info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-01-08

Дугаар 8

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүлээн авч, шүүгчид

сахилгын шийтгэл оногдуулах тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, холбогдох шүүгч Д.Отгончулуун /цахимаар/, шүүгч Б.Ц нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун, ... шатны шүүхийн шүүгч Б.Ц /...шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан/ нарт холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Ц.Э өргөдөлдөө  “... Шүүгч Д.Отгончулуун нь Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны 1../ШШ2023/0...7 дугаартай шүүхийн шийдвэрийг гаргахдаа дараах хууль бус үйлдэл гаргасан. Үүнд: 1. Шүүхийн шийдвэрийн 21 дэх талд "Зохигчдын хооронд үйлдсэн 2012 оны 463 дугаар, 2013 оны 808 дугаартай зээлийн гэрээнүүдэд зээлийн мөнгийг шилжүүлж өгсөн баримт хавсаргагдаагүй, 808 дугаартай зээлийн гэрээнд 1,560,000,000 төгрөг зээлдүүлэх, хүүг 1,200,000,000 төгрөгөөс тооцно гэж дурдсан зэргээс үзвэл эдгээр зээлийн гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд зохигчид эдгээр зээлийн гэрээг бичгээр үйлдэж, гарын үсэг зурсан байх боловч талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, зээлийн гэрээ бодитоор байгуулагдаагүй гэж үзнэ” гэсэн байна.

Бүхэл бүтэн 4 жил 5 сарын хугацаанд нийт 4 удаа бичгээр гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлж, тэр ч бүү хэл хурууны хээ дарж баталгаажуулсан гэрээнүүдийг шүүхээс огт нотлох баримтаар үнэлсэнгүй. Зөвхөн зээл төлөхөөс зайлсхийж “зээлийг бодитоор аваагүй” гэх зээлдэгчийн тайлбарыг үнэн зөв мэтээр үнэлсэн нь илэрхий хууль бус юм. Хэрэв зээлдэгч, зээлдүүлэгч нар зээлийн мөнгийг авсан, аваагүй гэж өөр байр сууринаас маргаж байгаа бол бичмэл нотлох баримтууд болох удаа дараа зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч хугацаагаа сунгаж явсан нотариатаар гэрчлүүлж, гарын үсэг зурж, хурууны хээ дарсан нотлох баримтуудыг ямар шалтгаанаар үнэлээгүй гэдгээ шүүх тайлбарлах үүрэгтэй. ...Ийм илэрхий нотлох баримтыг үгүйсгэж, надаас их хэмжээний мөнгө олон жилийн өмнө зээлдэж аваад эргэж төлөхгүйг санаархаж байгаа этгээдийн хүслийг гүйцэлдүүлж илт хууль бус шийдвэр гаргасан шүүгч авлига аваагүй гэж огт бодогдохгүй байна.

Шүүхийн шийдвэрийн 23 дугаар талд “Хариуцагч Ц.Э нь “У” ХХК-ийн ... ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хамтран эзэмшиж байсан, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж байсан гэх боловч энэ тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна” гэж дүгнэсэн байна. Энэ бол шүүгч Д.Отгончулуун нь хавтаст хэргээ судлаагүй гэхээсээ илүүтэйгээр Х.О-ын нөлөөнд автаж илт худал дүгнэлт хийж, албан тушаалаа урвуулан ашигласныг хангалттай нотлох үйлдэл юм...

Шүүхийн шийдвэрийн 27 дугаар талд “Харин Х.О нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр З.Б-аас хүлээн авсан 1,800,000,000 төгрөгөөс 1,600,000,000 төгрөгийг нь хариуцагч Д.У-т өгөхдөө хуулийн этгээдийн өмнөөс буюу “У” ХХК-ынхаа нэрээр хүлээлгэн өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн байна.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан бүх баримтаар миний хүлээн авсан гэх мөнгө нь “У” ХХК-аас “У” ХХК-д худалдсан уул уурхайн лицензийг худалдсан гэрээний төлбөр гэдэг нь хэнд ч ойлгомжтой илэрхий төдийгүй талууд энэ талаар огт маргаагүй аль аль нь хүлээн зөвшөөрсөн нөхцөл юм. Харин шүүгч Д.Отгончулуун нь ганцаараа нотлох баримтаар нэгэнт тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэлгүй үгүйсгэж, иргэд хоорондын харилцаа гэх мэтээр илт гүжирдсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд харамсаж байна...

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрхий нэг талыг баримталсан ноцтой зөрчлүүдийн талаар:

1.Тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1../Ш32023/0...3 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Д.У-ээс “тооцоо хийсэн 2014 оны 11 дүгээр сарын 07” гэх баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Шүүгч нь нэхэмжлэгч талын гаргасан хариуцагчаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг ханган шийдвэрлэхдээ хариуцагч талаас гаргасан тайлбарыг огт анхаарч харгалзан үзэлгүйгээр хэт нэг талыг баримтлан хууль зөрчиж ханган шийдвэрлэснээр хуульд заасан журмыг зөрчсөн байдаг...

