Б.Алтанцэцэг, Ерөнхий шүүгч Б.Хэрлэн, даргалагчаар Ж.Эрдэнэбат нарыг албажуулан /сх II хавтас 42 х/, мөн өдрийн 10:00 цагт эхэлж, 10:50 цагт дууссан шүүх хуралдаанаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гэтэл энэхүү 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн захирамжийн гомдлыг хэлэлцсэн шүүх хуралдаан болсон өдөр шүүгч 13:16 цагт шүүх хурал дууссаны дараа 311 секунд буюу 5 минут 18 секунд орчим, нэхэмжлэгч шүүх хуралдааны дараа өдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өглөө 09:41 цагт 346 секунд буюу 5 минут 53 секундийн хугацаагаар холбогдсон байгаагаар, шүүгч хэргийн оролцогч Ш.Ч-тэй харилцдаг болох нь нотлогдоно.
3/-т, Арилжааны банкнаас шүүгч Б.Алтанцэцэг, иргэн Ш.Ч нарын эзэмшдэг данс, тэдгээр данснууд хоорондоо орлого, зарлагын гүйлгээ хийсэн талаарх лавлагааг гаргуулахад, “Х” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 29/6857 дугаартай албан тоот, түүний хавсралтаар ирүүлсэн баримтаар Б.Алтанцэцэг нь 5........., 5........., 5........., 5........ тоот данснуудыг эзэмшдэг, Ш.Ч нь 5........., 5........., 5......... тоот данснуудыг тус тус эзэмшдэг ба Б.Алтанцэцэгийн эзэмшдэг 5......... тоот данснаас Ш.Ч-н эзэмшдэг 5......... тоот данс руу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1235 цагт 350.000 төгрөгийн /altaa bayarlalaa гэх гүйлгээний утгатай/ гүйлгээ хийсэн нь тогтоогдсон.
Шүүгчийн албан үүргийг гүйцэтгэхэд хувь хүний ч эрхийг хязгаарладаг нь хэргийг хуульд нийцүүлэн шударгаар шийдвэрлэх хараат бус байх зарчимтай холбоотой. Тиймээс хэргийн оролцогчтой уулзах, харилцахыг хуулиар хориглож, мөн хэргийг хянан шийдвэрлэхэд хувийн харилцаатай хэн нэгэн оролцож байгаа бол татгалзах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй гэж хуулиар зохицуулсан байдаг.
Энэхүү үйл баримтаар шүүгч Б.Алтанцэцэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчтой харилцсан, түүнчлэн найз нөхөд байж болох, харилцаа хамааралтай болох нь тогтоогдож байна.
Дээр үйлдлээрээ шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18 “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах”, 50.1.28 “хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй” гэх заалтыг зөрчсөн зөрчил гаргажээ.
Эндээс дүгнэвэл, шүүгч Б.Алтанцэцэг нь хэргийн оролцогчтой холбоо харилцаатай гэж үзэх үндэслэлтэй байх ба
- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ... ноцтой зөрчсөн” гэж заасныг,
- шүүх хурлын тэмдэглэл дутуу бичигдсэнийг хянаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, шүүх хурлын дэг, дэс дарааллыг алдагдуулснаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ... зөрчсөн” гэж заасныг,
- хэргийн хугацааг сунгуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасныг зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ... зөрчсөн” гэж заасныг зөрчсөн зөрчлийг удаа дараа уг иргэний хэргийг шийдвэрлэх явцад гаргажээ.
- Мөн хэргийн оролцогчтой утсаар холбогдсон, дансаар мөнгөн гүйлгээ хийж харьцсан зэрэг үйлдлүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18 “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах”, 50.1.28 “хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй” гэх заалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзлээ.
Хоёр. Шүүгч Б.Эрдэнэмөнх, Ж.Эрдэнэбат нарт холбогдох сахилгын хэргийн тухайд:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 101.4-т “Сахилгын хорооны хуралдаан зарлахаас өмнө өргөдөл, мэдээлэлд дурдагдаагүй шүүгчийн сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад илэрсэн бол тухайн шүүгчид сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна” гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэгт холбогдуулж үүсгэсэн сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад, тус шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх, Ж.Эрдэнэбат нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэж, хэргийг энэхүү хэрэгт нэгтгэсэн болно.
