info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-04-02

Дугаар 42

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, ажиглагчаар өргөдөл гаргагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нарийн бичгийн дарга Ц.Н нарыг оролцуулан тус хорооны танхимд хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ГС/2025/0030 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Нэг. “Шүүгчтэй хамт ажиллаж байсан, туслах нь байсан Х.Л-тэй хуйвалдаж "Б" ХХК-д давуу байдал бий болгосон байж болзошгүй ...” гэх тухайд; “П” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Э “Б” ХХК-д холбогдуулан “Түрээсийн гэрээний үүрэгт 165,933,332 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх /хуучин нэршлээр/-д 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гаргасныг шүүгч Ц.О хүлээн авч, шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 183/Ш32023/... дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна. Үүний дагуу хариуцагч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Э  2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийн гардан авч, Х.Л 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилжээ.  Шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШЗ2023/... дүгээр захирамжаар тус иргэний хэргийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хэлэлцүүлэхээр товлоход нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Э, өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л нар оролцсон бөгөөд тус хуралдаанд шүүгч Ц.О нь Х.Л өөрийнхөө туслахаар ажиллаж байсан талаар мэдэгдэж, харин шүүгчийн зүгээс урьд хамт ажиллаж байсан нь татгалзан гарах үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байгаагаа тайлбарласан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн  51.1-дШүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана” гэж заасныг хэргийн оролцогчийн мэдэх эрхийг болон шүүгчийг татгалзах хүсэлт гаргах эрхийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан гэж ойлгох бөгөөд шүүгч Ц.О нь дээрх байдлаар ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдэгдсэн байх тул шүүгчийг энэ үндэслэлээр буруутгах боломжгүй. Харин Х.Л  нь шүүгч Ц.О-ийн туслахаар 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласнаас хойш хойш 1 жил 8 сарын дараа урьд ажиллаж байсан байгууллагын өмнө хуулийн этгээдийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21.1-т “Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсэж болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: ... 21.1.3.урьд ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх” гэж заасантай нийцээгүй боловч энэ нь шүүгчид хамааралтай гэхээс илүүтэй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хамааралтай байх тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүгч Ц.О нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талаар мэдэгдсэний үндсэн дээр 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчээс “хариуцагчийн төлөөлөгчтэй нэг байгууллагад хамт ажиллаж байсан” гэх үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 183/ЕШ2023/... дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Үүнээс үзэхэд шүүгч Ц.О нь хуульд заасан “мэдэгдэх” үүргээ биелүүлсний үр дүнд хэргийн оролцогчдын “татгалзах хүсэлт гаргах” боломжоор хангаж, улмаар шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал байгаа эсэхийг хуульд заасан журмаар шийдвэрлүүлсэн нь хуульд заасан шүүгчийн ашиг сонирхлын зохицуулалтын зорилгыг хангасан байх тул түүнийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй. Хоёр. “... Нийт 6 удаагийн шүүх хуралдааныг гэрч Н.Г оролцуулах үндэслэлээр хойшлуулсан, ... Н.Г нь гэрчээр оролцохоос байнга татгалздаг байхад хүчээр оролцуулахаар улайрдаг, ... гэрчээр оролцуулах захирамжийг хүчингүй болгодоггүй ...” гэх тухайд; Дээр дурдсанчлан тус иргэний хэргийг хэлэлцэх эхний шүүх хуралдааныг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр товлосон боловч дараах үндэслэлүүдээр шүүх хуралдаанууд хойшилсон байна. Үүнд: 1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан “С.А, Б.Т нарыг гэрчээр асуулгах тухай” хүсэлтийг хангаж, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааныг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл, 2. 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааныг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан “Шүүгчийг татгалзан гаргах хүсэлт”-ийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулжээ. Ерөнхий шүүгч уг хүсэлтийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шийдвэрлэсэн боловч шүүгч Ц.О нь баруун хөлийн шагайгаа гэмтээсний улмаас шагайн дээд хэсгийн ясны үхжилт явагдаж тасралтгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/3T2022/00153 дугаар тогтоолоор түүнд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл чөлөө олгосон бөгөөд ажилдаа орсноос хойш чөлөө авахаас өмнөх ажиллагаанд байсан үлдэгдэл хэрэг дээр нэмж 745 нэхэмжлэл хүлээн авч ажиллагаа хийсэн, 2023 онд 694 хуралдаан товлон зарлаж, 555 хэргийг хянан шийдвэрлэсэн зэргээр ажлын ачаалал хэт өндөр байсан тул шүүх хуралдаан товлон зарлах цаг хүрэлцэхгүй, хэргүүд шүүх хуралдаан товлох товын цаг хүлээх нөхцөл байдал үүссэний улмаас шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр товлон зарласныг буруутгах боломжгүй байна. 3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л-ээс “Н.Г гэрчээр асуулгах, өмгөөлөгч оролцуулах” хүсэлт ирүүлснийг ханган, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн өдөр хүртэл, 4. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрч Н.Г-тэй холбогдсон боловч хөдөө орон нутагт байгаа тул 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд очих боломжгүй, ирэх долоо хоногт ирнэ гэх түүний тайлбарт үндэслэн тус өдрийн хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл, 5. Хариуцагчаас Х.Л-д олгосон итгэмжлэлээсээ татгалзаж, өмгөөлөгчөөр У.