
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-04-03
Дугаар 47
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.
“C” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь ...анхан шатны шүүхийн шүүгч Ч.О, Л.Ө нарт холбогдуулан гаргасан өргөдлийг холбогдох хууль, журмын дагуу илтгэгч гишүүн Г.Цагаанцоож хүлээн авч хянаад, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ГЗҮ/2025/...3 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ГС/2025/0021 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: “...Холбогдох шүүгч нар тухайн захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 52.3-т зааснаар нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан бол төлөөлөх эрх олгосон баримт бичиг болон итгэмжлэлийг хавсаргана гэж заасан.
Хэрэв нэхэмжлэл хуульд заасан энэхүү шаардлагыг хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгох ба тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол нэхэмжлэлийг буцаахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3, 53.4-т заасан.
“Б” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Ц шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацааг тогтоосон дээрх 2 шүүгчийн захирамжид “...компанийг төлөөлөх эрхтэй эсэх талаарх холбогдох нотлох баримтыг хавсаргаагүй, нэхэмжлэлд хавсаргасан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, компанийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг ирүүлээгүй, ...урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан эсэх нь тодорхойгүй” гэжээ.
Шүүгч Л.Ө тайлбартаа: “...бүрдүүлбэр хангаж ирүүлсэн 2 нэхэмжлэлийг өөрөө уншиж танилцаж байсан болохоор нэхэмжлэл нь яагаад байхгүй байгаа талаар туслах О.Л-аас асуухад “үдэлгүй орхисон байна” гэсэн. Тэгэхээр нь хэргийн оролцогчдоос ирүүлсэн бүх баримт хэрэгт байх ёстойг хатуу анхааруулж хэлээд, баримтыг хэрэгт нь үд гэж хэлсэн. ...Нэхэмжлэлийн ард 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гэсэн дардастай, ...хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд 2024 оны 9 дүгээр сарын 18, 19-ний өдөр нэвтэрсэн төлөвтэй байсан ба энэ бүртгэлийг шүүгчийн туслах хийж гүйцэтгэдэг. Шүүгчийн туслах нэхэмжлэгчээс бүрдүүлбэр хангуулж ирүүлсэн өргөдлийг мэдээлэл лавлагаанд бүртгүүлээгүй, улмаар хэрэгт хийгээгүй нь гуравдагч этгээдэд “бичгийг хэрэгт нууцаар шургуулж хийсэн” гэсэн ташаа ойлголт төрүүлэх нөхцөл байдал үүсгэснийг хэлэх нь зүйтэй” гэжээ.
Шүүгч Ч.О тайлбартаа: “...нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн .../32024/....2 дугаар захирамжаар нэхэмжлэгчид нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж ирүүлэх хугацааг 2024 оны 9 сарын 19-ний өдөр хүртэл 14 хоногоор тогтоосон. ...ээлжийн амралт авсан тул шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор нэхэмжлэл шүүгч Л.Ө-д шилжсэн...” гэжээ.
Гэрч О.Л мэдүүлэгтээ: “...анхан шатны шүүхэд шүүгчийн туслахаар 2020 оны 10 дугаар сараас эхлэн ажиллаж байгаа. 2023 оны 6 дугаар сараас 2025 оны 1 дүгээр сар хүртэл ...анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар, одоо ... сум дундын шүүхийн шүүгчийн туслахаар түр ажиллаж байгаа. Захиргааны хэргийн 3 шүүгч дундаа 2 туслахтай байсан. Миний хувьд гурван шүүгчийн хэрэгт ажиллагаа хийдэг байсан. “Б” ХХК нь ....Засаг даргад холбогдуулан 2 нэхэмжлэл гаргасан, шаардлага өөр учраас тус тусад нь нэхэмжлэл гаргасан байсан. Энэ нэхэмжлэлийн нэг нь Ч.О, нөгөө нь Л.Ө шүүгчид хуваарилагдсан. Шүүгч тус бүр 2024 оны 9 дүгээр сард нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах тухай захирамж гаргасан. Хугацааг 14 хоногоор тогтоосон ба энэ нь 9 дүгээр сарын 19-ний өдөр дуусахаар байсан. Нэхэмжлэгч талаас анх нэхэмжлэл гаргасан М.Ц нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаад нотлох баримтыг хавсаргаад надад авчирч өгсөн. Би түүнийг нь хүлээн авсан. Энэ үед би ганцаараа ажиллаж байсан. 2 тусдаа нэхэмжлэл авчирч өгсөн. Нэгэн дээр нь шүүхийн дардас дараад нэгийг нь дараагүй байсан. 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад үүнийг цахимаар ирүүлсэн байх тэгж санаж байна. 9 дүгээр сарын 26-ны өдөр 2 нэхэмжлэлд хоёуланд нь шүүгч Л.Ө захиргааны хэрэг үүсгээд “Ж” ХХК, “C” ХХК-ийг гуравдагч этгээдээр татсан. Үүний дараа шүүгч Л.Ө дээрх 2 хэргийг нэгтгэж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлсэн 1 нэхэмжлэлд шүүхийн ар дардас дарж авсан. Нөгөөд нь ар дардас дараагүй байсан. 