
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-04-01
Дугаар 40
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хэргийн оролцогч шүүгч Б.Б /цахим/-р оролцуулан, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуугаар тэмдэглэл хөтлүүлэн тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
.... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүний 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2025/0031 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах тухай” саналд:
“... Өргөдөл гаргагчаас: “ ... хилийн хориг тавигдсаны дараа хариуцагчийг шүүхэд дуудаж хууль зөрчсөн” гэжээ.
...Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасан хариуцагчийн эд хөрөнгө болон мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх, 69.1.3-т заасан хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөний нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоох мөн хариуцагч С.Г-г улсын хилээр зорчих эрхийг хориглож өгөх тухай" шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлтийг давхар гаргасан шүүгч иргэний хэрэг үүсгэсэн захирамжаар хангаж шийдвэрлэжээ.
Хэрэг үүсгэсэн шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасан ажиллагааг явуулах бөгөөд шүүгчийн туслах хариуцагчийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр буюу хэрэг үүсгэснээс 1 сар орчмын дараа шүүхэд ирүүлж, нэхэмжлэлийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгсөн.
Мөн хариуцагч С.Г-г Монгол Улсын хилээр гадагш нэвтрүүлэхгүй байхыг Хил хамгаалах ерөнхий газарт 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №293 дугаартай албан бичгээр хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Холбогдох шүүгч тайлбартаа “ ... шүүгчийн туслахад шүүгчийн захирамжийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсний дараа хариуцагч С.Г-г шүүхэд дуудахыг чиглэл болгосон. Гэвч дээрх чиглэлийг шүүгчийн туслах “шүүгчийн захирамжийг Хил хамгаалах газарт хүргүүлж, хариу ирүүлсний дараа хариуцагч С.Г-г шүүхэд дуудна” гэж буруу ойлгосноос шалтгаалж, хариуцагч С.Г-г Хил хамгаалах ерөнхий газраас шүүгчийн захирамжийг биелүүлсэн талаарх албан бичгийг ирүүлсний дараа дуудсан” гэжээ.
Шүүгчийн туслах Н.Т шүүхийн Тамгын газарт: “Тус захирамжийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлснээс хойш тус хэрэгт өөр ажиллагаа хийгээгүй, хугацаа алдсан” гэх тайлбарыг гаргасан ба сонсох ажиллагааны тэмдэглэлд хугацаа алдсан, хэрэгт ажиллагаа хийгээгүй талаар дурдсан. Үүний дагуу түүнд ... аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Шүүгч хэргийн хөдөлгөөнийг манлайлан удирдах нь тухайн шүүгчийн үүрэг. Харин шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал” 5.1.1-д зааснаар хариуцагчийг шүүхэд дуудах, нэхэмжлэлийн хувийг гардуулах, эрх үүрэг танилцуулах зэрэг нь шүүгчийн туслахын чиг үүрэгт хамаарах бөгөөд дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгчийн туслахын ажлын зохион байгуулалтгүй байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширчээ.
Иймд шүүгчийн туслахын шууд буруутай үйл ажиллагаанаас үүдэн шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, шүүгч Б.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2-т заасан ажиллагааг явуулахыг шүүгчийн туслахад даалгаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай, тасралтгүй явуулахад шаардлагатай арга хэмжээ авч ажилласан болох нь сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад тогтоогдож байна гэж үзлээ.
Харин холбогдох шүүгч нь цаашид шүүгчийн туслахын үйл ажиллагаанд хяналт тавьж, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлж, хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллавал зохино.
Мөн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн тул өргөдөлд дурдсан “Олон удаа шүүхийн байгууллагад хандсан, С.Г нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр улсын хилээр нэвтэрсэн талаар ... аймгийн шүүхэд цагдаагаас мэдэгдсэн байхад шүүхээс энэ талаар надад мэдэгдээгүй” гэх гомдол нь шүүгч Б.Б-д хамааралгүй ба иргэний хэрэг үүсгэснээр шүүн таслах бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрхтэй тул иргэний хэрэг үүсгэхээс өмнөх үйл баримтад холбогдох шүүгч нь мэдэгдэх үүрэг хүлээхгүй болно.
Иймд дээрхийг нэгтгэн дүгнээд ... шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Илтгэгч гишүүн өргөдөлд дурдсан үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагааг явуулж, улмаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасан нь хууль зүйн үндэслэл бүхий байна гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.2-т зааснаар хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх чиг үүргийг шүүгчийн туслах хэрэгжүүлдэг бөгөөд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн тогтоолоор баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-аар шүүхийн захиргааны ажилтны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд туслах чиг үүргийг нарийвчлан тодорхойлсон байна.
Хууль тогтоомжийн холбогдох заалтаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь заалтад заасныг үндэслэн хариуцагчийг Монгол Улсын хилээр гадагш нэвтрүүлэхгүй байхыг Хил хамгаалах ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн шүүгчийн 148/ШЗ2024/02065 дугаар захирамжийг хэргийн оролцогчид болон холбогдох этгээдэд хүргүүлэх нь шүүгчийн туслахын гүйцэтгэх ажилд хамаарч байна.
Холбогдох шүүгч “захирамж хүргүүлэх, хэрэгт ажиллагаа хийх дарааллын тухай туслахтай буруу ойлголцсоноос шалтгаалсан” гэх тайлбар гаргасан, тус шүүхийн Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Н.Т-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/105 дугаар тушаалаас үзэхэд шүүгчийн туслах болох нэр бүхий захиргааны албан хаагч энэхүү тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэхээр байна.
Түүнчлэн, сахилгын хэрэгт авагдсан баримтаар өргөдлийн үндэслэлд дурдагдаж буй захирамжийг хүргүүлсэн цаг хугацаа, үүнээс улбаалан сөрөг үр дагавар хэргийн оролцогчдод бий болоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэрлэн заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгож нэрлэн заасан зохицуулалт нь шүүгчийн сахилгын зөрчилд тооцогдох бөгөөд энэ нь санаатай болон болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх ч тухайн үйлдэл, эс үйлдэл нь хувь шүүгчээс өөрөөс нь шууд хамаарах шалтгаант холбоотой байж зөрчилд тооцогдох учиртай.
Хэдийгээр дээрх үйл баримтыг шүүгчээс шууд шалтгаант холбоотой зөрчил гэж дүгнээгүй боловч цаашид холбогдох шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулахдаа анхаарч ажиллавал зохино.
Илтгэгч гишүүний ГС/2025/0031 дүгээр саналд “....2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн тул өргөдөлд дурдсан “Олон удаа шүүхийн байгууллагад хандсан, С.Г нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр улсын хилээр нэвтэрсэн талаар ... аймгийн шүүхэд цагдаагаас мэдэгдсэн байхад шүүхээс энэ талаар надад мэдэгдээгүй” гэх гомдол нь шүүгч Б.Б-д хамааралгүй ба иргэний хэрэг үүсгэснээр шүүн таслах бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрхтэй тул иргэний хэрэг үүсгэхээс өмнөх үйл баримтад холбогдох шүүгч нь мэдэгдэх үүрэг хүлээхгүй болно.” гэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд дээрхийг нэгтгэн дүгнэж, тус сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ... шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Х.ХАШБААТАР