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 485 дугаар шийдвэрийг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Тус хэргийг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 17 тоот албан бичгээр анхан шатны шүүхэд хүргүүлсэн, анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хэрэг шүүгч Б.Эрдэнэмөнхөд хуваарилагдан, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 149/ШЗ2023/... дугаар захирамжаар шүүх хурлын товыг 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагт хийхээр товлосон байна.
Мөн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ...дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгч Б.Эрдэнэмөнхийг шүүх хуралдаан даргалагчаар томилжээ.
Гэтэл, Ш.Ч-н нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ц-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэх 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хурлыг шүүгч Ж.Эрдэнэбат хийж, тухайн өдрийн ... дугаартай захирамжаар талуудын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Иргэн-2014 системд, шүүгчийн туслах Э.Б-н эрхээр нэвтэрч гарсан шийдвэрийг тэмдэглэгээг үзэхэд, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн захирамж шүүгч Б.Эрдэнэмөнх гэж тэмдэглэгджээ.
Иргэний хэрэгт, тухайн өдрийн 149/ШЗ2023/... дугаар захирамж байх ба түүнээс үзэхэд, шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон хариуцагч нар оролцсон байх боловч шүүх хуралдааны тэмдэглэлд болон хэрэгт шүүгч өөрчлөгдсөн, эсхүл хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх баримт авагдаагүй байсан болно.
Сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагааны явцад шүүгчийн туслах Э.Б тайлбар өгөхдөө “...2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал тухайн 7 хоногт чөлөө авсан шүүгч Б.Эрдэнэмөнх ар гэрийн гачигдлаар чөлөө авсан байсан. ... иймд 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10:00 цагт товлогдсон хуралдааныг ... шүүгч Ж.Эрдэнэбат даргалж ... ” хийсэн гэжээ.
Тус хуралдааны дуу дүрсний бичлэг, шүүх хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулан авч, дуу дүрсний бичлэгт тэмдэглэл хийлээ.
Бичлэгээс үзвэл, шүүх хуралдаан эхэлж, гаднаас шүүгч /эрэгтэй/ орж ирээд өөрийгөө танилцуулаагүй, харин 0:00:41-0:01:26 дахь хэсэгт даргалагчаас: хариуцагчийн өмгөөлөгч Баатараас шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн. Мөн шүүх хуралдаан даргалагч Б.Эрдэнэмөнхийн хувьд ар гэрийн шалтгаанаар түр чөлөө авсан байгаа. Ийм учраас шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Шүүх хуралдааныг хойшлуулах хугацаан дээр нэхэмжлэгч талд хэлэх санал байна уу гэж хэлсэн нь бичигджээ. Үүгээр шүүх хуралдааныг Б.Эрдэнэмөнх шүүгч даргалаагүй болох нь тогтоогдоно.
Өргөдөл гаргагч Ц.Ц 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр авсан нэмэлт тайлбарт “ ... Тус хуралдааныг хэн даргалсныг мэдэхгүй байна. Эрэгтэй шүүгч байсан, нэрийг нь мэдэхгүй байна ... ” гэжээ.
Шүүгч Ж.Эрдэнэбат тайлбартаа, “ ... миний бие тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 3.2-р зүйл, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3-д тус тус заасныг баримталж Ш.Ч-н нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Ц-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгчийн захирамжаар хойшлуулж, шүүгч Б.Эрдэнэмөнх ар гэрийн гачигдлын улмаас чөлөө авсан болохыг шүүх хуралдааны танхимд зохигчдод тайлбарлаж, шүүхэд итгэх иргэдийн итгэл болон хэргийн оролцогч нарыг чирэгдүүлэхгүй байх үүднээс дараагийн шүүх хуралдааны товыг мэдэгдэж, зохигчийн эрхийг хангасан билээ ...” гэжээ.
