
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-04-15
Дугаар 51
Улаанбаатар хот

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Б.Сугар, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.
Иргэн Б.Б нь ....Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Б-т холбогдуулан гаргасан өргөдлийг холбогдох хууль, журмын дагуу илтгэгч гишүүн С.Энхтөр хүлээн авч хянаад, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ГЗҮ/2024/...3 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ГС/2025/...5 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: “...Нэг. Шүүгч хэргийг сэргээсэн болон түдгэлзүүлсэн захирамжийг нэхэмжлэгч талд танилцуулаагүй, гомдол гаргах эрхээр хангаагүй, зөвхөн хариуцагч талд өөрийн гаргасан шийдвэрүүдийг танилцуулсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын нотлох баримт гаргуулах, хариуцагч талын шинжээч томилуулах хүсэлтийг тус тус хангаж, .../ШЗ2022/...5 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 80 дугаар зүйлийн 80.1.8-д заасны дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Уг захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргасныг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн .../ШТ2022/...0 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Улмаар 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн .../ШЗ2023/...2 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, нэхэмжлэгч Б.Б 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хэргийн материалтай танилцсан байх ба сэргээсэн шүүгчид захирамжид гомдол гаргаагүй байна.
Хариуцагч талаас дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн .../ШЗ2023/...5 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, Шүүх шинжилгээний Ерөнхий газрыг шинжээчээр томилжээ. Нэхэмжлэгч Б.Б хэргийн материалтай 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2002 дугаартай шинжээчийн дүгнэлт шүүхэд ирсний дараа танилцжээ.
Шинжээч томилж, хэрэг шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчид танилцуулсан баримтыг хэрэгт хавсаргаагүй байх боловч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу хэргийн материалтай танилцах эрх нь нээлттэй байсан байна. Энэ талаар холбогдох шүүгч тайлбартаа “...нэхэмжлэгч талын хэргийн материалтай танилцах эрхийг шүүхийн зүгээс саад учруулсан, уг эрхийг хязгаарласан зүйл байхгүй” талаар тайлбарласан.
Нөгөө талаас, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар зөвлөгөөний тогтоолоор батлагдсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 5.11.1-т “Шүүгчийн туслах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн болон сэргээсэн шүүгчийн захирамжийг гарсан өдөрт нь хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэж, Баримт №7-г үйлдэж, хэрэгт хавсаргана.” гэж заасан. Иймд холбогдох шүүгчийг хэргийн оролцогчид түдгэлзүүлсэн захирамж танилцуулаагүй гэх үндэслэлээр шууд буруутгах боломжгүй.
2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2002 дугаартай шинжээчийн дүгнэлт ирүүлсэнтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн .../ШЗ2023/...85 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ. Нэхэмжлэгч Ч.Б нь шинжээчийн дүгнэлт гарсны дараа хэргийн материалтай танилцсан байх тул тус сэргээх захирамжид гомдол гаргах эрхээр хангаагүй гэж үзэхгүй.
Иймд шүүгч зөвхөн хариуцагч талд өөрийн гаргасан шийдвэрүүдийг танилцуулсан гэх өргөдөлд дурдсан үндэслэлээр шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэж заасан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хэргийн материалтай танилцах эрх нь нээлттэй байжээ. Шүүгч хариуцагч талтай уулзаж, харилцсан гэх үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй болно.
Хоёр. Хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамж дутуу төлж сөрөг нэхэмжлэл гаргасан байхад хураамж төлөх хугацаа олгож, давуу байдал бий болгосон гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас Үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 121,425,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг мөн өдрийн .../ШЗ2023/...4 дүгээр шүүгчийн захирамжаар хүлээн авч, сөрөг нэхэмжлэлд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг 7 хоногоор хойшлуулсан байна. Энэ талаар холбогдох шүүгч “...шүүхийн байранд байрших “Гэрэгэ киоск” төхөөрөмж ажиллаагүйтэй холбоотойгоор хариуцагч талын гаргасан улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн” талаар тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт “Зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно.” гэж заасны дагуу шүүх хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг тодорхой хугацаагаар хойшлуулах захирамж гаргасан нь нэг талд давуу байдал бий болгосон гэж үндэслэл болохгүй. Хариуцагчаас 121,425,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 765,075 төгрөгийг мөн өдрөө төлж холбогдох баримтыг иргэний хэрэгт хавсаргажээ.
