
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-04-02
Дугаар 44
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, холбогдох шүүгч Э.Л, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
... заалдах шатны шүүхийн шүүгч З.Г, Э.Л, Т.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: Өргөдөлд: “ ... ...шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн магадлалыг одоог хүртэл нэг шүүгчийн гарын үсэг дутуу гэсэн шалтгаанаар хэргийн оролцогч нарт гардуулаагүй Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.26-д тус тус заасныг зөрчсөн” гэжээ.
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... газар, ... газрын дарга, ... улсын ахлах байцаагч Х.С, улсын байцаагч А.У, Б.О нарт холбогдох захиргааны хэргийг ... анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 000/ШШ2024/0046 дугаартай шийдвэрээр:
“ ... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж ... газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/102 дугаар “Даатгалын гэрээг түр зогсоох тухай” тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг болон ... газрын Улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 000/А-0004/01 дугаар бүхий “Даатгалын сангийн хохирлыг нөхөн төлүүлэх” тухай актыг бүхэлд нь тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Тус шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Д, хариуцагч Х.С, А.У, Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нараас давж заалдах журмаар гомдол гаргаж,
...шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0567 дугаартай захирамжаар тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч З.Г, шүүгч Э.Л /илтгэгч/, даргалагчаар Т.Э нарыг томилсон шийдвэрийг албажуулсан.
Шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0718 дугаартай захирамжаар давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13 цаг 30 минутад хянан хэлэлцэхээр товлон зарлажээ.
Улмаар хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 221/МА2024/0002 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Магадлал гардуулсан баримтаас үзэхэд дээрх шийдвэрийг хариуцагчид 07 дугаар сарын 08-ны өдөр харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчид 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус тус гардуулсан байна.
Тус шүүхийн Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд үзлэг хийж шалгахад дээрх магадлалыг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр системд хийж баталгаажуулсан байх бөгөөд энэ тухай шүүгчийн туслах О.Э-аас гэрчээр асуухад “Тийм наадмаар амрах гээд магадлалаа гаргасан” гэх мэдүүлгийг өгсөн болно.
Мөн шүүх хуралдаан даргалсан шүүгч Т.Э нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа эдэлсэн атал шүүхийн магадлал 07 дугаар сарын 05-ны өдөр эцсийн байдлаар албажиж гарсан нь эргэлзээтэй байх тул тус шийдвэрийг хэзээ, гаргасныг тодруулахаар шинжээч томилсон.
Тус шинжээч томилсон захирамжид холбогдуулан шүүгч Э.Л: “ ... гишүүний системд хийсэн үзлэгээр магадлалыг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр системд баталгаажуулсан болохыг тогтоосон, шүүгчийн туслах энэхүү системд шүүх бүрэлдэхүүнээр хянагдаж, эцсийн байдлаар албажсан магадлалын цахим хувийг оруулдаг тус үүнээс өмнө шүүгч Т.Э магадлалд гарын үсэг зурсан байх ёстой. Захирамжид дурдсанчлан тэрбээр 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авсан ч, шүүгчийн туслах О.Э өөрийн 0000005 дугаарын утсаар шүүгч Т.Э-тай харьцсан, өөрөөр хэлбэл магадлалд гарын үсэг зуруулах тухай 2024 оны 07 дугаар сарын 01-нээс 03-ны өдрийн хоорондох мессежнээс үзэхэд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр биечлэн очиж магадлалд гарын үсэг зуруулсан байна” гэх тайлбар гаргасан.
Шалгах ажиллагааны явцад шүүгчийн туслах О.Э-ын 0000005 дугаартай Iphone 14promax маркийн гар утсанд үзлэг хийхэд шүүгчийн туслахаас шүүгч Т.Э-гийн 0000006 дугаар луу 2024 оны 07 дугаар сарын 01, 02, 03-ны өдрүүдэд холбогдож магадлалд гарын үсэг зуруулахаар мессежээр харилцсан байх тул шүүгчийн гаргасан дээрх тайлбар бодит байдалд нийцэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т “Магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Магадлалыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.4-т заасны дагуу гардан авах, эсхүл шүүх энэ хуулийн 108.6-д заасны дагуу хүргүүлнэ” гэж зааснаас үзэхэд ...шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гарсан магадлалыг бичгээр албажуулах хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байх бөгөөд уг хугацааг хэтрүүлж 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр буюу 71 хоногийн дараа албажуулсан байна.
