
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
ХЯНАЛТЫН ТОГТООЛ
2025-03-06
Дугаар 7
Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл оногдуулсан
магадлалын тухай
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн О.Номуулин, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, холбогдох шүүгч Д.Отгончулуун, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сахилгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах” СХМ/2025/0008 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан холбогдох шүүгч Д.Отгончулууны гомдлыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Иргэн Ц.Э-оос Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун, ... шүүхийн шүүгч Б.Ц нарт холбогдуулан гаргасан өргөдөлд сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, илтгэгч гишүүнээс холбогдох шүүгч Д.Отгончулууныг “...хариуцагч биш болсон этгээдийг хүчээр хариуцагчийн статустайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ...” үйл баримт нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой ... зөрчсөн” гэж дүгнэн сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэж, харин шүүгч Б.Ц-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.
Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СХМ/2025/0008 дугаар магадлалаар шүүгч Б.Ц-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгч Д.Отгончулуунд холбогдох нотлох дүгнэлтийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7-т заасныг баримтлан “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан байх бөгөөд холбогдох шүүгч Д.Отгончулуун уг магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан байна.
Холбогдох шүүгч Д.Отгончулуун гаргасан гомдолдоо “...Х.О-ын нэхэмжлэлтэй Ц.Э, Д.У, Ц.Б нарт холбогдох тус хэрэг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд заасан хэрэг хуваарилах журмын дагуу надад хуваарилагдсан. Тус хэрэг өмнө нь давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээс 3 удаа шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан хэрэг байсан.
Миний бие хэргийг хүлээн аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд нэхэмжлэгч талаас хамтран хариуцагч Ц.Б-гаас татгалзах хүсэлт гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа хэргийн оролцогчийн санаачилга, хүсэлтийн дагуу явагддаг. Мөн хэнд холбогдуулж нэхэмжлэл гаргах, эсхүл гаргахгүй байх нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд энэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимтай холбоотой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал аль нэг хариуцагчаас татгалзах нь мөн дээрх зарчмын хүрээнд хамаарах нэхэмжлэгчийн эрх юм. Иймд нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаас татгалзах хүсэлт гаргасныг хангах нь зүйтэй гэж үзсэн.
Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хамтран хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргах талаар зохицуулаагүй тул нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хангасан нь хамтран хариуцагч Ц.Б-г тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргаж байгаа явдал биш гэж үзэж, хамтран хариуцагчид нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагыг гардуулж, эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн. Харин хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хамтран хариуцагч Ц.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хамтран хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргах талаарх зохицуулалт байхгүй. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд нэхэмжлэгч, хариуцагчийг солих асуудлыг зохицуулсан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагчийг солих ажиллагаа нь хамтран хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргах тухай ойлголт биш бөгөөд эдгээрийг ялгаж ойлгох ёстой. Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд "... хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар солих” буюу тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш этгээдийг тус ажиллагаанд хариуцагчаар дуудан оролцуулах асуудлыг зохицуулсан байх бөгөөд энэ нь мөн өмнө дуудагдсан хариуцагчийг тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргах талаар зохицуулсан заалт биш юм. Хэрэв хуулийн дээрх заалтыг “... өмнөх хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргах талаарх зохицуулалт” гэж үзвэл шүүгч өмнөх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй байсан талаар шүүгчийн захирамжаар урьдчилсан дүгнэлт өгөх шаардлагатай болно. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүгч тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаар дуудагдсан этгээд хариуцах эсэх, эсхүл хэд хэдэн хариуцагчийн хэн нь хариуцах эсэх талаар хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрээр дүгнэхээс бус хэргийг шийдвэрлэхээс өмнө энэ талаар урьдчилсан дүгнэлт гаргаж болохгүй юм.
Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан нэхэмжлэгч, хариуцагчийг солих буюу хамтран хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргах асуудалд хамааралгүй заалтыг үндэслэн үйлдсэн нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан” үндэслэлээр надад сахилгын шийтгэл оногдуулсан.
Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хамтран хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргах талаарх зохицуулалт байхгүй, энэ асуудлыг хуулиар зохицуулаагүй тул миний бие энэ талаарх шүүхийн практик, өмнө ижил төстэй хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн тоймыг судалж дээрх захирамжийг гаргасан.
Нөгөөтээгүүр, Х.О-ын нэхэмжлэлтэй Ц.Э, Д.У, Ц.Б нарт холбогдох тус хэрэг давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхээр хянагдаж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 000/МА2023/00036 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2024/00017 дугаартай тогтоолоор эцэслэн шийдэгдсэн бөгөөд давж заалдах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолд тухайн асуудлыг хууль зөрчсөн буюу процессын алдаа гаргасан гэж үзээгүй болохыг дурдаж байна.
Иймд гомдлыг хангаж, Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СХМ/2025/0008 дугаартай магадлалыг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Холбогдох шүүгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь үндэслэлтэй байна.
Шүүгч Д.Отгончулуун “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хамтран хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргах талаар зохицуулаагүй тул нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хангасан нь хамтран хариуцагч Ц.Б-г тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргаж байгаа явдал биш гэж үзэж, хамтран хариуцагчид нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагыг гардуулж, эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан нэхэмжлэгч, хариуцагчийг солих буюу хамтран хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргах асуудалд хамааралгүй заалтыг үндэслэн үйлдсэн нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж гомдлын үндэслэлээ тодорхойлсон.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Х.О-ын нэхэмжлэлтэй Ц.Э, Д.У нарт холбогдох иргэний хэрэгт шүүгч Д.Отгончулуун хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 151/ШЗ2022/03485 дугаар захирамжаар Ц.Б-г хамтран хариуцагчаар татсан байна.
Үүний дараа нэхэмжлэгч Х.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нараас Ц.Б-г хамтран хариуцагчаар оролцуулахаас татгалзах хүсэлт гаргасан байх ба шүүгч 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 151/ШЗ2023/01015 дугаар захирамжаар “нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө тодорхойлох ба нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргах, хэнийг хариуцагчаар татах нь шүүхэд мэдүүлэх үндсэн эрхтэй нь салшгүй холбоотой. Нөгөөтэйгөөр тухайн хэрэгт хамтран хариуцагчаар татагдсан этгээд хариуцагч биш болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон бол нэхэмжлэгч тухайн хариуцагчаас татгалзах, тухайн хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргахыг хүсэх эрхтэй” гэж дүгнэн нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, хангаж шийдвэрлэснээр Ц.Б нь тухайн хэргийн оролцогч биш болжээ.
Гэтэл шүүгч Д.Отгончулуун нь Ц.Б-г 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлж, улмаар 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 000/ШЗ2023/01191 дүгээр захирамжаар “...хариуцагч Ц.Б шүүхэд хүрэлцэн ирэхийг удаа дараа мэдэгдсэн боловч шүүхийн дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байх бөгөөд түүний ирүүлэх шаардлагатай байна. Нэхэмжлэгч талын хамтран хариуцагч Ц.Б-гаас татгалзах хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь хамтран хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй байх, хамтран хариуцагч шүүх хуралдаанд оролцохгүй байх үндэслэл болохгүй” гэж дүгнэн Ц.Б-г албадан ирүүлж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулан өгч, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримтад гарын үсэг зуруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагааг явуулна”, 67.1.1-т “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх”, 67.1.2-т “нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах”, 77 дугаар зүйлийн 77.9 дэх хэсэгт “Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг зөрчжээ.
Тодруулбал, шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогч биш этгээдийг албадан ирүүлж, түүнд нэхэмжлэлийн хувь гардуулан, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүчээр татан оролцуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой ...зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэснийг зөрчсөнд тооцож, сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй.
