info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-01-09

Дугаар 9

Улаанбаатар хот

Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг хүлээн авч,

сахилгын шийтгэл оногдуулах тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б, цахимаар сахилгын хэргийн оролцогч Ц.А, З.Т нарыг оролцуулан Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв. 

... хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.А, шүүгч Б.М, З.Т нарт холбогдуулан гаргасан ...-ын ... хэлтсийн албаны дарга Э.О-ын мэдээллийг журмын дагуу илтгэгч гишүүн Г.Цагаанцоож хүлээн авч хянаад, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ГЗҮ/2024/...9 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.

Иргэн Т.У-ын дээрх нэр бүхий шүүгч нарт холбогдуулан гаргасан ижил утга агуулгатай өргөдлийг журмын дагуу гишүүн Х.Хашбаатар хүлээн аваад, гишүүний 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ГЗҮ/2024/0..0 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, гишүүн Х.Хашбаатарын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ГЗБ/2024/...4 дүгээр захирамжаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.4 дэх хэсэгт заасны дагуу гишүүн Х.Хашбаатарын ГЗҮ/2024/0..0 дугаар захирамжаар үүсгэсэн сахилгын хэргийг гишүүн Г.Цагаанцоожийн ГЗҮ/2024/...9 дүгээр захирамжаар үүсгэсэн сахилгын хэрэгт нэгтгэжээ.

Илтгэгч гишүүн Г.Цагаанцоож Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ГНД/2024/...30 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлт гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “...Т.У нь дээрх нэр бүхий шүүгч нарт холбогдуулан өргөдөл гаргасанд гишүүн Х.Х 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ГЗҮ/2024/0..0 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн захирамжаар “...өргөдөл гаргагч нь нэр бүхий шүүгч нарт холбогдуулан нэг агуулга бүхий гомдол гаргасан...” гэж үзэн, өмнө үүсгэсэн сахилгын хэрэгт нэгтгэжээ. Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.4 дэх хэсэгт заасан “Нэг шүүгчид холбогдуулан гаргасан хэд хэдэн өргөдөл, мэдээлэл, эсхүл хэд хэдэн шүүгчид холбогдуулан гаргасан нэг агуулга бүхий өргөдөл, мэдээлэлтэй хэд хэдэн сахилгын хэргийг нэгтгэн шалгаж, хянан шийдвэрлэж болно...” гэсэнтэй нийцсэн тул шалгах ажиллагааг нэгтгэн явуулсан болно. 

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ... хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Э, М.С, Б.О, Б.О, Б.З, Д.Б, Д.Г, Д.Э, Т.У, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 2023/ШЦТ/...1 дүгээр цагаатгах тогтоолоор нэр бүхий шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгажээ. 

... хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 2024/ДШМ/..2 дугаар магадлалаар анхан шатны шүүх Д.Э, Д.Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.С, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, Т.У, Б.З, Т.Б, Б.О, Б.О, Д.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасныг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар тус хэргийг 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хангаж, ...хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ДШМ/..2 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/..1 дүгээр цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Холбогдох шүүгч нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дүгээр зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Г, Д.Э нарыг цагаатгасан хэсгийг хэвээр үлдээхдээ “... яллагдагч Д.Э нь ... Цагдаагийн газар түүний Замын цагдаагийн тасагт ажилладаг албан тушаалтнууд нь доод албан тушаалтнуудаа дарамталдаг, ашиг сонирхлыг нь хохироодгийг ил болгосноор авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих талаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн гэж үзэж болохоор байх тул “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.3-д зааснаар “Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хуульд заасан хууль зүйн хариуцлагад татах үндэслэл болохгүй” гэх хуулийн үндэслэл байна, ... гэсэн үндэслэлийг магадлалд дурджээ. 

Харин Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ХШТ/..7 дугаар тогтоолд  “... давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын Их хурлаар хэлэлцэн батлаагүй Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг баримтлан шүүгдэгч Д.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн ноцтой зөрчлийг гаргасан...” гэжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ” гэж заасан, шүүх бүрэлдэхүүн буюу холбогдох шүүгч нар Монгол Улсын Их хурлаар хэлэлцэн батлаагүй хуулийг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн нь тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана. Шүүх хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд санал хураах, шийдвэр гаргах ажиллагааг удирдан явуулж, олонхын саналаар шийдвэр гаргана”, 4 дэх хэсэгт “Зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэсэн асуудлаар цөөнх болсон шүүгч тусгай саналаа бичиж шүүхийн шийдвэрт хавсаргах ба түүнийг тогтоол уншиж сонсгоход зарлахгүй” гэж заасан.

Шалгах ажиллагааны явцад дурдсан асуудлаар холбогдох шүүгч нар дараах тайлбар гаргасан.

Шүүгч Б.М “...Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаанд миний хувьд тусгай санал гаргаагүй. Магадлалын төслийг илтгэгч шүүгч бэлтгэдэг. Шүүх хуралдаан дээр шүгэл үлээгчийн асуудал яригдаад, тэгээд зөвлөлдөх тасалгаанд энэ тухай бас яригдсан. Зөвлөлдөх тасалгаанд хууль цаасан хэлбэрээр байгаагүй, авч орсон шүүгч ч байгаагүй. Нэгэнт шүгэл үлээгчийн хууль яригдсан болохоор энэ хуулийг зөвлөлдөх тасалгаанд байдаг компьютероос хараад шалгаад гурвуулаа үзээд хуулийн 11.3 гэсэн заалтыг тохирох юм байна гэж ярьсан. Уг хуулийг хаанаас хайж гаргаж ирснээ санахгүй байгаа юм. Миний хувьд уг нь хуулийг Legalinfo-гоос л хайж судалдаг. Хяналтын тогтоол гараад хүчин төгөлдөр хууль биш гэхээр нь зөвлөлдөх тасалгааны компьютерын түүхээс хайж үзэхэд юу ч гарч ирэхгүй байсан. Тухайн үед бүгд хүчин төгөлдөр гэж ойлгож хэргээ шийдвэрлэсэн болохоор магадлалд ямар нэгэн өөрчлөлт оруулах, хасах санал санал огт гараагүй. Үнэхээр батлагдаагүй л хууль байна лээ” гэсэн.

