
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-02-11
Дугаар 24
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, өргөдөл гаргагч Ц.М нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
... шатны шүүхийн шүүгч Д.А-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Иргэн Ц.М өргөдөлдөө: “...би хөдөлмөрийн чадвар алдалт 70%-тай 2011 онд шүүхээс ял сонсож хорих 4.. дугаар ангид ачигдан очсон. Дээд шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 6.. дугаар тогтоолоор цагаатгагдан гарсан нийт 5 сар 15 хоног хоригдож хохирсон, улсаас мөнгөн төлбөрт 1 сая төгрөг өгч байсан. Гэтэл 13 жилийн дараа Дээд шүүхээс цагаатгасан эрүүгийн хэрэгт гүйцэтгэх хуудас бичиж миний дансыг хаалгаж зүй бус үйлдэл гаргасан ...Ерөнхий шүүгч Д.А-т маш их гомдолтой байна. Цагаатгагдаад 13 жил өнгөрсөн хэрэгт гүйцэтгэх хуудас бичиж өгнө гэдэг байж боломгүй асуудал юм.
2011 онд нөхөн олговор олгох шүүх хуралд гишүүн шүүгчээр өөрөө оролцож байсан. Прокуророос албан тоот явуулж хариу авсан гэсэн боловч тэр надад оноосон хэргийн материал устсан байсан гэсэн боловч миний бие прокурорын архиваас намайг гэм буруутайд тооцож байсан хэргийг шүүлгэж авсан болно. Шүүгчийн туслах О.Ш гэдэг хүнд учир байдлаа хэлсэн боловч таныг цагаатгасан баримт манайд байхгүй байна. Та өөрөө олоод ир гэсэн. Ингээд шүүхийн Тамгын газрын дарга нь шүүн үзэж миний баримтыг олоод өгсөн. 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2.. тоот гүйцэтгэх хуудсаар миний дансыг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хаалгасан байсан. Яагаад намайг шүүхээс дуудаж танд ийм гомдол ирсэн байна гэж танилцуулаагүй, шууд эсрэг тал болох иргэн Б.Б-д хэт нэг талыг барин үйлчилсэн төрийн албан хаагчийн ёс зүйг маш бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэр дээр ямар үндэслэлээр миний дансыг хаасан юм бэ? Надад яагаад утсаар мэдэгдсэнгүй вэ? гэхэд шийдвэр гүйцэтгэгч хошууч Б.Э нь Ерөнхий шүүгчийн гүйцэтгэх хуудсыг үг дуугүй биелүүлэх ёстой чамд хэлэх албагүй, дансыг чинь хаах эрхтэй, дансыг чинь хаахаар өөрөө ингээд дэгдээд ирж байгаа биз дээ гэж тавласан өнгө аясаар даналзаж байгааг юу гэж ойлгох вэ?. Миний бие 13 жилийн өмнө төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болон хэлмэгдэн хохирч хорьж цагдагдсанаас болж шөнө нойргүй болж сэтгэл гутралд орж сэтгэл зүйн эмчилгээнд явж хэд хэдэн удаа явсны эцэст айдас түгшүүр маань гайгүй болж байтал дахин өвчин минь сэдэрч нойргүйдээд 5 дахь шөнөдөө нойргүй хонож байна.
...2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэгч хуудсаа миний цагаатгагдсан материал гарч ирэхээр 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дахин хүчингүй болгож байгаа нь төр иргэнээрээ яаж тоглож болдгийн тод жишээ гэлтэй. Энэ мэтчилэн төрийн эрх мэдлээр далайлган хэнийг ч хохироож болох айдас төрүүлж байгаад маш их харамсаж байна. Бичиг баримт гарч ирж үнэнд гүйцэтгээгүй бол яах байсан бол гэсэн айдастай явна. Иймд хариуцлагагүй шүүхийн Ерөнхий шүүгч гэх Д.А-т төрийн албаны хуулийн дагуу ямар арга хэмжээ авсан тухай албан тоотоор эргэж мэдэгдэнэ үү. ...Хэрэг нь архивын хуулийн хугацаа дуусаад устсан байхад гүйцэтгэх хуудас бичиж байна гэдэг нь ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байна гэж үзэж байна.” гэжээ.
