
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
ХЯНАЛТЫН ТОГТООЛ
2025-04-24
Дугаар 13
Улаанбаатар хот

Сахилгын хорооны магадлалд
өөрчлөлт оруулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн О.Номуулин, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Н, холбогдох шүүгч Б.Эрдэнэмөнх /цахимаар/, шүүгч Б.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Ж.Б нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн СХМ/2025/....3 дугаар магадлалыг эс зөвшөөрч, холбогдох шүүгч Б.Алтанцэцэгийн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн сахилгын хорооны магадлалаар: Шүүгч Б.Алтанцэцэгийг “...шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ....2 дугаар “Хүсэлт хангах тухай” захирамжаар хөөн хэлэлцэх хугацаа сэргээх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэн, улмаар 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 167 дугаар шийдвэр гарсан байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчаас гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хоёр удаа хянан хэлэлцэж... шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэхдээ хэргийг ямар үндэслэлээр хүчингүй болгосон талаар тодорхой заасан атал шүүгч Б.Алтанцэцэг холбогдох ажиллагааг хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа удааширсан үүний улмаас сөрөг үр дагавар хэргийн оролцогчид бий болсон байх тул зөрчлийг “ноцтой” гэж үзэх үндэслэлтэй. Тус магадлалуудад дурдсан 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ....2 дугаар “Хүсэлт хангах тухай” захирамжийг шүүгч Б.Алтанцэцэг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 149/ШЗ2023/0...4 дүгээр захирамжаар хүчингүй болгожээ. Ийнхүү шийдвэрлэхдээ хэргийн хугацааг сунгуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-т заасныг зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ...зөрчсөн үйлдэл гаргах” гэж заасныг зөрчсөн зөрчлийг гаргасан.
Мөн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны... тэмдэглэлийг хяналгүй гарын үсэг зурж баталгаажуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд шүүгчийн нийтлэг бүрэн эрх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт тус тус заасан заалтыг зөрчсөн байна;
...шүүгч Б.Алтанцэцэг нь өөрийн эзэмшлийн гар утаснаас Ш.Ч-тэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байх цаг хугацаанд буюу тодруулбал 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох хугацаанд нийт 11 удаа буюу удаа дараа харилцсан болох нь тогтоогдож байх бөгөөд... тухайн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байх үед хэргийн оролцогч болох иргэнтэй харилцаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д заасан зөрчлийг гаргасан...
Иймд дээрхийг нэгтгэвэл шүүгч Б.Алтанцэцэг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18, 50.1.28 дахь заалтыг тус тус зөрчсөн зөрчил гаргажээ” гэж дүгнээд түүнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18 дахь заалтыг зөрчсөн үйлдэлд нь 57 дугаар зүйлийн 57.1.4-д зааснаар шүүгчийн бүрэн эрхийг 3 сараар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгаж, 50 дугаар зүйлийн 50.1.28 дахь заалтад заасныг зөрчсөн үйлдэлд нь 57 дугаар зүйлийн 57.1.3-т зааснаар цалингийн хэмжээг 6 сараар 20 хувиар бууруулан, 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан зөрчлийг гаргасан үйлдэлд нь 57 дугаар зүйлийн 57.1.7-д зааснаар нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг тус тус оногдуулжээ.
Харин шүүгч Б.Эрдэнэмөнх, Ж.Эрдэнэбат нарыг “...2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааны даргалагч шүүгч Б.Эрдэнэмөнх нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас холбогдох журамд заасны дагуу чөлөө авсан, шүүх хуралдаанд оролцохоор оролцогчид ирсэн байсан тул холбогдох хууль болон “Шүүхэд иргэний хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, шүүгчид хуваарилах журам”-д тус тус заасанд нийцүүлэн шүүгч Ж.Эрдэнэбат тухайн хуралдааныг даргалсан байна. Уг хуралдаанаар иргэний хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлээгүй бөгөөд хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж гаргасан нь холбогдох хуулийг зөрчөөгүй байх тул дээрх үйл баримтаар шүүгч нар нь сахилгын зөрчил гаргаагүй гэж дүгнэх үндэслэлтэй” гэж,
мөн “шүүгч Б.Эрдэнэмөнх нь 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар Ш.Ч-ийн нэхэмжлэлтэй Ц.Ц-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсгийг үндэслэн 149/ШЗ2023/...5 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ... Эрүүгийн журмаар шалгаж байгаа бол энэ ажиллагаа дуусах хүртэл иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх боломжгүй тул ийнхүү хэргийг хэрэгсэхгүй болгох тухай “...уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа...” бол хэмээн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь заалтад тодорхой заасан атал “эрүүгийн журмаар шалгуулах ёстой” гэх агуулгаар хэрэглэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ...зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчжээ. Гэсэн хэдий ч шүүгчийн гаргасан захирамж хүчингүй болсон, тухайн захирамжаас улбаалан сөрөг үр дагавар хэргийн оролцогчид бий болсон гэх нөхцөл байдал үүсээгүй байх тул зөрчлийг “ноцтой” гэж үзэх үндэслэлгүй” гэж тус тус үзсэн байна.
Шүүгч Б.Алтанцэцэг хянан үзэх хуралдаанд гаргасан бичгээр гаргасан гомдолдоо: “...магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
1. Магадлалын үндэслэх хэсэгт “...хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн захирамж гаргасан, мөн тус захирамжаа хүчингүй болгохдоо шүүгч нь хууль зөрчсөн дараах үйлдэл гаргажээ... Давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэхдээ хэргийг ямар үндэслэлээр хүчингүй болгосон талаар тодорхой заасан атал шүүгч Б.Алтанцэцэг холбогдох ажиллагааг хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа удааширсан үүний улмаас сөрөг үр дагавар хэргийн оролцогчид бий болсон байх тул зөрчлийг ноцтой гэж үзэх үндэслэлтэй. Тус магадлалуудад дурдсан 2022 оны .......2 дугаар захирамжийг шүүгч Б.Алтанцэцэг 2023 оны ...149/ШЗ2023/0...4 дүгээр захирамжаар хүчингүй болгожээ...” гэж дүгнэсэн.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт ...нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах эрх буюу шаардах эрхийг хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацааг “хүндэтгэн үзэх шалтгаан” байсан тохиолдолд сэргээх бүрэн эрхийг шүүхэд олгосон.
