
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-04-02
Дугаар 43
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч Л.З-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
“Ю” ББСБ-ын гүйцэтгэх захирал Б.Н өргөдөлдөө: “... “Ю” ББСБ-ын нэхэмжлэлтэй Б.Б, Д.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 276,325,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг ... хэргийн анхан шүүх 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1../ШШ2024/0...2 дугаар шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн ба тус шүүхийн шүүгч Л.З-д холбогдуулан гомдол гаргаж байна.
Нэг. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг ... шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2../Ш32024/0...1 дүгээр захирамжаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж хүлээн татгалзсан. Гэтэл шүүгч Л.З нь хариуцагч талын хүсэлтээр 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1../Ш32024/2...3 дугаартай захирамжаар: “Хариуцагч талд шүүхийн шийдвэр гардуулсан баримт буюу хавтаст хэргийн 145 дугаар талд 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэсэн боловч хавтаст хэргийн 146 дахь талд 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэж бичсэн нь хариуцагчийн шүүхийн шийдвэр гардаж авсан огноо тодорхойгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээх нь зүйтэй гэж үзэж гомдол гаргах эрхийг сэргээсэн. Хэргийн 146 дугаар талд авагдсан баримт нь шүүхийн шийдвэрийг цахимд байршуулахыг мэдэгдэх тухай баримт бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг гардаж авсан баримт биш бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн шийдвэрийг гардан авч, гардан авсан огноог бичиж гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч тал ч 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн шийдвэрийг гардаж авсан. Өөрөөр хэлбэл илэрхий тодорхой баримтыг шүүх буруугаар үнэлж, хариуцагч талыг хаацайлан шүүхийн шийдвэрийг гардаж авсан хугацаа тодорхойгүй мэтээр дүгнэж байгаа нь хуульд үндэслээгүй, харин хуулийг, нөхцөл байдлыг хариуцагч талд ашигтай байдлаар дүгнэх гэсэн увайгүй, хөндлөнгийн байж чадаагүй, хуульд заасан хугацааг баримтлаагүй талд давуу байдал бий болгосон.
Хоёр. Хууль зүйн үндэслэлгүй, дур зоргоор авирлаж байгаа талаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3- т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 120.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ.” гэж заасан. Хугацаа сэргээх үндэслэл нь “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай, энэ нь нотлогдсон байх ёстой. Гэтэл хариуцагч талаас ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан заагаагүй, харин “андуурсан”, “буруу бичсэн” гэх үндэслэлийг заасан бөгөөд энэ нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй.
Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн зарчимтай. Түүнчлэн шүүгч “Үндсэн хууль заасан давж заалдах гомдол гаргах эрхтэй” хэмээн захирамжийнхаа нэг үндэслэл болгосон байна. Бидний зүгээс давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй эсэх асуудлаар гомдол санал гаргасан зүйлгүй, давж заалдах шатны шүүхээс ч давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарлаад, давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаад байгаа зүйл биш бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, хугацааны дотор явагдах журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах...” зарчимтай атал шүүгч хуульд заасан нөхцөл, шаардлагыг үл харгалзан илтэд хууль бус захирамжаар хариуцагчийн гомдол гаргах хугацааг сэргээсэн.
Ийнхүү хуульд заасан хугацааг сэргээх “хүндэтгэн үзэх шалтгаан”-ыг харгалзан үзээгүй, үл ойшоосны улмаас Давж заалдах шатны шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн асуудлыг ...хэргийн анхан шатны шүүхийн Л.З-ийн захирамжаар хугацаа хэтрүүлээгүй гэх үндэслэлээр зөрчилдсөн, нэг асуудлыг хоёр өөр байдлаар дүгнэж шийдвэрлэгдсэн ойлгомжгүй, тодорхойгүй болгож ямар ч нөхцөл хуульд захирагдахгүйгээр дур зоргоороо авирлаж болох мэтээр ойлгогдож байна.
Бидний зүгээс 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр энэхүү захирамжаа хүчингүй болгох талаар гомдол гаргасан боловч хүсэлтийг хангаагүй, захирамжийн дугаар авсан гээд захирамж өнөөдрийг хүртэл бичгээр гараагүй байгаагийн улмаас хэрэг давж заалдах шатны шүүх рүү хүргэгдээгүй бөгөөд төлбөр төлөх сонирхолгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгаа хариуцагч талын ашиг сонирхолд өнөөдрийг хүртэл үйлчилсээр байна. Иймд шүүгч Л.З-д сахилгын шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.
Холбогдох шүүгч Л.З тайлбар ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч “Ю” ББСБ ХХК-ийн хариуцагч Б.Б, Д.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 276.325.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг ...хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 0...2 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Б 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр давж заалдах гомдол гаргасныг тус шүүхийн 3..1 дүгээр албан бичгээр ...давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн ба ...давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2../ШЗ2024/0...1 дүгээр захирамжаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.
Өмгөөлөгч Ц.Б 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасныг ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.З хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1../ШЗ2024/2...3 дугаар захирамжаар хангаж, хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн.
... давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2../МА2024/0...3 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Илтгэгч гишүүний саналыг дараах үндэслэлээр хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
1. ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0...3 дугаар тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ын 2.13-т “шийдвэрт ...гомдол гаргах хугацааг сэргээлгэх ... хүсэлтийг тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулснаас бусад шүүгчид системээс гараар хуваарилна. Ийнхүү хуваарилагдаж шийдвэрлэгдсэн хүсэлтийн талаар дахин хүсэлт гаргасан тохиолдолд өмнөх хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчид мөн аргаар хуваарилна” гэж заасан.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б-ийн “...давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт” энэ журмын дагуу шүүгч Л.З-д хуваарилагдсан байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна” гэж заасан ба зохигч талууд шүүх хуралдаанд оролцсон байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 7.1.2-т “Хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг гардуулах буюу хүргүүлэхдээ Баримт №11-ийг үйлдэж, шийдвэрийг цахим санд байршуулах талаар мэдэгдэж, “Шийдвэрийг цахим хуудаст байршуулахыг мэдэгдэх тухай” Баримт №12-т гарын үсгийг тайллын хамт зуруулж шүүгчийн туслах хэрэгт хавсаргана” гэж заасан.
Шалгах ажиллагааны явцад гэрч О.Н “Шүүгчийн туслахаас 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан, ирж гардаж аваарай гэсэн. Яг тэр үед нь Булган аймагт амарч явсан учир шийдвэрээ гардаж авч амжаагүй. Ингээд 8 дугаар сарын 23-ны өдрийн баасан гаригт шийдвэрээ гардаж авахдаа мэдэгдсэн огноогоор шийдвэр гардуулсан баримтад гарын үсэг зурсан. Цахим хуудаст байршуулахыг мэдэгдэх тухай баримт дээр гардаж авсан өдрийн он сар өдрөө бичиж гарын үсэг зурсан. Шийдвэр гардаж авсан баримт дээр мэдэгдсэн огноогоор буюу 8 дугаар сарын 13 гэж зурж алдаа гаргасан байна. Харин цахим хуудаст байршуулах мэдэгдэх хуудас дээр гардаж авсан огноогоо бичсэн. Хэрвээ 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр шийдвэрийг гардаж авсан байсан бол тэр огноогоо цахим хуудаст байршуулах баримтад мөн бичих байсан” гэж,
Гэрч Б.Б “...Тус шийдвэрийг 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гарсан гэдгийг талуудад мэдэгдсэн. Ө.Н-д 8 дугаар сарын 23-ны өдөр гардуулсан. Шийдвэр гардуулсан баримт дээр чамайг 13 гээд биччихсэн болохоор 13 гээд биччихсэн гэж хэлсэн. Шийдвэрийг цахим хуудаст байршуулах баримт дээр гардан авсан өдрийн он сарыг бичиж гарын үсэг зурсан” гэж тус тус мэдүүлжээ.
Шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид гардуулсан, хүргүүлсэн тухай баримт №11-т шүүгчийн туслах Б.Б хэргийн оролцогч нарын утас руу 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр холбогдож мэдэгдсэн талаар тэмдэглэж, хариуцагч Д.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөр огноолж гарын үсэг зурсан, шийдвэрийг цахим хуудаст байршуулахыг мэдэгдэх тухай баримт №12-т тэрээр 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөр огноолж гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байна.
Иймд холбогдох шүүгч хариуцагчийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээхдээ “...хариуцагч талд шүүхийн шийдвэр гардуулсан, хүргүүлсэн баримт буюу хавтаст хэргийн 145 дахь талд 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэсэн боловч, хавтаст хэргийн 146 дахь талд 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэж бичсэн нь хариуцагч шүүхийн шийдвэр гардаж авсан огноо тодорхойгүй гэж үзэж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээснийг буруутгах үндэслэлгүй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно” гэж, 120.3-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 120.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт зохигч өвчтэй байх, Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадуур байсан, эсхүл гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэх мэт хугацааг алдах зайлшгүй, эсхүл харгалзан үзэж болох нөхцөл бүрдсэн байхыг ойлгоно. Гэвч хүндэтгэн үзэх шалтгааныг урьдчилан тодорхойлох боломжгүй тул шүүгч тухай бүрд өөрийн итгэл үнэмшилд тулгуурлан асуудлыг шийдвэрлэх учиртай.
Шүүгч Л.З давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд өөрийн дотоод итгэлээр үнэлж, хариуцагчийн шүүхийн шийдвэр гардаж авсан огноо тодорхойгүй үндэслэлээр давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж шийдвэрлэсэн нь нэг талд давуу байдал бий болгосон, хууль зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй.
Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрээ гардаж авахдаа холбогдох баримтуудад гардаж авсан огноог зөрүүтэй бичсэн нь шалгах ажиллагааны явцад тогтоогдсон ба шүүгч хариуцагч талын шийдвэр гардаж авсан огноо тодорхойгүй үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14-т зааснаар шүүхийн шийдвэрийг давж заалдах үндсэн эрхийг эдлүүлж, гомдол гаргах хугацааг сэргээснийг буруутгах боломжгүй юм.
3. Өргөдөлд, шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг гаргасан боловч хэрхэн шийдвэрлэсэн талаарх эрхийн акт гараагүйгээс хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлээгүй гэх агуулгыг дурджээ.
2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2...3 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М гаргасныг шүүгч Л.З 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1../ШЗ2024/2...1 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Энэхүү захирамжийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр албажуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-д мөн өдрөө гардуулсан байна.
Гэрч Б.Б мэдүүлэгтээ “...нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлт шийдвэрлэгдсэн үү гэж удаа дараа асуусан. Надаас хэрэг давах руу явсан уу гэж асуух болгонд нь хүсэлт шийдвэрлэгдсэний дараа явуулна гэж хэлж байсан. Уг хүсэлтийг 10 дугаар сарын 28-ны өдрийн захирамжаар шийдвэрлэж, 11 дүгээр сарын 11-ний өдөр захирамжийг гардуулж, 11 дүгээр сарын 12-ны өдөр хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгчийн захирамж албажуулан гаргах хугацааг нарийвчлан заагаагүй боловч Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.2.2-т “Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаас бусад хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах талуудад 5 хоногийн дотор мэдэгдэж, Баримт №7-г үйлдэж, хэрэгт хавсаргана” гэж заасан.
Хэдийгээр 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1../ШЗ2024/2...1 дүгээр шүүгчийн захирамжийг 14 хоногийн дараа албажуулсан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй боловч шүүгч Л.З хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдаж явуулахдаа Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалыг мөрдлөг болгон ажиллавал зохихыг анхааруулах нь зүйтэй.
Түүнчлэн ...давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт гаргасныг 2../ШТ2024/0...4 дүгээр тогтоолоор “...шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1../ШЗ2024/2...3 дугаартай захирамжаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна...” гэж үзэж, хангахгүй орхижээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.... шатны тойргийн шүүхийн шүүгч Л.З-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Д.ЭРДЭНЭЧУЛУУН