
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-03-12
Дугаар 37
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн С.Энхтөр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь нарыг оролцуулан хийж, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Г-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ГС/2025/0017 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт “шүүгчид зөвхөн энэ хуульд заасан үндэслэл, журмаар сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан байх бөгөөд мөн хуульд нэрлэн заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчлийг сахилгын зөрчил гэж үзнэ.
Тус өргөдөлд шүүгч Д.Г шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчин, ёс зүйн алдаа гаргасан гэсэн байх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болохоос өмнө шүүгчийн ёс зүйн талаарх харилцааг зохицуулж байсан хууль, тогтоомжийг Шүүхийн сахилгын хороо хэрэглэхгүй тул ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа шүүгч холбогдох хуульд заасан сахилгын зөрчилд хамаарах буюу тодруулбал Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэх зөрчлийг гаргасан байж болзошгүй байна гэж үзэж мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар шалгах ажиллагаа явуулахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь зохигч талуудын оролцоонд тулгуурлан явагдах бөгөөд шүүх хөндлөнгийн байр сууринаас хараат бусаар хэрэг маргааныг шийдэх ба тухайлбал хэргийн оролцогчид шүүхэд нэхэмжлэлээ гаргах, ингэхдээ өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох, холбогдох баримтуудыг хавсаргах, заах, хариуцагч тухайн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх, хэрэв эс зөвшөөрч байгаа бол тайлбар үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, заах үүрэгтэй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт хуульчлан заасан байна.
Өөрөөр хэлбэл хэргийн оролцогч холбогдох хуульд заасан эрхийг эдлэхийн хамт үүрэг хүлээж оролцдог ба иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа диспозитив буюу талуудын зарчимд үндэслэн явагдах ба энэ талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь уг ажиллагаанд удирдлага болгодог тусгай зарчим болох диспозитив буюу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг зохигчдын санаачилга, хүсэлтийн үндсэн дээр явуулах болон мэтгэлцэх зарчимд үндэслэдэг явдал болохыг холбогдох хууль тогтоомжид нарийвчлан тусгажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан.
Мөн хуулийн 105.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж тус тус заасан байна.
Дээрхээс үзвэл, шүүх хуралдаанаас өмнө холбогдох баримтыг шүүхэд гаргаж ирүүлэхээр хуульчилсан байх бөгөөд хэрэв шүүх хуралдааны явцад гаргасан бол хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох үүрэгтэй гэж ойлгоно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийн агуулгаас хамаарч, хэрэгт ач холбогдолтой эсэх, тухайн ажиллагааг хэргийн оролцогч өөрөө хийх боломжтой эсэх, эсвэл шүүх хийх шаардлагатай эсэхийг тогтоож, хүсэлтийг хангаж шийдвэрлэх эсэхийг шүүгч шийдвэрлэдэг.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар шүүх хуралдааны явцад шүүгч талууд шүүхэд иргэний хэрэг үүссэн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс шүүх хуралдаан явагдсан 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх цаг хугацаанд холбогдох баримтаа гаргаж шүүхэд гаргаж ирүүлээгүй шалтгаан, ирүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар хэргийн оролцогчдоос асууж, талуудаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн, түүнчлэн захирамжийн үндэслэлийг зохигчдод тайлбарласан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгч хуулийг тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлж шийдвэр гаргах нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар бэхжигдсэн шүүгч хараат бусаар хэрэг, маргааныг шийдвэрлэх бүрэн эрхэд хамаарах бөгөөд хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглодог.