Т оролцуулахаар болсонтой холбоотойгоор өмгөөлөгчөөс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, 6. Хариуцагчийн өмгөөлөгчөөс гэрч асуулгах хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлт гаргасны дагуу 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааныг жич товлохоор хойшлуулжээ. Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ”, 38.9-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, ...” гэж зааснаар хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтэд үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Гэрч Н.Г нь хөдөө орон нутагт ажилладаг болох нь мэдэгдсэн боловч оршин байгаа газар нь тодорхойгүй нөхцөл байдалтай байсан тул шүүхээс үүнийг тодруулах, түүнийг ирүүлэх зэрэг ажиллагаа хийх шаардлага үүссэний улмаас дараагийн шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр товлон зарласан үйл баримт шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй. Хариуцагчийн өмгөөлөгчөөс шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангахгүй орхиж, харин гэрч асуулгах захирамжийн биелэлтийг хангах үндэслэлээр 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл, Хариуцагчийн өмгөөлөгчөөс гэрч Н.Г албадан ирүүлэх хүсэлт гаргасныг хангаж, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хойшлуулсан боловч хэрэгт үзлэг хийх явцад дараагийн шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн үйл баримт тогтоогдсон. Хэдийгээр дээрх хугацаанд шүүхээс ажиллагаа хийгээгүй, хэргийг орхигдуулсан мэт харагдаж байх боловч гэрчийг албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгүүлэхээр цагдаагийн байгууллагад даалган, захирамжийг албан бичгээр хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд гэрч ирээгүй тул нэгэнт хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх тухайн хэргийн онцлогоос шалтгаалан шүүх хуралдааныг товлон зарласныг буруутгах боломжгүй байна. Улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гэрч асуух хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгох хүсэлтийг гаргасан ч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасан үндэслэлд хамаарахгүй тул хангахгүй орхиж, харин гэрчийг асуух үндэслэлээр 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулж, дахин цагдаагийн байгууллагад шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах албан бичгийг хүргүүлжээ. Өргөдөлд “гэрчээр оролцуулах захирамжийг хүчингүй болгодоггүй нь гэрч шүүх хуралдаанд оролцохоос татгалзсаар байхад түүнийг оролцуулахаар улайрдаг” гэх агуулгыг дурдсан боловч дээрх хуульд зааснаар үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай тохиолдолд “илт үндэслэл муутай” гэх үндэслэлд хамаарч захирамжаа хүчингүй болгохоор хуульчилсан тул энэ үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй. Гэвч шүүх хуралдаанд гэрч Н.Г ирээгүй тул түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан үндэслэлээр мөнгөн торгуулийн арга хэмжээг авч, гэрчийг Баянхонгор аймагт ажиллаж байгаа талаар мэдэгдсэний дагуу түүнээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх /хуучин нэршлээр/-ээр гүйцэтгүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулжээ. Дээрхээс үзэхэд, тус иргэний хэргийн шүүх хуралдаан гэрч Н.Г гэрчээр асуух үндэслэлээр удаа дараа хойшилсон боловч шүүхээс гарах аливаа шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны байх шаардлагыг хангахын тулд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд нийцүүлэн, хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулж хууль зүйн дүгнэлт өгөх зарчмын дагуу тус иргэний хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг бүрэн бүрдүүлсний дараа шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн шүүгчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ. Иргэний хэргийн шүүх нь тэгш эрхтэй эрх зүйн этгээдүүдийн хооронд үүссэн харилцааг зохицуулдаг хувийн эрх зүйгээс үүдэлтэй маргааныг хянан шийдвэрлэдэг онцлогтой тул хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд суурилан өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах ажиллагааг хийдэггүй, хэргийн оролцогчид нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хүлээн зөвшөөрөөгүй татгалзлаа өөрсдөө нотлох үүрэгтэй байдаг. Энэ утгаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа нотлохын тулд гэрч оролцуулах хүсэлт гаргасныг хэргийн үйл баримтад дүгнэлт хийсний үндсэн дээр хангаж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах зорилгоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбар, хүсэлтэд үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гүйцэтгэсэнтэй нь холбогдуулан шүүгчийг хариуцагч талд давуу байдал олгосон гэж үзэх үндэслэлгүй байна. Гурав. “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр удаа дараа нэхэмжлэгчийн зүгээс шаардуулж байж хэргийг сэргээсэн ...” гэх тухайд;      Дээр дурдсанчлан, зохигчоос гэрчээс асуух асуултуудыг ирүүлсний дараа даалгавар гүйцэтгүүлэх тухай захирамжийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр хүргүүлсний дагуу холбогдох шүүхээс захирамжид заасан даалгаврыг гүйцэтгэсэн баримтыг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгээр буцаан ирүүлсэн боловч шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШЗ2024/... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байна. Шүүгч Ц.О нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдрийг дуустал, 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал ээлжийн амралтаа авчээ. Түүний туслах Н.У нь шүүгчийг 2024 оны 07 дугаар сард амрахаас өмнө ээлжийн амралттай байсан бөгөөд 2024 оны 08 дугаар сард ажилдаа орсон боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөө авч, эмнэлэгт үзүүлж байгаад сарын дараа ажлаасаа гарч, үүнтэй зэрэгцэн шүүгч амралтынхаа үлдсэн хоногоо гүйцээн амарсан нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгчийн туслах Н.У ажлыг шүүгчийн туслах Б.Н хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд шүүгч Ц.О-ийн туслахаар ажиллажээ. Шүүгчийн туслах Б.Н-аас шүүгчийг ээлжийн амралтаа бүрэн эдэлж дуусан ажилдаа орсноос хойш хэзээ гэрч Н.Г асуусан баримттай танилцсан талаар тодруулахаар гэрчийн мэдүүлэг авахад "... шүүгч эхлээд шүүх хуралдаан зарласан хэргүүдтэйгээ танилцаад дараа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийх шаардлагатай байгаа хэргүүдтэйгээ танилцсан. 