info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-01-22

Дугаар 17

Улаанбаатар хот

е

Сахилгын шийтгэл оногдуулах тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь, өргөдөл гаргагч “Э” ХХК-ийн захирал Ч.Ц, хэргийн оролцогч шүүгч Л.Золзаяа нарыг оролцуулан хийж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн  шүүхийн шүүгч Л.Золзаяад холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ГНД/2024/0033 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-дээ:

Өргөдөл гаргагч “Э” ХХК-ийн захирал Ч.Ц нь “...шүүгч Л.Золзаяа нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтантай 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өмгөөлөгч нь байна гэж ярьж хууль зөрчин, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, өмгөөлөгчийн ажил давхар хийж байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9, 50.1.16-д заасныг зөрчсөн” гэж үзэн Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргажээ.

          Шүүгч Л.Золзаяа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 91 дугаар зарлигаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон байх бөгөөд тэрээр шүүгчийн албан тушаалд томилогдохоосоо өмнө Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байсан болох нь шүүгчийн “...миний бие ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль зүйн зөвлөгөө үзүүлэх,” Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэгт, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.С-д хууль зүйн, туслалцаа үзүүлж, үйлчлүүлэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж, ... анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр 11-ний өдрийн 182/ШШ2024/01538 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн...” гэх хариу тайлбар, гэрч Г.С-н “өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын сүүлээр З гэдэг өмгөөлөгч авсан. Энэ өмгөөлөгч нь манай эгчийн өмгөөлөгчөөр нэг хэрэг дээр нь ажиллаж байсан тул надад санал болгоод би түүнээс хууль зүйн туслалцаа авахаар болсон”, “Л.Золзаяа нь 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаан хүртэл өмгөөлөгчөөр ажилласан. Тухайн шүүх хуралдаанд би хуулийн мэдлэггүй учраас Л.Золзаяад итгэмжлэл олгож, шүүх хуралдаанд оролцуулсан” гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

          Тэрээр иргэн Г.С-д 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 23/25 дугаар “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний дагуу хууль зүйн зөвлөгөө өгч, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэгт ... шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн туслалцаа өгч ажиллаж байсан талаар болон шүүгч Л.Золзаяа ... дугаарыг ашигладаг, гэрч Г.С нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө ... дугаарыг ашигладаг эсэх талаар маргаагүй болно.

          Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр шүүгч Л.Золзаяа нь иргэн Г.С-д хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэж үзэхээр байна.

          Тодруулбал, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 124 дүгээр  тойргийн шийдвэр гүйцэтгэгч, хошууч Д.О нь шийдвэр гүйцэтгэлийн 1400839 дугаартай баримтын ажиллагааны явцад өөрийн ... дугаарын гар утаснаас дуудлага худалдааны ялагч буюу иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон иргэн Г.С-н ...  дугаарын гар утсанд холбогдоход утсаа авахгүй байсан бөгөөд зурвас /мессеж/ бичин үлдээхэд “... манай өмгөөлөгч” гэж англи үсгээр бичсэн зурвасыг явуулсан нь Г.С-н “Миний хэргийг хариуцдаг шийдвэр гүйцэтгэгч н.Т гэгч нь өвчтэй байгаад н.О гэх шийдвэр гүйцэтгэгч надтай холбогдсон. Тэрээр надаас хууль, шүүхийн талаар асуугаад байсан. Би хуулийн мэдлэггүй, өмнө нь миний хэрэг дээр ажиллаж байсан, хэргийн талаар мэддэг гэдэг утгаар нь З-н утсыг түүнд өгсөн” гэх мэдүүлэг, шийдвэр гүйцэтгэгч, хошууч Д.О-н 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”-д хавсаргасан баримтаар тус тус тогтоогдож байна.

Улмаар Г.С-н өгсөн дугаар луу шийдвэр гүйцэтгэгч, хошууч Д.О нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 21 минут 35 секундэд холбогдож 99 секунд утсаар ярьжээ.

Тэд дээр дурдагдсан шийдвэр гүйцэтгэлийн баримтын ажиллагааны талаар ярилцсан болох нь шийдвэр гүйцэтгэгч, хошууч Д.О-н “манай гүйцэтгэх баримт бичиг дээр “Э” ХХК-ийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч М.Т нь өвчтэй, чөлөөтэй байх үед би ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгавраар түр хугацаанд тэр хэргийн ажиллагааг хийсэн юм. “Э” ХХК-ийн талаас дуудлага худалдааг хүчингүй болгох тухай шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн хэргийн Улсын дээд шүүхийн тогтоол гараагүй байхад шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрийг бүрэн төлчихсөн. Тэгээд энэ тухай дуудлага худалдааны ялагч болох Г.С-д хэлэх гэтэл утсаа ерөөсөө авахгүй байсан тул зурвас бичсэн. Тэр өдөртөө Г.С-с “... миний өмгөөлөгчтэй холбогд” гээд гар утасных нь дугаар зурвасаар ирсэн. Гэхдээ “өмгөөлөгчтэй холбогд” гэснээс нэрийг нь өгөөгүй. Тэгээд тэр хүнтэй нь ярьтал “... би өмгөөлөгч нь байна, манайх 10-нд мөнгөө төлчихсөн ш дээ” гэхээр нь би “өө тийм үү” гээд тасалж байсан. Энэ тухай тэмдэглэл үйлдээд гүйцэтгэх баримт бичигтээ хавсаргасан. Мөн манай шийдвэр гүйцэтгэлийн 14300839 дугаартай баримт бичигт Г.С-г төлөөлөх, өмгөөлөх этгээд болох Золзаяатай холбоотой баримт байхгүй, тэрээр шүүхэд л төлөөлж байсан юм шиг байна билээ”, “Би Г.С-н өгсөн дугаар луу нь холбогдоод “Г.С-н өмгөөлөгч мөн үү” гэхэд тэр хүн нь “тийм ээ, Золзаяа өмгөөлөгч нь байна” гэсэн”, “2024.10.14-ний өдөр өмгөөлөгчтэй нь ярихад шийдвэр гүйцэтгэгч С-н хажууд гар утсаа чанга яригч дээр тавьж байгаад ярьсан. Мөн энэ хэрэг нь маргаан ихтэй учраас ажиллагааны явц бүрийн мэдээллийг би ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Г.Г, дэд дарга н.Б нарт байнга илтгэж, хэлж мэдээлдэг байсан учраас тэд бас мэдэж байх учиртай”, “Эхлээд ярихад өмгөөлөгч нь байна гэсэн. Дараа нь ярихад шүүгч болсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

Шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.С-н “Тухайн үед манайх тушаалаар уртасгасан цагаар ажиллаж байсан үе байна. Цагийг нь тодорхой санахгүй байгаа ч ажил тарах үед буюу 17-19 цагийн орчимд шийдвэр гүйцэтгэгч Д.О нь “Эрчим артын дуудлага худалдааны ялагч нь дуудаад ирэхгүй, тодорхой хариу өгөхгүй юм, утсаа авахгүй байна. Уул нь орой ирнэ гэсэн хүлээгээд байтал ирдэггүй, ажил тарах гээд байдаг” гэх утгатай зүйлийг манай өрөөнд хэлж, ярьж байсан”, “Г.С-тэй Д.О утсаар билүү зурвасаар холбогдоход Г.С нь “би сайн мэдэхгүй байна, манай өмгөөлөгч” гэх хариу өгөөд нэг утасны дугаар өгсөн. Тэгэхээр нь Д.О тэр утасны дугаараар нь залгаад “Г.С-н өмгөөлөгч мөн үү” гэж асуухад эрэгтэй хүн “тийм байна” гэж хариулж байсан. Тэдний ярьсан ярианы тухайд яг юу гэж ярьсан талаар тодорхой санахгүй байгаа ч агуулгын хувьд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар тэр хүн мэдэж байсан, Г.С-н талын байр суурийг илэрхийлж байсан” гэх мэдүүлэг болон шийдвэр гүйцэтгэгч, хошууч Д.О-н 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”-д “...Золзаяа гэж өмгөөлөгч 2024.10.10-ны өдрийн 12 цаг өнгөрөөж Х банкнаас танай Г банкны данс руу мөнгө шилжүүлсэн. Одоогоор Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүсэлт гаргасан. Хүсэлтийн хариуг бичгээр авна. Очиж уулзах шаардлагагүй гэснийг тэмдэглэж авлаа” гэх бичвэрээр тус тус нотлогдож байна.

Хэдийгээр холбогдох шүүгч Л.Золзаяа нь хариу тайлбартаа “...2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ... дугаараас залгаад Г.С мөн үү, дуудлага худалдааны мөнгөө танайх хэзээ төлсөн, төлбөр төлөгч мөнгөө төлсөн тухай надад мэдэгдсэн ба миний бие Г.С хуульд заасан эрх, үүргээ өөрөө хэрэгжүүлэх байх надад уг хэрэг маргаан хамааралгүй тухай хэлээд утсаа салгаж, дахиад над руу залгах шаардлага байхгүй тухай мэдэгдсэн...” гэх тайлбарыг ирүүлсэн,

гэрч Г.С “2024 оны 4 дүгээр сараас хойш нэг удаа “6 дугаар сард нь давахын шүүх болно” гэж хэлэхээр З руу ярьтал надад “ах нь шүүгч болж байгаа, өөр өмгөөлөгч олж аваарай” гэсэн. Утсаа таслахдаа “хөлсөө өгөөрэй” гэж хэлсэн”, “2024 оны 6 дугаар сард давахын шүүх хурал болно гэж хэлэх гэж залгасныг хэлж байгаа юм. Тэрнээс хойш холбогдоогүй”, “Нэг удаа залгахад аваагүй, хоёр дахь удаагаа залгахад төлбөр мөнгөө хийгээрэй л гэж хэлсэн. Ер нь залгахад утсаа авдаггүй. Хамгийн сүүлд холбогдсон нь дээр дурдсан “давахын шүүх хурал болох” талаар хэлэхээр залгасан тохиолдол юм” гэх мэдүүлэг өгсөн боловч эдгээр нь гэрч Д.О, Б.С нарын мэдүүлэг, Д.О-н “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”-ээс зөрүүтэй байгаа болно.

Өөрөөр хэлбэл шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн “Ю” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12-01/7878 дугаар албан бичгээр ирүүлсэн ... дугаарын гарсан ярианы түүхэд 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 21 минут 39 секундэд шүүгч Л.Золзаяагийн ашигладаг дээрх дугаараас Г.С-н ... гэх дугаар луу залгаж, 52 секунд ярьсан, Г.С-с шүүгч Л.Золзаяа руу мөн өдрийн 18 цаг 33 минут 47 секундэд холбогдож 23 секунд ярьжээ.

Өөрөөр хэлбэл шүүгч Л.Золзаяа нь Г.С-тэй 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 21 минут 39 секундэд утсаар ярьсны дараа Г.С нь шийдвэр гүйцэтгэгч, хошууч Д.О-т 16 цаг 19 минутад зурвасаар шүүгч Л.Золзаяагийн ашигладаг дугаарыг өгч, улмаар шийдвэр гүйцэтгэгч нь тухайн өдрийн 16 цаг 21 минут 35 секундэд шүүгч Л.Золзаяатай ярьсан, шийдвэр гүйцэтгэгчийг “Г.С-н өмгөөлөгч мөн үү” гэхэд шүүгч нь “тийм, өмгөөлөгч нь байна” гэх хариуг өгч, шийдвэр гүйцэтгэлийн баримтын ажиллагааны талаар ярилцсан, Г.С нь 18 цаг 33 минут 47 секундэд шүүгч Л.Золзаяа руу залгаж дахин ярьсан үйл баримт сахилгын хэрэгт авагдсан баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Шүүгчид дараах зүйлийг хориглоно”, 50.1.9 дэх заалтад “өөрийн, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний, эсхүл албан байгууллагын эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх, хууль зүйн зөвлөгөө өгөх”, 50.1.16 дахь заалтад “багшлах болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсрах” гэж тус тус заасан.

Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт "өмгөөллийн үйл ажиллагаа" гэж өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг” ойлгоно гэж томьёолжээ.

Үүнээс үзэхэд “хууль зүйн зөвлөгөө өгөх” гэдгийг хэн нэгэн этгээдийн нөхцөл байдалд эрх зүйн онол, хуулийн мэдлэг, чадвар шаардагдсан тохиолдолд хуульч зөвлөгөө өгч, тухайн этгээдийн өмнө эрх, үүргийг үүсгэн, уг этгээдийг шаардлагатай ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийхийг санал болгодог. Өөрөөр хэлбэл хэн нэгэн этгээдэд аливааг хэрхэн хийх вэ гэдгийг хэлэхээс илүүтэй юу хийхийг нь шууд байдлаар зааж зөвлөх юм. Мөн үйлчлүүлэгч буюу иргэн, байгууллага, хуульч, өмгөөлөгчийн хоорондын харилцаа нь бичгээр хийсэн гэрээний үндсэн дээр үүсдэг.

Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад иргэн Г.С, өмгөөлөгч /одоо шүүгч/ Л.Золзаяа нарын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 23/25 дугаар “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулагдсан бөгөөд шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх баримтад иргэн Г.С нь өмгөөлөгч Л.Золзаяагаас татгалзсан ямар нэгэн баримт өгөөгүй болох нь шийдвэр гүйцэтгэгч, хошууч Д.О-н “Г.С-с “миний өмгөөлөгчтэй холбогд” гээд дугаар нь зурвасаар ирсэн... Мөн манай шийдвэр гүйцэтгэлийн 14300839 дугаартай баримт бичигт Г.С-г төлөөлөх, өмгөөлөх этгээд болох Золзаяатай холбоотой баримт байхгүй, тэрээр шүүхэд л төлөөлж байсан юм шиг байна билээ” гэх мэдүүлэг, түүний үйлдсэн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”-д хавсаргасан баримтаар тус тус тогтоогдож байна.

