
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-01-07
Дугаар 1
Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч,
сахилгын шийтгэл оногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ГНД/2024/0002 дугаар Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “...Төв аймгийн прокурорын газраас 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 415 дугаар яллах дүгнэлттэй, яллагдагч Н.Н-д холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/1811 дүгээр албан бичгээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, Ерөнхий шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ... дүгээр захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Т.Батжаргалыг томилжээ. Шүүгч Т.Батжаргал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор “ ...бусдад 2.435.773.587 төгрөгийн хохирол учруулан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Н.Н-д 6 жил, 6 сарын хорих ял оногдуулж” шийдвэрлэсэн байна. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 58 дугаар магадлалаар “ ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ...Н.Н-д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж” шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан тул Улсын дээд шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаар албан бичгээр хэргийг анхан шатны шүүхэд буцаан хүргүүлжээ. Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Т.Батжаргалыг томилсон байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Т.Батжаргал өөрөө болон шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгчийг татгалзсаныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ... дүгээр захирамжаар хүсэлтийг хүлээн авч, хэрэг Ерөнхий шүүгч Ц.О-д хуваарилагдсан нь үзлэг хийхэд тогтоогдсон болно. 1. Өргөдөлд “ ...шүүгч Т.Батжаргал нь хурлын танхимд орж ирүүтээ хохирогчийн өмгөөлөгчид найр тавьж ирээгүй байгаа өмгөөлөгчийг нь асуухад хурал хойшилно гээд ирж явсныг нь буцаасан, ...шүүгч хурал эхлэхэд хэн хэн ямар үүргээр оролцож байгааг танилцуулаагүй. Шүүгч дэгийг хурал эхлэхэд талуудад танилцуулж хэлэх байтал хэлээгүйгээр “За хурлаа эхэлье” гэж уг хурал эхэлсэн” гэжээ. “Өмгөөлөгчид найр тавьсан” гэх агуулгыг өргөдөл гаргагчаас тодруулахад “ ...шүүх хуралдааны танхимд шүүгч орж ирээд за хурлаа эхэлье гээд эхэлсэн. Шүүх хуралдаан явагдаад, шүүх хуралдаан хойшлоод ирэх шинжтэй болсон. Хойшлуулах тухай хүсэлт манай өмгөөлөгч гаргасан. Тэгтэл шүүгч “Б өмгөөлөгч хаана байна” гэж асуусан. Тэгтэл хохирогчийн өмгөөлөгч Б өмгөөлөгч рүү шууд хуралдаан дээр утсаар залгаад “шүүх хуралдаан хойшлох нь тодорхой болж байх шиг байна. Өө чи наашаа ирээд яах вэ, шүүх хуралдаан хойшилж байгаа тул буц буц” гэж хэлсэн. Гэтэл шүүгч үүн дээр юм хэлээгүй” гэсэн болно. Шүүгдэгч Н.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгийн “ ...0:00:35-0:00:36 дахь хэсэгт даргалагчаас: Хохирогчийн өмгөөлөгч нар яасан юм бэ гэхэд, 0:00:38-0:00:40 дахь хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Ө: Би оролцчихно гэв. 0:00:41-0:00:56 дахь хэсэгт даргалагчаас: Ер нь цаашид оролцох юм уу гэхэд, 0:00:57-0:00:58 дахь хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Ө: Цаашид оролцоно гэв. 0:00:59-0:01:02 дахь хэсэгт даргалагчаас: Хойшилно гээд явчихсан юм уу гэхэд, 0:01:03-0:01:06 дахь хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Ө: Сая ирээд хүсэлт ирчихсэн байна гэсэн чинь өмгөөлөгчгүй юм бол яршиг даа гэсэн” гэж тусгагджээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 09 минутад шүүх хүлээн авсан, хуралдаан 10 цаг 10 минутад эхэлжээ. Шүүгчийн туслах хэргийн оролцогч нарт хүсэлт ирсэн талаар мэдэгдсэн, үүнийг мэдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч бусад хохирогчийн өмгөөлөгч нарт дамжуулж мэдэгдсэн нь шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэг дэх өмгөөлөгч М.Ө-гийн тайлбараар нотлогдож байна. Иймд, шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогчийн өмгөөлөгч нартай холбогдоогүй, эелдэг байдал гаргасан /найр тавих/ болох нь тогтоогдохгүй байх тул “хохирогчийн өмгөөлөгч нарыг шүүх хуралдаан хойшилно гээд хуралдаанд ирүүлэлгүй буцаасан” гэх өргөдөл үндэслэлгүй байна. Бичлэгийн “ ...0:00:01-0:00:02 дахь хэсэгт даргалагчаас: Шүүх хуралдааны ирцийг танилцуул гэв. 0:00:03-0:00:28 дахь хэсэг хүртэл шүүх хуралдааны нарийн бичгийн дарга “ ...шүүх хуралдаанд улсын яллагч Э.У, шүүгдэгч Н.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Ө нар ирсэн байна. Хохирогчийн өмгөөлөгч Э.Б, Ц.О нарт тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй байна” гэж тусгагджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.1 дүгээр зүйлийн 1-д “Шүүх хуралдаан даргалагч нь хэргийг хянан шийдвэрлэхээр товлосон цагт шүүх хуралдааныг нээж, хэнд холбогдох, ямар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх гэж байгааг зарлана” гэж заасан, гэтэл даргалагч шүүгч нь шүүх хуралдаан эхлэхэд хэнд холбогдох, ямар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх гэж байгааг хуралдааны танхим дахь оролцогчдод зарлаагүй, шууд нарийн бичгийн даргыг ирц танилцуул гэж эхлүүлсэн нь бичлэгээр тогтоогдож байх тул дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Гэхдээ шүүгдэгч Н.Н-д холбогдох 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан хойшилсон, хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй тул үүнийг хуулийн заалтыг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхгүй. Өргөдөл гаргагч гэрчийн тайлбартаа “ ...Шүүх хуралдааныг ном журмаар нь нээмээр байна. Хурлуудыг зурагтаар ч харж байна. Харахад сүрдэм байдаг, гэтэл шүүгч орж ирээд за хуралдаанаа эхэлье гэж хэлсэн, энэ нь хуралдааныг хуульд заасан дэг журмын дагуу явуулаагүй гэж миний зүгээс үзэж байна” гэж хэлснийг холбогдох шүүгч цаашид анхаарах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хэлэлцэх шүүх хуралдаан нь тодорхой дэс дарааллын дагуу явагддаг, шүүх хуралдаанаа нээх, ирцтэй танилцах, шүүх бүрэлдэхүүнийг зарлах, татгалзах эрхийг тайлбарлах зэрэг ажиллагаа нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн өмнө шатанд явагдана. Тиймээс шүүгч шүүх хуралдааныг нээж, ирц танилцуул гэсний дагуу нарийн бичгийн даргаас шүүх хуралдааны ирцийг танилцуулсан, ирцтэй холбогдуулан хэргийн оролцогчдын ирээгүй шалтгааныг тодруулж, шүүх хуралдаан хойшилсон нь баримтаар тогтоогдох ба шүүх хуралдааны хэлэлцүүлэг явах дараалал дэгийг танилцуулах шат руу ороогүй байна. Иймд өргөдөл гаргагчийн дэг танилцуулаагүй гэх өргөдөл үндэслэлгүй. 2. Өргөдөлд “ ...Шүүгч Т.Батжаргал нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр болсон шүүх хуралд оролцож ...шийдвэр гаргасан ...Төв аймгийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэвч Т.Батжаргал шүүгч нь ... яагаад дахин энэ хэрэгт шүүгчээр оролцсон болох ... “ гэжээ. Анхан шатны шүүхийн хэргийг шийдвэрлэсэн тогтоолыг давж заалдах шатны шүүхийн магадлалаар хүчингүй болгож, хэргийг буцааж шийдвэрлэжээ. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан “Тус шүүхэд эрүүгийн болон зөрчлийн хэрэг, гомдол, санал, дүгнэлт, хүсэлт хүлээн авах, хуваарилах, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ын 2.1.г-д “...дээд шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр хянан шийдвэрлэсэн тохиолдолд уг хэргийг тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хуваарилна”, 2.1.д-д “Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс 2 удаа хүчингүй болсон хэргийг өөр шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хуваарилж шийдвэрлүүлнэ” гэж заажээ. Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэг анхан шатны шүүхэд шилжин ирэхэд шүүгч Т.Батжаргал дээрх журмын дагуу хэргийг дахин хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 3. Өргөдөлд “ ... Н.Н нь нойр булчирхайн үхжил оноштойгоор 3 сар гаран эмнэлгээр явж хэвтэн эмчлүүлж байхад нь шүүх хурал товлогдож очиж чадахгүй байгаа холбогдох бичиг баримт, зураг зэргийг шүүхэд гаргасан боловч хохирогч тал худлаа зохиосон гэж хэлсний үндсэн дээрээс шийдвэр гаргаж эмнэлгээс гаргаад 7-8 хонож байхад барьж хорьсон байдаг. ...Таслан сэргийлж цагдан хорихыг өөрчлүүлэх хүсэлт гаргахад хувийн байдлаас болоод өөрчлөх боломжгүй гэж хариу өгсөн. ... Иймд болсон үйл явдлаас харахад шүүгч Т.Батжаргал нь үнэн зөвөөр бодит байдлыг харахгүйгээр зөвхөн хохирогч талын зөв гэсэн ганц үзэл бодлоор уг хэрэгт хандсан” гэжээ. Шүүх хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Хохирогч талын шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хэлэлцэн, шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар захирамжаар дээрх таслах сэргийлэх арга хэмжээн дээр нэмж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, шүүх хуралдаан эхлэх хүртэл хохирогч талтай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээ авсан байна. Шүүгдэгч 2023 оны 01 дүгээр сараас хойш нойр булчирхайн үхжил гэх оноштой эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг өмгөөлөгч нь тайлбарлаж, холбогдох баримтыг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанд өгсөн нь тус хуралдааны тэмдэглэлээс харагдана. Харин эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны дараа түүний хохирол, төлбөр төлөхтэй холбоотой 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг хүлээн авсан 322 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Завсарлага авсан 5 хоногийн хугацаа дууссанаар, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн, давах шатны шүүхийн магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон ч Н.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанд шүүгдэгч “эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” гээд оролцоогүй, харин хэргийг шийдвэрлэсэн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн болон хуралдаанд биечлэн оролцсон, биеийн байдалтай холбоотой суугаагаараа мэдүүлэг өгөхийг захирамжаар шийдвэрлэсэн байна. Энэхүү хуралдаанд улсын яллагч “ ... 2021 оны 06 дугаар сарын 06-10-ны өдөр хүртэл нэг эм бичиж өгсөн. ...3 хоноод 2-3-ны хооронд 6 хоног эмнэлэгт хэвтсэн, түүнээс хойш дандаа эмчийн хяналтад байгаа ... нойр булчирхайн дээд хэсгийн толгойны үхжилт бүхий гэмтлийн улмаас ... эмнэлгийн байгууллагад хэвтсэн талаарх баримт хэрэгт байдаггүй. ...хх-ийн 155х авагдсан эмчийн лавлагаа ... 1 сарын 27-ны өдрөөс 2 сарын 27-ны өдөр хүртэл энэ хүн акттай ажлаас чөлөөлж байна гэж бичсэн актаа 2 сарын 09-ний өдөр бичиж өгсөн нь 165х авагдсан байдаг. 5-р хавтасны 145х, 121х, 123х, 145х, 147х, 167х авагдсан баримтуудаар би энэ хүнийг эмнэлэгт хэвтээгүй юм байна гэдгийг үндэслэж байна. ... ” гэх зэргээр тайлбарласан байх ба шүүгч хэрэгт авагдсан баримт талуудын мэтгэлцээнд үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна. Анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хэргийг хүлээн авсны дараа таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс удаа дараа хүсэлт гаргасан байна. Үүнд, 1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг гаргахдаа шүүгдэгчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой 8 хуудас баримт, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны эмчийн тодорхойлолт, эрүүл мэндийн карт зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн нь хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх ба хүсэлтийг шүүгчийн 1021 дүгээр захирамжаар “...шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хүлээн авах боломжгүй” гэж, 2. Шүүгдэгч Н.Н 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд “ ...таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт гаргаж байна, эрүүл мэнд муу байна, нойр булчирхайд 214 хоног болоход 214 төрлийн эм бараг ууж байна, өдөр шөнөгүй 5-10 төрлийн эм уугаад ходоод муу байна. Хохирлыг хурдан барагдуулах” гэх хүсэлт гаргасан, улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нь “ ...2020 оноос хойш хохирол хохирол төлөөгүй, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хохирол төлөхтэй холбоотой хэлж байна” гэж хэлэлцэн, шүүгчийн 1062 дугаар захирамжаар “ ...шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хүлээн авах үндэслэлгүй байна” гэж, 3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 1120 дугаар захирамжаар “... хохирогч талын хүсэлт гомдол, улсын яллагчийн тайлбар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хүлээн авах боломжгүй” гэж, 4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд “ ... хохирол төлбөрөө барагдуулах хүсэлтэй байгаа тул ...цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх” хүсэлт гаргасныг шүүгчийн 1180 дугаар захирамжаар “...хохирогч талаас ... шүүгдэгч нь ... айлган сүрдүүлдэг зэргээр гомдол гаргадаг тул ... хүсэлтийг хүлээн авах боломжгүй ... “ гэж, мөн өдрийн 1181 дүгээр захирамжаар “...шүүгдэгчийн өмгөөлөгч хохирол төлөхөөр шүүх хуралдааныг хойшлуулах хуулийн зохицуулалт байхгүй ...өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэж шийдвэрлэжээ. Дээрхээс үзэхэд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг 4 удаа шүүхэд гаргахдаа нэгээс бусдад нь холбогдох баримт хавсаргаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1-д “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, мөн хуулийн 14.13 дугаар зүйлийн 8-д “Шүүхийн шийдвэрт дараах зүйлийг тусгана: “... 8.4-т “шүүх санал, хүсэлтийг хүлээн авсан, эсхүл хүлээн авахаас татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримт”-ын талаар тусгахаар заасан байна. Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх нь хохирол төлөхтэй холбоотой байгааг хэлэлцэн шийдвэрлэсэн шүүгчийг буруутгах үндэслэлгүй. 4. Өргөдөлд “ ... 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд ... шүүгч Т.Батжаргал нь шүүгдэгч Н.Н-ын үгийг тасалж амьд явах эрхийг ноцтой зөрчиж байна ... “ гэжээ. Шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн бичлэгийн “ ... 