Хэдийгээр Иргэний хууль нь материаллаг эрх зүйн хэм хэмжээ боловч материаллаг эрх зүйн хэм хэмжээг үндэслэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгч захирамж гаргах хууль зүйн боломж байдаг. Тухайлбал шүүхийн практикт Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэх зохицуулалтыг үндэслэн хөдөлмөрийн эрх зүйн хэрэг маргааныг шүүх хуралдаанаар шийдвэрлэхээс өмнө “хөөн хэлэлцэх хугацаа”-г шүүгчийн захирамжаар сэргээх практик бий.
Гэтэл миний 2022 оны ....2 дугаар захирамж гаргасныг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсгийг шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган шийдвэрлэх болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэхийн өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шийдвэрлэж буй аль аль практик байгаа. Ерөөс хоёрдмол утга, агуулгаар тайлбарлагдаж болохуйц ийм төрлийн зүйл заалтууд байдаг ба тэдгээрийг шүүхүүд өөр өөрөөр тайлбарлан хэрэглэдэг практик ч ховор бус. Жишээ нь саяхныг хүртэл Улсын дээд шүүхийн 2022 оны 09 дүгээр тогтоол гарах хүртэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг нэг дүүргийн шүүх “нэхэмжлэлээ татан авах” гэх агуулгаар, нөгөө дүүргийн шүүх нь “нэхэмжлэлээсээ татгалзах” үр дагавартай гэж зөрүүтэй тайлбарлаж байсан.
Хэрэв магадлалын үндэслэлд дурдсан “давж заалдах шатны шүүхээс буцаагаад байсан” гэх үйл баримт нь дээрх зөрчлийн шинжийг хангасан, нотолсон гэвэл жил бүр хяналтын шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаагдсан 125-132 тооны хэрэг, тэдгээрийг хянан шийдвэрлэсэн шүүгч бүр энэхүү зөрчлийг гаргасанд тооцогдохуйц байна.
Үүний дээр “хөөн хэлэлцэх хугацаа”-г захирамжаар сэргээж болохгүй гэх Улсын дээд шүүхийн хууль хэрэглээний талаарх албан ёсны тайлбар байхгүй. Миний хувьд үүгээрээ Иргэний хэргийн шүүхүүд нийтлэг байдлаар баримталж буй шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарладаг хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэж буй практикийг үгүйсгээгүй бөгөөд харин эрүү, иргэний хэргийн аль алийг нь шийдвэрлэдэг сум дундын шүүхийн шүүгч надаас практик давамгайлж буй шийдлээс зөрүүтэйгээр хэрэглэлээ гэж шийтгэл оногдуулж буй нь шударга бус байна.
Миний зүгээс 2023 оны 149/ШЗ2023/0...4 дүгээр захирамжаар маргаан бүхий 2022 оны ....2 дугаар захирамжаа хүчингүй болгосныг мөн дурдах нь зүйтэй болов уу.
2. Сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнээгүй. Дэлгэрүүлбэл, 2022 оны ....2 дугаар захирамж нь сахилгын зөрчил гэж үзвэл түүнийг хэзээ илрүүлсэн гэж үзэх түүнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрөхөөс өмнө сахилгын хэрэг үүсгэсэн болоход дүгнэлт өгөөгүй.
3. Магадлалын үндэслэх нь хэсэгт “...Ийнхүү шийдвэрлэхдээ хэргийн хугацааг сунгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д ..., 71.2-т ...гэж заасныг зөрчсөн...” гэсэн.
Хэдийгээр хэргийн хугацааг сунгуулах нь шүүгч Б.Алтанцэцэг миний ажил үүрэгт хамаарах боловч миний бие 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс Бүгд Найрамдах Турк улсад өвдөгний хагалгаанд орж, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авч, үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй байсан.
Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 5.10.1-д “Шүүгчийн туслах хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуусахаас 7-оос доошгүй хоногийн өмнө энэ тухай шүүгчид мэдэгдэнэ” гэж журамласны дагуу шүүгчийн туслахаас энэ талаар надад мэдэгдээгүй.
Түүнчлэн хэргийн хугацаа сунгуулаагүй нь зохигчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх ноцтой алдаанд хамааруулах нь үндэслэлгүй.
4. Магадлалын үндэслэх нь хэсэгт “...2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт шүүгч “...шүүх хуралдааныг түр завсарлая, хуралдааныг жич зарлана” гэж мэдэгдсэнээс хойш тодорхой хугацааны турш шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, хэргийн талаар хэлэлцсэн болох нь тогтоогдож байх бөгөөд харин бичгээр албажиж гарсан тэмдэглэлд дээрх яриа бүрэн тусгаагүй байна. Шүүн таслах ажиллагаа нь хуульд заасан дэг журмаар явагдах ба нэгэнтээ шүүх хуралдаан дууссаныг зарласан боловч цааш үргэлжлүүлэн талуудыг мэтгэлцүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд оролцоогүй өмгөөлөгчгүйгээр хэлэлцүүлэг хийж, хууль зөрчжээ... Шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүх мэтгэлцэх зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгаа болон талуудын шүүхэд гаргасан тайлбар, хүсэлт зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотолгооны хэрэгсэл тул хэрэв шүүх хуралдааны тэмдэглэл хуульд заасан шаардлага хангаагүй, алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч засвар хийхээр холбогдох хуулиар зохицуулсан байна. Гэтэл шүүгч тэмдэглэлийг хяналгүй гарын үсэг зурж баталгаажуулсан...” гэжээ.
Миний зүгээс уг өдрийн шүүх хуралдаан дуусгавар болсны дараагаар хэргийн зохигчидтой ярилцсан үйлдэл нь шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн хэрэг бус хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтоох, талуудыг эвлэрэн хэлэлцүүлэх үүднээс “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хоёр талыг байлцуулан уулзсан” явдал юм.