“С” ХХК-ны нэхэмжлэлтэй Б.Н-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З, хариуцагч Б.Н нар биечлэн оролцсон байх бөгөөд хуралдааны бичлэгт хийсэн үзлэгт:
“ ... 0:43:07 Даргалагч: За нэхэмжлэгчийн өмгөөлөгчөө Та юу тайлбарлая гэсэн билээ
0:43:08 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Юм лавлах гэсэн юм. 69.1.5-ийг авсан манай хүсэлтийг шүүхээс шийдвэрлэсэн захирамж дээр 10 хоногт гомдол гаргах эрхтэй хуулийн заалт байгаа гэж ойлгоод байгаа. Тэгэхээр энэ эрхийг маань эдлүүлэхгүй шууд хурлаа хийчихсэн болохоор энэ дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохгүй юу
0:43:29 Даргалагч: Уг нь бол захирамжийг тайлбарлаж байх үед асуух нь дэс дарааллын хувьд зөв байна. Нэгэнт ойлгохгүй гэж байгаа тул захирамжийг нэмж тайлбарлая. 69 гээд байгаа шүүхээс гарах шийдвэрийг хангаад хуульд заасан үр дагавар үүсэж байгаа тохиолдолд гомдол гаргана. Харин үр дагавар үүсээгүй тохиолдолд гомдол гаргах шаардлагагүй тул гомдол гаргахгүй гэсэн захирамж гараад би захирамжийнхаа сүүлчийн заалт дээр гомдол гаргах эрх хуулиар олгогдоогүй гэж уншсан.
0:44:07 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Хуулийнхаа 170 дээр гомдол гаргах эрхтэй гэсэн байхад гомдол гаргах эрхгүй гэсэн
0:44:11 Даргалагч: Би Танд захирамжаа тайлбарлалаа. Та шүүхтэй мэтгэлцэхгүй.
0:44:13 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Дээрээс нь шүүгчээ нэхэмжлэгчийн зүгээс хэргийг богино хугацаанд шийдүүлэх хүсэл сонирхол байгаа. Бидний гаргасан хүсэлтийг хангаагүй нь надад үндэслэлгүй санагдаж байна. Дээрээс нь нотлох баримт огт бүрдээгүй нэхэмжлэлд хавсаргасан хэдхэн баримтаас өөр ямар ч баримт байхгүй байхад хэргийг хэвийн шийдэх хангалттай нотлох баримт бүрдсэн гэж шүүх үзэж байгааг үндэслэлгүй гэж бодож байна. Яагаад гэвэл
0:44:53 Даргалагч: За тэгвэл ... гэхэд зэрэгцэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байна.
0:44:57 Даргалагч: Өмгөөлөгчөө би Танд хуулийн эрхийг тайлбарлаад өгье гээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1.6-д заасан нэхэмжлэгчийн эрх, үүргийг тайлбарлав. Нотлох үүрэг танд байгаа бөгөөд шүүх байгаа баримтын хүрээнд шийдвэрээ гаргадаг. Та ажлаа хийгээгүйтэй холбоотой шүүхийг буруутгах үндэслэлгүй. За Та захирамжаас асуух зүйл байна уу. Та одоо ингээд шүүхтэй мэтгэлцээд, өөрийн бодлыг яриад байхгүй. Би тэгж бодож байна гэх юм байхгүй. Таны бодлоор ... гэхэд зэрэгцэн
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Би тэгж бодоогүй. Та одоо ингээд ... гэхэд зэрэгцэн
Даргалагч: Та шүүхтэй мэтгэлцэхгүй.
0:46:03 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Таныг энэ хэргийг яарч шийдэх шаардлага байгаа юм болов уу гэж би бодож, ингэх хэрэг байгаа юу
0:46:08 Даргалагч: Та тэгвэл нэхэмжлэл яах гэж яарч өгсөн юм. Жоохон байж байгаад өгөхгүй яасан юм.
0:46:13 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Одоо энэ шүүхийн шийдвэр чинь давах юм уу хянах шатанд очоод миний нүдээр бол буцчихаар л харагдаж байгаа байхгүй юу
0:46:16 Даргалагч: Би бол давах, хяналтын шатны шүүхийн шийдвэрийн Тан шиг ийм зоригтой дүгнэж хэлж чадахгүй... гэхэд зэрэгцэн
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Талуудын хуулиар олгогдсон эрх, үүргийг тайлбарлаж өгсөн хэрнээ тэр эрхийг нь хангахгүйгээр хурлаа өнөөдөр л хийхгүй бол болохгүй гэх байдлаар хандаж байгаа чинь өөрөө нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.
