
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-04-01
Дугаар 39
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга А.Намуу нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч Б, У, ... шүүхийн шүүгч Б нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: Өргөдөл гаргагч С нь “...шүүх бүрэлдэхүүний шүүгч нар 2024 оны 11 дүгээр сарын 20, 25-ны өдрүүдийн шүүх хуралдааныг товлосон цагтаа эхлүүлээгүй буюу өөрсдийн товлосон шүүх хуралдааны товыг зөрчиж хэргийн оролцогч нарт хүндрэл, чирэгдэл учруулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25 дахь заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн, мөн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны шийдвэрээ тайлбарлаж өгөөгүй, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлээгүй хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна” гэх агуулгаар цахимаар өргөдөл гаргасан.
1. Шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан цагтаа эхлээгүй гэх үндэслэлийн тухайд:
... шүүхийн Тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 471 дүгээр албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “Иргэн-2014” нэгдсэн системийн бүртгэл болон шүүгчийн туслах Г.М-ын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үйлдсэн “Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас” Баримт №9-өөс үзэхэд Х.И-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Н-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цаг 00 минутад товлогдсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан шүүгч дараах бэлтгэл ажиллагаа явуулна”, 76.1.1 дэх заалтад “...шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох”, 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт “Хуваарийн дагуу томилогдсон шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 78.1-д заасан журмаар томилно” гэж тус тус заасан.
Шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн баримтуудаас үзэхэд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх заалтад зааснаар шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 000/ШЗ2024/10267 дугаар захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, Ерөнхий шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 000/ЕШ2024/03747 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.Б, Б.М нарыг, Ерөнхий шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 000/ЕШ2024/09810 дугаар захирамжаар “... шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч Б.М нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ... зарлигаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллах болсон ...” гэх үндэслэлээр түүний оронд шүүх бүрэлдэхүүний шүүгчээр Б.У-г томилсон шийдвэрийг тус тус албажуулжээ.
Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад 2024 оны 11 дүгээр сарын 20, 25-ны өдрүүдийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийв.
... шүүхийн Тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 288 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн цагаан өнгийн цулгуй сидинд хуулагдсан “20241120_150848”, “20241120_152618” гэх нэрүүдтэй хуучнаар Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд шүүх хуралдаан 15 цаг 08 минут 48 секундээс эхэлжээ.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Хэргийн нотлох баримт нь ... дүрс, дууны бичлэг, ... шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан ба 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тухайн өдрийн 000/ТМ2024/04816 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 1 дүгээр талын 6 дахь мөрд “Шүүх хурал 15 цаг 09 минутад эхлэв” гэж бичсэн байгаагаар шүүх хуралдаан нь товлосон цагтаа эхлээгүй, 9 минут орчим хугацаагаар хоцорч эхэлсэн болох нь тогтоогдож байна.
Харин шалгах ажиллагааны явцад гэрчээр асуугдсан буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцсон Ө.А “... яагаад товлосон цагтаа эхлээгүйг санахгүй байна. Шүүх хуралдааныг оруулахдаа хэргийн оролцогчдыг танхимд оруулаад ирцээ бүртгэн, шүүх хуралдааны бэлтгэл хангаад хурлын цаг болоход шүүгч эсхүл шүүх бүрэлдэхүүнийг дотоод чатаар дууддаг” гэх мэдүүлэг өгсөн.
Шүүгч нарын хариу тайлбарыг гэрчийн мэдүүлэгтэй харьцуулан үзэхэд зөрүүтэй байх боловч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт “Шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ, 89.3.7 дахь заалтад “шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох”, 90 дүгээр зүйлийн 90.2 дахь “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааныг даргалагчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 90.2.1 дэх заалтад “шүүх хуралдааны техник, зохион байгуулалтын бэлтгэлийг хангах, 90.2.3 дахь заалтад “шүүх хуралдааныг дууны, дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулах” гэж тус тус зааснаар шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй тул шүүгч нарын хариу тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд шүүх хуралдаан товлосон цагаас 9 минут орчмын дараа эхэлснийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25 дахь заалтад заасан шүүх хуралдааны товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
2. Шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан цагтаа эхлээгүй гэх үндэслэлийн тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг 000/ШТ2024/00480 дугаар тогтоолоор 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 00 минут хүртэл хойшлуулжээ.