Холбогдох шүүгч нар тайлбартаа хавсаргасан, тус шүүхийн тамгын газарт ирсэн өргөдөл гомдол, хүсэлтийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн бүртгэл хяналтын картын маягт, шүүгчид чөлөө олгосон Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамж, мөн шүүгч Б.Эрдэнэмөнхийн хүсэлт зэрэг баримтаар дээр дурдсан шүүх хуралдааныг даргалах шүүгч Б.Эрдэнэмөнх нь чөлөө авсан, “Шүүхэд иргэний хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, шүүгчид хуваарилах журам”-ын 3.2 дахь “шүүх хуралдааныг хэлэлцүүлэхээр товлон зарласан үед шүүгч ... ар гэрийн гачигдал үүссэн ... тохиолдолд ... хэргийг өр шүүгчид сугалаагаар тогтоосон дарааллын дагуу системээс гараар хуваарилна” гэж заасны дагуу Ж.Эрдэнэбат шүүгч тухайн хуралдааныг даргалсан болох нь тогтоогдож байна. Иймээс уг үйл баримтыг сахилгын зөрчил гэж үзэхгүй.
2. Шүүгч Б.Эрдэнэмөнх нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар иргэн Ш.Ч-н нэхэмжлэлтэй Ц.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, 149/ШЗ2023/... дугаар захирамж гаргажээ.
Тус захирамжийн үндэслэх хэсэгт “ ... хариуцагч Ц.Ц нэхэмжлэгч Ш.Ч-с ... зээлийн гэрээ байгуулж ... төгрөгийг тодорхой хэмжээний хүү тооцож өгч авахаар тохиролцсон хэлцэл хийсэн ... боловч ... урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авахын тулд зээлийн гэрээгээр халхавчлан, зохиомол байдлыг зориуд бий болгож залилах гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна ...” гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсгийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах үед, эсхүл иргэний хэргийг хянан шийдвэрлэж байгаа үед эрүүгийн журмаар тухайн нэхэмжлэлтэй холбоотой хэрэг шалгагдаж байвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах буюу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж болно. Гэтэл эрүүгийн хэрэг шалгагдаагүй байхад эрүүгийн журмаар шалгуулах ёстой гэх агуулгаар уг заалтын хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ... зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчжээ.
Дээрх захирамжид хэргийн оролцогч гомдол гаргаж, гомдлыг хэлэлцсэн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар ... дугаар захирамжийг хүчингүй болгожээ.
Шүүгчид хориглосон 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлийн бүрдэл нь илт тодорхой хуулийн заалтыг зөрчсөн зөрчил “ноцтой”, эсхүл “удаа дараа” байх ёстой байдаг ба шүүгчийн гаргасан захирамж хүчингүй болсон, тухайн захирамжаас улбаалан сөрөг үр дагавар хэргийн оролцогчид бий болоогүй тул зөрчлийг “ноцтой” гэж үзэх үндэслэлгүй.
Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл, шүүгч Ж.Эрдэнэбат, Б.Эрдэнэмөнх нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шүүгчид хориглосон, үүрэг болгосон заалтыг зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байх тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.
Харин шүүгч Б.Алтанцэцэг нь холбоо харилцаа бүхий иргэний хэргийн зохигч Ш.Ч-н эрх ашгийн үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ... ноцтой зөрчсөн” гэж заасныг, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, шүүх хурлын дэг, дэс дарааллыг алдагдуулснаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8 дахь хэсэгт заасныг, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2 дахь хэсэгт заасныг зөрчсөнөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасан “хуулийн илт тодорхой заалтыг ... удаа дараа зөрчсөн”, хэргийн оролцогчтой утсаар холбогдсон, дансаар мөнгөн гүйлгээ хийж харьцсан зэрэг үйлдэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18 “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах”, 50.1.28 “хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй” гэх заасныг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэж, нотлох дүгнэлт үйлдэв.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Илтгэгч гишүүн өргөдөлд дурдсан үндэслэлээр нэр бүхий шүүгчид холбогдуулан ГЗҮ/2023/0073 дугаар “Сахилгын хэрэг үүсгэх тухай” захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, үндэслэл бүрээр шалгах ажиллагаа явуулж, улмаар өргөдөлд дурдагдаагүй боловч шүүгчийн сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад илэрсэн тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх, Ж.Эрдэнэбат нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэж, хэргийг энэхүү хэрэгт нэгтгэн шалгасан нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4, 105 дугаар зүйлийн 105.4 дэх хэсэгт тус тус заасанд нийцсэн байна.