0:46:38 Даргалагч: Шүүх яаж шийдэхийг одоо бол би мэдэхгүй. Би бол Таныг их мундаг далдыг хардаг гэж ойлгохгүй байна. Яагаад гэвэл надад тийм далдыг хардаг чадвар байхгүй. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр за энэ шүүхийн шийдвэр яаж ч гараа билээ, нэхэмжлэл хангагдах юм уу нэхэмжлэл хэрэгсэхгүй болох юм уу аль талд нь гарахыг би одоогоор хэлж мэдэхгүй. Энэ бол нэгдүгээр асуудал. За аль нэг талд нь шийдвэр гараад, нөгөө тал нь гомдох эсэхийг би мэдэхгүй, гомдол гарсны дараа давах шатны шүүх хэрхэн дүгнэхийг мэдэхгүй, хяналтын шатны шүүх энийг авч хэлэлцэх эсэхийг мэдэхгүй, хэлэлцлээ гэхэд яаж дүгнэхийг мөн мэдэхгүй. Та ингэж хэлэх боломжгүй зүйлийг дүгнэж болдоггүй юм ш дээ хуульчаа. Та хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг уншмаар л санагдлаа. Энэ Танд ирээдүйд хэрэгтэй байх гээд зөвлөж байна. Арай хэдэн насаар ах туршлагын хувьд би Танд хэлж байгаа юм. Ингэж хуульч Таны шүүх хуралдаанд хэлж байгаа үг тань эргээд нотлох баримт болох, эвгүй байдал үүсэх. Та шүүхтэй мэтгэлцэхгүй. Би Танд зүгээр хэлж өгч байна. Шүүх хуралдааныг хуульд заасан дэс дарааллын дагуу явуулж байгаа. Танай гаргасан 3, хариуцагч талаас гаргасан 2 хүсэлтийг хэлэлцээд үндэслэлийг нь тайлбарлаад, хангахгүй гэсэн. Түрүүнд үндэслэлийг нь тайлбарласан. Үндэслэлээс ойлгохгүй байгаа зүйл байгаа бол би тайлбарлах үүрэгтэй. Түүнээс биш Та миний бодлоор ингэж байна гэж хууль тайлбарлах эрх Танд байхгүй. Шүүх эрхийн акт гаргахдаа шүүгч хуулийг тайлбарлах замаар, хуулийг хэрхэн хэрэглэх талаар Улсын Дээд шүүх хууль тайлбарлах эрхтэй...” гэсэн болох нь тогтоогдож байна.
Мэтгэлцэх зарчим нь зохигчид шаардлага, татгалзлаа шүүхэд гаргаж, ирүүлсэн баримтын хүрээнд нотлох, үгүйсгэх замаар тайлбарлахыг ойлгох бөгөөд шүүгч талуудын эрх тэгш байдлыг хангаж, хөндлөнгийн байр сууриас шийдвэр гаргадаг тул даргалагч энэ талаар тайлбарласан байх бөгөөд өргөдөлд дурдсан “ ... үг хэлээр доромжилсон, үздэг хардаг айхтар хуульч байна” гэж хэлсэн гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх төдийгүй шүүгч шүүх хуралдааныг даргалахдаа талуудыг мэтгэлцүүлэх зарчмыг бүрэн хангаж хүлээцтэй тайван хандаж байгаа нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийх явцад тодорхой бичигдэн үлджээ. Шүүхийн үндсэн зарчим болох мэтгэлцэх зарчим нь талуудын буюу зохигчдын хооронд явагдах бөгөөд шүүх мэтгэлцээнийг хуулийн дагуу эрх тэгш явуулах боломжоор хангаж шүүх хуралдааныг удирдан явуулах үүрэгтэй ба энэхүү үүргээ шүүгч биелүүлэн ажилласан байна.