Шүүгч Д.А тайлбартаа: “...2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхэд иргэн Б.Б нь “...шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хохирогчоор оролцож Ц.М-ээс 8,626,400 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгох тогтоол гарсан, гүйцэтгэх хуудас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байхгүй байгаа тул нөхөж олгож өгнө үү” гэсэн утга бүхий хүсэлт гаргасан.
Уг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн байхгүй тул Ерөнхий шүүгч надад танилцуулсан ба гарын үсэг зурж хүлээн аваад шүүгчийн туслах О.Ш-т гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх, бичигдээгүй бол шалтгааныг тодруулж танилцуулахыг даалгасан.
Аймгийн Прокурорын газрын архивд эрүүгийн хэргээс нь баримт хуулбарлан авах тухай албан бичиг явуулсан. Шүүгчийн туслах, Прокурорын газраас “хэргийн устгах хугацаа дууссан тул устгасан байна” гэсэн хариу ирснийг танилцуулсан. Мөн Шүүхийн архиваас тухайн үеийн буюу 2011-2012 оны эрүүгийн хэргийн гүйцэтгэх хуудасны бүртгэл шүүж үзсэн, бичигдээгүй байна. Хүсэлт гаргагч нь “Давж заалдах шатны шүүхээр шийтгэх тогтоол хэвээр батлагдсан, шүүхээс нь гүйцэтгэх хуудас бичээд явуулчихдаг гэж ойлгож байсан” гэж байна гэж надад танилцуулсан болно. Ингээд гүйцэтгэх хуудас бичиж иргэн Б.Б-д олгосон.
2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Ц.М Улсын Дээд шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 6.. дугаартай тогтоолыг шүүхийн архивын иргэний хэргийн материалаас авлаа гээд барьж ирээд “тогтоолыг хүчингүй болгосон байхад гүйцэтгэх хуудас бичлээ” гэж гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгох хүсэлт гаргасан тул Улсын Дээд шүүхийн тогтоолтой танилцаж 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 8.. дугаартай шүүгчийн захирамжаар 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2.. дугаартай гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгосон.
Шүүхийн архивын иргэний хэргийн материалаас авсан, Улсын Дээд шүүхийн тогтоолыг үзэхэд шийтгэх тогтоол магадлалыг хүчингүй болгож Б.Б нь өөрт учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байсан. Шүүхийн архивд тухайн эрүүгийн хэргийн баримтууд байхгүй тул прокурорын газрын архиваас лавлагаа авахдаа дээд шатны шүүхүүдээр хянагдсан баримтуудын цахим хувь байгаа эсэхийг дахин лавлахгүйгээр дутуу шалгаж гүйцэтгэх хуудас бичсэн нь алдаа болсон байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ...шатны шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1.. дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.М-ийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.М-д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.1, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-д зааснаар шүүгдэгч Ц.М-ээс 8,626,400 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д олгож, хохирогч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,823,600 төгрөгийг иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Ц.М, өмгөөлөгч С.В, Б.Э нарын давж заалдах гомдлыг ...аймгийн давж заалдах шатны шүүх 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэж, 5.. дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ.
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 6.. дугаар хяналтын тогтоолоор “...аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1.. дугаар шийтгэх тогтоол, мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5.. дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Ц.М-д прокуророос Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Б.Б өөрт учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Ц.М гэм хорын хохиролд 101,425,700 төгрөг шаардсан, ...аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 4.. дугаар шийдвэрээр Засгийн газрын нөөц сангаас 1,884,400 төгрөг гаргуулж Ц.М-д олгохоор шийдвэрлэсэн байна.
...шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А “...гүйцэтгэх хуудас нөхөн олгох” тухай Б.Б-ын хүсэлтийг хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 10-ний өдөр Ц.М-ээс 8.626.400 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д олгуулах тухай 2.. дугаар гүйцэтгэх хуудас бичжээ.