Иймд холбогдох шүүгч Л.Золзаяагийн дээрх үйлдлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар 50.1.9 дэх заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзлээ.

Харин шүүгч Г.Золзаяагийн дээрх үйлдэл нь мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.16 дахь заалтад хамаарахгүй. Учир нь шалгах ажиллагааны явцад шүүгчийн ашигладаг ... дугаарын орсон, гарсан дуудлагын түүхийг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулсан бөгөөд тэрээр Г.С-тэй 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2 удаа гар утсаар ярьснаас өөрөөр холбогдоогүй байна.

Түүнчлэн шалгах ажиллагааны явцад шүүгч Л.Золзаяа нь ... шүүхийн шүүгч З.Б-н хажууд гар утасны чанга яригчаар шийдвэр гүйцэтгэгч, хошууч Д.О-н ... дугаарын утас руу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг 05 минут 01 секундээс эхлэн 129 секунд ярьжээ.

Шийдвэр гүйцэтгэгч, хошууч Д.О-н “бүүр сүүлд Золзаяа нь надтай ярьсан. Тэрээр “би өмнө нь гуравдагчаар оролцсон Г.С-н өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд төлөөлж байсан. Одоо шүүгч болсон” гэхэд нь би “өө, шүүгч байсан юм уу, би мэдээгүй ш дээ” л гэдэг яриа болсон” гэх мэдүүлэг,

шүүгч З.Б-н “Өдрийг нь санахгүй байна. Гэхдээ нэг өдөр ажлын өрөөндөө шийдвэр бичиж байхад шүүгч Л.Золзаяа орж ирээд “намайг өмгөөлөгч байхад миний хууль зүйн туслалцаа өгч байсан үйлчлүүлэгчийн нөгөө талын хүн рүү шийдвэр гүйцэтгэгч нь яриад “танай нөгөө талын чинь хүний өмгөөлөгч нь шүүгч болчихсон юм байна ш дээ” гэж шийдвэр гүйцэтгэгч нь ярьсан байх юм, яах вэ? Би тэгээгүй юм аа” гэхэд нь би “ёстой мэдэхгүй юм даа, зүгээр орхивол яадаг юм. Үнэн худлаа нь мэдэгдэхгүй юманд хөөцөлдөөд яах вэ дээ” гээд орхичихгүй юу даа гэх агуулгаар хэлсэн. Тэгээд шүүгч Л.Золзаяа “ер нь шийдвэр гүйцэтгэгчтэй нэг яриадахъя” гээд гар утсаар чанга яригч дээр тавьж залгасан. Би тухайн үед юм бичиж байсан болохоор ач холбогдол өгч анхаараагүй ч гэсэн шүүгч Л.Золзаяа чанга яригч дээр нь тавиад өөрөө залгах шиг болсон”, “шүүгч Л.Золзаяа “та юу яриад байгаа юм бэ, би ерөөсөө яриагүй ш дээ” гэхэд шийдвэр гүйцэтгэгч нь “би тэгж хэлээгүй дээ, би бүүр таныг шүүгч болсон гэж ч мэдээгүй ш дээ” гэж хариулж байсан. Шүүгч тэгэхэд нь “тийм үү, тэгвэл тийм яриа дуулдаад байна” гэж хэлж байсан”, “шүүгч Л.Золзаяа нь хөтөлж ярьсан зүйл огт болоогүй, зүгээр л хоорондоо ярьж байсан” гэх мэдүүлэг,

иргэн Г.С-н “2024 оны 4 дүгээр сараас хойш нэг удаа “6 дугаар сард нь давахын шүүх болно” гэж хэлэхээр З руу ярьтал надад “ах нь шүүгч болж байгаа, өөр өмгөөлөгч олж аваарай” гэсэн. Утсаа таслахдаа “хөлсөө өгөөрэй” гэж хэлсэн” гэх мэдүүлгүүдээс үзэхэд Г.С-д хууль зүйн зөвлөгөө өгч, шүүгчийн албан тушаалыг хашихын хамт өмгөөлөгчийн үйл ажиллагааг хавсран гүйцэтгэсэн гэж үзэхгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл ... шүүхийн шүүгч Л.Золзаяа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9 дэх заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлт үйлдэв.” гэжээ.