Хэргийн оролцогчид нь хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог тул шүүгчээс шүүх хуралдааны явцад энэ талаар тайлбарлаж, хуульд заасан хүрээнд мэтгэлцэхийг тухай бүр сануулсан байна.
Түүнчлэн тус бичлэгийн 1 дэх хэсгийн:
“... 11:52 Даргалагч: Шүүх та нарын хоорондын маргааныг шийдэх гэж бай ... гэхтэй
зэрэгцэн
Хариуцагч: Уучлаарай би сайн мэдэхгүй ...
15:18 Даргалагч: За тэгэхээр хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэх үү харин ... гэхтэй зэрэгцэн хариуцагч: Уучлаарай би мэргэжлийн хүн биш учраас яг энэ хэллэгээр нь ойлгохгүй байна. Би өмгөөлөгчөөрөө дамжуулаад ойлгочихмоор байна...
16:27 Даргалагч: Танд хуулбарлахгүй байхыг даалгая гэж нэхэмжлэгч хүссэн, хуулбарлачихсан гээгүй ер нь хуулбарласан байж магадгүй гэж үзээд хуулбарлахгүй байхыг даалгая гэж ... гэхэд зэрэгцэн
Хариуцагч: Зөвшөөрнө ямар ч асуудалгүй...
17:18 Даргалагч: Энэ болгоныг битгий ингэж ... гэхтэй зэрэгцэн
Хариуцагч Би үнэхээр энэнтэй танилцаагүй шүүгчээ
Мөн бичлэгийн 2 дахь хэсгийн
0:44:53 Даргалагч: За тэгвэл ... гэхэд зэрэгцэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байна.
0:44:57 Даргалагч: Өмгөөлөгчөө би Танд хуулийн эрхийг тайлбарлаад өгье гээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1.6-д заасан нэхэмжлэгчийн эрх, үүргийг тайлбарлав. Нотлох үүрэг танд байгаа бөгөөд шүүх байгаа баримтын хүрээнд шийдвэрээ гаргадаг. Та ажлаа хийгээгүйтэй холбоотой шүүхийг буруутгах үндэслэлгүй. За Та захирамжаас асуух зүйл байна уу. Та одоо ингээд шүүхтэй мэтгэлцээд, өөрийн бодлыг яриад байхгүй. Би тэгж бодож байна гэх юм байхгүй. Таны бодлоор ... гэхэд зэрэгцэн
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Би тэгж бодоогүй. Та одоо ингээд...
0:46:16 Даргалагч: Би бол давах, хяналтын шатны шүүхийн шийдвэрийн Тан шиг ийм зоригтой дүгнэж хэлж чадахгүй... гэхэд зэрэгцэн
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Талуудын хуулиар олгогдсон эрх, үүргийг тайлбарлаж өгсөн хэрнээ тэр эрхийг нь хангахгүйгээр хурлаа өнөөдөр л хийхгүй бол болохгүй гэх байдлаар хандаж байгаа чинь өөрөө нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байна...
0:57:47 Даргалагч: За тэгвэл нууц гээд ... гэхэд зэрэгцэн
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Та тэгээд хурлаа хийх гээд бид нар ямар ч нотлох баримтгүй, гаргаж өгөх боломжгүй болчхож байгаа байхгүй юу
0:57:54 Даргалагч: Өмгөөлөгчөө би Танд дахиад хэлье. Хуулиар Та бүхэн нотлох үүрэгтэй ... гэхэд зэрэгцэн
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Тэрийг мэдэж байгаа
Даргалагч: Битгий зэрэгцэж яриад бай. Та нотлох үүрэгтэй. Та баримтаа гаргаж ирүүлээгүй байж яагаад шүүхийг буруутгаад байна. Буруу болгоныг бусад руу нялзааж болохгүй ш дээ. Энэ бол зохимжгүй асуудал гээд үргэлжлүүлэн асуулт асууж байна...
0:59:10 Даргалагч: Та нар ... гэхэд зэрэгцэн
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Тэр төлбөр төлсөн баримт ... гэхэд даргалагч алх цохиж байна.
Даргалагч: Би хуулийн заалт асууж байна. Та хуульч би хуульч болохоор 2-лаа хууль ярина ш дээ. Би хариуцагчтай бол огт хууль яриагүй ... гэхтэй зэрэгцэн
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Яахав би энэ дээр хувийн ... гээд байх юм байхгүй ш дээ...
1:01:2 Даргалагч: Асуултад хариулъя ... гэхэд зэрэгцэн
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Хугацаа бага байгаа учраас бид нар .... гэхэд зэрэгцэн алх цохиж байгаа зэрэг байдлаас шүүх хуралдаанд хариуцагч тал хэрхэн оролцсон талаар шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт бичигджээ.
Дээрхээс үзэхэд даргалагч ярихтай зэрэгцэн талууд тайлбар гаргах зэргээр зэрэгцэн ярьж шүүх хуралдааныг хэвийн явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа үйл баримт тогтоогдож байх бөгөөд холбогдох шүүгч хуульд заасан дэг, журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэхийн тулд хэргийн оролцогчдод хууль ёсны буюу зарчмын шаардлага тавьж, хэн алийг нь үл ялгаварлаж ижил тэгш, төвч зарчимч хандсан, шүүх хуралдааныг хүлээцтэй удирдан явуулсан байна.
Тодруулбал шүүгч шүүх хуралдааныг удирдан явуулахдаа хуульд нарийвчлан заасан шүүх хуралдааны дэг, дарааллын дагуу явуулах ёстой бөгөөд даргалагч дэгийг сахиулах үүрэгтэй тул энэхүү үүргээ хэрэгжүүлж ажилласан болох нь баримтаар тогтоогдож байгаа болно.
Сахилгын хэрэг шалгах явцад цугларсан дээрх дурдагдаж буй үйл баримтуудаар Монгол Улсын шүүхийн тухай хуулиар хориглосон “хэргийн оролцогчидтой албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирласан” зөрчилд хамаарахгүй байх тул ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Г-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
Холбогдох шүүгч Д.Г Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний захирамжид заасан гомдлоос сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан хэсгийг зөвшөөрч, санал нэг байгаа болно. Түүнчлэн энэхүү хэрэг нь нэхэмжлэгч болох гомдол гаргагч "С" ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэр давж заалдах журмаар гомдол гаргаснаар хэрэг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргэгдээд байна.
2. Сахилгын хэрэг үүсгэсэн үндэслэлийн хувьд хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд шүүгч би хуульд заасан үндэслэл журмын дагуу хуралдааныг удирдаж явуулсан. Энэ үед нэхэмжлэгч талаас шүүгчийн тайлбарыг удаа дараа эсэргүүцэж хуулийг өөрийн хүслээр тайлбарлаж нэг асуудлыг удаа дараа тайлбарлаж байсан тул шүүгчийн зүгээс ярьж буй асуудалд нь тухай бүр тайлбар хэлж хэргийн талаар тайлбар гаргах шаардлагатай байгааг сануулсан. Ингэхэд нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргах дараалал байдаг мэтээр тайлбарлахыг оролдсон. Тодруулбал, эхлээд шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлсний дараа өөрсдийн зүгээс баримтаа гаргана гэж тайлбарлаж байсан. Энэ үед шүүгчийн зүгээс хуулиар ийм дараалал тогтоогүйг тайлбарласан боловч өөрийн эрх гэсэн агуулгаар тайлбарласан тул хаана тэгж дараалал тогтоосон талаар асуусан нь түүнийг доромжилсон гэж үзэхгүй байна. Цаашлаад хэргийг хэлэлцэх явцад шүүгч яагаад оюуны өмчийн эрхтэй холбоотой баримтаа өгөөгүй талаар, өөрөөр хэлбэл агуулгын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан эрхээ хэрэгжүүлэх хүсэл зориг байгаа талаар тодруулахад энэ талаар үйлчлүүлэгчдээ хэлсэн боловч бүрдүүлж амжаагүй гэж тайлбарласан. Энэ нь оюуны өмчтэй холбоотой нэхэмжлэлд дурдсан баримт нь нэхэмжлэгчид байхгүй гэж ойлгогдсон тул баримт гаргуулахаар хуралдааныг хойшлуулах шаардлагагүй болсон. Мөн нэхэмжлэгч нь аливаа нэхэмжлэл гаргахдаа баримтад үндэслэх бөгөөд хэрэв тухайн баримт бодитоор байдаг бол нэхэмжлэл гаргаснаас хойш хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу яагаад гаргаж өгөөгүй нь ойлгомжгүй юм.