Товлогдсон шүүх хуралдаан цагтаа эхлээгүй нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 000/ТМ2024/04901 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлийн 1 дүгээр талын 6 дахь мөрд “Шүүх хурал 16 цаг 56 минутад эхлэв” гэж бичсэнээр болон шалгах ажиллагааны явцад тухайн өдрийн “20241125_165650” гэх нэртэй дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд шүүх хуралдаан 16 цаг 56 минут 50 секундээс эхэлжээ. Шүүх хуралдааны “20241125_170259” гэх нэртэй бичлэгийн 44 секундээс даргалагч шүүгч Б “яалтчгүй шалтгааны улмаас хуралдаан цагтаа эхлэх боломжгүй нөхцөл байдал үүсчихлээ. Та хэд ойлгоод хүлээж байсанд баярлалаа” гэж хэлж байгаагаар тус тус тогтоогдож байна.
Шүүгч Б нь дээрх шүүх хуралдаан цагтаа эхлээгүйтэй холбогдуулан “...өглөө 10 цаг өнгөрч байхад үүдэн шүд хугарч амнаас цус гараад байсан. Шүднээс гарч байгаа цусыг өөрөө зогсоох арга хэмжээг авсан боловч зогсохгүй байсан. Иймд ажлын хамгийн ойр шүдний эмнэлэгт очиж үзүүлсэн, эмч нар цус зогсоох арга хэмжээ авах эмчилгээ хийж, шүүх хуралдаан цагтаа эхлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн... Маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дахин эмчилгээ хийлгэсэн. Эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг товлосон цагтаа эхэлж чадаагүй. Эмнэлгийн бүртгэл, төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдоно. Үзүүлсэн эмнэлгийн хаяг Б дүүрэг 5 дугаар хороо, “S” гэх, шүүгч Г.Б, У нар “... 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 00 минутад товлосон. Тус хэргийн шүүх хуралдааны цаг болоход Б шүүгчийн туслах н.Д “...шүүгч эмнэлэг явсан ба эмчилгээ нь дуусаагүй байна” гэж мэдэгдсэн. Шүүх хуралдааныг даргалагч шүүгч Б-г эмнэлгээс ирэхийг хүлээж, ирэхээр нь хуралдаандаа орсон болно” гэх тайлбарууд гаргасан.
Дээрх үйл баримтыг тодруулахаар “S” шүдний эмнэлгээс лавлагаа гаруулахад тус шүдний эмнэлгийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр албан бичигт “Б нь 2024 оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдөр шүдний эмчилгээнд орсон нь үнэн болно...” гээд эмчилгээний түүх буюу эмчилгээний картын хуулбарыг ирүүлсэн байгаагаар шүүгчийн хариу тайлбарт дурдсан үйл баримт үнэн болох нь тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т “Хүнийг ... нас, хүйс, нийгмийн гарал, байдал, ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”, Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, мөн зүйлийн 1-д “амьд явах эрхтэй...”, 6-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй...” гэж заасан.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25 дахь заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалт нь шүүх хуралдааны товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих тохиолдолд хамаарна.
Иймд шүүх хуралдаан товлосон цагтаа эхлээгүй нь шүүгч Б-гийн эрүүл мэндийн шалтгааны холбоотой буюу хүндэтгэх үзэх шалтгаантай байсан, мөн удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдааны товыг зөрчсөн гэж үзэх үндэслэл шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25 дахь заалтад заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
3. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ тайлбарлаж өгөөгүй гэх үндэслэлийн тухайд:
Шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй тул шүүхийн мөн өдрийн 000/ШТ2024/00484 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг буцаасан байна.