Холбогдох шүүгч Л.Золзаяа тайлбартаа:

“Миний бие 2015 оноос 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх  хугацаанд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 91 дүгээр зарлигаар ... шүүхийн шүүгчээр томилогдож ажиллаж байна.

Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 23/25 дугаар “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль зүйн зөвлөгөө үзүүлэх, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Г.С-д хууль зүйн, туслалцаа үзүүлж, үйлчлүүлэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж, ... шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/01538 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Улмаар ... давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд миний бие шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн тул уг шүүх хуралдаанд өөрийн санаачилгаар оролцохоос татгалзаж, үйлчлүүлэгчээс өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс шаардахаас бусдаар огт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй болно. 2024 оны 7 дугаар сард ХОМ-д Г.С-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл хөлсийг авлагад мэдүүлсэн болно.

“Э” ХХК-ийн гомдолд “... шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтанд өмгөөлөгч нь байна гэж утсаар ярьсан, Г.С-тэй ярихад өөрийн өмгөөлөгч Л.Золзаяагаас зөвлөгөө аваад уулзъя...” гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.9, 50.1.16-д заасныг тус тус зөрчсөн тухай дурджээ.

2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 89086122 дугаараас Г.С мөн үү, дуудлага худалдааны мөнгөө танайх хэзээ төлсөн, төлбөр төлөгч мөнгөө төлсөн тухай надад мэдэгдсэн ба миний бие Г.С хуульд заасан эрх, үүргээ өөрөө хэрэгжүүлэх байх надад уг хэрэг маргаан хамааралгүй тухай хэлээд утсаа салгаж, дахиад над руу залгах шаардлага байхгүй тухай мэдэгдсэн.

2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр н.Ц гэх хүн ... дугаараас залган “...танай ажил дээр ирсэн байна. Надтай уулз, чи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шүүгч байна гэж нөлөөлсөн...” гэж гүтгэж, өөртэйгөө уулзахыг шаардсан ба тайлбарлаж хэлээд уулзаагүй болно.

Маргааш нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс яагаад үнэнээс зөрсөн мэдээлэл төлбөр төлөгчид өгсөн болохыг тодруулахаар ... дугаарт залган би өөртэй чинь шүүгч байна, өмгөөлөгч байна гэж залгасан удаагүй, өөрөө над руу Г.С мөн үү гэж ярьсан тухай хэлтэл шийдвэр гүйцэтгэгч “...би огт тийм зүйл яриагүй, өөрийг чинь огт харж байгаагүй, би төлбөр төлөгчид тийм зүйл хэлээгүй...” тухай ярьсан. Уг яриаг чанга яригч дээр тавьж ярьсан ба хажууд шүүгч З.Б байсан болно.

н.Ц нь 2024 оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд ... дугаараас “Ц байна. Шүүгч хууль зүйн зөвлөгөө үзүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, авлигад зуучилсан, өгсөн, авсан Шүүхийн сахилгын хороонд өгч ажилгүй болгоно. Авлигатай тэмцэх газар өгч шалгуулна гэж дарамталж, элдэв зүйл зохиож ажил ч тайван хийлгэхээ байсан.

Мөн танай Г.С чинь чамайг өмгөөлөгч хэвээрээ байгаа мэтээр санаанаасаа элдэв зүйл зохиож дайрах болсон ба миний хувьд Г.С тэгж хэлсэн бол тэр хүнтэйгээ наад асуудлаа ярь би Г.С-д хууль зүйн зөвлөгөө өгсөн зүйл огт байхгүй тухай удаа дараа тайлбарлаж хэлсэн.

Г.С нь ... шүүхэд хянан хэлэлцсэн хэрэг маргаантай холбоотой өөрийн мэдэхгүй зүйлийг мэдэж байгаа хүнээс лавла гэж хэлсний төлөө намайг өмгөөлөгчөөр ажиллаж байгаа мэтээр үнэнээс огт зөрсөн гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Миний бие шүүгч болсон цаг хугацаанаас хойш иргэн, хуулийн этгээдэд хууль зүйн зөвлөгөө, туслалцаа  үзүүлээгүй ба өмнө хийж гүйцэтгэж байсан ажил үүрэгтэй холбоотой төрийн байгууллагад төлөөлөх, нөлөөлөх аливаа үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй болохыг хариуцлагатай мэдэгдье.

Иймд шүүгч Г.Золзаяа миний бие Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, Г.С-д давуу байдал олгон албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, хэтрүүлсэн үйлдэл гаргаагүй тул өргөдөл гаргагч “Э” ХХК-ийн гаргасан өргөдөлд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч “Э” ХХК-ийн захирал Ч.Ц-с “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтантай 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өмгөөлөгч нь байна гэж ярьж хууль зөрчин, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, өмгөөлөгчийн ажил давхар хийж байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9, 50.1.16-д заасныг зөрчсөн” гэж өргөдөл гаргажээ.