Улсын дээд шүүхийн 2010 оны 02 дугаартай “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь зохигчдыг эвлэрүүлэх шүүгчийн ажиллагааны тухай” зөвлөмжид “Аливаа маргааныг хүчээр, албадлагаар шийдвэрлэх нь уг маргааныг дуусгавар болгохоос илүү далд байдалд оруулдаг төдийгүй, эцэс төгсгөлгүй үргэлжлэх муу талтай байдаг нь судалгаагаар тогтоогдсон тул талуудыг аль болох эвлэрүүлэх ажиллагаа хийх нь шүүгчийн эн тэргүүний үүрэг байх ёстой” гэж, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгч нь хэргийн оролцогчдод хэрэг, маргаанаа эвлэрэн шийдвэрлэх талаар зөвлөн дэмжих эрхтэй” гэж тус тус заасны дагуу уулзаж, ярилцсан.
Ийнхүү хоёр талыг байлцуулан уулзах нь хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл болохын сацуу шүүгч заавал тэмдэглэл үйлдэх үүрэг хүлээхгүй. Гагцхүү зөвхөн хэргийн нэг талтай уулзсан нөхцөлд шүүгчийн туслахыг байлцуулан тэмдэглэл хөтлөн, хэрэгт хавсаргахыг Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгээр үүрэг болгосон. Тэрчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д заасан үйлдлийг зөрчил гэж хуульчилснаас үзвэл хэргийн хоёр талыг байлцуулан уулзах, харилцах нь зөрчилд үл тооцогдоно.
Хэрэв шүүх хуралдааны танхимд шүүх хуралдааны дараа шүүгч, хэргийн оролцогч нарын хоорондын яриа бүр шүүх хуралдаан үргэлжилсэнд тооцогдож, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах ёстой гэвэл шүүх хуралдааныг товлохдоо хэргийн оролцогчид, өмгөөлөгч нарын хурал давхардсан шалтгаанаар хойшлохоос сэргийлж тэдгээрийн саналыг авдаг практик зөрчилд тооцогдохуйц байна.
Иймд шүүгч би шүүх хуралдаан хаасныг зарласнаас хойших харилцан яриаг шүүхийн тэмдэглэлд тусгаагүй нь зөрчил хэмээн дүгнэж буй нь үндэслэлгүй гэж үзэж байна.
5. Магадлалын үндэслэх хэсэгт “...Маргаан бүхий иргэний хэргийн нэхэмжлэгч Ш.Ч-ийн эзэмшдэг харилцах данснаас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүгч Б.Алтанцэцэгийн эзэмшлийн харилцах дансанд “баярлалаа Алтаа” гэсэн утгатай мөнгөн гүйлгээ хийсэн байна. ...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ...” гэж тус тус заасан тул уг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан дагаж мөрдөх үүрэгтэй байна... Шүүгч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад иргэний хэргийн оролцогчдоос “шүүгчийг татгалзан гаргах тухай” хүсэлт гаргаж, шүүгч өөрөө “татгалзан гарах тухай” хүсэлтээ гаргах боломжтой атал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна...” гээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18, 50.1.28-д заасан зөрчилд хамааруулсан.
Татгалзан гарах үүрэгтэй байсан гэх тухайд магадлалаар намайг хэргийн оролцогчтой “хувийн харилцаатай” байсан буюу нэхэмжлэгч Ш.Ч-тэй найз нөхдийн харилцаатай байж болохуйц хэмээн дүгнэсэн.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 36 дугаар тогтоолд “хувийн харилцаа гэж ...хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч уг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчтэй эдийн болон эдийн бус хувийн ашиг сонирхлоор холбогдсон байхыг ойлгоно. Тухайлбал аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн зэрэг ашгийн төлөө үйл ажиллагаа хамт эрхэлдэг, хөрөнгийн биржээр дамжуулж нийтэд зарагдсан болон төрөөс иргэн бүрд эзэмшүүлснээс бусад тохиолдолд аж ахуйн нэгжийн хувьцааг хамтран эзэмшдэг, аливаа байдлаар ашиг орлого, зардал хуваахад эрх үүрэг харилцан хүлээдэг, найз нөхдийн дотно, эсхүл хувийн таарамжгүй харилцаатай бол хувийн харилцаатай гэж үзнэ. Нэг сургуульд суралцсан болон урьд хамт ажиллаж байсан зэрэг өөр бусад байдлаар таньдаг, олон нийтийн цахим сүлжээнд дагагч, найз зэргээр холбогдсон, албан ажил үүрэг гүйцэтгэх явцад тогтоосон албаны харилцаа, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагуудын бараа, ажил үйлчилгээг нийтэд зарласан нөхцөлөөр авсан зэрэг нь хувийн харилцаанд хамаарахгүй” гэж тайлбарласан.
Миний хувьд нэхэмжлэгч Ш.Ч-ийг зүс таних төдий танина, түүнээс бус эдийн болон эдийн бус ашиг сонирхлоор холбогдсон, эсхүл найз нөхөд, төрөл садангийн холбоо байхгүй. Миний данс руу мөнгө шилжүүлсэн нь авто грашийн түрээсийн төлбөр ба гарааш эзэмшигч н.Н мөнгө хийлээ гэсэн сүүлд өөр данснаас яагаад хийсэн тухай лавлахад “миний дансаар мөнгө орохоор банк зээлд авчихдаг тэгээд мөнгө зээлж хийсэн” гэж хэлсэн, үүнийгээ ч тайлбартаа дурдсан байхад энэ талаар нэхэмжлэгч Ш.Ч-ээс тодруулаагүй. Зөвхөн “мөнгө шилжүүлсэн” л юм чинь найз нөхөд гэх таамаг төдийгөөр “хувийн харилцаа”-тай гэж дүгнэж буй нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн тус үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч Ц.Ц-ийн өмгөөлөгч С.Б намайг татгалзан гаргасныг Ерөнхий шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 75 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэгэнт шүүгчийн татгалзлыг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байхад намайг “өөрөө татгалзах” ёстой байсан мэтээр дүгнэж буй нь үндэслэлгүй.
