info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-05-13

Дугаар 66

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийж, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг, шүүгч Б.Отгонсүрэн, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ГС/2025/0049 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

“... Холбогдох шүүгч нар ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов.

1. Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон ба Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэл хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхээр зохицуулсан.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012/ 32 дугаар зүйлийн 32.2-т “шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба Монгол Улсын шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ”, 2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй”, 5.1 дүгээр зүйлийн 3-т “ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж тус тус заасан.

Нэр бүхий өргөдөл гаргагч нарын “Т б а” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл тус бүрд шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нар шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдний хүсэлтээр шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн нь хууль зөрчөөгүй байна.  

Хариуцагч “Т б а” ХХК-ийн захирал Д.Б нэхэмжлэлд дурдсан хаягт байдаггүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр дээр дурдсан зарим иргэний хэрэгт хариуцагчийг эрэн сурвалжилж, энэ үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж байжээ. Энэ нь хуульд заасан ажиллагаа тул шүүгчийг  шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэхгүй.

Нөгөө талаар Сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрхгүй.

Иймд өргөдөлд дурдсан “...шүүхээс гаргасан шийдвэр нь амьдрал дээр хэрэгжих боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа огт хийгдээгүй, биднийг хохироосон шийдвэр гаргасан...” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн талаар: 

Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байх ба иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаардаг.

Дээр дурдсан шийдвэрт бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж холбогдох ажиллагаа явуулжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэх ба төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэдэг.

2.1. Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт ... аймаг дахь ... сум 3-р багт байрлах 32 айлын орон сууцны барилгын зарим орон сууцыг битүүмжилж, хураан авч улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон, шинжээч 2025.01.20-ний өдөр дүгнэлтээ гаргасан, үнэлгээний дүгнэлтийг 2025.01.22-ний өдрийн 03/71 дүгээр албан бичгээр төлбөр төлөгчид мэдэгдсэн нь дурдсан баримтаар тогтоогдож байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж заасан тул шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон нь хууль зөрчөөгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-т  “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан бөгөөд төлбөр төлөгчийн “…үнэлгээг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийг шүүгч Б.Отгонсүрэн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсан нь хуульд заасан хугацааг зөрчөөгүй байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т заасан үндэслэл байхгүй бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй. 

Иймд өргөдөлд дурдсан “…нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй, ...төлбөр төлөгч этгээд эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг хүлээн авсан даруйд 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байхад Д.Б хөрөнгө үнэлгээний тайлан хүлээн авсан хугацаа шүүхэд гомдол гаргасан хугацаа бүхэл бүтэн 14 хоногийн зөрүүтэй байхад шүүх гомдлыг хүлээн авч шийдвэрлэхээр ажиллаж байгаа нь илтэд нэг талыг баримталж байгаа...” гэсэн гомдол үндэслэлгүй байна.

Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03/72 дугаар албан бичгээр төлбөр авагч нарт үнэлгээний дүгнэлтийг мэдэгдсэн байна.

Хэрэв шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдээгүй гэж үзвэл төлбөр авагч энэ талаарх хүсэлтээ шийдвэр гүйцэтгэгчид гаргах эрх нээлттэй тул өргөдөл дурдсан “…шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус бүрд төлбөр авагч талуудад бичгээр мэдээллээр хангаж ажиллаагүй…” гэх гомдол шүүгчид хамааралгүй. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол, нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.2.1.-т заасан.

“Т б а” ХХК-ийн нэхэмжлэл хуульд заасан энэхүү шаардлагыг хангаагүй тул шүүгч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзэн, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.4-г зөрчөөгүй байна.

“Т б а” ХХК хуульд заасан шаардлага ханган нэхэмжлэлээ 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дахин гаргасан, шүүгч Б.Отгонсүрэн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

 Шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаар шийдвэрийг үндэслэн явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэж шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасан  “гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлнэ” гэснийг зөрчөөгүй байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 14 хоногоор сунгаж, шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаар захирамжаар шүүх хуралдааныг товлон зарлаж, хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-т нийцжээ. 

Шүүгч Б.Отгонсүрэн тайлбартаа “…нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” талаар тайлбар гаргасан нь шүүх хуралдааны бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон ба шүүхийн шийдвэр бичгээр гарах хугацаа дуусаагүй байсан болно. 

2.2. “Т б а” ХХК нь Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр  “...12 орон сууцыг дуудлага худалдаанд оруулах ажиллагааг хийж гүйцэтгэхдээ хууль болон журмыг ноцтой зөрчсөн байх тул 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан, шүүгч Р.Уранчимэг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусаагүй байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И “...төлбөр төлөгч “Т б а” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхгүй байхыг даалгах” хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ... дүгээр захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Төлбөр төлөгч “Т б а” ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд өргөдөлд дурдсан “...Д.Б-ийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг илтэд удаашруулах, бидний хохирлыг төлөхгүй байх зорилготой, ...тэдний хууль бус үйлдлийг хөхүүлэн дэмжсэн...” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй. 

Дээрх үндэслэлээр ... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг, шүүгч Б.Отгонсүрэн, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Уранчимэг нарыг шүүгчийн ёс зүйг зөрчсөн гэх  болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн  50.1.1-т заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”, 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл удаа дараа гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул тэдэнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Холбогдох шүүгч Л.Уранчимэг Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“... Дээрх нэр бүхий гомдол гаргагч нараас Б.О-ын нэхэмжлэлтэй “Т б а” ХХК-д холбогдох 33,004,434 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан иргэний хэргийг тус шүүхийн шүүгчдийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 69 дугаартай зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ.

Шүүгч би Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байхдаа гомдол гаргагч Б.О, М.Г нараас бусад нэр бүхий гомдол гаргагч нартай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд гомдол гаргагчийн гомдолд дурдсан “шүүхээс гаргасан иргэний хэргийн шийдвэр нь амьдралд хэрэгжих боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг огт хийгдээгүй” гэсэн гомдол нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн гаргасан “хариуцагчийг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг хангаж, тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай шүүгчийн “хариуцагчийг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан гэж үзэж, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулж, зохигчдод эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материал танилцуулах ажиллагаа явуулж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар шийдвэрлэжээ. Үүнээс хойш шүүгч би шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд түдгэлзүүлэх шийдвэр гаргаагүй болно.

Түүнчлэн “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй байхад хүлээн авсан” гэх гомдлын тухайд өөр шүүгчийн нэгэнт иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн хүчин төгөлдөр байгаа эрх зүйн актыг шүүгч би хөндлөнгөөс тайлбар гаргах эрх хуулиар олгогдоогүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Гомдол гаргагч М.Г-ийн тухайд: Шүүгч би хүсэлт гаргагч М.Г-ийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.3 дахь хэсэгт Цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, Арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас, улсын байцаагчийн төлбөр тогтоосон актыг биелүүлэх боломжийг нь шүүх хянан үзэж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүгчийн захирамжаар баталгаажуулна. Шүүгч ийнхүү захирамж гаргасан даруй гүйцэтгэх хуудас бичиж 7 хоногийн дотор төлбөр авагч, төлбөр төлөгч, шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлнэ гэж заасныг үндэслэн Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаартай Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаартай гүйцэтгэх хуудсыг олгосон байна.

Иймд гомдол гаргагч нарын гомдол нь үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Холбогдох шүүгч Б.Отгонсүрэн Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“... 1. Миний бие 2016-2018 оны хооронд дээрх иргэдийн нэхэмжлэлийг шийдвэрлээгүй. Мөн гомдол гаргагч 6 иргэнээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой нэхэмжлэл, гомдол, хүсэлт шүүгч надад хуваарилагдаж ирээгүй, би албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр, захирамж гаргаагүй болно.

2 . Шүүгч миний бие нэхэмжлэгч “Т б а” ХХК-ийн хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “Б ү” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Т/2502001 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 235 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь захирамжид заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй талаар заасан.

Үүний дараа нэхэмжлэгч “Т б а” ХХК-ийн хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг шүүх 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан.

Уг нэхэмжлэлийг гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу гомдол гаргаж буй талаар нэхэмжлэлдээ дурдсан байдаг.

Нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.2, 751.2.1-т заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор үнэлгээ тогтоох ажиллагаатай холбоотой гомдолд хамаарч байх тул мөн хуулийн 753.1 дүгээр зүйлд зааснаар иргэний хэрэг үүсгэх захирамж гаргасан. Уг хэрэгт тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Энэ иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” хүсэлт ирүүлснийг хүлээн авч хянаад 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 390 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.

Үндэслэл нь: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Шүүгч иргэний гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараах үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлж болно: 27.1.4 “гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол” гэж заасны дагуу ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаартай шийдвэрийг үндэслэн явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг “Т б а” ХХК-ийн нэхэмжлэлтэй ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг  хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан шийдвэрлэж шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үнэлгээ гаргасан “Б ү” ХХК-ийг гуравдагч этгээдээр татах тухай хүсэлт ирүүлснийг хүлээн авч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шүүгчийн захирамж гарган ажиллагаа үргэлжилсэн тул 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг мөн сарын 05-ны өдрөөс хуульд заасан 14 хоногийн хугацаагаар сунгуулсан байна.

2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарган шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагт товлон зарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасан шийдвэр гаргасан болно.

Тайлбар гаргаж буй өдрийн байдлаар шүүхийн шийдвэр албажиж гараагүй, хуулийн хугацаанд гаргаад хүргүүлэх болно.“ гэжээ.

Холбогдох шүүгч Р.Уранчимэг Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“1. Хэрэг шийдвэрлэсэн талаар: Шүүгч би

1.1. Б.У-ийн нэхэмжлэлтэй “Т б а” ХХК-д холбогдох 5,560,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ... дугаартай шийдвэрээр,

1.2. Б-ийн нэхэмжлэлтэй Д.Б-д холбогдох 20,444,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ... дугаартай шүүгчийн захирамжаар /хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон/,

1.3. Б.У-ийн нэхэмжлэлтэй Д.Б, Ц.Б нарт холбогдох 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэргийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ... дугаартай шүүгчийн захирамжаар /хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон/ тус тус шийдвэрлэсэн байна.

2 .Шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой:

2.1. Б.У 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэн 124 дугаартай гүйцэтгэх хуудас олгосон.

2.2. Б 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх хүсэлт гаргасныг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэн 163, 164 дугаартай гүйцэтгэх хуудас олгосон.

2.3. Б.У 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шүүгч Б.О хүсэлтийг хангаж шийдвэрлэн захирамж гаргаж, 91, 92 дугаартай гүйцэтгэх хуудас олгосон байна.

3 .Нэр бүхий гомдол гаргагч нараас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой ямар ч төрлийн шаардлагатай нэхэмжлэл тус шүүхэд ирээгүй.

4 . Харин “Т б А” ХХК-ны нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 12 орон сууцыг дуудлага худалдаанд оруулах ажиллагааг хийж гүйцэтгэхдээ хууль журам зөрчсөн гэсэн үндэслэлээр 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох шаардлагатай хэрэг тусгай ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа. Тус хэрэгт Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхгүй байхыг даалгаж өгөх хүсэлт гаргасныг шүүгч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа.

5. Шүүгч би “Т б а ХХК” болон иргэн Д.Б нартай холбоотой бусад этгээдээс гаргасан нэхэмжлэлтэй иргэний 5 хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус хэргүүдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн ямар нэгэн шийдвэр захирамж гаргаагүй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч Б.О, Г.Б, Б.У, М.Г, Г.З, Б.У нараас Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг, шүүгч Б.Отгонсүрэн, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр нарт холбогдуулан “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулийн дагуу явуулсан ажиллагааг шүүх өөрөө гацааж, хууль бус шийдвэр гаргаж байна ...” гэх агуулга бүхий өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ГЗҮ/2025/0037 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Нэг. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, өргөдөл гаргагч нар нь төлөгч “Т Б А” ХХК-ийн захирал Д.Б-ийн нэр дээр бүртгэлтэй, ... аймгийн ... сумын 3-р баг, 24 дүгээр сууцны зүүн талд байрлах эзэмших эрхийн Э-... дугаартай газарт баригдаж байсан орон сууцанд захиалга өгч, урьдчилгаа төлбөр төлсөн иргэд ба Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх өргөдөл гаргагч нараас “Т Б А” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл бүхий дараах иргэний хэргүүдийг хянан шийдвэрлэжээ. Үүнд:

