
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-03-12
Дугаар 36
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
... шүүхийн шүүгч Ц.Ц, Л.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ГС/2025/0016 дугаартай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“ ... О.О нь Ч.Ч , Б.Н нарт холбогдуулан 1,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг ... анхан шатны шүүхэд гаргасныг шүүгч Л.Э 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 00259 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч О.О-н давж заалдах гомдлыг ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 01817 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээжээ.
Магадлалд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргасан, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01401 дүгээр тогтоолоор гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Холбогдох шүүгч нар тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.-т заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1. Шүүгч Л.Э-н тухайд:
1.1 Нэхэмжлэлд хэрэг үүсгэсэн бол шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 38.6-д заасан ажиллагааг явуулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах ажиллагааг явуулна.
Шүүгч нэхэмжлэл гардуулах зорилгоор хариуцагч нарыг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэх хуудсаар дуудсан ба хариуцагч Б.Н-д 2022 оны 8 дугаар сарын 03-ний өдөр, Ч.Ч- д 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, тайлбар гаргах хугацаа тогтоосон, хариуцагч нар эрх, үүрэг болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримтад гарын үсэг зуржээ.
Үүний дагуу хариуцагч Б.Н 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, Ч.Ч 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хариу тайлбараа ирүүлсэн байх ба энэхүү ажиллагаа хууль зөрчөөгүй байна.
1.2. Нэхэмжлэлд хэрэг үүсгэсэн өдрөөс тооцвол хэрэг хянан шийдвэрлэх 60 хоногийн хугацаа 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дуусахаар байна.
Шүүгч Л.Э тайлбартаа: “...би 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр 27-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан...” гэжээ.
Шүүгч хуульд зааснаар ээлжийн амралт эдлэх эрхтэй бөгөөд энэ хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй бөгөөд тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 01737 дугаар тогтоолоор О.О-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн хугацааг 30 хоногоор сунгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.-т заасан “энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэснийг зөрчөөгүй байна.
1.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй бөгөөд О.О 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 4,000,000 төгрөг болгон нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлсэн бол шаардлагыг хариуцагчид заавал гардуулах үүрэгтэй тул шүүх 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Б.Н , Ч.Ч нарт 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ирэхийг мэдэгдэж, мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Гэвч мэдэгдэх хуудас гардуулсан тухай баримтад уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх тэмдэглэгээ хийгдсэн, хариуцагч нар дуудсан хугацаанд шүүхэд ирээгүй байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг тодруулах үүрэгтэй тул 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б.Н , Ч.Ч нар 2022 онд хилээр хэдэн удаа ямар хугацаагаар орсон гарсан лавлагааг гаргуулж, нэхэмжлэлийг гардуулах хүсэлт гаргасан гаргасан, шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 25994 дүгээр захирамжаар “... нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч нарт гардуулахаар мэдэгдэх хуудас шуудангаар хүргүүлсэн боловч хариуцагч Ч.Ч нь гадаад улс руу явсан, Б.Н нь сувилалд байгаа гэсэн үндэслэлээр шүүхэд хүрэлцэн ирээгүй болох нь хэрэгт авагдсан шуудан хүргэгчийн магадалгаагаар тогтоогдож байгаа” талаар дурджээ.
Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар хариуцагч Ч.Ч гадаад улс руу 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр явсан бөгөөд 12 дугаар сарын 05-ны өдөр улсын хилээр орж ирсэн талаар дурдсан, нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч Б.Н-д 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гардуулсан тэрээр тайлбараа 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн бол хариуцагч Ч.Ч 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, 2022 оны 12 дугаар сарын 30-ний өдөр тайлбараа шүүхэд ирүүлжээ.
Шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01027 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цагт хийхээр товлон зарлаж, мөн өдөр хэргийг хянан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бол шүүх уг шаардлагыг хариуцагчид заавал гардуулж, энэ талаарх тайлбар, нотлох баримт гаргаж өгөх эрхийг нь хангах үүрэгтэй. Гэвч хариуцагч нар дурдсан хугацаанд ирж нэхэмжлэлийг гардан аваагүй бөгөөд шүүх нэхэмжлэлийг гардуулахаар тодорхой ажиллагаа явуулсан байна.
Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хуульд заасан хугацаанд хариуцагчид гардуулаагүйд шүүгчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.