2 нэхэмжлэлийг хамтад нь авчирч өгсөн. Хамтад нь ирүүлсэн болохоор 1 дардас дарсан байх. 2 өөр нэхэмжлэлд тус тусад нь дардас дарах ёстой байсан. Тухайн үед ганцаараа ажиллаж байсан, мөн 1 хүн авчирч өгсөн болохоор 1 нэхэмжлэлд нь дардас дарсан, энэ нь миний хайхрамжгүйгээс болсон.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд өгнө, түүнийг систем болон дэвтэрт бүртгэхэд системээр шүүгчид хуваарилагдах ба энэ тухай нэхэмжлэлийн ард тэмдэглэл хийгээд шүүгчийн туслахад хүлээлгэн өгч дэвтэрт гарын үсэг зуруулж тэмдэглэл хөтөлдөг. Бүрдүүлбэр хангуулах шүүгчийн захирамж гарсан тохиолдолд нэхэмжлэлийг мэдээлэл лавлагаагаар дамжиж бүртгэгдэх ёстой. Хэрэв шүүгчийн туслах хүлээн авсан бол мэдээлэл лавлагаагаар дамжуулж дахин шинээр бүртгүүлэх ёстой. Ингэснээр хугацааны асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой. Хэрэв бүртгүүлээгүй байсан бол бүрдүүлбэр хангах хугацаа 19-ний өдөр дууссан учраас хугацаа дууссан гэсэн улаан гэрэл системд гарч ирнэ. Нөгөө талаар хугацаа дууссан учраас нэхэмжлэлийг буцаана. Гэтэл энэ 2 нэхэмжлэлийн хувьд 9 сарын 26-ны өдөр хэрэг үүсгэсэн байгаагаас үзэхэд бүрдүүлбэр хангаж ирүүлсэн нэхэмжлэлийг системд оруулсан гэж үзэх боломжтой. Харин 18-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахдаа 1 нэхэмжлэлийн ард дардас дараагүй юм байна лээ. Тухайн үед Л.Ө шүүгч ажиллаж байсан тул бүрдүүлбэр хангуулж ирсэн нэхэмжлэлийг шүүгчид танилцуулсан. Шүүгчийн зүгээс нэхэмжлэлийг мэдээлэл лавлагаанд бүртгүүлж, захирамжид заасан ажиллагаа хийгдсэн эсэхийг сайн шалга, түүний дараа хэрэг үүсгэх эсэхээ шийднэ гэж хэлсэн. Өөр ямар ажиллагаа хийхээр даалгасныг одоо сайн санахгүй байна. Туслахын зүгээс энэ 2 хэргийн хувьд нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах, гуравдагч этгээдийг татаж нэхэмжлэл гардуулах эрх үүрэг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, хариу тайлбар авах, урьдчилсан хэлэлцүүлэг товлох, тов мэдэгдэх зэрэг ажиллагааг явуулсан” гэжээ.
Гэрч Б.Н мэдүүлэгтээ: “Тус шүүхэд мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр 2017 оноос хойш одоо хүртэл хугацаанд ажиллаж байна. “Б” ХХК хэзээ, ямар шүүхэд, хэчнээн нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийг хэрхэн яаж хүлээн авсан талаар анхан шатны журмаар нэхэмжлэл хүлээн авсан бүртгэл, системээс үзэхэд “Б” ХХК нь 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 2 нэхэмжлэлээ шуудангаар ирүүлжээ. Энэ 2 нэхэмжлэлийг хүлээн аваад бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн байна. Ингээд системээс хуваарилахад нэг нь шүүгч Л.Ө, нөгөө нь шүүгч Ч.О хуваарилагдсан байна. Ч.О шүүгчид хуваарилагдсан нэхэмжлэлийг туслах О.Л-д, Л.Ө шүүгчид хуваарилагдсан нэхэмжлэлийг туслах Т.Б-д хүлээлгэн өгснийг дэвтэрт бүртгэж, туслах гарын үсгээ зурсан байна. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосны дагуу нэхэмжлэлээ дахин ирүүлэхдээ хэрэв мэдээлэл лавлагаанд ирвэл би бүртгэж аваад тухайн шүүгчийн туслахад өгдөг. Харин шүүгчийн туслахад шууд өгсөн бол надад өгч системд бүртгэх ёстой. “Б” ХХК нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулаад дахин нэхэмжлэлээ ирүүлсэн талаарх бүртгэл надад байхгүй байна. Миний хувьд анх ирсэн нэхэмжлэлийг бүртгэж авч, системд оруулахад шүүгчид хуваарилагддаг. Шүүгч нэхэмжлэлийг хүлээн аваад бүрдүүлбэр хангуулах, хэрэг хянан шийдвэрлэх ямар ажиллагаа явуулсан зэрэг нь тухайн шүүгчийн туслахын бүртгэлээс харагдана, энэ ажиллагааг системд туслах оруулна. Мэдээлэл лавлагааны эрхээр хэргийн төлөв нь харагдана. Тодруулбал, нэхэмжлэлд хэрэг үүсгэсэн, хүлээн авахаас татгалзсан, бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон, шийдвэрлэсэн эсэх талаарх төлөвийг системээс харах боломжтой. Харин тухайн хэргийн хувьд хийгдэж байгаа процессын ажиллагааг миний хувьд мэдэх боломжгүй. “Б” ХХК 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр сонгуультай холбоотой 1 нэхэмжлэл гаргасныг бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн байна. Харин өмнө гаргасан 2 нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаад дахин ирүүлсэн нь дэвтэрт бүртгэгдээгүй байна. Хэрэв нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаад ирүүлсэн бол дахин хүлээн авсан гэсэн төлөв харагдана. “Б” ХХК нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаад ирүүлсэн бол системд шүүгчийн туслахын бүртгэлээс харагдана. Миний хувьд шүүгчийн туслахын системд нэвтэрч орох эрхгүй. “Б” ХХК-ийн 2 нэхэмжлэлд хоёуланд хэрэг үүсгэсэн гэсэн төлөв харагдаж байна” гэжээ.
