info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2025-02-11

Дугаар 3

Улаанбаатар хот

Шүүгч Г.А-д сахилгын шийтгэл оногдуулсан магадлалын тухай

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Г.Цагаанцоож, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, холбогдох шүүгч Г.А нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн СХМ/2024/0132 дугаар магадлалыг шүүгч Г.А эс зөвшөөрч гомдол гаргасныг хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Иргэн Д.А-н өргөдлөөр хуучнаар ... шүүхийн шүүгч Г.А-д холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ГЗҮ/2024/0075 дугаартай захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Тус саналыг Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн СХТ/2024/0082 дугаартай тогтоолоор хүчингүй болгож, дахин шалгуулахаар буцаасан байх ба илтгэгч гишүүн дахин шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өдрийн ГНД/2024/0029 дугаартай сахилгын зөрчлийг нотлох тухай дүгнэлт үйлджээ.

Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 25-ны СХМ/2024/0132 дугаар магадлалаар дээрх дүгнэлтийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18 “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай ...харилцах” гэсэнд хамаарах зөрчлийг гаргасан гэж үзэж  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18, 56 дугаар зүйлийн 56.7, 57 дугаар зүйлийн 57.1.4 дэх заалтыг баримтлан шүүгч Г.А-д “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.

Холбогдох шүүгч Г.А магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдол болон хянан үзэх хуралдаан гаргасан тайлбартаа:

“ ... Би 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Шүүхийн сахилгын хорооны СХМ/2024/0132 дугаартай магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр, 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан тайлбаруудыг дэмжиж байна. Магадлалыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын гаргасан хүсэлтийг тодруулах, тодруулсны үндсэнд хүсэлтийг хангах, хангахгүй талаар шийдвэрлэх бүрэн эрх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгаа. Тухайн хэрэг өмнө 2 шүүгчид хуваарилагдсан баг 1 шүүгч нь түр чөлөө авч, нөгөө шүүгч нь ээлжийн амралтаа авсан тул хэрэг надад хуваарилагдсан. Энэ үед шинжээч олон удаа томилж, шүүгч шинжээчээс “баримтуудыг өгөхгүй байна” гэсэн бичиг удаа дараа ирэхэд н.Э шүүгч захирамжийг сэргээсэн байдаг. Ингээд сэргээсэн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар гомдол гаргаж н.Э шүүгчийн сэргээсэн захирамжийг хүчингүй болгож шинжээч томилох шийдвэр гарсан. Үүний дагуу түдгэлзэх хугацаанд хэрэг надад ирж 3-4 удаа шинжээчээс албан бичгүүд ирдэг. Үүний дагуу манай туслахууд ажиллагаа хийсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч дахин гомдол гаргадаг. Тус гомдлын дагуу утсаар тодруулж асуусан нь үнэн. Тодруулахдаа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар тогтоолын биелэлт хангагдаагүй байна. Шинжээч томилуулах уу? хэрэв томилуулахгүй гэвэл таныг бичгээр хүсэлт  гаргавал хэргийг нь сэргээж ажиллагаа явуулна” гэхэд нэхэмжлэгч “би шинжээч томилуулахгүй, хэргээ сэргээе” гэдэг. Ингээд би хэрэг хянан шалгах ажиллагааг явуулсан. Шүүгч нэхэмжлэгч талаас өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэргийн материалтай танилцах, өвчтэй чөлөөтэй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг 14-15 удаа хойшлуулсан. Иймд зохих хүсэлтүүдийг шийдвэрлэсэн. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх хуулийн процесс ажиллагааг зөрчөөгүй гэж үзэж байна. Өмнөх санал хэдийгээр хүчингүй болсон ч Сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяагийн урьд гаргасан сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг дэмжиж байгаа. Яагаад гэвэл тухайн саналд нь үндэслэлтэй дүгнэлтүүдийг хийсэн байна гэж миний зүгээс үзэж байна. Иймд өөрийн тайлбарыг дэмжиж байх тул  Сахилгын хорооны СХМ/2024/0132 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Дараах үндэслэлээр Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн СХМ/2024/0132 дугаартай магадлалыг хүчингүй болгож, шүүгч Г.А-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

Д.А нь “М” ХХК-д холбогдуулж “Москва их дэлгүүрийн ***м.кв талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийг ... иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, шүүгч Н.Х-д хуваарилагдсан, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн .../ШЗ2022/10012 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзан гарч, тус хэрэг шүүгч М.М-д 2022
оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шилжжээ.

Шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн .../ШЗ2023/03579 дугаартай захирамжаар шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба шүүгч М.М  чөлөө авснаар хэрэг шүүгч Х.Э-д шилжсэн
байна. Шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн .../ШЗ2023/11552 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэнд нэхэмжлэгч Д.А гомдол гаргасан 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШТ2023/00439 дүгээр тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон ба шүүгч Х.Э жирэмсний амралт эдлэх болсон тул шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1699 дугаар тогтоолоор хэрэг шүүгч Г.А-д шилжсэн байна.

Нэхэмжлэгч Д.А 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шинжээч томилуулах тухай хүсэлтээсээ татгалзаж, улмаар шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 9501 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааг сэргээжээ.

Д.А өргөдөлдөө: “ ... шүүгч Г.А нь 2024 оны 05 дугаар  сарын 13-ны өдрийн 15 цаг 22 минутад ...6818 дугаараас нэхэмжлэгч Д.А миний ...3132 дугаар луу залгаж, “М” ХХК-д холбогдох иргэний маргаантай холбоотойгоор дарамталж, зүй бус харьцсан. ...2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 11:35 цагт холбогдож “түүний шинэ туслах Б.А байна” гэж хэлсэн нь миний хардлагыг баталгаажуулж өгсөн. ...надтай туслах У.Н эхэлж огт залгаагүй, би өөрөө туслах Н-н ...1058 дугаарт залгаж дээрх Г.А шүүгчийн дарамталж залгасан талаар мэдэгдэж 5 минут сандарч гайхаж яахаа мэдэхгүй гомдоллож ярьсан. Тухайн үед туслах У.Н ч мэдээгүй байсан. ...2024 оны 05 сарын 07-ний өдөр дугаар .../Ш22024/09501 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх захирамжийг бүтэн 6 өдрөөр урагшлуулж гаргасан” гэх агуулга дурджээ. Илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэн шалгаад “... шүүгч Г.А нэхэмжлэгч Д.А-тай утсаар ярьсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн  50.1.18 буюу “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай харилцах;” гэж заасныг зөрчсөн гэж үзэн нотлох дүгнэлтийг үйлджээ.

Улмаар Сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0132 дугаар магадлалаар “хэргийн оролцогчтой нөгөө талыг байлцуулахгүй харилцахыг хориглосон хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-т зааснаар шүүгч Г.А-д  “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулжээ. Шүүгч хэргийн оролцогчтой ганцаарчлан уулзаж хэргийн нөхцөл байдал, маргааны үйл баримтын талаар ярилцаж болохгүй бөгөөд хэрэв албан ажлын зайлшгүй шаардлагын улмаас хэргийн нэг талыг байлцуулахгүйгээр нөгөө талтай
 харилцахаар бол шүүхийн туслах ажилтан байлцуулах нь зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Энэ нөхцөлийг хангаагүй тохиолдолд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д заасан зөрчилд тооцогдоно. 

Харин шүүгч Г.А нь өөрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй иргэний хэргийн нэхэмжлэгч Д.А-тай 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр утсаар харилцахдаа шүүгчийн туслахыг байлцуулан түүний хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг тодруулах ажиллагаа хийсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Тодруулбал сахилгын хэрэгт авагдсан гэрч У.Н-н: “Намайг хэрэгт ажиллагаа явуулж байх хугацаанд шүүгч бид хоёр сэргээсэн хэргүүдээ дээр шүүгчийн өрөөнд ярилцаж байсан. Энэ хэрэг нь өмнө нь хоёр шүүгч дээр ажиллагаанд байж байгаад манайд шилжиж ирсэн хэрэг байсан. Д.А өмнө нь тухайн хэрэг сэргээсэн захирамждаа гомдол гаргаад тогтоолоор захирамж нь хүчингүй болж байсан. Тийм болохоор шүүгч сэргээх хүсэлтийг хэлэлцэхдээ намайг залгаад асуучих. Яагаад өөрөө хүсэлтээрээ шинжээч томилох хүсэлт гаргачхаад шинжээчийн байгууллага нотлох баримтаа шаардахаар өөрөө баримтаа гаргаж өгөхгүй байж, дахиад сэргээлгэх хүсэлт гаргаж байгаа юм бэ энэ талаар нь тодруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол дахиад сэргээсэн захирамж дээр гомдол гаргаад захирамж хүчингүй болж магадгүй гээд энэ талаар асуугаадах гэсэн. Тэгээд би тэр өдөр шүүгчтэй дээр ярилцаж байгаад утсаар ярих гэтэл миний утасны цэнэг дууссан байсан учир нарийн бичиг Амартуяагийн утсаар ярьсан. Би эхэлж залгасан. Ярьж байх хооронд шүүгч утсыг авч ярьсан. ...Би шүүгчийн өрөөнд утсаар ярьсан. ...Шүүгч ярихдаа надаас асуу гэсний дагуу дахиж сэргээсэн захирамждаа гомдол гаргах юм уу, яагаад шинжээч томилуулах хүсэлт байн байн гаргадаг хирнээ баримтаа гаргаж өгөхгүй, өөрөө сэргээлгэх хүсэлт гаргаад байгаа юм бэ гэдэг л зүйл ярьсан" гэх мэдүүлэг,