2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хүсэлт гаргаагүй, харин шүүгчийн туслах Т.Д-ийн талаар баримт байгаа талаар дурджээ. Харин шүүх хуралдаанаас өмнө гэрч асуулгах хүсэлт гаргасан талаарх баримт иргэний хэрэгт авагдаагүй, давж заалдах гомдолд энэ талаар дурдаагүй байна.
Шүүхийн сахилгын хороо шүүгчийн туслахтай холбоотой гомдол шийдвэрлэхгүй тул энэ талаарх гомдлоо тус шүүхийн Тамгын газарт гаргах эрхтэй болно.
1.4. Нэхэмжлэгч О.О шүүх хуралдаанд биечлэн оролцсон ба шүүх хуралдаан завсарлаж шийдвэр гаргахдаа шүүгч шийдвэрийн үндэслэл болон давж заалдах гомдол гаргах хугацааны талаар хэргийн оролцогч нарт тодорхой тайлбарласан нь 2023 оны 01 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.-т “Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана” гэсэнтэй нийцжээ.
Шийдвэрийг танилцуулах, гардуулах, гомдол гаргах хугацааг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна”, мөн хуулийн 119.7-т “Энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй”, 120 дугаар зүйлийн 120.2.-т “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч О.О шүүх хуралдаанд биечлэн оролцсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т зааснаар шүүхийн шийдвэр албажсанаас хойш 14 хоногийн дотор шүүхэд өөрөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй тул шүүх 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шуудангаар хүргүүлсэн нь шийдвэр гардуулсан хүргүүлсэн баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч шийдвэрийг хуульд заасан хугацаанд ирж аваагүй тул шуудангаар хүргүүлсэнд шүүгчийг буруутгах үндэслэлгүй.
Шүүгч 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 18936 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн, үүний дагуу тэрээр давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлсэн байна.
1.5. Хэргийг шийдвэрлэсэн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт:
Даргалагчаас: Иргэний хэргийн шүүх хуралдааныг нээж, О.О-н нэхэмжлэлтэй, Ч.Ч , Б.Н нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх талаар танилцуулаад нарийн бичгийн дарга оролцогчдын ирцийг илтгэе гэхэд /Бичлэгийн 0:00:00-0:00:00:02/
Нарийн бичгийн дарга: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.О, хариуцагч Ч.Ч , Б.Н нар ирсэн байна гэв. /Бичлэгийн 0:00:03-0:00:07/
Даргалагчаас: Зохигчдын биеийн байцаалттай танилцаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, татгалзан гарах үндэслэлийг тайлбарлан өгч татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуухад /Бичлэгийн 0:00:08-0:01:50/
Зохигчид: Байхгүй гэв. /Бичлэгийн 0:01:51-0:02:00/
Даргалагчаас: Шүүх хуралдааны нийтлэг журмыг танилцуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгч, зохигчдоос ойлгосон эсэхийг асууж тодруулан, хуралдаан эхлэхээс өмнө гаргах хүсэлт, шинээр гаргаж өгөх нотлох баримт, эвлэрэн хэлэлцэх санал байгаа эсэхийг асууж тодруулан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, хуралдаан нээснийг мэдэгдэж, хуралдааны дэг, дарааллыг тогтоож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ тайлбарлана уу гэхэд /Бичлэгийн 0:02:01-0:09:33/