Шүүгч шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчсөн тохиолдолд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан зөрчилд хамаарахаар хуульчилсан тул холбогдох шүүгч нар дээрх хуулийг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
Практикт илтгэгч шүүгч магадлалын төслийн агуулгыг бүрэн эхээр нь бичин шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч нарт хянуулж, улмаар бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, тамга дарж ёсчилдог.
Үүнээс үзэхэд магадлалыг гаргах хуульд заасан хугацааг 71 хоног хэтрүүлсэн нь илтгэгч шүүгчийн албан үүрэг, ажлын хариуцлагатай шууд хамааралтай тул шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Э, З.Г нарыг дээрх үйл баримттай холбогдуулан буруутгах нь үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгч Э.Л Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн нэмэлт тайлбартаа шүүхийн шийдвэр гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлснээ хүлээн зөвшөөрсөн ба энэ талаар ажлын ачаалал өндөр байсан, 2024 оны 02 дугаар сараас 6 дугаар сарыг хүртэл Захиргааны шүүхийн нэгдсэн байрны доод хонгилд засвар хийсэн талаар дурджээ.
Шүүгч Э.Л нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрийн хүртэл 77 хэрэг, гомдол, хүсэлт нэхэмжлэл хүлээн авч, 2 шийдвэр, 37 магадлал, 121 захирамж, 55 тогтоол, 109 албан бичиг нийт 324 эрхийн акт гаргасан, 123 удаа хэрэг маргааныг илтгэж, 229 удаа шүүх бүрэлдэхүүнд орсон болох нь ачааллын судалгаагаар тогтоогдож байна.
Шүүхийн ерөнхий зөвлөл, ХААИС, МУИС-ийн хамтарсан шүүгчийн ажлын ачаалал тооцох, хэргийн коэффициент тодорхойлох, баталгаажуулах судалгаанд шүүгчийн нэг жилд хянан шийдвэрлэх хэргийн тоог тодорхойлохдоо Захиргааны хэргийн давж шатны шүүхийн шүүгч жилд 35 захиргааны хэргийг хянан шийдвэрлэх нь нэг шүүгчийн нэг жилд авах зохист ачаалал гэж тогтоосон.
Дээрхээс дүгнэвэл шүүхийн шийдвэр хуульд заасан хугацаанд албажиж гаргаагүйд шүүгч Э.Л нь хэтийдсэн ажлын ачаалалтай буюу нэг жилд авах зохист ачааллыг хагас жилд авсан, тодорхой хугацаанд өөрийн санаачилгаар шүүхийн байранд засвар хийсэн зэрэг нөхцөл байдлууд нөлөөлжээ. Мөн тухайн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэр хугацаанд явагдах нэг хүчин зүйл нь маргааны төрлөөс хамаардаг болохыг дурдах нь зүйтэй.
Иймд ...шатны шүүхийн шүүгч З.Г, Э.Л, Т.Э нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд заасан хугацааг 71 хоног хэтрүүлсэн нь сахилгын хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байх тул тэдгээрийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэлээ.
Харин шүүгч нарын дээрх үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасан шүүгчид хориглосон зохицуулалтад хамаарахгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Хэдийгээр шүүгчээс шалтгаалахгүйгээр шүүхийн ачаалал, шүүхийн захиргааны хүний нөөцийн асуудал зэргээс хамааран хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй боловч шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч нар шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргах талаар шаардлагатай арга хэмжээ авч, хяналт тавих үүргээ биелүүлж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хугацааг баримтлан дахин ийм нөхцөл байдал гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллавал зохино.