2.Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1../Ш32022/0...5 дугаартай шүүгчийн захирамж гарч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үндэслэлээр нотлох баримт гаргуулах хүсэлтийн заримыг хангаж шийдвэрлэсэн байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх, 6.2-д мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжих, 38.6-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, хувь хүний нууцтай холбоотой нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх, 105.1-д шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэхээр тус тус зохицуулсан байдаг.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад шүүх буюу шүүгч нь зохигчоос гаргасан хүсэлтийг нөгөө талд нь танилцуулах, тухайн шүүхийн журмаар гаргуулах гэсэн нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай чухал ач холбогдолтой эсэх, хүсэлтийг хангах эсэх нь үндэслэлтэй эсэх талаарх нөгөө талын тайлбарыг сонсож, мэтгэлцүүлсний үндсэн дээр шийдвэр гаргах ёстой.

Гэтэл шүүгч дээрх хуулийн зүйл заалтуудыг зөрчиж, эрх хэмжээгээ хэтрүүлж, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хариуцагч нарт танилцуулж, мэдэгдэлгүйгээр, хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй, хамааралгүй, хариуцагчийн хувийн нууцтай холбоотой дансны орлого, зарлагын талаарх мэдээллийг цуглуулах гэсэн нэхэмжлэгчийн хүсэлтийн заримыг хангаж, хариуцагчийн хувийн нууцтай холбоотой баримтыг нэхэмжлэгч талд хууль бусаар цуглуулан өгсөн нь илтэд нэг талыг баримталсан, хуульд нийцээгүй, үндэслэлгүй, хууль бус ажиллагаа явуулсан...

3. Хариуцагч Ц.Э, Д.У нарын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар төгрөгийн болон гадаад валютын дансны хуулга болон хариуцагч Ц.Э, Д.У, Ц.Б нарын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх 4 сарын хугацаанд дахь төгрөгийн болон гадаад валютын дансны хуулгыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус болох тухайд:

Нэхэмжлэгч Х.О нь хүсэлтдээ 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ц.Э болон Д.У нарт 683,514,000.00 төгрөгийг бэлнээр өгсөн гэх болон 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Д.У, Ц.Б нарт өгсөн гэх 320.000 ам.доллар, 885,000,000.00 төгрөгийг өгсөн болохыг болон надаас мөнгө авснаас хойш эрс нэмэгдсэн талаарх хариуцагчийн дансны орлогын хөдөлгөөнийг нотлох зорилготой гэсэн байна. Мөн өөрийнх нь өгсөн гэх мөнгөөр алт худалдан авсан байх магадлалтай гэж дурдсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчийн дансны орлогын хөдөлгөөнийг нотлох эрх, үүрэг огтоос байхгүй болно. Энэхүү дансны орлогын хөдөлгөөн нь нэхэмжлэгчийг мөнгө өгсөн болохыг нотлох баримт биш бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд хариуцагчийн дансанд бусдаас орсон дансны орлого нь энэ хэрэгт огт хамааралгүй юм.

...Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байр сууринаас хандах ёстой. Нэхэмжлэгч хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа өөрсдөө нотлох үүрэгтэй. Гэтэл шуугч хэргийг хянан шийдвэрлэхэд ач, холбогдолгүй, хамааралгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа бус өөрийн дэвшүүлж буй хүсэлтдээ дурдсан таамаглал, магадлалаа нотлох зорилгоор гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлэсэн нь шүүх илтэд нэг талыг баримталж, нэхэмжлэгчийн хүсэлтдээ дурдсан таамаглал, магадлалыг хамтран мөрдөн шалгаж, тогтоох зорилгоор хариуцагчийн дансны талаарх хэрэгт хамааралгүй урт хугацааны мэдээллийг гаргуулж байна.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нь хариуцагч Ц.Б-аас татгалзах хүсэлт гаргасныг шүүх 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1../Ш32023/0...5 дугаартай шүүгчийн захирамжаар ханган шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр Ц.Б нь хүчин төгөлдөр шүүгчийн захирамж болон нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш болж, хариуцагч биш болсон байдаг.

Гэтэл шүүгч дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн эсрэг хууль бус ажиллагаа явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц.Б-г хариуцагчийн эрх, үүрэгтэйгээр үргэлжлүүлэн оролцуулж, шүүхэд дуудан ирүүлэх, ирээгүй тохиолдолд арга хэмжээ авахаар айлган сүрдүүлэн дарамталж, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1../Ш32023/0...1 дугаартай “Хариуцагчийг албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гарган, Ц.Б-г албадан ирүүлэхийг Төв аймгийн Цагдаагийн газар, Төв аймгийн Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэгт даалган шийдвэрлэсэн, улмаар Ц.Б-д хамааралгүй нэхэмжлэлийг гардуулан өгч, шүүх өөрөө Ц.Б-г хүчээр хариуцагчийн статустайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь иргэн Ц.Б-ийн эрхийг болон Монгол Улсын шүүхийн тухай хууль, Эрүүгийн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг илэрхий ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Мөн шүүгч Д.Отгончулуун нь хэрэгт хамааралгүй миний эхнэр болох Д.У-ээс төлбөр гаргуулахаар үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаа нь бидэнд зориуд дарамт учруулах зорилготой илтэд ашиг сонирхлын шинжтэй үйлдэл гэж үзэхээс аргагүй байдалд хүргэж байна.