2024 оны 10 дугаар сарын сүүлээр түдгэлзүүлсэн хэргүүдтэйгээ танилцсан, ... би ажиллагаанд байгаа 224 хэрэг, түдгэлзүүлсэн 34 хэрэг хүлээн авсан ...” гэх мэдүүлэг болон шүүгч Ц.О 2024 онд 841 нэхэмжлэл хүлээн авсан, 727 шүүх хуралдаан 727 товлон зарлаж, 748 хэргийг шийдвэрлэснээс үзэхэд шүүгчийн “... миний бие 09 дүгээр сарын 02-ны өдрөөс үлдсэн ээлжийн амралтаа авч, уг хэргийг 08, 09 дүгээр сард товлон хуралдуулаагүй болно. 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр амарч орж ирсэн бөгөөд хурлын товууд он удсан хугацаатай хурлуудаас зар эхэлж товлогдсон. Өөрөөр хэлбэл, 2017-2021 оны шийдвэрлэгдээгүй хэргүүд хурлын зард товлогдож зар гарсан тул уг хэрэг 10, 11 дүгээр сарын хурлын зард товлогдох цаг хүрэлцэхгүй байсан ...” гэх тайлбарыг хүлээн авах нь зүйтэй байна. Дээрхээс үзэхэд, шүүгч Ц.О-ийн хугацаа хэтрүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн нь шүүгчийн туслах болон шүүгчийн ээлжийн амралтаа авсан цаг хугацаатай давхацсан, даалгавар гүйцэтгэсэн баримттай танилцсаны дараа удалгүй сэргээсэн нөхцөл байдал болон Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх /хуучин нэршлээр/-ийн батлагдсан орон тооноос 7 шүүгчийн орон тоо дутуу ажиллаж байсны улмаас ажлын ачаалал өндөр байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай шууд холбоотой байх тул түүнийг санаатайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан гэж буруутгах үндэслэлгүй байна. Түүнчлэн, өргөдөлд “... удаа дараа нэхэмжлэгчийн зүгээс шаардуулж байж хэргийг сэргээсэн ...” гэж дурдсан нь шалгах ажиллагааны хүрээнд иргэний хэрэгт үзлэг хийхэд өргөдөл гаргагчаас бичгээр ирүүлсэн хүсэлт байгаагүй үйл баримтаар үгүйсгэгдсэн болно. Дөрөв. Өргөдөлд тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээснээс хойш шүүх хуралдааныг нь товлон зарлаагүй байгаа талаар дурдаагүй боловч шүүгчээс 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тайлбар авах үед товлон зарлаагүй байгаа тухай мэдэгдсэн тул уг үндэслэлээр шалгах ажиллагааг явуулсан бөгөөд тус хэргийн шүүх хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр товлосон болох нь үзлэгээр тогтоогдсон. Шүүгчээс шүүх хуралдааныг товлон зарлах боломжгүй байсан талаарх шалтгааныг тодруулахад “... 7 хоногт 20 шүүх хуралдаанаас илүү хэргийн хуралдаан зарлах боломжгүй байдаг ба шүүхийн байрны хүртээмж, ажлын зохион байгуулалтын хувьд ажлын 3 өдөр хуралддаг, үүнээс ажлын 2 өдөр нь дангаараа, ажлын 1 өдөр бүрэлдэхүүнтэй хуралдаанд оролцдог, ... тус хэргийн шүүх хуралдааныг зарлаж хуваарьт оруулах зай байхгүй байгаагаас шалтгаалсан ...” гэж тайлбарласан. Иргэний хэргийн бүртгэл хяналтын систем болон шүүгчийн гар бүртгэлийн дэвтэр, зөөврийн компьютерт тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн Тамгын газраас гаргуулан авсан лавлагаа баримт, шүүгчээс нэмэлт тайлбартаа хавсарган ирүүлсэн судалгаа зэргээс үзэхэд шүүгч Ц.О нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойших хугацаанд нийт 268 шүүх хуралдааныг товлон зарласан, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжихтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ЗТ2024/... дүгээр тогтоолоор 2024 оны 12 дугаар сард тус шүүхэд товлон зарласан бүх шүүх хуралдааныг хойшлуулж, дахин нэмж шүүх хуралдаан товлон зарлахгүй байхаар шийдвэрлэсэн, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөтэй байсан, өмнө нь товлон зарлаж хойшилсон болон хэрэг хянан шийдвэрлэх хугацаа хамгийн их алдсан хэргүүдээсээ эхлэн хуралдаан зарладаг зэрэг шалтгааны улмаас тус хэргийн шүүх хуралдааныг товлон зарлаагүй болох нь тогтоогдож байна. Хэдийгээр тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай, удаан хугацаанд шүүх хуралдааныг товлон зарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн болох нь тогтоогдож байх боловч дээр дурдсанчлан шүүхийн хэт ачааллаас шалтгаалан шүүх хуралдаан товлох танхим болоод цаг хүрэлцдэггүй, шүүгч өөрийн боломжит нөхцөл байдлаар ажиллаад ч хэрэг нэг бүрийн ажиллагааг тухай бүр хийх боломжгүй, зөвхөн шүүх хуралдаанд оролцохоос гадна эрх зүйн акт боловсруулах, албажуулах, тодорхой ажиллагаа явуулахад цаг хугацаа их шаарддаг, гэрчийг асуух үндэслэлээр олон удаагийн хуралдаан хойшилсон нь шүүх, шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийн оролцогчдын хүсэлтийг хүлээн авч, хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байхад шаардлагатай баримтуудыг цуглуулах зорилгоор шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан зэрэг үндэслэлүүд нөлөөлсөн гэж үзэхээр байх тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан үүрэгтээ хайнга хандаж хугацаа алдсан гэж буруутгах үндэслэлгүй байна. Түүнчлэн, шүүгч Ц.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем ашиглахын зэрэгцээ шүүх хуралдаанд оролцох бүрдээ гараар болон зөөврийн компьютерт бүртгэл хөтлөн шүүх хуралдаанаа төлөвлөн ажиллаж байна. Мөн шүүгчийн тайлбарт “... 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 3 дүүргийн шүүх нэгдэн, тус шүүх нь анхан шатны иргэний хэргийн тойргийн шүүх болсон ба 30 шүүгчтэй ажиллаж байна. Үүнтэй уялдан шүүх хуралдааны заал хүрэлцэхгүйгээс шүүгч нар шүүх хуралдаанаа хоёр өөр байранд хурлаа нүүдэллэн ажиллах журмын дагуу хийхээр Тамгын газраас зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл Хан-Уул, Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхийн хуралдааны танхимд буюу хурлаа хоёр талд зорчин явж хийж байгаатай холбогдон ажлын бүтээмж буурч, хуралдаан зарлах хугацаа багасах бас нэг шалтгаан нөхцөл болж байна ...” гэж дурдсан байгааг анхаарч үзэх шаардлагатай байгааг дурдах нь зүйтэй байна. Иймд өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.О холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ. Холбогдох шүүгч Ц.О тайлбартаа “...“Шүүгч миний бие “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Би” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 165,933,332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Нэг. Нэхэмжлэгч “П” ХХК-ийн "... гэрч Н.