Дээр дурдсанаар шүүгчийн зүгээс хуулийн зохицуулалтыг удаа дараа тайлбарлаж байхад дахин уг асуудлаар хуулийг өөрөөр тайлбарлаж маргаан үүсгэхийг оролдсон тул шүүгч би нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүхтэй мэтгэлцэхгүй гэж хэлсэн нь сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй байна.
Мөн шүүгчийн захирамж нь хуулиар гомдол гаргах эрхтэй болон эрхгүй гэсэн 2 төрөлтэй байдаг бөгөөд гомдол гаргах эрхгүй захирамж гаргасныг тухайн захирамжийн үндэслэлд тайлбарласан байхад гомдол гаргах эрх хязгаарласан мэтээр маргаж эхэлсэн тул уг захирамжид гомдол гаргах эрх олгогдоогүй талаар дахин тайлбарласан болно.
Эдгээрээс гадна гомдолд хариуцагч талын эрхийг зөрчсөн гэж тайлбарласан байх боловч хариуцагч энэ талаар гомдол гаргаагүй гэж ойлгогдож байгаа тул түүний эрхийг зөрчөөгүй гэж ойлгож байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хариуцагчийг төлөөлөн гомдол гаргах эрхгүй.
Иймд сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч Э.З нараас ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Г-д холбогдуулан өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ГЗҮ/2025/0008 дугаар захирамжаар өргөдлийн зарим үндэслэлд сахилгын хэрэг үүсгэн, зарим үндэслэлд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Өргөдөл гаргагч нараас гишүүний дээрх захирамжид гомдол гаргаагүй тул сахилгын хэрэг үүсгэсэн үндэслэлээр шалгах ажиллагааг явуулж, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Нэг. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “С” ХХК-иас Б.Н-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх /хуучин нэршлээр/-ийн шүүгч Д.Г хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2024/26658 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаад, хэргийг хэлэлцэх эхний шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр товлон зарласан байна.
Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, гэрч асуулгах, үзлэг хийлгэх тухай” хүсэлт, хариуцагчийн “Өмгөөлөгчтэй оролцох үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг тус тус гаргасныг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Өргөдөлд 1-т “... хуралдаан эхэлсэн цагаас эхлэн талуудыг загнах, хэлсэн үгсийг мушгин доромжлох, асуулт асуучхаад хариулт хэлэхээр шүүхтэй мэтгэлцлээ гэх зэргээр буруутган, тайлбар, санал хэлэх боломж олголгүй ёс зүйн хувьд алдаатай харилцаа, хандлага гаргаж, сахилгын зөрчил гаргасан, ... гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхийг хүсэж буй тухайгаа илэрхийлэхэд "тэр хамаагүй, би захирамждаа гомдол гаргах эрхгүй гээд биччихнэ" гэх мэтчилэн загнаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаж буй талаар удаа дараа сануулахад "чи үздэг хардаг айхтар хуульч байна" гэх зэргээр үг хэлээр доромжлох, дээрэлхэх хандлагууд гаргасан, ... талууд шүүгчийн асуултыг ойлгомжгүй байгаа талаар дурдаад дахин давтаж сонсохыг хүсэхэд “би дахин хэлэхгүй, би та нарын үйлчлэгч биш” гэх зэргээр ёс зүйгүй загнаж, хэргийн оролцогчидтой зүй бус харилцсан ...”, 2-т “... хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтууд цуглараагүй байхад анхны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, мэтгэлцэх боломж олгоогүй, ... субьектив байдлаар хандаж хүсэлтүүдийг хангахаас татгалзсан, ... хариуцагчийн татгалзан гаргах хүсэлтийг хэлэлцээгүй ...” гэж дурдсан.
