info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-04-02

Дугаар 45

Улаанбаатар хот

 

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, өргөдөл гаргагч Б.Б нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

...шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ц, шүүгч Э.Б нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

“А ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б өргөдөлдөө: “...Манай компани нь “Ж” ХХК-д холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийг ...шүүхэд гаргасан. Шүүгч Д.Ц нэхэмжлэлийг хүлээн аваад 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болон бүрдүүлбэр хангасан байна гэж үзэж 1../ШЗ2023/0...3 дугаартай шүүгчийн захирамж гаргасан. Энэ захирамжаа үгүйсгэж 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасан.

Энэ хэрэг өмнө нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэгдэж манай компанид 432,673,991 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн. Үүний дараа нэхэмжлэгч болон хариуцагч нар давж заалдах гомдол гаргаж 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2../Э2024/0...7 дугаартай магадлалаар үндэслэлээ дурдахдаа Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д заасан төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий нэгжийг төлөөлөгчийн газар гэнэ гэж заасан бөгөөд шүүх зөвхөн итгэмжлэлийг хуульд заасан хэлбэр буюу Иргэний хуулийн 62-64 дүгээр зүйлд заасан үндэслэлээр олгоно” гэдгийг дурдаж шүүхийн ажиллагаагаар дээрх алдаагаа засахыг үүрэг болгож анхан шатны шүүх рүү буцаасан.

Анхан шатны шүүх алдаагаа засаж процессоо хуульд заасны дагуу хийж гүйцэтгэнэ гэдэгт найдаж байсан боловч дээрх үйлдлийг хийж гүйцэтгээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах алдаагаа засварлаагүй. 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохих этгээдийн зөвшөөрөлгүй буюу итгэмжлэлээр эрх олгогдоогүй эрхгүй этгээдийг оруулан хуралдааныг хийсэн. Энэ хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн статусаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийж гүйцэтгэхээр цааш үргэлжлэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хуралдаан даргалагчид та ямар ч хамааралгүй эрх олж аваагүй этгээдүүдийг хуралд оролцуулж байна гэж дурдахад энэ асуудлыг шийдвэрлээгүй.

Мөн дээрх хууль бус шүүх хуралдааныг даргалж явуулж буй шүүгч Д.Ц-ээс татгалзахад татгалзал хүлээж авахгүйгээр хуралдааныг цааш үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй” гэснийг зөрчсөн. 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хариуцагчийг дуудах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу зохион байгуулахгүй байна гэж үзэж “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахыг хориглолт тогтоож хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг даалгаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан. Дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхтэй захирамж байхад тухайн асуудлаар гомдол гаргах эрхийг хангаагүй, зохигчийн эдэлбэл зохих эрхийг эдлүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн зэрэг үйлдлийг тус тус гаргаж хэргийг шийдвэрлэсэн.

Шүүгч Д.Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасан үндэслэлээ дурдахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан шүүхийн харьяалал зөрчсөн, 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэх нийт 1 жил 9 сарын хугацаанд хариуцагч компаниас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөгч н.Б нь шүүх хуралдаан тухай бүрд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ...аймаг, ...сум, ...баг, ...цогцолбор боомтоос ирж хуралдаандаа оролцдог байсан тул дээрх шүүгчийн илт үндэслэлгүй шийдвэр үгүйсгэгдэнэ.

Мөн хариуцагчийг харьяалал зөрчсөн гэж үндэслэх хэсэгтээ дурдсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана” гэсний дагуу гаргасан бөгөөд өмнөх бүхий л шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч н.Б нь тухайн хаяг үйл ажиллагаагаа эрхэлсээр байгаагаа илэрхийлдэг.

Дээрх үндэслэлээр шүүгч гэнэт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийн зүгээс эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэсэн. Дээрх үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн хориглох зохицуулалт болох 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох;” 50.1.8-д “шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон бусад иргэн, хуулийн этгээдээс шууд ба шууд бусаар тусламж авах, үйлчлүүлэх, давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авах;” 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах”, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-т заасан “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” зэрэг үйлдлийг тус тус зөрчиж илтэд хууль бус шийдвэр гаргасан тул хэрэг үүсгэж шалган тогтоож өгнө үү.