- О.А нь /итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З/ “Т б а” ХХК-д холбогдуулан 7,331,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч Л.Угтахбаяр хүлээн авч, шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэргийг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ... дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

- Б.У нь “Т б а” ХХК-д холбогдуулан 5,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч Р.Уранчимэг хүлээн авч, шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэргийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ... дүгээр захирамжаар тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 124 дугаартай гүйцэтгэх хуудсыг олгожээ.

- Б.У-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь “Т б а” ХХК-ийн захирал Д.Б, борлуулалтын албаны дарга Ц.Б нарт холбогдуулан орон сууцны урьдчилгаа төлбөр 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч Л.Угтахбаяр хүлээн авч, шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ... дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар захирамжаар хариуцагчийг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар тогтоолоор тус иргэний хэргийг шүүгч Р.Уранчимэгт шилжүүлсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн тул шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүгч Б.Отгонсүрэнгийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ... дүгээр захирамжаар уг шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 00091 дугаартай гүйцэтгэх хуудсыг олгожээ.

 

- Г.Б нь Д.Б-д /“Т б а” ХХК-ийн захирал/ холбогдуулан 20,444,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч Л.Угтахбаяр хүлээн авч, шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ... дүгээр захирамжаар хариуцагчийг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар тогтоолоор тус иргэний хэргийг шүүгч Р.Уранчимэгт шилжүүлсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн тул шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ... дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ... дүгээр захирамжаар уг шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 00163 дугаартай гүйцэтгэх хуудсыг олгожээ.

- Б.О нь “Т б а” ХХК-д холбогдуулан 33,004,434 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч А.Энхтөр хүлээн авч, шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад шүүгчдийн зөвлөгөөний 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ... дүгээр тогтоолоор шүүгч Л.Угтахбаярт хуваарилагдсан ба нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ... дүгээр захирамжаар хариуцагчийг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн тул шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаар захирамжаар уг шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 178 дугаартай гүйцэтгэх хуудсыг олгожээ.

- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дугаартай шийдвэрээр М.Г-ийн нэхэмжлэлтэй “Т б а” ХХК-д холбогдох хэргийг талуудын эвлэрлийг баталгаажуулан, арбитрын ажиллагааг дуусгавар болгосон ба М.Г-ийн хүсэлтэд үндэслэн шүүгч Л.Угтахбаярын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ... дүгээр захирамжаар арбитрын шийдвэрийг баталгаажуулж, 08 дугаартай гүйцэтгэх хуудсыг олгожээ. 

Дээр дурдсанчлан, өргөдөл гаргагч нарын “Т б а” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл тус бүрд шүүх иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч “Т б а” ХХК-ийн захирал Д.Б нэхэмжлэлд дурдсан хаягт байдаггүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр зарим иргэний хэрэгт хариуцагчийг эрэн сурвалжилж, энэ үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж байсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6-д заасанд нийцнэ.

Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж бичгээр тайлбар гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан журмаар хэргийг хялбаршуулан шийдвэрлэсэн  боловч хариуцагч сайн дураар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч нараас гаргасан албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг хангаж, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан хүчин төгөлдөр шүүгчийн захирамжид үндэслэн гүйцэтгэх хуудас олгосны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба тул өргөдөлд “... шүүхээс гаргасан шийдвэр нь амьдрал дээр хэрэгжих боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа огт хийгдээгүй, биднийг хохироосон шийдвэр гаргасан ...” гэж дурдсан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн, Шүүхийн сахилгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ ...” гэж зааснаар 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон хэм хэмжээ, Шүүгчийн ёс зүйн дүрмийг шүүгч нарын дээр дурдсан иргэний хэргүүдийг хянан шийдвэрлэсэн ажиллагаанд дүгнэлт хийхэд баримтална.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ”, 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудал нь шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. Өргөдөл гаргагч нар нь өргөдлийн үндэслэлээ “... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй байхад буюу төлбөр төлөгч этгээд эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг хүлээн авсан даруйд 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байхад Д.Б хөрөнгө үнэлгээний тайлан хүлээн авсан хугацаа шүүхэд гомдол гаргасан хугацаа бүхэл бүтэн 14 хоногийн зөрүүтэй байхад шүүх гомдлыг хүлээн авч шийдвэрлэхээр ажиллаж байгаа нь илтэд нэг талыг баримталж байгаа, ... Д.Б-ийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг илтэд удаашруулах, бидний хохирлыг төлөхгүй байх зорилготой, ... тэдний хууль бус үйлдлийг хөхүүлэн дэмжсэн ...” гэж тодорхойлжээ.