Илтгэгч гишүүн өргөдлийн 2-т заасан үндэслэлийг “... хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх болон тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримтууд цугларсан гэж үзвэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлон зарлах нь шүүгчид хуулиар олгосон бүрэн эрхэд нь хамаарах тул шүүгчийн шүүн таслах ажиллагаатай холбоотой шийдлийн үндэслэлд дүгнэлт хийхгүй, ... ” гэж дүгнэн, сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.3-т зааснаар хүчин төгөлдөр болсон байх тул өргөдлийн энэ үндэслэлд бүрэлдэхүүний зүгээс дүгнэлт өгөхгүй.
Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд даргалагч хэргийн талаар танилцуулснаар хэргийг хэлэлцэх шат эхлэх бөгөөд зохигч мэтгэлцсэний дараа нотлох баримт шинжлэх, асуулт асуух дарааллыг тогтоодог.
Зохигчоос гаргасан хүсэлтүүдийг хангахгүй орхиж шийдвэрлэсний дараа хэлэлцүүлгийн шат явагдаж, нотлох баримт шинжлэн судалсны дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор гомдол гаргах эрхтэй тул уг эрхийг эдлүүлээгүй нь зөрчил болох” талаар шүүгчээс асууж, тайлбар авсан үйл баримттай холбоотойгоор шүүгчийг “зүй бус авирласан” гэж үзэж өргөдөл гаргасан гэж ойлгогдож байна.
Илтгэгч гишүүн тухайн өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд, өргөдөлд дурдсан "тэр хамаагүй, би захирамждаа гомдол гаргах эрхгүй гээд биччихнэ", "чи үздэг хардаг айхтар хуульч байна", “би дахин хэлэхгүй, би та нарын үйлчлэгч биш” гэж хэлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй байх бөгөөд харин хүсэлт шийдвэрлэсэн захирамжийн үндэслэлээ дахин тайлбарлаж, захирамжийнхаа сүүлчийн заалт дээр гомдол гаргах эрх хуулиар олгогдоогүй гэж уншсан гэдгээ хэлсэн байна. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхээс хүчингүй болгохоор л харагдаж байна гэж хэлсний хариуд шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг хэлж мэдэхгүй, үүнтэй адил дээд шатны шүүх ч хэрхэн дүгнэхийг мэдэхгүй тул урьдчилан дүгнэлт хийх боломжгүй талаар тайлбарлажээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, ...” гэж заасныг шүүгч хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ бусдыг алагчлах, гадуурхах байдал гаргаж байгаа мэт ойлголтыг төрүүлэх, хэргийн аль нэг талд давуу байдал олгосон мэт ойлгогдохуйц байдлыг биеийн хэл, харагдах байдал, зан үйлээр илэрхийлэхийг сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан гэж ойлгоно.