Илтгэгч гишүүн холбогдох шүүгч Б.Алтанцэцэг нь иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад сахилгын зөрчилд хамаарах үйлдэл гаргасан эсэхэд шалгах ажиллагаа явуулж, өргөдлийн зарим үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэрлэн заасан сахилгын зөрчилд хамаарахгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Нэг. Шүүх хуралдаан болох өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 23-нд хариуцагчаас өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд өгсөн, энэ нь шүүгчийг хэрэгтэй танилцсаны болсон үйл явдал байх ба шүүгчийг хавтаст хэрэгтэй танилцах үед хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хүсэлт байхгүй байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар шүүгч эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг гаргуулан авсан үйл баримтыг сахилгын зөрчилд тооцохгүй.
Хоёр. Давж заалдах шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэргийг шийдвэрлэж, 07 дугаар сарын 05-ны өдрийн 48 тоот албан бичгээр хүргүүлснийг, 07 дугаар сарын 18-ны өдөр анхан шатны шүүх хүлээн авчээ.
Шүүгч Б.Алтанцэцэг батлагдсан хуваарийн дагуу 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд амарсан, 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл өвчний учир чөлөөтэй байжээ.
Ингээд 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдааныг 09 дүгээр сарын 27-ны өдөр хийхээр товлон зарласан бөгөөд тус өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаж, 10 дугаар сарын 11-ний өдөр хурал товлосон, тухайн өдөр товлосон шүүх хуралдаанаар хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилж, 10 дугаар сарын 28-ны өдөр товлогдсон байна. Ийнхүү шүүх хуралдаан хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилсон байх тул шүүгчийг буруутгах үндэслэлгүй.
Гурав. Шүүгч хэргийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн, хуулийн хүрээнд талуудын хороонд байгуулсан зээлийн гэрээ, түүний хүү алдангийн тооцооллыг хийж шийдвэрлэснийг сахилгын зөрчил гэж үзэхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасанд нийцсэн гэж үзнэ.
Харин сахилгын хэргийн оролцогч болох шүүгч Б.Алтанцэцэг дараах зөрчил гаргасан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул илтгэгч гишүүний “Сахилгын зөрчил гаргасныг нотлох” дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж бүрэлдэхүүн үзэв.
Дөрөв. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн захирамж гаргасан, мөн тус захирамжаа хүчингүй болгохдоо шүүгч нь хууль зөрчсөн дараах үйлдэл гаргажээ.
Илтгэгч гишүүний дүгнэлтэд “... Иргэний хэргийг шүүх хянан шийдвэрлэх үед зохигчдоос гаргаж буй хүсэлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай тухайлбал: нотлох баримт, шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамж, нэхэмжлэлийг хүлээн авсан эсэх, хэрэг түдгэлзүүлэх, шинжээч томилох, гуравдагч этгээд оролцуулах, хамтран нэхэмжлэгч хариуцагч нарыг шийдвэрлүүлэх, шүүхийн харьяалал тогтоох зэрэг тохиолдлууд байдаг. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж хуульчлан заасан.
Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж болон шүүхийн тогтоолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар гомдол гаргах эсэх асуудал ч хөндөгддөг учиртай.
Гэтэл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамааралгүй, нэхэмжлэгчийн шаардах эрх, тухайн шаардах эрхийн хэрэгжих нөхцөл байдалтай холбогдох, хэргийг шийдвэрлэхэд дүгнэдэг Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж үзэж захирамж гаргасан дээр дурдсан хуулийг зөрчиж, илтэд хэргийн нэг талд ач холбогдолтой, тухайн талд үйлчилсэн гэж үзэх үндэслэлийг бүрдүүлжээ”, “... хариуцагчийн өмгөөлөгч 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дээрх захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасныг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 672 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өмнө гаргасан 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 422 дугаар захирамжаа арга буюу 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 149/ШЗ2023/... дугаар захирамжаар хүчингүй болгохдоо дээрх 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаар захирамжийг хэрхэх талаар шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр өөр хоорондоо зөрчилдөх үр дагавартай захирамжууд бий болгож, хуулийг зөрчжээ” гэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ... тоот “Хүсэлт хангах тухай” шүүгчийн захирамжаар хөөн хэлэлцэх хугацаа сэргээх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэн, улмаар 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн ... дугаар шийдвэр гарсан байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчаас гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хоёр удаа хянан хэлэлцэж дараах шийдвэр гаргасан байна.