Манай шүүх 4 шүүгчтэй бид нар хэн нь хэнтэй найз нөхөд гэдгийг мэднэ. Би тийм олон хүнтэй найзархаад дотносоод байдаг хүн биш. Би танихгүй ч намайг таньдаг хүмүүс бол байдаг байх. Би шүүгчийн хувиар найз нөхөд харьцааг нууж далдалж, хэрэг маргаан шийдвэрлэхдээ оролцож, өөрийгөө хуурах тийм ёс зүйгүй үйлдэл гаргахгүй.
Үүний дээр нэгэнт дээрх үйлдлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д заасан зөрчил гаргасанд тооцож шийтгэл оногдуулсан атлаа 50.1.28-д зааснаар давхар зүйлчилж буй нь “нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэхгүй байх шударга ёсны зарчимд нийцэхгүй.
6. Магадлалын үндэслэх хэсэгт “...шүүгч Б.Алтанцэцэг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д ...гэх заалтыг удирдлага болгон зохих ёсоор хэрэглээгүй буюу зөрчилд тохироогүй хэт хүнд шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.
Шүүгч миний холбогдсон сахилгын зөрчил нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18 дахь заалтад заасан зөрчил байх бөгөөд тухайн зөрчилд оногдуулан хариуцлагыг мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.4 дэх заалтад тодорхойлсон. Харин магадлалаар оногдуулахаар тогтоосон “шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах” сахилгын шийтгэл нь эрх зүйн хариуцлагыг хөнгөнөөс хүнд рүү шилжих дарааллаар байрлуулсан хуулийн системчлэлийн дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан 5 төрлийн сахилгын шийтгэлээс хамгийн хүнд буюу огцруулах шийтгэлийн өмнө орох шийтгэл байна. Хугацааны хувьд зөрчлийн шинжээс шалтгаалан “гурав хүртэлх сар” буюу 1 хоногоос 90 хүртэл хоногоор оногдуулахуйц байна.
Эрх зүйн онолын хүрээнд “аливаа эрх зүйн хариуцлага нь тухайн эрх зүйн зөрчилд тохирсон байх” гэх агуулга бүхий шударга ёсны зарчим нийтлэг үйлчилдэг. Гэтэл дор дурдсанчлан дээрх сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагавар, шүүгч миний хувийн байдал зэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор авч үзэлгүйгээр ийнхүү хамгийн хүнд сахилгын шийтгэлийг хуульд заасан хамгийн дээд хугацаагаар оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Миний хувьд тухайн хэрэг маргааны шийдвэрлэхдээ өөртөө болон зохигчдод хууль бус давуу байдал олгох санаа зорилгогүй эрх зүйн ухамсрыг удирдлага болгосон бөгөөд Монгол Улсын шүүхийн байгууллагад нийт 32 дахь жил, анхан шатны шүүхийн шүүхэд (аймаг дахь сум дундын шүүх болон алслагдсан сум дундын шүүхэд 18 жил шүүгчээр, сүүлийн 9 жил Ерөнхий шүүгчээр) шүүгч, Ерөнхий шүүгчээр 27 дахь жилдээ ажиллахдаа энэхүү зарчмыг удирдлага болгон ирсэн.
Иймээс хувийн нөхцөл байдал, зөрчлийн хэм хэмжээг маань харгалзан сахилгын шийтгэлийн хэлбэрийг өөрчилж өгнө үү.
Гомдлын шаардлага: Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн СХМ/2025/....3 дугаар магадлалын зарим хэсгийг өөрчилж шүүгч Б.Алтанцэцэг намайг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28, 50.1.23 дахь заалтад заасан зөрчил гаргасан гэх холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 50.1.18 дахь заалтад заасан зөрчилд оногдуулсан шийтгэлийн хэлбэрийг өөрчилж, хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Шүүгч Б.Алтанцэцэг хянан үзэх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-д заасан зөрчилд хамааруулсан. Үүнд бол би хувийн харилцаатай биш тул татгалзах үүрэг байхгүй байсан гэж үзэж байна. Хариуцагчийн өмгөөлөгч С.Б “шүүгчийг татгалзан гаргах тухай” хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгчийн захирамжаар хүлээн авсан ба шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон тул намайг татгалзан гарах үүргээ биелүүлээгүй гэсэнд гомдолтой байна. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-д заасан зөрчилд хамааруулсныг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
...Би олон хүнтэй найзархаад байдаггүй хүн. Аливаа асуудалд хил хязгаараа баримталдаг, асуудалд хандахдаа ч гэсэн хэт үнэлэх, эсхүл үгүйсгэх байр сууринаас бус төвийг сахисан байр сууринаас оролцдог...
Сахилгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаан болсны дараагийн өдөр ...фэйсбүүк зар дээр миний зураг, Сахилгын хорооны шийдвэрийг оруулаад нийтлэл бичсэн байсан... Жижиг газар болохоор амархан тархдаг, сенсац болгодог юм байна...
Гэхдээ би Ш.Ч-ээс эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдан авдаг тул түүнтэй харилцсан.
Хуулийг удаа дараа буруу хэрэглэсэн гэдэгт хамааруулсан “хэргийн хугацаа сунгасан тогтоолыг хэрэгт хавсаргаагүй” гэдэг асуудал гарсан байгаа. Тухайн үед би Турк улсад хагалгаанд ороод 3 сарын хугацаатай чөлөөтэй байсан. Энэ хооронд хэргийг хуваарилаагүй, хүлээж байсан. Туслах маань хэргийн хугацаа дууссан талаар надад хэлээгүй. Гэхдээ үүнийг би Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасанд ноцтой зөрчилд хамаарахгүй гэж үзэж байна.
Илтгэгч гишүүний дүгнэлт үйлдсэн 3 үндэслэлээс би Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д заасныг зөрчсөн зөрчил гаргаснаа зөвшөөрч байна” гэв.