Тодруулбал, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийг загнах, доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар урьдчилсан дүгнэлт гаргасан мэт ойлголт төрүүлэх асуулт асуух, үг хэлэх, бухимдах, уурлах, зандрах зэрэг харилцаа хандлага гаргасан тохиолдолд үүнийг “зүй бус авирласан”-д тооцохоос бус шүүх хуралдааны явцад шүүгчийн хүсэлт шийдвэрлэснийг зөв, буруу эсэх талаар мэтгэлцэх, дээд шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгох нь ойлгомжтой байна гэх байдлаар харилцах, давхцаж ярих зэргээр хуралдаан даргалагчаас шүүх хуралдааныг дэгийн дагуу явуулах нөхцөлийг үгүйсгэсэн байдал гаргаж байгааг анхааруулсан, сануулсан, тайлбарласан үйлдлийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Мөн хуульд заасан мэтгэлцэх зарчим нь зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох агуулгаар илэрхийлэгдэх ба шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд хуралдаан даргалагч нь хэргийн оролцогчдын хэн алинаас нь асуулт асууж, хариулт авсан, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэл зэргийг тайлбарлуулсан зэргээр зохигчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан болон хориглосон үйлдэл гаргаагүй болно.
Гурав. Өргөдөл болон шалгах ажиллагааны хүрээнд сахилгын хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, өргөдөл гаргагч нар нь “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” тухай хүсэлтийг хангахаас татгалзсан захирамжид гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж дурдсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчих” зөрчлийг гаргасан эсэхэд илтгэгч гишүүн дүгнэлт өгөөгүй байна.
Энэ нь илтгэгч гишүүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т заасан өргөдөл, мэдээллийг заавал хянан шийдвэрлэх зарчмыг мөрдлөг болгоогүй гэж үзэхээр байх боловч сахилгын хэргийг хуралдаанаар хэлэлцэх явцад өргөдөлд дурдсан дээрх үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй болох нь тогтоогдсон тул дахин шалгуулахаар илтэгч гишүүнд буцаах шаардлагагүй гэж үзлээ.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараахь арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй: ... 69.1.3.хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох;” гэж заасан.
Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээг авах нь маргааны зүйлийг бусдад шилжүүлэх, үгүй хийх зэргээс урьдчилан сэргийлэх, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн буюу гэрээний хохиролд нэхэмжилсэн үнийн дүнг гаргуулахад шаардлагатай мөнгөн хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгө зэргээр шийдвэрийг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, урьдчилан баталгаажуулах ажиллагаа тул дээрх хуульд зааснаар маргаан бүхий үнийн дүнд хамаарах аливаа хөрөнгийг захиран зарцуулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэхгүй байхыг даалгах, тодорхой хэмжээгээр хязгаарлах эрхийг шүүгчид олгосон зохицуулалт юм.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь эд хөрөнгөө нуух, төлбөрийн чадваргүй болох зэргээр нэхэмжлэгчийн үнийн дүнг төлж барагдуулах боломжгүй болох тодорхой үндэслэл, баримт байгаа тохиолдолд уг арга хэмжээг хэрэгжүүлэхээс бус “шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх өндөр магадлалтай” гэх таамагласан үндэслэл нь шүүхээс гарах шийдвэрийг баталгаатай болгох хуулийн зохицуулалтад хамаарахгүй тул хүсэлтийн агуулга, хариуцагчийн эдийн засгийн нөхцөл байдал, ажил эрхлэлт, хэрэгт цугларсан баримтуудад үндэслэн хангахгүй орхиж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг буруутгах үндэслэлгүй.
Хэрэв нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн буюу хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсгийг баримтлан шийдвэр баталгаажуулах арга хэмжээ авсан тохиолдолд гомдол гаргаж, түүний энэ шийдвэр нь үндэслэлтэй эсэхийг шүүх бүрэлдэхүүнээр хянуулах эрхтэй.
Харин дээрх тохиолдолд шүүгч нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар хуульд заасан арга хэмжээг авахаар шийдвэрлээгүй тул шүүгчийн захирамжид гомдол гаргах талаар хуульчилсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д тодорхойлсон үндэслэлд хамаарахгүй тул шүүгчийг “хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн” гэж үзэхгүй.
Иймд илтгэгч гишүүнээс ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Г-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ГС/2025/0017 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Г-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН С.ЭНХТӨР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН