МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-14
Дугаар 60
Улаанбаатар хот
Сахилгын шийтгэл оногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, сахилгын хэргийн оролцогч шүүгч Л.Галбадар нарыг оролцуулан, Сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Б.Жаргалсайхан Сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “...Шүүгч Л.Галбадар 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/566 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Энхжаргалыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн боловч шийтгэх тогтоолд гэм буруутайд тооцсугай гэж бичээгүйгээс давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээс хэрэг буцах шалтгаан болсон. Ийм ноцтой мэргэжлийн алдаа гаргасан, мөн шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт тусгах хуулийн заалтуудыг хангаагүй тогтоол гаргасан үндэслэлээр мөн давж заалдах шатны шүүх хэргийг буцаах үндэслэл болсон. 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/432 дугаар тогтоолдоо мөрдөн байцаалтын шатанд битүүмжилсэн эд хөрөнгийг ямар үндэслэл, шалтгааны улмаас хүчингүй болгосон талаараа хууль зүйн дүгнэлт хийгээгүй, О.Э-г гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д заасныг хэрэглээгүй буюу хохирлын асуудлыг тодорхой шийдвэрлээгүй зэрэг Эрүүгийн хуулийг удаа дараа ноцтой зөрчсөн тул хариуцлага тооцож өгнө үү. Шүүгч Л.Галбадар нь шийтгэх тогтоолоо санаатай ч гэмээр байж болзошгүй удаа дараа алдаатай, ойлгомжгүй, тодорхой бус бичсэнээс үүдэлтэй давхар маш их хугацаа алдаж, улам л их хохирсоор байна...” гэжээ.
Шүүгч Л.Галбадар Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Осгондоржийн Энхжаргалд холбогдох эрүүгийн 2014260002714 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд шүүхээс шүүгдэгч Осгондоржийн Энхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх завсарлага авах хүсэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасныг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт тус тус зааснаар ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулж 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Шүүгч Л.Галбадар миний бие тухайн эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогч нарын аль нэг талд үйлчилсэн, тэдэнд давуу байдал олгосон, шийтгэх тогтоолыг санаатайгаар буруу бичсэн алдаа гаргасан зүйл огт байхгүй юм. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 2021/ДШМ/911 тоот магадлалаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/432 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Энхжаргалд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцааж шийдвэрлэсэн. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт хийгээгүй асуудлыг нөхөн дүгнэж, шүүгдэгч О.Энхжаргалаас хохирогч нарт учирсан хохирлыг гаргуулах замаар шүүхийн тогтоолыг зөвтгөн өөрчлөх боломжгүй, шаардлагагүй гэж үзэв. ...мөрдөн байцаалтын шатанд битүүмжилсэн эд хөрөнгийг ямар үндэслэл, шалтгааны улмаас хүчингүй болгосон талаараа хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шүүгдэгч О.Энхжаргалыг бусад /хохирогч нар/-т төлөх төлбөртэй гэсэн атлаа битүүмжлэлийг хүчингүй болгосон нь тодорхойгүй байгааг анхаарах хэрэгтэй” гэсэн үндэслэлийг магадлалын тодорхойлох хэсэгт дурджээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд битүүмжлэлийг хүчингүй болгосон үндэслэлийг “...Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2014 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн №9ё-1/3905 албан тоотоор Нийслэлийн улсын бүртгэлийн ерөнхий газарт “...“Говь марал” ХХК-ийг бусдад шилжүүлэх эрхийг эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэн өгч манай ажилд тусална уу” гэх албан тоотын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн №2/5556 албан тоотоор “Говь марал” ХХК-д хориг тавьсан болохыг мэдэгдье” гэж ирүүлсэн албан бичгүүдийн Дорноговь аймгийн Сайншанд сумын Алтан тал нэртэй газарт байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаар тусгай зөвшөөрөлтэй “Говь марал” ХХК-д тавьсан хориг, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах газрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №11/4-3575 албан тоот, Ашигт малтмалын газрын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/10351 албан тоотод дурдсан “... “Говь марал” ХХК-ийн эзэмшилд буй хүчин төгөлдөр 16934А, “Ургах говь” ХХК-ийн эзэмшилд буй 13337Х тоот тусгай зөвшөөрлүүдийн шилжих хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлж хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн болно” гэж тус тус заасны дагуу шилжих хөдөлгөөн хязгаарлагдсан О.Энхжаргалын эзэмшлийн дээрх компаниуд, компанийн нэр дээрх тусгай зөвшөөрлүүд нь гэмт хэргийн замаар олсон орлого, хөрөнгө гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул уг шилжих хөдөлгөөн хязгаарласан шийдвэрийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцлахаар шийдвэрлэв” гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь шийдлийн хувьд дүгнэлт гаргасан бөгөөд шүүгчийн сахилгын зөрчилд хамаарахгүй юм. Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт зааснаар Энэ хуулийг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан байх тул Б.Жаргалсайханы өргөдөлд дурдсан “...2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/566 шийтгэх тогтоолд ...гэм буруутайд тооцсугай гэх өгүүлбэр бичээгүй” гэх гомдол нь 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй бөгөөд Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй гэж заасан байна. Мөн О.Энхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар шийтгэх тогтоолд дүгнэж, шүүгдэгч О.Энхжаргалын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлыг дүгнэж, төлөх төлбөртэй гэж дүгнэсэн нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэрэглэвэл зохих хуулийг агуулгаар нь тайлбарлан хэрэглэсэн болно. Шүүгч Л.Галбадар миний бие шүүгдэгч О.Энхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг чанд сахиж, Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжид заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, шүүгчийн тангарагт үнэнч байж, хэрэг маргааныг хэнээс ч хараат бусаар гагцхүү хуульд нийцүүлэн шийдвэрлэхдээ хууль зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан үйлдэл гаргаагүй болохоо үүгээр илэрхийлж байна” гэжээ.
Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар шүүгч энэ хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн бол сахилгын шийтгэл оногдуулах ба 50 дугаар зүйлийн 50.1.27-т “шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон бол” гэжээ. 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШТЦ/566 дугаар Шийтгэх тогтоолоор О.Э-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг болгон өөрчилж, уг хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нэр бүхий хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг тогтоолд заажээ. Давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгохдоо “...анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ, ...шийтгэх тогтоолд гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй...” гэсэн дүгнэлт хийсэн байна. Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 158 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээхдээ “...анхан шатны шүүх ...17.3 дугаар зүйлийн 2.2 болгон хөнгөрүүлэн зүйлчлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт түүнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 34.1 дүгээр зүйлийн 1-т заасантай нийцээгүй, шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэсэн Эрүүгийн хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй...” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, шүүгч нэр бүхий шүүгдэгч ямар гэмт хэрэгт гэм буруутай болох талаар шийтгэх тогтоолд бичээгүйгээс гадна хохирлын асуудлыг шийдвэрлээгүй, энэ талаар дүгнэлт өгөөгүй гэж давах болон хяналтын шатны шүүх дүгнэжээ. Түүнчлэн 432 дугаар Шийтгэх тогтоолоор “шүүгдэгч ....г ....гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож”, тогтоолын 6 дахь заалтад “....нэр бүхий хохирогч нарт тус тус төлөх төлбөртэй...” гэж заажээ. Дээрх тогтоолд гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцсэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 911 дүгээр магадлалд “...анхан шатны шүүх О.Э-д холбогдох хэргийг хэлэлцээд шийтгэх тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцож зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн атлаа Иргэний хуулийн бусдад гэм хор учруулснаас үүсэх үүргийн талаарх зохицуулалт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэснийг хэрэглээгүй нь буруу. ...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт хийгээгүй асуудлыг нөхөн дүгнэж, шүүгдэгч ...С.Э хохирогч нарт учирсан хохирлыг гаргуулах замаар шүүхийн тогтоолыг зөвтгөн өөрчлөх боломжгүй, шаардлагагүй гэж үзэв. Түүнчлэн анхан шатны шүүх мөрдөн байцаалтын шатанд битүүмжилсэн эд хөрөнгийг ямар үндэслэл, шалтгааны улмаас хүчингүй болгосон талаараа хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шүүгдэгч О.Э-г бусад /хохирогч нар/-т төлөх төлбөртэй гэсэн атлаа битүүмжлэлийг хүчингүй болгосон нь тодорхойгүй байна” гэж дүгнэсэн, магадлал хуулийн хүчинтэй байна. Дээр дурдсанаар холбогдох шүүгч нь О.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ хохирлын асуудалд дүгнэлт өгөөгүйгээс давж заалдах шатны шүүх уг асуудлаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй талаар магадлалд тодорхой заасан байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.27-т заасан зөрчил гаргасан гэж үзнэ. Иймд шүүгч Л.Галбадар сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийн зарим хэсгийг хүлээн авч Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадарт сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ДШМ/1479 дүгээр магадлалд “...нэр бүхий хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг тогтоосон атлаа уг хохирлуудыг гаргуулж шийдвэрлэхгүйгээр төлбөртэй болохыг дурдаж...шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ...36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх шийтгэх тогтоолоо гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэсэн шаардлагуудыг хангаагүй...” гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/566 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан байх ба Улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаар тогтоолоор “...давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэл, шаардлагууд хууль зүйн үндэслэлтэй...” гэж дүгнээд магадлалыг хэвээр үлдээсэн, улмаар анхан шатны шүүх хэргийг дахин хянан хэлэлцээд гаргасан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/432 дугаар шийтгэх тогтоолыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ДШМ/911 дүгээр магадлалаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцож зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн атлаа Иргэний хуулийн бусдад гэм хор учруулснаас үүсэх үүргийн талаарх зохицуулалт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэснийг хэрэглээгүй нь буруу. Энэ талаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ДШМ/1479 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаар тогтоолуудад заасан байхад шийдвэрлэлгүй орхигдуулсан нь ойлгомжгүй...” гэж дүгнэн дахин шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаасан үйл баримтууд тогтоогдож байна.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/432 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Энхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа тогтоолын 6 дахь заалтад хохирогч Б.Жаргалсайханд 767.426.388 төгрөгийн, хохирогч С.Эрдэнэчимэгт 26.678.468,9 төгрөгийн, хохирогч Х.Гантуяад 115.300.000 төгрөгийн, хохирогч Х.Гандуламд 23.300.000 төгрөгийн тус тус төлөх төлбөртэй, иргэний нэхэмжлэгч “Начин заан” ХХК-д төлөх төлбөргүй болохыг дурджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасан нь хэнд ч ойлгомжтой, хуулийн илт тодорхой заалт бөгөөд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ДШМ/1479 дүгээр магадлалд “учирсан хохирлын хэмжээг тогтоосон атлаа уг хохирлуудыг гаргуулж шийдвэрлэхгүйгээр төлбөртэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн талаар” дүгнэж дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг Улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байхад хэргийг дахин шийдвэрлэхдээ иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй, төлбөртэй болохыг дурдсан шийтгэх тогтоол гаргасан нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23. “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчилд хамаарна.
Улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаар тогтоол гарах үед Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тул энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй талаар шүүгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн харилцааг зохицуулсан хуулийн заалтад нийцүүлэн тайлбарлаж, хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгснөөр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангадаг бөгөөд ийнхүү хууль зүйн дүгнэлт огт хийгээгүйг дээд шатны шүүх тогтоосон тохиолдолд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.27-д “шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон” гэж заасан зөрчил болно.
Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/432 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3-т заасан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах зайлшгүй шаардлагатай үндэслэлүүдээс 3.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл”, 36.8 дугаар зүйлийн 1-д заасан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах зайлшгүй шаардлагатай үндэслэлүүдээс 1.7-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл” гэж заасныг зөрчсөн, бусад үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Иймд “шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй...” гэж үзэх боломжгүй бөгөөд илтгэгч гишүүний нотлох дүгнэлтээс сахилгын зөрчил гаргасан талаар дүгнэснийг хүлээн авч, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.27-д заасан зөрчил гаргасан гэснийг 50.1.23-д заасан зөрчил гаргасанд тооцон үндэслэлийг өөрчилж, тухайн зөрчлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан шүүгч Л.Галбадарт “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийн зарим хэсгийг хүлээн авч, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 56 дугаар зүйлийн 56.1.2, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадарт “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Д.Мягмарцэрэн
ГИШҮҮН Х.ХАШБААТАР