Гурав. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангаж нэг талд давуу байдал бий болгосон, цаашид хариуцагчийн хүсэлтийг хангана гэдэг байр суурийг илэрхийлсэн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Дээрх иргэний хэргийг хэлэлцсэн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлт гаргасныг .../ШЗ2023/...8 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна.
Өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулахаар тус өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд, бичлэгийн 10:22-18:30 минутад, Даргалагчаас хариуцагч талын гаргасан хүсэлттэй холбоотой асуултуудыг талуудаас асууж, хариулт авсан байна. Харин хариуцагч талын цаашид гаргасан хүсэлт болгоныг хангана гэдэг байр суурийг илэрхийлээгүй байна.
Мөн бичлэгийн 14:52-14:53 минутад, Даргалагчаас: 121,000,000 төгрөгийг зөвшөөрч байгаа юм уу гэхэд,
14:54-14:56 минутад, Нэхэмжлэгч: Үгүй, зөвшөөрөхгүй байгаа гэж хэлсэн болох нь бичигдсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна.” гэж заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэхийг тодруулж асуусан нь шүүгчийг нэг талд үйлчилсэн, сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхийг нэхэмжлэгчээс шаардсан гэж үзэхгүй.
Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.” гэж заасан ба шүүгч хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь давуу байдал бий болгож буй хэрэг биш юм.
Өргөдөл гаргагч нь тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өргөдөлд дурдсан үндэслэлээр буюу түдгэлзүүлсэн, сэргээсэн захирамжийг зөвхөн хариуцагч талд танилцуулсан, хариуцагч тал нотлох баримт байхгүй байхад сөрөг нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжийг хойшлуулсан, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талын хүсэлтийг хангаж давуу байдал бий болгосон, цаашид хариуцагчийн хүсэлтийг хангана гэдэг байр суурийг илэрхийлсэн гэх үндэслэлээр шүүгчээс татгалзах хүсэлт гаргасныг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн .../ЕШ2023/...1 дүгээр ерөнхий шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэж хүсэлтийг хангахгүй орхисон байна.
Шүүгч Ч.Б нь жирэмсний амралт эдлэх болсонтой холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн .../ЗТ2023/...55 дугаар зөвлөгөөний тогтоолоор түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийг “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, даалгавар, хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-д заасны дагуу хуваарилж, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн .../ЕШ2023/...80 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.А-ыг томилсон шийдвэрийг албажуулжээ.
Шүүгч Б.А нь 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн .../ШШ2024/...4 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, мөн зүйлийн 115.2.3-т заасны дагуу хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрт хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн .../МА2024/...4 дүгээр магадлалаар тус шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хэргийг дахин шийдвэрлэхээр анхан шатны шүүхэд буцаасны дараа 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн .../ЕШ2024/....9 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ч.Б-ийн томилсон шийдвэрийг албажуулж, холбогдох шүүгч дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Дөрөв. 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд нотлох баримт шаардлагатай эсэхийг тодруулах ажиллагаа хийлгүйгээр хуралдааныг хойшлуулсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн .../ШЗ2024/...4 дүгээр шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгосон магадлалд дурдсан хэрэг бүртгэлтийн хэргээс нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Тус захирамжид нэхэмжлэгч тал өргөдөлд дурдсан дээрх үндэслэлээр гомдол гаргаж, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн .../ШТ2024/...08 дугаар шүүхийн тогтоолоор тус захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Ийнхүү шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх бүрэлдэхүүн эрх хэмжээнийхээ хүрээнд хянаж, мөн зүйлийн 171.3 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүгчийг сахилгын зөрчил гаргасанд тооцохгүй.
Тав. Нотлох баримтгүй байхад 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн .../ШЗ2024/...1 дүгээр шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хэрэг бүртгэлтийн дугаар бүхий хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх ба уг шүүгчийн захирамжид нэхэмжлэгч тал гомдол гаргасныг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, .../ШТ2024/...1 дүгээр тогтоолоор хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг шүүхээс хангасны дагуу шүүгчийн захирамжийг шүүх бүрэлдэхүүн хуульд заасан журмын дагуу хянаж байгаа үйл баримт нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.