Мөн тухайн маргааны бүхий захиргааны хэргийн хариуцагчид нь нэг захиргааны байгууллагад ажилладаг бөгөөд тус газрын ... даатгалын улсын байцаагч А.У-т 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гардуулсан атал Шүүхийн сахилгын хороонд 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тухайн байгууллагын даргаас: “шүүхийн шийдвэрийг одоог хүртэл гардуулаагүй” гэх өргөдөл гаргасан.
Иймд, дээрхийг нэгтгэн дүгнээд ...шатны шүүхийн шүүгч З.Г, Э.Л, Т.Э нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй тул тэдгээрт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Холбогдох шүүгч тайлбартаа шүүгч З.Г тайлбартаа: “......шатны шүүхийн хувьд "Х" ХХК-ийн нэхэмжлэлтэй ... газар, ... газрын дарга болон тус газрын улсын ахлах байцаагч Х.С, улсын байцаагч А.У, Б.О нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн ... анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 000/ШШ2024/0046 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч болон хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар даргалагч шүүгч Т.Э, бүрэлдэхүүнд шүүгч З.Г, илтгэгч шүүгч Э.Л нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасан хугацаа горимын дагуу магадлалыг бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зураг, 106 дугаар зүйлийн 106.8-д зааснаар шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурахаас татгалзах эрхгүй байхаар хуульчилсан.
Миний хувьд магадлалд гарын үсэг зурахаас зайлсхийсэн, эсхүл шалтгаангүйгээр татгалзсан тохиолдолд байхгүй тул гомдолд дурдсан “ ... нэг шүүгчийн гарын үсэг дутуу гэсэн шалтгаанаар магадлалыг хэргийн оролцогчдод гардуулаагүй” гэх тайлбар бодит байдалд нийцэхгүй.
Дээрх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хэлэхэд, миний хувьд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан хориглосон үйл ажиллагаа, эс үйлдэхүй гаргаагүй болно” гэжээ.
Шүүгч Э.Л, Т.Э нар тайлбартаа: “...1....шатны шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 9- ний өдрийн 241 дүгээр магадлалаар ... анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, “Х" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүчингүй болгон, хариуцагч ... газрын нэр бүхий улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
... газрын даргын үүргийг хавсран гүйцэтгэгч, Тамгын газрын дарга М.Н 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сахилгын хороонд гаргасан гомдолдоо "... дээрх магадлалыг одоог хүртэл нэг шүүгчийн гарын үсэг дутуу гэсэн шалтгаанаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарт гардуулаагүй байна..." гэжээ.
Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 218 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан шүүхийн магадлалыг гардуулсан, хүргүүлсэн баримтаас үзэхэд хариуцагч улсын байцаагч А.У 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдөр магадлалын хувийг гардан авч, гарын үсэг зурсан байна.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд А.У биечлэн оролцоогүй ч, улсын байцаагчдын маргаан бүхий 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн "Даатгалын сангийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай" 000/А-0004/01 дүгээр актыг гаргасан нэг байцаагч төдийгүй "Х” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг бусад байцаагчдын хамт гаргасан, өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны албан тушаалтан буюу хариуцагчдын нэг тул магадлалын хувийг түүнд гардуулжээ.
Шүүх хуралдаанд ... газрыг төлөөлж 2 улсын байцаагч, 1 итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон болох нь шүүх хуралдааны тэмдэглэл болон магадлалын удиртгал хэсэгт тодорхой тусгагдсан, харин магадлалыг эдгээр хариуцагчдын тоогоор буюу хариуцагч тус бүрд гардуулахгүй.
Харин улсын байцаагч А.У магадлалын хувийг гардан авсан болохыг чухам ямар шалтгаанаар Ерөнхий газрын дарга мэдээгүй талаарх шалтгаан нөхцөл, цаашлаад байгууллагын дотоод ажлын зохион байгуулалтын талаар тайлбар хийх боломжгүй байна. Гомдолд дурдсан бусад асуудлын талаар сахилгын хорооны хуралд биечлэн оролцохдоо дэлгэрэнгүй тайлбарлах болно” гэжээ.
Шүүгч Э.Л ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “...Захирамжийн үндэслэх хэсэгт: “ ... магадлалыг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бичгээр албажиж гарсан гэж үзэхээр байна. Гэтэл тус шүүхийн шүүгчдийн ээлжийн амралтын хуваарьт тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Э нь 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авсан байх тул тус магадлалыг хэзээ, хэрхэн бичгээр албажуулж гаргасан эсэхэд тусгай мэдлэг шаардагдахаар байна...” гэжээ.
Гишүүний Захиргааны хэргийн бүртгэл хяналтын системд хийсэн үзлэгээр магадлалыг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр системд баталгаажуулсан болохыг тогтоосон, шүүгчийн туслах энэхүү системд шүүх бүрэлдэхүүнээр хянагдаж, эцсийн байдлаас албажсан магадлалын цахим хувийг оруулдаг тул үүнээс өмнө шүүгч Т.Э магадлалд гарын үсэг зурсан байх ёстой.
Захирамжид дурдсанчлан тэрбээр 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авсан ч, шүүгчийн туслах О.Э өөрийн 0000005 дугаарын утсаар шүүгч Т.Э-тай харьцсан, өөрөөр хэлбэл магадлалд гарын үсэг зуруулах тухай 2024 оны 07 дугаар сарын 01-нээс 03-ны өдрийн хоорондох мессежээс үзэхэд 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр биечлэн очиж магадлалд гарын үсэг зуруулсан байна.
“...Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны ГБЗ/2025/0026 дугаар захирамжаар томилогдсон Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний газраас шинжээчийн дүгнэлт гарч, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байх тул дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна.
Дээрх захирамжид “......шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 241 дүгээр магадлалыг мөн оны 7 дугаар сарын 5-ны өдөр Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд баталгаажуулсан, магадлалыг гардуулсан баримтыг мөн өдөр үйлдсэн зэргээс тус тус үзэхэд магадлалыг 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдөр бичгээр албажиж гарсан гэж үзэхээр байна...” гэж дүгнэсэн.
1."Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй ... газрын нэр бүхий улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн ... анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч тус газрын улсын байцаагчдаас гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх ...шатны шүүх хуралдаанд шүүгч Э.Л миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу тухайн хэргийг хүлээн авч, давж заалдах шатны шүүх хуралдаанд илтгэн танилцуулсны хувьд магадлалын төслийг бэлтгэн, шүүх бүрэлдэхүүнд орсон бусад шүүгчдээр хянуулсны үндсэн дээр албажуулах ёстой.
Мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар магадлал хүчинтэй болсноос хойш бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурах хуульд заасан 14 хоногийн хугацаа 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр дууссанаас хойш магадлалыг албажуулсан өдөр болох мөн оны 7 дугаар сарын 03-ныг хүртэл хуанлийн 70 хоног буюу хуульд заасан хугацааг хэтрүүлж, магадлалыг албажуулсан болохоо хүлээн зөвшөөрч байна.
Гэхдээ энэхүү нөхцөл байдал нь гомдолд дурдсанчлан Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох” гэснээс илүүтэй уг зүйлийн 50.1.26-д заасан “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг ...нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих" гэдэгт хамаарах бөгөөд харин илтгэгч шүүгчийн хувьд ийнхүү хугацаа хэтрүүлж магадлалын төслийг боловсруулсан нь дараах хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болно.
2. 3ахиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байрны доод хонгил буюу подвалын хэсгээс нийт 380 м.кв талбай 2017 оноос хойш ямар ч ашиглалтгүй, анхан болон давж заалдах шатны шүүхүүд уг талбайг зөвхөн агуулахын зориулалтаар л ашиглаж ирсэн билээ.
Иймд миний бие 2024 оны 2 дугаар сарын эхээр дулааны болон инженерийн магистрал шугам бүхий подвалын талбайг тохижуулан фитнесийн танхимаар ашиглах санал санаачилгыг, мөн засварын ажлын санхүүжилтийг эхний ээлжинд хувиасаа 100 хувь тус тус гарган улмаар мөн үеэс эхлэн иж бүрэн засварын ажлыг гардан хийлгэж, удирдан зохион байгуулж ажилласан, түүнчлэн нэр бүхий шүүгч нарт санал тавьж дахин өөрөөсөө болон тэдний зохих хэмжээний дэмжлэг туслалцаатайгаар тодорхой санхүүжилтийг босгон фитнесийн тоног төхөөрөмж, бусад шаардлагатай бараа материалыг БНХАУ-аас худалдан авах, авчрах, тээвэрлэхтэй холбоотой бүхий л ажиллагаанд мөн л гардан зохион байгуулж, захиргааны хэргийн нийт шүүгчид болон анхан болон давж шатны шүүхийн Тамгын газрын ажилтнуудын эрүүл мэндэд нэн тустай, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх иж бүрэн фитнесийн танхим, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, үйлчлэгчдийн өрөө, жолооч нарын өрөө, анхан болон давж заалдах шатны шүүхийн тус тусын агуулах зэргийг ашиглалтад оруулсан, хувцас солих өрөөнд хувцасны шүүгээ, амрах сандал, амралтын өрөөний болон коридорт шаардлагатай тохижилтыг бүрэн хариуцан хийж гүйцэтгэсэн, мөн асуудлыг нэг мөр шийдвэрлэх үүднээс дүшний хэсгийг тохижуулахад бэлэн болгосон.
Түүнээс миний бие ажлын цагийг хийдүүлээгүй, хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа умартаагүй, 2024 оны 2 дугаар сарын сүүлээс эхлэн 6 дугаар сарыг дуусталх хугацаанд ажил, амралтын өдрийг үл харгалзан үндсэн ажлын хажуугаар дээрх засвар, тохижилтыг хариуцан хийж байсан болно.
Харин шүүх бүрэлдэхүүнд орсон 2 шүүгчийн хувьд илтгэгч шүүгчийн боловсруулсан төслийг хянаж, шаардлагатай тохиолдолд зохих завсрыг оруулах эрхтэй болохоос нэгэнт гаргаагүй байсан магадлалын төсөл, цаашлаад магадлалыг хуульд заасан хугацаа хэтрүүлж албажуулсанд ямар ч буруугүй болохыг шийдвэр гаргахдаа харгалзан үзэхийг хичээнгүйлэн хүсье.
...шатны шүүхийн нийт 14 шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний дуусталх хугацаанд буюу эхний хагас жилд шийдвэрлэсэн хэрэг, маргааны судалгаанаас үзэхэд шүүгч Э.Л миний бие илтгэн шийдвэрлэсэн:
-магадлалын тоогоор 2-т,
-захирамж, тогтоолын тоогоор 2-т,
-анхан шатны журмаар шийдвэрлэсэн хэргийн тоогоор 2-т тус тус эрэмбэлэгдсэн байна.
2.Харин 2024 оны 04 дүгээр сарын 01-нээс 7 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах давж заалдах шүүх хуралдаанд 46 удаа даргалагчаар, 42 удаа бүрэлдэхүүнд, 41 удаа илтгэгчээр, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хянах давж заалдах шүүх хуралдаанд 25 удаа даргалагчаар, 24 удаа бүрэлдэхүүнд, 25 удаа илтгэгчээр, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр, магадлалыг хянах шүүх хуралдаанд 1 удаа даргалагчаар, 2 удаа илтгэгчээр, анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд 5 удаа даргалагчаар, 13 удаа бүрэлдэхүүнд, нийт 77 хуралдаанд даргалагчаар, 79 хуралдаанд бүрэлдэхүүнд, 68 хуралдаанд илтгэгчээр тус тус оролцсон байна.
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... газрын нэр бүхий улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн ... анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаар шийдвэрийг хариуцагч улсын байцаагчдын давж заалдах гомдлоор хянан шийдвэрлэсэн ...шатны шүүх хуралдаан болсон 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр, уг хуралдаанаас гарсан 241 дүгээр магадлалыг албажуулан гаргасан мөн оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд шүүн таслан ажлын ачааллын хувьд бусад шүүгчээс харьцангуй их байсан болохыг харгалзан үзэхийг хүсье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
... газраас ...шатны шүүхийн шүүгч З.Г, Э.Л, Т.Э нарт холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ГЗҮ/2024/0122 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Өргөдөл гаргагчаас “......шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар хариуцагчаас гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. ...магадлалыг одоог хүртэл нэг шүүгчийн гарын үсэг дутуу гэсэн шалтгаанаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарт гардуулаагүй байна” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй ... газар, ... газрын дарга, ... даатгалын улсын ахлах байцаагч И.Э, Х.С, улсын байцаагч А.У, Б.О, Т.Д нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн ... анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 000/ШШ2024/0046 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Д, хариуцагч Х.С, А.У, Б.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нараас давж заалдах гомдол гаргасан байна.
...шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 221/ЕШ2024/0007 дугаар захирамжаар тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч З.Г, шүүгч Э.Л /илтгэгч шүүгч/ нарыг, шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Т.Э-г томилсон шийдвэрийг албажуулжээ.
Илтгэгч шүүгч Э.Л нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 221/ШЗ2024/0008 дугаар захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр явагдан 221/МА2024/0002 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт "Магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Магадлалыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.4-т заасны дагуу гардан авах, эсхүл шүүх энэ хуулийн 108.6-д заасны дагуу хүргүүлнэ" гэж зааснаас үзвэл магадлалыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр албажуулан гаргах ёстой.
Гэтэл шүүхээс магадлалыг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч А.Ут, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А-т тус тус гардуулсан байна.
Дээрх өргөдлийн үндэслэлтэй холбогдуулан холбогдох шүүгч Э.Л “...хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар магадлал хүчинтэй болсноос хойш бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурах хуульд заасан 14 хоногийн хугацаа 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр дууссанаас хойш магадлалыг албажуулсан өдөр болох мөн оны 7 дугаар сарын 03-ныг хүртэл хуанлийн 70 хоног буюу хуульд заасан хугацааг хэтрүүлж, магадлалыг албажуулсан болохоо хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг гаргасан.
Илтгэгч гишүүн “... шүүгчийн туслах О.Э-ын 0000005 дугаартай Iphone 14 promax маркийн гар утсанд үзлэг хийхэд шүүгчийн туслахаас шүүгч Т.Э-гийн 0000006 дугаар луу 2024 оны 07 дугаар сарын 01, 02, 03-ны өдрүүдэд холбогдож магадлалд гарын үсэг зуруулахаар мессежээр харилцсан байх тул шүүгчийн гаргасан дээрх тайлбар бодит байдалд нийцэж байна. Иймд дээр дурдсаныг нэгтгэн дүгнэхэд ...шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 221/МА2024/0002 дугаартай магадлалыг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр албажуулсан нь сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдлоо” гэж дүгнэсэн байх боловч хэрэгт авагдсан баримтуудаар магадлалыг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр албажуулан гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн шүүгчийн туслах О.Э-аас гэрчийн мэдүүлэг авч, “системд хийсэн үзлэгээс харахад тухайн магадлалыг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр албажуулж гаргасан уу” гэж асуухад шүүгчийн туслах “тийм, наадмаар амрах гээд магадлалаа гаргасан” гэх мэдүүлгийг өгсөн, мөн магадлалыг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын системд байршуулсан зэргээс үзвэл магадлалыг 07 дугаар сарын 05-ны өдөр буюу магадлалыг хуульд заасан хугацаанаас 73 хоногийн дараа албажуулан гаргасан байна.
Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасан сахилгын зөрчилд хамаарахаар байна.
Шүүхийн практикаас үзвэл шүүх бүрэлдэхүүнтэй орсон шийдвэрийг илтгэгч шүүгч эрх зүйн актын төслийг боловсруулж, бүрэлдэхүүний шүүгч нараар төслийг хянуулж, гарын үсэг зуруулан, албажуулж гаргах үүргийг хүлээдэг.
Тухайн хэргийн илтгэгч шүүгч Э.Л нь “...илтгэгч шүүгчийн хувьд ийнхүү хугацаа хэтрүүлж магадлалын төслийг боловсруулсан нь дараах хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болно. ...3ахиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байрны доод хонгил буюу подвалын хэсгээс нийт 380 м.кв талбай 2017 оноос хойш ямар ч ашиглалтгүй, анхан болон давж заалдах шатны шүүхүүд уг талбайг зөвхөн агуулахын зориулалтаар л ашиглаж ирсэн билээ. ...миний бие 2024 оны 2 дугаар сарын эхээр дулааны болон инженерийн магистрал шугам бүхий подвалын талбайг тохижуулан фитнесийн танхимаар ашиглах санал санаачилгыг, мөн засварын ажлын санхүүжилтийг эхний ээлжинд хувиасаа 100 хувь тус тус гарган улмаар мөн үеэс эхлэн иж бүрэн засварын ажлыг гардан хийлгэж, удирдан зохион байгуулж ажилласан. ......шатны шүүх хуралдаан болсон 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр, уг хуралдаанаас гарсан 241 дүгээр магадлалыг албажуулан гаргасан мөн оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд шүүн таслан ажлын ачааллын хувьд бусад шүүгчээс харьцангуй их байсан болохыг харгалзан үзэхийг хүсье” гэх тайлбарыг ирүүлж, холбогдох баримтаа сахилгын хэрэгт хавсаргажээ.
...шатны шүүхийн Тамгын газраас шүүгч З.Г, Т.Э, Э.Л нарын 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хэрэг хянан шийдвэрлэсэн судалгааг ирүүлсэн байх бөгөөд шүүгч З.Г 30, шүүгч Т.Э 34, шүүгч Э.Л 37 хэрэг хянан шийдвэрлэжээ.
Энэ нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Улсын Их Сургуулийн хамтарсан шүүгчийн ажлын ачаалал тооцох, хэргийн коэффициент тодорхойлох, баталгаажуулах судалгаагаар тогтоосон Захиргааны хэргийн давж шатны шүүхийн шүүгчийн нэг жилд хянан шийдвэрлэх хэргийг хагас жилийн хугацаанд шийдвэрлэсэн нь шүүгч нар ачаалалтай ажиллаж гэж үзэхээр байна.
Мөн илтгэгч гишүүн “...шүүхийн шийдвэр хуульд заасан хугацаанд албажиж гаргаагүйд шүүгч Э.Л нь хэтийдсэн ажлын ачаалалтай буюу нэг жилд авах зохист ачааллыг хагас жилд авсан, тодорхой хугацаанд өөрийн санаачилгаар шүүхийн байранд засвар хийсэн зэрэг нөхцөл байдлууд нөлөөлжээ” гэж дүгнэснийг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Иймд тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүний ажлын ачаалал, илтгэгч шүүгч Э.Л нь Захиргааны шүүхийн нэгдсэн байрны подвалын давхарт засвар хийх ажлыг санаачлан гүйцэтгэсэн зэрэг нөхцөл байдал нь магадлалыг хуульд заасан хугацаанаас хэтрүүлэн гаргахад нөлөөлсөн гэж үзэхээр байх тул шүүгч нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзээгүй болно.
Цаашид шүүгч шүүхийн шийдвэрийг гаргах хуульд заасан хугацааг баримталж, бүрэлдэхүүний шүүгч нар шийдвэр хугацаандаа албажин гарч байгаа эсэхэд хяналт тавьж, дахин ийм зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллавал зохино.
Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шатны шүүхийн шүүгч З.Г, Э.Л, Т.Э нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ГС/2025/0027 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ...шатны шүүхийн шүүгч З.Г, Э.Л, Т.Э нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Г.ЦАГААНЦООЖ
Д.ЭРДЭНЭЧУЛУУН