info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-04-04

Дугаар 50

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, “Э Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу нарыг оролцуулан, сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар “Э Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Б.Ц нарын өргөдлөөр ... шүүхийн шүүгч Д.О-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Б.Сугарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ГС/2025/0034 дүгээр Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналдаа:

“... “Ө К” ХХК-ны нэхэмжлэлтэй гэрээний үүрэгт 1,533,671,060.0 төгрөгийг “Э Т” ХК-аас гаргуулах, 11,187,553,790.0 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээн авахыг “Т Т” ХХК-д даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэгт 5,461,162,799.0 төгрөгийг гаргуулах тухай “Т Т” ХХК-ны сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Уг иргэний хэргийг анхан шатны журмаар .... шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалан 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 151/ШШ2025/00053 дугаар шийдвэрээр маргаан бүхий иргэний хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд хэргийн оролцогч давж заалдах гомдол гаргасан байна.

Сахилгын хэрэгт авагдсан Баримт №11 буюу “Шүүхийн шийдвэрийг гардуулсан” баримтад 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 151/ШШ2025/... дугаар шүүхийн шийдвэрийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хэргийн оролцогчид шүүхэд ирж гардан авсан тухай тэмдэглэсэн байна.

Тус баримтыг үйлдсэн шүүгчийн туслах Э.Э гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Өмнө ажиллаж байсан У тухайн шийдвэрийн төслийг хийсэн. Би 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс шүүгчийн туслахаар ажиллаж эхэлсэн бөгөөд ажил хүлээж авахад тухайн хэрэгтэй хамт 151/ШШ2025/... дугаар шүүхийн шийдвэр албажсан ирсэн тул баримт үйлдэн гардуулсан...” гэж мэдүүлж, хэрэг хүлээлцсэн баримтыг гаргаж ирүүлсэн.

Шүүгч Д.О-ны туслах Д.У нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “...хууль зүйн сургуулийн магистрын ангид суралцах болсон. Мөн эрүүл мэндийн шалтгаанаар хэвтэн эмчлүүлэх болсон...”, 01 дүгээр сарын 07-ны өдөр мөн шалтгаан дурдан 2 удаа, 02 дугаар сарын 03-ны өдөр “... суралцах, ар гэрийн нөхцөл байдал, эрүүл мэндийн шалтгаантай тул ээлжийн амралт олгож, өөр Төрийн байгууллагад шилжин ажиллуулж өгнө үү...” гэх өргөдлөөр шүүгчийн туслахын албан үүргээс чөлөөлөгдөх тухай хүсэлтийг удаа дараа шүүхийн Тамгын газарт гаргасан байх бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлж, шүүгчийн туслах солигджээ.

Холбогдох шүүгчээс ирүүлсэн тайлбарт 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр
шийдвэрийг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, гарын үсэг зурж шүүгчийн туслахад хүлээлгэн өгсөн хэмээн хүндэтгэн үзэх шалтгаан, үндэслэлээ дурдсан байна.

Шүүгчийн туслахаар ажиллаж байсан Д.У-с тухайн үйл баримтыг тодруулах боломжгүй нөхцөл байдал бий болсон хэдий ч холбогдох шүүгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байх бөгөөд сахилгын хэрэгт авагдсан бусад баримтаар шүүхийн шийдвэр хуульд заасан хугацаанд гараагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж дүгнэхээр байна.

Тодруулбал, сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор шүүхийн нутаг дэвсгэрийн харьяалалд өөрчлөлт орж улмаар аймгийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхүүд нэгдсэнтэй холбоотойгоор шүүхийн программ болох Иргэн-2014 өөрчлөлт орж, системийн шинэчлэлт хийгдэх үйл явц тодорхой хугацаанд үргэлжлэн явагдсан, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тус шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг шинэ хуульд нийцүүлэхээр 22 удаагийн шүүгчдийн зөвлөгөөн болсон нь тогтоогдож байна.

Түүнчлэн, хэргийн оролцогчид шийдвэрийг гардаж аван, хуульд заасан эрхээ эдлэн давж заалдах гомдол гаргасан зэрэг нөхцөл байдлаас үзвэл холбогдох шүүгчийн гаргасан үйлдэл нь хуульд заасан сахилгын зөрчилд тооцох үндэслэл хангагдаагүй гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлд шийдвэрийг танилцуулах, гардуулах талаар зохицуулсан байх бөгөөд мөн зүйлийн 119.2.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно, 19.3.Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан байна.

Дээрх зохицуулалтаас үзвэл 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дотор
151/ШШ2025/00053 дугаар шүүхийн шийдвэр бичгээр гарахаар байсан боловч уг хэргийн хувьд шүүхийн шийдвэр гаргах хугацаа 13 хоног хэтэрсэн байх хэдий ч шүүгчээс шууд шалтгаант холбоотой гэж үзэхээргүй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26.шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих гэжээ.

Энэ хугацааг иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тухайд шийдвэрийг бичгээр гаргах 14 хоногийн хугацаа дууссанаас хойш тоологдох бөгөөд энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хуульд нэрлэн заасан сахилгын зөрчилд хамаарна гэж ойлгох бөгөөд тухайн тохиолдол бүрд хэргийн нөхцөл байдал, үр дагавар зэрэг холбогдох бүхий л үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр хуульд заасан сахилгын зөрчилд тооцогдох эсэх талаар шийдвэрлэх ёстой.

Иймд дээрхийг нэгтгэн ... шүүхийн шүүгч Д.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв ...” гэжээ.

Шүүгч Д.О:

“... “Ө К” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Т Т” ХХК, “Э Т” ХК-д холбогдох тус хэрэг нь гадаадын аж ахуйн нэгж оролцсон ээдрээ төвөгтэй хэргийн нэг бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хянан шийдвэрлэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид итгэмжлэгдсэн төлөөлөгчөө солих, өмгөөлөгч авах, томилолтоор явах, ээлжийн амралт авах, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг шалтгаанаар шүүх хуралдаан 10 гаруй удаа хойшлогдсон.

Миний бие тус хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хянан шийдвэрлэсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ мөрдөгдөж, аймагт эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхүүд нэгдсэнтэй холбоотойгоор анхан шатны шүүхийн программын өөрчлөлт, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг шинэ хуульд нийцүүлэх удаа дараагийн шүүгчдийн зөвлөгөөн, мөн шүүгчийн туслах солигдсон зэрэг шалтгаанаар тус хэргийн шийдвэрийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, гарын үсэг зурж шүүгчийн туслахад хүлээлгэн өгсөн.

Энэ үеэр шүүгчийн туслах ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч шинэ туслахыг дадлагажуулах, ажил хүлээлцүүлэх нөхцөл байдал үүссэн шалтгаанаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүгчийн туслах гардуулсан байна.

Тус хэргийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5-д заасан хугацаанд зохигчдын төлөөлөгчдөд гардуулсан, хэргийн оролцогчдын эрхийг зөрчөөгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн тайлбар ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Э Т” ХК-аас ... шүүхийн шүүгч Д.О-д холбогдуулан, хуульд заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг албажуулахгүй, удаашруулсан гэсэн агуулгаар өргөдөл гаргасан.

Илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэн шалгаж, сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэн, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар,

- анхан шатны шүүх “Ө К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Т Т” ХХК, “Э Т” ХК-д тус тус холбогдох иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 151/ШШ2025/... дугаар шийдвэрээр шийдвэрлэж,

- бичгээр албажуулсан шийдвэрийг нэхэмжлэгч тал болон хариуцагч “Т Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гардуулсан, “Э Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шуудангаар хүргүүлсэн[1] нь тогтоогдоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж гаргах ба үүний дагуу 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэрийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр бичгээр албажуулахаар байна.

Холбогдох шүүгчийн “... шийдвэрийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, гарын үсэг зурж шүүгчийн туслахад хүлээлгэн өгсөн ...” гэж тайлбарласан боловч үүнийг баталгаажуулсан баримт сахилгын хэрэгт авагдаагүй.

Харин шүүгчийн туслах солигдсон, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой Иргэн-2014 системд өөрчлөлт орж, системийн шинэчлэлт хийгдсэн, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тус шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг шинэ хуульд нийцүүлэх шүүгчдийн зөвлөгөөн 22 удаа болсон талаарх баримтууд сахилгын хэрэгт авагджээ.

Хэдийгээр шийдвэрийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бичгээр албажуулсан нь баримтаар нотлогдоогүй тул хуульд заасан шийдвэрийг бичгээр албажуулж гаргах хугацаанаас /2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр/ хойш хэргийн оролцогчийн гардаж авсан хугацаа хүртэл 25 хоногоор хэтрүүлсэн байна.

Гэхдээ шүүгчийн энэхүү үйлдэл, шүүгчид хориглосон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26 дахь “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасанд хамаарахгүй юм.

Иймд, илтгэгч гишүүний “... хуульд заасан сахилгын зөрчилд тооцох үндэслэл хангагдаагүй гэж үзэхээр байна ... шүүхийн шийдвэр гаргах хугацаа ... хэтэрсэн байх хэдий ч шүүгчээс шууд шалтгаант холбоотой гэж үзэхээргүй байна ...” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Гэхдээ ... шүүх нь Улаанбаатар хотын дүүргийн шүүхүүдтэй харьцуулбал шүүн таслах ажлын ачаалал харьцангуй бага тул цаашид эрх зүйн актыг хуульд заасан хугацаанд албажуулахыг анхаарах нь зүйтэй.

Дүгнэвэл, шүүгч Д.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох илтгэгч гишүүний санал хуульд нийцсэн, үндэслэлтэй байх тул сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ГС/2025/0034 дүгээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, .... шүүхийн шүүгч Д.О-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

                      ДАРГАЛАГЧ                                     Ц.ДАВХАРБАЯР

                           ГИШҮҮД                                          Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                       Г.ЦАГААНЦООЖ