info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-04-03

Дугаар 46

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн О.Номуулин, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

... шүүхийн шүүгч Б.Ц-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ГС/2025/0022 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

“ ... Иргэн А.Ж-н өргөдлөөр, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ГЗҮ/2025/0017 дугаар “Зарим шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, зарим шүүгчид сахилгын хэрэг үүсгэх тухай” захирамжаар шүүгч Х.О-д сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, харин шүүгч Б.Ц-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулсан болно.

Шалгах ажиллагааны явцад, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа А.Ж-н нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Д-д холбогдох “гэм хорын хохиролд 2,684,500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт үзлэг хийж, шаардлагатай баримтуудыг нотлох баримтаар авлаа.

Иргэн А.Ж, Ш.Д-д холбогдуулж “гэм хорын хохиролд 2,687,500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, шүүгч Х.О 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШЗ2024/27533 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 47,550,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийг шинээр байгуулж, зарим шүүгч нарыг адил шатны өөр шүүхэд шилжүүлэн томилсон, зарим шүүгч нарын сэлгэн ажиллах хугацаа дуусгавар болсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан хэргүүдийг дахин хуваарилахаар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ЗТ2025/00005 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тогтсон байна.

Дээрх зөвлөгөөний тогтоолоор тус хэрэг шүүгч Г.А-д хуваарилагдан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/02156 дугаар захирамжаар тус хэргийг харьяаллын дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Хялбар ажиллагааны шүүхийн шүүгч Б.Ц 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШЗ2025/... дугаар захирамжаар,

1/ “... нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүн нь 13,200,000 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү үнийн дүнгийн хэмжээнээс хэтрэхгүй хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхтэй ... 2024 оны 12 сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 47,550,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.1-д заасантай нийцээгүй ...”,

2/ “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.5 дахь хэсэгт “Нэхэмжлэгч иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор ... шаардлага, үндсэн нэхэмжлэлд заасан үндэслэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нэг удаа нэмэгдүүлж болно ...” гэж зааснаар иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор гаргах хугацааг хэтрүүлсэн ...” гэсэн үндэслэлээр нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Долоодугаар1 бүлэгт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт болж орсон “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа” нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчлагдсан.

Тус хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1 дэх хэсэгт “Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах ... нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар 13,200,000 төгрөгийн үнийн дүнгээс доош нэхэмжлэлээр хэрэг үүсгэсэн бол тусгайлсан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна .

Иймээс хуульд зааснаар, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг, үнийн дүнгийн хэмжээгээр тооцон, мөн иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж хүлээн авахаас татгалзсан нь сахилга, ёс зүйн зөрчилд хамаарах үйлдэл бус болно.

Харин шүүгч нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзахдаа, харьяалах шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.3 дахь хэсэгт “Эрх зүйн нэг маргаанаас үүдэлтэй шаардлагыг хэд хэдэн нэхэмжлэлээр хэсэгчлэн гаргахыг хориглоно” гэж заасан илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч /түрээслүүлэгч/ А.Ж 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр **-**УНӨ улсын дугаартай, Хьюндай Терракан автомашинаа хариуцагч /түрээслэгч/ Ш.Д-д хоногийн 150,000 төгрөгөөр 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нэг өдрийн хугацаатай түрээслүүлж, хоцорсон цаг тутам 10,000 төгрөгөөр тооцохоор гэрээ байгуулсан, уг машин эвдэрч, засварлуулсан зардлыг шаардсан, үүний зэрэгцээ одоо хүртэл машинаа аваагүй тул түрээсийн төлбөр шаардсан нь нэг үйл баримтаас бий болсон маргаан байх ба  уг маргааныг өөр өөр шүүхээр хэсэгчлэн шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөний дээр хэргийн оролцогч иргэнд хүндрэл бий болгосон үйлдэл байж болзошгүй.

Ийм байдлаас сэргийлэх үүднээс хууль тогтоогч эрх зүйн нэг маргаанаас үүдэлтэй хэд хэдэн нэхэмжлэлийг хэсэгчлэх буюу тус тусад нь өөр өөр шүүхэд, тухайлбал, хялбаршуулсан болон ердийн журмаар шийдвэрлүүлэхийг хоригложээ.

Иймд, уг үйлдэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасан “хуулийн илт тодорхой заалтыг ...” зөрчсөн зөрчилд  хамаарч болохуйц байна.

Уг зөрчлийг гаргасан гэж үзэхийн тулд зөрчил нь ноцтой, эсхүл удаа дараа зөрчил гаргасан байх шаардлага тавигддаг.

Шүүхийн сахилгын хорооны “Сахилгын хэргийн бүртгэл хяналтын систем дэх мэдээлэл, лавлагаа”-аас үзэхэд шүүгч Б.Ц-г хуулийн илт тодорхой заалт зөрчсөн гэж үзсэн шийдвэр гараагүй байх тул удаа дараа зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Харин зөрчил ноцтой эсэхэд дараах байдлаар дүгнэлт хийлээ.

