info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2025-03-12

Дугаар 8

Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл оногдуулсан магадлалын тухай

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь, сахилгын хэргийн оролцогч болох шүүгч Л.Золзаяа, өргөдөл гаргагч “Э” ХХК-ны захирал Ч.Ц нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” СХМ/2025/0017 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан ... шүүхийн шүүгч Л.Золзаяа-н гомдлыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн сахилгын хороонд “Э” ХХК-ийн захирал Ч.Ц-с Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа нь ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтантай 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өмгөөлөгч нь байна гэж ярьж хууль зөрчин, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, өмгөөлөгчийн ажил давхар хийж байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9, 50.1.16-д заасныг зөрчсөн” гэж өргөдөл гаргажээ.

Илтгэгч гишүүн уг өргөдлөөр холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулаад, ... шүүхийн шүүгч Л.Золзаяаг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.16-д заасан зөрчлийг гаргаагүй гэж, харин хуулийн 50.1.9-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэж, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ГНД/2024/0033 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг үйлдэж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.

Шүүхийн сахилгын хорооны хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн СХМ/2025/0017 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” магадлалаар, илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, холбогдох шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9-д заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэн, сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар болон бусад нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Холбогдох шүүгч уг магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:

“... шүүгч Л.Золзаяад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9, 57 дугаар зүйлийн 57.1.3 дах хэсэгт тус тус зааснаар “Нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн СХМ/2025/0017 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Миний бие уг магадлалд заасан зөрчил гаргаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй, нотлох баримтуудыг хэт нэг талыг барьж үнэлж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Мөн сахилгын хорооны хурлаас өмнө дэлгэрэнгүй тайлбарыг өгч хуралд өөрийн биеэр оролцох болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн СХМ/2025/0017 дугаар магадлалаар ... шүүхийн шүүгч Л.Золзаяад “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг холбогдох шүүгч эс зөвшөөрч гомдол гаргажээ.

Хэргийн оролцогч нь хянан үзэх хуралдаанд биечлэн гаргасан гомдолдоо: “... Магадлалд өмгөөллийн тухай хуулийн 6.1.1-д заасан өмгөөллийн үйл ажиллагаа буюу хууль зүйн зөвлөгөөг иргэн С-д 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн гэх үндэслэл дурдсан. Энэ өдөр хошууч О над руу өөрөө залгасан. Би залгаагүй.  Ингэхдээ танайх төлбөр мөнгөө төлсөн юм уу гэдэг байдлаар ярьсан. Тухайн үйл баримтыг би өмнө нь өмгөөлөгч нь байсан учраас мэдэж байсан тул төлсөн гэдгийг хэлээд, дахиад энэ талаар надаас лавлах шаардлагагүй гэдгийг хэлсэн. Үүний өмнө буюу үдээс өмнө С-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл байгаа тул ярьсан. Үүнийгээ шүүгчээр томилогдохдоо хөрөнгө, орлогын мэдүүлгийн өр авлагын хэсэгт мэдүүлсэн.

Уг магадлалыг яагаад эс зөвшөөрч байна вэ гэхээр С-н өгсөн мэдүүлгийг хэрхэн ямар баримтаар үгүйсгэсэн, үүнийг хэрхэн няцаасан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдүүлгийг үнэн зөвөөр үнэлсэн үндэслэлээ тайлбарлаагүй. 10 дугаар сарын 14-ний өдөр 52 секунд ярьсан, 23 секунд ярьсан гэсэн. Ийм богино хугацаанд хууль зүйн зөвлөгөө өгнө гэж байхгүй.

