
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-04-03
Дугаар 48
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... шүүхийн Ерөнхий шүүгч Д.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүний 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ГС/2025/0028 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:
“... шүүгч Д.Б ... нь ...-ийн прокурор Н.А-тай найз нөхдийн харилцаатай буюу хэн нэгнийхээ ажлын өрөөнд, ... машинд уулзалдах, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх, хоол цайнд орж, ууж идэх, баяр ёслол хамт үзэх, очих гэх мэт байдлаар харилцдаг. Мөн ... аймгийн ерөнхий прокурор, шүүгч Д.Б нар нь өөрсдийн харилцаандаа тулгуурлан ... прокурорын газрын прокуроруудын хамт Д.Б шүүгчтэй хоол цайнд орох уулзалдах байдлаар ойр дотно харилцааг үүсгэсэн ... хэрэг дээр хяналт тавьж байгаа прокурорууд нь Д.Б шүүгчийн өрөөгөөр дураараа орж гарч уулзалдаж байна ... 2024 оны 03 сарын 10-ны өдрийн шөнө шүүхийн урд байрлах 9 давхар орон сууцны гадна машины зогсоолд прокурорын албаны машин, шүүгч Д.Б-н машин байсан бөгөөд тэнд оршин суугчийн зүгээс манай байранд баяр тэмдэглэж байна лээ гэсэн, тухайн өдөр хурандаа нарын баярын өдөр байсан ...” гэх өргөдлийн тухайд:
... өргөдөлд шүүгчийн өрөөнд прокурорууд орсон гэх цаг хугацаа тодорхойгүй үйл баримтын талаар дурдсан, прокурор Б.Б болон холбогдох шүүгч Д.Б нар “шүүгчийн өрөөгөөр орж, гардаг” гэх асуудлыг үгүйсгэсэн бол прокурор М.О 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт “бүх шүүгч нарын өрөөгөөр орж, гарч байгаа” гэснээр бол шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор ирсэн прокурорууд шүүгчийн өрөөгөөр ордог гэж үзэхээр байх боловч тухайлан Б шүүгчийн өрөөгөөр орсон гэх баримт тогтоогдоогүй, дээрх үйл баримтыг тогтоох боломжгүй, нотлогдоогүй болно.
1.2. Өргөдлийн “... Д.Б шүүгч, Н.А прокурор нарын наадмаар хамт авхуулсан зураг ... Н.А прокурор нь өөрийн ... фэйсбүүк цахим хуудсаараа олон нийтийн цахим сүлжээнд “... Хурандаа нар” гэх нэртэй цахим сүлжээнд шүүгч Б бидэндээ “...” гэх нэр хайрлажээ гэж нийтлэл оруулсан ба тухайн нийтлэлээс үзвэл шүүгч Б-тай хэрхэн ойр дотно харилцаатай буюу шүүгчийг аавын дүрээр бодож явдаг болохоо илэрхийлж байна гэж үзэхээр харагдаж байна ... Мөн 2023 оны 12 сарын 27-ны өдөр ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Б нь ерөнхийлөгчийн зарлигаар ... Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдож ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгох хүндэтгэлийн ёслолыг шүүх зохион байгуулсан ба тус ёслолд шүүх хуралдааны нэг тал болох яллах талд мэдэгдэж оролцуулсан нь шүүх, прокурор нар хэр ойр дотны харилцаатай болох нь ч үүгээр илэрхийлэгдэж байна ...” гэсэн агуулгыг дурдаж, фээсбүүкэд нийтлэгдсэн зургууд болон нийтлэлийг татан авч өргөдөлдөө хавсаргасан хэсгийн тухайд:
... Шүүгч Д.Б өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан, дэд хурандаа цолтой байсан учраас цагдаа, цэргийн цолтнуудын уулзалт, баяр ёслолын үйл ажиллагаанд оролцох үедээ оролцож байсан хүмүүст зориулан дөрвөн мөрт зохиосныг Ерөнхий прокурортой шууд найз нөхдийн холбоотой гэж үзэх үндэслэл болохгүй.
