info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-04-22

Дугаар 56

Улаанбаатар хот

                                                                                                                                                             Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн С.Энхтөр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэгт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ГС/2025/0040 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

“ ... Сахилгын  хэрэгт авагдсан  баримтаар Д.Ш нь “Э” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19,839,617.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг нэхэмжлэлийг хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ...дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн,  хариуцагч “Э” ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.А-г томилсон, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариу тайлбар гаргах хугацаа тогтоож, зохигчид эрх, үүрэг тайлбарлах ажиллагаа явуулжээ.

Нэхэмжлэгч Д.Ш-н “...шүүгч А.Цэлмэгийг татгалзан гаргах” тухай хүсэлтийг Ерөнхий шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй.

Нэхэмжлэгч Д.Ш 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ...хариуцагч “Э” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авхуулах” хүсэлт гаргасан ба энэхүү хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дахин гаргасан байна. 

Шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар захирамжаар хариуцагч “Э” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээ авч, харин хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох хүсэлтийг хангахгүй орхижээ. 

Хариуцагч  дээрх захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасныг тус шүүх 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд ... дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн байна.

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг шүүгч хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа авах ба энэ талаарх хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хуульд нарийвчлан зохицуулаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.2-т “шүүгч энэ хуулийн 69.1-д заасан хэд хэдэн арга хэмжээг нэгэн зэрэг авч болно” гэж заасан.

Нэхэмжлэгч шүүхээс гарах шийдвэрийг биелэлтийг баталгаажуулах 2 арга хэмжээг авхуулах хүсэлт гаргасан боловч шүүгч “хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох” арга хэмжээг авах шаардлагагүй гэж үзэж энэхүү хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд “...хүсэлтийг шийдвэрлэхгүй бүтэн 4 сар болсон, ...хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох” арга хэмжээг авалгүй нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг хязгаарлаж, хариуцагчид давуу байдал бий болгосон...” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй. 

 2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжих ба хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бол  татгалзаж буй үндэслэл, түүнтэй холбоотой баримтаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч тайлбар гаргаагүйд шүүгчийг буруутгах боломжгүй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2.-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно”, 76 дугаар зүйлийн 76.1.1-т “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлоно” гэж тус тус заасан.

Шүүгч нэхэмжлэлд 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 30 хоногоор сунгаснаар үзвэл хуулийн 71.1-д заасан хугацаа 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дууссан байна.

Маргаан бүхий иргэний хэрэгт хийсэн үзлэгээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч А.Цэлмэгт 3 сарын чөлөө олгохоор шийдвэрлэсэнтэй холбоотойгоор тус иргэний хэргийг өөр шүүгчид системээр хуваарилахаар шийдвэрлэжээ.

Хуульд зааснаар хэргийн хугацаа дууссанаас хойш хэргийг өөр шүүгчид хуваарилах хүртэл хугацаанд шүүх хуралдааныг товлон зарласан нь тодорхой бус, энэ тухай баримт тухайн иргэний хэрэгт байхгүй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т зааснаар шүүгч хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бол сахилгын шийтгэл оногдуулна. 

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дууссан боловч шүүгч А.Цэлмэг шүүх хуралдааныг товлон зарлаагүй байх тул  хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Гэхдээ энэхүү үйлдэл нь ноцтой эсхүл удаа дараа тохиолдолд сахилгын зөрчилд тооцогдоно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ... тоот албан бичигт “...шүүгч А.Цэлмэг нь 2024 онд 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 327 нэхэмжлэл хүлээн авснаас 46  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 281 нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, 213 хэргийг хянан шийдвэрлэж, 330 шүүх хуралдаан товлосон байх бөгөөд 1147 эрх зүйн акт үүнд 898 шүүгчийн захирамж, 181 шийдвэр, 8 шүүхийн тогтоол, 60 гүйцэтгэх хуудас бичиж боловсруулан албажуулсан, ...ажлын 1 өдөрт дунджаар 3.8 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, иргэний хэрэг үүсгэх захирамж гарган 2.47 хэргийг хянан шийдвэрлэж, өөрийн 3.83 хэргийн шүүх хуралдааныг зарлан даргалж, 13.3 захирамж, эрх зүйн акт боловсруулж, бусад шүүгчийн 0.4 хэргийн бүрэлдэхүүнд орж ажилласан, ...энэ хугацаанд шүүгчийн туслахаар Б.А , н.М, Б.А, Ө.Е нар ажиллаж байсан...” гэжээ.