Гэрч Д.М мэдүүлэгтээ: “Би “Б” ХХК-ийн захирал М.Ц-тэй найз бөгөөд тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч. Тус компани ...Засаг даргад холбогдуулан ...шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэднэ, харин уг асуудал хэрхэн яаж шийдвэрлэгдсэн, одоо ямар шатанд байгаа эсэхийг мэдэхгүй. Нэхэмжлэл гаргасныг М.Ц-ээс өнгөрсөн жил сонссон. Манайх Улаанбаатар хотод байдаг. М.Ц бас хотод амьдардаг. Тус компанийн нэхэмжлэлтэй хэрэгт шүүхэд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа н.Э, М.Ц хоёр намайг хугацаа нь дуусах гэж байгаа тул ...хэргийн шүүхэд нэхэмжлэл хүргээд өг гэсэн. Би зөвшөөрөөд уг баримтыг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тус аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслах О.Л гэдэг хүнд биечлэн хүргэж өгсөн. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах нь гэсэн баримт мөн хавсаргасан баримтууд байсан, үүнд хуулийн этгээдийн дүрэм гэрчилгээ, дэлгэрэнгүй лавлагаа 2015 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр зэрэг баримт байсан. Дугтуйтай баримт байсан тул нэхэмжлэл нэг эсхүл 2 байсан эсэхийг миний хувьд сайн мэдэхгүй байна. Баримт хүлээлгэж өгөөд бичиг баримтад гарын үсэг зураагүй. Уг асуудлаар шүүгчийн туслах эргээд холбогдоно гэж хэлсэн өөр юм яриагүй” гэжээ.
Шалгах ажиллагааны явцад ...бүртгэл хяналтын нэгдсэн системд хийсэн үзлэгээр “Б” ХХК-ийн гаргасан дээр дурдсан 2 нэхэмжлэлийг шүүх 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан, 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон, нэхэмжлэл тус бүрд 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн төлөвтэй байна.
Шүүгчийн туслах нь Албан тушаалын тодорхойлолтод зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод хэргийн материалыг танилцуулж, шаардлагатай бүрдүүлбэрийг хангуулан, шүүгчид танилцуулан, хэргийн материалд хавсаргах, хэргийн хөдөлгөөний бүртгэл, хяналтын нэгдсэн системд эрх зүйн актуудыг холбогдох журамд заасны дагуу бүрэн, гүйцэт хөтлөх, хөрвүүлэх чиг үүрэгтэй бөгөөд тэрээр шүүхэд ирүүлсэн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, хүсэлт, гомдлыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэж хавтаст хэргийг хөтлөх чиг үүрэгтэй.
Дээр дурдсанаас үзвэл, нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүгчийн захирамжийн дагуу 2 нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж, 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шүүгчийн туслахад авчирч өгсөн, мөн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулснаа бичгээр ирүүлсэн нь тогтоогдож байгаа ба эдгээр нь тухайн захиргааны хэрэгт авагдсан байна.
Иймд өргөдөлд дурдсан “...шүүгч нар “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах тухай” гэсэн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн огноотой бичгийг мөн өдөр авсан мэтээр баримтыг хэргийн материал дунд нууцаар шургуулж, хэргийн хуудасны дугаарлалтыг засаж, нэхэмжлэгчийг хугацаандаа материал өгсөн мэтээр харагдуулсан хуурамч нөхцөл байдлыг үүсгэж, “Б” ХХК-д илт давуу байдлыг олгосон” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин шүүгчийн туслах О.Л бүрдүүлбэр хангасан нэхэмжлэлийг хүлээн авч 1 нэхэмжлэлд шүүхийн дардас дарсан атлаа нөгөөд нь дараагүй байх боловч тухайн нэхэмжлэлд хийгдсэн ажиллагаа бүртгэлийн системд бүртгэгдсэн байна.