Шүүгч З.Т “Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаанд миний хувьд тусгай санал гаргаагүй. Энэ үед ямар ч байсан энэ хуулийн төсөл яригдаад шүлэг үлээгч хэрэгтэй тул түүний эрх зүйн байдлыг хуулиар шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай гэж яригдаж байсан. Магадлалын төслийг хэргийг илтгэсэн шүүгч бэлтгэдэг, бүрэлдэхүүний шүүгч төсөлтэй танилцаад, шаардлага хангасан гэж үзвэл албажуулж, хэвлэдэг. Миний хувьд хэргийг илтгэхдээ тухайн хэрэгт хэрэглэгдэх хууль тогтоомж, эрхийн актыг нэг бүрчлэн судалж тулгаж харж, магадлалын төслөө бэлтгэдэг. Энэ хэргийн тухайд илтгэсэн шүүгчийг өөртэйгөө адилхан эрх зүйн актыг нэг бүрчлэн тулган харж бичсэн гэж ойлгосон тул гарын үсэг зурсан. ... илтгэгч шүүгчийг холбогдох хуулиа судалж үндэслэл болгосон гэж найдсан учраас уг хуулийг лавлаж хараагүй нь буруу болсон гэж бодож байна” гэсэн.

Шүүгч Ц.А “...миний хувьд тусгай санал гаргаагүй. Магадлалын төслийг илтгэгч шүүгч бичиж бэлтгэдэг. Д.Э-д холбогдох хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзсэн. Энэ үед Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл яригдаж байсан нь үнэн. Тухайн хэргийг шийдвэрлэсэн магадлалд гарын үсэг зурахдаа ямар нэгэн өөрчлөлт оруулах, хасах санал гараагүй. Тогтоол гарсны дараа үзэхэд үнэхээр батлагдаагүй байсныг мэдсэн” гэжээ.   

Дээр дурдсанаас үзвэл Ерөнхий шүүгч Ц.А, шүүгч Б.М, З.Т нар нь шүүгдэгч Д.Э, М.С, Б.О, Б.О, Б.З, Д.Б, Д.Г, Д.Э, Т.У, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ Монгол Улсын шүүхийн тухай 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. 

Иймд холбогдох шүүгч нарыг  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой,...” зөрчсөн” гэж үзэж, энэ үндэслэлээр нотлох дүгнэлт үйлдэв. 

2. ...хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/...1 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр тус эрүүгийн хэргийг хянуулахаар ...хэргийн давж заалдах шатны шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлжээ.

Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ЕШЗ/..0 дугаар захирамжаар тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч Б.М, шүүх бүрэлдэхүүнд Ц.А, З.Т нарыг томилсон шийдвэрийг албажуулсан.

Харин хэргийг хянан хэлэлцсэн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ДШМ/..2 дугаар тогтоолд хуралдааныг шүүгч З.Т даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Ц.А, Б.М /илтгэгчээр/ нар оролцсон гэж бичигдсэн, энэ нь мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгт тусгагдсан байна.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн эсэхийг тодруулан шалгав.  

Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг шүүгчдийн зөвлөгөөнөөр батлахаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь заалтад заасан. 

... хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЗТ/...2 дугаар тогтоолоор баталсан “Хэрэг, өргөдөл, гомдол хүсэлтийг хүлээн авах, хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох журам”-ын 2-т хэргийг шүүгч нарт хуваарилах дарааллыг сугалаагаар тогтоож тойрог үүсгэсэн, үүнд 1-т З.Т, 2-т Ц.А, 3-т Б.М гэсэн, 3-т “тойрог үүсгэж, санамсаргүй байдлаар хуваарилах сонголтыг нэгдсэн системд тохируулах”-аар зохицуулжээ. 

Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч З.Т, илтгэгч шүүгчээр Б.М, бүрэлдэхүүнд шүүгч Ц.А оролцохоор программаас  хуваарилагдсан нь Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээр  тогтоогдож байна.

Мөн давж заалдах шатны шүүх хуралдааны товд хуралдаан даргалагчаар З.Т, илтгэгч шүүгчээр Б.М гэж бичигдсэн байна.

Иймд шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан хэлэлцсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.  

Албан тушаалын тодорхойлолтод зааснаар шүүгчийн туслах Ц.Т нь  шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын төслийг боловсруулах чиг үүрэгтэй бөгөөд тэрээр шүүх бүрэлдэхүүн, даргалагчийг томилох тухай Ерөнхий шүүгчийн захирамжийн төслийг боловсруулдаг байна.  

Шүүгчийн туслах Ц.Т Сахилгын хороонд гаргасан тайлбар болон гэрчээр мэдүүлэхдээ “... шүүгдэгч Д.Э, М.С, Б.О, Б.О, Б.З, Д.Б, Д.Г, Д.Э, Т.У, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Э нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд хүлээн авч, хэргийг Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд заасны дагуу системээс хуваарилахад илтгэгчээр шүүгч Б.М, даргалагч шүүгчээр З.Т, бүрэлдэхүүнд шүүгч Ц.А томилогдсон, шүүх хуралдааны тов, хурлын бэлтгэл ажиллагаа, шүүх хуралдаан, магадлал гарах зэрэг бүх ажиллагаа Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хуваарилсны дагуу үнэн зөв явагдсан. Харин би илтгэгч, бүрэлдэхүүн томилсон Ерөнхий шүүгчийн захирамж бичихдээ нэрийг буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байна...” гэжээ.

Шүүгч Б.М “...тус шүүхийн шүүгчдийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зөвлөгөөнөөр “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам” баталсан. Улмаар шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөл, шаардлага хангасан “Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем” бүхий программ хангамжийг ашиглан шүүгдэгч Д.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хуваарилж,  хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнийг томилоход шүүх хуралдааныг шүүгч З.Т даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.А, Ерөнхий шүүгч Б.М оролцохоор программ хуваарилсан. Энэ бүрэлдэхүүнээр эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн. Тухайн үед миний бие Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан ба дээрх бүрэлдэхүүнийг баталгаажуулж Ерөнхий шүүгчийн захирамж гаргахдаа шүүх бүрэлдэхүүнийг буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасандаа их харамсаж байна” гэсэн тайлбар гаргасан.