Тухайн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, 192/ШШ2025/...2 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.
Мөн өргөдөлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон М.Ц нь цагдаа, прокурорын байгууллуудаар дамжуулан өргөдөл гаргагчийг дарамталсан гэх агуулгыг дурдсан байна. Шүүхийн сахилгын хороо нь шүүгчээс бусад этгээдэд холбогдох асуудлаар шалгах ажиллагаа явуулах эрхгүй бөгөөд өргөдөл гаргагч нь өөрийн эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл зохих байгууллагад хандаж, гомдол гаргах эрх нь нээлттэй болохыг дурдав.
Холбогдох шүүгч Ч.Б тайлбартаа: “...Нэг. “Хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзсан, харилцсан” гэх гомдлын тухайд,
Миний бие хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзсан, харилцсан зүйл огт байхгүй болно.
Хоёр. “Зөвхөн хариуцагч талд өөрийн гаргасан шийдвэрүүдийг танилцуулсан” гэх гомдлын тухайд,
Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар “...хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх...” эрхтэй бөгөөд нэхэмжлэгч тал уг эрхээ хэрэгжүүлэхэд шүүхийн зүгээс саад учруулсан, уг эрхийг хязгаарласан зүйл байхгүй болно.
Гурав. “Улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай хариуцагч талын хүсэлтийг хангасан” гэх гомдлын тухайд,
Шүүхийн байранд байрших “Гэрэгэ киоск” төхөөрөмж ажиллаагүйтэй холбоотойгоор хариуцагч талын гаргасан “улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай” хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасны дагуу шийдвэрлэсэн болно.
Дөрөв. “Б.Б-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, түрээсийн орлого авсан дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулсан нь үндэслэлгүй” гэх гомдлын тухайд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь ... зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; ... тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч талын хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хийсэн болно.
Дээрх дурдсан нотлох баримтууд нь зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болзошгүй бөгөөд хариуцагч тал өөрөө олж авах боломжгүй нотлох баримтад хамаарна.
Тав. “Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс хэдэн төгрөг зөвшөөрч байгаа вэ гэж шүүгч асууснаар сөрөг нэхэмжлэлийг хангах нь тодорхой болж, хариуцагчид давуу байдал үүсгэсэн гэх гомдлын тухайд,
Шүүх хуралдаан даргалагч нь сөрөг нэхэмжлэлийн талаарх нэхэмжлэгч талын мэтгэлцээний байр суурийг тодруулж, асуулт асуусныг хариуцагч талд давуу байдал үүсгэсэн гэж үзэхгүй. Учир нь, нэхэмжлэгч тал “сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мэтгэлцээний байр сууриа илэрхийлснээр зохигч талууд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, татгалзлын үндэслэлийн талаар мэтгэлцэх учиртай юм.
Зургаа. “Цаашид хариуцагчийн гаргасан хүсэлт, гомдол бүрийг хангана гэдэг нь нэгэнт ойлгомжтой болсон” гэх гомдлын тухайд,
Шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг тухай бүр шийдвэрлэх үүргийг хүлээнэ. Хэргийн аль нэг талын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь цаашид түүний гаргах бүх хүсэлт, гомдлыг хангана гэсэн үг биш юм.
Долоо. “Шүүгч үндэслэлгүйгээр өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэхээр шийдвэрлэсэн” гэх гомдлын тухайд,
Давж заалдах шатны шүүх өмнө нь тус хэргийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа “...талуудын хооронд үүссэн гэрээний маргаантай холбоотой асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй эсэхийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд дээрх хэрэг бүртгэлтийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан эсэхийг тодруулах нь иргэний хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байхад анхан шатны шүүх холбогдох ажиллагааг явуулаагүй, 2....2 дугаартай хэргийг шийдвэрлэхээс өмнө уг иргэний хэрэг шийдвэрлэгдэх боломжгүй нөхцөл байгаа эсэхийг анхаараагүй...” гэж дүгнэсэн байдаг.