Нэхэмжлэгч О.О: Баянзүрх дүүргийн шүүхэд хариуцагч нарт холбогдуулж нэхэмжлэл гаргасан байгаа. Эд нарын хүсэлт саналаар надад итгэмжлэл бичиж өгснөөр шүүхэд төлөөлсөн. Шүүхэд төлөөлөхдөө Б.Н , түүний хүү Ч.Ч , түүний бэр н.Н-д нарыг төлөөлсөн. Энэ асуудлыг шийдээд Улсын дээд шүүхээс тогтоол гарсан байгаа. Тогтоолд дэлгэрэнгүй байгаа учраас тодорхой ярих шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Анхнаасаа нэхэмжлэлийн үнийн дүнгийн 8 хувь гэж ярьсан. 8 хувьтай холбоотой асуудал нь тодорхойгүй байгаад байгаа. 8 хувиар тохирсон талаараа Ч.Ч тайлбар дээрээ бичсэн байна лээ. Тийм учраас үүнийг би асууна гэж бодож байгаа. Б.Н , н.Н-д, Ч.Ч нар Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Түүнээс өмнө нэг өмгөөлөгч ажиллуулж байсан. Дундаас нь намайг оруулсан. 70 орчим сая төгрөгийн асуудал байгаа гэж надад ойлгогдсон. Тэрийгээ тодруул гэж хэлэхээр мэдэхгүй ээ, цаад талаас юу гэж хэлэхийг мэдэхгүй байна. Б.Н , н.Н, Ч.Ч нарын хувьд байрны юмыг авна гэсэн байдлаар хандаж хэлцэл хийсэн. 70 орчим сая төгрөг гэхээр 5,6 сая төгрөгийг нэхэмжлэх эрхтэй. Тийм учраас би зөрүү мөнгийг нэхэмжилж байгаа гэв. /Бичлэгийн 0:09:34-0:11:49/
Даргалагчаас: Хариуцагч Б.Н хариу тайлбараа хэлнэ үү гэхэд /Бичлэгийн 0:11:51-0:11:54/
Хариуцагч Б.Н : Хариу тайлбар дээрээ бичсэн байгаа. О.О
биднийг итгэмжлэлээр төлөөлсөн. Би шүүгчээс илүү мэдлэгтэй, чадна гэхээр нь
итгэсэн. Биднийг төлөөлөөд миний нэхэмжилсэн нэхэмжлэлүүдийг хүчингүй
болгосон. Төлөөлж байгаа хүн арга хэмжээ аваагүй. Миний өмгөөлөгчөөс бас
татгалзуулсан. Татгалзсан учраас би өөрөө хохирсон. 2 өрөө байрны үнэ 80 сая
төгрөгийн үнэтэй байсан. Гэтэл О.О байрыг 72 сая төгрөгөөр үнэлүүлсэн гэв./Бичлэгийн 0:11:56-0:0:13:34/
Даргалагчаас: Шүүхэд итгэмжлэлээр оролцвол 8 хувийг өгнө гэж тохирсон зүйл байгаа юу гэхэд /Бичлэгийн 0:13:35-0:13:38/
Хариуцагч Б.Н : 8 хувь гэж нэг зүйл ярьж байсан. Би ойлгоогүй. Эхлээд байраа яах эсэхээ шийдвэрлээгүй байхдаа итгэмжлэл өгсөн. Хэрэг шийдвэрлэж байх явцад байн байн утасдаад тэдэн төгрөг өг гээд дансаа өгдөг байсан. Тэр болгоныг нь би шилжүүлсэн. Шүүх хуралдаан болоод хэргийг шийдвэрлэснээс хойш 8 жилийн дараа гэнэт ингэж байгааг ойлгохгүй байна. Н.Н-ийг төлөөлөөгүй. Худлаа ярьж байна гэв. /Бичлэгийн 0:13:39-0:14:31/
Даргалагчаас: Хариуцагч Ч.Ч хариу тайлбараа хэлнэ үү гэхэд /Бичлэгийн 0:14:36-0:14:40/ ы
Хариуцагч Ч.Ч : Би тайлбартаа бичсэн байгаа. Энэ хүнийг танихгүй. Өмнө нь уулзаж байгаагүй. Нэхэмжлэгчээс авсан болон өгөх ёстой мөнгө байхгүй. Миний ээжийг ийм байдалд хүргэсэнд гомдолтой байна гэв. /Бичлэгийн 0:14:41-0:15:06/
Даргалагчаас: Нэхэмжлэгч талд нэмж хэлэх тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 0:15:08-0:15:16/