Мөн Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс томилсон даргалагч, илтгэгч болон бүрэлдэхүүн шүүгчийн нэр шүүх хуралдааны зар, хуралдааны тэмдэглэл, магадлалд тусгагдсанаас зөрүүгүй байна.

Иймд шүүгч Б.М гарын үсэг зурахдаа захирамжийг хянаагүй, анхааралгүй хандсан байх тул техникийн шинжтэй алдаа гэж үзлээ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ”, 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан ба  шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэхээр хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зохицуулсан.

Давж заалдах шатны шүүх нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянаад анхан шатны шүүхээс Т.У нарын 8 хүнд холбогдох хэргийг цагаатгасан хэсгийг хүчингүй болгохдоо “...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэм буруутай этгээдүүдээс үйлдсэн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт буруу байна. ...энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй. ...Т.У нь ...Прокурорын газарт ерөнхий прокуророор ажиллаж байх үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бичиг баримтын зөрчилтэй тээврийн хэрэгслийг саатуулан зогсоож хуульд заасан үйл ажиллагаа явуулж байсан цагдаагийн албан тушаалтнуудад   ...аймгийн прокурор шаардаж байна гэсэн агуулга бүхий өнгө аясаар хөндлөнгөөс нөлөөлж, хэргийг шударгаар шийдвэрлэхэд саад болж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна...” гэсэн үндэслэлийг магадлалд дурджээ.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ХШТ/...7 дугаар тогтоолд “...анхан шатны шүүх нэр бүхий шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтуудыг бодит байдлаар нь бүрэн гүйцэд үнэлээгүй, гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй нөхцөл байдал нь бусдад давуу байдал бий болгосон үйлдэл мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхийн оронд уг хэрэг явдлыг хожим шалгаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол, шүүхийн шийдвэрийг үндэслэн хууль бус давуу байдал бий болгоогүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасныг зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хууль ёсны шаардлага хангаагүй гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж 8 шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгосон нь зөв болжээ” гэж дүгнэжээ. 

Дээр дурдсанаас үзвэл, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж,  шийдвэрлэсэн үндэслэлээ магадлалд тодорхой дурдсан ба  энэ нь хуульд нийцсэн болох нь тогтоогдож байна.

Иймд Т.У-ын өргөдөлд дурдсан “... давж заалдах шатны шүүх  ... бусад нэр бүхий 6 шүүгдэгч нарыг цагаатгасан шийдвэрийг хэрхэн дүгнэж хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж магадлалд огт тусгаагүй...” гэх гомдол тогтоогдсонгүй. 

Нөгөө талаар Сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх, хянах эрхгүй тул өргөдлийн “аймгийн ерөнхий прокурор Т.У нь цагдаагийн нэр бүхий алба хаагч нарт удаа дараа нөлөөлөх байдлаар хууль бус үүрэг чиглэл өгч, С.С-д давуу байдал олгосон нь албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэж гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон мэтээр дүгнэсэн дүгнэлт хийж, хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь прокурорын яллах дүгнэлтийн хүрээнээс хальсан зөрүүтэй дүгнэлт хийсэн, ...тус аймгийн цагдаагийн газрын дарга Д.Г-ийг цагаатгасан тогтоолыг хэвээр үлдээсэн боловч надад холбогдох хэргийг нотлогдон тогтоогдсон намайг гэм буруутай мэтээр тусгайлан дурдаж дүгнэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хувийн эрх ашгийн сонирхлын үүднээс ялгавартай хандаж шийдвэр гаргасан...” гэх Т.У-ын гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.

4. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх зэргийг  нэг бүрчлэн хэлэлцэж шийдвэр гаргах учиртай. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч тус бүрийн үйлдэл гэмт хэрэг мөн эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлж дүгнэнэ.

Иймд Т.У-ын өргөдөлд дурдсан  “…давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд ижил байдлаар таамаглалд үндэслэгдэн буруутгагдаж буй тус аймгийн цагдаагийн газрын дарга Д.Г-ийг цагаатгасан тогтоолыг хэвээр үлдээсэн боловч надад холбогдох хэргийг нотлогдон тогтоогдсон намайг гэм буруутай мэтээр тусгайлан дурдаж дүгнэн шийдвэрлэсэн...” гэх гомдол  нь Монгол Улсын  шүүхийн  тухай  хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31 дэх заалтад  заасан “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх гэсэн ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр ...хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.А, шүүгч Б.М, З.Т нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ...” зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэж, нотлох дүгнэлт үйлдэж, хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

Шүүгч Ц.А, З.Т нар тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Э, Д.Г нарын 10 хүнд холбогдох эрүүгийн хэргийг ...хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 2023/ШЦТ/...1 дүгээр цагаатгах тогтоол гаргасныг прокурорын эсэргүүцлээр манай Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч, шүүгч З.Т, Б.М, Ерөнхий шүүгч Ц.А-ын бүрэлдэхүүнтэйгээр 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд, 2024/ДШМ/...2 дугаар магадлалаар 8 шүүгдэгчийг цагаатгасныг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Э, Д.Г нарыг цагаатгасныг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Учир нь Д.Э нь шударга бус үйлдлийг илчилж, таслан зогсоохын төлөө дуугарсан хүн тул түүнд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн.

Шүүхийн 2024/ДШМ/..2 дугаар магадлалыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар нэр бүхий дээрх 10 хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд, магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг буюу шүүгдэгч Д.Э, Д.Г нарыг анхан шатны шүүх цагаатгасныг хэвээр үлдээснийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл 10 хүнд холбогдох хэргээс 8 хүнийг анхан шатны шүүхээс цагаатгасныг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон нь зөв хэдий ч шүүгдэгч Д.Э, Д.Г нарыг анхан шатны шүүх цагаатгасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн УИХ-аар хэлэлцэн батлаагүй хуулийн төслийг баримталсан нь буруу гэсэн агуулгаар магадлалын 1 заалтыг хүчингүй болгосон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг давж заалдах журмаар, давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг хяналтын журмаар хэргийн оролцогчийн гомдол, эсэргүүцлээр хянахаар заасан ба анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл УДШ хэргийн оролцогчийн гомдол, эсэргүүцлээр хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэж, алдаа, зөрчлийг нь засаж зөвтгөдөг билээ.