Шүүхийн сахилгын хорооны гишүүн холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулаад, шүүгч Л.Золзаяаг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.16-д заасан зөрчлийг гаргаагүй гэж, харин хуулийн 50.1.9-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэж, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ГНД/2024/0033 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг үйлджээ.

Нэг. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9-д заасан зөрчлийг гаргасан гэх тухайд;

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “Э” ХХК нь иргэн, аж ахуйн нэгжид төлөх өр төлбөрийг барагдуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж, тус компанийн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулахад иргэн Г.С ялагчаар тодорчээ.

Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар гаргасан “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэгт Г.С нь Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Л.Золзаяа /одоо шүүгч/-тай 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 23/25 дугаар “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдээр оролцож, ... шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/01538 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “Э” ХХК-иас гаргасан гомдлыг ... давж заалдах шатны шүүхэд хэлэлцэх ажиллагааны явцад Л.Золзаяа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 91 дүгээр зарлигаар ... шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогджээ.

Шүүгч нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д зааснаар төрийн тусгай албан тушаалтан болохынхоо хувьд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д тус тус зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарч хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлж, шүүгчийн хуулиар олгосон бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлд нийцүүлэн ажиллах үүрэгтэй.

Гэвч шүүгчийн албан тушаалд томилогдсоныхоо дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтантай Г.С-н өмгөөлөгчийн хувиар харилцсан гэж өргөдөлд дурдсан бөгөөд илтгэгч гишүүнээс явуулсан шалгах ажиллагааны хүрээнд дээрх үйлдэл нь баримтаар тогтоогдсон тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар 50.1.9 дэх заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, Г.С нь шүүгч Л.Золзаяагийн утасны дугаарыг өмгөөлөгчийнхөө дугаар гэж шийдвэр гүйцэтгэгчид явуулсан зурвас, энэ талаар нотлон мэдүүлсэн Г.С-н гэрчийн мэдүүлэг, шүүгч Л.Золзаяатай 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр утсаар харилцсан гэх Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 124 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, хошууч Д.О-н мэдүүлэг, утсаар ярьсан яриаг тэмдэглэн баталгаажуулсан “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, утсаар ярихад нь хажууд нь байсан гэх шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.С-н мэдүүлэг, “Ю” ХХК-иас шүүгч Л.Золзаяагийн гар утасны дугаарын гадагш залгасан бүртгэлийн лавлагаа зэргээс үзэхэд шүүгч Л.Золзаяа нь Г.С-тэй 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 21 минут 39 секундэд утсаар ярьсны дараа Г.С нь шийдвэр гүйцэтгэгч, хошууч Д.О-д 16 цаг 19 минутад зурвасаар шүүгч Л.Золзаяагийн ашигладаг дугаарыг өгсөн, шийдвэр гүйцэтгэгч нь тухайн өдрийн 16 цаг 21 минут 35 секундэд шүүгч Л.З-тэй утсаар ярьсан, Г.С нь 18 цаг 33 минут 47 секундэд шүүгч Л.З руу залгаж дахин ярьсан үйл баримт тогтоогджээ.

Харин Г.С-с гэрчийн мэдүүлэг авах үед шүүгч Л.Золзаяатай хамгийн сүүлд хэзээ холбогдсон талаар нь асуухад “... 2024 оны 4 дүгээр сараас хойш нэг удаа “6 дугаар сард нь давахын шүүх болно” гэж хэлэхээр З руу ярьтал надад “ах нь шүүгч болж байгаа, өөр өмгөөлөгч олж аваарай” гэсэн. Утсаа таслахдаа “хөлсөө өгөөрэй” гэж хэлсэн, ... тэрнээс хойш холбогдоогүй ...” гэж мэдүүлсэн боловч гар утасны дугаарын бүртгэлээс үзэхэд 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 21 минут 39 секундэд, 18 цаг 33 минут 47 секундэд тус тус утсаар ярьсан байх тул түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