Түүнчлэн, өргөдөлд хавсаргасан “... хар малгайтай, монгол цамцтай эрэгтэй аймгийн ерөнхий прокурор Н.А ..., Н.А прокурорын зүүн гар талд суусан цоохор дээлтэй эмэгтэй нь Л.Б шүүгчийн эхнэр Ч.Ж, түүний зүүн гар талд сууж буй цэнхэр өнгийн монгол цамцтай цагаан малгайтай эрэгтэй Д.Б шүүгч” гэх тайлбартай монгол гэрт сууж буй хүмүүсийн зургийг тодруулахад:
... Мөн шүүгч Д.Б болон Н.А-н эхнэрүүд ... эмнэлэгт хамт ажилладаг, наадмын үеэр Нэгдсэн эмнэлгийн гэрт таарч хамт зураг авхуулсан үйлдэл нь зориуд уулзалт зохион байгуулсан гэж үзэх үндэслэлгүй.
Гэхдээ шүүгч нь албан ажил, хувийн амьдрал болон цахим орчинд ч ёс зүйн өндөр шаардлагыг хангаж байгаагаа үлгэрлэн харуулах замаар шүүхийн бие даасан байдалд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх учиртай. Иймээс шүүгчийн аливаа үг, үйлдэл нь хөндлөнгийн хэн нэгэн этгээдэд буруу, ташаа ойлгогдохооргүй байвал зохистойг дурдах нь зүйтэй байна.
Мөн өргөдөлд хавсаргасан “... “...” нэртэй фээсбүүк хуудаст нийтлэгдсэн “... Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дарга, удирдлагууд аймаг орон нутгийн удирдлагатай ирэх онд хамтран ажиллах талаар санал солилцов” гэсэн тайлбартай зургийн /олуулаа авхуулсан/ талаар шүүгч Д.Б “... Энэ зурагт байгаа хүмүүс бол гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлын зөвлөлд байдаг байгууллагуудын удирдлагууд ... Над руу Тагнуулын дарга ярьсан санагдаад байна, бид нар очих гэж байна, шүүхийн талаар ярих зүйл байна уу гэсэн. Шүүхийн тамгын газраас намайг оч гэж хэлээгүй ээ. Би шүүхийн талаар санал хэлнэ гээд би очсон. Зохицуулах зөвлөлийнхөн шүүхийг тоодоггүй, саналыг хүлээж авдаггүй гэх үүднээс шүүхийг дэмжиж байгаарай гээд би хэлсэн. Тэгээд зураг даруулъя гэхээр нь би суугаад байлтай биш гэж бодоод л зураг даруулсан. Энэ пост дээр санал солилцов гэдэг зүйл биччихсэн байсан, үүн дээр бол санал солилцоод байсан юм бол байхгүй” гэж тайлбарласан.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэгч нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтад “хууль тогтоомжид заасны дагуу гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, хянан шийдвэрлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа эрх бүхий төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллага, тэдгээрийн харьяа байгууллага, нэгж, тэдгээрийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” байна гэж заажээ.
Шүүгч нь Төрийн албаны тухай хуульд зааснаар дээрх албан тушаалд хамаарахгүй буюу төрийн байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан биш юм.
Гэтэл шүүгчийн “... Шүүхийн тамгын газраас намайг оч гэж хэлээгүй ...” гэснээс үзвэл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн үйл ажиллагаанд шүүхийг төлөөлж оролцох эрх олгогдоогүй байхад шүүгч Д.Б нь тус уулзалтад сайн дураараа очсон нь иргэд, олон нийтэд буруу ташаа ойлголт төрүүлэх нөхцөлийг бий болгожээ.
Энэ үйлдэл нь шүүгч шүүхийн бүтэц, зохион байгуулалтын талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байгааг харуулж байна.