Мөн хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр болох ба анхан болон давж заалдах шатны шүүх нь хяналтын шатны шүүхийн эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан тогтоолын заалтыг биелүүлэх үүрэгтэй гэж ойлгож байгаа. Улмаар хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүхийн дээрх хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотойгоор хууль хэрэглээнд гаргасан бидний алдааг зөвтгөж засаж залруулж, магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгосон тул Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзэж байна.

Дээрх хэрэг нь одоо анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцэгдэх гэж байгаа болно. Иймд бидэнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Шүүгч Б.М тайлбартаа: “Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үздэг. Эрүүгийн хэргийг ийнхүү хянахдаа тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгах болон анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж тогтоох үүргийг хэрэгжүүлдэг.

Монгол Улсын дээд шүүх нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянах замаар шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим явагддаг.

“Шүгэл үлээгч” гэж үзсэн шүүгдэгч Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлээр хянах явцад ...цагдаагийн газарт байдаг бусармаг хууль бус явдлуудыг шүүгдэгч Д.Э илчлэн хэлснээр эцэст нь өөрөө ял шийтгэл хүлээх болсонд шүүх бүрэлдэхүүнд орж буй шүүгч бид их эмзэглэж байсан юм.

Өөрөөр хэлбэл иргэнийхээ үүргийг биелүүлсэн, хууль сахиулагч хүний хувьд хууль, албаны ёс зүйгээ чанд сахиж чин шударгаар ажиллахын төлөө тангараг өргөчхөөд өөрийн ажил дээрх дарга нарын хууль бус шаардлага, ёс бус дарангуйллыг илчилсний төлөө эрүүгийн ял хариуцлага хүлээх болсонд сэтгэл эмзэглэж, ийм байдалд орсон хүнийг ял шийтгэлээс чөлөөлж болох гарц нь “Шүгэл үлээгчийн” тухай хууль юм байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Гомдол гаргагч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн аль хэсэгт заасан зөрчил гаргасан талаар дурдаагүй боловч дээрх шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан зөрчил гаргасан гэж үзсэн бол тухайн зүйл, хэсгийн агуулгыг буруу ойлгож гомдол гаргажээ гэж үзэж байна.

Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтын гол санаа, утга нь “...хуулийн ил тод тодорхой заалтыг ноцтойгоор зөрчсөн бол, эсхүл хуулийн ил тод, тодорхой заалтыг удаа дараалан зөрчсөн” бол сахилгын зөрчилд тооцно гэж ойлгож байна. Тодруулж хэлбэл хуулийн илтэд тодорхой заалтыг санаатайгаар бусдын болон өөрт бий болох ашиг тусын тулд хуульд заасан шударга ёсны болоод хууль ёсны зарчмуудыг зөрчиж үйлдсэн байхаас гадна энэ үйлдлийн улмаас гарах үр дагаврыг анхаарах ёстой болов уу. 

Түүнчлэн хуулийн дараагийн утга болох “...эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн нь ноцтой гэдэг үгийн цаад санааг илүү тодруулж өгч байна уу гэж үзэж байна.

Миний бие гомдолд хариу тайлбар өгөх зуур “ноцтой” гэдэг үгийн утгыг судалж үзлээ. Ноцтой гэдэг үгийн утга нь онцгой шинжтэй, хор холбогдол ихтэй, сүрхий гэдэг утгыг илэрхийлдэг бол энэ үгийн эсрэг утга ноцгүй, ноцтой биш гэх үг байх ба энэ нь үйл хэргийн ач холбогдол хөнгөн, хоргүй, бага гэдэг утгыг илэрхийлдэг.

Үүнийг хэлэх болсон шалтгаан нь хүчингүй болсон өөрчлөгдсөн хүчингүй болсон өөрчлөгдсөн шүүхийн шийдвэр, магадлал бүрийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад хамааруулж болохгүй ба хууль зөрчсөн үйлдэл нь ноцтой байх, эсхүл хуулийн ил тод, тодорхой заалтыг удаа дараалан зөрчөөд байгаа тохиолдолд сахилгын зөрчилд хамааруулж болох байх гэдгийг л хэлэхийг оролдож байгаа юм. Ноцтой гэдэг үг орсон хуулийн зохицуулалт багагүй байдаг байна. Тухайлбал Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 170 дугаар зүйл Зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх журмыг зөрчих, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай зохицуулалтын талаар 170.1-д заасан тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг зөрчсөнд тооцох бол, 170.2 дахь хэсэгт заасан тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцохоор зохицуулснаас үзвэл:

1. зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг зөрчсөн үйлдэл,

2. зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн үйлдэл гэсэн хоёр санаа байх ба үйлдлийн шинж байдлаас шалтгаалан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих асуудал яригдана.

Дээрхээс үзвэл хуулийн зохих заалтыг санамсаргүй, хөнгөн, хуумгай /хор багатай/ байдлаар зөрчсөн зөрчил, хуулийн үндсэн зарчмыг гажуудуулж субьектив байдлаар үйлдсэн, гарсан үр дагавар нь хор уршиг ихтэй бол ноцтой зөрчилд хамааруулж үздэгийг бусад хуулийн зохицуулалтуудаас харж болохоор байна.

Энэ мэтээр зөрчил болон ноцтой зөрчлүүдийг тайлбарлаж болох хэдий ч хамгийн сүүлд дүгнэж хэлэхэд аливаа тогтсон журам болоод хууль ёсыг зөрчсөнөөс үүссэн үр дагавар, субьектив шинжээс шалтгаалж хууль зөрчсөн үйлдэл, хуулийг ноцтойгоо зөрчсөн үйлдэл гэж хоёр байдлаар ангилж байгааг бидэнд холбогдуулан гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ анхаарч үзнэ үү” гэжээ.

Шүүгч Б.М, Ц.А, З.Т нар Т.У-ын өргөдөлд холбогдуулан гаргасан тайлбартаа: “1/ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь заалтад “ Албан үүрэгтэй нь холбоотой, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн нууцыг задруулах” гэж буруутгаж байгаа зүйлийн талаар:

Шүүгдэгч Д.Г нарт холбогдох хэрэгт төрийн нууцтай холбоотой зүйл байгаагүй ба шүүх бүрэлдэхүүн төрийн нууцыг хэрхэн задруулсан талаар ямар нэгэн тайлбар байхгүй байна.