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, “Т б а” ХХК /захирал Д.Б/-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 1,500,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүгч Р.Уранчимэгийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ... дүгээр захирамжаар уг шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 00064 дугаартай гүйцэтгэх хуудсыг олгосны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт ... аймгийн ... сум, 3 дугаар багт байрлах 32 айлын орон сууцны барилгын зарим орон сууцыг битүүмжлэн хураан авч, улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон, шинжээч 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Т/2502001 дугаартай дүгнэлтийг гарган, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03/71 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч “Т б а” ХХК-д мэдэгджээ.

Харин “Т б а” ХХК-иас Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “Б ү” ХХК-д холбогдуулан шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Т/2502001 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч Б.Отгонсүрэн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсан болох нь илтгэгч гишүүний шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д  “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан хугацааг зөрчөөгүй байна.

Шүүгч Б.Отгонсүрэн нь дээрх нэхэмжлэлийг хянаад, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар захирамжаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэлд хамаарах тул нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тул нэхэмжлэгч нь тусгайлсан журмын дагуу тус нэхэмжлэлээ дахин гаргасныг шүүгч Б.Отгонсүрэн хүлээн авч, шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.2.1-т зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол, нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан тусгайлсан журмаар нэхэмжлэл гаргах загвар, маягтын дагуу нэхэмжлэлээ дахин гаргасныг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг илтгэгч гишүүн хууль зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.4-т “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан, харин нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхийнхээ дагуу нэхэмжлэгчээс 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүгч хүлээн аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан бүрдүүлбэр хангагдсан эсэх, 65 дугаар зүйлийн 65.1-д заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон түүнд хавсаргасан баримтуудын хүрээнд шалгаж, хэрэв татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл хэрэг үүсгэх тухай захирамж гаргахаар хуульчилсан тул “Т б а” ХХК-иас гаргасан нэхэмжлэл, түүнд хавсарган ирүүлсэн баримтын хүрээнд дүгнэлт хийн иргэний хэрэг үүсгэснийг нэг талыг баримталсан, хууль бус үйлдлийг хөхүүлэн дэмжсэн гэж үзэхгүй.

Мөн “Т б а” ХХК нь Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч Р.Уранчимэг хүлээн авч, шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж  байгаа ба дээрх үндэслэлд дурдсанчлан шүүгчийг хуульд заасан ажиллагааг явуулсантай нь холбогдуулан буруутгах үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ... дүгээр захирамжаар тус иргэний хэргийг шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараахь үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлж болно: ... 27.1.4.гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол” гэж заасныг зөрчөөгүй байна.

Тодруулбал, “Т б а” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлөх үнийн дүнд хураан авсан орон сууцны үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад тус компаниас төлбөр гаргуулах шүүгчийн захирамжийг гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарах тул шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах, өөрчлөх, хүчингүй болгох эрхийг Шүүхийн сахилгын хороонд хуулиар олгоогүй болно.

Иймд, шүүгч нар нь шүүгчийн ёс зүйн дүрэм болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн  50.1.1-т заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл удаа дараа зөрчих” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул илтгэгч гишүүнээс Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг, шүүгч Б.Отгонсүрэн, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ГС/2025/0049 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг, шүүгч Б.Отгонсүрэн, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар  магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарын оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

                        ДАРГАЛАГЧ                                   Х.ХАШБААТАР

                        ГИШҮҮН                                         Д.АРИУНТУЯА

                                                                            С.ЭНХТӨР