Гэхдээ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн үйл ажиллагаанд оролцсон үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хоригдох зүйлд хамаарахгүй байх тул ёс зүй сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
1.3. “... Б шүүгч нь прокуроруудтай ... нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” буудал ресторан, “Б” их дэлгүүрийн 4 давхрын ресторан зэрэгт үйлчлүүлдэг ... Б прокурор нь 2024 оны цагаан сараар Д.Б шүүгчийн гэрт орж, дайлж цайлуулсан байсан ба үүнийгээ ч шүүгчийн туслахтай ярьж шүүгчийн туслахуудтай Д.Б шүүгчийн гэрт таарсан талаараа ярьж байсан ... давж заалдах шатны шүүгчийн туслах С-н хамт прокурорын албаны байрны бялдаржуулах төвд орох гэж байна гээд ажлын бус цагаар ч орж байсан ... Татгалзлыг хэзээ шийдэхийг мэдэхгүй байсан учраас шүүхийн гадна машиндаа байж байх үед ... 17 цаг өнгөрч байхад Б шүүгч шүүхээс гараад “Б” их дэлгүүр рүү орж байгаа харагдсан, 18 цаг өнгөрөөгөөд би гэр рүүгээ явахаар шүүхийн урдаас машинтайгаа хөдлөхөд прокурорын дээрх машин Байгаль орчны газрын урд зам дээр ирээд машинаас А прокурор буугаад “Б” их дэлгүүрийн арын хаалгаар орсон. Би 21 цагийн үед “Б” их дэлгүүрийн АТМ-ээс мөнгө авах гээд очоод зогсоол дээр ирэхэд “Б” их дэлгүүрийн урд зогсоолд дээрх албаны машин байсан, “Б” их дэлгүүрийн ар хаалгаар нь гарч ирдэг хэсгээр Б шүүгч, аймгийн прокурор А, А прокурорын туслах Г нар согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай гарч ирээд прокурорын албаны машиныг А прокурор унаад нөгөө хоёрыгоо суулгаад хөдлөөд явсан, 2024 оны 04 сарын 25-ны өдөр миний шүүгчээс татгалзсан татгалзал шийдсэн өдөр шүүгч Д.Б нь 18 цагийн үед прокурорын албаны байрны арын хаалгаар буюу прокурорын байранд амьдардаг прокурор нарын гарч ирдэг арын хаалганы хэсгээс гарч ирж байгаа харагдсан ба прокурорын гэрт нь ороод гарч байна гэж бодсон. Манай гэр прокурор, шүүхийн албаны байртай ойрхон, миний явах маршрут тухайн байгууллагуудын урдуур явдаг учраас байнга л тааралддаг. 2024 оны 12 сарын 12-ны өдөр аймгийн орлогч прокурор, Д.Б шүүгчийн ажлын өрөөнд орж уулзалдсан байсан. Эдгээр уулзалдаад байгаа цаг хугацаанаас харахад шүүгч прокурор нэгдмэл сонирхолтой байна уу даа гэсэн хардалт эргэлзээг төрүүлдэг ...” гэх тухайд:
... “Барилга угсралт, дулаан үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний “P” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02 тоотод “... “Б” их дэлгүүрийн барилгын өргөтгөлийг 2023 оны 06 дугаар сараас эхэлж, гадна фасад, карказны ажлыг хийж гүйцэтгэсэн. 2024 оны 02 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хооронд “TS” ресторан болон бусад дотор талбайг суллан, нураалтын ажлыг хийсэн. Одоогийн байдлаар тус барилгын дотор засварын ажил дуусаагүй үргэлжилж байна ...” гэснээс үзвэл, 2024 оны 04 дүгээр сард “Б” их дэлгүүрийн байр нь засвартай, худалдаа, үйлчилгээ явуулаагүй байсан нь харагдана.
Үүгээр, шүүгч Д.Б, Ерөнхий прокурор Н.А нар нь “М” болон “Б” их дэлгүүрт уулзалдан уусан гэх үйл баримт тогтоогдоогүй, мөн “P” ХХК-ийн албан бичгээр “Б” их дэлгүүрийн байр завсартай, өргөдөлд бичсэн хугацаанд ажиллаагүй байсан байх тул шүүгчийг буруутгах үндэслэлгүй байна.
Цагаан сарын золголтын талаар: ... Монгол улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн /цаашид "сахилгын зөрчил" гэх/ шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан.
Цагаан сараар прокурорууд төдийгүй шүүхийн ажилтнууд холбогдох шүүгчийнд очиж золгосон, тэдгээр хүмүүсийн нэг нь прокурор Б байсан болох нь тогтоогдож байх боловч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтад зөрчил гэж тусгагдаагүй тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Харин шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах үүднээс шүүгч нь олон нийт болон тухайн хянан шийдвэрлэж буй маргааны оролцогч талуудаас хараат бус байна. Түүнчлэн шүүгч нь тухайн шүүхэд тогтмол үйл ажиллагаа явуулдаг хуульчидтай хувийн шугамаар харьцахдаа, хэн нэгэнд ашигтай байдал бий болгосон, нэг талыг барьсан гэх бодит сэжиг, таамаг төрүүлэхээс зайлсхийх ёстой гэж Банглорын зарчимд дурджээ.
Иймд шүүгч нь албаны болон хувийн амьдралдаа иргэд болон олон нийтийн итгэлийг алдагдуулахгүй ёс зүйг чанд баримтлахыг анхаарах нь зүйтэй.