Хэрвээ гомдол гаргагч Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан зөрчил гаргасан гэж үзсэн бол энэ талаар урьд сахилын хороонд гаргасан тайлбартай адил байр сууртай байна.

2/ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.27 дахь заалтад “шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон;” гэж буруутгаж байгаа зүйлийн талаар:

Магадлалын үндэслэлд “... прокурорын эсэргүүцэл үндэслэл бүхий байхаас гадна шүүгдэгч Д.Э нь Г.Э-д шийтгэл оногдуулахгүй байж түүнд давуу байдал олгосон нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэдий ч Цагдаагийн газар, замын цагдаагийн тасагт дээд албан тушаалтнууд доод албан тушаалтнууддаа хууль бус үүрэг өгдөг түүнийг нь биелүүлэхгүй бол янз бүрийн арга хэлбэрээр дарамталдаг, цалин урамшууллыг хасдаг, өөр ажлаар дардаг, /жижүүр, эргүүлд дараалуулан гаргах зэрэг/ энэ байдлаас болж Д.Э хийх ёстой албан үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрсэн байна.

Түүнийг буруутгаж буй “... иргэн Г.Э-ын согтуурлын зэргийг шалгаагүй, гэмт хэрэг өргөдөл гомдлыг бүртгэлт аваагүй нь” ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ ашиг хонжоо олох өөрт болон бусдад давуу байдал олгох зорилгоор санаатайгаар биелүүлээгүй гэж үзэж болохгүй байна.

Харин энэхүү байдал нь бусдын эрхшээл, аргагүй байдалд автаж хийсэн үйлдэл ба гэмт хэрэг хэргийг үгүйсгэх нэг нөхцөл байдал болно гэх мэтээр 5 хуудас дүгнэлт хийсэн болно.

3/ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31 дэх заалтад “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхсан, дарамт үзүүлсэн;” гэж буруутгаж байгаа зүйлийн талаар:

Тус эрүүгийн хэрэгт 1 прокурор 7 цагдаагийн албан хаагч, 2 иргэн оролцсон байдаг. Бид шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг бичихдээ шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугласан нотлох баримтыг үндэслэн талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг бодит байдлыг тогтоох зарчмыг баримтлан шийдвэр бичигдсэн ба шийдвэр ойлгомжтой байх үүднээс шүүгдэгч нэг бүрийн оролцоог ялгаж, зааглаж бичсэн.

Тухайлбал, шүүгдэгч Т.У-ын гэмт хэрэгт оролцсон оролцоо, түүний дараа найман цагдаагийн албан хаагчийн ажлын онцлог, ажлын байрны тодорхойлолт заасан ажил үүргийн хуваарийг хэрхэн зөрчсөн болон Цагдаагийн албаны тухай хуульд заасан шаардлагыг ханган ажиллаагүй байдлыг дүгнэх замаар шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог дараалуулах байдлаар бичсэнд гомдол гаргагч их эмзэглэж байгаа юм байна.

Хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн гомдол гаргагч Т.У-ыг ялгаварлан гадуурхсан, ямар нэгэн хэлбэрээр дарамт үзүүлсэн явдал байхгүй гэдгийг итгэлтэйгээр хэлж чадах байна” гэжээ.

Шүүгч Ц.А, Б.М, З.Т нар Т.У-ын өргөдөлтэй холбогдуулан ирүүлсэн тайлбартаа: “... уг гомдлын агуулга нь өмнөх мэдээлэлтэй адил байх тул дахин тайлбар бичих шаардлагагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл сахилгын хороонд гаргасан тайлбараа дэмжиж байна” гэжээ.

Шүүгч Ц.АТ.У-ын гаргасан өргөдөлд ирүүлсэн тайлбартаа: “......-ын ... хэлтсийн албаны дарга Э.О-ын шүүгч бидэнд холбогдуулан гаргасан мэдээлэлтэй утга, агуулга адил байх тул урд гаргасан тайлбараа дэмжиж байна” гэжээ.

Шүүгч Ц.А сахилгын хорооны хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд ч гэсэн санал нэг байна. Бид нар тухайн үедээ Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байсан. Тэгээд бид нар шийдвэр гаргах үедээ хуулийг батлагдсан гэж хөнгөмсгөөр найдаад батлагдаагүй хууль хэрэглэсэндээ алдаандаа дүгнэлт хийж байгаа. Дахин ийм алдаа гаргахгүй, ажиллаж чадна аа...

Харин иргэн Т.У-ын гаргасан өргөдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид нар хэргийг бүхэлд нь хянахдаа хэн нэгэн шүүгдэгчид, аль нэгэнд нь давуу байдал олгоод хэн нэгнийг нь буруутгасан байдал гаргаагүй. Хуульд заасан хэргийг нотолбол зохих байдал хангалттай нотлогдож уу, анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэж үү гэдэгт шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шийдвэрээ гаргасан учраас зөвшөөрөхгүй байна. Бусдаараа алдаагаа ойлгож байна, би өөрийнхөө алдаандаа гэмшиж байгаа.

Бид сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад бичгээр тайлбар гаргаж байх үед Улсын дээд шүүх бид нарын алдааг засаж залруулан, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон байсан. Тухайн үедээ бид хууль хэрэглээтэй холбоотой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой алдаа  гэж үзэж байсан юм.

Гэхдээ өнөөдрийн хувьд бид хүчин төгөлдөр болоогүй хууль хэрэглэсэн тул өөрсдийгөө зөвтгөж байгаа зүйл байхгүй, үүнд маргаан байхгүй. Бид буруу зүйл хийсэн...” гэв.

Шүүгч З.Т сахилгын хорооны хуралдаанд гаргасан тайлбартаа: “...-ын ...хэлтсийн мэдээллийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр болоогүй, батлагдаагүй хууль хэрэглэсэн нь үнэн. Энэ алдаагаа хүлээн зөвшөөрнө, ямар нэгэн маргаан байхгүй.

Харин аймгийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан Т.У-ын өргөдлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэн нэгэнд давуу байдал олгож, мөн түүнчлэн ялгаварлан гадуурхаж хэргийг шийдвэрлээгүй байгаа” гэв.