Мөн шийдвэр гүйцэтгэгч Д.О-н “... би өмгөөлөгч нь байна, манайх 10-нд мөнгөө төлчихсөн ш дээ” гэхээр нь би “өө тийм үү” гээд тасалж байсан, ... Би Г.С-н өгсөн дугаар луу нь холбогдоод “Г.С-н өмгөөлөгч мөн үү” гэхэд тэр хүн нь “тийм ээ, Золзаяа өмгөөлөгч нь байна” гэсэн” гэх мэдүүлэг болон түүний бичиж тэмдэглэсэн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”-д “... НШШГГазар 401 тоот өрөөнд шийдвэр гүйцэтгэгч Д.О миний бие албадан дуудлага худалдааны ялагч С-тэй ... дугаарт холбогдоход “... манай өмгөөлөгчтэй холбогд” гэсний дагуу холбогдоход Золзаяа гэж өмгөөлөгч “манайх 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг өнгөрөөгөөд Х банкнаас Танай Г банкны данс руу мөнгө шилжүүлсэн. Одоогоор Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүсэлт гаргасан. Хүсэлтийг хариуг бичгээр авна. Очиж уулзах шаардлагагүй” гэснийг тэмдэглэж авлаа” гэж тэмдэглэл үйлдсэн боловч үүнийг үгүйсгэж шүүгч Л.З “...2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ... дугаараас залгаад Г.С мөн үү, дуудлага худалдааны мөнгөө танайх хэзээ төлсөн, төлбөр төлөгч мөнгөө төлсөн тухай надад мэдэгдсэн ба миний бие Г.С хуульд заасан эрх, үүргээ өөрөө хэрэгжүүлэх байх надад уг хэрэг маргаан хамааралгүй тухай хэлээд утсаа салгаж, дахиад над руу залгах шаардлага байхгүй тухай мэдэгдсэн...” гэх тайлбарыг ирүүлсэн.

Дээрх байдлаар шүүгч Л.Золзаяа болон шийдвэр гүйцэтгэгч Д.О нарын хооронд “Э” ХХК-ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар ярьсан эсэх талаарх зөрүүтэй байдал үүссэнийг илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.3-д заасан шалгах ажиллагааг явуулж, Д.О нь шүүгч Л.Золзаяатай утсаар ярих үед хажууд нь хамт байсан гэх шийдвэр гүйцэтгэгч Б.С-гээс гэрчийн мэдүүлэг авахад “... Д.О тэр утасны дугаараар нь залгаад “Г.С-н өмгөөлөгч мөн үү” гэж асуухад эрэгтэй хүн “тийм байна” гэж хариулж байсан. Тэдний ярьсан ярианы тухайд яг юу гэж ярьсан талаар тодорхой санахгүй байгаа ч агуулгын хувьд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар тэр хүн мэдэж байсан, Г.С-н талын байр суурийг илэрхийлж байсан ...” гэж мэдүүлжээ.

Шийдвэр гүйцэтгэгч Д.О, Б.С нарын мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй тул “баттай үнэн” гэж үзэх нь тэдгээр гэрчүүд нэг байгууллагад хамт ажилладаг гэх утгаараа нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх зарчимд нийцэхгүй боловч бичмэл нотлох баримт болох шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд дуудлага худалдааны төлбөрийг хэзээ, хэрхэн төлсөн, гаргасан хүсэлтийнхээ хариуг хэрхэн авах талаар тодорхой ярьсан мэдээллийг бичиж тэмдэглэн, үүнийг үнэн зөв болохыг батлан шийдвэр гүйцэтгэгч гарын үсгээ зуран албаны тэмдгээ даран баталгаажуулсан, энэ нь шийдвэр гүйцэтгэлийн материалд авагдсаныг өргөдөл гаргагч өргөдөлдөө хавсарган ирүүлсэн зэргээр шүүгч Л.Золзаяа нь өөрийн хууль зүйн туслалцаа үзүүлж, зөвлөгөө өгч оролцож байсан хэргийнхээ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Г.С-г төлөөлөн харилцсан болох нь тогтоогдсон гэж үзлээ.

Түүнчлэн, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан зүйлсийг зохиомлоор бичих боломжгүй ба шийдвэр гүйцэтгэгчийн хувьд “өмгөөлөгч” Л.Золзаяатай харилцсан талаар үндэслэл бүхий баримт болгож тэмдэглэл үйлдсэн нь “шүүгч”-тэй харилцсан харилцаа биш гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд шүүгч Л.Золзаяа нь дуудлага худалдааны төлбөрийг төлсөн болон Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүсэлт өгсөн талаарх мэдээллийг хэлсэн, үүгээрээ Г.С-н ашиг сонирхлыг илэрхийлэн, түүний өмнөөс хууль зүйн харилцаанд оролцсон үйлдэл нь сахилгын зөрчилд хамаарна.

Мөн Г.С нь “... Д.О гэх шийдвэр гүйцэтгэгч надтай холбогдсон. Тэрээр надаас хууль, шүүхийн талаар асуугаад байсан. Би хуулийн мэдлэггүй, өмнө нь миний хэрэг дээр ажиллаж байсан, хэргийн талаар мэддэг гэдэг утгаар нь Золзаяагийн утсыг түүнд өгсөн ...” гэж мэдүүлсэн бөгөөд Г.С-д үүссэн хууль зүйн асуудлыг шүүгч Л.Золзаяа нь дээрх үйлдлээрээ шийдвэрлэж өгснийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар 50.1.9-д заасан “хууль зүйн зөвлөгөө өгөх” үйлдэлд хамруулна.

Учир нь Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хууль зүйн зөвлөгөө өгөх үйлдэл нь хууль зүйн туслалцааны төрөлд хамаарах ба хууль зүйн асуудлаар биечлэн, цахимаар болон харилцаа холбооны хэрэгслээр зөвлөгөө, мэдээлэл өгөх хэлбэртэй байхаар заасан тул 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Г.С-тэй утсаар харилцаж хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжийг бүрдүүлж, улмаар шийдвэр гүйцэтгэгчтэй холбогдон Г.С-н эрхийг хангах идэвхтэй үйлдэл хийсэн гэж үзнэ.

Иймд илтгэгч гишүүн сахилгын хэрэгт цугларсан баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэснийг хүлээн авах нь зүйтэй байна.

Хоёр. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.16-д заасан зөрчлийг гаргаагүй гэх тухайд;

Шүүгч Л.Золзаяа нь дээрх байдлаар Г.С-д хууль зүйн зөвлөгөө өгснийг давхар ажил эрхлэх хязгаарлалтад хамруулж, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарсан гэж үзэхгүй.

Тодруулбал, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу өмгөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа оролцож байгаад шүүгчийн албан тушаалд томилогдсонтой холбоотойгоор тус хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болох нь гэрч Г.С-н “... 2024 оны 04 дүгээр сараас хойш нэг удаа “6 дугаар сард нь давахын шүүх хурал болно” гэж хэлэхээр З руу ярьтал надад “ах нь шүүгч болж байгаа, өөр өмгөөлөгч олж аваарай” гэсэн. Утсаа таслахдаа “хөлсөө өгөөрэй” гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг, шүүгч Л.Золзаяагийн “... 2024 оны 07 дугаар сард ХОМ-д Г.С-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл хөлсийг авлагад мэдүүлсэн ...” гэх тайлбар, Г.С-тэй 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2 удаа гар утсаар ярьснаас өөрөөр холбогдоогүй болохыг нотлох гар утасны дугаарын дуудлагын жагсаалт зэргээр тогтоогджээ.

Хэдийгээр Г.С-тэй байгуулсан 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 23/25 дугаар “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” нь хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол гарах хүртэл хүчинтэй байх /тус гэрээний 1.2 дахь заалт/-аар заасан, мөн шийдвэр гүйцэтгэлийн баримт бичигт өмгөөлөгч оролцохгүй болсон талаарх баримт байхгүй, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн үйл явдал зэргээр шүүгчийг шууд өмгөөллийн үйл ажиллагааг хавсран гүйцэтгэсэн гэж үзэхэд учир дутагдалтай.

Учир нь Л.Золзаяа нь шүүгчийн албан тушаалд томилогдсоноос хойш  Г.С-д хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг тасралтгүй үзүүлж, үүнийхээ төлөө төлбөр авч ажиллаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй буюу үндсэн ажлынхаа хажуугаар зохих зөвшилцөл, гэрээний дагуу болон өөр бусад хэлбэрээр өмгөөллийн  үйл ажиллагаанд оролцоогүй, мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр цалин, хөлс авч ажиллаагүй, Г.С-д хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй болсон талаараа тодорхой илэрхийлсэн, үүнтэй хэн аль нь маргаагүй зэргээр үгүйсгэгдэж байна.

Иймд, илтгэгч гишүүн “Г.С-д хууль зүйн зөвлөгөө өгч, шүүгчийн албан тушаалыг хашихын хамт өмгөөлөгчийн үйл ажиллагааг хавсран гүйцэтгэсэн гэж үзэхгүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.16-д заасан зөрчилд хамаарахгүй” гэж үзсэнийг хүлээн авах нь зүйтэй байна.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9-д заасан зөрчлийг гаргасан гэж үйлдсэн дүгнэлтийг хүлээн авч, сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар болон бусад нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяад сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ГНД/2024/0033 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9, 57 дугаар зүйлийн 57.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан... шүүхийн шүүгч Л.Золзаяад “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

                 ДАРГАЛАГЧ                                    Х.ХАШБААТАР

                        ГИШҮҮН                                          Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                  Г.ЦАГААНЦООЖ