- 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 208/МА2022/... дугаар “Ш.Ч-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай” магадлалаар “... зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгөх хүсэлт гаргасныг шүүгчээс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 422 тоот захирамж гаргахдаа талуудыг оролцуулан тайлбар гаргах эрхийг хангалгүй шийдвэрлэсэн нь тэдний эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болж байгаа бөгөөд мэтгэлцэх болон талуудын тэгш эрхийн зарчим алдагдсан байна..., “... Хариуцагч Ц.Ц-н зүгээс гаргасан хөөн хэлэлцэх хугацаа сэргээсэн захирамжийг мэдээгүй, тэдний эрх зөрчигдсөн тул шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүссэн гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 167 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав” гэж;
- 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 208/МА2023/... дугаар “Ш.Ч-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай” магадлалаар “ ... 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 208/МА2022/... дугаар магадлалд тодорхой заасан боловч уг магадлалын дагуу дээрх эрх зөрчиж гарсан 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 422 тоот захирамжийг хүчингүй болгосны эцэст, шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээх эсэх асуудлыг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед шийдвэрлэх нь хууль ёсны болон тэгш эрхийн зарчимд нийцнэ гэж дүгнэв” гэсэн байх бөгөөд ийнхүү хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд хэргийг зөвхөн гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хянан хэлэлцсэн байна.
Давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэхдээ хэргийг ямар үндэслэлээр хүчингүй болгосон талаар тодорхой заасан атал шүүгч Б.Алтанцэцэг холбогдох ажиллагааг хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа удааширсан үүний улмаас сөрөг үр дагавар хэргийн оролцогчид бий болсон байх тул зөрчлийг “ноцтой” гэж үзэх үндэслэлтэй.
Тус магадлалуудад дурдсан 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Хүсэлт хангах тухай” ... тоот захирамжийг шүүгч Б.Алтанцэцэг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 149/ШЗ2023/... тоот захирамжаар хүчингүй болгожээ.
Ийнхүү шийдвэрлэхдээ хэргийн хугацааг сунгуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасныг зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ... зөрчсөн” гэж заасныг зөрчсөн зөрчлийг гаргасан байна.
Мөн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт шүүгч “... шүүх хуралдааныг түр завсарлая, хуралдааныг жич зарлана” гэж мэдэгдсэнээс хойш тодорхой хугацааны турш шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, хэргийн талаар хэлэлцсэн болох нь тогтоогдож байх бөгөөд харин бичгээр албажиж гарсан шүүх хуралдааны тэмдэглэлд дээрх яриа бүрэн тусгаагүй байна.
Шүүн таслан ажиллагаа нь хуульд заасан дэг журмаар явагдах ба нэгэнтээ шүүх хуралдаан дууссаныг зарласан боловч цааш үргэлжлүүлэн, талуудыг мэтгэлцүүлсэн, хүндэтгэх үзэх шалтгааны улмаас шүүх хуралд оролцоогүй өмгөөлөгчгүйгээр хэлэлцүүлэг хийж, хууль зөрчжээ.
Шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүх мэтгэлцэх зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгаа болон талуудын шүүхэд гаргасан тайлбар, хүсэлт зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотолгооны нэг хэрэгсэл тул хэрэв шүүх хуралдааны тэмдэглэл хуульд заасан шаардлага хангаагүй, алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч засвар хийхээр холбогдох хуулиар зохицуулсан байна. Гэтэл шүүгч тэмдэглэлийг хяналгүй гарын үсэг зурж баталгаажуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд шүүгчийн нийтлэг бүрэн эрх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дахь хэсэгт тус тус заасан заалтыг зөрчсөн байна.
Холбогдох шүүгч нь ийнхүү тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад хуулийн илт тодорхой заалтуудыг удаа дараа, ноцтой зөрчсөн үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасанд хамаарч байна гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Тав. Маргаан бүхий иргэний хэргийн нэхэмжлэгч Ш.Ч-н эзэмшдэг харилцах данснаас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр холбогдох шүүгч Б.Алтанцэцэгийн эзэмшлийн харилцах дансанд “баярлалаа Алтаа” гэсэн утгатай мөнгөн гүйлгээ хийсэн байна.