Шүүгчийн дээрх захирамжийн дараа хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан хариу тайлбартаа “... дээрх асуудлаар буюу гэрээний үүрэг, автомашины эвдрэл гэмтэл болсон үйл баримтын талаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн .../ШШ2024 дугаар шүүхийн шийдвэр, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/01608 дугаар магадлалаар тус тус эцэслэн шийдвэрлэгдсэн ...” гэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/01608 дугаар магадлалыг хавсаргасан.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн .../ШШ2024 дүгээр шийдвэрээр, А.Ж-н нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Д-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж, 210/МА2024/01608 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэсэн байна.

Тус магадлалд тусгагдсан нэхэмжлэлийн шаардлага нь:

- “... 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 12:00 цагт өөрийн эзэмшлийн **-**УНӨ Хьюндай Терракан автомашинаа Ш.Д-д хоногийн 150,000 төгрөгөөр 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12:00 цаг хүртэл түрээслүүлж, хоцорсон цаг тутам 10,000 төгрөгөөр тооцохоор гэрээг ... байгуулсан болно. Хариуцагч нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр автомашинаа хүлээлгэж өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Автомашиныг өгөлгүй 306 хоног буюу 7,344 цаг хоцроосон тул гэрээний дагуу 73,440,000 төгрөгийг ... ” нэхэмжилсэн бол,

2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь:

- “... 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 12:00 цагт өөрийн эзэмшлийн **-**УНӨ Хьюндай Терракан автомашинаа Ш.Д-д хоногийн 150,000 төгрөгөөр 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12:00 цаг хүртэл түрээслүүлж, ... хариуцагч нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр авто машинаа хүлээлгэн өгөлгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд ... 2023 оны 08 дугаар сарын 17-ноос 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түрээсийн хоногийн төлбөр болон 150,000 төгрөг буюу 317 хоногийн 47,550,000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна ...” гэжээ.

Дээрх хоёр нэхэмжлэлийн утга, агуулга ижил, нэхэмжлэгч нь ижил агуулгаар дахин нэхэмжлэл гаргасан байх ба өмнөх нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгааг шүүгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэхдээ мэдээгүй байсан тул уг зөрчлийг ноцтой гэж үзэх үндэс болохгүй. Өмнө шийдсэн шийдвэр байгаа учраас иргэний эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзнэ.

Дээрхийг нэгтгэвэл, шүүгч Б.Ц-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч Б.Ц Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа:  

“ ... Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжаар А.Ж-н нэхэмжлэлтэй, Ш.Д-д холбогдох гэм хорын хохиролд 2,687,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэрэг үүсгэж, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар тус шүүхэд шилжүүлж ирүүлснийг хүлээн авсан.

Тус хэрэгтэй танилцахад нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд 2,687,500 төгрөг нэхэмжилсэн бөгөөд улмаар 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн төлбөрт 47,550,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байдаг.

Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, хугацааг хуульд тухайлан заасан.

Үүнд:

-755.5 Нэхэмжлэгч иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасан шаардлага, үндсэн нэхэмжлэлд заасан үндэслэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нэг удаа нэмэгдүүлж болно гэж заасан байна.

Тодруулбал “нэхэмжлэлд заасан үндэслэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нэг удаа нэмэгдүүлж болно” гэжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэлд заасан үндэслэл нь гэм хорын хохирол байсан ба харин нэмэгдүүлсэн шаардлага нь түрээсийн төлбөр байгаа нь энэ журмаар нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах
үндэслэлгүй юм.

Мөн “иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор” гэсэн бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс тоолоход хугацаа хэтэрсэн байна.

-751.1 Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан байна.

Энэ нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үнийн дүн 13,200,000 төгрөг юм. Анхны нэхэмжлэл нь 2,687,500 төгрөг бол хуульд зааснаар нэмэгдүүлсэн шаардлагын дээд хэмжээ нь 13,200,000 төгрөгт багтаан нэмэгдүүлж болохоор байна. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь хуульд нийцсэн юм.

Гомдлын агуулгаас үзэхэд “нэхэмжлэлийн үндсэн дүн болох 50 сая төгрөгийн
хүрээнд хэргийг шилжүүлэх” гэж дурдсан. Хуулийн 757.1 Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш дараах нөхцөл байдал тогтоогдвол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулах тухай захирамж гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ:

757.1.1 нэхэмжлэл гаргах, эсхүл иргэний хэрэг үүсгэхдээ энэ хуулийн 751
дүгээр зүйлд заасныг зөрчсөн,

757.1.2 тухайн хэрэг нь эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байж болзошгүй гэж үзсэн гэж заажээ.

Шүүх анх нэхэмжлэл үүсгэхдээ 751 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй тул ердийн журмаар явуулах огт үндэслэлгүй юм.

Мөн хуульд тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэх талаар зохицуулаагүй болно.

Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн А.Ж-с ... шүүхийн шүүгч Б.Ц-д холбогдуулан гаргасан өргөдлийг тус хорооны гишүүн хүлээн авч 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ГЗҮ/2025/0017 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, иргэн А.Ж-с Ш.Д-д холбогдуулан “гэм хорын хохиролд 2,684,500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус нэхэмжлэл шүүгч Б.О-д хуваарилагдан, шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШЗ2024/27533 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.

2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг 47,550,000 төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийг шинээр байгуулсан ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийг нэгтгэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийг мөн шинээр байгуулсан.

Үүнтэй холбоотойгоор Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ЗТ2025/00005 дугаартай тогтоолоор шилжин ажиллаж байгаа болон сэлгэн ажиллах хугацаа дууссан шүүгчдийн тусгай журмаар шийдвэрлэвэл зохих хэргүүдийг дахин хуваарилсан ба тус иргэний хэрэг нь шүүгч Г.А-д хуваарилагдсан байна.

Шүүгч Г.А нь хэргийн хүлээн аваад шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/02156 дугаартай захирамжаар хэргийг харьяаллын дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлж, шүүгч Б.Ц-д хуваарилагджээ.

Шүүгч Б.Ц нь 2025 оны  01 дүгээр сарын 16-ны өдрийн 00495 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан ба захирамжийн үндэслэлдээ “ ... нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүн нь 13,200,000 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү үнийн дүнгийн хэмжээнээс хэтрэхгүй хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхтэй. Нэхэмжлэгч нь 2024 оны 12 сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 47,550,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.1-д заасантай нийцээгүй бөгөөд мөн хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор гаргах хугацаа хэтрүүлсэн” гэж дүгнэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ДОЛООДУГААР1 бүлэгт тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан ба хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах хуульд нэрлэн заасан маргааныг энэхүү журмаар шийдвэрлэхээр байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.5 дахь хэсэгт “Нэхэмжлэгч иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасан шаардлага, үндсэн нэхэмжлэлд заасан үндэслэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нэг удаа нэмэгдүүлж болно” гэж заасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 47,550,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь хуульд заасан хугацаа болон захирамж гарах үеийн байдлаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 13,200,000 төгрөгөөс хэтэрсэн байх тул шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсаныг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний “ ... хуульд зааснаар, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг, үнийн дүнгийн хэмжээгээр тооцон, мөн иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж хүлээн авахаас татгалзсан нь сахилга, ёс зүйн зөрчилд хамаарах үйлдэл бус” гэх дүгнэлт нь үндэслэлтэй.

Харин шүүгч нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан захирамждаа “ ...  харьяалах шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж дурдсан ба үүнийг илтгэгч гишүүн “ ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.3 дахь хэсэгт “Эрх зүйн нэг маргаанаас үүдэлтэй шаардлагыг хэд хэдэн нэхэмжлэлээр хэсэгчлэн гаргахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Тодруулбал, А.Ж нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр **-**УНӨ улсын дугаартай, Хьюндай Терракан автомашиныг 1 өдрийн 150,000 төгрөгөөр түрээслэх гэрээг Ш.Дуламрагчаатай байгуулсан ба уг машин эвдэрч, засварлуулсан гэм хорын хохирол 2,687,500 төгрөг, түрээсийн төлбөр 47,550,000 төгрөгийг шаардсан нь эрх зүйн нэг үйл баримтаас үүдэлтэй маргаан бий болсон байна.

Иймд шүүгч Б.Ц нь нэхэмжлэгч А.Ж-н нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзахдаа “тус шаардлагаа харьяалах шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.3 дахь хэсэгт “Эрх зүйн нэг маргаанаас үүдэлтэй шаардлагыг хэд хэдэн нэхэмжлэлээр хэсэгчлэн гаргахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байх ба шүүгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “ноцтой”, “удаа дараа” байх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байна.

Учир нь дээрх нэхэмжлэгчийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой үйл баримт, зохигчдын гэм буруугийн талаар урьд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал байгаа учир хэргийн оролцогчийн эрх ашиг хөндөгдөөгүй тул хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй. 

Мөн холбогдох шүүгчийг урьд Шүүхийн сахилгын хорооноос хуулийн илт тодорхой заалт зөрчсөн гэж үзсэн шийдвэр гараагүй тул удаа дараа гэж үзэхгүй  бөгөөд дээрх зөрчлийг дахин гаргасан тохиолдолд “удаа дараа”-д хамаарч сахилгын зөрчилд тооцогдох үр дагавартай тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж ажиллахыг анхааруулах нь зүйтэй байна.

Дээрхийг нэгтгээд илтгэгч гишүүнээс ... шүүхийн шүүгч Б.Ц-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ГС/2025/0022 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Б.Ц-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                        ДАРГАЛАГЧ                                    Д.МЯГМАРЦЭРЭН

                    ГИШҮҮН                                        О.НОМУУЛИН

                                                                                 Х.ХАШБААТАР