info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-04-23

Дугаар 58

Улаанбаатар хот

            Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Ариунтуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б нарыг оролцуулан Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

Сахилгын хэргийн оролцогч, шүүгч Б.Ундраагийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч БНХАУ-ын “Н” ХХК болон тус улсын иргэн Ш нарт холбогдох иргэний хэргийн хариуцагчийн өмгөөлөгч буюу өргөдөл гаргагч, өмгөөлөгч Б.О-ын өргөдлөөр тус шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн бөгөөд уг сахилгын хэргийг хянан шийдвэрлэх хуралдаанд “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С /X/, түүний орчуулагч О.О, өмгөөлөгч Б.О нарыг тэдгээрийн хүсэлтээр байлцуулж, хуралдааны үйл ажиллагааг нээлтэй, ил тод танилцууллаа.

Өмгөөлөгч Б.О нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраад холбогдуулан гаргасан өргөдлийг холбогдох хууль, журмын дагуу илтгэгч гишүүн Г.Цагаанцоож хүлээн авч хянаад, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ГЗҮ/2025/...4 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2025/...9 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн саналдаа: “...Холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан.

Монгол Улсын дээд шүүх хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ...2 дугаар албан тоотоор анхан шатны шүүхэд хүргүүлсэн, шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ...4 дүгээр тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 30 хоногоор сунгасан, хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Ундрааг томилсон шийдвэрийг Ерөнхий шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 02495 дугаар захирамжаар албажуулжээ.

Холбогдох шүүгч хэргийг хүлээн аваад дор дурдсан ажиллагааг явуулсан байна. 

-Монгол Улсын дээд шүүхийн ...7 дугаар тогтоолд “...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, гэрээг дуусгавар болгохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага,бие даасан шаардлага болох эсэх, хэрэв бие даасан шаардлага мөн гэж үзвэл шаардлагын эрх зүйн үр дагаврыг тодруулах дараагийн нөхцөл байдал үүснэ. Иймд энэ нөхцөл байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай...” гэжээ. Иймд шүүгчийн туслах тогтоолд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулахыг нэхэмжлэгчид мэдэгдэж, энэ тухай тэмдэглэл үйлдсэн байна.  

-Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр  “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч БНХАУ-ын “Н” ХХК болон Ш нарт холбогдох 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Нүүрс олборлох, хамтран ажиллах гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Нэмэлт хэлэлцээрийн хугацаа дуусгавар болсныг тогтоож, уурхайн талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг даалгах, ногдол ашиг 404.173.515,90 төгрөг, торгууль 196.350.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэгтгүүлэх хүсэлт гаргасан, шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 0...0 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзжээ.

-Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлон зарлаж, хэргийн оролцогч нарт мэдэгдсэн.

-Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийг тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлогдсон.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Цагдаагийн албанаас А.Э-д холбогдох эрүүгийн хэргээс яллагдагчаар татсан тогтоолыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан, шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ...02 дугаар захирамжаар  хүсэлтийг хангаж, Цагдаагийн албанд захирамжид дурдсан баримтыг ирүүлэхийг даалгасан.

Цагдаагийн албанаас 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын газраас ажиллагааны явцад хянахаар татсан тул захирамжид дурдсан баримтыг гарган өгөх боломжгүй байна” гэх хариу ирүүлсэн.

-2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, хариуцагчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хэргийн материалаас А.Э-д холбогдуулан яллагдагчаар татагдсан тогтоолыг гаргуулах хүсэлт гаргасан, шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ...10 дугаар захирамжаар нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлосон. 

-Хариуцагч 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч “Э” ХХК, түүний захирал А.Э-д холбогдуулан “2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Нүүрс олборлолтод хамтран ажиллах гэрээ болон 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан нэмэлт хэлэлцээрийн хугацаа дуусаагүй болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан. Мөн өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хариуцагчаас нотлох баримт гаргуулах, хариуцагчийн өмгөөлөгчөөс А.Э-д холбогдох эрүүгийн хэргээс А.Э-г яллагдагчаар татсан тогтоолыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

-2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчаас “Э” ХХК, түүний захирал А.Э-д холбогдуулан “2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Нүүрс олборлолтод хамтран ажиллах гэрээ болон 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан нэмэлт хэлэлцээрийн хугацаа дуусаагүй болохыг тогтоолгох, гэрээний дагуу уурхайн талбайд хамтран ажиллахыг “Э” ХХК-д даалгах сөрөг нэхэмжлэл гаргасан.

Шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 21489 дүгээр захирамжаар шүүгчийн нотлох баримт гаргуулах захирамжийн биелэлтийг хангуулахаар шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

-2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаан 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 9 цаг хүртэл хойшлогдсон. 

-Мөн өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулсан.

-Хариуцагч 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нүүрс олборлох, хамтран ажиллах тухай 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний 16 дугаар зүйлийг  буруу орчуулсан болохыг тогтоолгох, нэмэлт гэрээний 3 дугаар зүйл, 8 дугаар зүйлд зааны дагуу ашигт малтмалын ашиглалтын M-...0 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай буюу ...аймгийн ...сумын нутаг дахь “Х” нүүрсний уурхайд “Н” ХХК бие даан нүүрс олборлох ажлыг удирдан зохион байгуулах, уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулах эрхтэй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хятад хэл дээрх гэрээг Монгол хэл дээр орчуулах шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан.

-Шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ...2 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан ба ...3 дугаар захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

-Хариуцагч 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нүүрс олборлох, хамтран ажиллах тухай 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний 16 дугаар зүйлийг  буруу орчуулсан болохыг тогтоолгох, нэмэлт гэрээний 3 дугаар зүйл, 8 дугаар зүйлд зааны дагуу ашигт малтмалын ашиглалтын M-...0 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай буюу ...аймгийн ...сумын нутаг дахь “Х” нүүрсний уурхайд “Н” ХХК бие даан нүүрс олборлох ажлыг удирдан зохион байгуулах, уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулах эрхтэй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг дахин гаргасан.

Шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ...2 дугаар захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагчаас шүүгчийн дээрх захирамжид гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасныг хүлээн авч, гомдол гаргах хугацааг сэргээсэн. Хариуцагч 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шүүгчийн дээрх захирамжид гомдол гаргасан.

Тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ...9 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

-Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 8 дугаар сарын 06, 9 дүгээр сарын 27-ны өдөр тус иргэний хэргийг хариуцагчийн оршин байрлах шүүхэд харьяаллын дагуу шилжүүлэх, хариуцагчийн өмгөөлөгчөөс 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг 2 өөр шүүхэд хянан шийдвэрлүүлж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргажээ.

Шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ...6 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, тус иргэний хэргийг ...хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргасан, шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ...5 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.

-Иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагт хийхээр товлон зарлаж, хэргийн оролцогч нарт хуралдааны тов мэдэгдсэн.

2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын нэхэмжлэгч хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хэсэгчлэн хангаж, хариуцагчаас итгэмжлэл гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлага тодруулахыг нэхэмжлэгч талд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч X-ийн гадаад паспортын хуулбарыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт хавсаргуулахыг хариуцагч талд тус тус даалгаж, хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан.

Монгол Улсын дээд шүүхийн тогтоолд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулахыг нэхэмжлэгч талд мэдэгдсэнийг “...заавар чиглэл өгсөн” гэж үзэхгүй.

Түүнчлэн дээр дурдсанаар шүүх хуралдаан зохигч талуудын гаргасан удаа дараагийн хүсэлтээр хойшлогдсон, мөн шүүгч зохигчийн хүсэлтийг шийдвэрлэсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжид гарсан гомдлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж байсан байна.  

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааснаас хойш хуульд заасан хугацаа өнгөрсөн боловч дээрх үндэслэл, шалтгаанаар хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд үүнд шүүгчийн буруутгах боломжгүй.

2. Хариуцагчийн өмгөөлөгч Б.О 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хүсэлтдээ “...Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7-д заасны дагуу хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Монгол Улсын дээд шүүхийн тогтоолд “...нэхэмжлэгч “Э” ХХК нь ...эргийн анхан шатны шүүхэд үүсгэсэн иргэний хэргийн хувьд маргаан бүхий уурхайг бодитой эзэмшиж буй этгээдийг “Н” ХХК, БНХАУ-ын иргэн  Ш гэж, ...аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүссэн иргэний хэргийн хувьд “Ж” ХХК гэж ялгаатай тодорхойлсон байх ба энэ нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ хэнд холбогдуулан хэрхэн тодорхойлох зохигчийн эрхийн асуудал мөн хэдий ч маргаан хянан шийдвэрлэж буй шүүхийн хувьд уг үйл баримтыг нэг мөр эргэлзээгүй тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд мөн эсэхийг тогтоох шаардлагыг зүй ёсоор үүсгэнэ...” гэжээ. Өөрөөр хэлбэл хэргийг хэрэгсэхгүй болгох талаар тогтоолд дурдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-т заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан,

Тодруулбал хуулийн  65 дугаар зүйлийн 65.1.7-т зааснаар зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа нь шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол бол хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай.

Тухайн иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан удаа дараа товлогдсон хэдий ч талуудын хүсэлтээр шүүх хуралдаан хойшлогдсон байх бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээгүй тохиолдолд дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм. Иймд өргөдөлд дурдсан “...хэргийг хэрэгсэхгүй болгох” хүсэлт гаргахад одоо хүртэл шийдвэрлээгүй...” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.

3. Хариуцагчийн өмгөөлөгч Б.О 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан хүсэлтдээ “...шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн захирамж илт үндэслэл муутай тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ...1 дүгээр захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авчээ.

Шүүгч Б.Ундраа 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ...6 дугаар захирамжаар хүсэлтийг хангахгүй орхихдоо “....шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан нь илт үндэслэлгүй гэж үзэхээргүй байна” гэж үзсэн, энэ тухайгаа захирамжид тодорхой дурджээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасан ба хуульд заасан “илтэд үндэслэл муутай” гэдгийг шүүгч, хэргийн оролцогч мөн хэнд ч бодит үнэнд нийцээгүй, үг, үсэг, тоо, тооцооны алдаатай зэргийг хамааруулна.

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамж үг, үсэг, тоо, тооцооны алдаагүй бол түүнийг илтэд үндэслэлгүй гэж үзэхгүй. Нөгөө талаар энэ талаарх хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хуульд тодорхой заагаагүй болно.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн  50.1.1-д заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”, 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн”  гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Холбогдох шүүгч Б.Ундраа хариу тайлбартаа: “...Хэргийг хүлээн авснаас хойш хугацаанд Улсын дээд шүүхийн тогтоолд заасан ямар ч ажиллагааг хийж гүйцэтгээгүй, хуулийн хугацаанд хэргийг шийдвэрлэхгүй 2 жилийн хугацаа өнгөрч “Э” ХХК-д давуу байдал бий болгож байна...” гэжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ...7 дугаар тогтоолоор, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах шаардлагатайг дүгнэсэн.

Хэргийг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авснаас хойш нэхэмжлэгч “Э” ХХК-ийн зүгээс хэргийг өөр хэрэгт нэгтгэх тухай хүсэлт гаргасныг шүүх хангаагүй, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч “Э” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй боловч анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр 2023 оны 5 дугаар сарын 24, 2023 оны 6 дугаар сарын 13, 2023 оны 8 дугаар сарын 23, 2023 оны 9 дүгээр сарын 19, 2023 оны 10 дугаар сарын 13, 2023 оны 11 дүгээр сарын 07, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрүүдэд тус тус товлож, хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдаан хойшилсон.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авахаас татгалзаж, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ..9 дүгээр тогтоолоор хэргийн оролцогчийн гаргасан гомдлыг хянан хэлэлцсэн.

Хэргийг хариуцагчийн оршин байрлах газрын шүүхэд шилжүүлэх тухай хариуцагч талын хүсэлтийг хангаж, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хэргийг шилжүүлэх захирамж гарсан ба Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ..5 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр үргэлжлүүлж, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хэргийг хэлэлцэхээр товлосон шүүх хуралдаан хойшилсон.

   2. Өмгөөлөгчийн гомдолд “...хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс 2024 оны 9 дүгээр сард гаргасан “...Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох” хүсэлт гаргахад хүсэлтийг одоо хүртэл шийдвэрлээгүй, харин дээрх хүсэлтээс санаа авч нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж ирэхийг даалгаж, шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шүүн таслах ажиллагаанд заавар, чиглэл өгч ажилладаг” гэжээ.

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг шүүх хуралдааны бус үед шийдвэрлэхгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д тухайлан зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох эсэхийг шийдвэрлэнэ.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өөрөө удирдана.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ..7 дугаар тогтоолын дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч тодруулснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах учиртай тайлбарлах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой. Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж буй шүүгч хэрэгжүүлнэ.

Тодруулбал, нэхэмжлэгчийг төлөөлөх эрх бүхий этгээдийг шүүх хуралдаанд оролцуулах, хариуцагч талыг төлөөлж шүүх хуралдаанд оролцох төлөөлөгчид буюу хариуцагчийн итгэмжлэлийн талаар тодруулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх шийдвэрлэж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ..7 дугаар тогтоолын “Хянавал:” хэсгийн 11 дэх заалтад дүгнэсний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах нь хэргийн оролцогчдыг тодорхой болгох буюу шүүх хуралдааны ирц бүрдэхэд шууд ач холбогдолтой болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах шаардлагатайг нэхэмжлэгч талд тайлбарласан.

Дээр дурдсан 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч талуудын төлөөллүүд, өмгөөлөгч нар оролцсон бөгөөд талуудын аль нэг талд давуу байдал олгоогүй.

   3. Өмгөөлөгчийн гомдолд “...2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 1 сарын дараа шийдвэрлэж, хугацаа алдаж захирамжаар татгалзсан хариу өгдөг. ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлж, хуулийн хугацаанд хэргийг шийдвэрлэхгүй байгаа...” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүйгээс гадна тус шүүх дээр хянагдаж буй хэрэг, нэхэмжлэлийн тоо өссөн, шүүх хуралдаан их товлогдож байгаатай шууд холбоотой бөгөөд шүүгчийн захирамж хүчингүй болгуулах тухай хүсэлтийг шүүх шийдвэрлэх үед Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх байгуулагдах, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өөр шүүх ажиллаж эхлэхэд бэлтгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эцэслэн шийдвэрлэсэн архивд хүлээлгэн өгөх хэргүүдийг эмхэтгэн цэгцлэх зэрэг ажиллагаа давхацсан цаг хугацаа байсныг тайлбарлаж байна.

Шүүхэд хянагдаж буй хэрэг, нэхэмжлэлийн тоо өссөн, шүүх хуралдаан их товлогдож байгаатай шууд холбоотой байдлыг харгалзан үзэхийг гомдол гаргагч өмгөөлөгч Б.О болон Шүүхийн Сахилгын хорооны гишүүдээс хүсэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өмгөөлөгч Б.О нь “шүүгч Б.Ундраа хэргийг хүлээн авснаас хойш 1 жил 10 сарын хугацаанд Улсын дээд шүүхийн тогтоолд заасан ямар ч ажиллагааг хийж гүйцэтгээгүй, ажиллагааг гүйцэтгэхийг хэргийн оролцогчдод шаардлага тавьж ажилладаггүй, хуулийн хугацаанд хэргийг шийдвэрлэхгүй 2 жилийн хугацаа өнгөрч нэхэмжлэгчид давуу байдал олгож байна; 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааныг өөрийн санаачилгаар “...нэхэмжлэгч шаардлагаа тодруулж өгөөрэй” гэж хойшлуулсан; 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өмгөөлөгчийн зүгээс “...тодорхойгүй шаардлагыг үндэслэн шүүгчийн 2019 оны ...1 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх хүсэлт гаргахад 1 сарын дараа татгалзсан захирамж гаргасан ба гомдол гаргах эрхийг хязгаарласан; сөрөг нэхэмжлэл хэд хэдэн удаа гаргасан боловч шүүгч хүлээж авдаггүй тул хуульд заасан мэдүүлэх эрхээ бүрэн эдэлж чаддаггүй, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх, мэтгэлцэх зарчим хэрэгждэггүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад заасан зөрчил”  гэх агуулгаар өргөдөл гаргажээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 1-2, 9-11 тал/

Илтгэгч гишүүн саналдаа “...Улсын дээд шүүхийн тогтоолд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулахыг нэхэмжлэгч талд мэдэгдсэнийг заавар чиглэл өгсөн гэж үзэхгүй. Түүнчлэн шүүх хуралдаан зохигч талуудын гаргасан удаа дараагийн хүсэлтээр хойшлогдсон, мөн шүүгч зохигчийн хүсэлтийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж байсан байна. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааснаас хойш хуульд заасан хугацаа өнгөрсөн боловч дээрх үндэслэл, шалтгаанаар хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд үүнд шүүгчийг буруутгах боломжгүй. ...Тухайн иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан удаа дараа товлогдсон хэдий ч талуудын хүсэлтээр шүүх хуралдаан хойшлогдсон байх бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээгүй тохиолдолд дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм. Иймд өргөдөлд дурдсан “хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргахад одоо хүртэл шийдвэрлээгүй” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй. ...Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамж үг, үсэг, тоо, тооцооны алдаагүй бол түүнийг илтэд үндэслэлгүй гэж үзэхгүй. Нөгөө талаар энэ талаарх хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хуульд тодорхой заагаагүй болно. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалтад заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгч Б.Ундраад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэж дүгнэжээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 39-48 тал/

Сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүн илтгэгч гишүүний санал нь үндэслэл бүхий холбогдох хуульд нийцсэн байна гэж үзлээ. Тодруулбал:

Илтгэгч гишүүн нь шалгах ажиллагааны явцад өргөдөлд дурдагдсан “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Н” ХХК, БНХАУ-ын иргэн Ш /Sh.../ нарт холбогдох 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Нүүрс олборлох хамтран ажиллах гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт хэлэлцээрийн хугацаа дуусгавар болсныг тогтоож, уурхайн талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг даалгах, ногдол ашиг 1.029.217 юань буюу 404.173.515,90 төгрөг, торгууль 500.000 юань буюу 196.350.000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт үзлэг хийжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 18-22 тал/

Уг иргэний хэргийг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, 101/ШШ2020/...8 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан буюу 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Нүүрс олборлох хамтран ажиллах гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт хэлэлцээрийн хугацаа дуусгавар болсныг тогтоох хэсгийг хэрэгсэхгүй болгож, тусгай зөвшөөрөл бүхий 1...,.. га талбай бүхий нүүрсний уурхайг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 118-136 тал/

Хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, ..7 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Хариуцагч талаас магадлалыг мөн эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан ба Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2022/...7 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул хэргийг анхан шатны шүүх рүү 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ...2 дугаар албан бичгээр хүргүүлж, уг хэрэг шүүгч Б.Ундраад хуваарилагджээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 143-152, 155-163 тал/

          Шүүгч хэргийг хүлээн авснаас хойших хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийгдсэн ажиллагаануудын талаар илтгэгч гишүүн саналын 5-8 дугаар талуудад тодорхой тусгасан байх бөгөөд эдгээр нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 167-250, 2 дугаар хавтасны 39-48 тал/

          Дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх хугацааг  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ЗТ2023/...4 дүгээр тогтоолоор сунгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан хугацаа 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болж, хэргийг хянан шийдвэрлээгүй удсан үйл баримт тогтоогдож байна. Гэхдээ иргэний хэргийн маргааны төрөл, шүүхийн ажлын ачаалал, шүүгч хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэх, үүнтэй холбоотойгоор тэдний хүсэлтээр шүүх хуралдаануудыг хойшлуулах, шүүгчийн захирамжид гаргасан хэргийн оролцогчдын гомдлыг гомдол шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэж байсан нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгч Б.Ундрааг “хуулийн хугацаанд хэргийг шийдвэрлэхгүй 2 жилийн хугацаа өнгөрч нэхэмжлэгчид давуу байдал бий болгосон” гэж үзэхгүй.

          Иймд илтгэгч гишүүний “...хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааснаас хойш хуульд заасан хугацаа өнгөрсөн боловч дээрх үндэслэл, шалтгаанаар хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд үүнд шүүгчийг буруутгах боломжгүй...” гэж дүгнэснийг хүлээн авах нь зүйтэй.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2022/...7 дугаар тогтоолын 7 дугаар талд “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний харилцаа дуусгавар болсон эсэх, ийнхүү дуусгавар болгох хугацааны болон гэрээг цуцлах бусад нөхцөл байдал бүрдсэн эсэх талаар маргасан байх ба уг маргааныг нэхэмжлэлийн бие даасан шаардлага болгон тодорхойлжээ. Түүнчлэн нэхэмжлэгч уурхайг бусдын эзэмшлээс чөлөөлүүлэх бие даасан шаардлагыг гаргаж, маргаан бүхий хугацаанд уурхайг бодитой эзэмшиж буй этгээд хэн болох үйл баримтыг тогтоох нь уг шаардлагыг хэн хариуцагчийг тодорхойлох ач холбогдолтой. ...Нэхэмжлэгч нь ...эргийн анхан шатны шүүхэд үүсгэсэн иргэний хэргийн хувьд маргаан бүхий уурхайг бодитой эзэмшиж буй этгээдийг “Н” ХХК, БНХАУ-ын иргэн Ш гэж, ...аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүсгэсэн иргэний хэргийн хувьд “Ж” ХХК гэж ялгаатай тодорхойлсон байх тул энэ нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хэнд холбогдуулан хэрхэн тодорхойлох зохигчийн эрхийн асуудал мөн хэдий ч маргаан хянан шийдвэрлэж буй шүүхийн хувьд уг үйл баримтыг нэг мөр эргэлзээгүй тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд мөн эсэхийг тогтоох шаардлагыг зүй ёсоор үүсгэнэ. Энэ үйл баримтыг тодруулснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, гэрээг дуусгавар болгохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага,бие даасан шаардлага болох эсэх, хэрэв бие даасан шаардлага мөн гэж үзвэл шаардлагын эрх зүйн үр дагаврыг тодруулах дараагийн нөхцөл байдал үүснэ. Иймд энэ нөхцөл байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай...” гэжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 155-162 тал/

Улсын дээд шүүхийн дээрх тогтоолд заасны дагуу шүүгч Б.Ундраагийн туслах Г.Ж-д нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э-ийн гар утсанд холбогдож “нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулаарай” гэж хэлсэн тухай баримт үйлдсэн нь сахилгын хэрэгт авагджээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 167 тал/

Улмаар 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2024/...6 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын “нэхэмжлэгч хуулийн этгээдийн төлөөлөх эрх бүхий этгээдийг шүүх хуралдаанд оролцуулах” тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч X-ийн гадаад паспортын хуулбарыг нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргуулах, мөн “...Улсын дээд шүүхийн ...7 дугаар тогтоолын “хянавал” хэсгийн 11 дэх заалтад дүгнэсний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах нь хэргийн оролцогчдыг тодорхой болгох буюу шүүх хуралдааны ирц бүрдэхэд шууд ач холбогдолтой” гэж шүүгч үзсэн байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 23-29 тал/

Нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдал юм. Нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгаа илэрхийлдэг. Нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаас шүүх шийдвэрлэх гэж буй хэргийн төрлийг тодорхойлох тул үндэслэл нь тодорхой, шаардлага нь ойлгомжтой байх учиртай.

Иймд Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсаны дагуу нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан үйлдлээр шүүгчийг  буруутгахгүй.

Хариуцагчийн өмгөөлөгч буюу өргөдөл гаргагч Б.О 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “хариуцагч “Н” ХХК-д уурхайд тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн 2019 оны 101/ШЗ2019/...1 дүгээр захирамж нь илт үндэслэл муутай болсон тул хүчингүй болгуулах тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/...6 дугаар захирамжаар хангахаас татгалзжээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 30-36 тал/

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 17 дугаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 120, 124, 166, 167 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын “тайлбарлах нь” хэсгийн 3-т “илт үндэслэл муутай гэдгийг хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байхыг ойлгоно. Илт үндэслэл муутай гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч хүсэлт гаргасан эсэхийг үл харгалзан залруулж болно” гэж тайлбарласан.                                                                                                                                                              Иймд шүүгчийн захирамж нь үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаагүй, нөгөөтээгүүр шүүгч Б.Ундраа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмнө гарсан шүүгчийн 2019 оны 101/ШЗ2019/...1 дүгээр захирамжийг “илт үндэслэлгүй гэж үзэхээргүй” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасанчлан шүүгчийн өөрийн дотоод итгэлээр шийдвэрлэж буй хуульд заасан бүрэн эрхэд хамаарах тул илтгэгч гишүүний “...Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамж үг, үсэг, тоо, тооцооны алдаагүй бол түүнийг илтэд үндэслэлгүй гэж үзэхгүй. Нөгөө талаар энэ талаарх хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хуульд тодорхой заагаагүй болно” гэснийг хүлээн авах нь зүйтэй.

Иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргахад шүүгчийн мөн өдрийн 101/ШЗ2023/...4 дүгээр захирамжаар “нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан, мөн хариуцагч талаас 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дахин сөрөг нэхэмжлэл гаргахад шүүгчийн мөн өдрийн 101/ШЗ2023/...9 дүгээр захирамжаар “...улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзэхгүй. Мөн хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...” гэж дурдсан атлаа энэхүү эрүүгийн журмаар шалгуулж байгаа гэх үйл баримттай холбоотой асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа үндэслэл ойлгомжгүй байна” гэж үзэн дахин хүлээн авахаас татгалзжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 196-202, 203-209 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг сөрөг нэхэмжлэл нь хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байхаар заасан.

Иймд шүүгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд сөрөг нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаарагддаг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэж дүгнэснийг “хуульд заасан мэдүүлэх эрхээ бүрэн эдэлж чаддаггүй, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх, мэтгэлцэх зарчим хэрэгждэггүй” гэж үзэхгүй тул шүүгчийг буруутгах боломжгүй юм.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Б.Ундраа өргөдөлд дурдагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэх үйл баримт сахилгын хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдоогүй тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2025/...9 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраад холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                   Д.ЭРДЭНЭЧУЛУУН

ГИШҮҮН                                 Д.АРИУНТУЯА

                                               О.НОМУУЛИН