Нэхэмжлэгч О.О: Хариуцагч нарын нэр дээр нэхэмжлэл гаргасан. Ч.Ч өөрөө тайлбар гаргасан байгаа. Шүүгчийн туслах н.Д шүүн таслах ажиллагаанд саад учруулсан. Хариуцагч нар ирэхгүй байна, дуудахаар хаягтаа байхгүй байна гэдэг асуудлыг байнга ярьдаг. /Бичлэгийн 0:15:18-0:15:46/
Даргалагчаас: Хэрэгт хамааралтай зүйл яръя гэхэд /Бичлэгийн 0:15:45-0:15:47/
Нэхэмжлэгч О.О: Худлаа ярьсан гэж бодож байна. Эд нар хоорондоо ярилцсан. Танай туслах хуульчийн эрх мэдэлгүй хүн байна лээ. /Бичлэгийн 0:15:47-0:15:55/
Даргалагчаас: Нэхэмжлэлтэй хамааралтай зүйл ярья гэхэд /Бичлэгийн 0:15:55-015:56/
Нэхэмжлэгч О.О: Намайг худлаа ярьдаг гэж байна. Би юм хийгээгүй гэдгийг ойлгохгүй байна. Итгэмжлэлээр явдаг хүн чиний эрх, үүрэг хууль ёсны эрх ашгийг хамгаалж хүсэлт гаргаж шийдвэрлүүлдэг хүн болохоос биш өдөр болгон хажууд нь байдаг юм байхгүй. Хоёрдугаарт нотлох баримтуудыг надад авч ирж өгөөгүй би өөрөө бүрдүүлж байсан. н.Б шүүгч гэх мэт баримтууд байгаа. Өмгөөлөгчөөс татгалзуулсан гэж байгааг ойлгохгүй байна. Өөрөө би урьд нь нэг өмгөөлөгч авсан чинь юу ч хийхгүй байна гэсэн. Тэгээд мөнгөө нэхэхгүй яасан юм гэхэд өмгөөлөгчтэйгөө гэрээ байгуулаагүй гэж хэлж байсан. Яаж төрөл арилжихаараа ингэж бичдэг юм. Эсхүл мартдаг тийм ой санамжийн өвчтэй болчихсон юм болов уу гэж бодож байна. Би гомдол гаргана гэж бодож байна гэв. /Бичлэгийн 0:15:58-0:17:12/
Даргалагчаас: Хариуцагч талд нэмж хэлэх тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 0:17:13-0:17:17/
Хариуцагч Б.Н : О.О миний төлөө юу ч хийгээгүй. Би өөрөө шүүх хуралдаанд сууж, өөрт холбогдолтой нотлох баримтаа өөрөө гаргасан. О.О Ч.Ч ийн өмнөөс авто тээврийн үндэсний газарт очиж нэг лавлагаа авсан. Өөр хийсэн зүйл байхгүй гэв. /Бичлэгийн 0:17:19-0:17:40/
Даргалагчаас: Хариуцагч Ч.Ч т нэмж хэлэх зүйл байна уу гэхэд /Бичлэгийн 0:17:41-0:17:42/
Хариуцагч Ч.Ч . Байхгүй гэв. /Бичлэгийн 0:17:43/
Даргалагчаас: Та О.О гэдэг хүнийг биднийг шүүхэд төлөөлөөд өгөөч гээд анх хэдэн төгрөгийн хөлс өгье гэж тохирсон бэ гэхэд /Бичлэгийн 0:27:32-0:27:55/
Хариуцагч Б.Н : Анх хөлс тохироогүй. Итгэмжлэлээр явъя гэж зөвшөөрөл аваад итгэмжилсэн гэхэд /Бичлэгийн 0:27:57-0:28:05/
Даргалагчаас: Та хоёр бие биенээ яаж таньдаг байсан бэ гэхэд /Бичлэгийн 0:28:06-0:28:09/
Хариуцагч Б.Н : Огт танихгүй. Манай дүү О.О-тай хамт ажиллаж байсан гээд танилцуулсан. Тэгээд танилцаад итгэмжлэл аваад хэрэгтэй танилцаж байгаад шийднэ гэж байсан гэв. /Бичлэгийн 0:28:10-0:28:35/
Даргалагчаас: Улсын Дээд шүүхийн хуралдаанд та нарыг төлөөлж О.О оролцсон байна. Тэгэхээр энэ ажлыг тань хийж өгсөн юм биш үү гэхэд /Бичлэгийн 0:28:36-0:28:45/
Хариуцагч Б.Н : Би ч өөрөө байсан гэв./Бичлэгийн 0:28:45-:0:28:46/
Даргалагчаас: Улсын Дээд шүүхийн тогтоол дээр таны нэр байхгүй байна гэхэд /Бичлэгийн 0:28:47-0:28:49/