Өмгөөллийн тухай хуулийн 6.1.1-д заасны дагуу хууль зүйн туслалцааг ингэж тодорхойлж байгаа юм бол миний өгсөн хууль зүйн зөвлөгөөний дагуу иргэн С төрийн байгууллага, хэн нэгний өмнө ямар эрх үүрэг үүсгэсэн юм бэ өөрөөр хэлбэл ямар эрх зүйн харилцаа үүсгэсэн юм бэ, ийм үйл баримт огт байхгүй. Миний бие 10 жил хувийн хэвшилд ажиллаад өмгөөллийн үйл ажиллагаа хийхдээ өмгөөлж байсан хүн болгоны өмнө нь над руу ярьсан утасны дугаарыг шүүх юм бол энэ мэтээр үзвэл зөвшөөрөгдсөн хувийн хэвшилд ажиллаж байсан үйл ажиллагааг ингэж дүгнэвэл надад хэцүү асуудал үүснэ. Би С гэдэг хүнд хууль зүйн зөвлөгөө өгөөгүй бидний хооронд үүрэг хүлээсэн өглөг авлагын асуудал байсан эрхийнхээ хүрээнд холбогдсон. Харин тэр 18 цагт 23 секунд ярьсан гэдэг үйл баримтыг би мэдэхгүй. Ажил тарсан үед манай хүүхэд миний утсыг оролддог. Жоохон хүүхэд учир бусад янз бүрийн хүн рүү залгачихсан байдаг болохоор залгасан байж магадгүй.

С-г  мэдүүлэг өгөхдөө хүнээс хууль зүйн зөвлөгөө аваад ирсэн мэт байсан гэж сахилгын хорооны хуралдаан дээр тайлбарласан. Хэрэв энэ хүнд хууль сануулаад авсан гэрчийн мэдүүлгээр худал мэдүүлэг өгсөн гэж байгаа юм бол энийгээ нотолж тогтоогооч гэсэн зүйл л хэлсэн.

Эцэст нь миний өмнө хийж байсан ажил, хувийн хэвшилд ажиллаж байсан харилцаа холбоо энэ бүх нөхцөл байдлыг үнэлж үзэж, ойлгож, энэ бүх нөхцөл байдлыг тодруулж, хянан шалгаж өгөөч. Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан хууль зүйн зөвлөгөө өгөөгүй, миний өгсөн зөвлөгөө гээд байгаа зүйлээр хэн нэгэнд эрх, үүрэг үүсгээгүй.

Шийдвэр гүйцэтгэгч өөрөө над руу залгасан. Яагаад энийг онцолж хэлээд байна вэ гэхээр, Шийдвэр гүйцэтгэгч өөрөө залгаад, утсаар ярьсан тэмдэглэлдээ бичсэнийх нь дагуу сахилгын хэрэг үүссэн. Энэ дээр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг үнэн гэдэг байдлаар үнэлж сахилгын хэрэг үүсгэж, шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.” гэжээ.

Тус сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд илтгэгч гишүүн холбогдох шүүгчид Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасан эрхийг танилцуулж, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасан хэргийн материалтай танилцах эрхээр хангасан байхад холбогдох шүүгч мөн зүйлийн 106.12 дахь хэсэгт заасны дагуу баримт ирүүлээгүй, хүсэлт гаргаагүй байна.

Сахилгын хэргийн оролцогч Л.Золзаяа нь шүүгчийн албан тушаалд томилогдохоос өмнө маргаан бүхий иргэний хэрэгт гуравдагч этгээд Г.С-н өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан, шүүгчээр томилогдсоны дараа Г.С болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтантай утсаар харилцсан үйл баримтыг үгүйсгээгүй хэдий ч гэрч нарын мэдүүлэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 4-125/27899 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”-ийг хүлээн зөвшөөрөөгүй.

Шалгах ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Г.С-н холбогдох шүүгч өөрт нь зөвлөгөө өгөөгүй гэх мэдүүлгийг сахилгын хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулан үзэхэд бүхэлд нь үнэн, зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байна.

Учир нь Г.С нь шүүгч Л.Золзаяагийн утасны дугаарыг өмгөөлөгчийнхөө дугаар гэж шийдвэр гүйцэтгэгчид явуулсан зурвас, энэ талаар нотлон мэдүүлсэн Г.С-н гэрчийн мэдүүлэг, шүүгч Л.Золзаяатай 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр утсаар харилцсан гэх Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 124 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, хошууч Д.О-н мэдүүлэг, утсаар ярьсан яриаг тэмдэглэн баталгаажуулсан “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, утсаар ярихад нь хажууд нь байсан гэх шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.С-н мэдүүлэг, “Ю” ХХК-аас шүүгч Л.Золзаяагийн гар утасны дугаарын гадагш залгасан бүртгэлийн лавлагаа зэргээс үзэхэд шүүгч Л.Золзаяа нь Г.С-тэй 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 21 минут 39 секундэд утсаар ярьсны дараа Г.С нь шийдвэр гүйцэтгэгч, хошууч Д.О-д 16 цаг 19 минутад зурвасаар шүүгч Л.З-н ашигладаг дугаарыг өгсөн, шийдвэр гүйцэтгэгч нь тухайн өдрийн 16 цаг 21 минут 35 секундэд шүүгч Л.З-тэй утсаар ярьсан, Г.С нь 18 цаг 33 минут 47 секундэд шүүгч Л.З руу залгаж дахин ярьсан үйл баримт тогтоогджээ.