Хэргийн оролцогчдын зүгээс давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдагдсан “...гэрээний маргаантай холбоотой асуудал нь эрүүгийн журмаар шалгаж байгаа эсэх...”-ийг тодруулах талаар хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаах хойшлуулах,... эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасныг үндэслэн “...хуурамч нотлох баримт гаргаж өгсөн эсэх талаарх..." асуудлыг тодруулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Цагдаагийн байгууллагаас тухайн асуудлыг тодруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” эсэхэд дүгнэлт өгч, улмаар хэргийг түдгэлзүүлэх, эсхүл хэрэгсэхгүй болгох эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.
Найм. “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр түдгэлзүүлсэн” гэх гомдлын тухайд,
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч “Д” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2...0 дугаартай үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ, уг гэрээний дагуу хариуцагч “Д" ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0...2 дугаартай Хас банканд гаргасан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Б-ийн өмчлөлд бүртгүүлэх зөвшөөрөл хүссэн албан бичиг зэргийг хуурамчаар үйлдсэн, шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь ...Прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1... дугаар албан бичгээр тогтоогдсон.
Дээрх талуудын хооронд байгуулагдсан гэх худалдах-худалдан авах гэрээ, уг гэрээний дагуу Хас банк ХХК-д гаргасан албан бичиг зэрэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзалтай хамааралтай учир “тэдгээрийг хуурамчаар үйлдсэн эсэхийг эрүүгийн журмаар шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн болно.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ” гэж заасныг зөрчөөгүй.
Иймд шүүгч Ч.Б миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Б.Б нь ....Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэгт холбогдуулан
“- Шүүгч хэргийг сэргээсэн болон дахин түдгэлзүүлсэн захирамжийг нэхэмжлэгч талд танилцуулаагүй, гомдол гаргах эрхээр хангаагүй, зөвхөн хариуцагч талд өөрийн гаргасан шийдвэрүүдийг танилцуулж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-т “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэж заасныг зөрчсөн,
- Хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамж дутуу төлж сөрөг нэхэмжлэл гаргасан байхад хариуцагчид хураамж төлөх хугацаа олгож, мөн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангаж давуу байдал бий болгосон, цаашид хариуцагчийн хүсэлтийг хангана гэдэг байр суурийг илэрхийлсэн,
- 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд нотлох баримт шаардлагатай эсэх талаар тодруулах ажиллагаа хийлгүйгээр хуралдааныг хойшлуулсан, мөн нотлох баримтгүй байхад 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
Илтгэгч гишүүн саналдаа “...нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хэргийн материалтай танилцах эрх нь нээлттэй байсан ба шүүгч хариуцагч талтай уулзаж, харилцсан гэх үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй, шүүхийн байранд байрших “Гэрэгэ киоск” төхөөрөмж ажиллаагүйтэй холбоотойгоор хариуцагч талын гаргасан улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн болон шүүгч хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь нэг талд давуу байдал бий болгосон гэж үндэслэл болохгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэхийг тодруулж асуусан нь шүүгчийг нэг талд үйлчилсэн, сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхийг нэхэмжлэгчээс шаардсан гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг шүүхээс хангасны дагуу шүүгчийн захирамжийг шүүх бүрэлдэхүүн хуульд заасан журмын дагуу хянаж байгаа үйл баримт нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй...” гэж дүгнэжээ.