Гэрч Б.А “…Шүүгч А.Цэлмэгийн туслахаар 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний хооронд ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд Д.Ш-н нэхэмжлэлтэй “Э” ХХК-д холбогдох хэрэгт хариуцагчид нэхэмжлэл гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч холбогдох баримтад гарын үсэг зуруулсан байна. Нэхэмжлэгч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасан байсан. Түүнийг шүүгчид танилцуулж байснаа санаж байна..., Энэ үед миний санахаар шүүгчид 210 гаруй нэхэмжлэл, хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан. Энэ үед би нялх хүүхэдтэй байсан. Шүүгч маш их ачаалалтай байсан ба миний хувьд шөнө орой суух, хагас бүтэн сайнд ажиллах боломжгүй учраас туслахын ажлаас чөлөөлөгдөж, нарийн бичгийн даргын ажил хийх болсон” гэж мэдүүлжээ.  

Иймд шүүгч А.Цэлмэгийн “...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь хэрэг маргаан ихтэй байсан төдийгүй миний хувьд 200 гаруй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан. Үүн дээр 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тусгайлсан журмаар нэхэмжлэл хүлээн авч, 2025 оноос шүүхийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөхтэй холбоотойгоор тусгайлсан журмаар шийдвэрлэх хэргийг харьяалах шүүх рүү шилжүүлэхэд бэлтгэх, шүүхийн нүүдэл, зохион байгуулалтыг хийх, хуучин шүүхийн тамга, тэмдэг хураагдахтай холбоотойгоор маш их ачаалалтай байсан, олон туслах солигдсон ...” гэсэн тайлбар тогтоогдож байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 208 тогтоолоор /https://judcouncil.mn/ иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ажлын зохист ачааллын дээд хязгаарыг жилд 209 хэрэг гэж тогтоосон ба  холбогдох шүүгч зөвхөн 1 улиралд жилд тогтоосон зохист ачааллын дээд хязгаараас илүү ачаалалтай ажиллаж байжээ.

Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд  “Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 2 дугаар зүйлийн Нэг дэх хэсгийн 1, 2, 3 дахь заалт, Хоёр дахь хэсгийн 1, 2, 3 дахь заалт, мөн зүйлийн Гурав, Зургаа дахь хэсэгт заасан анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа эрүү, иргэний хэрэг, маргаан, эрүүгийн хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх зөрчлийн хэрэг, маргааныг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан нутаг дэвсгэрийн харьяаллын шүүхэд шилжүүлнэ” гэж заасан.

Иймд холбогдох шүүгчийн “...шүүхийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор шүүхийн нүүдэл, зохион байгуулалтыг хийх, хуучин шүүхийн тамга, тэмдэг хураагдахтай холбоотойгоор маш их ачаалалтай байсан...” гэх тайлбарыг буруутгах боломжгүй.

Түүнчлэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамжид хариуцагч 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасан,  гомдлыг шүүх 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хянан шийдвэрлэсэн, мөн шүүгчийг татгалзан гаргах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэх зэрэг ажиллагаа явагдаж байжээ. 

 Дээр дурдсанаас үзвэл, холбогдох шүүгч нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тогтоосон зохист ачааллаас хэтэрсэн ачаалалтай ажиллаж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжид гарсан гомдол, татгалзан гарах хүсэлт хуульд заасан журмаар шийдвэрлэгдэж байсан, мөн шүүхийн зохион байгуулалт өөрчлөгдсөн нөхцөл байдал шалтгаалсан байх тул шүүгчийг хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой” зөрчсөн гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн гэх нөхцөл тогтоогдоогүй болно.   

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50.1.23-т заасан “...хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан”, 50.1.26-д заасан шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих гэх үндэслэл тогтоогдоогүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэгт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч А.Цэлмэг Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа:  

“ ... би Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаар зарлигаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүгчийн тангаргаа өргөн, ажиллаж эхэлсэн билээ.

Нэхэмжлэгч Д.Ш нь “Э” ХХК-д холбогдуулан гаргасан иргэний хэрэгт гаргасан хүсэлттэй холбоотой өргөдөл, гомдол гаргажээ. 2024 оны 09 дүгээр сард миний туслах жирэмсний амралт авснаар байн байн туслах солигдож /Б.А , Б.А, Ө.Е/, шинэ туслахуудыг ажилд нь дадлагажуулах, сургах байдлаар ажилласан.

Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь хэрэг маргаан ихтэй байсан төдийгүй миний хувьд 200 гаруй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан. Үүн дээр 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тусгайлсан журмаар нэхэмжлэл хүлээн авч, 2025 оноос шүүхийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөхтэй холбоотойгоор тусгайлсан журмаар шийдвэрлэх хэргийг харьяалах шүүх рүү шилжүүлэхэд бэлтгэх, шүүхийн нүүдэл, зохион байгуулалтыг хийх, хуучин шүүхийн тамга, тэмдэг хураагдахтай холбоотойгоор маш их ачаалалтай байсан.

Тухайн үед хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэж байсан боловч энэ хэргийн хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна. Харин 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчээс дахин хүсэлт ирүүлснээр тэр даруйд нь тус хүсэлтийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн  хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжид тус шүүхэд гомдол гаргаж, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн гомдлын хуралдаанаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Дээрх объектив нөхцөл байдлыг харгалзан надад үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.Ш-с Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэгт холбогдуулан гаргасан Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлийг тус хорооны гишүүн хүлээн авч 2025  оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ГЗҮ/2025/0023 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь хууль зүйн үндэслэл бүхий байна гэж бүрэлдэхүүн үзэв.

1. Өргөдөлд “ ... хариуцагч хуулийн хугацаанд хариу тайлбараа гаргаагүй” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Ш нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19,839,617.6 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус нэхэмжлэл шүүгч А.Цэлмэгт хуваарилагдан, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШЗ2024/...дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

Улмаар хариуцагч 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, эрх, үүрэгтэй танилцан хариу тайлбар гаргах хугацааг тогтоосон байна.

Хариуцагч эсрэг талын тайлбар, татгалзал, түүний нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй бөгөөд нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүргийг хүлээдэг.

Гэтэл хариуцагч хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй буюу 14 хоногийн дотор хариу тайлбараа гаргаагүйд шүүгчийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.

2. Өргөдөлд: “ ... шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлтийг огт шийдвэрлэхгүй удаасан, 4 сар болсон, нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг хязгаарлаж, хариуцагчид давуу байдал олгосон” гэжээ.

Нэхэмжлэгчээс 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-т зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөний нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авхуулах хүсэлт гаргасан.

Шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар хариуцагч “Э”ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг 19,839,617.6 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Тус захирамжийг эс зөвшөөрч хариуцагч гомдол гаргасан ба гомдлыг тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн гомдол шийдвэрлэх хуралдаанаар хэлэлцээд 191/ШТ2025/... дугаартай тогтоолоор хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хэрэг үүсгэхдээ болон үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй байхаар зохицуулсан байна.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ыг баталсан. Тус аргачлалын 4.2.2-т “Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаас бусад хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ...” гэж зааснаас үзвэл шүүгч хүсэлтийг хүлээн авсан бол 7 хоногийн дотор шийдвэрлэхээр зохицуулсан. Харин  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хүсэлтийг хэд хоногийн дотор шийдвэрлэх талаар тусгайлан зохицуулаагүй болно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т зааснаар шүүгч хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн тохиолдолд сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан бөгөөд дээр дурдсанаар хүсэлт шийдвэрлэх хугацааг хуульд нарийвчлан зохицуулаагүй тул өргөдлийн дурдсан үндэслэл нь “сахилгын зөрчилд хамаарахгүй” гэж дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.

Хэдийгээр уг асуудал нь сахилгын зөрчилд хамаарахгүй, хариуцагч талд давуу байдал олгосон гэж үзэхгүй хэдий ч  шүүгч А.Цэлмэг нь хэргийн оролцогч нараас гаргаж буй хүсэлтүүдийг түргэн, шуурхай шийдвэрлэхэд цаашид анхаарч ажиллавал зохино.

3. Өргөдөлд “ ... хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, хариуцагч талд хугацаа хожих, ашигтай нөхцөл байдлыг зориуд бий болгож давуу байдал бий болгосон” гэжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн шийдвэрлэнэ”, мөн хуулийн 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.” гэж зааснаар үзвэл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 90 хоногийн хугацаанд явуулахаар зохицуулсан.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар шүүгч А.Цэлмэг нь Д.Ш-н “Э” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ЗТ2024/... дугаартай тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгаж тус хугацаа 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дууссан байна. 

Мөн шүүгч А.Цэлмэг нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 3 сарын хугацаагаар чөлөө авч, улмаар 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 191/ЗТ2025/... дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэрэг, нэхэмжлэлүүдийг шүүгч нарт хуваарилсан байх ба илтгэгч гишүүн иргэний хэрэгт 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийхэд шүүгч А.Цэлмэгээс зөвлөгөөний тогтоолоор хэрэг шилжих хүртэл хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан товлон зарлаагүй, хуульд заасан хугацаанд хэргийг хянан шийдвэрлээгүй нь шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.

Иймд шүүгч А.Цэлмэг нь дээрх хэргийг нийтдээ иргэний хэрэг үүсгэснээс хойш 6 сарын хугацаанд хэргийг хянан шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэх ба энэ талаарх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй бүхий болжээ.

Холбогдох шүүгч тайлбартаа: “ ... ажлын ачаалал өндөртэй байдаг, шүүгчийн туслах солигддог, шүүхийн бүтэц зохион байгуулалттай холбоотой тусгайлсан журмаар шийдвэрлэх хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлсөн” талаар дурджээ.

Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн холбогдох шүүгчийн ажлын ачааллын талаарх баримтуудыг авчээ. Үүнд:

2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 327 нэхэмжлэл хүлээн авснаас 46 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 281 нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, 213 хэргийг хянан шийдвэрлэж, 330 шүүх хуралдаан товлосон байх бөгөөд 1147 эрх зүйн акт үүнд 898 шүүгчийн захирамж, 181 шийдвэр, 8 шүүхийн тогтоол, 60 гүйцэтгэх хуудас бичиж албажуулсан болох нь ачааллын судалгаагаар тогтоогдож байх ба түүнчлэн түүний туслахаар Б.А , н.М, Б.А, Ө.Е нар солигдон ажиллаж байсан талаарх  баримт сахилгын хэрэгт авагдсан байна.

Мөн Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийг шинээр байгуулсан ба үүнтэй холбоотойгоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийг нэгтгэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийг мөн шинээр байгуулсан ба тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргүүдийг харьяаллын дагуу хялбар ажиллагааны шүүх рүү шилжүүлсэн зэрэг нийтэд илэрхий үйл баримт болсон тул шүүгчийн “ ... шүүхийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор шүүхийн нүүдэл, зохион байгуулалтыг хийх, хуучин шүүхийн тамга, тэмдэг хураагдахтай холбоотойгоор маш их ачаалалтай байсан” гэх тайлбарыг буруутгах боломжгүй байна.

Өргөдөл гаргагчаас шүүгч А.Цэлмэгийг “ ... хэргийг хугацаандаа шийдвэрлээгүй”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-т “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасныг зөрчсөн гэх агуулгаар өргөдөл гаргасан нь тогтоогдохгүй байгаа хэдий ч  илтгэгч гишүүн сахилгын хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчилд хамаарахуйц талаар зөв дүгнэлт хийсэн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т зааснаар шүүгч хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн тохиолдолд сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан.

Дурдсан хугацаанд холбогдох шүүгч ачаалал ихтэй, шүүхийн зохион байгуулалт өөрчлөгдсөн, олон туслах солигдож байсан нь хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааг зөрчих үндэслэл болохгүй хэдий ч дээрх нөхцөл байдлыг харгалзан “ноцтой” зөрчилд тооцоогүй талаарх илтгэгч гишүүний дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Шүүгч А.Цэлмэг тус иргэний хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-т заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчил гаргасан нь дээр дурдсанаар тогтоогдсон ба холбогдох шүүгчийг урьд Шүүхийн сахилгын хорооноос хуулийн илт тодорхой заалт зөрчсөн гэж үзсэн шийдвэр гараагүй тул удаа дараа гэж үзэхгүй бөгөөд дээрх зөрчлийг дахин гаргасан тохиолдолд “удаа дараа”-д хамаарч сахилгын зөрчилд тооцогдох үр дагавартай тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж ажиллахыг анхааруулах нь зүйтэй байна.

Иймд, дээрхийг нэгтгэн дүгнээд, илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэгт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ГС/2025/0040 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэгт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                        ДАРГАЛАГЧ                                     Д.МЯГМАРЦЭРЭН

             ГИШҮҮН                                          С.ЭНХТӨР

                                                                                         Д.ЭРДЭНЭЧУЛУУН