Шүүгч Б.Ц-ийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн тухай:

...шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Ц нь энэхүү иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрлэж 1../ШШ2020/0...8 дугаартай шүүхийн шийдвэрээр мөн шүүгч Д.Отгончулуунын нэгэн адилаар Х.О-д 1,600,000,000 (нэг тэрбум зургаан зуун сая) төгрөгийг олгох тухай шийдвэр гаргасан. Гэтэл шүүгч Б.Ц нь нэхэмжлэгч Х.О-той биечлэн уулзаж байхыг миний эхнэрийн төрсөн дүү харсан байна. Энэ нь шүүгч Б.Ц нь нэхэмжлэгч Х.О-ын нөлөөнд орж хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх хангалттай үндэслэлийг бүрдүүлж байна. Уг шүүхийн шийдвэр нь давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээс хэрэгсэхгүй болж дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаагдсан.

Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун, шүүгч Б.Ц нар нь нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар, хүсэлтийг шууд үнэн зөв мэтээр үнэлэн, хууль бус шийдвэрүүд удаа дараа гаргасан, хариуцагчийн хувьд илтэд ялгавартай, хохиролтой хандан хууль бус үйл ажиллагаа явуулсан, хэргийг илтэд үндэслэлгүй шийдвэрлэсэн, нэхэмжлэгч талтай уулзаж хувийн харилцаа үүсгэсэн зэрэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт болон бусдад давуу байдал зориуд бий болгосон, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж үзэх хангалттай үндэслэл байгаа тул уг албан тушаалын хэргүүдийг шалган тогтоож, зохих хуульд заасан хариуцлага оногдуулж өгөхийг хүсье ... ” гэжээ.

Шүүгч Д.Отгончулуун тайлбартаа: “...1.Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр шилжин томилогдсон.

Х.О-ын нэхэмжлэлтэй Ц.Э, Д.У, Ц.Б нарт холбогдох тус хэрэг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд заасан хэрэг хуваарилах журмын дагуу надад хуваарилагдсан. Тус хэргийг өмнө нь шүүгч Д.А хянан шийдвэрлэсэн, шүүгч Д.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан, мөн тухайн үед эмнэлгийн чөлөөтэй байсан, шүүгч Б.Т өмнөх хэргийг нь хүлээн авсан зэрэг шалтгаанаар уг хэрэг ачаалал тэнцүүлэх журмын дагуу надад хуваарилагдсан байсан.

Миний бие тус хэргийг хүлээн аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хугацаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын зүгээс нэмэлт нотлох баримт гаргуулах, гэрчээр оролцуулах, өмгөөлөгч авах, өмгөөлөгчөө солих, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, банкны дансыг хаалгах, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлүүлэх, хамтран хариуцагч татан оролцуулах, хамтран хариуцагчаас татгалзах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, өөрчлөх, шүүгчийг татгалзах зэрэг олон төрлийн хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан. Хэргийн оролцогчдын эдгээр хүсэлтийг тухай бүр нь хуулийн дагуу шүүгчийн захирамжаар шийдвэрлэж, оролцогчдын эрхийг хангах үндэслэлээр шүүх хуралдаан 10 орчим удаа хойшилсон.

Эдгээр хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид гомдол гаргах эрхтэй бөгөөд зохигч талууд захирамжид тухай бүр нь гомдол гаргаж шийдвэрлүүлж байсан.

Хариуцагч Д.У-ээс “тооцоо хийсэн 2014.11.07” гэх баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн тухайд:

Нэхэмжлэгч Х.О нь “ ... уг баримтыг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч Д.У бид хамт тооцоо нийлж үйлдсэн бөгөөд надад канондсон хувийг өгөөд эх хувийг нь Д.У өөртөө авч үлдсэн, уг баримтыг Д.У өөрөө бичиж бид гарын үсэг зурсан, хариуцагч Д.У нь өөрт ашигтай баримтуудаа гаргаж өгөөд бусад баримтуудын эх хувийг гаргаж өгөхгүй байна ...” гэх тайлбарыг гаргаж, уг баримтын эх хувийг хариуцагчаас гаргуулах хүсэлт гаргасан.

Хэрэгт хуулбараар ирсэн уг баримтад зурагдсан Д.У-ийн гарын үсэг нь хэргийн бусад баримтад зурагдсан түүний гарын үсэгтэй адил байснаас гадна дээрх баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн тул уг баримтын эх хувийг хариуцагч Д.У-ээс гаргуулж хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч талаас “... дээрх баримтын эх хувь бидэнд байхгүй” гэсэн тайлбар гаргаж, баримтыг гарган ирүүлээгүй. Иймд нэгэнт эх хувьгүй баримт нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдсанд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн.

