info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2025-02-18

Дугаар 6

Улаанбаатар хот

 

Сахилгын шийтгэл оногдуулсан

магадлалын тухай

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Б.Сугар, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь, холбогдох шүүгч Т.Батжаргал, ажиглагчаар өргөдөл гаргагч Ү.Д нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн СХМ/2025/0001 дугаар магадлалтай, шүүгч Т.Батжаргалд холбогдох сахилгын хэргийг түүний гаргасан гомдлоор хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Ү.Д-гээс одоо Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргалд холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ГЗҮ/2023/0119 дугаартай захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ГНД/2024/0002 дугаартай гишүүний дүгнэлтээр шүүгч Т.Батжаргалыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үзэн нотлох дүгнэлт үйлджээ.

Үндсэн хуулийн цэцэд Монгол Улсын шүүхийн тухайн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар өргөдөл мэдээлэл ирүүлснийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн хүлээн авч, 2023 оны 67 дугаар тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэнтэй холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ГЗБ/2024/0045 дугаар гишүүний захирамжаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны 23 дугаар магадлалаар маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ГЗБ/2024/0632 дугаар гишүүний захирамжаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байна.

Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн СХМ/2025/0001 дугаар магадлалаар дээрх нотлох дүгнэлтийг хэлэлцээд, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57.1.7-д заасныг баримтлан Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргалд цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулжээ.

Холбогдох шүүгч Т.Батжаргал магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:

“ ... 1. Прокурорт даалгасан ажиллагааг хийгдээгүй байхад хэргийг хянан хэлэлцсэн нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэх нотлох дүгнэлтийг хүлээн авсан тухайд:

2022.11.21-ний өдрийн шүүх хуралдаанаас нотлох баримт шинжлэн судалж, талуудын мэтгэлцээнээс шүүгчээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж дахин үнэлгээ гаргуулахаар шинжилгээний байгууллага томилсон байх бөгөөд хэрэг хэлэлцэх шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар буюу 2023.01.19- ний өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн байна.

2023.01.19-ний өдрийн 10:00 цаг хүртэл хойшилсон шүүх хуралдаан болоход шүүгдэгч Н.Наранбадрах өвчтэй гэх үндэслэлээр ирээгүйгээс гадна Н.Н "И " ХХК-ийн үнэлгээний тайлан гаргасан хөлсийг өгөөгүй зэрэг асуудлууд яригдаж шүүх хуралдаан 2023.02.10-ны 10:00 цаг хүртэл хойшилсон байна. Үүнээс харахад шинжээчийн дүгнэлт шүүгдэгч Н.Н-ын төлбөр төлөөгүйтэй холбоотой ирээгүй байна. /2023.01.19-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж хавсаргав/ 2023.02.10-ны өдрийн шүүх хуралдаан болоход шүүгдэгч нэмж А.Г өмгөөлөгчийг авсан байх бөгөөд мөн л шинжээчийн төлбөр мөнгөний асуудал яригдах бөгөөд энэ өдрийн шүүх хуралдаанаар Н.Н-ыг албадан ирүүлэхээр, "И" ХХК-ийг үнэлгээний тайлангаа шүүхэд ирүүлэхийг даалгаж шүүх хуралдааныг 2023.3.13-ны өдөр хүртэл хойшилсон байна. /Хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжийн хуулбар хавсаргав. Үнэлгээний тайланг 2023.3.09-ний өдөр тус шүүхэд 5 сая төгрөгийн нэхэмжлэлийн хамт ирүүлсэн байна.

Сахилгын хорооны гишүүн шүүгчийг шүүгдэгч Н.Н-д шинжээчийн дүгнэлт танилцуулаагүй гэж дүгнэсэн байх боловч тэрээр 2 өмгөөлөгчтэй өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлттэй хангалттай танилцсан талаараа шүүх хуралдаанд танилцуулсан, шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлтийг талууд нотлох баримтаар шинжлэн судалсан. Мөн Н.Н дахин шинжээчийн дүгнэлт гаргахад очоогүй, утсаа авдаггүй, утсаа авахаараа үг хэлээр доромжилдог талаар талууд тайлбартаа хэлсэн байна. /Шүүгдэгч Н.Н ямар ч баримт бичиг дээр гарын үсэг зурахгүй гээд зурдаггүй/