Хэдийгээр илтгэгч гишүүн шүүгч Д.Отгончулууныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг өөрөөр тайлбарлаж хэрэглэх боломжгүй илт тодорхой заалтыг зөрчсөн гэж нотлох дүгнэлт үйлдсэн боловч тэрээр энэ талаар хянан үзэх хуралдаанд “...сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илтгэгч гишүүн ямар хуулийн заалт зөрчсөн бэ гэдэг үндэслэлээр дүгнэлт гаргасан байдаг. Дүгнэлтийг хуралдаанаар хэлэлцээд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах эрх нь Сахилгын хорооны хуралдааны бүрэн эрхэд байдаг. ...Магадлалд юу гэж дүгнэсэн бэ гэхээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авч үүсгэсний дараа хэргийн оролцогчдод эрх үүргийг тайлбарлаж, нотлох баримт гаргаж өгөх эрхийг танилцуулах ажиллагааг явуулдаг. Шүүгч хариуцагчийг хариуцагч биш байна гээд захирамж гаргасан үеэс хуульд заасан эрх эдлэх, үүрэг хүлээх нөхцөл байдал тэр зохигчийн хувьд байхгүй болж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар тов мэдэгдээд, улмаар 77.9 дэх хэсэгт зааснаар албадаж байгаа нь энэ илт тодорхой хуулийн заалтыг зөрчсөн байна гэж үзсэн. Сахилгын хорооны хуралдаанаар илтгэгч гишүүний үндэслэсэн хуулийн заалтыг өөрчлөх, агуулгын хувьд нотлох дүгнэлтийг хүлээн авах эсэх нь бүрэн эрхэд нь байдаг тул магадлал гарсан гэж үзэж байна” гэх тайлбарыг гаргасан.
Иймээс Шүүхийн сахилгын хорооны магадлалд “...хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.-т зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод мэдэгдэх хуудсаар мэдэгдэх ба мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэхээр мөн зүйлийн 77.9.-т заасан. Шүүх нэхэмжлэгчийн “Ц.Б-г хамтран хариуцагчаар оролцуулахаас татгалзсан” хүсэлтийг хангаж захирамж гаргаснаар тухайн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцохгүй тул түүнийг шүүхэд дуудах, албадан ирүүлэх, нэхэмжлэлийн шаардлага гардуулах, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материал танилцуулах ажиллагаа хийх шаардлагагүй. Гэтэл шүүгч Д.Отгончулуун түүнийг мэдэгдэх хуудсаар шүүхэд ирэхийг мэдэгдэж, ...шүүхэд албадан ирүүлэхээр шийдвэрлэж, ...нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулан өгч, хариу тайлбар гаргах хугацаа тогтоож, хариуцагчийн эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг тайлбарлан өгч, холбогдох баримтад гарын үсэг зуруулж, шүүх хуралдаанд ирэхийг мэдэгдсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзнэ” гэж дүгнэснийг буруутгахгүй.
Шүүгч Д.Отгончулуун магадлалд гаргасан гомдолдоо “Х.О-ын нэхэмжлэлтэй Ц.Э, Д.У, Ц.Б нарт холбогдох тус хэрэг давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхээр хянагдаж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 000/МА2023/00036 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2024/00017 дугаартай тогтоолоор эцэслэн шийдэгдсэн бөгөөд давж заалдах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолд тухайн асуудлыг хууль зөрчсөн буюу процессын алдаа гаргасан гэж үзээгүй болохыг дурдаж байна” гэж, мөн хянан үзэх хуралдаанд “...дээд шатны шүүхээс хамтран хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргаагүй явсан нь хууль зөрчсөн байна гэж буруутган дүгнэлт өгөөгүй. Энэ нь өөрийнхөө гаргасан захирамжийг хууль зөрчөөгүй юм байна. Ямар нэгэн байдлаар хэргийн оролцогчийн эрхийн байдлыг дордуулсан байдал гаргаагүй гэж үзэж байна” гэх тайлбар гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүгчийн гаргасан дээрх сахилгын зөрчилд тооцогдох үйлдлийг дээд шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцоогүй нь шүүгчийн зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан байна гэж дүгнэн шүүгч Д.Отгончулуунд “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан нь зөрчлийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна гэж үзэн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.1, 113.13-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулууны гомдлыг хангахгүй орхиж, Сахилгын хорооны хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах” тухай СХМ/2025/0008 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр Монгол Улсын Дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН О.НОМУУЛИН
С.ЭНХТӨР