Г байнга оролцуулах хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан, ... гэрчээр оролцуулах захирамжийг хүчингүй болгодоггүй, ... хэргийг дарж удаашруулсан, ... удаа дараа нэхэмжлэгчийн зүгээс шаардуулж хэргийг сэргээсэн ...” гэх тайлбарт: Энэхүү нэхэмжлэлийг шүүх 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна. 1. Шүүх хэргийг шийдвэрлэхээр 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдааныг товлон зарлаж, тус шүүх хуралдаанаар нэхэмжлэгч “П” ХХК-ийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авахаар шүүх хуралдаан хойшилсон, 2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17939 дүгээр захирамжаар хариуцагч “Б” ХХК-ийн хүсэлтээр Н.Г-ээс гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг хангаж, тус шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Шүүхийн зүгээс зөвхөн гэрч Н.Г-ээс мэдүүлэг авах ажиллагааны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дан ганц удаашраагүй болно. Үүнд: - 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан - нэхэмжлэгч “П” ХХК-ийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшилсон, - 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан - нэхэмжлэгч “П” ХХК-иас шүүх хуралдаан дээр шинэ нотлох баримт гаргаж өгсөнтэй холбогдуулан уг баримттай хариуцагч тал танилцах хүсэлт гаргаснаар хурал хойшилсон, - 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан - нэхэмжлэгч “П” ХХК шүүгч Ц.О-ээс татгалзсан үндэслэл зэргээр хойшилж байжээ. 3. Шүүгч миний бие 2023 оны 1-р улиралд өвчний улмаас чөлөөтэй байсан ба ажилдаа 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс орсон. Үүрэгт ажилдаа орсноос хойш 2023 онд чөлөө авахаас өмнөх өөрийн ажиллагаанд байсан үлдэгдэл хэрэг дээр нэмж 745 нэхэмжлэл, 2024 онд 841 нэхэмжлэл тус тус хүлээн авч, 2023 онд 694 хуралдаан, 2024 онд 727 хуралдаан товлон зарлаж хийсэн бөгөөд 2023-2024 онд хурлын болон хурлын бусаар нийт 1303 хэрэг шийдвэрлэсэн. Мөн нийт 4560 ширхэг шүүгчийн захирамж, 91 ширхэг тогтоол, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-д зааснаар 880 ширхэг хэргийн шийдвэр гаргаж албажуулсан байна. Иргэний шүүгч нь жилд 208 хэрэг шийдвэрлэх ажлын нормтой боловч ажлын ачаалал хэт өндөр байгаагаас шүүх хуралдаан товлон зарлах цаг хүрэлцэхгүй нөхцөл байдлын улмаас хэргүүд шүүх хуралдаан товлох товын цаг хүлээх нөхцөл байдал үүссэн нь шүүгчээс үл хамаарч бий болж байгаа ажлын ачаалал юм. Шүүгчийн хувьд 3 жилийн хугацаанд хийх ёстой ажлыг 1 жилийн /2021-748 хэрэг шийдвэрлэсэн/ хугацаанд гүйцэтгэсэн болох нь шүүхийн дүн мэдээнээс харж болно. Шүүгч миний бие жилд 208 хэрэг шийдэх нормтой гээд шүүн таслах ажлаа хэзээ ч хойш тавьж хандаж байгаагүй. Хэт өндөр ачаалалтай ажил үүрэг гүйцэтгэснээс шүүгчийн эрүүл мэндэд хүртэл сөрөг үр дагавар үүссэн. Тиймээс шүүгчийн хувьд хэргийг дарж, зориудаар удаашруулж хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн зүйл байхгүй бөгөөд өөрийн боломжит бүхий л цаг хугацааг шүүн таслах ажиллагаанд зориулж, ажиллагаанд байгаа бүх хэрэгтээ хүртээмжтэйгээр ажиллахыг хичээн, ажил үүргээ гүйцэтгэж байна. Шүүгчийн хувьд байнгын амралтын өдөр ажиллах, хонож шийдвэрээ бичих зэргээр дээрх хүнд ажлын ачааллыг давж байгаа бөгөөд иргэн, хуулийн этгээдийн эрхийг зөрчихгүй байхын төлөө хичээн ажиллаж байгаа болно. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь УИХ-аас баталсан орон тоогоор нийт 18 шүүгч ажиллахаас 2023 онд 11 шүүгч, 2024 онд 13 шүүгчтэйгээр ажилласан. Тухайн шүүхэд шүүгчийн сонгон шалгаруулалт зарлаж байсан боловч шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцсон хуульчдаас тэнцэх хуульч байхгүйн улмаас орон тоо бүрэн бүрдээгүй. Эдгээр нөхцөл байдлын улмаас нэг шүүгчид ногдох хэргийн тоо хэт их хуваарилагдсанаас шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргүүд удааширч, хуульд заасан хугацаанд шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал шүүгчээс үл шалтгаалан үүссэн. 4. Нэхэмжлэгч “П” ХХК-аас хэрэг сэргээлгэх шаардлага болон хүсэлтийг шүүхэд гаргаагүй, ирүүлээгүй бөгөөд шүүх өөрийн санаачилгаар түдгэлзүүлсэн шалтгаан арилсан үндэслэлээр хэргийг 2024 оны 23757 дугаар захирамжаар сэргээсэн болно. Хэрэг сэргээснээс хойш уг хэрэг хурлын товын зард орох цаг хүлээгдэн, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Хоёр. ”... гэрч Н.Г хүчээр оролцуулахаар улайрдаг, ... өөрийн туслах байсан Х.Л-тэй хуйвалдсан, давуу байдал бий болгосон ...” гэх тайлбарт: Хариуцагч “Б” ХХК-д 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүгч миний бие нэхэмжлэл гардуулж өгөхөд тус компанийн захирал У.Э нэхэмжлэлийг гардан авсан. “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүгчийн туслахаар ажиллаж байсан Х.Л 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, хэрэгтэй танилцаж, баримтуудад гарын үсэг зурсан байна. Шүүх тус хэргийн анхны шүүх хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр товлон зарлаж, тус шүүх хуралдаанд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л шүүгчийн туслахаар ажиллаж байсан талаар шүүгч миний бие зохигчдод мэдэгдэх үүргээ биелүүлж, зохигчдоос татгалзах зүйл байгааг тодруулахад зохигчид татгалзаагүй байна. Шүүх Н.Г-ээс гэрчийн мэдүүлэг авах тухай 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 17939 дүгээр захирамж хүчин төгөлдөр хэрэгжиж байх бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасан үндэслэл байхгүй тул шүүгч тухайн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй юм. Шүүгч нь хуульд заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасан үндэслэл байхгүй байхад гаргасан шийдвэрээ дуртай үедээ хүчингүй болгох дур зоргыг шүүгчид хуулиар олгоогүй юм. Шүүгч нь аливаа эрхийн актыг хуульд нийцүүлж гаргасан бол түүний биелэлтийг хангуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах үүрэгтэй болохоос дуртай үедээ захирамж гаргаж, хүчингүй болгодог бүрэн эрхийг хууль түүнд олгоогүй. Шүүгч нь хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй, ийнхүү гүйцэтгэхээр тангараг өргөсөн этгээд болно. Түүнчлэн гэрч Н.