info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-04-23

Дугаар 57

Улаанбаатар хот

  Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан, ажиглагчаар өргөдөл гаргагч П.О-ийг байлцуулж Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

Иргэн П.О нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалнямд холбогдуулан гаргасан өргөдлийг холбогдох хууль, журмын дагуу илтгэгч гишүүн О.Номуулин хүлээн авч хянаад, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ГЗҮ/2025/...1 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2025/...2 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн саналдаа: “...Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ...40 дүгээр албан бичгээр яллагдагч Б.М, Б.Б, П.О, Ш.Б, Ц.Г, П.Э, Э.А нарт холбогдох эрүүгийн 2.....3 дугаартай 50 хавтас бүхий хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн  2024/ЕШЗ/...1 дүгээр захирамжаар тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Э.Чанцалнямыг томилсон шийдвэрийг албажуулсан, яллагдагч Б.М, Б.Б, П.О, Ш.Б, Ц.Г, П.Э нарт 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, яллагдагч Э.А-д 12 дугаар сарын 17-ны өдөр тус тус хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан үйл баримт тогтоогдоно.

1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ...9 дүгээр тогтоолоор баталсан Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.1.1-д “Ажилтан эрүүгийн хэргийг ирсэн цаг, минутын дарааллаар, ажлын өдрүүдэд, ажлын цагаар хүлээн авч, “Эрүүгийн хэргийн албан хэрэг хөтлөлтөд хэрэглэх бүртгэлийн загвар” /цаашид “Бүртгэл” гэх/-ын Бүртгэл №1-д бүртгэж, хүлээлгэн өгсөн хүний нэр, гарын үсгийг тайллын хамт зуруулна” гэж заасан байх боловч Нийслэлийн прокурорын газраас  2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүргүүлсэн хэргийг 12 дугаар сарын 16-ны өдөр нэгдсэн системд бүртгэхэд шүүгч Э.Чанцалнямд хуваарилагдсан байна.

Ийнхүү шүүхэд ирсэн хэргийг 5 хоногийн дараа нэгдсэн системд бүртгэсэн шалтгааны талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ө.Э /тухайн үед Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр ажиллаж байсан/ гэрчээр мэдүүлэхдээ “...Э.А нарт холбогдох 50 хавтастай хэрэг анх 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үдээс хойш 14-15 цагийн хооронд ирсэн. Хэргийг Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Б.О хүргэж ирсэн ба хэргийн холбогдогч 7 хүнтэй хамт ирсэн. Сүхбаатар дүүргийн Прокуророос ихэвчлэн үдээс өмнө эрүүгийн хэрэг ирдэг болохоор ирсэн дарааллаар шалгаж авдаг. Тухайн үед үдээс өмнө хэдэн хэрэг ирснийг бол сайн санахгүй байна. 50 хавтастай хэрэг байсан болохоор шалгаж авахад хугацаа их орохоор байсан тул хэргийг нь авч үлдээд шалгаж дууссаны дараа прокурорт нь хэлье, та хүмүүсээ дуудчихаарай гэж хэлээд буцаасан. Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд эрүүгийн хэрэг хүлээн авахад шалгах ажиллагааг 4 дүгээр зүйлд нарийвчлан заасан байдаг бөгөөд хэргийг прокурорын нэгдсэн системээс ирсэн эсэх, хэргийн хуудас бүрийг хар өнгийн бэхээр дугаарласан байх, яллагдагч цагдан хоригдож байгаа бол эрхийн акт нь бүрэн байх, эд мөрийн баримт хураан авсан бол мөрдөгч, прокурорын тогтоолтой таарсан байх зэрэг ажиллагааг шалгахад их хугацаа шаардсан. Тэр өдөр шалгаж эхэлсэн эсэхээ сайн санахгүй байна, маргаашаас нь шалгаж эхлээд 5 дахь өдөр буюу 13-ны өдөр дуусаад прокурорт илэрсэн зөрчлүүдийг хэлсэн. Яллагдагч нарын урьд нь авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний тэмдэглэл захирамж дутуу, тодорхой тооны хуудасны дугаар баларсан, хэд гэдэг нь харагдахгүй, хуудасны дугаарлалт алдаатай, эд мөрийн баримтаар хураан авсан ажиллагаатай холбоотой диск зарим нь уншигдахгүй, алдаатай байсан. Прокурор 12 дугаар сарын 13-ны 5 дахь өдөр 15 цагийн үед 2 мөрдөгчтэй ирээд алдаагаа засаад дутуу баримтаа хэрэгт нэмж хийсэн. Тухайн үед 7 холбогдогч бүгдээрээ ирчихсэн байсан. Ажиллагаа хийсээр байгаад ажлын цаг дуусчихсан юмаа. Ерөнхий зөвлөлийн аргачлалд зөвхөн ажлын цагт хэрэг хүлээж авна гээд заачихсан байдаг болохоор би хэрэг авах эрхгүй байдаг. Тэгээд 12 дугаар сарын 16-ны өдөр буюу 1 дэх өдөр 10 цагийн үед хүлээж аваад бүртгэлд бүртгэсэн. Э.А-аас бусад бүх хүмүүс нь ирчихсэн байсан. Э.А-ыг замдаа ирж яваа гэдгийг прокурор нь хэлсэн. Тэгэхээр нь би хэлтсийн дарга Ө-д танилцуулахад хүн нь ирж байгаа юм бол эхнээс нь бүртгэж байхгүй юу, хүмүүс чирэгдүүлээд яах вэ гэхээр нь би бүртгэж эхэлсэн. Шууд систем дээр бүртгэж эхэлдэг. Яллах дүгнэлт дээрх мэдээллээр хүмүүсээ бүртгэж системд оруулдаг. Хэрэв өөрчлөгдсөн юм байвал хүмүүсийг нь дуудаж уулзаад мэдээлэл авдаг. Э.А-ыг бүртгэхдээ яллах дүгнэлт дээрх мэдээллийг хараад бүртгэсэн. Хүлээн авах товчийг дараХ-аар шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргүүдийн хамгийн сүүлд бүртгэгдээд гараад ирдэг. Үүний дараа бүртгэгдсэн хэрэг рүүгээ дарж ороод “шийдвэр” гэсэн цэсийг сонгоод, “даргалагч томилох” команд өгөхөөр систем урьдчилан тааж мэдэх боломжгүй, санамсаргүй байдлаар шүүгчийн нэрийг унагадаг. Даргалагч шүүгчийн нэр унасны дараа ерөнхий шүүгчийн даргалагч томилсон захирамжийн дугаар авах ногоон тэмдэг гарч ирдэг. Тэр ногоон тэмдэг дээр дараад ерөнхий шүүгчийн захирамжийн дугаар авсан. Ингээд холбогдогч нарт ямар шүүгчид хэрэг хуваарилагдсаныг хэлдэг. Энэ хэрэг Чанцалням шүүгчид унасан болохоор шүүгчийн туслах Х, нарийн бичгийн дарга нартай хамт бууж ирээд хэргээ хүлээж авсан. Ерөнхий шүүгчийн даргалагч томилсон захирамжийн дугаараа авчхаад бүртгэлийн дэвтэр дээрээ тэмдэглэж аваад туслах Х-аар гарын үсэг зуруулаад хүлээлгэж өгсөн. Нийтлэг аргачлал дээр эрүүгийн хэргийг яллагдагч нартай хамт хүлээн авах заалт байгаа. Гэхдээ тухайн үед шүүх рүү ирж байгаа гэдгийг прокурор нь хэлсэн, хэлтсийн даргад танилцуулахад ирж байгаа бол бүртгээд эхэлчих гэсэн чиглэл авсан, бас хүмүүс нь олон удаа шүүх рүү ирүүллээ гээд хэл ам болоод байсан болохоор хүмүүсийг чирэгдүүлэхгүй гэсэн дээ л бүртгэсэн юмаа. Амралтын өдөр таарчихсан. Үндсэндээ ажлын 3 өдөр л болсон. Хэргээ өгөөд явуулчихаар ахиад ирэхээр нь эхнээс нь бүгдийг шалгах болдог учраас авч үлддэг юм. Ер нь эрүүгийн хэргийг хүлээж авахдаа шалгах шаардлагаар 2-3 хонодог. Өөр хэрэг байхгүй бол өдөрт нь шалгаж амждаг. Гэвч Сүхбаатар дүүргийн прокуророос ирж байгаа хэргүүд ихэвчлэн олон хавтастай байдаг учраас нэг өдөр ирсэн бүх хэргээ шалгаж амждаггүй юмаа. Ер нь бол хэрэг хүлээн авах болон хуваарилах үйл ажиллагаанд бусдаас нөлөөлөх ямар ч боломжгүй байдаг. Учир нь системээс хуваарилдаг учраас. Миний зүгээс ямар нэгэн хөндлөнгийн нөлөөлөл байхгүй, зохих журмаар нь шалгаад л хүлээн авсан” гэжээ.

Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.1-д зааснаар ажилтан эрүүгийн хэргийг хүлээж авахдаа “эрүүгийн хэргийг харьяалах прокурорын газраас нэгдсэн системээр ирүүлсэн эсэх, яллах дүгнэлтийг яллагдагч, хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчид гардуулсан байх, хэрэв яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдсэн эсэх, яллагдагч, хуулийн этгээдийн иргэний бичиг баримт болон улсын бүртгэлийн баримт бичгийг шүүхэд ирүүлсэн эсэх, хавтас хэргийн хуудсыг хар өнгийн бэхтэй дугаарлагчаар давхарлахгүй, гаргацтай, зөв дугаарласан эсэх, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримт нь тоо хэмжээ, бусад байдлаараа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гаргасан мөрдөгч, прокурорын шийдвэртэй тохирч байгаа эсэх, хэрэв хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шүүхэд ирүүлээгүй бол хаана хадгалагдаж байгаа талаарх баримтыг хэрэгт хавсаргасан эсэх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол уг хугацаа дуусахаас дөрвөөс доошгүй хоногийн өмнө хэргийг ирүүлсэн байх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан байх /шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэлийг хэрэгт хавсаргах/, хугацаа сунгасан шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа дууссан эсэх, яллагдагч тухайн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт байрлахаас өөр цагдан хорих ангид цагдан хоригдож байвал яллагдагчийг тухайн шүүхийн харьяалах цагдан хорих ангид шилжүүлсэн эсэх /шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл, цагдан хорих ангид хүлээлгэн өгсөн баримтыг хавсаргах/, барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол барьцааны мөнгийг тусгай дансанд шилжүүлсэн эсэх, цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол яллагдагчийг шүүхэд биечлэн, Монгол хэл, бичиг мэдэхгүй, өсвөр насны яллагдагчийг хууль ёсны төлөөлөгч эсхүл өмгөөлөгчийн хамт ирүүлсэн эсэх” зэргийг шалгах үүрэгтэй байх ба эдгээр ажиллагааны аль нэг дутуу, эсхүл алдаа, зөрчилтэй байвал эрүүгийн хэргийг хүлээн авахгүйгээр зөрчлийг арилгуулахаар буцаахаар байна.

Гэтэл мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ө.Э нь эрүүгийн 2.....3 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан ч дээрх аргачлалд заасныг шалгахаар хэргийг авч үлдсэн, 12 дугаар сарын 13-ны өдөр илэрсэн зөрчлийг арилгуулж, 12 дугаар сарын 16-ны өдөр /14 болон 15-ны өдөр амралтын өдөр байсан/ Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд бүртгэсэн нь Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд заасан “...эрүүгийн хэргийг ирсэн цаг, минутын дарааллаар хүлээн авч бүртгэх” журмыг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр яллагдагч Э.А ирээгүй, яллагдагч Б.М, Б.Б, П.О, Ш.Б, Ц.Г, П.Э нар ирсэн, хяналтын прокурор нь Э.А-ыг ирж байгаа гэж тайлбарласанд үндэслээд Эрүүгийн хэргийн нэгдсэн системд бүртгэсэн үйл ажиллагаа нь Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.1.2.8.4-т “цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол яллагдагчийг шүүхэд биечлэн, ...ирүүлсэн байх” гэж заасныг зөрчсөн талаар өргөдөлд дурдсан нь үндэслэлтэй байна.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь дээрх хуульд нэрлэн заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага юм.

Хэргийн хуваарилалттай холбоотой шүүгчийн сахилгын зөрчилд тооцох хэм хэмжээг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэж тодорхойлсон бол 19 дүгээр зүйлийн 19.2.2-т “шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох”, 19.2.5-д ”энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах” гэж тус тус заасан байх бөгөөд шүүгч Э.Чанцалнямыг дээрх хуульд нэрлэн заасан зөрчилд буруутгах боломжгүй байна.

Тодруулбал, нийт шүүгчдийн чуулганы 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ын 1.4-д “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилоход хуульд заасан шаардлага хангасан программ хангамж ашиглана. Программ хангамжийн ажиллагаа болон аюулгүй байдлыг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 71 дүгээр зүйлийн 71.1.12-т заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцна. /Энэ хэсгийг Нийт шүүгчийн чуулганы 2023 оны 04 дүгээр тогтоолоор нэмсэн/”, 1.5-д “Шүүгчдийн зөвлөгөөнөөс энэхүү журамд нийцүүлэн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батална. /Энэ хэсгийг Нийт шүүгчийн чуулганы 2023 оны 04 дүгээр тогтоолоор нэмсэн/” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ..1 дүгээр тогтоолын хавсралтаар “Эрүүгийн болон зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ыг баталсан, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЗТ/..5 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байсан шүүгч Э.Чанцалням нь 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр чөлөөний хугацаа дуусаж, ажилдаа орж байгаа, мөн шүүгч Т.Б-ын сэлгэн ажиллах хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан  журмын 2.2-т Эрүүгийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүний нэрсийн дарааллыг сугалаагаар тогтоосныг дараах байдлаар Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын Нэгдсэн системд байршуулна. 1.Д.Д, 2.Г.Т, 3.З.Б, 4.Б.Д, 5.Б.Б, 6.Ж.Б, 7.С.О, 8.Э.Ч, 9.М.О, 10.Б.М гэсэн өөрчлөлт оруулжээ.

Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, санал, дүгнэлт хүлээн авах, хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилоход  хуваарилагдах шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан программ хангамж ашигладаг бөгөөд тойрог дотор санамсаргүй тохиолдлоор, ачаалал тэнцвэржүүлэх, хуваарилагдсан болон хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн нь Зөвлөгөөний шийдвэргүйгээр өөрчлөгдөх боломжгүй, хүний нөлөөллөөс ангид, ил тод байх зарчмыг баримталдаг билээ.

Эрүүгийн 2.....3 дугаартай хэргийг нэгдсэн системд бүртгэж хуваарилсан үйлдлийн дүрс бичлэгт үзлэг хийхэд, хуваарилалтын тойрог нь “ачаалал тэнцүүлэх” төлөвтэй байх ба хэргийг бүртгэж дуусаад хэргийн 2.....3 дугаар дээр дархад “Хүлээн авсан мэдээлэл” гэх нэртэй талбар гарч ирж байх ба “Шийдвэрүүд” цэс дээр дарж “нэмэх” товчны баруун талын товч дээр дараад “даргалагч томилох” цэсийг сонгоход “Томилох” нэртэй шинэ талбар нээгдэж даргалагч талбарт Э.Чанцалням гэсэн нэр бүртгэгдэн гарч ирэх нь харагдана.

Иймд Эрүүгийн болон зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журмыг шүүгч Э.Чанцалням санаатай үйлдлээр зөрчсөн, санаатайгаар хэргийг өөртөө хуваарилуулсан гэж буруутгах боломжгүй.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д “Шүүхийн Тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”: 86.1.4-т ”шүүхэд ирүүлсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх” гэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан “Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 4.1-д “Тамгын газар хэргийн хөдөлгөөний удирдлагын чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ”: 4.1.1-д “шүүхэд ирүүлсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, хэргийн хөдөлгөөний нэгдсэн системд хэрэг хуваарилах журмын дагуу бүртгэх, шилжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасан ба дээрх үйл ажиллагааг Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ...1 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралтаар баталсан шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтний ажлын байрын тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамаарч байна.

Өөрөөр хэлбэл шүүхэд ирсэн эрүүгийн хэргийг хүлээн авч, бүртгэх үйл ажиллагааг тухайн шүүхийн Тамгын газар хэрэгжүүлнэ гэж ойлгох бөгөөд хэргийг хүлээн авсны дараа Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 1.3-т “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний удирдлага, хяналтыг шүүгч хэрэгжүүлнэ” гэж заасныг тухайн шүүгч дагаж мөрдөх үүрэгтэй гэж ойлгоно.

Дээрхийг нэгтгэн дүгнээд, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалнямд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.

Шүүгч Э.Чанцалням хариу тайлбартаа: “...Миний бие яллагдагч Э.А, Б.Б, Ш.Б, Ц.Г, Б.М, П.О, П.Э нарт холбогдох эрүүгийн 2.....3 дугаартай хэргийг Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хуваарилагдсан нь тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ....1 дугаартай захирамжаар албажуулсныг энэ өдөр хүлээж авсан.

Нийслэлийн прокурорын газраас дээрх хэргийг шүүхэд ирүүлснийг шалган авч Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд бүртгэж, ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулах ажлыг тус шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан н.Э ажлын байрны чиг үүрэгт заасны дагуу хийж гүйцэтгэсэн байх гэж бодож байна.

Шүүгчийн туслах А.Х дээрх нэр бүхий 7 яллагдагчид холбогдох эрүүгийн хэрэг танд хуваарилагдсан байна гэж орж ирж мэдэгдсэн. Цахим системд нэвтэрч үзэхэд дээрх хэрэг нь надад хуваарилагдсан харагдсан. Ингэж тухайн хэрэг надад хуваарилагдсан гэдгийг мэдсэн.

Тэрнээс прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн, мэдээлэл лавлагааны ажилтан хүлээн авч байгаа талаар огт мэдээгүй бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байхгүй болно.

Миний бие хэрэг хуваарилах ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцож, өөр дээрээ хуваарилуулахаар бусдад нөлөөлсөн зүйл байхгүй тул тухайн хэрэг Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд бүртгэгдэн хуваарилагдах үйл явц дүрс бичлэгийн байдлаар хадгалагдсан эсэхийг шалгаж, хэргийг хүлээн авч бүртгэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн мэдээлэл лавлагааны ажилтнаас тайлбар авч өгөхийг хүсэж байна.

Иймд гаргасан гомдол нь үндэслэлгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн П.О “шүүгч Э.Чанцалням Нийслэлийн Прокурорын газраас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ирсэн дарааллаар бүртгэх журмыг зөрчин бусад хэргүүдийг хүлээн авч, зориуд өөртөө хуваарилуулан авсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 20 дугаар зүйлийн 20.2.4, 50 дугаар зүйлийн 50.1.22-т заасныг санаатайгаар зөрчсөн. ...Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-д зааснаар хэргийг хүлээн аваагүй, зөрчигдсөн гэдгийг мэдсээр байж зөрчлийг арилгуулахаар буцаагаагүй буюу нийт 7 хүнтэй хэргээс 1 хүн нь байхгүй, дутуу хэргийг хүлээн авч цахим хуваарилалтад оруулсныг шүүгч мэдсээр байж 7 хүнтэй хэргийн 6 хүнд хувийн баталгаа гаргуулж, 1 хүнгүй, дутуу хэрэг хүлээн авсан нөхцөл байдал нь цахим хуваарилалтыг зориуд тааруулсныг харуулж байна...” гэх агуулгаар өргөдөл гаргажээ. /с.х-ийн 1-4 тал/

Илтгэгч гишүүн саналдаа “...мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ө.Э нь эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан ч Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.1-д заасныг шалгахаар хэргийг авч үлдсэн, 12 дугаар сарын 13-ны өдөр илэрсэн зөрчлийг аргуулж, 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд бүртгэсэн нь Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ. Түүнчлэн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр яллагдагч Э.А ирээгүй, ...хяналтын прокурорын ирж байгаа гэх тайлбарласанд үндэслээд системд бүртгэсэн ажиллагаа нь Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.1.2.8.4-т заасныг зөрчсөн талаарх өргөдөлд дурдсан нь үндэслэлтэй байна... Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, санал, дүгнэлт хүлээн авах, хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилоход хуваарилагдах шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан программ хангамж ашигладаг бөгөөд тойрог дотор санамсаргүй тохиолдлоор, ачаалал тэнцвэржүүлэх, хуваарилагдсан болон хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн нь Зөвлөгөөний шийдвэргүйгээр өөрчлөгдөх боломжгүй, хүний нөлөөллөөс ангид, ил тод байх зарчмыг баримталдаг билээ... Иймд Эрүүгийн болон зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журмыг шүүгч Э.Чанцалням санаатай үйлдлээр зөрчсөн, санаатайгаар хэргийг өөртөө хуваарилуулсан гэж буруутгах боломжгүй... ” гэж дүгнэжээ. /с.х-ийн 124-134 тал/

Илтгэгч гишүүн нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ГЗҮ/2025/..1 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтаар “эрүүгийн хэргийг зориуд өөртөө хуваарилуулсан” гэх өргөдлийн үндэслэлээр шүүгч Э.Чанцалнямд сахилгын хэрэг үүсгэж, харин 2 дугаар заалтаар “мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаанд агуулж буй нууцын мэдээллийг тээгч 44 ширхэг СД-г мэдээлэл лавлагааны ажилтан хүлээн авч, ил задгай хадгалсан”, “прокурор шүүхийн үйл ажиллагааны хараат бус байдалд нөлөөлсөн” гэх агуулга бүхий өргөдөлд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан байна. /с.х-ийн 5-9 тал/

Тухайн захирамжийг өргөдөл гаргагч П.О 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гардан авсан байх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргаагүй тул илтгэгч гишүүний дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүн илтгэгч гишүүний санал нь үндэслэл бүхий холбогдох хуульд нийцсэн байна гэж үзлээ. Тодруулбал:

Илтгэгч гишүүний шалгах ажиллагааны явцад Э.А нарын 7 хүнд холбогдох эрүүгийн 2.....3 дугаартай 50 хавтас, 12294 хуудастай хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тухайн үед шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн байсан Ө.Э 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хэргийг шалган, илэрсэн зөрчлийг арилгуулаад 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд бүртгэсэн болох нь мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ө.Э-ын гэрчийн мэдүүлэг, түүний Тамгын газарт бичгээр гаргасан тайлбар, хэргийг шалгасан гар бүртгэлийн түүвэр болон шүүхийн Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүлээн авсан бүртгэлийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. /с.х-ийн 15-20, 35-40, 45-47 тал/

Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтний гэрчийн мэдүүлгийг илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналын 6-8 дугаар талд дэлгэрэнгүй тусгажээ. Гэрчийн мэдүүлгээс үзэхэд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэргийг хүлээн авч шалгахад яллагдагч нарын урьд нь авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний тэмдэглэл захирамж дутуу, тодорхой тооны хуудасны дугаар баларсан, хэд гэдэг нь харагдахгүй, хуудасны дугаарлалт алдаатай, эд мөрийн баримтаар хураан авсан ажиллагаатай холбоотой диск зарим нь уншигдахгүй, алдаатай байсан зөрчил илэрсэн тул 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн үед ирсэн хяналтын прокуророор илэрсэн зөрчлүүдийг арилгуулж, дутуу баримтуудыг хэрэгт хавсаргаж хийсээр байтал ажлын цаг дууссан тул ирэх долоо хоногийн 1 дэх өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хэргийг системд бүртгэн, хүлээн авч хуваарилжээ. /с.х-ийн 15-20 тал/

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ...9 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4.1.1-д “ажилтан эрүүгийн хэргийг ирсэн цаг, минутын дарааллаар, ажлын өдрүүдэд, ажлын цагаар хүлээн авч, “Эрүүгийн хэргийн албан хэрэг хөтлөлтөд хэрэглэх бүртгэлийн загвар” /цаашид “Бүртгэл” гэх/-ын Бүртгэл №1-д бүртгэж, хүлээлгэн өгсөн хүний нэр, гарын үсгийг тайллын хамт зуруулна”, 4.1.2-т “ажилтан эрүүгийн хэргийг хүлээж авахдаа дараах ажиллагаа хийгдсэн эсэхийг шалгана” гээд 4.1.2.1-4.1.2.8-д шалгах ажиллагаануудыг тухайлан зааж, 4.1.4-т “ажилтан энэ аргачлалын 4.1.2-т заасан ажиллагааны аль нэг нь дутуу, эсхүл алдаа, зөрчилтэй байвал эрүүгийн хэргийг хүлээн авахгүйгээр зөрчлийг арилгуулахаар буцаана” гэж заасан ажиллагааг явуулахаар заасан. /с.х-ийн 99, 101-122 тал/

Уг аргачлалын дагуу мэдээлэл лавлагааны мэргэжилтэн хэргийг хүлээн аваад ажиллагаа хийгдсэн эсэхийг шалгаж Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд бүртгэж, санамсаргүй байдлаар шүүгчид хуваарилах байтал хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр авч үлдэн шалгаж, улмаар 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажлын цаг дууссан гэх үндэслэлээр системд бүртгэлгүй 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бүртгэжээ.

Мөн хэргийг системд бүртгэсэн өдөр 7 яллагдагчаас 6 яллагдагч ирсэн, 1 яллагдагч ирээгүй байхад дээрх аргачлалын 4.1.2.8.4-т “цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол яллагдагчийг шүүхэд биечлэн, ...ирүүлсэн байх” гэж зааснаар хэргийг хүлээн авахгүй байх байтал хяналтын прокурорын тайлбарыг үндэслэн хүлээн авсан нь мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ө.Э-ын “Э.А-аас бусад бүх хүмүүс нь ирчихсэн байсан. Э.А-ыг замдаа ирж яваа гэдгийг прокурор нь хэлсэн. Тэгэхээр нь би хэлтсийн дарга н.Ө-д танилцуулахад хүн нь ирж байгаа юм бол эхнээс нь бүртгэж байхгүй юу, хүмүүс чирэгдүүлээд яахав гэхээр нь би бүртгэж эхэлсэн” гэх гэрчийн мэдүүлэг, шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ө-ий “...2024 оны 12 дугаар сарын 16-ны өглөө хяналтын прокурор залгаж “...Э.А нь хөдөө яваад ирж байгаа юм байна. Үдээс хойш гэхэд ирчихнэ, ирэхээр нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нь өөрөө дагуулаад ирнэ... бусад хүмүүс нь бүгд ирчихсэн байгаа, хэргээ хүлээгээд авч болохгүй юм уу” гэж асуусан... Яллагдагч Э.А-ын тухайд шүүхийн байранд 2 удаа, бусад 6 яллагдагч нь 3 удаа ирсэн байсан учраас хэргийн оролцогчдод төвөг, чирэгдэл учруулахгүй байх, нөгөөтэйгүүр шүүхийн зүгээс яллагдагч Э.А-тай холбогдоход хөдөө явчхаад ирж байна гэх тайлбарыг гаргаж байсан учраас хэргийг хүлээн авсан...” гэх Тамгын газарт гаргасан бичгийн тайлбар, илтгэгч гишүүний эрүүгийн хэрэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. /с.х-ийн 21, 27-33, 48-49 тал/

Дээрхээс үзэхэд өргөдөлд дурдагдсан үйл баримт тогтоогдож байх боловч уг хэргийг хуваарилахад шүүгч санаатайгаар нөлөөлөх, өөрт зориуд хуваарилуулан хэргийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй болно.