1.4. Өргөдөлд “... Мөн надад холбогдох хэргийн шүүх хуралдаанд буюу 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгч Д.Б нь хорино шүү гэх мэт байдлаар өөрийн хувийн хандлага илэрхийлсэн, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг гардаж авах талаар туслахад хэлэхэд шүүгч гардуулж өгөхгүй гэсэн гэсэн, мөн шүүхийн ажиллагаанд цугларсан нотлох баримттай хэргийн материалтай танилцах хүсэлтийг амаар шүүгчийн туслах О-д хэлсэн боловч шүүгчид хэрэг байгаа, асууя, шүүгч танилцуулахгүй гэж байна гэж явсаар 4 сар хүргэсэн захирамжийг гардуулж өгөхгүй хуулбарлаж өгөхгүй харин танилц гэж танилцуулсан ба аргаа бараад хэргийн материалтай танилцах талаар хүсэлт бичгээр гаргасан боловч 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан орох цаг болсон тухайн өдөр 9 цагт ирээд шүүх хурлаас өмнө хэргийн материалтай танилцъя гэж хүлээж суусаар байгаад шүүх хуралдааны цаг болгосон ба ... прокурорыг байлцуулж хэргийн материалтай танилцуулна гээд шүүх хуралдааны танхимаас Б.Б прокурорыг оруулж ирээд хоорондоо өөр хэрэг ярилцаж инээлдэж их л ойр дотно харилцаа ажиглагдсан ... би хурлын зааланд ороод байж байтал шүүхээс нэг бичиг оруулж ирээд гарын үсэг зур гэсэн ба ... тус бичигт прокурор Б.Б-н болон миний нэрийг бичсэн дахин танилцахаас татгалзсан гэх утга бүхий зүйл бичсэн баримт байсан ба уг баримтад миний бие гарын үсгээ зураад ... шүүхийн ажиллагааны баримт шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах хүсэлт гаргахад прокурор Б.Б-г байлцуулж танилц гэсэн тул танилцахаас татгалзсан болохоо бичээд ... шүүгчээс татгалзах шийдэлд хүрсэн...” гэжээ.
... Эрүүгийн хэрэгт үзлэгээр “хэргийн материал танилцуулсан” баримт гурав байгаагийн нэг нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэсэн огноотой , нөгөө нь огноогүй , гурав дахь нь “хэргийн материал танилцуулсан” гэх баримт нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шүүгчийн туслах Б.О-н “шүүх хуралдааны өмнө хэргийн материал танилцах шаардлагагүй гэж хэлсэн тул улсын яллагч Б.Б-г байлцуулан тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглээтэй, Т.П-н “шүүхээс гарсан шүүгчийн захирамжууд, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэгтэй танилцах хүсэлт гаргахад 11 цаг 15 минутын үед танилц гэсэн хурлын цаг болсон учир танилцах шаардлагагүй гэсэн мөн улсын яллагчийг байлцуулж байж танилц гэсэн тул танилцаагүй болно” гэсэн тэмдэглээтэй байсан.
Мөн 2024 оны 04 дүгээр сарын 15 гэх огноотой, “өмгөөлөгчөөр ажиллах эрхийг түдгэлзүүлсэн захирамжийн нэг хувийг өгч, боломжгүй бол танилцах боломжоор хангаж өгнө үү” гэх хүсэлт байна .
Энэ талаар өргөдөл гаргагч “... Энэ бол мөрдөн байцаалтын явцад хийгдсэн ажиллагаатай л танилцсан асуудал, шүүхэд хийгдсэн ажиллагаатай танилцаагүй. Тийм учраас 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны өмнө намайг хэрэгтэй танилц гэдэг үед шүүхийн ажиллагааны баримтууд байсан. Гэхдээ тэр үед 11 цагт товлогдсон хуралдааны цаг өнгөрч байхад прокурорыг байлцуулж хэргийн материалтай танилц гэж 11 цаг 15 минутын өмнө хэлсэн, хуралдаан орох гэж байсан тул би амжихгүй гэдэг тэмдэглэл тухайн үед хийж байсан ... Хэргийн материал 04 дүгээр сарын 23-ны өдөр үдэгдээгүй, хэрэг шүүгчид байсан. Танилцъя гэхээр тухайн үед үдчихсэн байсан мөрдөн байцаалтын ажиллагаатай холбоотой хэсгийг л танилцуулна уу гэхээс шүүхийн ажиллагаа явагдаж байсан үдэгдээгүй баримтууд бүхий хэсгийг танилцуулахгүй байсан. 04 дүгээр сарын 15-ны өдөр би хүсэлт гаргасан, захирамж гардуулахгүй, танилцуулахгүй гэж хүсэлт гаргасан, харин хэргийн материалтай танилцъя гэдгээ амаараа хэлж байсан ...” гэж мэдүүлсэн.