Ц.М-ийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүгч 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 8.. дүгээр захирамжаар 2.. дугаар гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгосон байна.
Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг дараах үндэслэлээр хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” гэж заасан.
Шалгах ажиллагааны явцад холбогдох шүүгч “...уг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн байхгүй тул гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэхийг тодруулж танилцуулахыг шүүгчийн туслах О.Ш-т даалгасан. Аймгийн Прокурорын газрын архивд эрүүгийн хэргээс нь баримт хуулбарлан авах тухай албан бичиг явуулсан. Прокурорын газраас “...хэргийн устгах хугацаа дууссан тул устгасан байна” гэсэн хариу ирснийг шүүгчийн туслах танилцуулсан. Мөн Шүүхийн архиваас тухайн үеийн буюу 2011-2012 оны эрүүгийн хэргийн гүйцэтгэх хуудасны бүртгэл шүүж үзэхэд бичигдээгүй байсан, хүсэлт гаргагч нь “давж заалдах шатны шүүхээр шийтгэх тогтоол хэвээр батлагдсан, шүүхээс гүйцэтгэх хуудас бичээд явуулчихдаг гэж ойлгож байсан” гэж хэлснийг надад танилцуулсан болно. Ийм учраас гүйцэтгэх хуудас бичсэн” гэсэн,
Шүүгчийн туслах О.Ш “...Ерөнхий шүүгч Д.А гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх, бичигдээгүй талаарх шалтгаан нөхцөлийг тодруулж танилцуулахыг даалгасны дагуу архиваас 2011 оны эрүүгийн хэргийн гүйцэтгэх хуудасны бүртгэлийг шүүж үзэхэд бичигдээгүй байсан тул танилцуулсан ба ...аймгийн Прокурорын газарт албан бичгийг хүргүүлсэн. ...Б.Б-аас “2011 онд шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэгт гүйцэтгэх хуудас бичүүлсэн эсэхийг асуухад шүүхээс бичиж хүргүүлдэг тул шаардлагагүй гэж бодсон. Гэтэл одоо хүртэл гүйцэтгэх хуудас бичигдээгүй, холбогдох байгууллагад хүргэгдээгүй байна” гэх тайлбарыг өгсөн. Мөн ...аймгийн Прокурорын газраас тухайн эрүүгийн хэргийг ... устгасан тухай албан бичиг ирүүлснийг, мөн иргэн Б.Б-ын хэлсэн тайлбарыг Ерөнхий шүүгчид уламжилж танилцуулсан...” гэсэн,
...шүүхийн тамгын газрын архивч У.А “....тус шүүхийн хөмрөг архиваас тухайн оны гүйцэтгэх хуудасны бүртгэлээс шүүж үзэхэд Ц.М гэх хүнд холбогдох тухайн хэрэгт ямар нэгэн гүйцэтгэх хуудас бичигдээгүй байсан” гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.
...аймгийн Прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1..8 дугаар албан бичигт “...Ц.М-д холбогдох хэргийн материалыг “Эрүүгийн хэргийн тусгай, салбар архивд баримт хүлээн авах, тоо бүртгэл хөтлөх, хадгалах, ашиглуулах журам”-ын 3.6.1, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох баримтын архивын ажлын заавар”-ын 8 дугаар зүйлд зааснаар устгасан тул биеийн байцаалт болон холбогдох мэдээллийг хуулбарлан хүргүүлэх боломжгүй” гэжээ.
...шатны шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1.. дугаар шийтгэх тогтоол хүчингүй болсон байхад холбогдох шүүгч уг асуудлыг сайтар нягтлалгүй, гүйцэтгэх хуудас бичиж олгосон нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Гэвч шүүгч 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 8.. дүгээр захирамжаар 2.. дугаар гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгож, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон нь тогтоогдож байна.
Иймд холбогдох шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой” эсхүл “удаа дараа” зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1....шатны шүүхийн шүүгч Д.А-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН