
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-04-01
Дугаар 38
Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч,
сахилгын шийтгэл оногдуулах тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, сахилгын хэргийн оролцогч Г.Т нарыг оролцуулан, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Т-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ГНД/2025/0005 дугаартай “Сахилгын зөрчлийг нотлох тухай” дүгнэлтийг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтэд: “Иргэн Д.М-ын ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Т-д холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлөөр сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулан дараах дүгнэлтийг гаргав.
Өргөдөл гаргагчаас: “ ... 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас хойш шүүх хурлыг 347 хоногийн дараа зарласан, ... 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэрч асуулгахыг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгасан боловч одоог хүртэл биелэгдээгүй, даалгавар очоогүй” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
1. “ ... 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас хойш шүүх хурлыг 347 хоногийн дараа зарласан” гэх өргөдлийн тухайд:
Илтгэгч гишүүний “Т х” ХХК-аас иргэн Н.Э-д холбогдох иргэний хэрэгт болон “Иргэн-2014” нэгдсэн системд хийсэн үзлэгээр дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
“Т х” ХХК-аас иргэн Н.Э-д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 54,866,475.12” төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2023/09388 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай захирамжаар тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Г.С-ыг томилсон шийдвэрийг албажуулсан байна.
Тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ЗТ2023/01419 дугаартай тогтоолоор шүүгч Г.С чөлөө авч, улмаар дээрх хэрэг нь шүүгч Д.Мөнхцэцэгт шилжсэнийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай захирамжаар албажуулжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гардаж авсан бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хариу тайлбараа гаргасан.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 30 хоногоор сунгажээ.
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шүүгч Г.Т томилогдсонтой холбогдуулан тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 183/ЗТ2023/01735 дугаартай тогтоолоор дээрх хэргийг шүүгч Г.Т-д шилжүүлснийг Ерөнхий шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04974 дугаартай захирамжаар албажуулснаас эхлэн шүүгч Г.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн захирамжаар тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цагт хянан хэлэлцэхээр товлосон боловч шүүх хуралдаанд хариуцагч Н.Э өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан.
2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар гэрч асуух ажиллагааг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгасан бөгөөд тухайн захирамжийг ... Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч захирамжид дурдсан даалгаврыг гүйцэтгэх боломжгүй талаар 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2087 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.-т Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ, 71.2.-т Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж заасан.
Тус хэрэг нь шүүгч Г.Т-д шилжсэн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс шүүх хуралдааны тов тогтоосон 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл буюу 257 хоногийн дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Холбогдох шүүгч тайлбартаа: “2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд туслахгүй, өөр шүүгчийн туслах 14, 14 хоногийн зайтай түр ажиллаж байгаад 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс албан ёсоор туслах томилогдож, ажил хүлээлцсэн. Анх шүүгчээр томилогдоход бусад шүүгчдээс нийт үүсгэчихсэн 80 хэрэг, шинээр 70 нэхэмжлэл хуваарилагдаж, 2023 оны 07-08 дугаар сарыг дуусталх хугацаанд ердөө 3 шүүгч ажиллаж, хэрэг нэхэмжлэл ихээр хуваарилагдсан, ...нэг туслахаас нөгөө туслахад ажил хүлээлцэх хугацаа 7-14 хоног үргэлжлэхээс аргагүй бодит байдалтай байсан” гэжээ.
Шүүгч Г.Т нь 2023 оны 7 дугаар сард тус шүүхийн шүүгчээр томилогдож 2023 онд нийт 560 нэхэмжлэл, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор 105 хэргийг тус тус хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд 283 шүүх хуралдаан товлон зарлаж, 1254 захирамж, 7 тогтоол, 260 шүүхийн шийдвэр гаргасан, 2024 онд 800 нэхэмжлэл, хэрэг хуваарилах зөвлөгөөний тогтоолоор 64 хэргийг тус тус хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд 652 шүүх хуралдаан товлон зарлаж, 2126 захирамж, 33 тогтоол, 451 шүүхийн шийдвэр гаргасан” болох нь ачааллын судалгаагаар тогтоогдож байна.
Дурдсан хугацаанд холбогдох шүүгч ачаалал ихтэй, шүүхийн зохион байгуулалтаас хамаарч олон туслах солигдож байсан боловч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааг зөрчих үндэслэл болохгүй.
Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус тус нэмэгдүүлсэн нь шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг баримталж ажиллаагүйгээс холбоотой.
Иймд шүүгч Г.Т-ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн гэж үзэн энэ үндэслэлээр нотлох дүгнэлт үйлдэв.
2. Өргөдөл гаргагчаас: “ ... 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэрч асуулгахыг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгасан боловч одоог хүртэл биелэгдээгүй, даалгавар очоогүй” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
Шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2024/10119 дугаартай захирамжаар гэрчээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг гүйцэтгэж, холбогдох баримтыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны дотор ирүүлэхийг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгаж шийдвэрлэжээ.
Гэтэл тухайн шүүгчийн захирамжийг ... Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэн-2014 нэгдсэн системээр 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч захирамжид заасан ажиллагааг гүйцэтгэх гэсэн боловч гэрчийг дуудан ирүүлэх боломжгүй тул захирамжийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр буцаан хүргүүлсэн байна.
Шалгах ажиллагааны явцад шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2024/10119 дугаартай захирамжийг Иргэн-2014 нэгдсэн системд хэзээ, хэрхэн баталгаажуулсныг шалгахад тус захирамжийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр системд баталгаажуулсан бөгөөд хэвлэж үзэхэд үг, үсэг, утгын хувьд зөрүүгүй байсан.
Иймд шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2024/10119 дугаартай захирамжийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр албажуулсан буюу 174 хоногийн дараа гаргасан нь шалгах ажиллагааны явцад тогтоогдож байна.
Харин шүүгчийн захирамжийг хүргүүлэх ажиллагаа нь шүүгчийн туслахын албан үүрэгт хамаарах тул 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр албажсан захирамжийг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүргүүлсэн талаар дүгнэлт өгөх шаардлагагүй. Үүнийг шүүгчтэй холбогдуулан буруутгах үндэслэлгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих”-г шүүгчид хориглосон.
Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг бичгээр гаргах хугацаа 14 хоног байхаар хуульд тодорхой заасан ба түүнээс илүү хугацаагаар шүүгчийн захирамжийг бичгээр гаргах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэхгүй.
Шүүгчийн туслах Д.Х-ыг гэрчээр асуухад: “Захирамжийн төслийг би бичихгүй удаасан” гэх мэдүүлгийг өгсөн боловч шүүгч нь шүүгчийн туслахын ажилд хяналт тавих, хэргийн хөдөлгөөнийг удирдах үүрэгтэй тул шүүгч Г.Т нь даалгавар гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийг албажуулж гаргах, хүргүүлэх ажиллагаанд хяналт тавиагүй гэж үзнэ.
Иймд шүүгч Г.Т-ыг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2024/10119 дугаартай захирамжийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр албажуулсан буюу 174 хоногийн дараа гаргасан нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” зөрчсөн гэж дүгнэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгч тайлбартаа ажлын ачаалал ихтэй байгаа талаар дурдсан хэдий ч энэ нь түүний хувийн зохион байгуулалт, байгууллагын зохион байгуулалттай холбоотой бөгөөд тухайн захирамж нь ээдрээ төвөгтэй маргаанд хамаарахгүй болно.
Мөн сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад өргөдөл гаргагчаас өргөдлөөсөө татгалзсан хэдий ч энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3-т “Энэ хуулийн 104.2-т заасны дагуу сахилгын хэрэг үүсгэсэн бол өргөдөл, мэдээллээсээ татгалзсан эсэхээс үл хамааран сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна” гэж зааснаар шүүгчид холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Иймд, дээрхийг нэгтгэн дүгнээд ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Т-ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах”, 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр нотлох дүгнэлт үйлдэв” гэжээ.
Шүүгч Г.Т Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Юуны өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа иргэний хэрэг үүсгэснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд эцэслэн шийдвэрлэгдээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасан “Т х” ХХК-д хүндрэл, чирэгдэл учруулж байгаад хүлцэл өчье.
Гомдлыг дараах 2 үндэслэлийн хүрээнд тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.
1. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 88 дугаар зарлигаар ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон болохыг тус өдрийн 18:00 цагийн үед мэдэж, дараагийн ажлын өдөр нь 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байсан тул тус өдөр ажлаа хүлээж авч, шүүгчийн тангараг өргөсөн.
2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд туслахгүй, өөр шүүгчийн туслах 14, 14 хоногийн зайтай түр ажиллаж байгаад 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс албан ёсоор туслах томилогдож, ажил хүлээлцсэн.
Анх шүүгчээр томилогдоход бусад шүүгчдээс нийт үүсгэчихсэн 80 хэрэг, шинээр 70 нэхэмжлэл хуваарилагдаж, 2023 оны 07-08 дугаар сарыг дуусталх хугацаанд ердөө 3 шүүгч ажиллаж, хэрэг нэхэмжлэл ихээр хуваарилагдсан, тодруулж хэлбэл 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 1 сар, 14 хоногийн хугацаанд шүүгч надад нийт 266 нэхэмжлэл, 71 хүсэлт хуваарилагдсан.
Нэг туслахаас нөгөө туслахад ажил хүлээлцэх хугацаа 7-14 хоног үргэлжлэхээс аргагүй бодит байдалтай байсан. Уг хүлээлцэх ажиллагаанд шүүгч хяналт хэрэгжүүлэхийн зэрэгцээ хүлээж авсан нэхэмжлэлүүдийг хянаж, үүсгэх эсэхийг шийдвэрлэх, хүсэлтийг хянаж шийдвэрлэх, товлогдсон шүүх хуралдаанд бэлтгэх, хэргийг судлах, шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр бичгээр үйлдэх, шүүхээс гарах бусад баримт бичгийн төслийг хянах, хэвлэмэл хуудсанд хэвлэх зөвшөөрөл олгох зэрэг ажлууд зэрэг хийгдэж байсан. Энэ нь шүүгч, шүүгчийн туслахад зохист хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулахад бодитоор хүндрэл учруулсан.
Гэсэн хэдий ч шүүгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу боломжит богино хугацаанд хэрэгжүүлж ажилласаар байгаа бөгөөд шүүгч, шүүгчийн туслахын сахилга баттай байдлаас үл хамааралтайгаар 300 гаруй хэргийн хөдөлгөөнд тавих хяналтын давтамжийн хугацаа холдож, улмаар хэрэг нэхэмжлэл шийдвэрлэгдэхгүй удах нөхцөл байдал үүссэн, цаашид ч энэ байдал тодорхой хугацаанд үргэлжлэх хандлагатай байна.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар шүүгч надад 2023 оны 05 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хүртэлх хугацаанд хуваарилагдсан 51 хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй хянагдаж байна.
Дээрх нөхцөл байдлыг энэхүү тайлбарт дурдаж буй зорилгын хувьд өөрийгөө зөвтгөх, хариуцлагаас зугтах гэхээс илүүтэй та бүхнийг иргэн Д.М гуайн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ өнөөгийн Монгол Улсын шүүхийн шүүгчийн хүний нөөц болон шүүхийн захиргааны ажилтны хүний нөөц, ажлын байр, ажиллах орчны эрүү, аюулгүй байдлын хүрээнд тулгамдаж буй асуудлыг харгалзаж үзээсэй гэсэндээ дурдлаа.