Шүүгч Д.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хэлбэрээр удирдан зохион байгуулж хэрэгжүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй 1 жил 9 сарыг зохигчийг ...сум руу явах унаа зардлын зарлагыг гаргаж явсны дараагаар өөрийн гаргасан алдаагаа нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах замаар шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байх тул дээрх шүүгчийн хууль бус үйлдэл зохих шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгч Д.Ц 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ж” ХХК-д холбогдох гэрээний улмаас учирсан хохирол, баталгааны төлбөр, үнийн өсөлтийн улмаас үүссэн хохирол 1,345,104.799 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүгч надад хуваарилагдаж ирсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Ж” ХХК-аас 1,936,025,823.48 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Уг иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 432,673,991 төгрөгийг гаргуулж, үлдэх 912,430,808 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэл 1,936,025,823 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрт хариуцагч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргаж, ...давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2../Э2024/0...7 дугаар магадлалаар “Хуулийн этгээдээс итгэмжлэлээр эрх олгоогүй буюу төлөөлөгчид зохих ёсоор итгэмжлэл олгогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан.

Шүүгч би хэргийг дахин шийдвэрлэж 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1../Ш32024/0...5 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгчийн гэрээний улмаас учирсан хохирол, баталгааны төлбөр, үнийн өсөлтийн улмаас үүссэн хохирол 1,345,104,799 төгрөг гаргуулах тухай, хариуцагч “Ж” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн 1,936,025,823.48 төгрөг гаргуулах тухай хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл нь хариуцагч байгууллагын итгэмжлэлээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон төлөөлөгч Н.А, түүний өмгөөлөгч Ч.М нарыг хариуцагч байгууллагыг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчийн хаяг, оршин байгаа газрыг зөв тодорхойлоогүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2, 65.1.9-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсон гэж үзсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч талууд нотлох баримтаа өөрсдөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд үүнд шүүгч хөндлөнгийн байр сууринаас оролцоно. Мөн хуулийн 27 дугаар зүйлд “нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ... жинхэнэ хариуцагчаар сольж болно” гэж заасан. Хэргийн хариуцагчийг тодорхойлох эрх нь зөвхөн нэхэмжлэгчид байдаг. Шүүх хариуцагч, нэхэмжлэгчийг солих асуудлыг оролцогч нарын хүсэлтээр шийдвэрлэдэг.

Шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчийн оршин суугаа газар, хаягийг зөв тогтоож шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа.

Гомдол гаргагч Б.Б “шүүх хуралдааныг даргалж буй Д.Ц шүүгчээс татгалзаж байна гэхэд татгалзал хүлээж авалгүйгээр хуралдааныг цааш үргэлжлүүлсэн” гэжээ. Шүүгч би шүүх хуралдаан эхлээд шүүгч болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг хуульд заасан үндэслэлээр татгалзан гарах хүсэлт байгаа эсэхийг асууж тодруулахад хэргийн оролцогч нараас шүүгч болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзах хүсэлт гаргаагүй учир шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргах явцдаа шүүгчээс татгалзаж байна гэж ярьсан боловч үүнийг гаргаж байгаа тайлбар дундаа ярьсан гэж ойлгосон бөгөөд шүүгчээс татгалзан гаргах тухай хүсэлтийг албан ёсоор гаргаагүй болно. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор “Хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш дээрх үндэслэлээр гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргаагүйд тооцож, шүүх хуралдааныг цааш явуулна” гэж тайлбарласан.