Хариуцагч Б.Н : Хамт яваад материалаа өгсөн гэв. /Бичлэгийн 0:28:51-0:28:53/
Даргалагчаас: Материалаа өгсөн байж болно. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О хүрэлцэн ирсэн байна гэжээ. Та хэдэн төгрөгийн хөлс яая гэж тохирсон бэ. Энэ талаараа хэлэх боломж байна уу гэхэд /Бичлэгийн 0:28:54-0:29:09/
Хариуцагч Б.Н : Анх хөлс тохироогүй. О.О-г мөнгө шилжүүл гэхээр нь 5 удаагийн гүйлгээгээр 2.656.000 төгрөгийг шилжүүлсэн гэв. /Бичлэгийн 0:29:11-0:29:31/
Даргалагчаас: Та ямар мэргэжилтэй вэ гэхэд /Бичлэгийн 0:29:33-0:29:37/
Нэхэмжлэгч О.О: Эдийн засагч, статистикч гэв. /Бичлэгийн 0:29:38-0:29:39/
Даргалагчаас: Эрх зүйч, хуульч юм уу гэхэд /Бичлэгийн 0:29:40-0:29:41/
Нэхэмжлэгч О.О: Биш гэв. /Бичлэгийн 0:29:42/
Даргалагчаас: Яагаад бусдыг шүүхэд төлөөлье гэсэн бэ гэхэд /Бичлэгийн 0:29:43-0:29:45/
Нэхэмжлэгч О.О: Энэ хүмүүс өөрсдөө намайг гуйсан. Түүнээс би эд нарыг гуйгаад яваад байх шаардлага байхгүй . /Бичлэгийн 0:29:45-0:29:55/ гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Б.Н , Ч.Ч нарыг шүүхэд төлөөлөн оролцохоор тухайн маргааны 8 хувиар ажлын хөлсийг тохиролцсон боловч ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй...” гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлжээ.
Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгч нь хариуцагч нарыг шүүхэд төлөөлөх эрхтэй, эсвэл хууль зүйн туслалцаа үзүүлсэн бол энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй эсэх нь шаардлагатай бөгөөд шүүгч энэ талаар тодруулж асуулт асуужээ. Энэ нь нэхэмжлэлийг шаардлагыг шийдвэрлэхэд ач холбогдолтой тул шүүгчийн зүгээс нэхэмжлэгчээс дээрх асуултыг асуусан нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй холбоотой байна. Иймд шүүгчийг нэхэмжлэгчтэй доромж байдлаар харьцсан гэж үзэхгүй.
1.6. Сахилгын хэрэгт шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээс зөрүүтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2. Ерөнхий шүүгч Ц.Ц-н тухайд:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.-т “Бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно”, 15 дугаар зүйлийн 15.2.-т “Шүүхийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч тэргүүлнэ” гэж заасан.
О.О-н нэхэмжлэлтэй, Ч.Ч , Б.Н нарт холбогдох иргэний хэрэгт Ерөнхий шүүгч Ц.Ц хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байна.
Ерөнхий шүүгч Ц.Ц тайлбартаа “...иргэн О.О-гаас Ерөнхий шүүгчид гаргасан гомдолд албан бичгээр хариу өгч, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтээ тухайн шүүгчид хандаж гарган шийдвэрлүүлэхийг тодорхой тайлбарлан бичиж хариуг өгсөн” гэжээ.
Хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар гэрчээс мэдүүлэг авхуулах хүсэлт гаргах эрхтэй.
Шүүгч нэхэмжлэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгсөн, тэрээр энэ тухай баримтад гарын үсэг зурсан байх тул хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүйд шүүгчийг буруутгах боломжгүй.