Магадлалд “... Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хууль зүйн зөвлөгөө өгөх үйлдэл нь хууль зүйн туслалцааны төрөлд хамаарах ба хууль зүйн асуудлаар биечлэн, цахимаар болон харилцаа холбооны хэрэгслээр зөвлөгөө, мэдээлэл өгөх хэлбэртэй байхаар заасан тул 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Г.С-тэй утсаар харилцаж хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжийг бүрдүүлж, улмаар шийдвэр гүйцэтгэгчтэй холбогдон Г.С-н эрхийг хангах идэвхтэй үйлдэл хийсэн гэж үзнэ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгчийн тангараг өргөснөөр хуулиар олгосон бүрэн эрх хэрэгжиж эхлэх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг сахих, хуулийг хэрэглэн шийдвэр гаргах үүрэгтэй шүүгчийн хувьд хууль тогтоомжийн холбогдох заалтуудын агуулгыг мэдэж байх ёстой тул дээрх үйлдэл гаргасныг зөвтгөх боломжгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9-д “өөрийн, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний, эсхүл албан байгууллагын эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх, хууль зүйн зөвлөгөө өгөх” гэж заасан шүүгчээс зөвлөгөө өгч болох этгээдэд Г.С хамаарах этгээд болох талаарх баримт хэрэгт авагдаагүй ба энэ талаар шүүгч Л.Золзаяа маргаагүй.

Шүүгч зөрчлөөс урьдчилан сэргийлж, өмнө хэрэгжүүлж байсан өмгөөлөгчийн үүргээ гүйцэтгэх боломжгүй болохоо үйлчлүүлэгчдээ мэдэгдэх, аливаа байдлаар хуулиар зөвшөөрөгдөөгүй үйлдлийг гаргахгүй байх шаардлагатай.

Холбогдох шүүгч “... өмгөөлөгчөөр 10 жил ажиллачхаад 7 сарын өмнөөс шүүгчийн эрх үүсэж байна. Өмнө нь харилцаж байсан төрөл садан найз нөхдөө өмгөөлж байсан. Энэ хүн болгоны над руу ярьсан утасны дугаарыг шүүж энэ мэтээр үзэх юм бол миний хувийн хэвшилд ажилласан, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны талаарх баримтыг энэ мэт дүгнэх юм бол миний хувьд хэцүү асуудал үүснэ ...” гэх тайлбар тус хуралдаанд гаргасан.

Шүүхийн сахилгын хороо тухайн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Л.Золзаяагийн шүүгчээр томилогдохоос өмнө гүйцэтгэж байсан ажил үүрэгтэй нь холбоотой үйлдлийг дүгнээгүй бөгөөд өмгөөлөгчийн хувьд хэрэгжүүлж байсан эрхийг нь хөндөөгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Илтгэгч гишүүн хуульд заасан журмын дагуу шалгах ажиллагааг явуулж, сахилгын хорооны магадлалаар цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж, шүүгч Л.Золзаяаг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9-т заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.3-д зааснаар “нээлттэй сануулах” шийтгэл оногдуулсан нь зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагаварт тохирсон гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.1, 113.11, 113.13 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяагийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн СХМ/2025/0017 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

 2.Хяналтын тогтоолыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид зохих журмын дагуу хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Энэхүү хяналтын тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл Улсын дээд шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ                                      Б.СУГАР

                                                   ГИШҮҮН                                          Д.АРИУНТУЯА         

                                                                                                С.ЭНХТӨР