Тухайн өдрийн шүүх хуралдааны 000/ТМ2024/04901 дугаартай тэмдэглэлийн 1 дүгээр талын 4 дэх догол мөрт “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-ын 9900000 дугаарт холбогдон 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүгчийн туслаах шүүх хуралдааныг товыг мэдэгдэхэд “...нэхэмжлэгч Х.И-гийн бие муу, надад итгэмжлэл хийж өгөөд яваад байсан. Охин нь гадагшаа явсан байгаа учраас би нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах боломжгүй байна. Энэ удаа нэхэмжлэлийг буцаагаад охин нь ирэхээр дахин тодруулж гаргах бодолтой байна гэсэн хариу өгсөн” гэж, 6 дахь догол мөрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өргөдөл гаргагч С “... өнөөдөр мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй .... Нотлох баримт хангалттай цугласан, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаагүй ...нэхэмжлэгч талын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлттэй байна” гэж хэлсэн нь тэмдэглэгджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно”, 100.2 дахь хэсэгт “Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдний эзгүйд хэргийг хэлэлцэн шийдвэрлэх, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хариуцагч талын хүсэлтээр шүүх нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаахаар сонгох санкцитай хуулийн зохицуулалт байна.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасан заалт нь нэхэмжлэгч, түүний төлөөлөгч өмгөөлөгч шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэж байсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болон нэхэмжлэгч талын эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлтийг хариуцагч талаас гаргасан байх урьдчилсан нөхцөл бүрдүүлсэн байхыг шаарддаг.
Шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн байсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Гэвч хуулийн уг хэсэгт заасан “...шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана...” гэх заалт нь шүүхийн бүрэн эрхийн асуудал юм.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх боломжтой эсэх, эсхүл нэхэмжлэлийг буцаах нь шүүх бүрэлдэхүүний шүүгч нарын өөрсдийн дотоод итгэлийн үндсэн дээр гаргах шийдвэр болно.
Дээрхээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч тал нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргахад уг хүсэлтийг шүүх хүлээн авах ёстой гэж ойлгохгүй бөгөөд хүсэлтийг хүлээн авах эсэх нь шүүх бүрэлдэхүүний хуулиар олгогдсон бүрэн эрх тул үүнд Шүүхийн сахилгын хороо үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй юм.
Түүнчлэн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны “20241125_170259” гэх нэртэй дуу-дүрсний бичлэгт даргалагч шүүгч Б “хариуцагч талаас хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргаж байгаа хэдий ч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэн нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэлээ” гэж хэлснийг шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ тайлбарласан гэж үзнэ.
Иймд шүүх бүрэлдэхүүний шүүгч нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.” гэжээ.
Шүүгч Б хариу тайлбартаа: “Шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 09 цагаас эхлэн 5 шүүх хуралдаан товлогдон зарлагдсан байсан. Шүүх хуралдаанууд ар араасаа дараалан нарийн бичгийн даргаас шүүх хуралдааны бэлтгэл хангагдсан гэж хэлж мэдэгдсэн даруйд шүүх бүрэлдэхүүн хуралдаандаа орсон.
Шүүгч би 2012 онд элэгний С вирустэй болж удаан хугацааны эмчилгээ хийлгэсэн. Энэ үеэс цусны бүлэгнэлд өөрчлөлт орж үе үе хамраас цус их хэмжээгээр гардаг болсон. 2023 оны 01 дүгээр сард ажилдаа явж байхдаа найтаалгаснаас их хэмжээгээр цус гарч түргэн тусламж дуудаж эмчилгээ хийлгэсэн нөхцөл байдал ч үүсэж байсан. Ажил дээр удаа дараа хамраас их хэмжээгээр цус гарч байсан нөхцөл байдлыг ажлын хамт олон мэднэ.
2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн өглөө 10 цаг өнгөрч байхад үүдэн шүд хугарч амнаас цус гараад байсан. Шүднээс гарч байгаа цусыг өөрөө зогсоох арга хэмжээг авсан боловч зогсохгүй байсан. Ажлын хамгийн ойр шүдний эмнэлэгт очиж үзүүлсэн, эмч нар зогсоох арга хэмжээ авч эмчилгээ хийлгэж шүүх хуралдаан цагтаа эхлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Шүүх хуралдаанд оролцогч нарт нөхцөл байдлыг талаар дэлгэрэнгүй байдлаар бус эрүүл мэндийн шалтгаанаас шүүх хуралдаан цагтаа эхлэх боломжгүй болсон нөхцөл байдлыг тухайн үед тайлбарлан хэлсэн. Өөрт үүссэн эрүүл мэндийн шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарлан хэлэх боломжгүй байсан.
Маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дахин эмчилгээг хийлгэсэн. Эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг товлосон цагтаа эхэлж чадаагүй болно. Эмнэлгийн бүртгэл, төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдоно. Үзүүлсэн эмнэлгийн хаяг Б дүүрэг 5 дугаар хороо, “S” гэжээ.
Шүүгч Б, У нар хариу тайлбартаа: “Шүүгч бид шүүгч Б-гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй Х.И-гийн нэхэмжлэлтэй, Д.Н-т холбогдох иргэний хэрэгт бүрэлдэхүүний шүүгчээр сугалаагаар сонгогдсон.
Шүүх хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр товлосон ба тус шүүх хуралдаан товлосон цагаас 9 минутын дараа эхэлсэн. Энэ нь шүүх хуралдааны зохион байгуулалт буюу хурлын танхим бэлтгэх, шүүх хуралдааны танхимын бичлэг хэвийн явагдах эсэхийг шалгах, шүүх хуралдааны оролцогч нарын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангахтай холбоотойгоор 9 минутын дараа хурал эхэлсэн.
Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал ирээгүй ба хариуцагчаас гаргасан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтийг хангахгүй орхиж, талуудын мэтгэлцэх эрхийг олгох үүднээс шүүх хуралдааныг хойшлуулсан тогтоолыг даргалагч шүүгчээс хэргийн оролцогчид тодорхой тайлбарлаж, шүүх хуралдааныг хаасан.
Дараагийн шүүх хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 00 минутад товлосон. Тус хэргийн шүүх хуралдааны цаг болоход шүүгч Б-гийн туслах н.Д “... шүүгч эмнэлэг явсан ба эмчилгээ нь дуусаагүй байна” гэж мэдэгдсэн. Шүүх хуралдааныг даргалагч шүүгч Б-г эмнэлгээс ирэхийг хүлээж, ирэхээр нь орсон болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн С-гаас ... шүүхийн шүүгч Б, У, ...шүүхийн шүүгч Б нарт холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ГЗҮ/2025/0012 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ГС/2025/0023 дугаар санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
1. Өргөдөл гаргагчаас “...Шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг мөн хоцорч эхэлсэн, иргэдийн төлөөлөгч болон бид маш их бухимдсан, ...Шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг 16:00 цагт зарласан атлаа 17:00 цагт өнгөртөл хүлээлгэж, иргэдийн төлөөлөгч болон бид нар маш их бухимдсан. Энэ талаар даргалагч шүүгч “уучлаарай” гэдгээс өөр зүйл хэлээгүй. Нарийн бичиг “шүүгч эмнэлэг яваад ирж байна” зэрэг ойлгомжгүй тайлбар хэлж байсан. Дээрх байдлаар тус шүүхийн шүүгч нар өөрсдийн товлосон шүүх хуралдааны товыг зөрчиж хэргийн оролцогч нарт чирэгдэл, хүндрэл үүсгэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-д заасан шүүгчид хориглох үйл ажиллагааны зөрчлийн шинжтэй байна” гэж өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, иргэн Х.И-гоос Д.Н-т холбогдуулан “Д.Н-ээс гэм хорын хохиролд 8,085,217 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүгч Б хүлээн авч, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 000/ШЗ2023/19158 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 000/ЕШ2024/03747 дугаар захирамжаар тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч Б, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.Б, Б.М нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байна.