00:06:20-0:06:23 дахь хэсэгт даргалагчаас: Шүүгдэгчид хэлэх зүйл байна уу гэхэд 00:06:24-0:06:39 дахь хэсэгт шүүгдэгч: Өмгөөлөгч маань өвчтэй байгаа. Шүүх хуралдааныг би ч гэсэн хойшуулмаар байна” гээд 15 секундын хугацаанд, 00:06:40-0:06:41 дахь хэсэгт даргалагчаас: Өмгөөлөгчгүй шүүх хуралдаанаа хийлгэх үү? Нээлттэй шүү дээ гэхэд 00:06:42-0:06:49 дахь хэсэгт шүүгдэгч: Үгүй ээ. 10 дугаар сарын 30-ны дотор өөр өмгөөлөгч нэмж авна ... “ гээд 7 секундын хугацаанд, ... 00:08:07-0:08:09 дахь хэсэгт даргалагчаас: Ямар хүсэлт вэ? агуулгаа товч хэл дээ та гэхэд 00:08:09-0:10:26 дахь хэсэгт шүүгдэгч: Нэмэлт өмгөөлөгч авна. Үнэлгээ хийсэн үнэлгээн дээр их ээдрээтэй зүйл байна ...” гээд 2 минут, 17 секундын хугацаанд хүсэлтийнхээ танилцуулж байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс яриаг нь таслан тайлбар хэлэхэд ... 00:10:29-0:10:43 дахь хэсэгт даргалагчаас: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид дэг сануулав. ... 0:14:08-0:15:11 дахь хэсэгт шүүгдэгч: Би үг хэлье... ” гээд 1 минут, 3 секундын хугацаанд тус тус тайлбар хэлж байгаа нь тусгагджээ. Үүнээс үзэхэд шүүх хуралдаан даргалагч, шүүгдэгч Н.Н-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтийг таслалгүй яриулсан, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн яриаг нь таслахад дэг сануулж, шүүгдэгчийн тайлбарыг үргэлжлүүлж байгаа нь шүүх хуралдааны бичлэгт тусгагдсан байх тул яриаг тасалсан гэх өргөдөл үндэслэлгүй болно. 5. Нэмж үүсгэсэн сахилгын хэрэгт, шүүгч нь дараах зөрчлийг гаргасан гэж үзлээ. Үүнд: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-д “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасан. Шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгчөөс “Э” ХХК-ийн 07/179 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй гээд дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасныг, анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, ... болон ... дугаар захирамж гарчээ. Тухайн өдрийн хуралдааны тэмдэглэлээс харвал, шүүх хуралдаан 11 цагт эхлээд, шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө талуудад шинээр гаргах өгөх бичгийн нотлох баримт болон шүүх хуралдааны дараалалд өөрчлөлт оруулах санал хүсэлт байна уу гэхэд шүүгдэгчийн өмгөөлөгч үнэлгээ хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан гээд хурлыг 60 хоногоор хойшлуулж ажиллагаа хийлгэх гэсэн хүсэлт гаргасныг хэлэлцэн, шүүгч зөвлөлдөн, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Ингээд гэм буруугийн хурал цааш үргэлжилж, хэлэлцүүлгийн шат дуусан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шат эхлэхэд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч гэм буруугүй, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, дахин шинжилгээ хийлгэх хүсэлттэй гэсэн тул шүүгдэгч гэм буруутай эсэх талаарх шийдвэр гаргахаар шүүх хуралдаан түр завсарлаж, шүүгч дараагийн захирамжаа танилцуулсан гэж тусгагджээ. Өмгөөлөгчийн “...үнэлгээг гаргахад шүүгдэгчийг байлцуулаагүй, хохирлыг бодитой тогтоолгох ...” гэх агуулгатай хүсэлтийг, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаар захирамжаар “ ... Хэргийн оролцогч буюу шүүгч өөрийн санаачилгаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдвол хүсэлт гаргаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлан яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгч Э.А-гийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан бусад хүсэлтүүдийг мөн л урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн байх тул хүсэлтийг хангах боломжгүй ...” гэж дүгнэн шинжээч томилж дүгнэлт гаргуулах, шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Гэтэл ... дүгээр захирамжаар “ ... Шүүгдэгч талын гаргасан гомдол хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар мөрдөгч эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр тогтоол үйлдэхдээ уг тогтоолоо шүүгдэгч талд танилцуулаагүй гэж үзэхээр байна. Учир нь мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолд шүүгдэгчийн гарын үсэг байхгүй, хохирогчийн өмгөөлөгч боловч мөрдөгч шүүгдэгчид танилцуулгаар мэдэгдэхэд ирээгүй талаар ямар нэгэн баримт үйлдээгүй байх тул мөрдөгч шинжээч томилохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд заасан оролцогчийн шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах, шинжээчид нэмэлт асуулт тавих, шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах, мөрдөгч, прокурорын зөвшөөрлөөр шинжилгээ хийхэд байлцах зэрэг эрхийг зөрчсөн гэж үзэв. ... Дахин үнэлгээ гаргуулахаар хүсэлт гаргасныг хангах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэв ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дах хэсгийн 6.13, 6.14-т заасан үндэслэлээр мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Н-д холбогдох эрүүгийн 2134000880... дугаартай 5 хавтаст хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж захирамжид заасан ажиллагааг гүйцэтгэж ирүүлэхийг хяналтын прокурор Н.Ц-т даалгах нь зүйтэй байна ... ” гэж дүгнэн, хөрөнгийн үнэлгээ дахин гаргуулах хүсэлтийг хангаж, шүүгчийн захирамжид заасан ажиллагааг гүйцэтгэж хугацаанд нь ирүүлэхийг хяналтын прокурор Н.Ц-т даалгаж шийдвэрлэжээ. Энэ талаар шүүгч нь “ ... Урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхдээ үнэлгээг зөвшөөрөхгүй дахин шинжээч томилуулна гэдэг. Тэр үнэлгээ дээр дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг нотлох баримт шинжлэн судалж байж шийднэ гээд хүсэлтийг хэлэлцэхгүй орхиод яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. Энэ хүсэлтээ дахин энэ өдрийн шүүх хуралдаанд гаргасан. Өмгөөлөгч 60 хоногийн хугацаагаар хойшлуулж шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг эхний захирамжаар хэлэлцэхгүй орхисон байна ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлтийг хангахгүй болохоор оролцогч нар хүсэлтүүд гаргаад байдаг. Тэр агуулгаар гаргасан байх. Хэлэлцүүлэг эхлэхээс өмнө санал, хүсэлт гаргах шатанд дахин энэ хүсэлтээ гаргасан байна. Хуралдаанаа нээгээд ирцтэй холбоотой санал, хүсэлтээ танилцуулна. Ирцтэй холбоотой санал, хүсэлт байхгүй гэвэл шүүх хуралдаан үргэлжилнэ, бүрэлдэхүүнээ танилцуулаад, шүүгчийн биеийн байцаалтыг аваад, санал хүсэлт гаргавал түүнийг шийдвэрлэнэ. Энэ үед хэлэлцэхгүйгээр шийддэг ... ” гээд “ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хүсэлт гаргах эрхтэй гэж заасан байдаг ...” учраас эсрэг хэдий ч эдгээр захирамж “ ... Зөрчилдөхгүй ... ” гэж тайлбарласан болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарч буй шүүхийн эрх зүйн акт бүр үр дагавар агуулдаг. Хэргийн оролцогчийн нэг агуулга бүхий хүсэлтийг, нэг өдрийн, нэг захирамжаар нь хүлээн авахаас татгалзаж, нөгөө захирамжаар нь хангаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно”, 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана”, 2 дахь хэсэг “Хүсэлтийг хангах үндэслэл нь тодорхой бол даруй, шалгах шаардлагатай тохиолдолд түүнийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус зөрчжээ. 