Шүүгдэгч Н.Н болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлттэй танилцсан танилцаагүй талаар гомдол хүсэлт тавьдаггүй мөн маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна. 6. Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас хэрэг хэлэлцэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж ажиллагаа хийхэд хэргийн зүйлчлэл хүндэрсэн, зүйлчлэл өөрчлөгдсөн тохиолдолд шүүгдэгчид мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа явуулахаар ойлгогдох тул шүүгдэгч Н.Н-д холбогдох хэргийг шинжээчийн дүгнэлт ирсний дараа шийдвэрлэхдээ хохирлын хэмжээ нэмэгдэж зүйлчлэлд нөлөөлөөгүй зүйлчлэл өөрчлөгдөөгүй байсан тул улсын яллагч дахин яллах дүгнэлт үйлдээгүйг шүүгчийн зүгээс буруу гэж үзээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж ажиллагаа хийхэд шүүгдэгчид өмнө сонсгосон зүйл анги хүндэрсэн, нэмж зүйл анги сонсгосон тохиолдолд яллах дүгнэлт үйлдэнэ бусад тохиолдолд яллах дүгнэлт үйлдэхгүй байж болно. Шүүгчийн зүгээс Прокурорт даалгасан ажиллагааг хийгдээгүй байхад хэргийг хянан хэлэлцсэн гэж үзэх үндэслэлгүй.

2.Яллах дүгнэлт гардуулаагүй хэргийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэх дүгнэлтийг хүлээн авсан тухайд:

Давж заалдах шатны шүүхийн 2023.6.28-нй өдрийн ... дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн 2023.3.20-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоол хүчингүй болж хэрэг 2023.9.26-ны өдөр тус шүүхэд ирсэн байх бөгөөд шүүгчийн 2023.9.27-ний өдрийн 1003 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны товыг 2023.10.04-ний өдрийн 09:00 цагт товлож энэ өдрийн шүүх хуралдаанаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагаа буюу яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгчид гардуулахаар хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хойшлуулж, 2023.10.16-ны өдрийн 10:00 цагт хянан хэлэлцэхээр товлосон байна. /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйл, мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг нь хоёр өөр зохицуулалт бөгөөд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар хэргийг прокурорт буцаагаагүй тул хэрэг прокурорын газар хүргэгдэхгүй/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд заасан "Шүүх хуралдааныг хойшлуулах" зохицуулалт нь хэргийн хянан хэлэлцэх хугацааг сунгаж буй үйл ажиллагаа бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14 дэх хэсэгт заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхийг даалгасан тохиолдолд прокурор хавтаст хэргийн материалыг буцаан авах шаардлагагүй, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид заасан ажиллагааг тогтоосон хугацаанд гүйцэтгүүлж, биелэлтийг тооцон, шүүх хуралдаанд хэлэлцүүлнэ. /Монгол улсын Ерөнхий Прокурорын газрын 2022.7.04-ны 1/111 албан тоотын 8 дахь заалт/

Хяналтын прокурор шүүгдэгч Н.Н-ыг яллах дүгнэлт авахгүй гэсэн талаар танилцуулсан бөгөөд 2023.10.16-ны өдөр 10:00 цагт шүүх хуралдаанаа эхлүүлэхээр танхимд орж ирэхэд улсын яллагч яллах дүгнэлтийг шүүгдэгчид өгсөн талаар танилцуулсан. Ингээд шүүх хуралдаанаа нээхэд Н.Н өмгөөлөгч Б.А-г авсан гэх бөгөөд өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж шүүх хуралдаан 2023.11.01-ний өдрийн 10:00 цаг хүртэл хойшилсон. 2023.11.01-ний өдрийн шүүх хуралдаан болоход өмгөөлөгч Б.А "Шүүх хуралдаанд Н.Н-ын ар гэр намайг шүүх хуралдаанд оролцуулахгүй гэж мэдэгдсэн тул би шүүх хуралдаанд оролцохгүй гэнэ", Н.Н "энэ асуудлыг би мэдэхгүй байна, миний зүгээс өмгөөлөгчөөс татгалзсан зүйл байхгүй өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцоно, мөн нэмж Б.Б-г өмгөөлөгчөөр авна" гэснээр шүүх хуралдаан 2023.11.13-ны өдрийн 9:00 цаг хүртэл хойшилно.