Шүүгч Б.М 2025 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх үед алдаа гаргасандаа маш их харамсаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Мэдээлэл гаргагч ...-ын ... хэлтсийн албаны дарга Э.О “Ерөнхий шүүгч Ц.А, шүүгч Б.М, З.Т нар давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн, эрүүгийн 2...2 дугаартай 10 шүүгдэгчид холбогдох хэргийн нэг шүүгдэгч болох Д.Э-г цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэн батлагдаагүй “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг магадлалын үндэслэлд тусгасан. Уг хэргийг Улсын дээд шүүхээс хэлэлцээд “...Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т... гэж заасныг зөрчсөн ноцтой зөрчлийг гаргажээ” гэж дүгнэсэн. Иймд шүүгч З.Т, Ц.А, Б.М нарыг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж сахилгын хэрэг үүсгүүлэн шалгуулахаар мэдээлэл хүргэж байна” гэх агуулга бүхий мэдээлэл гаргасан байна. /с.х-ийн 1-2 тал/

Мөн иргэн Т.У өргөдөлдөө: “Ерөнхий шүүгч Ц.А, шүүгч Б.М, З.Т нар хэргийг шийдвэрлэхдээ Д.Г-т холбогдох хэрэг нотлогдоогүй, Д.Э-ийн шүгэл үлээсэн үйлдэл нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж тус тус хэрэгсэхгүй болгож, бусад нэр бүхий 6 шүүгдэгч нарыг цагаатгасан шийдвэрийг хэрхэн дүгнэж хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж, магадлалд огт тусгаагүй. Харин намайг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ тусгайлан авч үзэж, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон мэтээр дүгнэлт хийж, хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь прокурорын яллах дүгнэлтийн хүрээнээс хальсан зөрүүтэй дүгнэлт хийсэн тул Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.27, 50.1.31 дэх хэсэгт заасныг зөрчсөн; Улсын дээд шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ХШТ/..7 дугаар тогтоолын тодорхойлох хэсгийн 5-д зааснаас үзэхэд шүүгч нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасныг зөрчсөн” гэх агуулгаар өргөдөл гаргажээ. /с.х-ийн 138-141 тал/

Илтгэгч гишүүн нотлох дүгнэлтдээ “...Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ ...албан ёсоор нийтлэгдсэн хууль... хэрэглэнэ” гэж заасан байхад шүүх бүрэлдэхүүн буюу холбогдох шүүгч нар Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэн батлаагүй хуулийг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн нь тогтоогдож байна... Иймд холбогдох шүүгч нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой...” зөрчсөн гэж үзэн нотлох дүгнэлт үйлдэв; ...Шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан хэлэлцсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй; ...иргэн Т.У-ын “нэр бүхий 6 шүүгдэгч нарыг цагаатгасан шийдвэрийг хэрхэн дүгнэж хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж магадлалд огт тусгаагүй” гэх гомдол тогтоогдсонгүй...; мөн “...намайг гэм буруутай мэтээр тусгайлан дүгнэн шийдвэрлэсэн” гэх гомдол нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй” гэж тус тус дүгнэжээ. /с.х-ийн 195-210 тал/

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар эрүүгийн 2...2 дугаартай хэргийг ... хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, мөн өдрийн 2023/ШЦТ/...1 дүгээр цагаатгах тогтоолоор шүүгдэгч М.С, Д.Б, Т.У, Д.Г, Б.З, Т.Б, Б.О, Б.О, Д.Э, Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатган, эрүүгийн 2...2 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.

Харин анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг прокурор Ч.Б, Б.Э нар эс зөвшөөрч, эсэргүүцэл бичсэнээр ...хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд мөн 2024/ДШМ/..2 дугаар магадлалын 19 дүгээр талын 8 дахь догол мөрөөс буюу ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт “...Түүнчлэн яллагдагч Д.Э нь ... Цагдаагийн газар, түүний Замын цагдаагийн тасагт ажилладаг албан тушаалтнууд нь доод албан тушаалтнуудаа дарамталдаг, ашиг сонирхлыг нь хохироодгийг ил болгосноор авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих талаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн гэж үзэж болохоор байх тул Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хуульд заасан хууль зүйн хариуцлагад татах үндэслэл болохгүй гэх хуулийн үндэслэл байна...” гэж шүүгдэгч Д.Э, Д.Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж заасныг хэвээр үлдээж, М.С, Д.Б, Т.У, Б.З, Т.Б, Б.О, Б.О,  Д.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг хүчингүй болгож, эрүүгийн 2...2 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 83-102 тал/

Дээрх магадлалыг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн 2024/ХШТ/..7 дугаар тогтоолын 20 дугаар талын 5 дахь догол мөрөөс буюу ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт “...Мөн давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын Их Хурлаас хэлэлцэн батлаагүй “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг баримтлан шүүгдэгч Д.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т ...заасныг зөрчсөн ноцтой зөрчлийг гаргажээ...” гэж үзээд прокурорын эсэргүүцлийг хангаж, магадлалын 1 дэх заалтад “...анхан шатны шүүхийн 2023 оны... 3..1 дүгээр цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсэн байна. /с.х-ийн 105-122 тал/

Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад холбогдох шүүгч Ц.А, З.Т нар бичгээр ирүүлсэн тайлбартаа “...хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүхийн дээрх хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хууль хэрэглээнд гаргасан бидний алдааг зөвтгөж, засаж залруулан, магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгосон тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзэж байна...”, шүүгч Б.М бичгээр ирүүлсэн тайлбартаа “...ноцтой гэдэг үгийн утга нь онцгой шинжтэй, хор холбогдол ихтэй, сүрхий гэдэг утгыг илэрхийлдэг бол эсрэг утга ноцгүй, ноцтой биш гэх үг байх ба энэ нь үйл хэргийн ач холбогдол хөнгөн, хоргүй, бага гэдэг утгыг илэрхийлдэг..., ...хуулийн зохих заалтыг санамсаргүй, хөнгөн, хуумгай /хор багатай байдлаар зөрчсөн зөрчил, хуулийн үндсэн зарчмыг гажуудуулж субьектив байдлаар үйлдсэн, гарсан үр дагавар нь хор уршиг ихтэй бол ноцтой зөрчилд хамааруулж үздэгийг бусад хуулийн зохицуулалтаас харж болохоор байна...”, /с.х-ийн 31-33 тал/

мөн илтгэгч гишүүн Г.Цагаанцоож холбогдох шүүгч Б.М-аас тайлбар авахад “... магадлалын төслийг илтгэгч шүүгч бэлтгэдэг. Шүүх хуралдаанд дээр шүгэл үлээгчийн асуудал яригдаад, тэгээд зөвлөлдөх тасалгаанд энэ тухай бас яригдсан. Зөвлөлдөх тасалгаанд хууль цаасан хэлбэрээр байгаагүй, авч орсон шүүгч ч байгаагүй. Нэгэнт Шүгэл үлээгчийн хууль яригдсан болохоор энэ хуулийг зөвлөлдөх тасалгаанд байдаг компьютерээс хараад шалгаад гурвуулаа үзээд хуулийн 11.3 гэсэн заалтыг тохирох юм байна гэж ярьсан. Хуулийг хаанаас хайж гаргаж ирснээ санахгүй байна. Миний хувьд уг нь хуулийг legalinfo-оос л хайж судалдаг. Хяналтын тогтоол гараад хүчин төгөлдөр хууль биш гэхээр нь зөвлөлдөх тасалгааны компьютерын түүхээс хайж үзэхэд юу ч гарч ирэхгүй байсан. Тухайн үед бүгд хүчин төгөлдөр гэж ойлгож хэргээ шийдсэн болохоор миний бэлтгэсэн магадлалд бүрэлдэхүүний шүүгч нар ямар нэгэн өөрчлөлт оруулах, хасах санал огт гараагүй. Үнэхээр л батлагдаагүй хууль байна лээ” гэх,

шүүгч З.Т нэмэлт тайлбартаа “энэ үед ямар ч байсан энэ хуулийн төсөл яригдаад шүгэл үлээгч хэрэгтэй тул түүний эрх зүйн байдлыг хуулиар шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай гэж яригдаж байсан. Миний хувьд хэргийг илтгэхдээ хэрэгт хэрэглэгдэх хууль тогтоомж, эрхийн актыг нэг бүрчлэн судалж тулгаж харж, магадлалын төслөө бэлтгэдэг. Энэ хэргийн тухайд илтгэсэн шүүгчийг өөртэйгөө адилхан эрх зүйн актыг нэг бүрчлэн тулган харж бичсэн гэж ойлгосон тул гарын үсэг зурсан. Дээр дурдсанаар илтгэгч шүүгчийг холбогдох хуулиа судалж үндэслэл болгосон гэж найдсан учраас хуулийг лавлаж хараагүй нь буруу болсон гэж бодож байна” гэх,

шүүгч Ц.А нэмэлт тайлбартаа “Д.Э-д холбогдох хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзсэн. Энэ үед Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай  хуулийн төсөл яригдаж байсан нь үнэн. Хэргийг шийдвэрлэсэн магадлалд гарын үсэг зурахдаа ямар нэгэн санал гараагүй. Тогтоол гарсны дараа үзэхэд үнэхээр батлагдаагүй байсныг мэдсэн” гэх тайлбарыг тус тус өгчээ. /с.х-ийн 38-43 тал/

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан нь шүүгчид хориглосон зохицуулалт билээ.

Хэдийгээр Улсын дээд шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон бөгөөд холбогдох шүүгч нар “бидний алдааг зөвтгөж, засаж залруулан, магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгосон тул зөрчилд хамаарахгүй” гэж бичгээр тайлбар гаргасан боловч холбогдох шүүгч Ц.А, З.Т нар сахилгын хорооны хуралдаанд цахимаар оролцож тайлбар хэлэхдээ, харин шүүгч Б.М бичгээр ирүүлсэн нэмэлт тайлбартаа “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэж дүгнэсэн илтгэгч гишүүний сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэй маргаагүй, хүлээн зөвшөөрч байна” гэсэн болно.

Учир нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан “ноцтой... зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэдэг нь хэнд ч илэрхий, тодорхой хуулийн заалтыг өөрөөр хэрэглэхийг ойлгох бөгөөд Улсын Их Хурлаас хэлэлцэн батлагдаагүй Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ” гэсэн илэрхий тодорхой хуулийн заалтыг зөрчсөн ноцтой үйлдэл мөн.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн “2024-03-06 тогтоох” фолдерт байх “mainfeed_dual_768” нэртэй бичлэгийн 01 минут 25 секундээс эрэгтэй шүүгч “...бүүр нарийн яривал та Цагдаагийн байгууллагад байгаа хууль бус үйл ажиллагааг илрүүлсэн шүгэл үлээгч гэж шүүх үзсэн. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11-д шүгэл үлээгчийг эрх зүйн хамгаалалтад авна, эрүүгийн хариуцлагад татахгүй гэсэн заалттай... Энэнийхээ төлөө энэ хүн хариуцлага хүлээх ёсгүй. Тиймдээ ч Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль байдаг. Энийг бас та бүрэн бас хараарай. Энэ үүднээс Энхбаясгаланг цагаатгасан...” гэж хэлсэн нь бичигджээ.

Шалгах ажиллагааны явцад дээрх шүүх хуралдаанаар хэлсэн тайлбарыг илтгэгч шүүгч Б.М хэлсэн болох нь түүний “...хуульд зааснаар даргалагч шүүхийн шийдвэрийг танилцуулсан. Даргалагчийн зөвшөөрлөөр миний хувьд нэмж тайлбарласан байхаа”, шүүгч З.Т-ийн “...миний хувьд магадлалын агуулгыг танилцуулсан. Харин дэлгэрүүлж тайлбарлах шаардлага байсан тул илтгэгч шүүгч Б.М нэмж тайлбарласан” гэх тайлбаруудаар тус тус тогтоогдож байна. /с.х-ийн 38-41 тал/

Иймд холбогдох  шүүгч нарын тайлбар, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг болон Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ХШТ/..7 дугаар тогтоолоор ...хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.А, шүүгч Б.М, З.Т нар Монгол Улсын Их Хурал хэлэлцэн батлаагүй, “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг баримтлан Д.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн нь тогтоогдож байх тул илтгэгч гишүүний “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй.

Иргэн Т.У өргөдөлдөө “......хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн  2024/ДШМ/..2 дугаар магадлалаар хэргийг хянаж шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Э, Д.Г нарыг хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээхдээ Д.Г-т холбогдох хэрэг нь нотлогдоогүй, Д.Э-ийн шүгэл үлээсэн үйлдэл нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна гэж тус тус дүгнэн хэрэгсэхгүй болгож, бусад нэр бүхий 6 шүүгдэгч нарыг цагаатгасан шийдвэрийг хэрхэн дүгнэж хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж магадлалд огт тусгаагүй. Харин Т.У намайг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ тусгайлан авч үзэж ...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон мэтээр дүгнэсэн дүгнэлт хийж, хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь прокурорын яллах дүгнэлтийн хүрээнээс хальсан зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. ...Д.Г-ийг цагаатгасан тогтоолыг хэвээр үлдээсэн боловч надад холбогдох хэргийг нотлогдон тогтоогдсон намайг гэм буруутай мэтээр тусгайлан дурдаж дүгнэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хувийн эрх ашгийн сонирхлын үүднээс ялгавартай хандаж шийдвэр гаргасан гэж үзэхээр байх ба энэхүү байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2,  Монгол Улсын  шүүхийн  тухай  хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31-т заасныг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй... Улсын дээд шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ХШТ/..7 дугаар тогтоолын тодорхойлох хэсгийн 5-д “...Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг нь прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсанаар цагдаагийн дээд шатны албан тушаалтны тушаал, даалгаврыг биелүүлсэн шинжтэй шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо хоорондоо харилцан хамаарал бүхий үйлдэл байхад зарим шүүгдэгчийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээж, бусдыг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй” гэж дүгнэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31, 50.1.27-д заасан заалтыг зөрчсөн” гэж дурдсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж тус тус заасан байдаг.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг прокурорын эсэргүүцлээр хязгаарлагдахгүй, бүхэлд нь хянан үзэх бөгөөд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана. Шүүх хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд санал хураах, шийдвэр гаргах ажиллагааг удирдан явуулж, олонхын саналаар шийдвэр гаргана”, 5 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд дараах асуудал тус бүрийг хэлэлцэнэ”, мөн зүйлийн 5.1 дэх заалтад “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх”, 5.2 дахь заалтад “тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх”, 5.3 дахь заалтад “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх”, 5.4 дэх заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах” гэж тус тус зааснаар асуудал тус бүрд мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, ... нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж тус тус зааснаар өөрсдийн дотоод итгэлээр нотлох баримтуудыг үнэлж, асуудал тус бүрд саналаа өгөх хуулийн зохицуулалттай. 

Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн “2024-03-06 тогтоох” нэртэй фолдерт байх “mainfeed_dual_768” нэртэй бичлэгээс үзэхэд илтгэгч шүүгч Б.М нь Д.Э, Д.Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээсэн тухай тайлбарлаж, бусад шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тухай хэргийн үйл баримтын талаар ярьж “...энэ 8 эрх бүхий улсууд ажил үүргээ гүйцэтгээгүй байна. Ажлын байранд тодорхойлсон ажлуудаа хийгээгүй байна. Энэнд шүүх дүгнэлт өгөөгүй, энийг анхаараагүй хэрэгсэхгүй болгожээ. Ийм учраас дахин шалгана аа...” гэж хэлсэн нь бичигдсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ХШТ/..7 дугаар тогтоолд “... Давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хууль ёсны шаардлага хангаагүй гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж 8 шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгосон нь зөв болжээ ...” гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.27 дахь заалтад “шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон”, 50.1.31 дэх заалтад “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэж тус тус заасан.

Сахилгын хэрэгт авагдсан баримтууд болон ...хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ДШМ/..2 дугаар магадлалд шүүхийн шийдвэрийн үндэслэлийг бичсэн байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.27 дахь заалтад заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Мөн шүүх бүрэлдэхүүний шүүгч нар шүүгдэгч нарыг ялгаварлан гадуурхсан, дарамт үзүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд шүүхийн магадлалын хууль зүйн үндэслэлд Шүүхийн сахилгын хороо үнэлэлт дүгнэлт өгөх эрхгүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймд илтгэгч гишүүний “... давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, шийдвэрлэсэн үндэслэлээ магадлалд тодорхой дурдсан...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Мөн шалгах ажиллагааны явцад ...хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ЕШЗ/..0 дугаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, даргалагчийг томилох тухай” захирамжаар шүүх бүрэлдэхүүний даргалагчаар Ерөнхий шүүгч Б.М, бүрэлдэхүүнд шүүгч Ц.А, З.Т нарыг томилсныг албажуулсан нь сахилгын хэрэгт авагджээ. /с.х-ийн 47 тал/

Уг үйл баримтыг тодруулахаар илтгэгч гишүүний сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн баримтуудаас үзэхэд “Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-д даргалагч шүүгчээр З.Т, бүрэлдэхүүнд шүүгч Ц.А, илтгэгч шүүгчээр Б.М нарыг томилсон болох нь шүүх хуралдааны зар, шүүхийн магадлал, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, шүүгч Б.М-ын бичгээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /с.х-ийн 170-179, 191, 193-194 тал/

Иймд тус шүүхийн шүүгчийн туслах Ц.Туяацэцэгийн гэрчийн мэдүүлэг, шүүгч Б.М-ын бичгийн тайлбараас үзэхэд Ерөнхий шүүгчийн захирамжид техникийн шинжтэй алдаа гарсан болох нь тогтоогдсоныг дурдах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл ... хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий Ц.А, шүүгч Б.М, З.Т нар нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг зөрчсөн нь нотлогдсон тул илтгэгч гишүүний 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ГНД/2024/...30 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, холбогдох шүүгч нарт мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь заалтад зааснаар “хаалттай” сануулах сахилгын шийтгэл оногдуулахаар бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь заалтад заасныг баримтлан ... хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.А, шүүгч Б.М, З.Т нарт “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарын оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч шүүгч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

               ДАРГАЛАГЧ                                    Д.ЭРДЭНЭЧУЛУУН

           ГИШҮҮД                                          Ц.ДАВХАРБАЯР

                                                       Б.СУГАР