2. “Т х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Э-д холбогдох 65,850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хувьд ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хуваарилах тухай” 183/ЗТ2023/01735 дугаар тогтоолоор хуваарилагдсан, нэхэмжлэлийн хувийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Н.Э-д гардуулсан, нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 6,703,524.08 төгрөгөөр, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 4,280,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн, нэмэгдүүлсэн шаардлагыг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчид гардуулсан, улмаар 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2024/08444 дугаар захирамжаар шүүх хуралдааныг товлосон, шүүх хуралдаан хариуцагч талын хүсэлтээр 2 удаа хойшилсон.
Гомдолд дурдсан даалгавар гүйцэтгүүлэх захирамжийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн, тус шүүхээс даалгаврыг гүйцэтгэх боломжгүй талаар 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хариу ирүүлсэн байна.
Даалгавар гүйцэтгүүлэх захирамжийг хугацаандаа хүргүүлээгүй шалтгааны хувьд хэргийн ачаалал их байгаагийн улмаас орхигдуулсан гэж үзэж байна.
Иймд сахилгын хэргийн шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны гишүүний 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ГНД/2025/0005 дугаартай “Сахилгын зөрчлийг нотлох тухай” дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч, холбогдох шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Т х” ХХК-ийн иргэн Н.Э-өөс ээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 54,866,475.12 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлд ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.С 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2023/09388 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, шүүгч Г.С чөлөө авсан тул хэргийг шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ЗТ2023/01419 дүгээр тогтоолоор шүүгч Д.М-т шилжүүлсэн, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Г.Т томилогдсонтой холбогдуулан тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 183/ЗТ2023/01735 дугаар тогтоолоор дээрх хэргийг шүүгч Г.Т-д шилжүүлсэн, ерөнхий шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 183/ЕШ2023/04974 дүгээр захирамжаар шүүгч Г.Т-ыг тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар томилсон шийдвэрийг албажуулсан.
Шүүгч Г.Т нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2024/08444 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цагт товлосон ч тус өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Н.Э өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2024/10119 дүгээр захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрч асуулгах хүсэлтийг хангаж, гэрчээс мэдүүлэг авах ажиллагаа хийхийг ... иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгасан, уг захирамжийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ... иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2087 дугаар албан бичгээр даалгавар гүйцэтгэх боломжгүй талаар мэдэгдсэн үйл баримт тогтоогдоно.
Дээрх хэргийн нэхэмжлэгч “Т х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нь ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Т-д холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “...2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр буюу нэхэмжлэл гаргаснаас хойш 347 хоногийн дараа шүүх хуралдаан зарласан, гэрч асуухыг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгасан боловч одоог хүртэл биелэгдээгүй, даалгавар очоогүй” гэж тодорхойлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан.
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 183/ЗТ2023/01688 дугаар тогтоолоор тухайн иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 30 хоногоор сунгаснаас тооцвол хэргийг шийдвэрлэх хугацаа 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дуусч байх бөгөөд үүнээс хойш 242 хоногийн дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2024/08444 дүгээр шүүгчийн захирамжаар иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргасан нь дээрх хуулийг зөрчсөн гэж үзнэ.
Харин илтгэгч гишүүн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон хугацаа дууссан өдрөөс бус шүүгчид хэрэг шилжсэн өдрөөс хэтрүүлсэн хугацааг тооцож 257 хоног гэсэн нь буруу байх боловч хуулийн илт тодорхой заалт зөрчигдсөн талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
Түүнчлэн, шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” 183/ШЗ2024/10119 дүгээр захирамжийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр албажуулсан нь Иргэн-2014 нэгдсэн системд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасныг зөрчсөн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 88 дугаар зарлигаар ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Г.Т шинээр томилогдож түүнд шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор 80 хэрэг, 70 нэхэмжлэл хуваарилагдсан, тэрээр 2023 онд 283 шүүх хуралдаан товлон зарлаж, 1254 захирамж, 7 тогтоол, 260 шүүхийн шийдвэр гаргасан, 2024 онд нийт 800 нэхэмжлэл, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор 64 хэргийг тус тус хүлээн авч, 652 шүүх хуралдаан товлон зарлаж, 2126 захирамж, 33 тогтоол, 451 шүүхийн шийдвэр гаргасан зэргээс үзвэл өндөр хэмжээний ачаалалтай ажиллаж байсан гэх шүүгчийн тайлбар үндэслэлтэй.
Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76.1-д “Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан шүүгч дараахь бэлтгэл ажиллагаа явуулна”: 76.1.1 “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох” гэж заасныг зөрчиж шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжаа гаргалгүйгээр 242 хоног огт ажиллагаа хийгээгүй, даалгавар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн атлаа захирамжаа бичгээр албажуулж гаргалгүй 6 сарын хугацаа өнгөрсөн зэрэг зөрчлийн шинж чанар нь шүүгчийн ажлын ачаалалтай шууд шалтгаант холбоотой гэж дүгнэх боломжгүй байна. Тодруулбал,
Банглорын зарчмын 6.5-д “Шүүгч нь шүүн таслах ажиллагааг үр бүтээлтэй, шударгаар, аль болох хурдан шуурхай шийдвэр гаргахад чиглүүлнэ” гээд 207-д “хэрэг маргааныг талуудын эрхийг харгалзан үзсэний үндсэн дээр шаардлагагүй илүү зардал гаргалгүй, хойшлуулалгүйгээр түргэн шуурхай шийдвэрлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч бүрийг тэвчээртэй сонсох, тогтоосон хуралдааны цагийг хатуу мөрдөх, гаргасан шийдвэрийн үндэслэлээ хэвлэмэл байдлаар аль болох хурдан хүргүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл авах ил тод байдлын тогтолцоог бий болгох үүрэгтэй..”, 209-д “Шүүгч нь ажлын бусад үүрэг даалгавар, хэргийн хугацаа, нарийн төвөгтэй байдал зэрэг яаралтай болон бусад онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж, гаргасан шийдвэрээ аль болох хурдан хүргүүлэх үүрэгтэй. Ялангуяа шалтгаангүй хоцроохгүйгээр шүүгч нь шийдвэрийн үндэслэлээ хэвлэмэл байдлаар хүргүүлэх үүрэгтэй” гэж тус тус тайлбарласан.
Хэдийгээр нэр бүхий шүүгч нь хэтийдсэн ажлын ачаалалтай байсан ч өөрт хуваарилагдсан хэргүүдэд нэг зэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, гаргасан шийдвэрээ аль болох хурдан хугацаанд албажуулж хүргүүлэх үүрэгтэй, энэхүү үүрэг нь шүүгчийн хичээл зүтгэлтэй байх, хэргээ хуулийн хугацаанд хянан шийдвэрлэх эрмэлзэл, чармайлттай шууд холбоотой бөгөөд ёс зүйн энэ зарчмыг зөрчиж хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүгчийн захирамжийг бичгээр гаргах хугацааг илтэд их хэмжээгээр хэтрүүлсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг... удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасанд хамаарна.
Харин нэг хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хоёр зөрчил нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “...удаа дараа” гэх хуулийн урьдач нөхцөл хангаж байх тул илтгэгч гишүүний Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан бие даасан өөр төрлийн зөрчилд буруутгасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй болно.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Сахилгын хорооны гишүүний 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ГНД/2025/0005 дугаартай “Сахилгын зөрчлийг нотлох тухай” дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч, шүүгч Г.Т-д Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчилд хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байх ба шүүгчийн ажлын туршлага суугаагүй шинэ залуу шүүгч, ажлын ачаалал ихтэй байсан нөхцөл байдлыг харгалзан “цалингийн хэмжээг нэг сараар 10 хувиар бууруулах” шийтгэл оногдуулах нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д “Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна” гэж заасанд нийцнэ гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ГНД/2025/0005 дугаартай “Сахилгын зөрчлийг нотлох тухай” дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Т-д “цалингийн хэмжээг нэг сараар 10 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
Д. ЭРДЭНЭЧУЛУУН