Ингээд 2023.11.13-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч янз бүрийн тайлбар гаргана, шүүгчээс татгалзана янз бүр болж байгаад шүүх хуралдаан үргэлжилнэ. Энэ өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн "би яллах дүгнэлтийг өмгөөлөгчтэйгөө авна гэхэд одоо авахгүй бол болохгүй гэж хэлээд өгсөн." гэх мэдүүлгээр шүүгдэгчид яллах дүгнэлт өгсөн гэдэг нь тогтоогддог. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө яллах дүгнэлтээ 2023.10.16-ны өдөр гардаж авснаас хойш 28 хоногийн дараа шүүх хуралдаан хийсэн. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс яллах дүгнэлт авсан аваагүй талаар маргадаггүй.

Иймд шүүгч Т.Батжаргал би, хууль зөрчөөгүй гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд иргэн н.Д-ийн гомдлын дагуу үйлдсэн Сахилгын хорооны гишүүний 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ГНД/2024/0002 дугаартай "Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт"-ийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр хянан хэлэлцэж дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч, Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан СХМ/2024/0001 дугаартай магадлалаар "цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах" сахилгын шийтгэл оногдуулсанд миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Холбогдох шүүгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

  1. Сахилгын хэргийн тухайд:

Иргэн Ү.Д-гээс шүүгч Т.Батжаргалд холбогдуулан гаргасан өргөдөл нь зохих журмын дагуу Шүүхийн сахилгын хорооны гишүүнд хуваарилагдаж, гишүүний 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ГЗҮ/2023/0119 дугаар захирамжаар шүүгч Т.Батжаргалд сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулаад 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ГНД/2024/0002 дугаартай холбогдох шүүгчийг " ... 4 үндэслэлээр Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, нотлох дүгнэлт үйлджээ.

Нотлох дүгнэлтийг Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хянан хэлэлцсэн СХМ/2025/0001 дугаар магадлалаар “ ... шүүгч Т.Батжаргалыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж дүгнэсэн нотлох дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч,

... Прокурорт даалгасан ажиллагаа хийгдээгүй байхад хэргийг хянан хэлэлцсэн нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн, ... Яллах дүгнэлт гардуулаагүй хэргийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж дүгнэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57.1.7-д зааснаар шүүгч Т.Батжаргалд цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Шүүхийн сахилгын хорооны магадлалд дурдсан дээрх 2 үндэслэлийг шүүгч Т.Батжаргал эс зөвшөөрч байх тул гомдлын бусад үндэслэлд хянан үзэх хуралдаанаас дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

  1. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

2.1. Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Н.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 415 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

            Тус хэргийг Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хэрэг хуваарилах журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Т.Батжаргал томилогдсоноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

            Хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд ... дүгээр шүүгчийн захирамжаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, хэрэгт шинжээчээр “И ХХК-г томилж, захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэж, хугацаанд нь ирүүлэхийг хяналтын прокурор Н.Ц-т даалгаж” шийдвэрлэжээ.

            Гэтэл шүүгчийн захирамжид заасан ажиллагааг гүйцэтгээгүй буюу шинжээчийн дүгнэлт гараагүй байхад хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6-д заасан илт тодорхой заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн магадлалд үндэслэлтэй байна.

            Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6-д “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж заасан.

            “И” ХХК-с 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарган шүүхэд ирүүлсэн байх бөгөөд дүгнэлтийг үндэслэн прокуророос яллах дүгнэлтэд зохих өөрчлөлт оруулан шүүгдэгчид дахин гардуулах ажиллагаа хийгдсэний дараа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь дээрх хуульд нийцэх байсан.

            Гэтэл шүүгч Т.Батжаргал нь шүүгдэгч Н.Н-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн хойшлуулсан атлаа шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа хийгдээгүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нь тус хуулийг зөрчсөн нь тогтоогдож байх тул Сахилгын хорооны магадлал үндэслэл бүхий байна.

            2.2. Дээр дурдсан шүүгчийн хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүхээс “ ... шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгчид танилцуулаагүй, прокуророос дахин яллах дүгнэлт гаргуулан хэрэгт хавсарган шүүгдэгчид гардуулалгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийтгэх тогтоол гаргасан нь буруу, ...хэргийг оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил гаргасан” гэж дүгнээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

            Шүүгч Т.Батжаргал хэргийг тус шүүхийн хэрэг хуваарилах журмын дагуу хүлээн авч, шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ...  дүгээр захирамжаар давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийж гүйцэтгэхийг хяналтын прокурорт даалгасан.

            Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 415/А дугаар яллах дүгнэлтийг үйлдэн шүүхэд хүргүүлсэн ба тус дүгнэлтийг шүүгдэгчид гардуулаагүй сахилгын хэрэгт авагдсан илтгэгч гишүүний эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл болоод тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

            Гэтэл шүүгч Т.Батжаргал нь хэргийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгчид яллах дүгнэлт гардуулах ажиллагааг хийлгэх бус өөр үндэслэлээр буюу өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан нь тогтоогдож байна.

2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүгч Т.Батжаргалаас нэмэлт тайлбартаа хавсарган Прокурорын ... дугаартай яллах дүгнэлтийг шүүгдэгчид гардуулсан талаарх баримтыг ирүүлсэн боловч түүнээс өмнө буюу 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тухайн эрүүгийн хэрэгт илтгэгч гишүүн үзлэг хийхэд Прокурорын ... дугаартай яллах дүгнэлтийг шүүгдэгч Н.Н-д гардуулсан эсэх тэмдэглэл хийгдээгүй байсан нь сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул тус баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэн нь зөв дүгнэлт хийсэн байна.

Дээрх үйл баримтыг сахилгын хорооны магадлалаар шүүгч Т.Батжаргал нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар прокурорын яллах дүгнэлтийг шүүгдэгч гардаж аваагүй байхад хэргийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3, 32.10 дугаар зүйлийн 6, 34.14 дүгээр үйлийн 1-д заасныг тус тус зөрчсөн нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6-д заасан “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэх хуулийн заалт нь шүүгчид үүрэг болгосон бус прокурорт үүрэг болгосон зохицуулалт тул үүгээр шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг хэнд ч илэрхий ойлгомжтой төдийгүй шүүхийн практикт нэг мөр ойлгож хэрэгжүүлдэг хуулийн зохицуулалтыг санаатайгаар гуйвуулан тайлбарлаж өөрөөр хэрэглэсэн, хуульд захирагдах зарчмыг зөрчсөн ноцтой үйлдлийг, эсхүл олон удаагийн давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тогтоохоор хуульчилсан гэж тус тус ойлгоно.

Шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ямар хэрэгт яллагдаж байгаа мэдэх эрхтэй.

Прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийг шүүгдэгчид гардуулаагүй байхад шүүгч Т.Батжаргал нь шүүгдэгчид дээр дурдсан эрхийг эдлүүлэхээр холбогдох ажиллагааг хийгээгүйн улмаас хэргийн оролцогчийн эрх хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл,  шүүгч Т.Батжаргалын дээрх хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчлийн шинж, хэр хэмжээд тохирохгүй байхад ноцтой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

            Иймд шүүгч Т.Батжаргал нь шүүгдэгч Н.Н-д холбогдох эрүүгийн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6, 7.3 дугаар зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ...удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчил гаргасан гэж дүгнэх нь хуулийн 95 дугаар зүйлийн 95.20-д “Сахилгын хорооны шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх” гэж заасанд нийцнэ гэж үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт “Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна.” гэж заасан бөгөөд шүүгч Т.Батжаргалын гаргасан сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа зөрчил гаргасныг тус тус харгалзан түүний гомдлын зарим хэсгийг хангаж, оногдуулсан шийтгэлийг хөнгөрүүлэн “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл болгон өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.2, 113.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргалын гомдлын зарим хэсгийг хангаж, Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн СХМ/2025/0001 дүгээр магадлалын 1 дэх заалтын “цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах” гэснийг “нээлттэй сануулах” гэж өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Улсын Дээд Шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

                        ДАРГАЛАГЧ                                     Д.МЯГМАРЦЭРЭН

        ГИШҮҮН                                          Б.СУГАР

                                                                                    Г.ЦАГААНЦООЖ