Хамтран хариуцагч Ц.Б-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үргэлжлүүлэн оролцуулсан тухайд:

Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хамтран хариуцагч Ц.Б-аас татгалзах хүсэлт гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа хэргийн оролцогчийн санаачилга, хүсэлтийн дагуу явагдах бөгөөд хэргийн оролцогчид зөвшилцөх зэргээр асуудлаа өөрсдийн хүсэл зоригоор шийдвэрлэх боломжтой. Мөн хэнд холбогдуулж нэхэмжлэл гаргах, эсхүл гаргахгүй байх нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимтай холбоотой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал аль нэг хариуцагчаас татгалзах нь мөн дээрх зарчмын хүрээнд хамаарах нэхэмжлэгчийн эрх юм. Иймд нэхэмжлэгч тал хамтран хариуцагч Ц.Б-аас татгалзах хүсэлт гаргасныг хангах нь зүйтэй гэж үзсэн.

Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хамтран хариуцагчаас татгалзах, хамтран хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргах талаар зохицуулаагүй тул нэхэмжлэгчийн энэ хүсэлтийг хангасан нь хамтран хариуцагч Ц.Б-г тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргаж байгаа явдал биш юм.

Иймд хамтран хариуцагч Ц.Б-д нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг гардуулж, эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн. Харин хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хамтран хариуцагч Ц.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Тус хэрэг нь иргэд хоорондын гэрээнээс үүдэлтэй маргаан төдийгүй найз нөхдийн гомдол, хорсол, өс хонзон агуулсан, шийдвэрлэхэд төвөгтэй хэрэг бөгөөд одоо хэргийн оролцогчдын гомдлоор давж заалдах шатны шүүхэд хянагдаж байна.

Миний бие тус хэргийн оролцогчдыг танихгүй бөгөөд хэргийн оролцогчидтой шүүх хуралдааны танхимаас өөр газарт тааралдаж байгаагүй, мөн хэргийн оролцогчийг айлган сүрдүүлж, дарамтлах үйлдэл гаргаж байгаагүй, уг хэрэгт нэхэмжлэгч эсхүл хариуцагч аль нэг талд үйлчлээгүй, нэг талыг баримталж ажиллаагүй болно. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчмыг үндэслэл болгож, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иргэн Ц.Э-ын гомдолд дурдсан асуудлууд нь хардлага, гүтгэлгийн шинжтэй байх бөгөөд баримтаар нотлогдохгүй байна. Иймд иргэн Ц.Э-ын гомдлоор үүссэн тус сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

Шүүгч Б.Ц тайлбартаа: “... Х.О-ын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Э нарт холбогдох иргэний хэргийг үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулсан байдаг.

Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Тухайн хэргийг анх шүүгч Б.М хүлээн авсан ба тэрээр хүүхэд асрах чөлөө авснаар шүүгч Д.А хянан шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан, улмаар хэрэг хуваарилах журамд зааснаар миний бие хүлээн авч хянан шийдвэрлэсэн байдаг.

Миний бие нь нэхэмжлэгч Х.О-той огт уулзаагүй, гомдолд дурдсанаар “түүний нөлөөнд орсон” гэх асуудал байхгүй болно.

Хуульд зааснаар шүүгч миний бие шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичмэл нотлох баримт, зохигч талуудын тайлбар, хэргийн үйл баримт зэргийг шинжлэн судлаад нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлж, хэний ч хараат бусаар шийдвэрээ гаргасан болно. Иймд энэ талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... ” гэжээ.

Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “...Хэргийг шийдвэрлэсэн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 5..7 дугаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн  21 дүгээр талд “ ...зохигчдын хооронд үйлдсэн 2012 оны 463, 2013 оны 808 дугаартай зээлийн гэрээнүүдэд зээлийн мөнгийг шилжүүлж өгсөн баримт хавсаргагдаагүй, 808 дугаартай зээлийн гэрээнд 1.560.000.000 төгрөг зээлдүүлэх, хүүг 1.200.000.000 төгрөгөөс тооцно гэж дурдсан зэргээс үзвэл эдгээр гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд зохигчдын зээлийн гэрээг бичгээр үйлдэж, гарын үсэг зурсан байх боловч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлийн гэрээ бодитойгоор байгуулагдаагүй гэж үзнэ ...” гэж дүгнэжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ” гэж заасны дагуу аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ шүүгч нь хуулийг тайлбарлах буюу бусдын эрх үүргийг хуульд хэрхэн тусгасан, тухайн хуулийн дагуу уг эрх үүрэг зөрчигдсөн эсэхэд хуулийн зүгээс үнэлэлт дүгнэлт өгдөг.

Монгол улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 49.1 “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалт дээрх хуулийн үндэс болох ба шүүгч хэргийн үйл баримтад хуулийн үүднээс үнэлэлт дүгнэлт өгснийг дээд шатны шүүх нь хянах, өөрчлөх бүрэн эрх олгогдсон ба энэхүү үйлдлийг сахилгын зөрчил гэж үзэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заажээ.

Шүүгч, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэтгэлцээн болон нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрээ гаргадаг нь шүүхийн хараат бус байдлын илэрхийлэл болно.

Тэрхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрч үндэслэлгүй гэж үзвэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй байхаар зохицуулсны дээр шүүх өөрийн тогтолцоондоо хэргийг хянах нөхцөлийг хуулиар бүрдүүлсэн учраас энэ үйлдлийг сахилгын зөрчил гэж үзэх үндэслэлгүй болно. Хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 153 дугаартай шүүгчийн захирамжаар  “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-ын хүсэлтэд дурдсан дээрх “Тооцоо хийсэн Д.У 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бичиж өгсөн гэх баримт нь нэхэмжлэгч өөрөө олж авах боломжгүй, эдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой байна...” гэх үндэслэлээр хариуцагч Д.У-ээс дээрх баримтыг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөнтэй холбоотой нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргасан, хүсэлттэй хариуцагч тал танилцсан, тайлбараа өгсөн, түүнчлэн хариуцагчийн тайлбарын талаар шүүгч захирамждаа дурдаж дүгнэлт өгсөн, тус нотлох баримтыг гаргуулах авах шаардлагатай эсэх талаар шүүгч захирамжийн үндэслэлдээ дурдсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчид олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн үйлдлийг  сахилгын зөрчил гэж үзэхгүй.

Хэргийн оролцогчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэх огноотой хүсэлтийг тус шүүх 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан болох нь шүүхийн дардсаар тогтоогдоно. Шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1../ШЗ2022/0...5 дугаар захирамжаар шүүх хуралдаан хийлгүй шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заажээ. Хууль тогтоогч “хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шүүх шийдэхдээ бусад оролцогчийн саналыг сонсох” гэсэн агуулга дор түүнд танилцуулах, тайлбар гаргах боломжийг тодорхойлж оруулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан хүсэлтийг нөгөө талд танилцуулалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх заалтыг зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн  50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг ... зөрчих ... ” гэсэн зөрчилд хамаарна. Гэхдээ уг зөрчил ноцтой байх, эсхүл удаа дараа зөрчигдсөн байх ёстой.

Шүүхийн сахилгын хороонд холбогдох шүүгчтэй холбоотой сахилгын хэрэг шийдвэрлэгдээгүй байх тул удаа дараа гэсэн агуулга үгүйсгэгдэнэ. Шүүхэд хүсэлт ирсэн 10 дугаар сарын 21-ний өдөр болон хүсэлтийг шийдвэрлэх 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажлын 5 өдөр байгаа нь эсрэг талын тайлбар, хүсэлт нотлох баримттай танилцах эрх бүхий хэргийн оролцогч энэ хугацаанд шүүхэд шинэ баримт ирсэн эсэхийг асуух, танилцах, мөн хүсэлт гаргах зэрэг эрх нь нээлттэй байсан тул тухайн зөрчлийг ноцтой гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгч Д.Отгончулуун нь нэхэмжлэгч талын Ц.Б-г хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай хүсэлтийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 3485 дугаартай захирамжаар хүлээн авч, Ц.Б-г хамтран хариуцагчаар татан оролцуулж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулж, хариу тайлбар авах ажиллагааг гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хариуцагчийг тодорхойлох зарчмын дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-ын Ц.Б-г хариуцагчаас хасах тухай хүсэлт гаргаж,  шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1..5 дугаартай захирамжаар  “ ... хэрэгт хамтран хариуцагчаар татагдсан этгээд хариуцагч биш болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон бол нэхэмжлэгч тухайн хариуцагчаас татгалзах, тухайн хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргахыг хүсэх эрхтэй ... “ гэж хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

Гэтэл Ц.Б-г хамтран хариуцагчаас хассан боловч 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр түүнийг шүүхэд “2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагт хүрэлцэн ирэхийг мэдэгдэж” мэдэгдэх хуудас хүргүүлсэн, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1191 дүгээр захирамжаар Ц.Б-г албадан ирүүлэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасан, түүнд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулсан , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, үүргийг тайлбарласан баримт дээр гарын үсэг зуруулсан, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж гарын үсэг зуруулсан, хэргийн материал танилцуулсан зэрэг ажиллагааг хийсэн байна.

Шүүгч Д.Отгончулуун “ ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагчийг хасах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хасах тухай зохицуулалт байдаггүй. Би бусад шүүхийн шийдвэр, давахын магадлал зэргээс судалж байгаад энэ шийдвэрийг гаргасан. Хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан явж байгаад хэргээ шийдэхдээ тухайн хариуцагчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг. ... мөн нэхэмжлэгч манай хариуцагч биш гээд хамтран хариуцагчаас татгалзах хүсэлт гаргаад байхад нь би хүсэлтийг хангахгүй байж болохгүй юм байна лээ ... Гэхдээ цаашид Ц.Б-д нэхэмжлэлийн шаардлагыг гардуулахгүй явах боломжгүй. Тэр хүсэлтийг хангах мөртлөө Ц.Б-д нэхэмжлэл гардуулахгүй явах нь процессын алдаа болох тул Байгальмаад нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлага гардуулаад явсан ... Хариуцагчаа нэрлэн заах эрх нь нэхэмжлэгчийн үндсэн эрх. Хариуцагч биш юм байна гээд хүсэлт гаргаж байхад хүсэлтийг хангахгүй байж болохгүй. Байгальмааг хариуцагчаас хасаад нэхэмжлэлийн хувь, эрх үүрэг тайлбарлахгүй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулчихаар процессын алдаа болно гэж үзсэн ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага зэргийг заавал хариуцагчид танилцуулаад, гардуулах ажиллагаагаа хийнэ ... хүсэлтийг хангаж байгаа нь Ц.Б-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргаж байгаа гэсэн үг биш. Тийм учраас Ц.Б-г дээрх ажиллагаанд оролцуулаад явсан ... Хууль ийм байгаа тул нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явж байгаа тул хэргийн материалтай танилцуулаад явж байгаа юм. Шүүх хуралдаан дээр Ц.Б, түүний талын өмгөөлөгч нарт энэ тухай хэлж байсан. Иргэний процессын ажиллагаанд хариуцагчийг хасах ойлголт байхгүй юм байна...” гэж тайлбарлав.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хариуцагчийг хассан шүүгчийн захирамжаас эрх зүйн үр дагавар үүснэ. Хэргийн оролцогчийн хүсэлтийг  шийдвэрлэснээр Ц.Б гэх хариуцагч цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй тул шүүхэд дуудах, албадан ирүүлэх, нэхэмжлэлийн шаардлага гардуулах, эрх, үүрэг танилцуулах, хэргийн материал танилцуулах ажиллагаа хийсэн нь тухайн хүнд чирэгдэл учруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй ажиллагааг хийсэн гэж үзэхээр байна.

Шүүгчийн энэ үйлдэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ ...”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно” гэж заасан, өөрөөр тайлбарлаж хэрэглэх боломжгүй илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Хариуцагч биш гэж шийдвэрлэсэн боловч удаа дараа шүүхээс дуудаж байснаас үүдэн Ц.Б нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Ц.Э-д иргэний хэргийн шүүхэд төлөөлүүлэхээр 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байгаа нь хэргийн оролцогч биш этгээдийг шүүхэд дуудах, өөр орон нутгаас тус шүүх рүү очих зэрэг хүндрэл учруулсныг ноцтой гэж үзнэ. Өргөдөл гаргагчаас “шүүгчийг хэргийн оролцогчтой уулзаж байхыг харсан” гэх гэрч хэн болох, холбогдох утасны дугаарыг авахын тулд түүний 99......00 утас руу удаа дараа залгасан, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрч Д.Э гэдгийг, түүнтэй холбогдох утасны дугаарыг олж мэдсэн, мөн гэрчийн 99.....44 дугаарын утас руу залгаж, гэрчээр ирж мэдүүлэг өгөхийг хэлэхэд “...аймгийн ...суманд газар тариалан эрхэлдэг, тариа будаа хураах гээд завгүй байна, 11 дүгээр сарын 20-ны үед Улаанбаатар хот орно, тэрнээс наана боломжгүй” гэж хэлсэн, дахин залгаж ...сумын яг хаана байгааг тодруулах гэсэн боловч утсаа аваагүй тул өргөдөл гаргагчид 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр энэ талаар хэлж, гэрч сумынхаа цагдаагийн газар дээр ирж онлайнаар мэдүүлэг өгч болохыг тайлбарласан, энэ тухай хэлээд эргээд холбогдоно гэсэн, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “гэрч Д.Э өчигдөр осолд орж биеийн 80 хувь түлэгдсэн, маргааш герман улс руу авч явах гэж байна” гэж мэдэгдсэн болно.

Үүнийг шалгавал, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн “Осол, гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас”-т Д.Э-ын бие түлэгдсэн гэж бүртгэгдсэн нь тогтоогдсон болно. Иймээс холбогдох шүүгч Б.Ц-ийн энэ талаарх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Шүүгч тайлбартаа хэргийн оролцогчтой уулзаж байгаагүй гэсэн, уулзаж байсныг нотлох баримт тогтоогдоогүй тул тус шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, шүүгч Д.Отгончулуун нь “ ... хариуцагч биш болсон этгээдийг хүчээр хариуцагчийн статустайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ...” гэх үйл баримт нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шүүгчид хориглосон 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой ... зөрчсөн ... ” зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул нотлох дүгнэлт үйлдэж, харин өргөдлийн бусад хэсэгт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нотлох дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Х.О нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ц.Э-д холбогдуулан “...2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 463 тоот зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 808 тоот зээлийн гэрээнд өгөөгүй мөнгөө өгсөн гэж гараараа хуурамчаар бичиж оруулсан Ц.Э-ын үйлдлийг нь хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх дор дурдсанаар шийдвэрлэжээ. Үүнд:

1. ...шатны шүүхийн шүүгч Х.О-ын нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байгаад 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0....2 дугаар захирамжаар хэргийг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0...0 дугаартай захирамжаар хэргийг ...шатны шүүхэд буцаан шилжүүлсэн ба Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр захирамжаар уг иргэний хэргийг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр тогтоожээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2 тэрбум 284 сая төгрөг гаргуулах, Х.О, Ц.Э нарын хооронд байгуулсан 463, 808 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан байна.  

 2. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 0...4 дүгээр шийдвэрээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0...7 дугаар магадлалаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. 

 Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2.. дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч А.Э томилогдсон, шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0...4 дүгээр захирамжаар Д.У-ийг хамтран хариуцагчаар татсан, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0...2 дугаар шийдвэрээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0...1 дүгээр магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулсан ба  Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0...7 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

3.  Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 0...3 дугаар захирамжаар Х.О-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч Б.Ц-г томилсон шийдвэрийг албажуулсан ба тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 0...8 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0...6 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0...8 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

4. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун хэргийг хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар  2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд 5.. дугаар шийдвэр гаргажээ.

2.  Шүүгч Д.Отгончулууны талаар:

2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж заасан.  Энэхүү зохицуулалтаар нэхэмжлэгч нь  хариуцагчийг өөрөө тодорхойлох бөгөөд  шүүх нэхэмжлэлд дурдсан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн  заасан этгээдийг тухайн хэрэгт хариуцагчаар оролцуулах учиртай.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүгч Д.Отгончулуун нь 2022 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн 0...5 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  О.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х нарын хүсэлтийг хангаж, Х.О-ын нэхэмжлэлтэй Ц.Э, Д.У нарт холбогдох хэрэгт Ц.Б-г хамтран хариуцагчаар татан оролцуулахаар шийдвэрлэжээ. 

Үүний дараа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлсэн, мөн Ц.Б-г хариуцагчаас хасах хүсэлт гаргасан ба шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0...5 дугаар захирамжаар хариуцагч Ц.Б-аас татгалзах хүсэлтийг хангаж, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч хариуцагч Ц.Э, Д.У нарт гардуулахаар шийдвэрлэсэн байна. 

Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1,  67.1.1., 67.1.2-т зааснаар  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах ажиллагааг явуулна.

Түүнчлэн мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.-т  зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод мэдэгдэх хуудсаар мэдэгдэх ба мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэхээр мөн зүйлийн 77.9.-т заасан.

Шүүх нэхэмжлэгчийн “Ц.Б-г хамтран хариуцагчаар оролцуулахаас  татгалзсан” хүсэлтийг хангаж захирамж гаргаснаар тухайн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцохгүй тул түүнийг шүүхэд дуудах, албадан ирүүлэх, нэхэмжлэлийн шаардлага гардуулах, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материал танилцуулах ажиллагаа хийх шаардлагагүй.

Гэтэл шүүгч Д.О түүнийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн мэдэгдэх хуудсаар шүүхэд ирэхийг мэдэгдэж, улмаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэсэн үндэслэлээр 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 0...1 дүгээр захирамжаар шүүхэд албадан ирүүлэхээр шийдвэрлэж, уг ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллагад даалгаж, улмаар 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулан өгч, хариу тайлбар гаргах хугацаа тогтоож, хариуцагчийн эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг тайлбарлан өгч, холбогдох баримтад гарын үсэг зуруулж, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдаанд ирэхийг  мэдэгдсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзнэ.

Иймд илтгэгч  гишүүний энэ талаарх дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах  үндэслэлтэй.

 Шүүгч Д.Отгончулуун нь анх удаа зөрчил гаргаж байгааг шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.

2.2. Харин өргөдөлд дурдсан дараах гомдол сахилгын зөрчил хамаарахгүй байна.

            2.2.1. Хэргийг шийдвэрлэсэн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 0...7 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...зохигчдын хооронд үйлдсэн 2012 оны 463, 2013 оны 808 дугаартай зээлийн гэрээнүүдэд зээлийн мөнгийг шилжүүлж өгсөн баримт хавсаргагдаагүй, 808 дугаартай зээлийн гэрээнд 1,560,000,000 төгрөг зээлдүүлэх хүүг 1,200,000,000 төгрөгөөс тооцно гэж дурдсан зэргээс үзвэл эдгээр зээлийн гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд зохигчид эдгээр зээлийн гэрээг бичгээр үйлдэж гарын үсэг зурсан байх боловч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлийн гэрээ бодитойгоор байгуулагдаагүй гэж үзнэ” гэж дүгнэжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх ба шүүгч хэрэгт авагдсан баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж энэ тухайгаа шийдвэрт тодорхой тусгасан байна.

            Сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах түүнд үнэлэлт дүгнэлт өгөх эрхгүй бөгөөд зохигч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хуульд заасан журмаар давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Иймд өргөдөлд дурдсан “...гэрээнүүдийг шүүх нотлох баримтаар үнэлсэнгүй, зөвхөн зээл төлөхөөс зайлсхийж зээлийг бодитоор аваагүй гэх зээлдэгчийн тайлбарыг үнэн зөв мэтээр үнэлсэн, ...шүүгч ганцаараа нотлох баримтаар нэгэнт тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэлгүй үгүйсгэж, иргэд хоорондын харилцаа мэтээр илт гүжирдсэн дүгнэлт хийсэн...”  гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй. 

            2.2.2. Шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0...3 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-ын хүсэлтийг хангаж, “тооцоо хийсэн Д.У 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бичиж өгсөн гэх баримт нь нэхэмжлэгч өөрөө олж авах боломжгүй, эдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой байна гэх үндэслэлээр хариуцагч Д.У-ээс гаргуулахаар шийдвэрлэжээ.

            Энэхүү хүсэлтийн талаар хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э“...Д.У-ийн гарын үсэгтэй гэх баримт нь “У” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хамтран эзэмшихтэй хамааралтай баримт биш бөгөөд Д.У нь Х.О-д уг баримтыг өгч байгаагүй тул эх хувь нь байхгүй болно, нэхэмжлэгч нь тухайн баримтыг шаардлагатай гэж өөрөө үзэж байгаа хуульд заасан нотлох баримтыг цуглуулах журмыг зөрчилгүйгээр олж авсан бол тэр этгээдээсээ өөрөө гаргуулж авах нь зүйтэй” гэсэн тайлбар гаргасан талаар захирамжид тодорхой тусгажээ.

Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар  зүйлийн 38.6-т заасныг үндэслэн хариуцагч Д.У-ээс уг баримтыг гаргуулахаар шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

2.2.3. Нэхэмжлэгч Х.О нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0...5 дугаар захирамжаар хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Энэ үед хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тов гараагүй байсан тул шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т зааснаар хүсэлтийг хянан шийдвэрлэжээ. 

Хэргийн оролцогчийн шүүх хуралдааны бус үед гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ нөгөө талын саналыг заавал сонсохоор хуульд тусгайлан зохицуулаагүй тул “...хүсэлтийг хариуцагч нарт танилцуулж, мэдэгдэлгүй шийдвэрлэсэн...”  гэх гомдлоор шүүгчийг буруутгах боломжгүй.

3. Шүүгч Б.Ц-ийн талаар:

Өргөдөлд “...шүүгч Б.Ц нь нэхэмжлэгч Х.О-той биечлэн уулзаж байхыг миний эхнэрийн төрсөн дүү харсан байна, ...энэ нь ...нөлөөнд орж хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх хангалттай үндэслэл....” гэжээ.

Шүүгч Б.Ц тайлбартаа “...миний хувьд Х.О-той огт уулзаагүй, ...түүний нөлөөнд орсон” гэх асуудал байхгүй гэжээ.

Шалгах ажиллагааны явцад өргөдөл гаргагч “шүүгч Б.Ц нь нэхэмжлэгч Х.О-той биечлэн уулзаж байхыг харсан хүнийг Д.Э”  гэж тодорхойлсон боловч тэрээр осолд орсны улмаас гадаад улс руу явсан болох нь тогтоогдсон тул  илтгэгч гишүүн гэрчээр асуух боломжгүй болсон талаар дурджээ.

 Шүүгч Б.Ц хэргийн оролцогчтой хувийн харилцаа тогтоосон гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй.

4. Хэргийн оролцогчийн эрхийг хангасан талаар:

Ц.Э-ын нэр бүхий шүүгч нарт холбогдуулан гаргасан өргөдлийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 06/1...3 тоот албан бичгээр Сахилгын хороонд шилжүүлжээ.

Илтгэгч гишүүний 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 0..6 дугаар захирамжаар шүүгч Д.Отгончулуун, Б.Ц нарт сахилгын хэрэг үүсгэж, энэхүү захирамжийг өргөдлийн хамт холбогдох шүүгч нарт 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гардуулан, эрх үүргийг тайлбарлан өгч, энэ талаар баримт үйлджээ.

Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэний дагуу шүүгч Б.Ц 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр танилцсан ба 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн нотлох дүгнэлтийг шуудангаар хүргүүлжээ.

Илтгэгч гишүүний 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0777 дугаар захирамжаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Үндсэн хуулийн цэцэд үүсгэсэн маргааныг хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр сэргээсэн байх ба Сахилгын хорооны хуралдааны даргалагч, бүрэлдэхүүн хуульд заасан журмаар томилогдож, хуралдааны товыг хэргийн оролцогчид мэдэгдсэн тухай баримт үйлдсэн, хэргийн оролцогч шинээр нотлох баримт гаргаж өгөөгүй, энэ талаар хүсэлт гаргаагүй болно.

Илтгэгч гишүүний дүгнэлт бичигдэх үед холбогдох шүүгч Д.Отгончулуун нь Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр, Б.Ц нь ...шатны шүүхийн шүүгчээр  ажиллаж байсан ба тус сахилгын хэргийг хянан шийдвэрлэх үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 189 дүгээр зарлигаар шүүгч Д.Отгончулууныг Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчээр, шүүгч Б.Ц-г ...шатны тойргийн шүүхийн шүүгчээр шилжүүлэн томилсон болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7-д заасныг баримтлан Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуунд “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай. 

2....шүүхийн шүүгч Б.Ц-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг бүхэлд нь хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

5.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                   ДАРГАЛАГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

                        ГИШҮҮН                                          Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                Х.ХАШБААТАР