Дээр дурдсан үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.20, 50.1.23-т заасан зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул ... шүүхийн \ шүүгч Ц.Ц, шүүгч Л.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Шүүгч Ц.Ц Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа:
“ ... ... шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн **/ШШ2023/00259 дугаар шийдвэртэй О.О-н нэхэмжлэлтэй, Ч.Ч , Б.Н нарт холбогдох иргэний хэргийг тус шүүхийн шүүгч Л.Э шүүгч хянан шийдвэрлэсэн байна. Уг хэрэгт шүүгч Ц.Ц миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, Ерөнхий шүүгчийн хувиар гомдол шийдвэрлээгүй байна. Харин иргэн О.О-гаас Ерөнхий шүүгчид гаргасан гомдолд албан бичгээр хариу өгсөн. Үүнд:
Ерөнхий шүүгчийн хувьд бусад шүүгчдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглох хуулийн зохицуулалтыг үндэслэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтээ тухайн шүүгчид хандаж гарган шийдвэрлүүлэхийг тодорхой тайлбарлан бичиж хариуг өгсөн байна. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч Л.Э Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа:
“ ... миний бие О.О-н гаргасан хариуцагч Ч.Ч , Б.Н нарт холбогдох 1,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 17245 дугаартай “Иргэний хэрэг үүсгэх” тухай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 05258 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Л.Э-г албажуулж дараах ажиллагааг явуулсан. Үүнд: Нэхэмжлэгч О.О нь нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж хариуцагч нараас 4,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэмэгдүүлсэн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2 дахь хэсэгт зааснаар гардуулахаар хариуцагч нарт шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хариуцагч Ч.Ч нь гадаад улсад явсан хариуцагч Б.Н нь сувилалд амарч байгаа гэсэн үндэслэлээр шүүхэд хүрэлцэн ирээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 25994 дугаар захирамжаар хариуцагч Ч.Ч , Б.Н нарын хилээр орсон гарсан талаарх лавлагааг Хил хамгаалах Ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэж, улмаар хариуцагч нарт нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулж, 2023 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 01027 дугаар захирамжаар иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 9 цагт шүүх хуралдааныг товлосон байна.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01817 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад "... Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт гэснийг 359 дүгээр зүйлийн 359.1, 82 дугаар зүйлийн 82.1”-д гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Монгол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01401 дугаар тогтоолоор нэхэмжлэгч О.О-н хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Миний бие 2022 оны ээлжийн амралтыг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр 27-ны өдрийг хүртэл биеэр эдэлсэн бөгөөд тус хугацаанд нэхэмжлэгч О.О-н гаргасан хариуцагч Ч.Ч , Б.Н нарт холбогдох хэргийн хуульд заасан 60 хоногийн хугацаа дуусаж, шүүгчдийн зөвлөгөөнөөр хэргийн хугацааг сунгасан байна.
Миний бие хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хууль, журмыг зөрчөөгүй тул өргөдөл гаргагч О.О-н гаргасан өргөдөлд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье. О.О-н нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Ч , Б.Н нарт холбогдох хэрэг нь Шүүхийн төрөлжсөн архивд хадгалагдаж байгаа тул Иргэн-2014 бүртгэлийн системд бүртгэгдсэний дагуу хариу тайлбараа хүргүүлсэн болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн О.О-с ... шүүхийн шүүгч Ц.Ц, Л.Э нарт холбогдуулан гаргасан Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлийг тус хорооны гишүүн хүлээн авч 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ГЗҮ/2024/0132 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэн шалгах үед шүүгч Ц.Ц нь ... шүүхийн Ерөнхий шүүгчээр харин шүүгч Л.Э нь ... шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байсан болно.
- Шүүгч Л.Э-н тухайд:
Өргөдөлд “шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад хагас жилийн дараа хэргийг шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хуульд заасан хугацаанд хариуцагчид гардуулаагүй” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар О.О нь Ч.Ч , Б.Н нарт холбогдуулан 1,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг ... анхан шатны шүүхэд гаргаж, тус нэхэмжлэл шүүгч Л.Э-д хуваарилагдан, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн **/ШЗ2022/17245 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.
Иргэний хэрэг үүсгэн шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан ажиллагааг явуулах бөгөөд нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт гардуулахаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус тус хүргүүлсэн.
Үүний дагуу хариуцагч Б.Н 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийг гардан авч, эрх, үүрэгтэйгээ танилцан 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хариу тайлбараа гаргасан. Харин хариуцагч Ч.Ч нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хариу тайлбараа тус тус гаргажээ.
Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дуусах бөгөөд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ЗТ/2022/01737 дугаартай тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгасан.
Нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 4,000,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн учир үүнийг шүүхээс хариуцагчид заавал гардуулах үүрэгтэй тул 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч нарыг шүүхэд дуудах тухай мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлсэн боловч хариуцагч Б.Ч нь гадаад улсад явсан, хариуцагч Б.Н нь сувилалд амарч байгаа гэж шуудан хүргэгч тэмдэглэгээ хийсэн байна.
Улмаар нэхэмжлэгчээс хариуцагч нарыг Монгол Улсын хилээр гарсан эсэх лавлагааг эрх бүхий байгууллагаас гаргуулах хүсэлт гаргасныг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн **/ШЗ2022/25994 дугаартай шүүгчийн захирамжаар хангаж, хариуцагч нарыг Монгол Улсын хилээр орсон гарсан талаарх лавлагааг Хил хамгаалах ерөнхий газраас гарлуулахаар шийдвэрлэсэн.
Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2-46/5637 дугаартай албан бичгээр хариуцагч Ч.Ч нь Чингис хаан агаарын замын боомтоор 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гарч, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр орсон талаар шүүхэд мэдэгдсэн мэдэгджээ.
Хариуцагч Ч.Ч т нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гардан авч, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хариу тайлбараа гаргасан. Харин хариуцагч Б.Н нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гардан авч, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хариу тайлбараа тус тус гаргасан байна.
Шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2023/01027 дугаартай захирамжаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цагт товлож, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд **/ШШ2023/00259 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн шийдвэрлэнэ”, мөн хуулийн 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.” гэж тус тус заасан.
Шүүгч Л.Э нь дээрх иргэний хэргийг нийтдээ хэрэг үүсгэснээс хойш 6 сар орчмын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэр гаргасан нь тогтоогдож байна.
Хуульд заасан хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанд холбогдох шүүгч нь тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд буюу 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралттай байсан мөн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч нарт гардуулахаар тэдгээрт мэдэгдэх хуудас хүргүүлэхэд оршин суух хаягтаа байхгүй, Монгол Улсын хилээр гарсан зэрэг нөхцөл байдлууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлэхэд нөлөөлжээ.
Өөрөөр хэлбэл, шүүгч Л.Э-н буруутай үйл ажиллагааны улмаас буюу шүүгчээс шалтгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан гэх нөхцөл байдал сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байна.
Мөн шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасан хугацаанд шүүхэд ирж шүүхийн шийдвэрийг гардаж авах үүрэгтэй.
Нэхэмжлэгч О.О нь шүүх хуралдаанд биечлэн оролцсон атлаа шүүхэд ирж шүүхийн шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй тул түүнд шуудангаар хүргүүлсэн шүүгчийг буруутгах үндэслэлгүй гэх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.
1.3.Өргөдөлд: “шүүгч Л.Э шүүх хуралдаанд доромжилсон, давуу байдал, олгож ялгавартай хандсан” гэжээ.
Анхан шатны шүүх хуралдааны дэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт зохицуулсан.
Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны явцад ... шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн байх ба тус шүүх хуралдаанд шүүгч Л.Э даргалж, нарийн бичгийн даргаар С.Ө, нэхэмжлэгч О.О, хариуцагч Ч.Ч , Б.Н нар оролцсон ба даргалагчаас дэгийн дагуу шүүх хуралдааныг нээж, шүүх хуралдааны ирц ба оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгаж, шүүх хуралдааны дарааллыг тогтоож, хэрэг хэлэлцэх ажиллагаа явагдсан байна.
Тус шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдсан ба шүүгч Л.Э нь зүй бус авирласан, доромжилсон гэх байдал тогтоогдохгүй байх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т заасан шүүх хуралдаан даргалах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж, дээрх хуульд заасан хүрээнд хэргийн оролцогчдоос асуулт асууж, хэргийн үйл баримтыг тодруулсан нь сахилгын зөрчилд хамаарахгүй.
Мөн илтгэгч гишүүн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээ саналдаа дэлгэрэнгүй тусгасан байх ба тус үзлэгийн тэмдэглэл нь шүүх хуралдааны тэмдэглэлтэй утга, найруулгын хувьд зөрүүгүй болох нь тогтоогдсон байна.
- Шүүгч Ц.Ц-н тухайд:
Дээр дурдсан О.О-н нэхэмжлэлтэй Ч.Ч , Б.Н нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ерөнхий шүүгчид О.О-гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол гаргасан.
Иргэн О.О-н гомдолтой танилцаад Ерөнхий шүүгч Ц.Ц нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 4363 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн ба дээрх иргэний хэрэгт огт ажиллагаа явуулаагүй байна.
Ерөнхий шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслан ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцохыг мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7-д зааснаар хориглосон тул “ ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтээ тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгчид хандаж гарган шийдвэрлүүлэх” гэх хариу хүргүүлсэн Ерөнхий шүүгчийн албан бичиг нь хуульд нийцсэн байна.
Иймд илтгэгч гишүүнээс “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй ...” гэх үндэслэлээр ... шүүхийн шүүгч Ц.Ц, Л.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ГС/2025/0016 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Ц.Ц, Л.Э нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Б.СУГАР