Энэ талаар хэргийн оролцогч шүүгч Б.Алтанцэцэг сахилгын хорооны хуралдаанд “... Н гэх хүнээр дамжуулж гражаа түрээслүүлдэг, түүнтэй холбоотой гүйлгээ байх, сайн санахгүй байна, дэвтэр дээр тэмдэглэсэн байгаа... ” гэх зэрэг тайлбарыг гаргасан бөгөөд тухайн орлогын зориулалтыг нотлохуйц тодорхой тайлбар өгөөгүй, үгүйсгээгүй мөн холбогдох баримтыг ирүүлээгүй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар дээрх хуульд нэрлэн заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага боловч шүүгчийн гаргасан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалган тогтоох эрх хуулиар олгогдоогүй тул хэргийн оролцогчоос мөнгө авсан үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй болохыг тухайлан дурдах нь зүйтэй байна.
Мөн сахилгын хэрэгт авагдсан баримтаар шүүгч Б.Алтанцэцэг нь өөрийн эзэмшлийн гар утаснаас Ш.Ч-тэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байх цаг хугацаанд буюу тодруулбал, 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох хугацаанд нийт 11 удаа буюу удаа дараа харилцсан болох нь тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогч шүүгч энэхүү үйл баримтыг үгүйсгээгүй, түүнчлэн сахилгын хорооны хуралдаанд “... Эрүүл мэндийн бүтээгдэхүүн авдаг юм. Энэ талаараа ярьсан байж магадгүй. Би хэргийн оролцогчтой харилцаагүй иргэн Э-тэй л харилцсан, тухайн үед асуудал шийдсэн байсан..., ” гэх тайлбар гаргасан.
Дээрх үйл баримтуудаар шүүгч Б.Алтанцэцэг хэргийн оролцогчтой удаа дараа зурвас бичих, ярих зэргээр харилцсан, дансаар мөнгө авсан үйлдэл нь цаг хугацааны хувьд үргэлжлэн явагдсан байгаагаас үзэхэд тэд хоорондоо байнгын харилцаатай, мөн ердийн харилцаанаас илүү болох нь тогтоогдож байх тул хувийн харилцаатай гэж дүгнэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар хэргийн зохигч буюу “нэхэмжлэгч” нь хэргийн оролцогч болно.
Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсний дараа хэргийн оролцогчийн эрх зүйн байдал дуусгавар болно гэсэн ойлголтыг энэхүү хуулиар зохицуулаагүй бөгөөд тэгж зохицуулах боломжгүй болох нь давж заалдах гомдол гаргах, гомдолд хариу тайлбар өгөх, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, хугацааг сэргээлгэх, цаашлаад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт шийдвэрлэж шүүгчийн захирамж гаргах, гүйцэтгэх хуудас олгох зэргийг хэргийн оролцогч анхан шатны шүүхэд гаргах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цааш үргэлжлэн явагдах боломжтой байдаг болно.
Гэтэл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх цаг хугацаанд, тухайн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байх үед хэргийн оролцогч болох иргэнтэй харилцаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэж заасан зөрчлийг гаргасан байна.
Шүүгч хэргийг хуульд нийцүүлэн шударгаар шийдвэрлэж чадна гэх ойлголтыг бусдад төрүүлэх, хараат бус байх явдал нь хуулиар хүлээлгэсэн нэн чухал үүрэг тул хэргийн оролцогчтой уулзах, харилцахыг хуулиар хориглож, мөн хэргийг хянан шийдвэрлэхэд хувийн харилцаатай хэн нэгэн оролцож байгаа бол татгалзах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй талаар хууль, тогтоомжоор нарийвчлан зохицуулсан байдаг.
Тухайлбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “... “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг” хориглоно, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ...” гэж тус тус заасан тул уг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан дагаж мөрдөх үүрэгтэй байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолд тайлбарласан зэргээс үзэхэд шүүгч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдээр хэргийн оролцогчдоос “шүүгчийг татгалзан гаргах тухай” хүсэлт гаргах, шүүгч өөрөө “татгалзан гарах тухай” хүсэлтээ гаргах боломжтой атал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Шүүгч шүүх хуралдааныг даргалан явуулахдаа хөндлөнгийн байр сууринаас, төвийг сахин, аль нэг талд давуу байдал олгохгүй байх, тийн ойлгогдохоос зайлсхийх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны гарсан эсэхэд талуудад эргэлзээ үүсэх, цаашлаад шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай.
Иймд дээрхийг нэгтгэвэл шүүгч Б.Алтанцэцэг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18 “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах”, 50.1.28 “хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй” гэх заалтыг тус тус зөрчсөн зөрчил гаргажээ.
Зургаа. 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааны даргалагч шүүгч Б.Эрдэнэмөнх нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас холбогдох журамд заасны дагуу чөлөө авсан, шүүх хуралдаанд оролцохоор оролцогчид ирсэн байсан тул холбогдох хууль болон “Шүүхэд иргэний хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, шүүгчид хуваарилах журам”-д тус тус заасанд нийцүүлэн Ж.Эрдэнэбат шүүгч тухайн хуралдааныг даргалсан байна.
Уг хуралдаанаар иргэний хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлээгүй бөгөөд хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж гаргасан нь холбогдох хуулийг зөрчөөгүй байх тул дээрх үйл баримтаар шүүгч Б.Эрдэнэмөнх, Ж.Эрдэнэбат нар нь сахилгын зөрчил гаргаагүй гэж дүгнэх үндэслэлтэй.
Долоо. Шүүгч Б.Эрдэнэмөнх нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар иргэн Ш.Ч-н нэхэмжлэлтэй Ц.Ц-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсгийг үндэслэн 149/ШЗ2023/... дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Дээрх захирамжид хэргийн оролцогч гомдол гаргаж, улмаар 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 149/ШТ2023/... дугаар шүүхийн тогтоолоор тус захирамжийг хүчингүй болгосон байна.
Эрүүгийн журмаар шалгаж байгаа бол энэ ажиллагаа дуусах хүртэл иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх боломжгүй тул ийнхүү хэргийг хэрэгсэхгүй болгох тухай “... уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа... ” бол хэмээн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь заалтад тодорхой заасан атал эрүүгийн журмаар шалгуулах ёстой гэх агуулгаар хэрэглэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ... зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчжээ.
Гэсэн хэдий ч шүүгчийн гаргасан захирамж хүчингүй болсон, тухайн захирамжаас улбаалан сөрөг үр дагавар хэргийн оролцогчид бий болсон гэх нөхцөл байдал үүсээгүй байх тул зөрчлийг “ноцтой” гэж үзэх үндэслэлгүй гэж бүрэлдэхүүн үзэв.
Шүүгчид хориглосон 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлийн бүрдэл нь илт тодорхой хуулийн заалтыг зөрчсөн зөрчил “ноцтой”, эсхүл “удаа дараа” байх ёстой байдаг ба дээрх үйл баримт нь уг заалтад хамаарахгүй.
Иймд илтгэгч гишүүний гаргасан шүүгч Б.Эрдэнэмөнхөд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал үндэслэлтэй байна.
Найм. Шүүгч Б.Алтанцэцэг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18 “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” зөрчил гаргасан тул түүнд 57 дугаар зүйлийн 57.1.4-д зааснаар шүүгчийн бүрэн эрхийг 3 сараар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28 “хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй” зөрчил гаргасан тул 57 дугаар зүйлийн 57.1.3-д зааснаар цалингийн хэмжээг 6 сараар 20 хувиар бууруулах, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” зөрчил гаргасан тул 57 дугаар зүйлийн 57.1.7-д зааснаар нээлттэй сануулах сахилгын шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.1.3, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэгт холбогдох нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-д зааснаар “нээлттэй сануулах”, 57.1.3-д зааснаар цалингийн хэмжээг 6 сараар 20 хувиар бууруулах, 57.1.4-д зааснаар шүүгчийн бүрэн эрхийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах сахилгын шийтгэлийг тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
2.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат, Б.Эрдэнэмөнх нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2-д зааснаар тус сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор хуульд заасан журмын дагуу хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
5.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Х.ХАШБААТАР