Г гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзах нь шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэл биш бөгөөд шүүгч хуульд заасан ажиллагааг гүйцэтгэж буй нь гэрчийг хүчээр оролцуулахаар улайрсан үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүгч ийнхүү хуульд заасан ажиллагааг гүйцэтгэж байгаа нь өөрийн туслахаар ажиллаж байсан гэх Х.Л-тэй хуйвалдаж, түүнд давуу байдал олгож буй үйлдэл биш юм. Түүнчлэн шүүгч миний бие өөрийн туслахаар ажиллаж байсан Х.Л-тэй хуйвалдаагүй, түүнд ямарваа нэгэн давуу байдал олгоогүйг хариуцлагатайгаар уг тайлбараар дамжуулан мэдэгдэж байна. Мөн дээрх этгээд шүүгчид нөлөөлсөн бол шүүгч миний бие нөлөөллийн мэдүүлэг бөглөх үүрэгтэй бөгөөд “Би” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л ямар нэгэн байдлаар өнөөдрийг хүртэл шүүгч надад нөлөөлөөгүй болно. Иймд шүүгч миний бие гэрч Н.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүчээр оролцуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх шаардлага, хүсэлтийг нэхэмжлэгч “П” ХХК-иас хүлээн аваагүй, “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л-тэй хуйвалдаагүй, түүнд давуу байдал олгоогүй, хэргийг дарж удаашруулаагүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгч Ц.О Шүүхийн сахилгын хороонд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэг. 2024 оны 07-10 дугаар сар хүртэлх ажлын талаарх тайлбарт: Шүүх нь зуны ажлын ачааллыг тэнцвэржүүлэхээр шүүгч нарын ээлжийн амралтыг хоёр хувааж амрааж байна. Учир нь ажиллаж байгаа шүүгч нь шүүхийн хэмжээний нийт амарч байгаа шүүгч нарын албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас, хүсэлт, гомдлыг хянан шийдвэрлэдэг. Шүүгч миний бие 07 дугаар сард хагас, 08 дугаар сард бүтэн уг ачааллыг даахаар амраагүй ажилласан. Ийнхүү ажиллахдаа үндсэн 4 шүүгч 08 дугаар сард ажиллаж, үлдэх шүүгч нь амарсан. Ингээд миний бие 09 дүгээр сарын 02-ны өдрөөс үлдсэн ээлжийн амралтаа авч, уг хэргийг 08, 09 дүгээр сард товлон хуралдуулаагүй болно. 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр амарч орж ирсэн бөгөөд хурлын товууд он удсан хугацаатай хурлуудаас зар эхэлж товлогдсон. Өөрөөр хэлбэл, 2017-2021 оны шийдвэрлэгдээгүй хэргүүд хурлын зард товлогдож зар гарсан тул уг хэрэг 10, 11 дүгээр сарын хурлын зард товлогдох цаг хүрэлцэхгүй байсан байна. Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сэргээснээс хойш хурал зарлаж, уг хэргийг шийдвэрлээгүй талаарх ажлын талаарх тайлбарт: Шүүгч нь шүүхийн байрны хүртээмж, ажлын зохион байгуулалтын хувьд ажлын 3 өдөр хуралдаж байна. Үүнээс ажлын хоёр өдөр нь дангаараа, ажлын нэг өдөр бүрэлдэхүүнтэй хуралдаанд оролцож хэрэг, маргаан шийдвэрлэдэг. Ажлын өдрийн 8 цагт шүүгч 1 хэргийг бүтнээр хянан, хэлэлцэж шийдвэрлэхэд дундаж маргаантай хэрэгт 2 цагаас 2 цаг 30 минут ойролцоогоор зарцуулдаг. Энэ цагийг баримталж шүүх хурал зарлавал ажлын 2 өдөрт 8 хурал зарлахаар байдаг. Гэвч ажлын ачаалал өндөр, мөн хурал хойшлуулах нөхцөл байдал шүүгчээс шалтгаалдаггүй тул шүүгч ажлын 1 өдөрт 30 минутын зайтай 10-14 хүртэл хурал, долоо хоногт нийт 25-30 хүртэл хурлыг ажлын 2 өдөрт товлон зарлаж байх ба ажлын цагт хурал нь багтвал хурлаа хийж, багтахгүй бол хурлын товыг дараагийн хурлын өдрийн тов руу шилжүүлэн өөрчилж ажиллаж байна. Түүнчлэн 2024 оны 11 дүгээр сард нийт 117 хурал товлож, 110 хэрэг хэрэг шийдвэрлэснээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1-т зааснаар 84 хэрэг, үлдсэн нь эвлэрүүлэн шийдвэрлэсэн байна. Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжихтэй холбогдуулан шүүхийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж байгаатай холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3284 дугаар тогтоолоор 2024 оны 12 дугаар сард тус шүүхэд товлон зарласан байсан бүх хуралдааныг хойшлуулж, 12 дугаар сард хурал зарлах боломжгүй болсон. Мөн шүүгч миний бие 7 жилийн өмнөөс цаасны тоосонцрын харшилтай болж, үүний улмаас хамрын гайморит өвчинтэй болсон. Уг өвчин хүндэрч, түүний улмаас чихний хэнгэрэг цоорч, чих, хамар, хоолой бүхэлдээ өвчилж ажил хийхэд тун хүндрэлтэй байсан. Гэвч миний бие өөрийн өвчтэй биеэ үл хойш тавин 01 дүгээр сард зарласан байсан хурлаасаа хүртэл өвчтэй байх хугацаандаа хийснээс болж сонсгол маань гэнэт муудсан. Ингээд ажлаа хийнгээ эмчилгээ хийх боломжгүй болж, эмнэлгийн актын дагуу эмчилгээ хийлгэсэн. Өвдсөний улмаас товлогдсон байсан хурлууд хойшилж, зарласан хурлын зарууд ухарч товлогдож байгаагаас шинээр хурлын товд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргүүдээс нэмж хурал зарлах, хурлын зард орох цаг, мөн хурлын заалны хүрэлцээ байхгүйгээс уг хуралдаан товлох боломжгүй нөхцөл байдал бодитоор үүссэн. 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 3 дүүргийн шүүх нэгдэн, тус шүүх нь анхан шатны иргэний хэргийн тойргийн шүүх болсон ба 30 шүүгчтэй ажиллаж байна. Үүнтэй уялдан шүүх хурлын заал хүрэлцэхгүйгээс шүүгч нар шүүх хуралдаанаа хоёр өөр байранд хурлаа нүүдэллэн ажиллах журмын дагуу хийхээр Тамгын газраас зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл шүүгч би хуучин Хан-Уул, мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхийн хурлын аль зааланд хуваарилагдсан байна, хурлаа хоёр тийшээ зорчин явж хурал хийж байна. Одоогоор нүүдэллэн ажиллах журмын дагуу хурлаа хоёр газар явж хийж байгаатай холбогдон мөн ажлын бүтээмж буурч, хурал зарлах хугацаа багасах бас нэг шалтгаан нөхцөл болж байна. Дээрхийг нэгтгэвэл шүүгч миний бие өөрийн бүхий л нөхцөл боломжит байдлаар ажилласан бөгөөд 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 268 хурал товлон зарлаж, нийт 160 хэрэг шийдвэрлэсэн байна. Иймээс ажлын ачаалал өндөр байгаа нь шүүхийн статистик мэдээгээр тогтоогдож байх тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“П” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Э Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.О холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ГЗҮ/2025/0010 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэл бүхий болжээ.

   1. Өргөдөл гаргагчаас “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л нь шүүгчтэй хамт ажиллаж байсан, ...хуралдаан дээр шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан ерөнхий шүүгч Д.Д-гийн захирамжаар татгалзах хүсэлтийг хангаагүй орхисон. ...туслах байсан Х.Л-тэй хуйвалдаж давуу байдал бий болгосон байж болзошгүй” гэжээ.

Хэрэгт цугласан баримтуудаас үзвэл, “П” ХХК-аас “Б” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүгч Ц.О хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШЗ2023/07794 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч “Б” ХХК-ийн захирал У.Э-оос 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Х.Л итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байна.

Шүүгч Ц.О 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШЗ2023/... дугаар захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 12 цаг 00 минутад хийхээр товлож, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан дээр шүүгч “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний туслахаар өмнө нь ажилладаг байсан. Ажил чиг үүргийн хувьд ажилласан. Танилцуулах үүргийн хүрээнд та бүхэнд танилцуулж байна. Шүүгч миний зүгээс хэрэг маргаан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Зохигчид та бүхэнд татгалзал байна уу” гэхэд Зохигчид “Татгалзах зүйлгүй” гэж хэлсэн байх бөгөөд энэ нь тус өдрийн 183/ТМ2023/03402 дугаар тэмдэглэлд тусгагджээ.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгч Ц.О хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л-тэй нэг байгууллагад хамт ажиллаж байсан гэх үндэслэлээр татгалзах хүсэлт гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 183/ЕШ2023/... дугаар захирамжаар “Х.Л өмнө нь тус шүүхэд шүүгчийн туслахаар шүүгч Ц.О-тэй хамт ажиллаж байсныг ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон гэж үзэхгүй” гэж дүгнэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э-ийн шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/92 дугаар тушаалаар Х.Л шүүгчийн туслахаар томилж, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/104 дугаар тушаалаар төрийн албанаас чөлөөлсөн үйл баримтын талаар маргаагүй болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Б” ХХК-ийн захирал У.Э-оос 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Х.Л-д олгосон итгэмжлэлээсээ татгалзсан байна.

Шүүгч зохигч нарт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хамт ажиллаж байсан талаараа танилцуулж, шүүгчээс татгалзах боломжоор хангасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана гэсэнд нийцсэн.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий шүүгч хянан  шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул шүүгч Ц.О-ийг Х.Л-тэй хуйвалдаж “Б” ХХК-д давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр буруутгахгүй. 