Учир нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хуралдаан /чуулган/-ыг 2 жил тутам зохион байгуулж, мөн зүйлийн 20.2.4 дэх заалтад зааснаар хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батална гэж заасны дагуу Нийт шүүгчийн чуулганы 2021 оны 05 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ын 1.4-т “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилоход хуульд заасан шаардлага хангасан программ хангамж ашиглана. Программ хангамжийн ажиллагаа болон аюулгүй байдлыг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 71 дүгээр зүйлийн 71.1.12-т заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцна”, 1.5-д “шүүгчдийн зөвлөгөөнөөс энэхүү журамд нийцүүлэн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батална”, 2.1-д “хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг тухайн шүүхийн шүүгчдээс урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор программ хангамж ашиглан шүүгчид хуваарилна...”, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ..1 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Эрүүгийн болон зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-аар баталсан шүүгч, шүүх бүрэлдэхүүний нэрсийн дарааллыг сугалаагаар тогтоосныг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЗТ/..5 дугаар тогтоолоор шүүгч, шүүх бүрэлдэхүүний нэрсийн дараалалд өөрчлөлт оруулж шүүгч Э.Чанцалнямын нэр нэмэгдсэн байгаагаар хууль, журамд заасны дагуу хэргийг хуваарилжээ. /с.х-ийн 52-65, 94-98 тал/

Түүнчлэн илтгэгч гишүүний саналын 10 дугаар талын 2 дахь догол мөрт шалгах ажиллагааны явцад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0...2 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн цагаан өнгийн сидинд хуулбарлагдсан “20...43” нэртэй 01 минут 33 секунд 14 доль үргэлжилсэн Э.А нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Э.Чанцалнямд хуваарилж буй явцыг бичсэн компьютерын дэлгэцийн бичлэгт үзлэг хийсэн тухай тусгагдсан байна. /с.х-ийн 66-67, 124-134 тал/

Нөгөөтэйгүүр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 4.1-д “Тамгын газар хэргийн хөдөлгөөний удирдлагын чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ” гээд 4.1.1-д “шүүхэд ирүүлсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, хэргийн хөдөлгөөний нэгдсэн системд хэрэг хуваарилах журмын дагуу бүртгэх, шилжүүлэх ажлыг зохион байгуулах” гэжээ. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 451 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралтаар баталсан “Мэдээлэл лавлагааны мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт”-д тухайн албан тушаалыг шууд харьяалан удирдах албан тушаалтан нь шүүхийн Тамгын газрын дарга, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн гэж тодорхойлсон байна. /с.х-ийн 69-90 тал/

Иймд хэргийг хуваарилах ажиллагаанд шүүгч санаатайгаар нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох боломжгүй, харин уг ажиллагаа нь шүүхийн Тамгын газарт хамаарагдах тул илтгэгч гишүүний “...Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, санал, дүгнэлт хүлээн авах, хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилоход хуваарилагдах шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан программ хангамж ашигладаг бөгөөд тойрог дотор санамсаргүй тохиолдлоор, ачаалал тэнцвэржүүлэх, хуваарилагдсан болон хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн нь Зөвлөгөөний шийдвэргүйгээр өөрчлөгдөх боломжгүй, хүний нөлөөллөөс ангид, ил тод байх зарчмыг баримталдаг билээ. Иймд ...журмыг шүүгч Э.Чанцалням санаатай үйлдлээр зөрчсөн, санаатайгаар хэргийг өөртөө хуваарилуулсан гэж буруутгах боломжгүй” гэснийг нь үндэслэл бүхий гэж үзлээ.

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Э.Чанцалням өргөдөлд дурдагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэх үйл баримт сахилгын хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдоогүй тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2025/...2 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалнямд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ                                     Д.ЭРДЭНЭЧУЛУУН        

                 ГИШҮҮН                                          Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                С.ЭНХТӨР