2. ...анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг баталсан.
Тус журмын 1.3-т “өмнө хүлээн авахаас татгалзсан болон буцаасан нэхэмжлэл, зөрчлийн гомдол, хүсэлт дахин шүүхэд ирсэн тохиолдолд өмнө нь хүлээн авсан шүүгчид сонгох бүртгэлээр /гараар/ мэдээлэл лавлагааны мэргэжилтэн хуваарилж, тайлбар хэсэгт тэмдэглэгээг оруулна”, 2.1.2-т “ээлжийн амралт эдлэх өдрөөс гар дээрх хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, өргөдлийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор бусад шүүгч нарт шилжүүлнэ” гэж заасны дагуу шүүгч Ч.О-ийн хянан шийдвэрлэж байсан захиргааны хэргийг шүүгч Л.Ө-д шилжүүлсэн.
Шүүгч Л.Ө дээрх 2 захиргааны хэргийг нэгтгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-ийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
3. 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулах, гуравдагч этгээд “C” ХХК-иас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, Нийслэлийн прокурорын газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, гуравдагч этгээдийн хүсэлтийг нотлох баримтууд бүрдүүлсний дараа шийдвэрлэхээр үлдээж, хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цагт хийхээр товлон зарлажээ.
2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн аудио бичлэгт:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шүүхээс бүрдүүлбэр хангуулах хоёр тусдаа захирамж гарсан. 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн дотор бүрдүүлбэр хангуул гэсэн агуулгатай, энэ хугацаанд 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн дотор нэхэмжлэгчээс холбогдох баримтуудыг өөрийн биеэр хүргэж өгсөн. Ингэхдээ хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, төлөөлөх эрхтэй эсэх баримтуудыг шаарддаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч над руу шүүгчийн туслахаас тухайн өдөр дахин холбогддог. Нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодруулаад маргаашийн дотор өг гэж залгасан. Нэхэмжлэгчийн зүгээс судалж байгаад хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бүрдүүлбэрийг хуулийн хугацаанд өгсөн, мөн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж дараа нь өгсөн. Тухайн бүрдүүлбэр хангуулах захирамжид нэхэмжлэлийн шаардлагыг тодруул гэсэн агуулга байгаагүй, холбогдох баримтуудыг гаргаж өгнө үү гэх шаардлага байсан. Тухайн баримтуудыг гаргаж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийг шаардлагыг тодруулж өгсөн. Хэрэг үүсгэсэн нь үндэслэлтэй бөгөөд ямар нэгэн зөрчил байхгүй гэж үзэж байна. /Бичлэгийн 0:12:18-0:14:02/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тухайн шүүгчийн дугаар захирамж нь холбогдох баримтуудыг гаргаж өгнө үү гэсэн байдаг. Нэгт н.Ц гэх хүн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус компанийг төлөөлөх эрхтэй талаарх баримт, хоёрдугаарт “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын 2014 оны хурлын шийдвэр, гуравт нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон итгэмжлэлээ компанийн бланк нь дээр гаргах, мөн нэхэмжлэлд хавсаргасан баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэх, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтуудыг шаардсан. Нэхэмжлэлд дурдсан баримтуудыг хугацаанд өгсний дараа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн санаачилгаар тодруулж өгсөн. Шүүгчийн бүрдүүлбэр хангуулах захирамжийг зөрчсөн гэдэг нь ойлгомжгүй байна. Хэрхэн яаж зөрчсөн юм бэ, мөн бүрдүүлбэр хангуулах захирамжийг зөрчсөн эсэхийг анхаарч үзэх хэрэгтэй. 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдийн дотор зөрчлөө арилгаад хугацаандаа өгснийг шүүгчийн туслах мэдэж байгаа гэв. /Бичлэгийн 0:27:11-0:28:49/ гэжээ.
Нэхэмжлэгч тал урьдчилсан хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг шүүгчийн захирамжид дурдсан хугацаанд хангаж, шүүхэд ирүүлсэн талаар тодорхой тайлбар гаргасан, шүүх гуравдагч этгээдийн “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ нь сахилгын зөрчилд хамаарахгүй.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэх үндэслэл тогтоогдоогүй тул ...анхан шатны шүүхийн шүүгч Ч.О, Л.Ө нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Холбогдох шүүгч Л.Ө тайлбартаа: “...“Б” ХХК-иас ...Засаг даргад холбогдуулан ...Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/...1 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн ...нутаг дэвсгэрт тахилга толгойд 312 га газар эзэмших эрхийг сэргээхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл тус шүүхэд 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ирсэн.
Улмаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн .../Ш32024/...1 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж ирүүлэх хугацааг 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хугацаагаар тогтоосон.
Нэхэмжлэгчээс 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөр огноолон нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлсэн, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ирүүлсэн бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн .../Ш32024/...4 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, гуравдагч этгээдээр “Ж” ХХК-ийг татсан.
Түүнчлэн “Б” ХХК-иас ....Засаг даргад холбогдуулан ...Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/...2 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамж, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/..6 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн 493 га газар эзэмших эрхийг сэргээхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл тус шүүхэд 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр мөн ирсэн.
Уг нэхэмжлэл нь Ч.О шүүгчид хуваарилагдсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн .../Ш32024/...2 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж ирүүлэх хугацааг 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хугацаагаар мөн адил тогтоосон.
Энэ хугацаанд шүүгч Ч.О ээлжийн амралтаа авсан бөгөөд нэхэмжлэл нь надад хуваарилагдсан.
Нэхэмжлэгчээс 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөр огноолон нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлсэн, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ирүүлсэн бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн .../Ш32024/...5 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, гуравдагч этгээдээр “Ж” ХХК, “C” ХХК-ийг гуравдагч этгээдээр татсан.
Улмаар дээрх 2 хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно гэж үзэж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн .../Ш32024/...8 дугаар захирамжаар хэргийг нэгтгэсэн.
Миний бие ээлжийн амралтаа 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эдлээд 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа ороод бүх хэргүүдээ авч үзсэн. “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй ....Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт “C” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан тайлбарыг уншиж танилцсан.
Миний бие дээрх 2 хэрэгт нэхэмжлэгчийн хугацаандаа бүрдүүлбэрдэж ирүүлсэн нэхэмжлэлийг өөрөө уншиж танилцаж байсан болохоор нэхэмжлэл нь яагаад байхгүй байгаа талаар туслах О.Л-аас асуухад “би үдэлгүй орхисон байна” гэсэн тайлбарыг хэлсэн.
Тэгээд туслахдаа хэргийн оролцогчдоос ирүүлсэн бүх баримт хэрэгт байх ёстойг хатуу анхааруулж хэлээд, үдэлгүй үлдээсэн баримтыг хэрэгт нь үд гэж хэлсэн.
2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хугацаандаа ирүүлээгүй тул үүсгэсэн захирамжийг хүчингүй болгох хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэлийн ард 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гэсэн дардастай, Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд 2024 оны 9 дүгээр сарын 18, 19-ний өдөр нэвтэрсэн төлөвтэй байсан ба энэ бүртгэлийг шүүгчийн туслах хийж гүйцэтгэдэг.
Шүүгчийн туслах нэхэмжлэгчээс бүрдүүлбэр хангуулж ирүүлсэн өргөдлийг мэдээлэл лавлагаанд бүртгүүлээгүй, улмаар хэрэгт хийгээгүй нь гуравдагч этгээдэд “бичгийг хэрэгт нууцаар шургуулж хийсэн” гэсэн ташаа ойлголт төрүүлэх нөхцөл байдал үүсгэснийг хэлэх нь зүйтэй.
Миний зүгээс захиргааны ажилтнуудад захиргааны хэргийн хөдөлгөөний стандартыг хэрэгжүүлж ажиллах талаар хууль ёсны шаардлагыг байнга тавьж ажиллаж ирсэн.
Шүүгч миний бие аливаа хэрэгт хөндлөнгийн байр сууринаас хуулийн дагуу хэрэг маргааныг хэнээс ч хараат бусаар хянан шийдвэрлэсээр ирсэн бөгөөд “Б” ХХК-д илт давуу байдал олгосон зүйл байхгүй” гэжээ.
Шүүгч Ч.О тайлбартаа: “...1.“Б” ХХК-иас ....Засаг даргад холбогдуулан гаргасан “сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/...2 дугаар захирамж, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/..6 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн .../32024/....2 дугаар захирамжаар нэхэмжлэгчид нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж ирүүлэх хугацааг 2024 оны 9 сарын 19-ний өдөр хүртэл 14 хоногийн хугацаа тогтоосон.
2. Миний бие ээлжийн амралтаа эдлээд 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажилдаа орж, хэрэг нэхэмжлэлүүдийг буцааж авахад “Б” ХХК-ний нэхэмжлэлтэй хэргийг нэгтгэсэн учир тухайн хэрэг надад шилжиж ирээгүй.
3. Ерөнхий шүүгч Д.З, шүүгч Л.Ө нар 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан тул Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ..7 дугаар тогтоолоор хэрэг нэхэмжлэлүүдийг надад шилжүүлсэн. “Б” ХХК-ний нэхэмжлэлтэй хэргийг хүлээж авахад урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр товлосон байсан.
Тухайн өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцэх үед гуравдагч этгээд “C” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж-аас “нэхэмжлэгч хоёр нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гаргасан, шүүхээс 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 5..1, 5..2 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн дотор хангуул гэсэн агуулгатай шүүгчийн захирамж гарсан. Харин нэхэмжлэгч яг ижил 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулж байна гэж өгдөг, 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийг ирүүлэхгүй бол хүлээн авахгүй гэж мэдэгдсэний маргааш өглөө нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаад авчирч өгсөн байдаг. Шүүхийн зүгээс 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн. Энэ нь зөрчил юм. Зөрчлийг арилгуулъя, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлт гаргасан.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “Шүүхээс бүрдүүлбэр хангуулах хоёр тусдаа захирамж гарсан. 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн дотор бүрдүүлбэр хангуул гэсэн агуулгатай, энэ хугацаанд 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн дотор нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг өөрийн биеэр хүргэж өгсөн. Ингэхдээ хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, төлөөлөх эрхтэй эсэх баримтуудыг шаарддаг.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч над руу шүүгчийн туслахаас тухайн өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодруулаад өг гэж залгасан. Ингэхдээ хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа тул заавал даалгасан байдлаар нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэсэн байдлаар тайлбарласан. Нэхэмжлэгчийн зүгээс хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бүрдүүлбэрийг хуулийн хугацаанд өгсөн...” гэсэн тайлбар гаргаад, маргаж байсан.
Хавтаст хэрэгт, хэргийн оролцогчдоос “нэхэмжлэлээ хугацаандаа гаргаагүй” гэх тайлбар хүсэлт байгаагүй, харин хурал дээр хүсэлт гаргасан учир нэхэмжлэл хүлээж авсан бүртгэл, цахим бүртгэлд хэрхэн бүртгэгдсэн баримтуудыг цуглуулах шаардлагатай байсан тул гуравдагч этгээдийн төлөөлөгчийн хүсэлтийг шууд шийдвэр боломжгүй болсон.
Ийм учраас “C” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж-ын хүсэлтийг эцэслэн шийдвэрлэлгүй хойшлуулж, шүүх хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр товлосон. Хурлаас гараад шүүгчийн туслах О.Л-оос нэхэмжлэгч хэзээ нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж ирүүлсэн бэ гэхэд “хугацаандаа ирүүлсэн, нэхэмжлэл нь байгаа” гэж хэлэхээр нь яагаад хэрэгт нэхэмжлэлийг нь хийгээгүй юм бэ, “C” ХХК-ийн хүсэлтийг нь шийдвэрлэхгүй хойшлууллаа, бүртгэл баримтууд цуглуулаарай гэж хэлсэн.
4. Шүүгч Л.Ө ээлжийн амралтаа эдлээд 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа орсон тул хэргүүдийг буцаан шилжүүлэхдээ “Б” ХХК- ийн нэхэмжлэлтэй хэргийг шүүгчид буцаан шилжүүлсэн.
5. Шүүгч миний бие хэргийн оролцогчдод адил тэгш хандсан, "Б" ХХК-д ямар нэг давуу байдал олгоогүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“C” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б “2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэрэг шалгах процесс ажиллагааг хуульд заасан журмаар явуулаагүй, нэхэмжлэгч талд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг шүүгч тогтоож өгсөн боловч энэ хугацаанд бүрдүүлбэр хангагдаагүй байхад шүүгч захиргааны хэрэг үүсгэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж урьдчилсан хэлэлцүүлгийн явцад шүүхэд хүсэлт гаргахад шийдвэрлээгүй хойшлуулсан, мөн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр болсон шүүх хуралд хэргийн материалд огт байхгүй “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах тухай” гэсэн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн огноотой бичгийг шүүх мөн өдөр авсан мэтээр баримтыг хэргийн материал дунд нууцаар шургуулж, хэргийн хуудасны дугаарлалтыг засаж, нэхэмжлэгчийг хугацаандаа материал өгсөн мэтээр харагдуулсан хуурамч нөхцөл байдлыг үүсгэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор, бүдүүлгээр зөрчиж, нэхэмжлэгч “Б” ХХК-д илт давуу байдлыг олгосон” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
Илтгэгч гишүүн саналдаа “...нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүгчийн захирамжийн дагуу 2 нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж, 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шүүгчийн туслахад авчирч өгсөн, мөн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулснаа бичгээр ирүүлсэн нь тогтоогдож байгаа ба эдгээр нь тухайн захиргааны хэрэгт авагдсан зэргээр “Б” ХХК-д илт давуу байдлыг олгосон” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул сахилгын зөрчилд хамаарахгүй” гэж дүгнэжээ.
Сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүн илтгэгч гишүүний санал нь үндэслэл бүхий, холбогдох хуульд нийцсэн байна гэж үзлээ. Тодруулбал:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “Б” ХХК нь 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ...хэргийн анхан шатны шүүхэд ....Засаг даргад холбогдуулан гаргасан “Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/..1 дугаартай “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулах, ...нутаг дэвсгэрт тахилга толгойд 312 га газар эзэмших эрхийг сэргээхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүгч Л.Ө хүлээн авсан, “Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/..2 дугаартай “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамж, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/..6 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн Төв аймаг, ...нутаг дэвсгэрт 493 га газар эзэмших эрхийг сэргээхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүгч Ч.О хүлээн авч, шүүгч нар 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 0..1 дүгээр, 0..2 дугаар захирамжуудаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацааг 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл тогтоосон байна.
Энэ хугацаанд шүүгч Ч.О ээлжийн амралтаа авсан тул тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 0...6 дугаар тогтоолоор түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа хэрэг, нэхэмжлэл, өргөдөл хүсэлтийг шүүгч Л.Ө-д шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу дээрх нэхэмжлэлүүдэд шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 0...4 дүгээр, 0...5 дугаар захирамжуудаар захиргааны хэрэг үүсгэж, “Ж” ХХК, “C” ХХК-ийг тус тус гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэжээ.
Илтгэгч гишүүний явуулсан шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүгчийн захирамжийн дагуу 2 нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж, 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шүүгчийн туслахад авчирч өгсөн боловч зөвхөн нэг нэхэмжлэлд хүлээн авсан дардсыг дарсан, эдгээр бүрдүүлбэр ханган ирүүлсэн нэхэмжлэлийг Мэдээлэл, лавлагааны мэргэжилтэнд өгч бүртгүүлээгүй, мөн нэхэмжлэгчээс 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан ирүүлсэн болох нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хүргэж өгсөн “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Д.М-ын “...Тус компанийн нэхэмжлэлтэй хэрэгт шүүхэд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа н.Э, М.Ц хоёр намайг хугацаа нь дуусах гэж байгаа тул ...хэргийн шүүхэд нэхэмжлэл хүргээд өг гэсэн. Би зөвшөөрөөд уг баримтыг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тус аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслах О.Л гэдэг хүнд биечлэн хүргэж өгсөн. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах нь гэсэн баримт мөн хавсаргасан баримтууд байсан, үүнд хуулийн этгээдийн дүрэм гэрчилгээ, дэлгэрэнгүй лавлагаа 2015 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр зэрэг баримт байсан...” гэх мэдүүлэг,
шүүгчийн туслах О.Л-ийн “...Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаад нотлох баримтыг хавсаргаад надад авчирч өгсөн. Би түүнийг нь хүлээн авсан. 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад үүнийг цахимаар ирүүлсэн байх тэгж санаж байна. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлсэн 1 нэхэмжлэлд шүүхийн ар дардас дарж авсан. Нөгөөд нь ар дардас дараагүй байсан. 2 нэхэмжлэлийг хамтад нь авчирч өгсөн. Хамтад нь ирүүлсэн болохоор 1 дардас дарсан байх. 2 өөр нэхэмжлэлд тус тусад нь дардас дарах ёстой байсан. Тухайн үед ганцаараа ажиллаж байсан, мөн 1 хүн авчирч өгсөн болохоор 1 нэхэмжлэлд нь дардас дарсан, энэ нь миний хайхрамжгүйгээс болсон...” гэх мэдүүлэг,
мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн Б.Н-ийн “...Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосны дагуу нэхэмжлэлээ дахин ирүүлэхдээ хэрэв мэдээлэл лавлагаанд ирвэл би бүртгэж аваад тухайн шүүгчийн туслахад өгдөг. Харин шүүгчийн туслахад шууд өгсөн бол надад өгч системд бүртгэх ёстой. “Б” ХХК нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулаад дахин нэхэмжлэлээ ирүүлсэн талаарх бүртгэл надад байхгүй байна...” гэх мэдүүлэг болон бүртгэлийн дэвтэрт хийсэн үзлэгээр тус тус тогтоогдсон байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-т “Нэхэмжлэгч тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол уг нэхэмжлэлийг шүүгч буцаана” гэж заасан ба шүүгчийн туслах О.Л-оос “...Бүрдүүлбэр хангуулах шүүгчийн захирамж гарсан тохиолдолд нэхэмжлэлийг мэдээлэл лавлагаагаар дамжиж бүртгэгдэх ёстой. Хэрэв шүүгчийн туслах хүлээн авсан бол мэдээлэл лавлагаагаар дамжуулж дахин шинээр бүртгүүлэх ёстой. Ингэснээр хугацааны асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой. Хэрэв бүртгүүлээгүй байсан бол бүрдүүлбэр хангах хугацаа 19-ний өдөр дууссан учраас хугацаа дууссан гэсэн улаан гэрэл системд гарч ирнэ. Нөгөө талаар хугацаа дууссан учраас нэхэмжлэлийг буцаана. Гэтэл энэ 2 нэхэмжлэлийн хувьд 9 сарын 26-ны өдөр хэрэг үүсгэсэн байгаагаас үзэхэд бүрдүүлбэр хангаж ирүүлсэн нэхэмжлэлийг системд оруулсан гэж үзэх боломжтой...” гэх мэдүүлгийг өгсөн.
“Б” ХХК-иас гаргасан нэхэмжлэлд бүрдүүлбэр хангах хугацааг 14 хоногоор тогтоон системээс дугаар авсан тул энэ хугацаанд нэхэмжлэлийг дахин ирүүлээгүй бол хэрэг үүсгэх захирамжийн дугаар авах боломжгүй.
Хэдийгээр шүүгчийн туслах О.Л нь нэхэмжлэл бүрд хүлээн авсан дардсыг дараагүй, мэдээлэл, лавлагааны нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, хэрэгт хавсаргаагүй боловч шүүгчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд бүрдүүлбэр хангасан нэхэмжлэлийг шүүгч Л.Ө-д танилцуулсан, системд шүүгчийн туслахын эрхээр тогтоосон хугацааны дотор бүртгэсний үндсэн дээр захиргааны хэрэг үүсгэх захирамжийн дугаарыг авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийсэн байх тул өргөдөлд дурдсан “...шүүхээс тогтоосон хугацаанд бүрдүүлбэр хангагдаагүй байхад шүүгч захиргааны хэрэг үүсгэсэн...” гэж дурдсан нь үндэслэлгүй байна.