2.Өргөдөлд, “...Н.Г нь шүүхийн дуудсанаар ирдэггүй бөгөөд гэрчээр оролцох хүсэлгүй гэдгээ удаа дараа илэрхийлдэг. Нийт 6 удаагийн шүүх хуралдааныг зөвхөн гэрч Н.Г оролцуулах хүсэлтийг байнга хангаж шийдвэрлэсэн, ...гэрчээр оролцуулах захирамжийг хүчингүй болгодоггүй” гэжээ.

   Тус иргэний хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л-ээс Н.Г гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүгч 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2023/17939 дугаар захирамжаар хүлээн авч, Н.Г гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхээс Н.Г гэрчээр оролцуулахаар удаа дараа мэдэгдсэн боловч тэрээр шүүхэд ирж гэрчийн мэдүүлэг өгөөгүй тул шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ2023/19060 дугаар, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2023/21137 дугаар, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2024/01517 дугаар, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2024/02356 дугаар, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШЗ2024/08040 дугаар захирамжуудаар Н.Г гэрчээр оролцуулах, захирамжийн биелэлтийг хангуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дах хэсэгт зааснаар гэрч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй тул түүнийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2024/02356 дугаар захирамжаар албадан ирүүлэхээр шийдвэрлэж, гэрчийг шүүхэд ирүүлэхийг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд даалгасан боловч гэрчийг албадан ирүүлэх үүргийг цагдаагийн байгууллага биелүүлээгүй тул шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 183/АБ2024/02742 дугаар албан бичгээр шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулж, гэрчийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр албадан ирүүлэхийг шаардсан байна.

Улмаар гэрч Н.Г нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь шүүхийг илтэд үл хүндэтгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан зөрчил гаргасан гэж үзэн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШВ2024/00014 дугаар шийтгэврээр түүнд 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Гэрч Н.Г нь Баянхонгор аймагт оршин суудаг нь тогтоогдсон тул шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2024/10128 дугаар захирамжаар түүнээс гэрчийн мэдүүлэг авахыг Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Дээрх хэрэгт авагдсан баримтуудаар Н.Г гэрчээр асуухтай холбоотойгоор шүүх хуралдаан удаа дараа хойшилсон байх боловч шүүгч гэрчийг асуухаар хуульд заасан шаардлагатай ажиллагааг тухай бүр хийж гүйцэтгэсэнтэй нь холбогдуулж шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Түүнчлэн гэрч оролцуулахаар шийдвэрлэсэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2023/... дугаар шүүгчийн захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хүчингүй болгуулах хүсэлт гаргасныг шүүгч 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШЗ2024/... дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124-1-т заасантай нийцээгүй гэж дүгнэн хангахгүй орхижээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэг нь шүүгчийн захирамж үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаа гарсан тохиолдолд шүүгч гаргасан захирамжаа өөрчлөх, хүчингүй болгох зохицуулалт тул шүүгчийг буруутгах үндэслэлгүй гэх илтгэгч гишүүний санал зөв.

3.Өргөдөлд, “...Баянхонгор аймагт байгаа гэрч н.Г асуулгахаар 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хэрэг түдгэлзүүлснээс хойш 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр албан даалгавар хүргүүлсэн бөгөөд тэс албан даалгаврыг гүйцэтгэж 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хариу ирүүлсээр байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаашруулж 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр удаа дараа нэхэмжлэгчийн зүгээс шаардуулж байж хэргийг сэргээсэн болно” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2024/10128 дугаар “даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн баримтыг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 124 дугаар албан бичгээр  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШЗ2024/... дугаар захирамжаар түдгэлзүүлсэн шалтгаан арилсан гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулахаар шийдвэрлэсэн.

Шүүгчийн туслах Н.У гэрчээр “...2024 оны ээлжийн амралтаа 07 дугаар сарын 01-ний өдрөөс аваад, 08 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орсон. Би шүүгчээс түрүүлж амарсан. Миний ажлыг яг орлож ажилласан хүн байхгүй. ...Тухайнд үед сул туслахаар ажиллаж байсан Н-д хэргүүдээ цэгцлээд хүлээлгэж өгсөн. Би ажилдаа ороод удаагүй хагалгаанд орох гээд эмнэлгээр явсан. Тэгээд шүүгчтэй хэргийн талаар ярилцах хэмжээнд тухтай уулзаж амжаагүй” гэх мэдүүлгийг, шүүгчийн туслах Б.Н гэрчээр “...2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Ц.О шүүгчийн туслахаар ажиллаж байсан. Намайг туслах нь болоход шүүгч ээлжийн амралттай байсан. Шүүгч 2024 оны 09 дүгээр сарын 23-нд ажилдаа орсон. Ажиллагаанд 224, түдгэлзсэн 34 хэргүүд хүлээж авсан. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын сүүлд үеэр түдгэлзүүлсэн хэргүүдтэй танилцаж, ирсэн бичиг баримтыг нь тэр үед танилцуулсан.” гэх мэдүүлгийг, холбогдох шүүгч Ц.О “...ажиллагаанд олон хэрэгтэй байснаас шалтгаалсан байх. 2024 оны 07 дугаар сард би ээлжийн амралттай байж байгаад 08 дугаар сарын 01-ний өдөр орж ирээд дахин 09 дүгээр сарын 01-ний өдрөөс амарсан. Ээлжийн амралтаа хувааж авсан. Учир нь ачаа тэнцвэржүүлэхээр 2024 оны 08 дугаар сард 3 шүүгч ажиллаж байсан. А шүүгч нарынхаа ирсэн гүйцэтгэх хуудас болон журмын дагуу орж ирсэн хүсэлтүүдийг шийдвэрлэдэг тул өөрийнхөө хэргүүдийн ажиллагааг ч хийхэд хүндрэлтэй байдаг” гэх тайлбарыг өгчээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ЗТ2024/... дугаар зөвлөгөөний тогтоолоор шүүгчдийн ээлжийн амралтын хуваарийг баталсан байх ба шүүгч Ц.О нь 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажлын 10 хоног, 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал ажлын 15 хоног, нийт 25 хоног ээлжийн амралтаа эдэлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэргийн оролцогчийн хүсэлт буюу өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгч захирамж гаргах ба энэ өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл шүүхээс түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц буюу даалгавар гүйцэтгэж холбогдох баримтыг ирүүлсэн даруйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах ёстой байжээ.

Гэтэл шүүхээс даалгаврыг гүйцэтгэж ирүүлснээс хойш 4 сарын дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээр байх боловч уг нөхцөл байдалд шүүгч, шүүгчийн туслахын ээлжийн амралтын хугацаа, шүүхийн хүний нөөцийн асуудал, ажлын ачаалал зэргээс шалтгаалсан нь тогтоогдож байх тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.

4.Илтгэгч гишүүн өргөдөлд дурдаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээснээс хойш шүүх хуралдааныг товлон зарлаагүй удсан асуудалтай холбогдуулан шалгах ажиллагаа явуулжээ.

Шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШЗ2024/... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан байх боловч хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутад товлон зарласан байна.

 Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан шүүгч Ц.О “...миний бие 07 дугаар сард хагас, 08 дугаар сард бүтэн уг ачааллыг даахаар амраагүй ажилласан. Ийнхүү ажиллахдаа үндсэн 4 шүүгч 08 дугаар сард ажиллаж, үлдэх шүүгч нь амарсан. Ингээд миний бие 09 дүгээр сарын 02-ны өдрөөс үлдсэн ээлжийн амралтаа авч, уг хэргийг 08, 09 дүгээр сард товлон хуралдуулаагүй болно. 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр амарч орж ирсэн бөгөөд хурлын товууд он удсан хугацаатай хурлуудаас зар эхэлж товлогдсон. Өөрөөр хэлбэл, 2017-2021 оны шийдвэрлэгдээгүй хэргүүд хурлын зард товлогдож зар гарсан тул уг хэрэг 10, 11 дүгээр сарын хурлын зард товлогдох цаг хүрэлцэхгүй байсан. ...Шүүгч нь шүүхийн байрны хүртээмж, ажлын зохион байгуулалтын хувьд ажлын 3 өдөр хуралдаж байна. ...шүүхийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж байгаатай холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3284 дугаар тогтоолоор 2024 оны 12 дугаар сард тус шүүхэд товлон зарласан байсан бүх хуралдааныг хойшлуулж, 12 дугаар сард хурал зарлах боломжгүй болсон. Мөн шүүгч миний бие 7 жилийн өмнөөс цаасны тоосонцрын харшилтай болж, үүний улмаас хамрын гайморит өвчинтэй болсон.. Өвдсөний улмаас товлогдсон байсан хурлууд хойшилж, зарласан хурлын зарууд ухарч товлогдож байгаагаас шинээр хурлын товд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргүүдээс нэмж хурал зарлах, хурлын зард орох цаг, мөн хурлын заалны хүрэлцээ байхгүйгээс уг хуралдаан товлох боломжгүй нөхцөл байдал бодитоор үүссэн. ...ажлын ачаалал өндөр байгаа” гэх тайлбарыг ирүүлж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргажээ.

Шүүгчийн туслах Б.Н гэрчээр “...Тэгээд сэргээгээд гомдол гаргах эрхтэй учраас тэр хугацааг нь дуусгасны дараа хурал зарлана гээд орхисон. Гомдол гаргах хугацаа өнгөрсний дараа зарлах гэсэн боловч өмнөх хурлууд товлогдсон байсан. Тэгж байтал 2024 оны 12 дугаар сараас бүтэц, зохион байгуулалттай холбоотой хурал зарлахгүй болсон” гэх мэдүүлгийг өгсөн байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ЗТ2024/... дугаар зөвлөгөөний тогтоолоор 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус шүүх нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн бүтэцтэй байхаар тус тус бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орохтой холбоотойгоор 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойших тус шүүхэд хянан шийдвэрлэхээр товлон зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулж, 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд шүүх хуралдаан товлон зарлахгүй байхаар шийдвэрлэжээ.

Мөн шүүгч Ц.О2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл өвчний учир чөлөөтэй байсан баримтуудаар тогтоогджээ.

Дээрх хуралдаан зарлаагүй удсан асуудалд илтгэгч гишүүн “шүүхийн хэт ачааллаас шалтгаалан шүүх хуралдаан товлох танхим болоод цаг хүрэлцдэггүй, шүүгч өөрийн боломжит нөхцөл байдлаар ажиллаад ч хэрэг нэг бүрийн ажиллагааг тухай бүр хийх боломжгүй, зөвхөн шүүх хуралдаанд оролцохоос гадна эрх зүйн акт боловсруулах, албажуулах, тодорхой ажиллагаа явуулахад цаг хугацаа их шаарддаг, гэрчийг асуух үндэслэлээр олон удаагийн хуралдаан хойшилсон нь шүүх, шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийн оролцогчдын хүсэлтийг хүлээн авч, хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байхад шаардлагатай баримтуудыг цуглуулах зорилгоор шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан зэрэг үндэслэлүүд нөлөөлсөн гэж үзэхээр байх тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан үүрэгтээ хайнга хандаж хугацаа алдсан гэж буруутгах үндэслэлгүй” гэснийг хүлээн авах нь зүйтэй.

Иймд дээрх өргөдөлд дурдсан үндэслэлүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

                 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2025/0030 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.О холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл  болохыг тайлбарласугай.

                        ДАРГАЛАГЧ                                    С.ЭНХТӨР

                                    ГИШҮҮН                                          Ц.ДАВХАРБАЯР

                                                                                                Д.МЯГМАРЦЭРЭН