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх хуралдааны явцад нотлох баримтаар шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл хүндрэхээр болсон бол, мөн нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулахаар зохицуулжээ. Өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч дахин шинжээч томилохдоо, 2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн ... дүгээр захирамжаар, мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж, шүүгдэгч Н.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж захирамжид заасан ажиллагааг гүйцэтгүүлэхээр хяналтын прокурорт даалгаж шийдвэрлэсэн боловч холбогдох шүүгч “ ... Хэргийг хянан хэлэлцэх ажиллагааг хойшлуулж нэмэлт ажиллагаа хийсний дараа хохирол нэмэгдсэн тохиолдолд яллах дүгнэлт дахин үйлдэхгүй бөгөөд харин шүүгдэгч өөр хэрэгт нэмж яллагдсан, зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол яллах дүгнэлт дахин үйлдэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчилсан. Тиймээс шүүгдэгч Н.Н-д холбогдох хэргийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж ирсний дараа хохирлын хэмжээ нэмэгдсэн тул шүүгч яллах дүгнэлт дахин үйлдэх шаардлагагүй гэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Н.Н-д холбогдох хэрэгт хохирол нэмэгдсэн хэдий ч зүйлчлэл хүндэрч өөрчлөгдөөгүй болно. Өөрөөр хэлбэл Н.Н-ын хэргийн тухайд мөрдөн байцаалтад буцаах хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд хэргийг хэлэлцэхийг 60 хүртэл хоногоор хойшлуулах хуулийн зохицуулалт л байсан ...“ гэж хэргийг хянан шийдвэрлэсэн өөрийн ажиллагааг үгүйсгэсэн, түүнтэй зөрчилтэй тайлбар ирүүлжээ. Харин шүүгчээс авсан нэмэлт тайлбарт “ 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх хуралдааныг хойшлуулсан гэж тайлбар өгсөн байна. Энэ заалт мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгтэй холбоотой юу” гэж асуухад “холбоотой” гэж, ”холбоотой учраас 6 дахь заалтад хийгдэх ажиллагааны талаар орсон. Тийм учраас энэ ажиллагаа хийгдэнэ гэж ойлгох уу” гэхэд “Тийм” гэж хариулт өгсөн болно. Энэ нь дараах хуулийн зохицуулалтаар үгүйсгэгдэнэ. Дээрх хуулийн 34.16 дугаар зүйлийн 6-д “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж заасан илт тодорхой хуулийн заалтыг зөрчин, яллах дүгнэлт гаргуулалгүйгээр 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн нь сахилгын зөрчилд тооцогдоно. Түүнчлэн, хэргийг “И” ХХК-д 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүргүүлсэн баримт байгаа болохоос бус прокурорт хүргүүлсэн талаар баримт байгаагүй, “И” ХХК “ ...шаардлагатай баримт бичиг дутуу байгаа тул шинжээчийн дүгнэлт хугацаандаа гаргах боломжгүй байна. Иймд шинжээчийн дүгнэлт гаргах хугацааг сунгах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг авч шийдэж өгнө үү ... “ гэх 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаартай албан бичгийг шүүхэд ирүүлсэн, түүнийг шийдвэрлэсэн баримт мөн байгаагүй болно. Иймд холбогдох шүүгч хэргийн оролцогчийн хүсэлтийг хоёр захирамжаар шийдвэрлэсэн, прокурорт ажиллагаа явуулахаар даалгасан атал тус ажиллагаа хийгдээгүй байхад хэргийг хянан хэлэлцсэн зөрчлүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн” зөрчилд хамаарна. 3. Харин хэргийг буцааж авсан гэх баримт хэрэгт байгаагүй, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүх хуралдаан хийжээ. Энэ талаар шүүгч “ ... Тамгын газар хариуцна. Энэ талаар Тамгын газарт шаардлага тавьсан байх ёстой ... “ гэж тайлбарласан. “И” ХХК-ийн үнэлгээний тайланд 2.454.312.405 төгрөгийн хохирол гэж тогтоосон нь яллах дүгнэлт дэх 1.998.375.030 төгрөгийн хохирлын хэмжээнээс эрс зөрүүтэй байхад хэргийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж ... дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад 2.454.312.405 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. Холбогдох шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан илт тодорхой хуулийн заалтыг зөрчсөн зөрчил гаргажээ. Тиймээс шийтгэх тогтоолыг хянасан давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 58 дугаар магадлалд “ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3-т тус тус заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна ... “ гэж дүгнэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба гэмт хэргийн хохирлын үнийн дүнгийн зөрүүтэй байдлыг арилгах ажиллагааг хийлгүй, сүүлийн шинжилгээний үнийн дүнгээр тухайн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Н.Н-ын эрх зүйн байдлыг дордуулсан байх тул дээрх зөрчлийг ноцтой гэж үзнэ. 4. Шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ... дүгээр захирамжаар магадлалд заасан ажиллагааг хийж гүйцэтгэхийг прокурор Э.У-д даалгаж, шүүх хуралдааныг 12 хоногоор хойшлуулж, хэргийг Төв аймгийн прокурорын газарт хүргүүлжээ. Прокурор хохирогчоос мэдүүлэг авах, шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгчид танилцуулах зэрэг ажиллагааг хийж, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 415/А дугаар яллах дүгнэлт үйлдэн, 10 дугаар сарын 16-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсний дараа 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралджээ. Өргөдөл гаргагч Ч.Д “ ... Тэр шүүх хуралдаан болох үед 5-10 минутын өмнө гаднаас прокурор, хохирогчийн өмгөөлөгч нар орж ирсэн. Тэгээд прокурор орж ирээд “аймаар ядарлаа” гэж хэлсэн. Би бодохдоо төрийн байгууллагад орж ирж байж, хэргийн тухай ярих байх гэж бодсон. Шүүгч хараахан орж ирээгүй байсан. ... Хуралдаан эхлэхээс өмнө прокурор яллах дүгнэлтийг аваад ирсэн, гардуулаад гарын үсгийг зуруулах гэтэл Н.Н аваагүй, өмгөөлөгчөөсөө асууя гээд аваагүй, ийм зүйл болж байгааг би хараад сууж байсан. Үүнийг шүүгч мэдэхгүй байна гэж баймааргүй юм. Шүүгч хэзээ гарын үсэг зуруулж байгааг мэдэж байх ёстой. Бүгд он сартай байгаа шүү дээ ... “ гэж тайлбар өгчээ. Үүгээр яллах дүгнэлтийг гардуулсан эсэхийг шалгах шаардлага гарч ирсэн. Шүүгч тайлбартаа “ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулсан тохиолдолд хавтас хэрэг прокурорт буцдаггүй бөгөөд хяналтын прокурор захирамжид заасан ажиллагааг гүйцэтгэж шүүхэд ирүүлдэг болно. Шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгч Н.Н яллах дүгнэлт гардаж авсан байсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байна ... “ гэжээ. Гэвч эрүүгийн хэрэгт хийсэн үзлэгээр, прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар албан тоотоор “ ... Н.Н-д холбогдох эрүүгийн ... хэрэг шаардлагатай байх тул хэргийг прокурорт ирүүлнэ үү ... “ гэсэн, шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн .. дүгээр албан тоотоор “ ... Н.Н-д холбогдох эрүүгийн ... хэргийг хүргүүлэв. Хавтас 6, хуудас .. ... “ гэж хэргийг прокурорт хүргүүлсэн нь тогтоогдож байна. Хэрэгт 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийж авсан, прокурорын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 415/А дугаар яллах дүгнэлтэд Н.Н-д гардуулсан эсхүл гардаж авахаас татгалзсан тухай тэмдэглэл хийгдээгүй байсан. Харин шүүгч тайлбартаа гардаж авахаас татгалзсан талаар тэмдэглэл үйлдсэн яллах дүгнэлт гардуулсан баримтыг хавсарган ирүүлсэн боловч энэ нь 2024.04.03-ны өдөр гэсэн огноотой, хавтаст хэргийн дугааргүй байгаа нь болсон үйл явдлаас цаг хугацааны зөрүүтэй, нотолгооны ач холбогдолтой гэж үзэх боломжгүй баримт байсан болно. Энэхүү ажиллагааны талаар холбогдох шүүгч “ ... Мөрдөн байцаах ажиллагаанд буцаахгүйгээр ажиллагаа хийлгэхээр хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулж байгаа. Аймгийн шүүхийн магадлал хохирол нэмэгдсэн байхад яллах дүгнэлт гардуулаагүй нь буруу байна гэсэн дүгнэлт хийсэн. Хуульд орсон өөрчлөлтийг өөр өөрөөр хэрэглээд байгаа, шаардлагатай гэвэл өгдөг. Хуульд гарсан өөрчлөлтөөс болж шүүх, прокурорын байгууллага байтугай, шүүгч нар зарим нь буцаана, зарим нь буцаахгүй хоорондоо зөрөлддөг. Прокурорын газар өөрөө хэрэг авахгүй гэсэн журамтай юм байна гээд хэрэг өгдөггүй. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаан дээр захирамжид прокурорт буцаасан гэх үг ороогүй. Учир нь нэмэлт ажиллагааг хийлгэхийн тулд заавал хэргийг буцаах шаардлагагүй гэж үзсэн ...” гэж тайлбарласан. Шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн ажиллагаа, Шүүхийн сахилгын хороонд өгсөн тайлбар нь хоорондоо зөрүүтэй төдийгүй тайлбарт хавсарган ирүүлсэн яллах дүгнэлт гардуулсан тухай хавтаст хэрэгт авагдаагүй баримтыг /прокурорын тайлбар, яллах дүгнэлт гардуулсан тэмдэглэл нь хуудасны дугаарлалт байхгүй/ ирүүлсэн нь нөхөн үйлдүүлсэн гэх ойлголт төрүүлэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6-д “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ”, мөн зүйлийн 7-д “Яллагдагч яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, шаардлагатай бол дуу-дүрсний бичлэгээр баримтжуулж хэргийг шүүхэд шилжүүлнэ” гэж тус тус заажээ. Шүүгч Сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа “ ... Хэргийг давж заалдах шатны шүүхийн магадлалыг заалтыг биелүүлж ирсний дараа Н.Н-д яллах дүгнэлт гардуулсан. Шүүгдэгч хэдийгээр яллах дүгнэлт гардуулсан талаар баримтад гарын үсэг зурахаас татгалзсан байдаг боловч шүүх хуралдаан эхлэхээс өмнө яллах дүгнэлт гардуулсан болох нь улсын яллагч болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогддог ... “ гэж тайлбарласан, нэмэлтээр яллах дүгнэлт гардуулсныг шалгаж хэргээ авсан эсэхийг тодруулахад “ ... Мэдээлэл лавлагаанаас шалгагдаж орж ирнэ. Э.У прокурор яллах дүгнэлт авсан, аваагүй гэх асуудал яригдсан. “Н.Н яллах дүгнэлтийг авахгүй байгаа юм” гэсэн. “Яллах дүгнэлт гардуулахгүй болох юм уу” гэхэд “маргааш хуралдаан эхлэхээс өмнө гардуулчих юм аа гэж хэлсэн” тэгээд хуралдаан эхлэхэд гардуулсан гэж ойлгосон” гэж хэлжээ. Шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр улсын яллагчаас шүүгдэгчид яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа хийсэн талаарх дуу-дүрс тусгагдаагүй, шүүгч танхимд орж ирж байгаагаар бичлэг эхлэн, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэнээр шүүх хуралдаан эхэлж, ирцтэй холбоотой асуудал хэлэлцэн, хойшилсноор бичлэг дууссан байна. Харин анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны 15:00 цагийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 9 дэх талд “ ... Даргалагчаас: Яллах дүгнэлтийн хуулбарыг гардаж авсан уу гэхэд, Шүүгдэгч: Би өмгөөлөгчтэйгөө авъя гэхэд одоо авахгүй бол болохгүй гээд өгсөн ..., Даргалагчаас: Уншиж танилцсан уу гэхэд, Шүүгдэгч: Энд байна. Өмгөөлөгчтэйгөө авъя гэхэд одоо авахгүй бол болохгүй гээд өгсөн ..., Даргалагчаас: Улсын яллагч ... яллах дүгнэлтийн хуулбар гардуулсантай холбоотой тайлбар байна уу гэхэд, Улсын яллагч: Н.Н шүүх хуралдаан эхлэхийн өмнө яллах дүгнэлтийг гардуулж өгсөн. Дуу дүрсний бичлэгтэй шүүх хуралдааны танхимд гардуулж өгсөн ... “ гэжээ. Шүүх хуралдаан нээж, эхлээгүй байхад дуу-дүрсний бичлэг хийгдэхгүй тул яллах дүгнэлт гардуулан өгсөн нь дуу-дүрсний бичлэгт тусгагдах боломжгүйн дээр яллах дүгнэлтийг шүүхэд буюу шүүх хуралдааны танхимд гардуулах нь хуульд нийцэх эсэхийг шүүгч анхаарах ёстой байсан гэж үзнэ. Иймд шүүгдэгчид яллах дүгнэлт гардуулсан гэх прокурорын тайлбар үндэслэлгүй байхад энэ асуудлыг анхаарч үзээгүй, прокурорын шатанд хийгдэхээр хуульчилсан ажиллагаа хийгдээгүй хэргийг хүлээн авч, яллах дүгнэлт гардуулалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан заалтаас гадна 7.3 дугаар зүйлийн 1-д “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчсөн байна. Дээрх зөрчил нь хүний эрхийг ноцтой зөрчсөн тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн ... үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх шүүгчид хориглосон зөрчилд хамаарна. Шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “шүүх хуралдаан завсарлуулах тухай”, “хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжууд нь өөр өөр асуудал шийдвэрлэсэн атлаа 2023/ШЗ/322 гэх ижил дугаартай, мөн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн захирамж нь 2023/ШЗ/ гэх мэт дугаар бичигдээгүй зэрэг техникийн шинжтэй алдааг цаашид гаргахгүй байхад анхаарах нь зүйтэй байна. Иймд холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх заалтыг зөрчсөн байх тул нотлох дүгнэлт үйлдэв.” гэжээ. Холбогдох шүүгч Т.Батжаргал тайлбартаа: “...Шүүгдэгч Н.Н-д холбогдох ”2020 оны 8 дугаар сард Төв аймгийн Б сумын нутаг "М” гэх газар байрлах иргэн Ц.О-гийн эзэмшлийн ферм болох тэжээлийн ургамал тариалах зориулалттай 70 га хэмжээтэй 0320943 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар, залгаа байрлалтай фермийн зориулалттай 2 га хэмжээтэй 0320944 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар болон газар дээр байрлах фермийн зориулалттай ашиглалтад орсон барилга, ковш, трактор, портер машин, услалтын систем, турк саалтуур, 120 толгой үхэр, тугал бүхий үнээний ферм, эрдэнэ шиш, арвай, овьёос тариалсан тариалангийн газар зэргийг худалдаж авна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан, улмаар бусдад их хэмжээний хохирол буюу 2 435 773 587 /хоёр тэрбум дөрвөн зуун гучин таван сая долоон зуун далан гурван мянга таван зуун наян долоо/ төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт" эрүүгийн 2134000880... дугаартай 7 хавтас хэрэг тус шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан Хэрэг хуваарилах журмын дагуу тохиолдлын журмаар шүүгч Т.Батжаргал надад 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хуваарилагдан шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Шүүгдэгч Н.Н-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт хэлэлцсэн байх бөгөөд хуралдааны бичлэг болон тэмдэглэл, шүүгчийн захирамжаас үзэхэд Н.Н-ын өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйн улмаас шүүх хуралдаан хойшилсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин тавдугаар бүлэгт шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэрхэн ямар дарааллаар явагдах талаар зохицуулсан бөгөөд хуулийн 35.1 дүгээр зүйлд шүүх хуралдааныг нээж, нарийн бичиг ирц танилцуулснаар ирцтэй холбоотой асуудлыг талуудын саналыг сонсож шүүх хуралдаан хойшлуулах эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Н өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргаснаас гадна дахин нэмж өмгөөлөгч авах хүсэлт гаргаснаар түүний хүсэлтийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Үүнээс үзвэл шүүгч Т.Батжаргал миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын аль нэг талд давуу байдал олгоогүй болно. Шүүх шүүгдэгч Н.Н-д холбогдох эрүүгийн 213460880... дугаартай 7 хавтас хэргийг анх 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэж түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэснийг шүүгдэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлоор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасныг давж заалдах шатны шүүхээс 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр прокурорт буцааж хэргийг дахин хэлэлцэхээр 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр товлон зарласан боловч шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн /өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дахин өмгөөлөгч авах, шүүх хуралдаан эхлэхийн өмнө өмгөөлөгчөөс татгалзсан зэрэг үндэслэлээр/ дагуу шүүх хуралдаан 3 удаа хойшлогдсон болно. Тус шүүх Шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан журмын дагуу шийтгэх тогтоол давж заалдах шатны шүүхээс хүчингүй болсон тохиолдолд шуугч хэргээ дахин авч шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол давж заалдах шатны шүүхээс 2 удаа хүчингүй болсон тохиолдолд өөр шүүгчид хуваарилагддаг журамтай. Шүүгдэгч Н.Н нь шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж улмаар эрүүл мэндийн мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, гадаад улс руу эмчилгээнд явах шаардлагатай гэх шалтгаанаар шүүх хуралдаанд хэрэлцэн ирээгүй тул түүнийг шүүгчийн захирамжаар албадан ирүүлж шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэж үзэн урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно” гэжээ.
Шүүгч Т.Батжаргал нэмэлт тайлбартаа: “...Шүүгдэгч Н.Н-д холбогдох хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа шүүгч миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй, оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хангаагүй, хэргийн оролцогчийн аль нэг талд давуу байдал үүсгээгүй болохоо дурдахыг хүслээ. Өөрт хуваарилагдан ирсэн хэргүүдийн адил хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно. Анхан шатны шүүхэд шүүгдэгч Н.Н-д холбогдох эрүүгийн 2134000888.... дугаартай хэрэг ирсний дараа түүний хүсэлтийн дагуу хохиролтой холбогдуулан үнэлгээний тайлан дахин гаргасан бөгөөд үнэлгээний тайлан яллах дүгнэлтэд бичигдсэнээс өөрөөр буюу нэмэгдэж тогтоогдсон. Яллагдагчийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдаан зарлан явуулсны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна гэж заасны дагуу шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын эд хөрөнгөд дахин үнэлгээ гаргах хүсэлтийг хангаж хэргийг хянан хэлэлцэхийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан бөгөөд үүний дараа хохирлын хэмжээ нэмэгдэж ирсэн. Хохирлын үнэлгээ хэрхэн яагаад нэмэгдсэн гэхээр өмнөх шинжээчийн дүгнэлтээр эд хөрөнгийг дутуу тооцсон тул үнэлгээ нэмэгдсэн байсан. Ингээд 60 хоногийн дараа буюу үнэлгээ шинээр тогтоогдсоны дараа дахин гэм буруугийн шүүх хуралдаан явуулж хэргийг шийдвэрлэсэн. Хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй гэж зааснаар Төв аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг биелүүлж хохирол нэмэгдсэн тул дахин яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхээр шүүхийн хэлэлцүүлэг явуулж дахин хэргийг хэлэлцэхийг хойшлуулсан байна. Хэргийг хянан хэлэлцэх ажиллагааг хойшлуулж нэмэлт ажиллагаа хийсний дараа хохирол нэмэгдсэн тохиолдолд яллах дүгнэлт дахин үйлдэхгүй бөгөөд харин шүүгдэгч өөр хэрэгт нэмж яллагдсан, зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол яллах дүгнэлт дахин үйлдэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчилсан. Тиймээс шүүгдэгч Н.Н-д холбогдох хэргийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж ирсний дараа хохирлын хэмжээ нэмэгдсэн тул шүүгч яллах дүгнэлт дахин үйлдэх шаардлагагүй гэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Н.Н-д холбогдох хэрэгт хохирол нэмэгдсэн хэдий ч зүйлчлэл хүндэрч өөрчлөгдөөгүй болно. Өөрөөр хэлбэл Н.Н-ын хэргийн тухайд мөрдөн байцаалтад буцаах хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд хэргийг хэлэлцэхийг 60 хүртэл хоногоор хойшлуулах хуулийн зохицуулалт л байсан. Хэргийг давж заалдах шатны шүүхийн магадлалыг заалтыг биелүүлж ирсний дараа Н.Н-д яллах дүгнэлт гардуулсан. Шүүгдэгч хэдийгээр яллах дүгнэлт гардуулсан талаар баримтад гарын үсэг зурахаас татгалзсан байдаг боловч шүүх хуралдаан эхлэхээс өмнө яллах дүгнэлт гардуулсан болох нь улсын яллагч болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгт холбогдсон этгээдээс улсын яллагчийн яллах дүгнэлтийг гардаж авахгүй тохиолдол гардаг. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар "Яллагдагч яллах дүгнэлтийн хувийг гардаж авахаас татгалзвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, шаардлагатай бол дуу-дүрсний бичлэгээр баримтжуулж хэргийг шүүхэд шилжүүлнэ." гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулсан тохиолдолд хавтас хэрэг прокурорт буцдаггүй бөгөөд хяналтын прокурор захирамжид заасан ажиллагааг гүйцэтгэж шүүхэд ирүүлдэг болно. Шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгч Н.Н яллах дүгнэлт гардаж авсан байсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байна. Тайлбартай холбогдуулан хуралдааны тэмдэглэл, хяналтын прокурорын тайлбар Н.Н-ын яллах дүгнэлт авсан боловч гарын үсэг зурахгүй гэсэн талаарх баримт, тайлбарыг тус тус хавсаргав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Ү.Д-гаас “...2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч нарыг шүүх хуралдаан хойшилно гээд хуралдаанд ирүүлэлгүй буцаасан, шүүх хуралдааныг дэгийн дагуу явагдаагүй, шүүгдэгчийн үгийг тасалсан, ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байхад хэргийг дахин шүүгч Т.Батжаргалд хуваарилсан, ...шүүгдэгчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд удаагүй байхад цагдан хорьсон, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргахад өөрчлөх боломжгүй гэсэн, зөвхөн хохирогч талын зөв гэсэн байдлаар хандсан” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
Шалгах ажиллагааны явцад, илтгэгч гишүүн “...прокурорын яллах дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн хохирлын дүн зөрүүтэй байхад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэргийг буцаахаар шийдвэрлэсний дараа хэргийг прокурорт буцаасан, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийсэн, өөрчлөлт орсон яллах дүгнэлтийг гардуулалгүйгээр шүүх хуралдаан хийсэн зэрэг үйл баримтыг тогтоох”-оор сахилгын хэрэг үүсгэж, иргэн Ү.Д-гийн өргөдлөөр үүссэн сахилгын хэрэгт нэгтгэн шалгах ажиллагаа явуулжээ.
Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл, Төв аймгийн прокурорын газраас 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн .. дугаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-д холбогдох эрүүгийн хэрэгт Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ... дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Т.Батжаргалыг томилж, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор “ ...бусдад 2.435.773.587 төгрөгийн хохирол учруулан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Н.Н-д 6 жил, 6 сарын хорих ял оногдуулж” шийдвэрлэсэн байна.
Дээрх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасныг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар магадлалаар хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ.
Улмаар тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Т.Батжаргалыг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч өөрөө болон шүүгдэгчийн өмгөөлөгч татгалзан гарах хүсэлт гаргасныг тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ЕШЗ/691 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар хүсэлтийг хүлээн авч, тус хэрэг Ерөнхий шүүгч Ц.О-д шилжсэн байна.
Нэг. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч нарыг шүүх хуралдаан хойшилно гээд хуралдаанд ирүүлэлгүй буцаасан, шүүх хуралдааныг дэгийн дагуу явагдаагүй, шүүгдэгчийн үгийг тасалсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл, шүүгдэгч Н.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хуралдаан хойшлуулах хүсэлтийг мөн өдрийн 09 цаг 09 минутад ирүүлснийг шүүгчийн туслах хэргийн оролцогч нарт мэдэгдсэн байх ба шүүх хуралдаан 10 цаг 10 минутад эхэлжээ.
Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн тус өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн байх ба бичлэгийн 0:00:35-0:00:36 минутад, Даргалагчаас: Хохирогчийн өмгөөлөгч нар яасан юм бэ гэхэд,
0:00:38-0:00:40 минутад, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Ө: Би оролцчихно гэв.
0:00:41-0:00:56 минутад, Даргалагчаас: Ер нь цаашид оролцох юм уу гэхэд,
0:00:57-0:00:58 минутад, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Ө: Цаашид оролцоно гэв.
0:00:59-0:01:02 минутад, Даргалагчаас: Хойшилно гээд явчихсан юм уу гэхэд,
0:01:03-0:01:06 минутад, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Ө: Сая ирээд хүсэлт ирчихсэн байна гэсэн чинь өмгөөлөгчгүй юм бол яршиг даа гэсэн гэж хэлсэн болох нь бичигдсэн байна.
Харин хохирогчийн өмгөөлөгч нарыг шүүх хуралдаан хойшилно гээд ирүүлэлгүй буцаасан, хэргийн оролцогчийн өмгөөлөгч нарт найр тавьсан буюу эелдэг байдал гаргасан гэх байдал тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан өргөдөл үндэслэлгүй.
Тус өдрийн бичлэгийн 0:00:01-0:00:02 минутад, Даргалагчаас: Шүүх хуралдааны ирцийг танилцуул гэв.
0:00:03-0:00:28 минутад, Нарийн бичгийн даргаас: Шүүх хуралдаанд улсын яллагч Э.У, шүүгдэгч Н.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Ө нар ирсэн байна. Хохирогчийн өмгөөлөгч Э.Б, Ц.О нарт тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй байна гэж хэлсэн болох нь бичигджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.1 дүгээр зүйлийн 1-д “Шүүх хуралдаан даргалагч нь хэргийг хянан шийдвэрлэхээр товлосон цагт шүүх хуралдааныг нээж, хэнд холбогдох, ямар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх гэж байгааг зарлана” гэж заасан.
Хэдийгээр дээрх шүүх хуралдаан нарийн бичгийн даргаас ирц танилцуулж байгаагаар эхэлж байх боловч тус өдрийн шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. Иймд шүүгчийг хуулийн заалтыг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэхгүй талаар дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.
Нөгөө талаас, дээрх шүүх хуралдаан хэргийн оролцогчийн ирцтэй холбогдуулан хойшилсон байх ба шүүх хуралдааны хэлэлцүүлэг явах дараалал дэгийг танилцуулах шат руу ороогүй байна. Иймд шүүгч шүүх хуралдааны дэгийг танилцуулаагүй, дэгийн дагуу явуулаагүй гэж үзэхгүй.
Тус өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт шүүх хуралдаан даргалагч, шүүгдэгч Н.Н-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтийг таслалгүй яриулсан, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн яриаг нь таслахад дэг сануулж, шүүгдэгчийн тайлбарыг үргэлжлүүлж байгаа нь тусгагдсан байх ба шүүгдэгчийн үгийг тасалсан, үг хэлэх боломжийг хязгаарласан үйлдлийг шүүгч гаргаагүй байна.
Хоёр. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосны дараа хэргийг дахин шүүгч Т.Батжаргалд хуваарилсан нь холбогдох, хууль журмыг зөрчөөгүй байна.
Дээр дурдсанчлан, тус эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэснийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ДШМ/58 дугаар магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 2-т “Анхан шатны шүүхэд ирсэн хэргийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хэрэг хуваарилах журмын дагуу хуваарилна.” гэж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан “Тус шүүхэд эрүүгийн болон зөрчлийн хэрэг, гомдол, санал, дүгнэлт, хүсэлт хүлээн авах, хуваарилах, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ын 2.1.г-д “ ...дээд шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр хянан шийдвэрлэсэн тохиолдолд уг хэргийг тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хуваарилна”, 2.1.д-д “Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс 2 удаа хүчингүй болсон хэргийг өөр шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хуваарилж шийдвэрлүүлнэ” гэжээ.
Иймд давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргийг дээрх журамд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчид буюу Т.Батжаргалд дахин хуваарилсан нь хууль зөрчөөгүй байна.
Гурав. Н.Н-ыг эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд удаагүй байхад цагдан хорьсон, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргахад өөрчлөх боломжгүй гэсэн, зөвхөн хохирогч талын зөв гэсэн байдлаар хандсан гэх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй байна.
Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл, шүүх хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Улмаар тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/1176 дугаар шүүгчийн захирамжаар хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээн дээр нэмж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, шүүх хуралдаан эхлэх хүртэл хохирогч талтай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээ авсан байна.
Шүүгдэгч Н.Н 2023 оны 01 дүгээр сараас хойш нойр булчирхайн үхжил гэх оноштой эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг өмгөөлөгч нь тайлбарлаж, холбогдох баримтыг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанд өгсөн нь тус хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон байна. Тус эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны дараа түүний хохирол, төлбөр төлөхтэй холбоотой 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг хүлээн авсан 322 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Завсарлага авсан 5 хоногийн хугацаа дууссанаар, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн, давах шатны шүүхийн магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Тус хэргийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосны дараа таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс нийт 4 удаа хүсэлт гаргасныг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ..., 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ..., 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ..., 2023 оны 11 дүгээр сарын 13-ны ... дугаар шүүгчийн захирамжуудаар хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дараах таслан сэргийлэх арга хэмжээ авна, 1.1-т хувийн баталгаа гаргах, 1.2-т тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, 1.3-т хязгаарлалт тогтоох, 1.4-т барьцаа авах, 1.5-т цагдан хорих, 1.6-д цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах” гэж, 14.13 дугаар зүйлийн 1-д “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, мөн хуулийн 14.13 дугаар зүйлийн 8-д “Шүүхийн шийдвэрт дараах зүйлийг тусгана: “... 8.4-т “шүүх санал, хүсэлтийг хүлээн авсан, эсхүл хүлээн авахаас татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтын талаар тусгана” гэж тус тус заасан.
Шүүгч Т.Батжаргал нь дээрх хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авсан, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь сахилгын зөрчилд тооцогдохгүй.
Дөрөв. Хэргийн оролцогчийн хүсэлтийг хоёр өөр байдлаар шийдвэрлэсэн нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчөөгүй байна.
2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгчөөс хөрөнгийн үнэлгээ дахин гаргуулах хүсэлт гаргасныг 2022/ШЗ/1211 дүгээр шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж, 2022/ШЗ/1214 дүгээр шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.
Энэ талаар холбогдох шүүгч эхний захирамжаар хүсэлтийг хэлэлцэхгүй орхисон гэж тайлбарласан боловч шүүгчийн захирамжид хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар тодорхой дурдсан байна.
Шүүхээс гаргаж буй эрхийн акт нь хууль ёсны, үндэслэл бүхий, тодорхой, хоёрдмол утгагүй байх шаардлагатай бөгөөд заавал биелэгдэх шинжтэй байдаг. Холбогдох шүүгч хэргийн оролцогчийн нэг агуулга бүхий хүсэлтийг нэг шүүх хуралдаанаар хоёр өөр байдлаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай хэдий ч хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүгч хуульд заасан хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн, шийдвэрлээгүй орхисон гэх үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй тул шүүгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно”, 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана”, 2 дахь хэсэг “Хүсэлтийг хангах үндэслэл нь тодорхой бол даруй, шалгах шаардлагатай тохиолдолд түүнийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн нотлох дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй.
Гэвч шүүгч Т.Батжаргал нь цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдаж явуулахдаа хүсэлтийг нэг мөр шийдвэрлэж, хэргийн оролцогчид эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бий болгохгүй байхад анхаарч ажиллавал зохино.
Тав. Прокурорт даалгасан ажиллагаа хийгдээгүй байхад хэргийг хянан хэлэлцсэн нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн байна.
Тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ... дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хөрөнгийн үнэлгээ дахин гаргуулах хүсэлтийг хангаж, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, шинжээчээр “И” ХХК-ийг томилж, шүүгчийн захирамжид заасан ажиллагааг гүйцэтгэж хугацаанд нь ирүүлэхийг хяналтын прокурор Н.Ц-т даалгаж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6-д “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж заасан.
Шүүгч Т.Батжаргал нь “И” ХХК-аас дахин шинжээчийн дүгнэлт гаргасны дараа прокуророос яллах дүгнэлт гаргаагүй байхад хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нь дээрх хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн байна.
Зургаа. Прокурорын яллах дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн хохирлын дүн зөрүүтэй байхад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй гэх нотлох дүгнэлтэд заасан үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй.
Учир нь шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэх бөгөөд шүүхээс гаргасан шийдвэр үндэслэлтэй эсэхийг хянах эрхийг зөвхөн дээд шатны шүүх эдэлнэ.
Давж заалдах шатны шүүхийн 58 дугаар магадлалаар “ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3-т тус тус заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна ... “ гэж дүгнэж дээрх хэргийг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь тухайн шийдвэрийг гаргасан шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл, шүүгч шүүн таслах үүргээ хэрэгжүүлж, хуулиар олгосон нийтлэг бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүгчийн хараат бус байдал төдийгүй халдашгүй бүрэн эрхэд хамаарна.
Долоо. Яллах дүгнэлт гардуулаагүй хэргийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн байна.
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ... дугаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсний дараа 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэрэлцэж, ... дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч нэмж өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Илтгэгч гишүүн тус эрүүгийн хэрэгт 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийхэд, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар прокурорын яллах дүгнэлтийг Н.Наранбадрахад гардуулсан болон тэрээр гардаж авахаас татгалзсан тухай тэмдэглэл хийгдээгүй байсан байна.
Холбогдох шүүгч тайлбартаа шүүгдэгч 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзсан талаар тайлбарлаж, яллах дүгнэлт гардуулсан баримтыг хавсарган ирүүлсэн боловч энэ нь 2024.04.03-ны өдөр гэсэн огноотой, хавтаст хэргийн дугааргүй байгаа нь болсон үйл явдлаас цаг хугацааны зөрүүтэй, нотолгооны ач холбогдолгүй гэж илтгэгч гишүүн үзсэнийг буруутгахгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6-д “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ”, мөн зүйлийн 7-д “Яллагдагч яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, шаардлагатай бол дуу-дүрсний бичлэгээр баримтжуулж хэргийг шүүхэд шилжүүлнэ” гэж тус тус заасан.
2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр улсын яллагчаас шүүгдэгчид яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа хийсэн талаар бичигдээгүй, шүүгч танхимд орж ирж байгаагаар бичлэг эхлэн, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэнээр шүүх хуралдаан эхэлж, ирцтэй холбоотой асуудал хэлэлцэн, хойшилсноор бичлэг дууссан байна.
Мөн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ... дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлийн 9 дэх талд “...Даргалагчаас: Яллах дүгнэлтийн хуулбарыг гардаж авсан уу гэхэд, Шүүгдэгч: Би өмгөөлөгчтэйгөө авъя гэхэд одоо авахгүй бол болохгүй гээд өгсөн, Даргалагчаас: Уншиж танилцсан уу гэхэд, Шүүгдэгч: Энд байна. Өмгөөлөгчтэйгөө авъя гэхэд одоо авахгүй бол болохгүй гээд өгсөн, Даргалагчаас: Улсын яллагч ... яллах дүгнэлтийн хуулбар гардуулсантай холбоотой тайлбар байна уу гэхэд, Улсын яллагч: Н.Н шүүх хуралдаан эхлэхийн өмнө яллах дүгнэлтийг гардуулж өгсөн. Дуу дүрсний бичлэгтэй шүүх хуралдааны танхимд гардуулж өгсөн” гэж бичигджээ.
Дээрхээс үзвэл, шүүгч Т.Батжаргал нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 415/А дугаар прокурорын яллах дүгнэлтийг шүүгдэгч гардаж аваагүй байхад хэргийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6-д заасныг болон 7.3 дугаар зүйлийн 1-д “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй.
Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал нь дахин шинжээчийн дүгнэлт гаргасны дараа прокурор яллах дүгнэлт гаргах ажиллагааг явуулаагүй байхад хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6-д заасныг, яллах дүгнэлт гардуулаагүй хэргийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 6, 7.3 дугаар зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус зөрчсөн тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчил гаргасан гэж дүгнэлээ. Дээрх үндэслэлээр илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна.” гэж, 57 дугаар зүйлийн 57.1.7-д “энэ хуулийн ...50.1.23-т заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, эсхүл огцруулах шийтгэл оногдуулна” гэж тус тус заасан.
Шүүгч Т.Батжаргалын гаргасан сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн үр дагавар бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Өргөдөл гаргагчийн овгийг нотлох дүгнэлт болон холбогдох эрх зүйн актуудад Ч.Д гэж бичсэнийг энэхүү магадлалаар залруулж, Ү-ын Д буюу Ү.Д өргөдөл гаргасан болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ГНД/2024/0002 дугаар нотлох дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7-д заасныг тус тус баримтлан Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргалд цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Д.АРИУНТУЯА
Д.ЭРДЭНЭЧУЛУУН