Гомдол гаргагч Б.Б “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахыг хориглолт тогтоож, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг даалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Дээрх хүсэлт нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1.9-д заасан гомдол гаргах эрхтэй захирамж байхад тухайн асуудлаар гомдол гаргах эрхийг хангаагүй зохигчийн эдэлбэл зохих эрхийг эдлүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн” гэжээ. Шүүгч би уг хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1../Ш32024/0...4 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын шүүхэд гаргасан компанийн төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн ирж оролцохыг даалгах хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.5-д зааснаар зохицуулах харилцаа биш байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.5-д заасан зохицуулалт нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор хариуцагчаас эд хөрөнгийг захиран зарцуулахгүй байх хариуцагчийн эд хөрөнгө ба эрх, үйл ажиллагааг нь хязгаарлах талаар авч байгаа арга хэмжээний нэг төрөл бөгөөд хүсэлтэд дурдагдсан зүйлүүдтэй хамааралгүй заалт юм. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын шүүхэд гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.5-д зааснаар шийдвэрлэх боломжгүй юм. Хуулийн этгээдийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35, 36 дугаар зүйлүүдэд зохицуулсан байна. Мөн компанийн төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн ирж оролцохыг шүүхээс даалгахыг энэ хуулиар зохицуулаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасны дагуу уг хүсэлтийг энэ зүйлээр шийдвэрлэсэн. Энэ хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар гаргасан захирамжид гомдол гаргах эрхгүй байдаг.

Мөн гомдол гаргагч Б.Б энэ үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн хориглох зохицуулалт болох 50.1.1-д заасан “Албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, өөртөө, эсхүл бусдад давуу байдал болгох”, 50.1.8-д “Шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэргийн оролцогч түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон бусад иргэн, хуулийн этгээдээс шууд ба шууд бусаар тусламж авах, үйлчлүүлэх, давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авах”, 50.1.23-д заасан “Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах, шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-т заасан “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй зэрэг үйлдлийг тус тус зөрчиж илтэд хууль бус шийдвэр гаргасан” гэж гомдол гаргажээ. Шүүгч би уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэний ч нөлөөнд автахгүйгээр зөвхөн хуульд захирагдаж, өөрийн итгэл үнэмшлээр хуульд зааснаар шийдвэр гаргасан. Би энэ хэргийг хянан шийдвэрлэснийхээ төлөө албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад ямар нэгэн эдийн болон эдийн бус давуу байдал бий болгоогүй, хэргийн оролцогч нараас тусламж авах, үйлчлүүлэх, давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авах зэрэг үйлдэл гаргаагүй тул энэ талаар ямар нэгэн тайлбар байхгүй болно.

Энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.23-д заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн гэж үзэхгүй байна. Хуулийн илт тодорхой заалт гэдэг нь хэн ч уншаад ойлгох заалтыг илтэд өөрөөр шийдвэрлэхийг ойлгодог. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгч Д.Ц 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа: “...хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-аас “тус шүүхийн шүүгчдээс татгалзан гаргах” тухай хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлтийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүгч Э.Б, шүүгч Д.Ц нарын бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж шийдвэрлэсэн.

Тухайн үед тус шүүх нь 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүн таслах үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Ерөнхий шүүгч А.Ц ээлжийн амралттай байсан учир тухайн үед ажиллаж байсан шүүгч Э.Б болон миний бие хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д “Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан буюу тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэнэ тогтоол гаргана” гэж заасны дагуу шийдвэрлэж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Бүх шүүгчдийг татгалзсан гэдгийг иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд тухайн шүүхийн бүх шүүгч оролцсон бөгөөд тэдгээрийг татгалзсаныг ойлгоно. Тухайн хэргийг шүүгч Д.Ц би дангаар хянан шийдвэрлэсэн. Иймд татгалзлыг адил шатны өөр шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-гаас ирүүлсэн “тус шүүхийн шүүгчдээс татгалзан гаргах” тухай хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэсэн асуудал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан шүүгчийн хориглох зүйлд хамаарахгүй гэж үзэж байгаа тул надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгч Э.Б тайлбартаа: “...шүүхийн шүүгч Э.Б надад “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ж” ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-аас ирүүлсэн “тус шүүхийн шүүгчдээс татгалзан гаргах” тухай хүсэлтийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу хуваарилагдсаныг хүлээн авсан. Тус шүүхийн “шүүгчдийг татгалзан гаргах тухай” хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүгч Э.Б, шүүгч Д.Ц нарын бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж шийдвэрлэсэн.