... 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны бичлэг, эрүүгийн хэрэгт байгаа тухайн өдрийн огноотой хэргийн материал танилцуулсан Т.П-н бичсэн тэмдэглэгээтэй баримтаар даргалагч шүүгч нь прокурор байлцуулж хэргийн материал танилцуулсан болох нь, мөн шүүхийн ажиллагаатай холбоотой баримтыг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш танилцуулаагүй болох нь тогтоогдоно.
Энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 10 дугаар зүйл “Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй” гэж заасныг, Монгол улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасныг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Дээрх хуулийн заалтыг зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн ... үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх шүүгчид хориглосон зөрчилд хамаарна. Гэхдээ уг зөрчил ноцтой, эсхүл удаа дараа гаргасан зөрчил байх шаардлагатай. Хэргийг хүлээн авснаас хойш шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр хойшилсноос өөр ажиллагаа хийгээгүй, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, шүүгчийн дээрх үйлдлийг үндэслэн шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргасан байх тул зөрчлийг ноцтой гэж үзэхгүй.
Шүүхийн сахилгын хорооны “Сахилгын хэргийн бүртгэл хяналтын системээр дамжуулан шалгасан талаарх мэдээлэл, лавлагаа”-аас үзэхэд сахилгын шийтгэл оногдуулаагүй боловч зөрчил гэж үзсэн шийдвэр байхгүй тул удаа дараа зөрчил гаргасанд хамаарахгүй.
1.5. Өргөдөлд “... 2024 оны 03 сарын 10-ны өдрийн шөнө шүүхийн урд байрлах 9 давхар орон сууцны гадна машины зогсоолд прокурорын албаны машин, шүүгч Д.Б-н машин байсан бөгөөд тэнд оршин суугчийн зүгээс манай байранд баяр тэмдэглэж байна лээ гэсэн, тухайн өдөр хурандаа нарын баярын өдөр байсан байдаг. Маргааш нь надад холбогдох шүүх хуралдаан ороход Б шүүгч нь нэмэлтээр О прокурор орохыг аль хэдийн мэдсэн байсан ба түүнийгээ үйлдлээрээ харуулсан ...” гэжээ.
Т.П-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн 0:00:06-0:00:15 дахь хэсэгт “... нарийн бичгийн дарга: Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Б, М.О, шүүгдэгч Т.П, түүний өмгөөлөгч Б.Д нар танхимд ирсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч О.С цахимаар оролцож байна ...” гэж ирц танилцуулсан. Даргалагч “... Аймгийн Улсын яллагчийн газраас бичиг ирсэн байна, 03 дугаар сарын 11-ний өдөр товлогдсон шүүгдэгч Т.П-д холбогдох эрүүгийн шүүх хуралдаанд нэмэлтээр ахлах прокурор М.О-г оролцуулахаар томилсон албан бичигт “Т.П-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 10 цагт товлогдсон, тус шүүх хуралдаанд хяналтын прокурор Б.Б-н хамт улсын яллагчийн чиг үүргийг хэрэгжүүлэн орох шаардлагатай болсон тул хэргийн материалтай танилцах нөхцөл боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү, хүсэлт гаргасан ахлах прокурор М.О” гэсэн байна ...” гэж албан бичгийн утгыг шүүх хуралдаанд оролцогчдод уншиж танилцуулсан.
Прокурорын гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлаад орсны дараа шүүгдэгч Т.П нь “... Хуралдаан завсарласны дараа өмгөөлөгч нартайгаа ярилцлаа. Тухайн хэрэгт прокурорын байгууллагаас илүү анхаарч байгаа юм байна гэж харлаа. Энэ шүүх хуралдаанд миний эрх ашгийг хөндөж ярих асуудлууд байгаа учраас С өмгөөлөгчийг оролцуулъя, мөн холбооноос нэмж өмгөөлөгч томилуулъя гэсэн хүсэлттэй байна …” гэсэн хүсэлтийг гаргаж, үүний дагуу шүүх хуралдаан хойшилсон байна.
... Иймд, прокурор томилох тухай албан бичиг шүүх хуралдаан дээр ирсэн, мөн хэрэгт “нэмэлт прокурор оролцуулах” асуудлыг дээд шатны прокурор эсхүл аймгийн Ерөнхий прокурорын шийдвэрээр томилдог тул прокурор нэмж оролцуулах ажиллагааг шүүгчид хамаатуулж, буруутгах үндэслэлгүй байна.
1.6. Мөн өргөдөл гаргагчийн хүсэлтэд “... мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д-с таслан сэргийлэх арга хэмжээний саналыг хэргийн материалгүй авсан шалтгаан, 2023 оны 11 дүгээр сарын 06, 07-ны өдрийн надад холбогдох таслан сэргийлэх арга хэмжээний саналууд хэн хэн гэх шүүгчид хэрхэн яаж хуваарилагдсан, хэргийн материалтай санал нь хэн дээр очсон, хэргийн материалгүй таслан сэргийлэх арга хэмжээний санал прокуророос орж ирж байсан эсэх талаар тодруулж тайлбар авхуулах ...” гэжээ.
Шүүхийн “Баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээг авах өөрчлөх, хүчингүй болгох хугацаа сунгах санал хүсэлт хүлээн авсан бүртгэл”-ээс харахад мөрдөн шалгагдаж байсан Т.П-д холбогдох хэрэгт, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах прокурорын санал 2023 оны 11 дүгээр сарын 06-ны ирсэн нь шүүгч Ч.Б-д, 07-ны өдрийн санал нь шүүгч Д.Б-д хуваарилагдсан байна.
Шүүхэд 2023 оны 11 дүгээр сард таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал 12 ирсэн, тэдгээрийг хуваарилсан байдлыг харвал, шүүгч Д.Б, шүүгч Ч.Б нар ээлжлэн авсан байна.
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн таслан сэргийлэх арга хэмжээ авах санал нь хэрэгтэй хамт ирдэг эсэх талаар “… Таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг мөн прокурорын бичиг хүргэгч авч ирдэг. Гэхдээ зарим нь хэрэгтэй, зарим нь хэрэггүй ирдэг. Журам дээр бол хэрэгтэй ирнэ гэсэн зүйл байхгүй. Санал ирлээ гэхэд би түүнийг бүртгэж авна, үүнд ямар нэгэн хязгаарлалт байдаггүй. Хэрэг нь байхгүй бол хэрэг аваад ир гэх эрх надад байхгүй...
... Таслан сэргийлэх арга хэмжээг гараар хуваарилдаг. Дарааллын дагуу шүүгч нарт ээлжилж хуваарилна... Тийм учраас дэвтэрт бүртгэхээс өмнө тухайн шүүгчид санал ирсэн талаар хэлэх гээд өрөө рүү нь очдог, байхгүй байх тохиолдолд мөн утсаар ярихад ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай байхад дараагийн шүүгчид хуваарилдаг…” гэж тайлбарласан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах прокурорын саналыг холбогдох хэрэг, материалын хамт шүүхэд ирүүлэх талаар тухайлан заагаагүй тул илт тодорхой хуулийн заалт зөрчсөн зөрчилд хамаарахгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “… энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж заасан.
Шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн прокурорын санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан арга хэмжээ хамаарах буюу тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 24 цагийн дотор шийдвэрлэхээр заасан байхад 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсан саналыг 11 дүгээр сарын 13-ны өдөр буюу 6 хоногийн дараа шийдвэрлэсэн байна.
Энэ талаар шүүгч “… Би үүнийг санахгүй байна. 24 цаг бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээн дээр яригддаг …” гэж тайлбарлаж байгаа нь хуульд 24 цагийн дотор шийдвэрлэнэ гэж заасантай нийцэхгүй байна.
Дүгнэвэл, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох арга хэмжээ авхуулах саналыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн байх тул үүнийг зөрчил гэж үзэхгүй.
1.7. Өргөдөлд “... анхан шатны шүүгч, давж заалдах шатны шүүгч нарын хувийн дотно харилцаа ч хоёр шатны шүүхэд итгэх итгэлийг алдагдуулдаг. Б шүүгч давж заалдах шатны шүүхийн шүүгч Б, Б нартай ч ойр дотно харилцаатай ба давж заалдах хурал товлон зарлаж хурал орох үеэс өрөөнд нь орох нь ойр ойрхон болоод байдаг юм биш үү гэсэн хардлага ч төрж байсан ...” гэжээ.
... Нэг орон нутгийн шүүхэд харьяалагдаж байгаа шүүгч нар нэгнийхээ өрөөгөөр орох, хоорондоо ажил хэргийн шугамаар харилцах нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан хориглосон зохицуулалтад хамаарахгүй байна.
2. Ж.Х нарт холбогдох хэргийн талаар:
... 2.1 Өргөдөлд “... Миний өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан албан тушаалын хэрэгт холбогдсон Ж.Х-н хэргийг прокуророос шүүх рүү шилжүүлэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдахгүй байсан бөгөөд прокурорууд нь хэргийг шүүхэд шилжүүлэхээр шүүхийн мэдээлэл лавлагаа дээр ирсэн байсан бөгөөд тус хэргийн нэг холбогдогч нь ирээгүй, байхгүй байхад хэргийг ... хүлээж авсан шүүгч Д.Б дээр хуваарилагдсан гэсэн тухайн өдөр 2023 оны 07 сарын 28-ны өдөр буюу тав дахь өдөр байсан ... тэгээд тус хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохдоо хэргийн нэг оролцогч ирээгүй байхад шүүх хүлээж авсан хэргийн материалтай прокурор танилцуулаагүй талаараа хэлж байтал шүүгч тэгээд ирчхээд байгаа юм биш үү яаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаад байгаа юм гэх байдлаар намайг загнаж зандарсан би ч дуугүй болсон ...” гэжээ.
Шүүх яллагдагч Ж.Х, Ч.Б, Ц.Г, С.С, Ш.Ц нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр авчээ.
... Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 3.1.1-д “ажилтан эрүүгийн хэргийг ирсэн цаг, минутын дарааллаар, ажлын цагаар хүлээн авч, ... бүртгэж, хүлээлгэн өгсөн хүний нэр, гарын үсгийг тайллын хамт зуруулна”, 3.1.2.7.4 дэх заалтад “цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол яллагдагчийг шүүхэд биечлэн ирүүлсэн байх” гэж заасныг зөрчин, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй яллагдагчийг шүүхэд биечлэн ирүүлэхгүйгээр хэргийг хүлээн авсан, үүнийг шүүгч нь мэдэж байсан нь урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хэлсэн шүүгчийн тайлбараар тогтоогдож байна.
Хавтаст хэргийг хүлээн авах нь шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтны албан үүрэгт хамаарах ба Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1.4 дэх заалтад “шүүхэд ирүүлсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх” чиг үүргийг шүүхийн Тамгын газар хэрэгжүүлнэ гэж заасан тул Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой байна.
Гэхдээ хавтаст хэргийг хүлээн авах, хуваарилах ажиллагаанд хяналт тавьж ажиллах нь шүүхийн Тамгын газрын дарга, холбогдох бусад албан тушаалтан, мөн тухайн хэрэг хуваарилагдсан шүүгчид хамаарах тул цаашид ийм үйлдэл гаргахгүй байх талаар анхаарч ажиллах нь зүйтэй байна.
Өргөдөлд гаргагч нь “... шүүх, прокурорт ажиллаж байсан хүн гэмт хэрэг болон зөрчлийн хэрэгт холбогдох, хохирогч болох нэлээдгүй тохиолдол байсан, энэ хэргүүд дээр шүүх болон прокурортой хамт ажиллаж байсан гэдгээр татгалзсан зүйл байдаггүй ...” гэж дурдсан тул үүнийг тодруулахад, ... шүүхийн Тамгын газраас “... шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэрэг ... шүүгч Д.Б дээр хянагдаж байна гэсэн албан бичгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь шүүхийн захиргааны ажилтан, тухайн шүүхэд явагдах бүхий л шүүх хуралдааны тэмдэглэлийг хөтлөх чиг үүрэгтэй, шүүгчид шууд хамаарал бүхий этгээд биш тул үүнийг тодруулж шалгах шаардлагагүй гэж үзлээ.
Дээрхийг нэгтгэвэл, шүүгч Д.Б нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон заалтыг зөрчөөгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж байх явцад буюу 2025 оны 01 дүгээр сарын 13 болон 02 дугаар сарын 04-ний өдөр өргөдөл гаргагч өргөдлөөсөө татгалзсан байх хэдий ч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт “Сахилгын хороо шүүгчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхдээ … өргөдөл, мэдээллийг заавал хянан шийдвэрлэх зарчмыг мөрдлөг болгоно”, 101.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 104.2-т заасны дагуу сахилгын хэрэг үүсгэсэн бол өргөдөл, мэдээллээсээ татгалзсан эсэхээс үл хамааран сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна” гэж заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, өргөдөлд дурдсан үйл баримт бүрд үнэлэлт дүгнэлт өгч “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасан байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд өргөдөлд дурдагдаж буй эрүүгийн хэрэг шүүгч Д.Б-д хуульд заасан журмын дагуу хуваарилагдаж, шүүгч хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд прокурорын саналыг шийдвэрлэсэн үйл баримтыг сахилгын зөрчил гэж үзэхгүй тул илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ”, 5.3-т “Бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно” гэж тус тус заасан.
Шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэхийг хориглодог.
Дээрх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүгч Д.Б-д хөндлөнгөөс нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Илтгэгч гишүүн “... 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны бичлэг, эрүүгийн хэрэгт байгаа тухайн өдрийн огноотой хэргийн материал танилцуулсан Т.П-н бичсэн тэмдэглэгээтэй баримтаар даргалагч шүүгч нь прокурор байлцуулж хэргийн материал танилцуулсан болох нь, мөн шүүхийн ажиллагаатай холбоотой баримтыг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш танилцуулаагүй болох нь тогтоогдоно.
Энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 10 дугаар зүйл “Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй” гэж заасныг, Монгол улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасныг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Дээрх хуулийн заалтыг зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн ... үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх шүүгчид хориглосон зөрчилд хамаарна.
Гэхдээ уг зөрчил ноцтой, эсхүл удаа дараа гаргасан зөрчил байхыг хуулиар шаардаж урьдчилсан нөхцөл хангагдсан байх шаардлагатай. Илтгэгч гишүүний хийсэн шалгах ажиллагааны явцад хэргийг хүлээн авснаас хойш шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралдаан хойшилсноос өөрөөр ямар нэгэн ажиллагаа шүүхээс хийгээгүй, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, шүүгчийн дээрх үйлдлийг үндэслэн шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргасан байх тул зөрчлийг ноцтой гэж үзэхгүй гэж илтгэгч гишүүн дүгнэсэн нь үндэслэлтэй байна гэж бүрэлдэхүүн үзэв.
Харин хэрэг хуваарилах, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах прокурорын саналыг журамд заасны дагуу хүлээн авах, хавтаст хэрэг хүлээн авах зэрэг шүүхийн захиргааны албан хаагчийн гүйцэтгэх ажил үүрэгт хамаарах үйл баримтаар шүүгчийг буруутгахгүй.
Өргөдөл гаргагчийн өргөдөлдөө дурдсанаас үзвэл холбогдох шүүгчтэй хувийн таарамжгүй харилцаагүй бөгөөд шүүгч болон бусад төрийн байгууллагын нэр бүхий албан хаагчидтай байнга тааралддаг гэж ойлгогдож байна.
Өргөдлийн тус агуулга холбогдох шүүгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад баримтыг нэгтгэн дүгнэхэд цөөхөн хүн амтай орон нутагт үйл ажиллагаа явуулж буй прокурор, шүүгч тааралдсан тохиолдолд хоорондоо энгийн байдлаар харилцах, Тамгын газрын байранд байрлах өрөө тасалгаагаар орох зэрэг үйлдлээр хэрэг хянан шийдвэрлэхэд нөлөөлөх үйлдэл гаргасан, хувийн дотно харилцаатай гэж дүгнэх хууль зүйн боломжгүй бөгөөд шүүгч Д.Б тухайн эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ аливаа байдлаар хувийн сонирхлоор хандсан гэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн хүмүүс хоорондын харилцааг хууль болон ёс заншлаар зохицуулж байдаг бөгөөд Цагаан сар, Наадам зэрэг баярыг тэмдэглэх талаар ард түмний дунд нэгэнт тогтсон ёс заншил буюу хэм хэмжээг үгүйсгэх боломжгүй. Аливаа тэмдэглэлт баярыг төр засаг, төрөл садан, найз нөхдийн хэмжээнд хэрхэн тэмдэглэх талаар буюу зөвхөн дотно харилцаатай хүмүүсийн хооронд тэмдэглэх талаар тусгайлан зохицуулаагүй.
Иймд төрийн байгууллагын албан тушаалтнууд хуульд заасан баярыг тухайн цаг хугацаанд, хориглоогүй газар нийтээр тэмдэглэж, зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулсан үйл баримтыг шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон шүүхийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй. Өргөдөлд дурдсан баяр тэмдэглэсэн гэх утга агуулга, түүний үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжид хамаарахгүй.
Дээрхийг нэгтэн дүгнэхэд тус сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.... шүүхийн Ерөнхий шүүгч Д.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Д.ЭРДЭНЭЧУЛУУН