Шүүгч Г.А-н “шүүгчийн туслахаар У.Н томилогдон гомдол гаргагч Д.А-тай шинжилгээгээ хийлгэх талаар өмнө нь, мөн өдөр ч утсаар ярьж өрөөнд орж ирсэн бөгөөд энэ хоёрын яриаг сонсоод би асуусан “Таны хүсэлтээр шүүх шинжээч томилсон байна. Шүүх шинжилгээний ерөнхий газраас шинжилгээ хийлгэх нотлох баримтаа ирүүлээгүй тул шинжилгээ хийх боломжгүй байна. Баримтаа ирүүлнэ үү? гэсэн албан бичгийг ирүүлсэн. Та шинжилгээ хийлгэх баримтаа яагаад өгөхгүй байгаа бэ? Баримтаа өгвөл шинжилгээ хийх боломжтой байна" гэж хэлэхэд " -Надад баримт байхгүй би хийлгэхгүй гээд М.М , Х.Э шүүгч нарын хувийн байдлын талаар хэлэхэд би "Та шүүгч нарын талаар надад хэлж болохгүй. Мөн шүүгч Х.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн боловч таны хүсэлтээр тус шүүхийн 170-ын гомдол хэлэлцээд гомдлыг хэрэгсэхгүй болгож шинжээч томилох шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн байна. Тиймээс шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй гэж үзэх тул хэргийг сэргээх боломжгүй байна" гэхэд "Д.А надад өгөх баримт байхгүй. Хэргээ сэргээлгэнэ" гэхэд "Хэрвээ шинжилгээ хийлгэхгүй гэвэл хэрэг сэргээлгэх хүсэлтээ өгөөрэй. Хэргийг сэргээд гаргаж өгөх нотлох баримтгүй бол хурлаа зарлана” гэхэд “Д.А за" гэснээр бидний яриа дууссан" гэх тайлбар зэргээс үзэхэд шүүгч Г.А нь нэхэмжлэл болоод түүний үндэслэл, шаардлага, хэргийн үйл баримтын талаар ярьсан гэх байдал тогтоогдоогүй байна. Мөн нэхэмжлэгч Д.А ийн хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Гэтэл шүүх шинжилгээний ерөнхий газраас “шинжилгээний объект ирээгүй” гэх үндэслэлээр дүгнэлт гаргах боломжгүй талаар мэдэгдсэн, нэхэмжлэгч нь өөрөө шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан зэргээс үүдэн шүүхийн тогтоолыг биелүүлэх боломжгүй эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж үүний дагуу хүсэлтийг тодруулах зорилгоор нэхэмжлэгчтэй утсаар харилцсан шүүгчийн үйлдлийг буруутгах боломжгүй юм. Иймд дээрх дурдсан үндэслэлээр холбогдох шүүгчийн гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.2, 113.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. ... анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.А-н гаргасан гомдлыг хангаж, Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн СХМ/2024/0132 дугаартай магадлалыг хүчингүй болгож, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд
    нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдлыг сахилгын хэргийн оролцогч, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын Дээд шүүхэд гаргаж болохыг дурдсугай.
  3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

            ДАРГАЛАГЧ                                    Д.МЯГМАРЦЭРЭН

            ГИШҮҮН                                         Г.ЦАГААНЦООЖ

                                                             С.ЭНХТӨР