Тухайн үед тус шүүх нь 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүн таслах ажлыг явуулж байсан бөгөөд Ерөнхий шүүгч А.Ц ээлжийн амралттай байсан учир тухайн үед ажиллаж байсан шүүгч Д.Ц болон миний бие хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д зааснаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-аас ирүүлсэн “тус шүүхийн шүүгчдээс татгалзан гаргах” тухай хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэсэн асуудал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан шүүгчийн хориглох зүйлд хамаарахгүй гэж үзэж байгаа тул надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “А” ХХК-ийн “Ж” ХХК-д холбогдох “гэрээний хохиролд 837,482,701 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэл ...шүүхийн шүүгч Д.Ц-д хуваарилагдсанаар дараах хянан шийдвэрлэх ажиллагаа хийгджээ.  Үүнд:

 “Ж” ХХК-ийн төлөөлөгчийн газрын төслийн менежер Ч.Ш-ээс 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б.Н-д олгосон итгэмжлэлийг үндэслэн түүнд нэхэмжлэлийн хувийг гардуулсан, Ч.Ш нэхэмжлэлд тайлбар ирүүлсэн ба 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд төлөөлөх эрхийг Н.Б-д олгожээ. 

Хариуцагч  2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 1,844,937,948.34 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гардуулжээ.

Нэхэмжлэгч 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 1,345,104,799 төгрөгийг гаргуулахаар шаардсан. 

Шүүх тухайн иргэний хэргийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 9 цагт хийхээр шүүх хуралдааныг товлон зарласан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9 цаг хүртэл хойшлогдсон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхийн шүүгчдээс татгалзах хүсэлт гаргасныг шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 0...5 дугаар тогтоолоор хангахаас татгалзсан.

Шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 0...9 дүгээр захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүх хуралдаан хойшлогдсон, тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 0...3 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Гомдол хэлэлцэх тухай” 0...8 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах хүсэлтийг хангахаас татгалзсан.

Шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0...3 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангасан, төслийн менежер Ч.Ш-ээс 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийгөө төлөөлөх эрхгүй этгээд тул сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Н.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох боломжгүй талаараа тайлбар ирүүлж, “C.X”-г төлөөлөгчөөр бүртгэсэн Салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээг ирүүлжээ.

Шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0...1 дүгээр захирамжаар хариуцагч “Ж” ХХК-ийн захирал гэх C.X хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө оролцох эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилон ирүүлэх шаардлагатай гэж үзсэн бөгөөд тэрээр БНХАУ-д оршин суудаг учраас хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0...8 дугаар тогтоолоор хүчингүй болгосон тул шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0...9 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн.

Хариуцагчаас Салбар, төлөөлөгчийн газрын Ч.Ш-ийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлөөлөгчөөр бүртгэсэн гэрчилгээг шүүхэд ирүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дахин Н.Б-д шүүхэд төлөөлөх эрхийг олгосон итгэмжлэлийг ирүүлсний дагуу нэхэмжлэлийг гардуулах, тайлбар авах ажиллагааг дахин хийсэн ба түүнээс “1,936,025,823.98 төгрөгийг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх хэргийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 00048 дугаар шийдвэрээр хариуцагч “Ж” ХХК-иас  гэрээний улмаас учирсан хохирол, баталгааны төлбөр, үнийн өсөлтийн улмаас үүссэн хохиролд 432,673,991 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 912,430,808 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 1,936,025,823 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрт зохигчид давж заалдах журмаар гомдол гаргасныг ...аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд, 0...7 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Ерөнхий шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 0...1 дүгээр захирамжаар тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Ц-г томилсон шийдвэрийг албажуулсан.

Шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0...5 дугаар захирамжаар хариуцагч байгууллагын итгэмжлэлээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон төлөөлөгч Н.А, түүний өмгөөлөгч Ч.М нарыг хариуцагч байгууллагыг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчийн хаяг, оршин байгаа газрыг зөв тодорхойлоогүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч гишүүний саналыг дараах үндэслэлээр хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

1.  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-т “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг шүүгчдийн зөвлөгөөнөөр батална” гэж заасан.

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ..5 дугаар тогтоолоор баталсан “Шүүхэд иргэний хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, хэрэг хүлээн авах, шүүгчид хуваарилах журам”-ын 2.4-т “давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хэрэг хянагдаж шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн үндэслэлээр хүчингүй болж дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн хэргийг... тухайн хэргийг өмнө шийдвэрлэсэн шүүгчид хуваарилна” гэж заасны дагуу тус иргэний хэрэг шүүгч Д.Ц-д дахин хуваарилагдсан бөгөөд Ерөнхий шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 0...1 дүгээр захирамжаар түүнийг шүүх хуралдаан даргалагчаар томилсон шийдвэрийг албажуулсан ба энэ ажиллагаа хуульд нийцжээ.

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “...хариуцагч байгууллагыг төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.5-д зааснаар хариуцагчид даалгах” хүсэлт гаргасан.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг тул хэргийн оролцогч шаардлага, татгалзлаа нотлох, мөн тайлбараа  дэмжиж шүүх хуралдаанд биечлэн оролцож эрх үүргээ хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, хариуцагч, түүний төлөөлөх эрхтэй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн ирж оролцохыг даалгах тухай нэхэмжлэгчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан арга хэмжээнд хамаарахгүй.

Иймд өргөдөлд дурдсан “...гомдол гаргах эрхийг хангаагүй... “ гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй. 

1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д шүүгчийг татгалзан гаргах үндэслэлүүдийг тусгайлан заасан бөгөөд 91.2-т хуульд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно гэж заасан.

Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим заалт, хэсгийг тайлбарлах тухай” тогтоолын 1-д “...шүүгчийг татгалзаж үл болно” гэсэн зохицуулалтыг энэ хуульд заагаагүй үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос шүүгч өөрөө татгалзах, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргахыг хориглоно гэж ойлгоно, …хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна. Энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш дээрх үндэслэлээр гаргасан хүсэлтийг гаргаагүйд тооцож хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн үзвэл энэ талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна” гэж тайлбарлажээ.

Шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд хуралдаан даргалагчаас шүүх хуралдааны бүрэлдэхүүнийг танилцуулан, хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад хэргийн оролцогчид татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байна.

Харин хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн үндэслэлийг танилцуулан, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсний дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “шүүгчийг татгалзан гаргах” хүсэлт гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгт бичигджээ.

Хүсэлтийг шийдвэрлэсний дараа шүүгчийг татгалзсан нь хуульд заасан “шүүгчийг татгалзаж үл болох” үндэслэлд хамаарах тул өргөдөлд дурдсан “татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлээгүй” гэх гомдол үндэслэлгүй.

1.3. Шүүх хэргийг анх шийдвэрлэхдээ хариуцагч “Ж” ХХК-ийн Монгол дахь Салбар, төлөөлөгчийн газрын төлөөлөгчөөр Ч.Ш-ийг бүртгэсэн бүртгэлд үндэслэн шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх “хуулийн этгээдээс итгэмжлэлээр эрх олгоогүй буюу төлөөлөгчид зохих ёсоор итгэмжлэл олгогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан.

Шүүх хуралдаанд оролцсон төлөөлөгч Н.А, өмгөөлөгч Ч.М нар хариуцагчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч нь хариуцагчийн хаяг, оршин байгаа газрыг зөв тодорхойлоогүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасан “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэснийг үндэслэл болгосон нь хууль зөрчөөгүй байна.

Иймд шүүгч Д.Ц-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.1-т заасан “Албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, өөртөө, эсхүл бусдад давуу байдал болгох”, 50.1.8-д заасан “Шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэргийн оролцогч түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон бусад иргэн, хуулийн этгээдээс шууд ба шууд бусаар тусламж авах, үйлчлүүлэх, давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авах”, 50.1.23-т заасан “Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

2. Илтгэгч гишүүн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүгч Э.Б, Д.Ц нарт сахилгын хэрэг үүсгэж, уг хэргийг шүүгч Д.Ц-д холбогдох сахилгын хэрэгт нэгтгэн шалгах ажиллагаа явуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4-т “Сахилгын хорооны хуралдаан зарлахаас өмнө өргөдөл, мэдээлэлд дурдагдаагүй шүүгчийн сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад илэрсэн бол тухайн шүүгчид сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна”, 105.4-т “Нэг шүүгчид холбогдуулан гаргасан хэд хэдэн өргөдөл, мэдээлэл, эсхүл хэд хэдэн шүүгчид холбогдуулан гаргасан нэг агуулга бүхий өргөдөл, мэдээлэлтэй хэд хэдэн сахилгын хэргийг нэгтгэн шалгаж, хянан шийдвэрлэж болно” гэж заасныг зөрчөөгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...бетон зуурмагийн үйлдвэр, түүний тоног төхөөрөмжийг битүүмжлэх” хүсэлт гаргасныг шүүгч Д.Ц 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 0...2 дугаар захирамжаар хангахаас татгалзсан.

Нэхэмжлэгч захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан, тус шүүхийн шүүгч Э.Б даргалан, Ерөнхий шүүгч А.Ц, ...хэргийн анхан шатны шүүх /хуучин нэршлээр/-ийн шүүгч Д.Н нарын бүрэлдэхүүнтэйгээр 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцээд, 0...8 дугаар тогтоолоор гомдлыг хангахгүй орхисон байна.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч Д.Ц-г “цахим оролцогчийн баталгаа авалгүйгээр, хуралдааныг цахимаар хийх журмыг зөрчин фейсбүүк хаягаар хуралдаан хийсэн” гэсэн, харин дээрх гомдлыг шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгч Э.Б, Ерөнхий шүүгч А.Ц нарыг “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдал эргэлзээтэй” гэх үндэслэлээр тус шүүхийн шүүгчдээс татгалзах тухай хүсэлт ирүүлжээ.

Татгалзан гаргах хүсэлтийг шүүгч Э.Б, Д.Ц нарын бүрэлдэхүүнтэй Шүүгчдийн зөвлөгөөнөөр 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэж, 0...5 дугаар тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Тус шүүхэд Ерөнхий шүүгч А.Ц, шүүгч Э.Б, Д.Ц нарын 3 шүүгч ажилладаг, тухайн үед Ерөнхий шүүгч А.Ц ээлжийн амралттай байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д “Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан буюу тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэн тогтоол гаргана” гэж заасныг Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар тогтоолын 6-д “шүүгчдийн зөвлөгөөн” гэдгийг тухайн шүүхийн болон адил шатны өөр шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн гэж ойлгоно, …тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан, эсхүл нийт шүүгчийн олонхыг татгалзсанаас шүүгчдийн зөвлөгөөний ирц бүрдэхгүй болсон тохиолдолд хүсэлтийг адил шатны өөр шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж тайлбарлажээ.

Хүсэлтэд “...шүүгч Э.Б, Д.Ц нарыг татгалзан гаргах” талаар дурдсан байхад нэр бүхий шүүгч нар уг хүсэлтийг өөрсдөө шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.5-д заасан “шүүгчийг татгалзан гаргах тухай асуудлыг үндэслэлтэй эсэхийг түүнийг байлцуулахгүйгээр ...шийдвэрлэнэ” гэснийг зөрчжээ. 

Иймд холбогдох шүүгч нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Гэвч уг зөрчил нь ноцтой эсхүл удаа дараа тохиолдолд сахилгын зөрчилд хамаарахаар хуульд заасан бөгөөд илтгэгч гишүүний “...татгалзан гаргах хүсэлтэд дурдсан үндэслэл нь хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт болон гомдлыг шийдвэрлэсэн байдалтай холбогдуулан гаргасан агуулгатай байсан тул хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн гэж үзэхгүй...”  гэснийг буруутгах боломжгүй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1....шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ц, шүүгч Э.Б нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.          

2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                        ДАРГАЛАГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

                        ГИШҮҮН                                          Д.АРИУНТУЯА

                                                                                      Д.ДАВХАРБАЯР