Шүүгч Б.Алтанцэцэгийн өмгөөлөгч Ж.Б хянан үзэх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сахилгын хорооны магадлалаар шүүгч Б.Алтанцэцэгт гурван сахилгын шийтгэл оногдуулсан байна. Гэтэл иргэний өргөдлийг үндэслэн шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүгчийн хараат бус байдал ноцтой зөрчил буюу хувийн харилцаатай холбоотой нэг шалгах ажиллагаа явуулсан.
Иймд нэг шалгах ажиллагаанд гурван сахилгын шийтгэл оногдуулсан эдгээр сахилгын шийтгэлүүд нь яаж хэрэгжих юм бэ. Өөрөөр хэлбэл нэг шалгах ажиллагаа явуулсан хэрэгт нэг л сахилгын шийтгэл оногдуулах шаардлагатай болов уу гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Шүүгч нь сэтгэл зүйн хувьд, ахуй амьдралын хувьд ч бэрхшээлтэй асуудалтай байгаа. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасанд “хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн зөрчил гаргасан” гэдэгт хамаатуулан нэгтгээд нэг шийтгэл оногдуулж өгнө үү.
Цаашлаад сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж, шүүгчийн хувийн байдал, учруулсан хор уршиг, үр дагаврыг харгалзан үзэх болов уу гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хэргийг харахаар ямар нэгэн байдлаар хор, хохирол үүсээгүй, үр дагавар гараагүй нөхцөл байдал байгаа учраас сахилгын шийтгэл оногдуулахдаа бүрэлдэхүүн харж үзээсэй гэж хэлэх байна” гэв.
Шүүгч Б.Эрдэнэмөнх /цахимаар/ хянан үзэх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд Ш.Ч-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ц-д холбогдох давж заалдах шатны шүүхээс хүчингүй болсон, иргэний хэргийг 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарласан. Энэ хугацаанд манай гэр бүлийн хүн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаан товлосны дараа эмчилгээнд явах шаардлага үүссэн. Ингээд би Ерөнхий шүүгчид албан ёсоор хүсэлт гаргаад 7 хоногийн чөлөө авсан тул шүүх хуралдааныг даргалах боломжгүй байдал үүссэн юм. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан “шүүгчийн нэрсийн дарааллын дараагийн шүүгч шүүх хуралдааныг хойшлуулж болно” гэсний дагуу шүүгч Ж.Эрдэнэбат шүүх хуралдааныг хойшлуулсан байдаг.
Надад “хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн” гэх үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэсэн. Тухайн үед шүүгч миний бие өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийдвэр гаргасан. Гэхдээ хуулийн илт тодорхой заалт гэхээсээ илүү хэргийн нөхцөл байдал нь өөрөө бусдыг залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэн шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
Үүнийг илтгэгч гишүүн нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзсэн. Энэ нь бусдын эрх ашгийг ноцтой зөрчсөн, хохирсон асуудал байхгүй тул хэрэгсэхгүй болгох санал гаргасныг Шүүхийн сахилгын хорооны магадлалаар хүлээн авсан. Иймд Сахилгын хорооны магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Илтгэгч гишүүн хянан үзэх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгч Б.Алтанцэцэг магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Хэдийгээр сахилгын хэрэг нь 3 шүүгчид холбогдуулан сахилгын хэрэг үүсгэсэн боловч хариуцлага тооцсон шүүгч нь Б.Алтанцэцэг тул түүний гомдолтой холбогдуулж тайлбар хэлье...
Өргөдлийн нийт 8 үндэслэл бүрд холбогдуулан нотлох баримтыг цуглуулж, ажиллагаа хийн дүгнэлт гаргасан. Эдгээрээс 5 үндэслэлийг хэрэгсэхгүй болгож, 3 үндэслэлд нь зөрчил гаргасан гэж үзэн дүгнэлт гаргасныг Сахилгын хорооны магадлалаар хүлээн авсан байдаг.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хэд хэдэн зөрчил байна гэж дүгнэснийг магадлалаар хүлээн авсан. Шүүгч хөөн хэлэлцэх хугацааг сэргээх асуудал практикт байгаа гэдэг. Би үүнийг огт байдаггүй гэж дүгнээгүй, харин шүүхээр хэрэг шийдвэрлүүлж байгаа этгээдийн шаардах эрх нь хугацааны хувьд хүчинтэй байсан уу, үгүй юу гэдэг асуудлыг үндсэн маргаанаа шийдэхдээ тухайн шийдвэртээ шүүх шийдвэрлэж байгаа. Гэтэл шүүгч нь үндсэн хэргээ шийдэхээсээ өмнө, хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг захирамжаар шийдсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан дагнан хийх үйлдэл байсан уу гэдэгт би дүгнэлт өгсөн...
Үйл баримтын тухайд хариуцагч нь хариу тайлбар өгөхдөө хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үг бичсэний дараа нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргахад шүүгч Б.Алтанцэцэг сэргээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн.
2. Шүүгч Б.Алтанцэцэг нь гомдолдоо сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааны талаар дурдсан байдаг. Өргөдлийг хүлээн аваад шүүгчид 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр сахилгын хэрэг үүсгэсэн. Монгол Улсын шүүхийн тухай хуульд хөөн хэлэлцэх хугацааг заахдаа хариуцлагатай нь холбогдуулан заасан. Иймд хөөн хэлэлцэх хугацааны хувьд маргаантай, зайлшгүй хөндөж үзэх асуудал байсан уу гэвэл үгүй юм.
3. Маргаан бүхий иргэний хэрэгт хэргийн хугацаа сунгаагүй байсан. Өргөдөл гаргагч нь Сахилгын хороонд гаргасан өргөдөл болон иргэний хэргийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо энэ талаар дурдсан байсан тул шалгах ажиллагааг явуулсан. Сая шүүгч тайлбар хэлэхдээ “шүүгчийн туслах мэдэгдээгүй” гэлээ. Гэхдээ шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүхэлд нь хянаж, удирдан явуулдаг тул илтгэгч гишүүн дүгнэлт бичсэн.
4. Шүүх хуралдааны тэмдэглэлтэй холбоотой асуудлын хувьд шүүгч “эвлэрүүлэх гэсэн” гэдэг. Гэвч шүүх хуралдааныг хаасны дараа тодорхой хугацаанд хэлэлцүүлэг явуулсан хугацаанд талуудыг эвлэрүүлэх талаар яригдсан зүйл огт байгаагүй, харин хэргийн үйл баримтыг тодруулсан тул илтгэгч гишүүний хувьд дүгнэлт бичсэн юм.
5. Шүүгчийг хэргийн оролцогчтой хувийн харилцаатай гэж үзсэн тухайд шүүгчийн утасны дуудлагын түүхийг сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад авсан. Тухайн түүхээс харахад шүүгч нь хэргийн оролцогч Ш.Ч-тэй хэд хэдэн удаа утсаар холбогдсон байдаг. Мөн шүүгч Б.Алтанцэцэг нь захирамжийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдааны бүрэлдэхүүнд орсон бөгөөд уг шүүх хуралдааны дараа хэргийн оролцогч руу залгасан, хэргийн оролцогчоос шүүгч рүү залгасан байсан тул илтгэгч гишүүний зүгээс хувийн харилцаатай гэж үзсэн. Мөн шүүгч нь гомдолдоо сахилгын шийтгэлийг хөнгөрүүлж өгөх тухай дурдсан байсан. Үүгээрээ таныг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүгч Б.Алтанцэцэг нь “шийтгэлийг хөнгөрүүлж өгөөч” гэснээс биш, үгүйсгээгүй байна.
Иймд илтгэгч гишүүний хувьд Сахилгын хорооны магадлалыг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
1.Үйл баримтын талаар:
1.1. Ш.Ч нь Ц.Ц-д холбогдуулан зээлийн төлбөрт 34.993.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг Сэлэнгэ аймгийн Мандал сум дах сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг хүлээн авч, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Нэхэмжлэгч 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шүүгч холбогдох ажиллагаа явуулсан ба хариуцагчийн өмгөөлөгч С.Б шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 75 дугаар захирамжаар хангахаас татгалзсан. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 36 тал/
Холбогдох шүүгч маргаан бүхий иргэний хэргийг 2022 оны 4 дүгээр 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 167 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 57-66 тал/
1.2. Хариуцагч шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар 28-ны өдрийн 208/МА2022/...4 дүгээр магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 78-82 тал/
1.3. Шүүгч Б.Алтанцэцэг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ...5 дугаар захирамжаар тус иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, улмаар тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ..8.. дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 85, 106-112 тал/
1.4. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлоор хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 208/МА2023/....6 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 115-119 тал/
1.5. Улмаар тус иргэний хэрэг шүүгч Б.Эрдэнэмөнхөд хуваарилагдсан ба шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 149/ШЗ2023/...5 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал гомдол гаргажээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 125-128 тал/
Дээрх шүүгчийн захирамжийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дах сум дундын шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 149/ШТ2023/...4 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон.
1.6. Дээрх хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг Ж.Эрдэнэбат даргалж, 149/ШЗ2023/...6 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж байжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 123-124 тал/
2. Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
Илтгэгч гишүүн Ц.Ц-ийн өргөдлөөр шүүгч Б.Алтанцэцэгт сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулжээ.
Энэхүү сахилгын хэргийг шалгах явцад Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгч Б.Эрдэнэмөнхийг шүүх хуралдаан даргалагчаар томилсон байхад шүүгч Ж.Эрдэнэбат 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг даргалан явуулсан, түүнийг албажуулсан баримт хэрэгт авагдаагүй гэж үзэн, гишүүний 2023 оны 6 дугаар сарын 12-ний өдрийн ГЗБ/2023/...0 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, улмаар шүүгч Б.Алтанцэцэгт холбогдох сахилгын хэрэгт нэгтгэн шалгах ажиллагаа явуулжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 184-185 тал/
Шалгах ажиллагааны явцад өргөдөлд дурдагдаагүй сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт илэрсэн гэж үзэн нэр бүхий шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэн, нэгтгэн шалгасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4, 105 дугаар зүйлийн 105.4.-т заасантай нийцжээ.
3. Сахилгын зөрчил гаргасан эсэх талаар:
3.1. Шүүгч Б.Алтанцэцэгийн тухайд
Нотлох дүгнэлтэд “...шүүгч Б.Алтанцэцэг нь холбоо харилцаа бүхий иргэний хэргийн зохигч Ш.Ч-ийн эрх ашгийн үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан шүүх хурлын дэг, дэс дарааллыг алдагдуулснаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8 дах хэсэгт заасныг, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-т дахь хэсгийг зөрчсөнөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн, хэргийн оролцогчтой утсаар холбогдсон, дансаар мөнгөн гүйлгээ хийж харьцсан зэрэг үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д заасан хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах, 50.1.28-д заасан хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй гэснийг тус тус зөрчсөн” гэжээ.
3.1.1. Хэргийн оролцогчтой хувийн харилцаатай бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан тул татгалзан гарах үүрэгтэй.
Шүүгч Б.Алтанцэцэг нь өөрийн эзэмшдэг ....9 дугаарын утаснаас нэхэмжлэгч Ш.Ч-ийн эзэмшдэг ...7 дугаарын утсанд 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 8 удаа зурвас бичсэн, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 1393 секунд, мөн 5 дугаар сарын 30-ны өдөр 311 секунд холбогдон ярьсан ба Ш.Ч нь шүүгч Б.Алтанцэцэгт 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 9 удаа зурвас бичсэн, 5 дугаар сарын 31-ний өдөр 346 секунд холбогдож ярьсан нь “Мобиком корпораци” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4....9 дүгээр болон 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 4....0 дугаар албан бичгүүдээр ирүүлсэн дуудлагын түүх, дугаар эзэмшигчийн мэдээллээр тогтоогдож байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 1-11, 13-14 тал/
Түүнчлэн Ш.Ч-ийн 5.... дугаарын данснаас шүүгч Б.Алтанцэцэгийн 5.... дугаарын данс руу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Алтаа баярлалаа” гэх утгатай 350.000 төгрөг шилжүүлсэн талаар “ХААН банк” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2....7 дугаар албан бичигт дурдсан. /с.х-ийн 2 дугаар хавтасны 75-76 тал/
Энэ талаар холбогдох шүүгч “...н.Н гэх хүн манай нөхөртэй хамт ажиллаж байсан харуул манай гараашийг түрээсэлж байсан. Тэрнээс орж ирсэн грашийн мөнгө байсан. Би н.Н-ыг ямар журмаар над руу яаж мөнгө хийснийг мэдэхгүй... Одоо түрээсэлж байгаа. Гүйлгээний утга нь “Алтаа баярлалаа” гэснийг дараа нь “н.Н төлбөр” гээд би дэвтэртээ бичсэн байсан....”, “Ш.Ч-ээс эрүүл мэндийн бүтээгдэхүүн авсан. Энэ асуудлаар ярьсан байж магадгүй”, “Тухайн үед Ш.Ч-ийн данс гэж мэдээгүй. Над руу яриад мөнгө хийчихлээ гэхээр нь н.Н шилжүүлсэн л гэж бодсон”, “иргэн Ш.Ч-тэй харьцсан болохоос хэргийн оролцогчтой харьцаагүй. Тухайн үед асуудал шийдвэрлэгдсэн байсан”, “Ш.Ч-ийг таньдаггүй гэж хэлээгүй. Зүс мэднэ, танина” гэсэн тайлбар гаргажээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 183-193 тал/
Шүүгч Б.Алтанцэцэг тайлбарын үндэслэлийг нотлох баримтаа гаргаж өгөөгүй бөгөөд холбогдох эх сурвалжийг заагаагүй тул түүний тайлбар бодит үнэнд нийцсэн гэж үзэхэд учир дутагдалтай.
Сахилгын хэрэгт авагдсан дээрх баримтаас үзвэл шүүгч Б.Алтанцэцэг нь нэхэмжлэгч Ш.Ч-тэй ердийн танилаас илүү тухайлбал ажил үйлчилгээ үзүүлэх байнгын харилцаатай, ойр дотно болох нь тогтоогдсон болно.
Энэ тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүрэгтэй тул түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-д заасан “хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй” зөрчил гаргасан үзсэн илтгэгч гишүүний дүгнэлт болон сахилгын хорооны магадлал үндэслэл бүхий байна.
3.1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Б.Алтанцэцэг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ....2 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ш.Ч-ийн гаргасан “...Ц.Ц-д холбогдох нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх” хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 27 тал/
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 208/МА2022/...4 дүгээр магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...хөөн хэлэлцэх хугацааг сэргээхдээ талуудыг оролцуулан тайлбар гаргах эрхийг хангаагүй нь мэтгэлцэх болон талуудын зарчмыг зөрчсөн...” гэж дүгнэсэн бол 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 208/МА2023/....6 дугаар магадлалаар дахин шийдвэрийг хүчингүй болгож буцаахдаа “...208/МА2022/...4 дүгээр магадлалд тодорхой заасан боловч уг магадлалын дагуу дээрх эрх зөрчиж гарсан ...2 тоот захирамжийг хүчингүй болгосны эцэст шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээх эсэх асуудлыг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед шийдвэрлэх нь хууль ёсны болон тэгш эрхийн зарчимд нийцнэ...” гэж дүгнэсэн байх бөгөөд шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 149/ШЗ2023/0...4 дүгээр захирамжаар ....2 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол шүүгч захирамж гаргана” гэж заасан.
Холбогдох шүүгч хөөн хэлэлцэх хугацааг сэргээх захирамжийг шүүх хуралдаанаас өмнө гаргасан нь зохигчийн мэтгэлцэх эрхийг зөрчсөн нь тогтоогдож байх боловч хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэхээс бусад тохиолдолд шүүхийн аливаа ажиллагаа захирамж, тогтоолын хэлбэртэй байхыг зохицуулсан хуулийн дээрх зохицуулалт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалт...”-д хамаарахгүй.
Хөөн хэлэлцэх хугацаа сэргээх эсэхийг шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцдаа, зохигчдын мэтгэлцэх эрхийг хангасны үндсэн дээр шийдвэрлэдэг шүүхийн практик нэгэнт тогтсон байдаг боловч ийнхүү зайлшгүй шүүх хуралдаанаар шийдвэрлэхийг хуульчлаагүй тул хуулийн илт тодорхой заалт зөрчсөн гэж буруутгах боломжгүй бөгөөд хугацаа сэргээсэн захирамж хүчингүй болсноор хариуцагчийн өмгөөлөгч С.Б-ын уг захирамжийг хүчингүй болгох хүсэлт хангагдсан, өөр хоорондоо зөрчилдөх үр дагавартай захирамжууд бий болоогүйг дурдах нь зүйтэй.
3.1.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан.
Давж заалдах шатны шүүхээс Ш.Ч-ийн нэхэмжлэлтэй, Ц.Ц-д холбогдох иргэний хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан, хэргийн хуульд заасан хугацаа дууссан боловч уг хугацааг хуульд заасан журмын дагуу сунгаагүй болох нь тогтоогдож байна.
Гэвч энэ хугацаанд шүүгч “Турк улсад хагалгаа хийлгэхээр 3 сарын хугацаатай чөлөөтэй байсан” нь тогтоогдож байх тул энэхүү үйлдлийг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
3.1.4. Сахилгын хэрэгт авагдсан 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд даргалагч шүүх хуралдааныг нээсэн ба 03 минут 34 секундэд “...шүүх хуралдааны ажиллагааг түр завсарлая” гэж хэлсний дараа алх дуугарч байна. Улмаар даргалагч үргэлжлүүлэн “Ц.Ц 14 хоногийн дотор тайлбараа өгнө өө, өмгөөлөгчтэйгөө яриад хариу тайлбар өгнө. Тэгээд хуралдааныг жич зарлана. Ойлгож байна уу? Нотлох баримт ерөөсөө өгөөгүй юм байна. Өмгөөлөгч авснаас хойш эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгаа юм байна. Өөр юу байгаа юм” гэснээр асуулт, хариултууд явагдаж, “хуралдааны ажиллагааг түр хойшлуулж байна. нэхэмжлэлтэй танилцах хуульд заасан боломжийг нь олгоод, хуралдааныг жич зарлана, 14 хоногийн дараа жич зарлана. Тэр хооронд талууд адилхан баримтаа бүрдүүлж өгнө...”, бичлэгийн 05 минут 49 секундээс даргалагч “хоорондоо ойлголцоод тохиролцох асуудал та хоёрын хооронд байхгүй байгаа юм уу?” гэжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 163-178 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ” гэж заасан ба шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хуралдааны тэмдэглэлийг хөтлөх үүрэгтэй.
Дээрхээс үзэхэд шүүгч нь шүүх хуралдаан хаасны дараа хэлэлцүүлэг явуулсан бус, харин хэргийн оролцогчдын эрх үүргийг сануулж, шүүх хуралдааны тов тогтоох хугацааг танилцуулах мөн зохигчдыг эвлэрэн хэлэлцэх боломжтойг сануулсан агуулгатай байх тул энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах шаардлагагүй төдийгүй шүүх хуралдааны нарийн бичгийн даргын үйл ажиллагаатай холбоотойгоор шүүгчийг зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Б.Алтанцэцэгийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой болон удаа дараа зөрчсөн зөрчилд буруутган сахилгын шийтгэл оногдуулсныг хасаж, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
3.1.5. Магадлалд шүүгч Б.Алтанцэцэгийг “хэргийн оролцогчтой удаа дараа зурвас бичих, ярих зэргээр харилцсан, дансаар мөнгө авсан үйлдэл нь цаг хугацааны хувьд үргэлжлэн явагдсан байгаагаас үзэхэд тэд хоорондоо байнгын харилцаатай, мөн ердийн харилцаанаас илүү болох нь тогтоогдож байх тул хувийн харилцаатай гэж дүгнэх үндэслэлтэй” гэж дүгнэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-д заасан “хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй” гэх зөрчилд буруутгасан атлаа уг үйлдлийг хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, зөрчлийн шинж бүхий нэг үйлдлээр 2 өөр төрлийн зөрчилд буруутгасан агуулгатай болжээ.
Өөрөөр хэлбэл, шүүгч Б.Алтанцэцэгийг хэргийн оролцогчтой утсаар харилцаж, дансаар мөнгө авсан зэрэг үйлдлийг “хувийн харилцаатай” гэж дүгнэх үндэслэл болгосон атлаа давхар уг үйлдлийг “хэргийн оролцогчтой харилцсан” гэж буруутгаж байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.20 дахь хэсэгт “Сахилгын хорооны шийдвэр ...үндэслэл бүхий байх” гэж заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэх үндэслэл болно.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д заасан зөрчилд буруутган сахилгын шийтгэл оногдуулсныг хассан өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
3.2. Шүүгч Б.Эрдэнэмөнхийн тухайд:
Илтгэгч гишүүн “...шүүгч Б.Эрдэнэмөнх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан заалтыг хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн боловч ...“ноцтой” гэж үзэхгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал” гаргасан, сахилгын хорооны магадлалд уг дүгнэлтийг үндэслэл бүхий гэж дүгнэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх нь Ш.Ч-ийн нэхэмжлэлтэй, Ц.Ц-д холбогдох иргэний хэргийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 149/ШЗ2023/...5 дугаар захирамжаар “...хариуцагч нь нэхэмжлэгчтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авахын тулд зээлийн гэрээгээр халхавчлан, зохиомол байдлыг зориуд бий болгож залилах гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна...” гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь заалтыг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгосон. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 125-128 тал/
Гэвч тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 149/ШТ2023/...4 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгосноор шүүгчийн алдааг залруулсан, хэргийн оролцогчид сөрөг үр дагавар үүсээгүй байна.
Иймд холбогдох шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, харин шүүгчийг зөрчил гаргаагүй гэж үзэх нь зүйтэй.
4. Хэргийн оролцогчийн эрхийг хангасан эсэх талаар:
Илтгэгч гишүүн сахилгын хэргийн оролцогч шүүгч Б.Алтанцэцэгт 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ГЗҮ/2023/...3 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, уг захирамжийг 6 дугаар сарын 08-ны өдөр гардуулж, эрх үүргийг тайлбарласан, мөн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ГЗБ/2023/...0 дүгээр захирамжаар шүүгч Б.Эрдэнэмөнх, Ж.Эрдэнэбат нарт сахилгын хэрэг үүсгэн, мөн өдрөө гардуулж, эрх үүргийг тайлбарласан талаарх баримт үйлдсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасанд нийцжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 8-11, 186, 2 хавтасны 48-49, 69-70 тал/
Холбогдох шүүгч нарт сахилгын хэргийн материалтай танилцах талаар 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэхэд шүүгч Б.Эрдэнэмөнх, Ж.Эрдэнэбат нар танилцаагүй, харин шүүгч Б.Алтанцэцэг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр, түүний өмгөөлөгч Ж.Б 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тус тус танилцсан байна. Холбогдох шүүгч нар нь нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах талаар санал хүсэлт гаргаагүй, нотлох дүгнэлтийг хүлээн авсан ба сахилгын хорооны хуралдаанд шүүгч нар цахимаар оролцжээ. /с.х-ийн 2 хавтасны 89, 121, 3 дугаар хавтасны 16-17 тал/
Нэр бүхий шүүгч нар сахилгын хэрэг үүсгэснээс хойш хэргийн материалтай танилцуулах хүртэл хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн, тэдний эрхийг зөрчсөн гэх үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.2, 113.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Сахилгын хорооны хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн СХМ/2025/....3 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэгт холбогдох нотлох дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28, 57 дугаар зүйлийн 57.1.3-т зааснаар цалингийн хэмжээг 6 сараар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.14 дэх хэсэгт зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хяналтын тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Хяналтын тогтоолыг хүргүүлснээр гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН О.НОМУУЛИН
Г.ЦАГААНЦООЖ