
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-04-03
Дугаар 49
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй
Тус хуралдаанаар Б.О-н өргөдлөөр, .... шүүхийн шүүгч Б.Ц-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Г.Цагаанцоожийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ГС/2025/0025 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналдаа:
“... Д.О, “Н С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М нарын Н.О, Э.Г, Э.Г нарт холбогдох “Н С” ХХК-ийн 49 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Г-т даалгах, хариуцагч Э.Г-д холбогдуулан .... дүүргийн .... дугаар хороо, усан сангийн 1 дүгээр гудамж 5, 6а тоот хаяг байршилтай өмчлөх эрхийн 2 ширхэг гэр бүлийн хэрэгцээний тооны газрын 51 хувийн өмчлөгчөөр Д.О-ыг тогтоолгох тухай нэхэмжлэлд .... шүүхийн шүүгч Б.Ц иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 188 дугаар зарлигаар .... шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилогдсон тул энэхүү хэрэг шүүгч Н.С-д шилжсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
1. Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3.-т зааснаар хэргийн оролцогчтой хувийн харилцаатай бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүрэгтэй.
Хуульд заасан “...хувийн харилцаа” гэдгийг хязгаартай ойлгох ба ердийн танил, сургууль хамт төгссөн, нэг байгууллагад ажиллаж байсан зэргийг шүүгчтэй хувийн харилцаатай гэж үзэх боломжгүй. Харин энэхүү харилцаанаас илүү тухайлбал ажил үйлчилгээ үзүүлэх байнгын харилцаатай, өдөр тутамдаа илүү ойр дотно уулздаг, мөн худ ургийн холбоотой зэрэг нөхцөл байдлыг энэхүү үндэслэлд хамааруулж болно.
Холбогдох шүүгч тайлбартаа: “... аймгийн сум дундын шүүхэд иргэний хэргийг дагнан шийдвэрлэж байсан бөгөөд эрүүгийн хэрэг болон цагдаагийн байгууллагатай харилцах ямар ч шаардлагагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ыг тухайн байгууллагад ажиллаж байсан талаар мэдэхгүй, түүнтэй найз нөхдийн харилцаагүй болно” гэжээ.
Гэрч Ж.Б мэдүүлэгтээ: “...2022 оноос хойш өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа..., 2007-2017 оны хооронд ... аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах, ахлах хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан. Тус аймгийн шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад сүүлд .... шүүхэд шүүгчээр ажиллаж байгаа Б.Ц-г зүс танина, төрөл садан, найз нөхөд, ажил төрлийн холбоо байхгүй...” гэжээ.
Ж.Б нь .... аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах, ахлах хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан хэдий ч шүүгч Б.Ц нь түүнтэй хувийн харилцаатай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ тохиолдолд шүүгчийг татгалзан гарах үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй бөгөөд өргөдөлд дурдсан “...найз нөхдийн харилцаатай гэдгийг нутгийн хүмүүсээс сонслоо...” гэх гомдол үндэслэлгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байна” гэх үндэслэлээр, ... мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4-т заасан үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан, Ерөнхий шүүгчийн ... захирамжаар хангахгүй орхижээ.
Хариуцагчийн “шүүгчийг татгалзан гаргах” тухай хүсэлтийг хуульд зааснаар Ерөнхий шүүгч шийдвэрлэхдээ үндэслэлийг захирамжид тодорхой дурдсан байх ба энэхүү ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагджээ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана”, нэхэмжлэлд хэрэг үүсгэсэн бол шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 38.6-д заасан ажиллагааг явуулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах ажиллагааг явуулна, 69 дүгээр зүйлийн 69.1-т шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй, 69.1.5.тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах, 72 дугаар зүйлийн 72.1-т “хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна” гэж тус тус заасан.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүгч нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан ба татгалзах үндэслэлгүй гэж үзэн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 04506 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, улмаар хариуцагч Э.Г-д 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр, хариуцагч Н.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х-д 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр, хариуцагч Э.Г-т 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гардуулан эрх үүргийг нь тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан, хариуцагч нар энэ тухай баримтад гарын үсэг зурсан байх ба энэ нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн шүүгч 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ... дугаар захирамж гарган, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 69 дүгээр зүйлийн 69.1-ийг зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана.
Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан шаардлагыг тодруулбал улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтаа хавсаргасан бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжгүй. Иймд шүүгч нэхэмжлэлд хэрэг үүсгэснийг хэргийг нэхэмжлэгчийн талд шийдэх хүсэлтэй гэж үзэх үндэслэл болохгүй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан.
Дээрх иргэний хэргийн зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах хүсэлт гаргасныг шүүх дор дурдсанаар шийдвэрлэжээ. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч тал
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн, шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ... дүгээр захирамжаар хүсэлтийн зарим хэсгийг хангаж, .... дүүргийн 8 дугаар хороо, усан сангийн 1 дүгээр гудамж 5, 6а тоот хаяг байршилтай өмчлөх эрхийн 2 ширхэг гэр бүлийн хэрэгцээний газрыг бусдад худалдахгүй, бэлэглэхгүй, барьцаанд тавихгүй байхыг хариуцагч Э.Г-д, “Н С” ХХК-ийн 49 хувьцааг бусдад худалдахгүй, бэлэглэхгүй, барьцаанд тавихгүй байхыг хариуцагч Э.Г-т тус тус даалгасан.
Мөн хариуцагч Н.О, “Н С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Г нараас .... аймгийн .... сумын нутагт орших оршуулгын зориулалт бүхий 50 га газрыг чөлөөлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тус 50 га газар дээр барилга барих ажиллагааг цаашид гүйцэтгэхгүй байхыг хариуцагч Н.О, “Н С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Г нарт даалгаж өгнө үү гэж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт гаргасан. Шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үзлэг хийлгэх, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаар захирамжаар хангаж, .... дүүргийн татварын хэлтсээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, үзлэгийн ажиллагаа явуулахыг ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгасан.
2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд маргаан бүхий 2 объектын өртгийн болон зах зээлийн үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасан, шүүгчийн мөн өдрийн 06655 дугаар захирамжаар зохигчдоос гаргасан нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаж, .... аймгийн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, .... дүүргийн татварын хэлтсээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, “Э Б В С” ХХК-ийг шинжээчээр томилсон.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1... дугаар захирамжаар хангасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэх тухай хүсэлт гаргасан, шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар захирамжаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан.
Хариуцагч Э.Г 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах хүсэлт гаргасан, шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 05816 захирамжаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Хариуцагч Н.О 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж, шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт гаргасан, шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар захирамжаар сөрөг нэхэмжлэл болон хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Дээрх захирамжийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд ... дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэсэн.
Хариуцагч Н.О 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2,821,114,600 төгрөг гаргуулах шаардлагын хэмжээнд “Н С” ХХК, Д.О нарын эд хөрөнгө, мөнгө болон дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ авхуулахаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт гаргасан.
Шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар захирамжаар хариуцагчаас гаргасан “Н С” ХХК-ийн харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож мөн тус байгууллагын эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх хүсэлтийг хангаж, хариуцагч Д.О-т холбогдох арга хэмжээг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Дээрх захирамжийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг тус шүүх 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд 00292 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад “...нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд хариуцагч Д.О, “Н С” ХХК нарын арилжааны банк дахь харилцах дансны хөдөлгөөнийг зогсоох, “Н С” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг битүүмжлэх арга хэмжээг авч, Д.О-т холбогдох бусад хүсэлтийг хангахгүй орхисугай...” гэж өөрчлөн, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээсэн.
Хариуцагчийн өмгөөлөгчөөс 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан, мөн өдрийн шүүх хуралдаанд зохигчид үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар захирамжаар нотлох баримт бүрдүүлэх, үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж, холбогдох байгууллагуудад захирамжид дурдсан баримтыг ирүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар захирамжаар хангасан.
2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч нараас үзлэг хийлгэх, гэрч асуулгах, дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан. Шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 10542 дугаар захирамжаар үзлэг хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж, гэрч асуулгах, шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, “В” ХХК-ийг шинжээчээр томилсон.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан, шүүгчийн мөн өдрийн ... дугаар захирамжаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Зохигчийн гаргасан хүсэлтийг шүүгч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн байх тул энэ нь сахилгын зөрчилд хамаарахгүй.
4.Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 00618 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үзлэг хийлгэх, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан. Шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, ..... дүүргийн татварын хэлтсээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, үзлэгийн ажиллагаа явуулахыг .... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүгч Б.Ц-оос татгалзан гарах тухай хүсэлт гаргасан. Шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаар захирамжаар татгалзлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн.
Ерөнхий шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 02633 дугаар захирамжаар татгалзан гарах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. .... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн захирамжид дурдсан даалгаврыг гүйцэтгэж холбогдох баримтыг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн. Шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн. Ерөнхий шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаар
захирамжаар тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Ц-г томилсон шийдвэрийг албажуулсан. Шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт
хийхээр товлон зарласан боловч хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтээр хойшлогдсон.
2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд зохигчид нотлох баримт гаргуулах хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий 2 объектын өртгийн болон зах зээлийн үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргаснаар шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар захирамжаар зохигчдоос гаргасан нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаж, “Э Б В С” ХХК-ийг шинжээчээр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 08434 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн. Мөн өдөр шинжээчээр томилогдсон “Э Б В С” үнэлгээний газраас шинжээчийн дүгнэлт гаргах хугацааг сунгуулах тухай хүсэлт ирүүлсэн.
Шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 0.. дугаар захирамжаар 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаартай шинжээч томилох тухай захирамжид өөрчлөлт оруулж, шинжээчийн дүгнэлт гаргах хугацааг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан.
“Э Б В С” үнэлгээний газраас 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр
шинжээчийн дүгнэлт ирүүлсэн тул шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагт товлон зарласан боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдааныг хойшлуулж, 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт хийхээр товлосон, мөн өдөр хариуцагч нараас үзлэг хийлгэх, гэрч асуулгах, дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан.
Шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар захирамжаар үзлэг хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж, гэрч асуулгах, шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, “В” ХХК-ийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Шинжээч дүгнэлтээ 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн, шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ... дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хуралдааныг 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт хийхээр товлон зарлагдсан боловч нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлт болон хариуцагчийн эвлэрэн хэлэлцэх хүсэлтийг хангаж 1 удаа, зохигчдын эвлэрэн хэлэлцэх хүсэлтээр 1, зохигчдын шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулах, эвлэрэн хэлэлцэх хүсэлтээр 1 удаа, хариуцагчийн хуралдаан хойшлуулах хүсэлтээр 1 удаа тус тус хойшлогдсон.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасан ба шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17703 дугаар захирамжаар дээрх хүсэлтийг хангаж, .... Хяналт шалгалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч З.Г, С.М нарыг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ... дүгээр
захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр товлон зарласан.
Хариуцагч нар болон тэдний өмгөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 12 дугаар сарын 17, 12 дугаар сарын 20-ны өдөр товлогдсон байсан шүүх хуралдаан тус тус хойшлогдсон.
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжийн 2 дахь заалтын “...гэрч Э-г албадан ирүүлэх” хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан мөн шүүгчээс татгалзан гарах тухай хүсэлт гаргаснаар хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр 3 удаа, хариуцагчийн хүсэлтээр 1 удаа шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн хүсэлтээр 1 удаа, хариуцагчийн хүсэлтээр 5 удаа, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 1 удаа, зохигчдоос гаргасан нотлох баримт бүрдүүлэх, эвлэрэн хэлэлцэх, шинжээч оролцуулах хүсэлтээр 3 удаа тус тус хойшлуулж байжээ.
Дээр дурдсанаас үзвэл, хэрэг хуульд заасан хугацаанд шийдвэрлэгдээгүйд шүүгчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.
5.Өргөдөлд дурдсан “2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Э.Г-ийн өмгөөлөгч М.Т хүсэлт өгсөн бөгөөд уг хүсэлтийг даргалагч шүүгч уншиж сонсгохдоо “....хотын түгжрэлд чинь ирж чадахгүй...” гэсэн хүсэлт өгсөн байна,... хариуцагч О... хөл явж чадахгүй учраас ирж оролцож чадахгүй гэсэн байна гэж танхимд байгаа хэргийн бүх оролцогчдод уншиж танилцуулсан” гэх гомдлыг шалгахаар гишүүний 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар захирамжаар тус өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг нотлох баримтаар шаардсан.
.... шүүхийн Тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар албан тоотоор “тус өдрийн шүүх хуралдааны бичлэг огт хийгдээгүй байх тул хуулбарлаж хүргүүлэх боломжгүй байна” гэх хариу ирүүлсэн тул бичлэгт үзлэг хийх боломжгүй.
Харин тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагч хуралдааныг нээж, нарийн бичгийн дарга ирц танилцуулсан, ирцтэй холбогдуулан даргалагчаас “Э.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Б ирээгүй байна. Энэ дээр хэлэх тайлбар байна уу” гэж асуухад хариуцагч Э.Г-ийн өмгөөлөгч М.Т “н.Б, н.О нар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Тиймээс эдгээр хүмүүсийг шүүх хуралдаанд оролцуулах саналтай” гэсэн талаар тэмдэглэгдсэн байх тул энэ талаарх гомдол тогтоогдоогүй болно.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.20, 50.1.23, 50.1.28-т заасан зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ц-д /одоо .... шүүхийн шүүгч/ холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав ...” гэжээ.
Шүүгч Б.Ц:
“... 1. Миний бие нь иргэний хэргийг дагнан шийдвэрлэж байсан бөгөөд эрүүгийн хэрэг болон цагдаагийн байгууллагатай харилцах ямар ч шаардлагагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ыг тухайн байгууллагад
ажиллаж байсан талаар мэдэхгүй юм. Мөн түүнтэй найз нөхдийн харилцаагүй болно.
Хэрэв дээрх үндэслэл байсан тохиолдолд миний бие хуульд зааснаар татгалзан гарах мөн талуудад мэдэгдэх үүргээ биелүүлнэ. Иймд энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.
2.Энэхүү хэрэгт дараах ажиллагаа явуулахдаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлсэн байна. 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 30 тооны эрхийн акт гаргасан бөгөөд энэхүү захирамж нь зохигч талуудын хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх, талуудын эвлэрэн хэлэлцэх хүсэлтийг хүлээн авах, өмгөөлөгч нарын хурал давхацсан үндэслэлээр мөн хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шинээр нэмэгдсэнтэй холбоотой хойшлуулах гэх мэт ажиллагаа хийгдсэн болно.
Ажиллагааны явцад гаргасан захирамжууд,
- нэхэмжлэгч Д.О, “Н С” ХХК Д.Мягмар нараас хариуцагч Э.Г-т холбогдуулан “Н С ХХК”-ийн 49 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах, хариуцагч Э.Г-д холбогдуулан .... дүүргийн 8 дугаар хороо, усан сангийн 1 дүгээр гудамж 5, 6а тоот хаягт байрлалтай өмчлөх эрхийн 2 ширхэг гэр бүлийн хэрэгцээний тооны газрын 51 хувийн өмчлөгчөөр Д.О-ыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, газрын үнэд тохирсон төгрөгийг төлсөн байна. Үүнд 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 182/Ш32023/... дугаартай захирамжаар Иргэний хэрэг үүсгэсэн,
- нэхэмжлэгч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг нэхэмжлэлдээ хавсарган өгсөн. 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШЗ2023/... дүгээр захирамжаар, хариуцагч Э.Г-д гэр бүлийн хэрэгцээний газрыг хариуцагч Э.Г-т хувьцаа шилжүүлэхгүй байхыг тус тус даалгаж, хариуцагч Н.О-д холбогдох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон,
- нэхэмжлэгчийн хүсэлтээр, хариуцагч Н.О-д барилга барих ажиллагааг цаашид гүйцэтгэхгүй байхыг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШЗ2023/0... дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар даалгасан.
- хариуцагч Э.Г-ээс гаргасан ... хийдийн үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2023/... дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзсан,
- хариуцагч талын 3 тэрбум төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШЗ2023/... дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр татгалзаж, захирамжийг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШТ2023/... дугаар тогтоолоор шийдвэрлэсэн,
- хариуцагч талын шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасныг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/Ш32023/... дугаар захирамжаар хүсэлтийн зарим хэсгийг хангасан, захирамжийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хянаж, ... дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан,
- нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 182/Ш32023/... дугаар захирамжаар хангаж, даалгавар гүйцэтгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Захирамжийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 182/Ш32023/... тоот тогтоолоор хэвээр үлдээсэн,
- хариуцагч талын шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг Ерөнхий шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 24-ний 182/ЕШ2023/... дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан тул 2023 оны 11.дүгээр сарын 24-ний өдрийн 182/Ш32023/... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн,
- 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/Ш32023/... дугаар захирамжаар хүсэлтийг шийдвэрлэсэн тул ажиллагааг дахин түдгэлзүүлсэн,
- Даалгаврын биелэлт ирсэн тул 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 182/Ш32024/... дүгээр захирамжаар ажиллагааг сэргээсэн,
-2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 182/Ш32024/... дугаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж,
- нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч нар үзлэг хийх нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/Ш32024/... дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан,
-2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 182/Ш32024/... дугаар захирамжаар захирамжид өөрчлөлт оруулж, үзлэг хийх хүсэлтийг хүчингүй болгосон,
- нэхэмжлэгч шинжээч томилох, хариуцагч нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг 2024 оны 04.дүгээр сарын 11-ний өдрийн 182/Ш32024/... дугаар захирамжаар хангаж,
- 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 182/Ш32024/... дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн,
-нэхэмжлэгч тал захирамжид өөрчлөлт оруулах, хариуцагч тал хүсэлтийг дэмжиж баримт гаргаж өгөх агуулгатай хүсэлт гаргасныг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 182/Ш32024/... дугаар захирамжаар шинжээч томилсон захирамжид өөрчлөлт оруулж, хугацааг сунгасан, захирамжийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШТ2024/...дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн,
-шинжээчийн дүгнэлт ирж, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 182/Ш32024/... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн,
- тухайн өдрийн хуралдаан дуусаагүй үндэслэлээр 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 182/Ш32024/... дүгээр захирамжаар тов өөрчилсөн,
- хариуцагчийн талын хүсэлтээр 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182/Ш32024/... дугаар захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн,
- шинжээчийн дүгнэлт ирсэн тул ажиллагааг 2024 оны 08.дугаар сарын 01-ний өдрийн 182/Ш32024/... дүгээр захирамжаар сэргээсэн,
- нэхэмжлэгч тал шинжээч оролцуулах хүсэлт гаргасныг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 182/Ш32024/... дугаар захирамжаар хүсэлтийг хангасан,
- нэхэмжлэгч нотлох баримт бүрдүүлэх, шинжээч томилох, хариуцагч үзлэг хийлгэх, эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргасан, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 182/Ш32024/... дугаар захирамжаар хүсэлтийн зарим хэсгийг хангаж, талуудын эвлэрэх боломжоор хангасан.
- зохигч талууд хэн аль нь эвлэрэх хүсэлт гаргасныг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 182/Ш32024/... дугаар захирамжаар, эвлэрэх боломжоор хангаж, хуралдааныг хойшлуулсан,
- хариуцагч тал өвчний учир хойшлуулах хүсэлт гаргасныг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/Ш32024/... дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан,
- талууд шинжээч оролцуулах, эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргасныг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 182/Ш32024/... дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, хуралдааныг хойшлуулсан,
- нэхэмжлэгч тал шинжээч томилох хүсэлт гаргасныг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/Ш32024/... дугаар захирамжаар шинжээч томилж, ажиллагааг түдгэлзүүлсэн, захирамжийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШТ2024/... дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн,
- шинжээчийн дүгнэлт ирж 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 182/Ш32024/... дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн,
- хариуцагч тал итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан, өвчтэй үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргасан 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 182/Ш32024/... дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, хуралдааныг хойшлуулсан,
- хариуцагч тал хуралдаан давхацсан, өвчтэй үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргасныг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/Ш32024/... дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, хуралдааныг хойшлуулсан,
- шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 182/Ш32025/.... дүгээр захирамжаар, хуралдаан хойшлуулсан, Ерөнхий шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 182/ЕШ2025/... дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан.
Гомдолд дурдсан үйл баримтын тухайд:
Иргэний хэрэг үүсгэх хугацаа 7 хоног гэж хуульд заасан хэдий ч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзээд иргэний хэрэг үүсгэсэн.
Шүүх нэхэмжлэгч Д.О, “Н С” ХХК-ийн захирал Д.М нар нь хариуцагчаар Н.О, Э.Г, Э.Г нарт холбогдох нэхэмжлэлд “Н С” ХХК-ийн 49 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагч
Э.Г-т даалгах, ... дүүргийн ... -р хороо усан сангийн гудамжны 5,6 тоот хаягт байрлах өмчлөх эрхийн 2 ширхэг гэр бүлийн хэрэгцээний газрын 51 хувийн өмчлөгчөөр Д.О-ыг тогтоолгохыг хариуцагч Э.Г-т даалгах” гэсэн шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн.
Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хамт гаргасан тул хүсэлтийг иргэний хэрэг
үүсгэсэн өдөрт нь тусдаа захирамжаар шийдвэрлэсэн. Тус захирамжаар хариуцагч Э.Г-т “Н С” ХХК-ийн 49 хувийн хувьцааг, хариуцагч Э.Г-д газрыг бусдад шилжүүлэхгүй байхыг тус тус даалгаж, хариуцагч Н. О-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.
Иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлснээр хэргийн оролцогчдод эрх, үүрэг танилцуулж, “Нөлөөллийн мэдүүлэг”-ийн талаар танилцуулж, баталгаажуулан гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэлд дурдсанаар хувьцаа буцаан шилжүүлэхийг даалгах шаардлагад 70,200 төгрөг, 2 ширхэг газрын 51 хувийн эзэмшигчээр тогтоолгох шаардлагад үнийн дүнгийн /155,000,000 төгрөгийн 50 хувь/ хэмжээгээр төлсөн байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хуульд зааснаар төлсөн гэж үзсэн. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
25 дугаар зүйлд зааснаар эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар шүүхээр нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргах эрхтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “ улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох, нөхөн төлүүлэх, чөлөөлөх тухай асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох заалт болон энэ хуулийн 58,59 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэнэ” гэж, 58.1-д “нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно”, 118.5-д “тогтоох хэсэгт ...улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн шийдвэрлэсэн талаар заана” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх, буцаан олгох асуудлыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бус харин шүүх нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэснээр хуваарилна. Энэ нь хуулиар зохицуулсан тул
хүсэлтийг захирамжаар шийдвэрлэх үндэслэлгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхтэй бөгөөд нэмэгдүүлсэн шаардлагад тэмдэгтийн хураамж төлсөн тохиолдолд шүүх хүлээн авсан. Тухайн шаардлагатай холбоотой шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангаж, маргааны зүйл болох газар дээр барилга барих ажиллагааг гүйцэтгэхгүй байхыг хариуцагч нарт
даалгасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд сөрөг нэхэмжлэлийн талаар зохицуулсан бөгөөд сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй хоорондоо тооцогдох боломжтой шаардлага байхаар байна.
Үндсэн нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч тал нь хариуцагч Э.Г, Э.Г нарт холбогдуулан газар болон хувьцаа буцаан шилжүүлэхийг даалгасан харин гэрээ байгуулсан Н.О-д холбогдуулан тодорхой шаардлага гаргаагүй байна. Гэтэл хариуцагч нар нь хамтран үнийн дүн бүхий шаардлага гаргасныг хүлээн авахаас татгалзсан хэдий ч гомдол гаргаснаар уг захирамж хүчингүй болж, сөрөг нэхэмжлэлийн талаар ажиллагаа явуулсан
байдаг. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлтэй холбоотой шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасан бөгөөд тухайн хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна. /Ш305816/
Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор миний бие нь 2023.08.09-ний өдрөөс 2023.09.26-ны өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралтаа эдэлж байсан. Энэ хугацаанд хариуцагчаас шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасан
байсныг ажлаа хүлээн аваад нэн даруй шийдвэрлэсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй, мөн үзлэг хийх, шинжилгээ хийх тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан ба нэхэмжлэгч тал нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авч, дээрх баримтуудыг бүрдүүлсэн байна. Хариуцагч тал гомдол гаргасан бөгөөд захирамжийг хэвээр
үлдээсэн.
2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал маргааны зүйл болох барилга, байшингийн үнийн дүнг зөвшөөрөөгүй татгалзлын үндэслэл болгож, шинжээч томилох хүсэлт гаргасныг хариуцагч зөвшөөрч мөн нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаснаар талуудын хүсэлтийг хангаж, хугацаа тогтоож шинжээч томилсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно гэж заасан. Шинжээч томилох захирамжид өөрчлөлт оруулахдаа тодорхой нэр төрлийн эд зүйлийн нэрлэн зааж, дүгнэлт гаргах хугацааг сунгасан байдаг. Уг захирамжид хариуцагч тал гомдол гаргасныг хэлэлцээд хэвээр
үлдээсэн.
2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч тал шинжээч томилох хүсэлт гаргасныг хангаж, шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг.
2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд тухайн захирамжид хариуцагч тал гомдол гаргасныг хэлэлцээд хэвээр үлдээсэн.
Дээрх захирамжаар томилогдсон шинжээч нарт эрх үүрэг тайлбарлаж, хэргийн баримттай танилцуулсан бөгөөд тэдгээр шинжээч нь захирамжид заасан
хугацаанд дүгнэлтээ гаргасан.
Хариуцагч тал энэ хугацаанд хэд хэдэн удаа итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараа сольсон бөгөөд шинээр орж ирсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг хэргийн баримттай танилцах боломжит хугацаагаар хангаж, шүүх хуралдааны бэлтгэлийг хангаж, хуралдааныг хойшлуулахгүй байх бүхий л боломжоор хангаж
ажилласаар ирсэн.
Иргэн, хуулийн этгээд нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй,
хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тохиолдолд албадан ирүүлэх нь хуульд нийцсэн гэж үзэж байна.
Дээрх нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар явуулсан тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн тайлбар ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, .... шүүхийн шүүгч Б.Ц-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгч Д.О болон “Н С” ХХК-ийн Н.О, Э.Г, Э.Г нарт холбогдуулсан нэхэмжлэлийг ... шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргаж, шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШЗ2023/... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй бол нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор үүсгэх тухай захирамж гаргахаар заасныг заавал 7 дахь хоног дээр иргэний хэрэг үүсгэнэ гэж ойлгохгүй.
Өөрөөр хэлбэл, 1-7 хоногийн дотор нэхэмжлэлийг үүсгэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байх тул нэхэмжлэлийг хүлээн аваад, нэг хоногийн дараа иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
2.Иргэний хэрэг үүсгэсний дараа, хариуцагч Э.Г-д 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр, хариуцагч Н.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х-д 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр, хариуцагч Э.Г-т 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр[1] тус тус гардуулсан, мөн оролцогч нарт нөлөөллийн мэдүүлэг, эрх үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зуруулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, ... дотор ... гардуулна” гэж зааснаар хариуцагч нарт нэхэмжлэлийн хувь гардуулах үүргийг шүүх хуулиар хүлээсэн байдаг.
Иймд хуульд заасан ажиллагаа хийсэн шүүгчийг буруутгах үндэслэлгүй болно.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Шүүхээс гарах шийдвэрийг биелэлтийг баталгаажуулах тухай” хүсэлтийг хавсарган өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг иргэний хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа авах эрхтэй байхаар заажээ.
Үүнийг “... шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хамт гаргасан бол хүсэлтийг иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар, эсхүл мөн өдрийн тусдаа захирамжаар шийдвэрлэж болно ...” гэж тайлбарласан[2] байдаг, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШЗ2023/... дүгээр захирамжаар хүсэлтийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана”, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “... энэ хуулийн ... 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл ... үүсгэх тухай захирамж гаргана” гэж зааснаар нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргахаар заасан, харин хавсаргасан баримтыг хэрхэн үнэлэх нь шүүгчийн эрх хэмжээний асуудал байна.
Иймд, илтгэгч гишүүний “... нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан шаардлагыг тодруулбал, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтаа хавсаргасан бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжгүй. Иймд шүүгч нэхэмжлэлд хэрэг үүсгэснийг хэргийг нэхэмжлэгчийн талд шийдэх хүсэлтэй гэж үзэх үндэслэл болохгүй ...” гэсэн нь үндэслэлтэй.
5.Өргөдөлд “... шүүгч Б.Ц нь ... аймгийн шүүхэд 2017-2021 онд ажиллаж байсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нь .... аймаг дахь цагдаагийн газарт 2007-2017 онд ажиллаж байсан, тэд нарыг найз нөхдийн харилцаатай ...” гэсэн байна.
Ж.Б гэрчийн мэдүүлэгтээ “... 2022 оноос хойш өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байна ... 2007-2017 оны хооронд .... аймаг дахь цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах, ахлах хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан ... шүүгч ... Б.Ц-г зүс танина ... төрөл садан, найз нөхөд, ажил төрлийн холбоо байхгүй ... хэрэг маргааныг шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан эрхээ хэрэгжүүлж шүүхээр нотлох баримт бүрдүүлэх хүсэлт удаа дараа гаргаж байсан. Энэ хүсэлтийг шүүгч ... бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж байсан ... хуульд заасан ажиллагаа гэж ойлгож байна ... нөгөө талаас ч ... хүсэлт гаргадаг түүнийг ч бас шүүгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэдэг ...” гэжээ.
Шүүгч Б.Ц “... миний бие ... 2012 оны 12 дугаар сараас 2021 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд Төв аймгийн сум дундын шүүхэд шүүгчээр ажиллаж байсан ... иргэний хэргийг дагнан шийдвэрлэж байсан бөгөөд эрүүгийн
хэрэг болон цагдаагийн байгууллагатай харилцах ямар ч шаардлагагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ыг тухайн байгууллагад
ажиллаж байсан талаар мэдэхгүй ... мөн түүнтэй найз нөхдийн харилцаагүй болно ... хэрэв дээрх үндэслэл байсан тохиолдолд миний бие хуульд зааснаар татгалзан гарах мөн талуудад мэдэгдэх үүргээ биелүүлнэ ...” гэж тайлбар өгчээ.
Дээрх мэдүүлэг, тайлбараар шүүгч Б.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг найз нөхдийн холбоотой гэж үзэх үндэслэлгүй байна.
Нөгөө талаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 дахь хэсэгт “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, ...” бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй байхаар хуульчилсан.
Мөн хэргийн оролцогч шүүгчийг тухайн хэргийг шударгаар шийдвэрлэхэд эргэлзэж байгаа бол татгалзах эрхийг хуулиар олгосон:
- хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэт нэг талыг барьсан, давуу байдал бий болгосон, талуудын тэгш эрхтэйгээр мэтгэлцэх, эрх тэгш байх зарчмыг зөрчиж байна гэж шүүгч Б.Ц-г татгалзсан[3],
- Ерөнхий шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ЕШЗ2023/... дугаар захирамжаар[4], “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх нь зөвхөн хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүнд олгогдсон эрх тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүй, энэ үндэслэл нь шүүгчийг, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй ...” гэж дүгнэн, хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн,
- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4 дэх заалтуудыг үндэслэн шүүгчийг татгалзан гарах хүсэлтийг гаргасан[5],
- Ерөнхий шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 182/ЕШ2025/... дугаар захирамжаар, “... шүүгчээс явуулж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгчийг татгалзан гарах үндэслэлд хамаарахгүй ...” гэсэн үндэслэлээр татгалзлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Иймд, хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч Б.Ц-г нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-тай найз нөхдийн холбоотой гэж үзэх үндэслэл шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй тул өргөдлийн зохих хэсэг үндэслэлгүй гэж үзлээ.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шүүх дараах байдлаар шийдвэрлэсэн байна,
- нэхэмжлэгч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасан, шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШЗ2023/... дүгээр захирамжаар хүсэлтийн зарим хэсгийг хангасан,
- хариуцагч 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасныг, шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШЗ2023/05233 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон,
- хариуцагч Э.Г-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн сөрөг нэхэмжлэл, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2023/... дугаар захирамжаар шийдвэрлэхдээ хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан,
- хариуцагч Н.О сөрөг нэхэмжлэл болон шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШЗ2023/... дүгээр захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан,
- хариуцагчийн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШТ2023/... дугаар тогтоолоор хянаж, захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн,
- хариуцагч 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасан, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2024/...дугаар захирамжаар хариуцагчийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон,
- хариуцагч гомдол гаргаж, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШТ2023/... дугаар тогтоолоор дээрх захирамжид өөрчлөлт оруулсан,
- нэхэмжлэгчийн үзлэг хийлгэж, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШЗ2023/... дугаар захирамжаар хангаж, даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн,
- хариуцагч 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж, Ерөнхий шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсний дараа, шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШЗ2023/... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн,
- үүний дараа 182/ШЗ2023/... дугаар захирамжид хариуцагч гомдол гаргасан, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШЗ2023/... дүгээр тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж, зохих ажиллагаа хийгдэн, шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШЗ2024/... дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн,
- нэхэмжлэгч 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд үзлэг хийлгэх, хариуцагчаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 182/ШЗ2024/... дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан,
- хариуцагчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн нотлох баримт гаргуулах болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хөрөнгийн үнэлгээ тогтоолгох хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШЗ2024/... дугаар захирамжаар хангаж, “ Э Б В С үнэлгээ” ХХК-ийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, шинжээчээс хугацааг сунгуулах тухай хүсэлт ирүүлж, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШЗ2024/... дугаар захирамжаар хугацааг сунгаж, шинжээчийн дүгнэлтийг ирсэн тул 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2024/... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн,
- хариуцагч 182/ШЗ2024/... дугаар захирамжид гомдол гаргасныг, шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШТ2024/... дүгээр тогтоолоор захирамжийг хэвээр үлдээсэн,
- хариуцагч үзлэг хийлгэх, гэрч асуулгах, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШЗ2024/... дугаар захирамжаар хүсэлтийн зарим хэсгийг хангаж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн,
- шинжээчийн дүгнэлт ирж, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШЗ2024/13079 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн,
- нэхэмжлэгчээс эд хөрөнгийн үнэлгээ гаргасан компанийн шинжээчийг хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг, 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШЗ2024/... дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн,
- хариуцагч үзлэг хийлгэх, нэхэмжлэгч нотлох баримт гаргуулах, шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гаргасныг, мөн өдрийн 182/ШЗ2024/1... дугаар захирамжаар хүсэлтийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон,
- талууд эвлэрэн хэлэлцэх хүсэлт 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргаж, 182/ШЗ2024/14613 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан,
- хариуцагч шүүх хуралдааны хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШЗ2024/... дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан,
- талууд шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулах тухай хүсэлт гаргасныг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШЗ2024/17360 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан,
- нэхэмжлэгч тал шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 18/ШЗ2024/... дугаар захирамжаар хангаж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн,
- хариуцагч нараас шүүгчийн 182/ШЗ2024/17703 дугаартай захирамжид гомдол гаргаж, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШТ2024/... дугаартай тогтоолоор захирамжийг хэвээр үлдээсэн,
- түдгэлзүүлсэн үндэслэл арилсан тул 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШЗ2024/21414 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн,
- хариуцагч нарын хүсэлтээр 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааныг 182/ШЗ2024/... дугаар захирамжаар хойшлуулсан,
- хариуцагч нарын хүсэлтээр, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг 182/ШЗ2024/... дугаар захирамжаар хойшлуулсан,
- хариуцагч тал шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд гаргаж, 182/ШЗ2025/... дүгээр захирамжаар Ерөнхий шүүгчийг шийдвэрлэх хүртэл хойшлуулсан, Ерөнхий шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 182/ЕШЗ2025/... дугаар захирамжаар тус хүсэлтийг хангахаас татгалзсан,
- хариуцагч шүүгчийн 182/ШЗ2024/... дугаар захирамжид гомдол гаргаж, Ерөнхий шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 182/ЕШЗ2025/... дугаар захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзсан зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсэн шүүгч Б.Ц Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар зарлигаар, .... шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжин томилогджээ.
Дээрхээс үзвэл, татгалзал, түүнийг шийдвэрлэх, захирамжид гомдол гаргах, түүнийг шийдвэрлэхээс бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын гаргасан хүсэлтийн дагуу хийгдсэн байх ба нэхэмжлэгч нь 9 удаа, хариуцагч нь 12 удаа хүсэлт гаргасныг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, хэргийн оролцогч нь өөрсдийн шаардлага, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан хүсэлт гаргах эрхтэй, тухайн эрхийн дагуу гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэх тул хуулийн дагуу хийгдсэн ажиллагаанд шүүгчийг буруутгахгүй.
7.Өргөдөлд “... 4 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж, мөн өдрөө сөрөг нэхэмжлэл, шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах хүсэлтийг гаргахад 20 хоногийн дараа буюу 5 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах хүсэлтээс татгалзсан захирамж гаргасан ...” гэсэн байх ба сахилгын хэргийн 78 дахь талд авагдсан баримт, түүний арын хуудсанд дарагдсан дардсаар, сөрөг нэхэмжлэл хүсэлтийг шүүх 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан болох нь тогтоогдох ба 6 хоногийн дараа шийдвэрлэсэн бах тул 20 хоногийн дараа шийдвэрлэсэн гэсэн нь үндэслэлгүй.
Мөн “... 04 дүгээр сарын 28-ны өдрийн шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах хүсэлтийг шийдэлгүй явсаар 156 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 02-ны өдөр татгалзсан ... Үүнээс гадна дахин тодруулахад гаргасан захирамжийг явуулахдаа хойрго хандахаас гадна энэ захирамж анх хүсэлт гаргаснаасаа 185 хоногийн дараа гарч, 196 хоногийн дараа шүүхээс Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явж байна ...” гэжээ.
Хариуцагч Э.Г 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргахдаа, шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт хамт гаргасан, шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2023/... дугаар захирамжаар шийдвэрлэхдээ хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, энэ захирамжид гомдол гараагүй.
Үүний дараа, хариуцагч Н.О сөрөг нэхэмжлэл болон шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргаж, шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШЗ2023/... дүгээр захирамжаар, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас, мөн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Дээрх захирамжид гомдол гаргаж, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШТ2023/... дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсний дараа 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулахдаа, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасан, үүнийг шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2024/... дугаар захирамжаар хүсэлтийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, 56 хоног болсон үйл баримт тогтоогдоно.
Гэхдээ энэ хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй үргэлжилж байсан нь нэхэмжлэгч 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар ирүүлсэн, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч талд гардуулсан, мөн өдөр оролцогч нарт хэргийн материал танилцуулсан, нэхэмжлэгч талаас 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хариу тайлбар ирүүлсэн зэрэг ажиллагаа хийгдсэнээс харагдана.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хүсэлт шийдвэрлэх хугацааг тухайлан зохицуулаагүй учраас хүсэлтийг 56 хоногийн дараа шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Гэхдээ шүүгч нь цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа хэргийн оролцогчоос ирүүлсэн хүсэлтийг даруй шийдвэрлэж байхыг анхаарах нь зүйтэй.
Түүнчлэн шүүгч хариуцагч Н.О-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШТ2023/... дугаар тогтоолоор дүгнэхдээ “... хариуцагч Н.О-ийн хувьд Хөрөнгө оруулалтын гэрээнээс нэхэмжлэгч тал татгалзсантай холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээнд оруулсан хөрөнгийг шаардсан байхад хариуцагчийг сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзсэн нь үндэслэлгүй ...” гэж дүгнэн хүчингүй болгожээ.
Шүүгч өөрийн дотоод итгэлээр хэрэгт авагдсан баримтыг үнэлж дүгнэн шийдвэр гаргаж байгаа ч зохигчийн хоорондын маргааны үйл баримт, хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоож үндэслэлтэй шийдвэр гаргах ёстой.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Д.О, Н.О нар нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас харвал, хариуцагч Н.О нь гэрээний нэг тал гэж үзэхээр байна.
Гэхдээ шүүгчийн захирамжийг гомдол шийдвэрлэх хуралдааны тогтоолоор хүчингүй болгож, хариуцагчийн гомдлыг хангаж, шүүгчийн алдааг залруулсан байх тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
8.“Н С” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэлд “... Хууль зүйн үндэсний хүрээлэнд холбогдох иргэний хэрэгт ... Ж.Б-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж ... байна ...” гэжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлд шүүгчийн туслахын чиг үүргийг талаар заахдаа, 89.3.1 дэх хэсэгт “шүүхэд ирүүлсэн тодорхой хэрэг, маргааны талаарх баримт бичгийн бүрдлийг судалж, шүүгчид танилцуулах”, 89.3.5 дахь хэсэгт “хэргийг товьёглон хөтлөх” гэж тус тус заасан.
Хэргийн оролцогчоос ирүүлсэн баримтыг хүлээн авах, мөн хавтаст хэргийг хөтлөх нь туслахын гүйцэтгэх чиг үүрэгт хамаарч байх тул хэргийн оролцогчоос гарган өгсөн баримтыг хэрэгт хавсаргасан шүүгчийн туслахын үйлдлийг шүүгчтэй холбож, түүнийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн өгсөн итгэмжлэлийг шүүгч үнэлж, хэргийн үйл баримттай холбогдуулж дүгнэлт өгөөгүй байна.
9.Нэхэмжлэгч шинжээч томилуулах хүсэлт гаргаж, хариуцагч уг хүсэлтийг дэмжиж, шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШЗ2024/... дугаар захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхдээ, дүгнэлтийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ирүүлэхээр заасан баримтад[6], тухайн хүсэлт зөвхөн нэхэмжлэгч талаар хязгаарлагдахгүй хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан учраас хариуцагч тал ч гэсэн дэмжсэн байгаа нь харагдана.
“ Э Б В С үнэлгээ” ХХК-аас шинжээчийн дүгнэлт гаргуулах хугацааг сунгуулах хүсэлт 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШЗ2024/... дугаар захирамжаар шинжээчийн тус хугацааг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэж сунгасан байна.
Иймээс өргөдлийн “... нэхэмжлэгчийн хүсэлтийг л шийдэж байвал зөв буруу байх нь хамаагүй гэсэн сэтгэгдлийг төрүүлж, үүнийгээ өөрөө өөрчилж ... үнэлгээний компанийн ... дүгнэлтийг гаргах боломжгүй гэсэн байгаагаар ... нотлогдож байна ... 05 сарын 07-ны өдөр гаргангуутаа 10-ны дотор дүгнэлт ирүүлэхийг даалгаж, ... дүгнэлт гаргаж ирүүлэх хугацаа байхгүй харагдаж байна ... шүүх хуралдааныг яаравчлан хийх сонирхол л харагдаж байна ...” гэсэн нь үндэслэлгүй, хэрэг дэх баримтаар үгүйсгэгдэж байна.
10.Тус хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хэргийн оролцогчоос ирүүлсэн хүсэлтийг уншиж танилцуулсан талаар тусгагдаагүй байна.
Тухайн өдрийн 182/ШЗ2024/... дугаар захирамжид “... хариуцагч Н.О: “... миний бие БНСУ-д эмнэлэгт үзүүлж байгаа ...”, хариуцагч Э.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б: “... миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул биечлэн оролцох хүсэлтэй байна ...”, хариуцагч Э.Г-ийн өмгөөлөгч М.Т: “... хэргийн материалтай танилцах хүсэлтэй байгаа тул ... танилцах боломжоор хангаж өгнө үү ... гэсэн хүсэлтүүдийг тус тус гаргасан ...” гэж дурджээ.
Илтгэгч гишүүн тус өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг гаргуулах албан бичигт, тус шүүхийн Тамгын газраас[7] дуу-дүрсний бичлэг огт хийгдээгүй тул хүргүүлэх боломжгүй гэсэн хариу өгчээ.
Иймд өргөдөлд хүсэлтийг “... танхимд байгаа хэргийн бүх оролцогчдод уншиж танилцуулсан ... Шүүгч хүний хувьд хэргийн аль нэг оролцогчийн хуулиар олгогдсон эрхийн дагуу хүсэлтээ албан ёсоор гаргаж байхад шүүх танхимд байгаа зохигчдын нэг талд илтэд бүдүүлэг хандаж тэгж уншиж сонсгосонд миний хувьд маш их гомдсон ...” гэсэн нь тогтоогдоогүй тул шүүгчийг сахилга, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Шүүх хуралдааны тэмдэглэл нь тухайн шүүх хуралдааны явцыг харуулах гол нотолгооны хэрэгсэл болох тул цаашид хуралдааны процессыг бүрэн тэмдэглэх шаардлагатай, мөн шүүх хуралдааны явцыг дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт хуульчилсан тул энэ ажиллагааг тогтмол хийхийг шүүхийн Тамгын газар анхаарах нь зүйтэй.
Мөн энэ өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээч оролцуулах хүсэлтээсээ татгалзсан байх боловч шүүх хуралдааныг хойшлуулсан тухайн өдрийн захирамжид шинжээчийг оролцуулах эсэхийг шийдвэрлээгүй.
Иймд, “ ... 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээч оролцуулах хүсэлтийг гаргасан ... ” гэх өргөдлийн хэсэг үндэслэлгүй, учир нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар, талуудын гаргасан хүсэлтийн дагуу шинжээч оролцуулахаар шийдвэрлэсэн захирамж хүчинтэй байна.
Түүнчлэн өргөдөлд “... 12 дугаар сарын 06-ны өдөр ... шүүхээс залгаж өнөөдөртөө заавал өг гэж залгасны улмаас шинжээч нар даваа гарагт буюу 09-ний өдөр дүгнэлтээ өгөнгүүт, 10-ны өдөр шүүх хурал товлосон ...” гэжээ.
Нэхэмжлэгчийн шинжээч томилуулах хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2024/17703 дугаар захирамжаар шийдвэрлэн шинжээч томилохдоо дүгнэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр ирүүлэхийг даалгажээ. Гэтэл Нийслэлийн хяналт, шалгалтын газар дүгнэлтээ 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/... дугаар албан бичгээр ирүүлсэн.
Захирамжийн биелэлтийг хангах үүднээс дүгнэлтийг хугацаанд ирүүлэх талаар шүүх шаардах эрхтэй, хугацаа хэтрүүлсэн шинжээчийн дүгнэлт ирсний дараа 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШЗ2024/... дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдааныг товлож хийсэн нь хууль зөрчөөгүй тул дээрх өргөдөл үндэслэлгүй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 71.1 дэх хэсэгт “... шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. Хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болон энэ хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэж болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заана” гэж заасан.
Утсаар холбогдсон тухай баримтаар[8], “гэрч Э, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ...дугаарын утсанд удаа дараа залгахад утсандаа хариу өгөөгүй тул зурвас хүргүүлсэн” гэж тэмдэглэгдсэн байгаагаас шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн гэж үзэхээр байна.
Шүүхээс гэрч Э шүүх хуралдаанд ирээгүй тул шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШЗ2024/... дугаар захирамжаар албадан ирүүлэхээр шийдвэрлэжээ.
Иймд өргөдлийн “... шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байж албадан авчрах захирамж гаргасан ...” гэсэн нь үндэслэлгүй байна.
Нэгтгэвэл, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байх тул хүлээн авч, шүүгч Б.Ц-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ГС/2025/0025 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, .... шүүхийн шүүгч Б.Ц-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Б.СУГАР