Шүүгч Б.М нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллах болсон тул 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 000/ЕШ2024/09810 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн шүүгч Б.У-г бүрэлдэхүүнд томилсон шийдвэрийг албажуулжээ.
Тухайн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цаг 00 минутад товлон зарласан боловч шүүх хуралдаан 15 цаг 09 минутад буюу 9 минут хоцорч эхэлсэн байна.
Энэ нь тус өдрийн 000/ТМ2024/04816 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл болон “20241120_150848” нэртэй шүүх хуралдааны бичлэгээр тогтоогдож байна.
Шалгах ажиллагааны явцад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.А “...миний санаж байгаагаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагтаа ирсэн, иргэдийн төлөөлөгч ирсэн эсэхийг санахгүй байна. Бас яагаад товлосон цагтаа эхлээгүйг санахгүй байна. ... Шүүх хуралдааныг оруулахдаа хэргийн оролцогчдыг танхимд оруулаад ирцээ бүртгэн, шүүх хуралдааны бэлтгэл хангаад хурлын цаг болоход шүүгч эсхүл шүүх бүрэлдэхүүнийг дотоод чатаар дууддаг” гэх мэдүүлгийг өгч, холбогдох шүүгч Б “...Шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 09 цагаас эхлэн 5 шүүх хуралдаан товлогдон зарлагдсан байсан. Шүүх хуралдаанууд ар араасаа дараалан нарийн бичгийн даргаас шүүх хуралдааны бэлтгэл хангагдсан гэж хэлж мэдэгдсэн даруйд шүүх бүрэлдэхүүн хуралдаандаа орсон” гэх тайлбарыг, шүүгч Б, У нар “...шүүх хуралдаан товлосон цагаас 9 минутын дараа эхэлсэн. Энэ нь шүүх хуралдааны зохион байгуулалт буюу хурлын танхим бэлтгэх, шүүх хуралдааны танхимын бичлэг хэвийн явагдах эсэхийг шалгах, шүүх хуралдааны оролцогч нарын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангахтай холбоотойгоор 9 минутын дараа хурал эхэлсэн...” гэх тайлбарыг тус тус ирүүлсэн байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт “Шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 89.3.7-т “шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох”, 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааныг даргалагчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 90.2.1-т “шүүх хуралдааны техник, зохион байгуулалтын бэлтгэлийг хангах”, 90.2.3-т “шүүх хуралдааныг дууны, дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулах” гэж зааснаар, шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах нь шүүгчийн туслах, хуралдааны нарийн бичгийн даргын хуулиар хүлээсэн чиг үүрэгт хамаардаг.
Дээрх гэрчийн мэдүүлэг, шүүгч нарын тайлбараас үзвэл шүүх хуралдаан товлосон цагаасаа 9 минут хоцорч эхэлсэн нь хуралдааны бэлтгэл ажилтай холбоотой гэж үзэхээр байх тул шүүгч нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-т “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэж заасныг зөрчсөн гэж буруутгах боломжгүй.
Мөн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 000/ШТ/2024/00480 дугаар тогтоолоор “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй” гэх үндэслэлээр Х.И-гийн нэхэмжлэлтэй Д.Н-т холбогдох шүүх хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулжээ.
Гэтэл шүүх хуралдаан товлосон цагаас 56 минут хоцорч эхэлсэн байх ба энэ нь 000/ТМ2024/04901 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгт даргалагч шүүгч Б шүүх хуралдаанд “...яалтчгүй шалтгааны улмаас хуралдаан цагтаа эхлэх боломжгүй нөхцөл байдал үүсчихлээ. Та хэд ойлгоод хүлээж байсанд баярлалаа” гэж хэлсэн зэргээр тогтоогдож байна.