Улмаар шүүгч Л.Ө 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 0..8 дугаар захирамжаар дээрх хоёр захиргааны хэргийг нэгтгэн, хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааг явуулсан ба шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0097 дугаар тогтоолоор шүүгч Л.Ө тухайн ондоо биечлэн эдлээгүй үлдсэн ээлжийн амралтаа авч байгаатай холбогдуулан дээрх хэргийг шүүгч Ч.О шилжүүлжээ.
Харин гуравдагч этгээд “C” ХХК-иас бүрдүүлбэр хангуулахаар тогтоосон хугацаанд нэхэмжлэлийг ирүүлээгүй байхад захиргааны хэрэг үүсгэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримт гаргуулах хүсэлтийг тус тус шүүгч Ч.О-ийн даргалан явуулсан 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргажээ.
Шүүгч Ч.О нь нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, харин гуравдагч этгээдийн хүсэлтийг нотлох баримтууд бүрдүүлсний дараа шийдвэрлэхээр үлдээж, шүүх хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цагт хийхээр товлон зарласан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн явцад гуравдагч этгээдээс гаргасан хүсэлттэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Шүүхээс бүрдүүлбэр хангуулахаар хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, төлөөлөх эрхтэй эсэх баримтуудыг шаардсаныг хуулийн хугацаанд өгсөн. Тухайн бүрдүүлбэр хангуулах захирамжид нэхэмжлэлийн шаардлагыг тодруул гэсэн агуулга байгаагүй, холбогдох баримтуудыг гаргаж өгнө үү гэх шаардлага байсан. Тухайн баримтуудыг гаргаж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийг шаардлагыг тодруулж өгсөн ...” гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг шүүгчийн захирамжид дурдсан хугацаанд хангаж, шүүхэд ирүүлсэн талаар тодорхой тайлбар гаргасан болох нь урьдчилсан хэлэлцүүлгийн аудио бичлэгт хийсэн үзлэгээр тогтоогдсон байна.
Мөн шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг ханган ирүүлсэн гэж үзэж захиргааны хэрэг үүсгэх шийдвэр гаргасан буюу маргаан бүхий цаг хугацаанд тухайн нэхэмжлэлүүдэд ажиллагаа хийж байсан шүүгч нь Л.Ө байсан, шүүхэд нэхэмжлэлийг хүлээн авах, бүртгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхийг шүүгч Ч.О-ийн хувьд урьдчилсан хэлэлцүүлгийн явцад тогтоох боломжгүй зэрэг нөхцөл байдал үүссэн зэргээс үзэхэд дараа шийдвэрлэхээр үлдээж шийдвэрлэснийг буруутгахгүй бөгөөд энэ нь хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлд үндэслэн захиргааны байгууллагын үйлдэл, эс үйлдэхүй хуульд нийцсэн эсэхийг хянах захиргааны хэргийн шүүхийн чиг үүрэгт нийцсэн гэж үзлээ.
Харин шүүгч Л.Ө-ын ээлжийн амралт дууссан тул тэрээр 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг даргалсан байх ба мөн өдрийн хуралдааныг гуравдагч этгээд “C” ХХК-ийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааныг гуравдагч этгээд “C ХХК-ийн “...бүх шүүгчдээс татгалзан гаргах” хүсэлтийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар тус тус хойшлуулж, шүүгчдийн зөвлөгөөний 0..1 дүгээр тогтоолоор хүсэлтийг шийдвэрлүүлэхээр ...хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Дээрхээс үзэхэд, илтгэгч гишүүн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс авсан мэдүүлэг, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлуудад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.11 дэх хэсэгт “Сахилгын хэргийн оролцогчийн гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн байна” гэж зааснаар нэхэмжлэгчийг тогтоосон хугацааны дотор нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ ханган ирүүлснийг үндэслэн хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрөөгүй гэж үндэслэлтэй дүгнэлт хийн, өргөдөлд дурдсан “...шүүгч нар “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах тухай” гэсэн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн огноотой бичгийг мөн өдөр авсан мэтээр баримтыг хэргийн материал дунд нууцаар шургуулж, хэргийн хуудасны дугаарлалтыг засаж, нэхэмжлэгчийг хугацаандаа материал өгсөн мэтээр харагдуулсан хуурамч нөхцөл байдлыг үүсгэж, “Б” ХХК-д илт давуу байдлыг олгосон” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлтэй.
Иймд шүүгч Ч.О, Л.Ө нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэх үйл баримт сахилгын хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдоогүй тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ГС/2025/0021 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ...анхан шатны шүүхийн шүүгч Ч.О, Л.Ө нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
О.НОМУУЛИН