Өргөдөл гаргагчаас 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлөөсөө татгалзаж байгаа болохоо 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бичгээр ирүүлсэн боловч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3-д “Энэ хуулийн 104.2-т заасны дагуу сахилгын хэрэг үүсгэсэн бол өргөдөл, мэдээллээсээ татгалзсан эсэхээс үл хамааран сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна.” гэж зааснаар илтгэгч гишүүний гаргасан сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, илтгэгч гишүүний санал нь үндэслэл бүхий, холбогдох хуульд нийцсэн байна гэж бүрэлдэхүүн үзлээ. Тодруулбал:
Нэг. “Шүүгч хэргийг сэргээсэн болон дахин түдгэлзүүлсэн захирамжийг нэхэмжлэгч талд танилцуулаагүй, гомдол гаргах эрхээр хангаагүй, зөвхөн хариуцагч талд өөрийн гаргасан шийдвэрүүдийг танилцуулж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-т “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэж заасныг зөрчсөн” гэх тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Б.Б-ээс “Д” ХХК-д холбогдуулан үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримтуудыг Улсын бүртгэлийн газарт гаргаж өгөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүгч Ч.Б хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн .../ШЗ2022/...4 дүгээр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын нотлох баримт гаргуулах, хариуцагч талын шинжээч томилуулах хүсэлтийг тус тус хангаж, шүүгчийн .../ШЗ2022/...5 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
Гэвч Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас шинжилгээ хийхэд шаардлагатай баримтууд болох маргаан бүхий үйлчилгээний талбайг худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын бүртгэлийн дэвтэр, Б.С-ын гарын үсгийн загварыг ирүүлээгүй гэх үндэслэлээр шинжилгээ хийхээс татгалзсан албан бичгийг ирүүлсэн тул шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн .../ШЗ2023/...2 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, 3 дугаар сарын 13-ны өдрийн .../ШЗ2023/...9 дүгээр захирамжаар нотариатын бүртгэлийн дэвтрийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч Б.Б 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хэргийн материалтай танилцсан байх ба иргэний хэргийг сэргээсэн шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй байна.
Улмаар нотариатын бүртгэлийн дэвтэр баримтаар ирсэн тул шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн .../ШЗ2023/...5 дугаар захирамжаар дахин Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилжээ. Нэхэмжлэгч Б.Б хэргийн материалтай 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2002 дугаартай шинжээчийн дүгнэлт шүүхэд ирсний дараа танилцсан байх ба шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн .../ШЗ2023/...85 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 5.11.1-д зааснаар шүүгчийн туслах нь дээрх захирамжийг оролцогчид танилцуулж, “Шүүгчийн захирамжийг танилцуулсан буюу гардуулсан тухай” баримтад гарын үсэг зуруулан, хэрэгт хавсаргахаар заасан бөгөөд илтгэгч гишүүн тус иргэний хэрэгт үзлэг хийхэд хэргийн оролцогчдын хэн алинд нь шүүгчийн захирамжийг танилцуулаагүй болох нь тогтоогдсон боловч шүүгчийн туслахын хэрэгжүүлэх чиг үүргээс шалтгаалан шүүгчийг буруутгах үндэслэлгүй болно.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжид гомдол гаргасныг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн .../ШТ2022/...0 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэсэн бөгөөд тус захирамжийн биелэлтийг хангуулж, шинжээчийн дүгнэлт гаргуулах зорилгоор шинжилгээ хийхэд шаардлагатай баримтуудыг бүрдүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, баримтууд шүүхэд ирсний дараа шинжээчийг дахин томилон түдгэлзүүлсэн, нэхэмжлэгч нь хэргийн материалтай танилцахдаа шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй болох нь илтгэгч гишүүний шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байх тул “... Шүүгч хариуцагч талтай уулзаж, харилцсан гэх үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй ...” гэж үзсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
Хоёр. “Хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамж дутуу төлж сөрөг нэхэмжлэл гаргасан байхад хариуцагчид хураамж төлөх хугацаа олгож, мөн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангаж давуу байдал бий болгосон, цаашид хариуцагчийн хүсэлтийг хангана гэдэг байр суурийг илэрхийлсэн” гэх тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт “Зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно.” гэж заасны дагуу тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас “Үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 121,425,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэл, мөн шүүхийн байранд байрших “Гэрэгэ киоск” төхөөрөмж ажиллаагүйтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй тул төлөхийг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүгчийн .../ШЗ2023/...4 дүгээр захирамжаар хүлээн авсан бөгөөд харин хариуцагчаас тухайн өдрөө улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн болох нь тогтоогдсон.
Мөн тус иргэний хэргийг хэлэлцсэн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлт гаргасныг шүүгчийн .../ШЗ2023/...8 дугаар захирамжаар хангаж, харин шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Тус өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагчаас хүсэлтийнхээ үндэслэл болон өөрсдийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоход ач холбогдолтой талаар тайлбарлаж, энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тайлбар хэлсэн, даргалагчаас хүсэлттэй холбоотойгоор асуулт асууж, хариулт авсан, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэхийг нэхэмжлэгч талаас асуусан зэрэг нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогджээ.
Дээрх байдлаар шүүгчийн явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасантай нийцсэн байх бөгөөд шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэхийн тулд зохигч мэтгэлцэх, тайлбар гаргах, асуулт асуух зэрэг нөхцөлөөр хангаж, шүүх хуралдааныг даргалан явуулсныг сахилгын зөрчилд тооцохгүй.
Мөн шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.”, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна.” гэж заасан хуулийн хүрээнд хариуцагч талаас гаргасан дээрх хүсэлтүүдийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэхийг тодруулж асуусан нь шүүгчийг нэг талд үйлчилсэн, давуу байдал олгосон, цаашид хариуцагчийн хүсэлтийг хангана гэдэг байр суурийг илэрхийлсэн гэж үзэхгүй.
Түүнчлэн, нэхэмжлэгчээс дээрх үндэслэлээр шүүгчээс татгалзах хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн .../ЕШ2023/...1 дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэж, хангахгүй орхиж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гурав. “2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд нотлох баримт шаардлагатай эсэх талаар тодруулах ажиллагаа хийлгүйгээр хуралдааныг хойшлуулсан, мөн нотлох баримтгүй байхад 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн” гэх тухайд:
Шүүгч Ч.Б нь жирэмсний амралт эдлэх болсонтой холбогдуулан түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн .../ЗТ2023/...55 дугаар зөвлөгөөний тогтоолоор хуваарилахад тус иргэний хэрэг шүүгч Б.А-т хуваарилагдсан бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн .../ШШ2024/...4 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрт хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн .../МА2024/...4 дүгээр магадлалаар тус шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Харин хэргийг анхан шатны шүүхэд буцаасны дараа шүүгч Ч.Б дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагчаас бүхэлд нь эс зөвшөөрч байгаа талаарх үндэслэлээ тайлбарласан ба шүүгчийн .../ШЗ2024/...4 дүгээр шүүгчийн захирамжаар шийдвэрийг хүчингүй болгосон магадлалд дурдсан хэрэг бүртгэлтийн хэргээс нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан.
Тус захирамжид нэхэмжлэгч тал өргөдөлд дурдсан дээрх үндэслэлээр гомдол гаргаж, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн .../ШТ2024/...08 дугаар шүүхийн тогтоолоор тус захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Мөн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн .../ШЗ2024/...1 дүгээр захирамжаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хэрэг бүртгэлтийн дугаар бүхий хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг шүүх бүрэлдэхүүн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, .../ШТ2024/...1 дүгээр тогтоолоор хүчингүй болгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана”, 80 дугаар зүйлийн 80.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараах тохиолдолд шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ: ... 80.1.4.эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй;” гэж зааснаар шүүгч хэргийг хянан шийдвэрлэхэд ямар нотлох баримтыг ач холбогдолтой гэж үзэх, аль нотлох баримтыг хэрхэн үнэлэх, өөр хэрэг, маргааныг шийдвэрлэхээс өмнө тус иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн өөрийн дотоод итгэлээр хянан шийдвэрлэх нь тухайн шүүгчид хуулиар олгосон бүрэн эрх тул шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрх Шүүхийн сахилгын хороонд олгогдоогүй болно.
Харин өргөдөлд дурдсан үндэслэлээр шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх бүрэлдэхүүн эрх хэмжээнийхээ хүрээнд хянаж, хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч энэ үндэслэлээр шүүгчийг зөрчил гаргасанд тооцохгүй бөгөөд илтгэгч гишүүний “Нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг шүүхээс хангасны дагуу шүүгчийн захирамжийг шүүх бүрэлдэхүүн хуульд заасан журмын дагуу хянаж байгаа үйл баримт нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй” гэж үзсэнийг хүлээн авах нь зүйтэй.
Мөн тухайн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, 192/ШШ2025/...2 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг дурдаад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаа, прокурорын байгууллуудаар дамжуулан өргөдөл гаргагчийг дарамталсан гэх өргөдлийн үндэслэлээ зохих байгууллагад хандан гомдол гаргах эрх нь нээлттэй болохыг тэмдэглэв.
Иймд шүүгч Ч.Б-ийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэх үйл баримт сахилгын хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдоогүй тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, шүүгчид холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ГС/2025/...5 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ....Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Б-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Б.СУГАР
Х.ХАШБААТАР