Ийнхүү шүүх хуралдаан товлосон цагтаа эхлээгүй талаар шүүгч Б.У, Г.Б нар “...Тус хэргийн шүүх хуралдааны цаг болоход шүүгч Б-гийн туслах н.Д “шүүгч эмнэлэг явсан ба эмчилгээ нь дуусаагүй байна” гэж мэдэгдсэн. Шүүх хуралдааныг даргалагч шүүгч Б-г эмнэлгээс ирэхийг хүлээж, ирэхээр нь орсон болно” гэх тайлбарыг, шүүгч Б “...2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн өглөө 10 цаг өнгөрч байхад үүдэн шүд хугарч амнаас цус гараад байсан. Шүднээс гарч байгаа цусыг өөрөө зогсоох арга хэмжээг авсан боловч зогсохгүй байсан. Ажлын хамгийн ойр шүдний эмнэлэгт очиж үзүүлсэн, эмч нар зогсоох арга хэмжээ авч эмчилгээ хийлгэж шүүх хуралдаан цагтаа эхлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Шүүх хуралдаанд оролцогч нарт нөхцөл байдлыг талаар дэлгэрэнгүй байдлаар бус эрүүл мэндийн шалтгаанаас шүүх хуралдаан цагтаа эхлэх боломжгүй болсон нөхцөл байдлыг тухайн үед тайлбарлан хэлсэн. Өөрт үүссэн эрүүл мэндийн шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарлан хэлэх боломжгүй байсан. Маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дахин эмчилгээг хийлгэсэн. Эмнэлгийн бүртгэл, төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдоно. Үзүүлсэн эмнэлгийн хаяг Б дүүрэг 5 дугаар хороо, “S” гэх тайлбарыг ирүүлжээ.
Илтгэгч гишүүн дээрх үйл баримтыг S эмнэлгээс тодруулахад “Т овогтой Б нь тус компанийн S шүдний эмнэлэгт 2024 оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдөр шүдний эмчилгээнд орсон нь үнэн болно” гэх лавлагаа болон хийгдсэн эмчилгээний талаарх мэдээллийг ирүүлсэн байна. Тус лавлагаа баримтаас үзвэл шүүгч Б-гийн ирүүлсэн тайлбар үндэслэлтэй байна.
Иймд шүүгч Б-гийн эрүүл мэндийн улмаас шүүх хуралдаан товлосон цагаасаа 56 минут хоцорч эхэлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээр байх тул шүүгч нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-т заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.
2. Өргөдөл гаргагчаас “...2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны дараа шүүх гаргасан шийдвэрээ тайлбарлаж өгөөгүй, мэтгэлцүүлэхгүй бол болохгүй гэдэг цөөн үг хэлээд хуралдааныг хаасан. Угтаа нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлээгүй хууль зүйн үндэслэлийг л тайлбарлах ёстой байсан гэж үзэж байгаа. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгтэй нийцэхгүй байх бөгөөд шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бууруулах хор нөлөөтэй болохыг дурдах нь зүйтэй” гэжээ.
Хэрэгт авагдсан, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 000/ШТ2024/00484 дүгээр шүүхийн тогтоолд “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд өөрөө хүрэлцэн ирэх боломжгүй ямар нөхцөл байдал байгаа, түүнтэй холбогдох баримтыг ирүүлээгүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзнэ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн...” байна.
Шийдвэрийнхээ үндэслэлийг даргалагч шүүгч Б “...хариуцагч талаас хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргаж байгаа хэдий ч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэн нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэлээ” гэж тайлбарласан нь шүүх хуралдааны бичлэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана” гэж заасны дагуу шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүхээс гарсан тогтоолын товч танилцуулсан байх тул дээрх өргөдлийн үндэслэлээр шүүгч нарыг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Б, У, ... шүүхийн шүүгч Б нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ГС/2025/0023 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Г.Б, Б.У, ...шүүхийн шүүгч Т.Б нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Г.ЦАГААНЦООЖ