
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-01-07
Дугаар 2
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, өргөдөл гаргагч Б.Э /цахимаар/ нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
... шатны шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Иргэн Б.Э өргөдөлдөө: “...Миний бие ээж Л.Б-ын итгэмжилсэн төлөөлөгч бөгөөд ...шатны шүүхэд 2023 оны 8 дугаар сард нэхэмжлэл гаргасан юм. Нэхэмжлэлийн утга нь “...аймгийн ...сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6.. тоот шийдвэрийг тухайн үед газрын даамал хийж байсан. П.А бол архивч Ю.Б нар нь 4 жилийн дараа буюу 2007 онд хууль бусаар өөрчилсөн нь прокурорын байгууллагаар тогтоогдсон байдаг. Энэ гэмт хэргийн улмаас манай өвөө н.Л-ийн эзэмшлийн 2000 онд баригдсан байшин нурагдаж 2004 онд хуулийн дагуу авсан газар эзэмших эрхийн гэрчилгээг үгүйсгэж газар нь явсаар архивч Ю.Б-ийн төрсөн дүү Ю.Н-т шилжсэн. Ингээд энэ асуудлаараа 4 жил хөөцөлдсөний эцэст захиргааны хэргийн шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр 2007 онд хууль бусаар өөрчилсөн сумын Засаг даргын 2003 оны гэх 2007 онд хууль бусаар өөрчилж шинэчилсэн захирамжийг илт хууль бусыг тогтоолгох, устгагдсан 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6.. тоот шийдвэрийг улсын бүртгэлийн дэвтэр болон 2003 оны ...аймгийн ...сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэж нөхөн сэргээлгэх хүсэлт гаргасан ч ...шатны шүүгч Б.Б нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.1, 50.1.23 дахь заалтыг зөрчиж хэдэн удаагийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр “Чиний гаргасан нэхэмжлэлийг ойлгохгүй байна. Чи хуулийн мэдлэггүй байна, хууль бусаар захирамж өөрчилсөн хүмүүсийг тэд нар 2003 онд захирамж гараагүй л гэсэн байна шүү дээ гэх мэтчилэн албан тушаалтнуудыг өмгөөлөөд байгаа нь илт байгаад байна мөн учрыг нь тайлбар хэлэх гэхээр чи дуугай бай шүүгчид нөлөөлөх гээд байна гэх мэтчилэн эрх мэдлээрээ далайлгаж хохирсон асуудал нь албан тушаалтны талд шийдэгдэх вий дээ гэсэн сэтгэгдэл төрсөн тул маш их гомдолтой байна. Захиргааны хэргийн шүүгч иргэний гаргасан нэхэмжлэлийг ойлгохгүй байна гэдэг нь ямар учиртай байна, магадгүй буруу шийдвэр гаргах гээд байна уу гэж харж байна. ...шатны шүүгч Б.Б нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.1 дахь заалтыг зөрчсөн гэж бодож байна. Эрх мэдлээ ашиглаж нотлох баримт нь хангалттай илт хууль бус захирамжийг илт хууль бус гэж тогтоож өгсөнгүй. Мөн эзэмших эрхээ сунгах болон эдлэх боломжгүй болсон нөхцөл байдлыг маань авч үзэхгүй хүсэлт гаргаагүй гэх мэтээр буруутгаж, ...аймгийн ...сумын Засаг даргын газар эзэмшүүлэх болон өмчлүүлэх 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6.. тоот захирамжийг 2007 оны орчимд сумын газрын даамал, архивч нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль бусаар өөрчилсөн байдал 2023 онд ...аймгийн Прокурорын байгуулга тогтоосон байхад энэ хууль бус захирамжийг хууль бус хэвээр нь үлдээх ашиг сонирхол байгаа юм уу даа гэж иргэн хүн хардаж байна. ...ийм хууль бус шийдвэр гаргасан шүүгч Б.Б-ийг шалгаж хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.
Шүүгч Б.Б тайлбартаа: “...өргөдөлд дурдсан асуудлыг эс зөвшөөрч дараах тайлбар нотлох баримтыг хүргүүлж байна. Нэг: “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасныг зөрчиж хэдэн удаагийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр “нэхэмжлэлийг ойлгохгүй байна, хуулийн мэдлэггүй байна, захирамж өөрчилсөн хүмүүсийг тэд нар 2003 онд захирамж гараагүй гэсэн байна гэх мэтээр албан тушаалтнуудыг өмгөөлөөд байгаа нь илт байна, учрыг нь тайлбар хэлэх гэхээр чи дуугай бай шүүгчид нөлөөлөх гээд байна гэх мэтчилэн эрх мэдлээрээ далайлган хохироосон” гэсэн тухайд:
Л.Б нь ... аймгийн ... сумын Засаг даргад холбогдуулан тус шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл ирүүлсэн. ...шатны шүүхийн шүүгч Б.Б 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 9.. дугаартай захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар дараах үндэслэлээр буцаасан “1.Нэхэмжлэгч Л.Б нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлага гаргасан ба 1 дэх шаардлагадаа, “... аймгийн ... сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6.. дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох”, ...2 дахь шаардлагадаа, “... сумын Засаг даргын 2003 оны 6.. дугаар захирамжийн хавсралтаас хууль бусаар хасагдсан С.Л-ийн нэрийг тус захирамжид оруулж, газар эзэмших эрхийг сэргээлгэх” гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа ийнхүү бичиж ирүүлсэн нь нэхэмжлэлийн 1 дэх шаардлагатай зөрчилдөж байна. Хариуцагч ...сумын Засаг даргын 2003 оны 6.. дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан атлаа уг илт хууль бус гэж үзэж байгаа захирамжийн хавсралтад С.Л-ийн нэрийг оруулж, газар эзэмших эрхийг сэргээлгэнэ гэсэн нь ойлгомжгүй байна.
Бүрдүүлбэр хангаж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь: ... аймгийн ... сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6.. тоот захирамжийг 2007 онд засварлаж, хуурамчаар үйлдсэн нь илт хууль бус болохыг тогтоолгож, миний эцэг С.Л-ийн нэр 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6.. тоот захирамжид байсан болохыг тогтоолгох байсан, шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 9.. дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Маргаан бүхий захиргааны акт болох ...аймгийн ..сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6.. тоот захирамжаар тухайн сумын 98 иргэн, 8 аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлсэн байдаг. Уг захиргааны актыг 2003 ондоо гаргаагүй 2007 онд нөхөн гаргасан нь ...аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Н-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0.. дугаартай Прокурорын тогтоолоор тогтоогдсон. Энэ талаар Монгол улсын Ерөнхий Прокурорын газрын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1/5.. дугаартай Хариу мэдэгдэх хуудаст “...Эрүүгийн ...дугаартай хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээч Г.Х-ийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1604 дугаартай дүгнэлт, гэрч Ю.Б-ийн өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар ... аймгийн ... сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6.. тоот захирамжийг 2007 онд нөхөж бичсэн нь тогтоогдсон” талаар мэдэгдсэн байна.
Уг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааныг хийхээс өмнө 2024 оны 6 дугаар сарын 13, 2024 оны 6 дугаар сарын 24, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн.
Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасан ч дахин гаргаж өгсөн шаардлага нь “... аймгийн ... сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6... тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардлага гаргасан хэр нь 2 дахь шаардлагаараа уг захирамжид Л.Л-ийн нэр байсан болохыг тогтоолгохоор шаардлага гаргасан учраас урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хүсэлтийг хэлэлцэхэд шаардлагатай асуудлуудыг тус тус тодруулсан.
2024 оны 6 дугаар сарын 13, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хийсэн урьдчилсан хэлэлцүүлэгт.
Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах /1 дэх шаардлага нь маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, 2 дахь шаардлага нь уг маргаан бүхий актад миний аавын нэр байсан болохыг тогтоолгох гэсэн эсрэг агуулга бүхий шаардлагыг ойлгохгүй байгаагаа, шаардлагаа эргэн харахыг, хуульчаас зөвлөгөө авахыг хэлсэн. / 2019 онд газар эзэмших эрх нь дууссан, тухайн актыг илт хууль бус болохыг тогтоолгосноор сэргэх эрх хууль ёсны ашиг сонирхол байгаа эсэхийг нэхэмжлэл дээрээ бичээгүй учраас тодруулах, Прокурорын байгууллага 2003 оны захирамжийг 2007 онд нөхөн бичсэн гэдгийг нь нэгэнт тогтоогдсон үйл баримт байхад 2003 онд захирамж гарсан болохыг нотлохын тулд нотлох баримт цуглуулах хүсэлт гаргасан нь тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй талаар зөвлөх үүрэггүй тул өмгөөлөгч хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах эрхийг сануулсан. Мөн хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “худал мэдүүлэг”, шүүгчийг “захирамж байхгүй ноогдвор байхгүй татвар авч болдог гэдэг ойлголтыг би танаас сонсож байна”, 2003 онд захирамж гараагүй гэж та хэлсэн гэх зэргээр хэлээгүй үгийг хэлсэн мэтээр ярьж, шүүгчийн дэг сахиулахаар тавьсан шаардлагыг биелүүлэхгүй шүүгчтэй давхардаж ярих зэргээр шүүгчид нөлөөлөх оролдлого хийснийг сануулж, дэг сахиулагчийг оруулж хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Гомдолд дурдсан шиг “албан тушаалтнуудыг өмгөөлөөд байгаа...”, “...эрх мэдлээрээ далайлган хохироосон” зүйл болоогүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлээр тогтоогдоно.
Нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг шүүхээр хэргийг хэлэлцэж шийдвэрлэх хүртэл тодруулах, хүсэлтээр нотлох баримт цуглуулах бол юуг нотлох зорилгоор цуглуулахыг нь асуух, нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоохгүй байх нь шүүхийн үүрэг юм. Мөн шүүхээс хэргийн оролцогчдод хууль зүйн зөвлөгөө авах, өмгөөлөгч авах эрхтэйг, шүүх хурлын дэгийг сахихыг, шүүхэд нөлөөлөхгүй байхыг сануулах үүрэгтэй.
Хоёр: “Эрх мэдлээ ашиглаж нотлох баримт нь хангалттай илт хууль бус захирамжийг илт хууль бус гэж тогтоож өгсөнгүй, ...аймгийн ...сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6.. тоот захирамжийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль бусаар өөрчилсөн байдал 2023 онд ...аймгийн прокурорын байгууллага тогтоосон байхад илт хууль бус захирамжийг хууль бус хэвээр нь үлдээх ашиг сонирхол байгаа юм уу гэж иргэн хүн хардаж байна” гэсэн тухайд.
Л.Б-ын нэхэмжлэлтэй ... аймгийн ... сумын Засаг даргад холбогдох “... 2007 онд засварлаж, хуурамчаар үйлдсэн ...сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6.. тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, миний эцэг С.Л-ийн нэр 2003 оны 12 дугаар сарын 31-ний 6..тоот захирамжид байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг ...шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт гомдолд заасан асуудлыг тодорхой дүгнэсэн ба шийдвэрийн хуулбарыг хавсаргав. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргах эрх нь хэргийн оролцогчид байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй байх нь шүүгчийг буруутгах үндэслэл биш гэж үзэж байна.
Иймд Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасныг зөрчөөгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Б нь ... аймгийн ... сумын Засаг даргад холбогдуулан ...шатны шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгч Б.Б хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 9.. дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасан, нэхэмжлэгч 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “... аймгийн ... сумын Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6.. тоот захирамжийг 2007 онд засварлаж, хуурамчаар үйлдсэн нь илт хууль бус болохыг тогтоолгож, миний эцэг С.Л-ийн нэр 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6.. тоот захирамжид байсан болохыг тогтоолгох” гэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, шүүгч Н.Б уг нэхэмжлэлд 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Тус шүүхийн шүүгчдийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 0025 дугаар зөвлөгөөний тогтоолоор тухайн захиргааны хэргийг шүүгч Г.Б-д, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0...3 дугаар зөвлөгөөний тогтоолоор шүүгч Б.Б-д тус тус шилжүүлсэн байх ба тэрээр энэ үеэс хойш хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг дараах үндэслэлээр хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ”, 63.3-т “Энэ хуулийн 63.1, 63.2-т заасан хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан.
Дээр дурдсанаар Л.Б-ын нэхэмжлэлд шүүх 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн ба шүүгч Г.Б 2023 оны 11 сарын 27-ны өдрийн 0134 дүгээр захирамжаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тогтоож, улмаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
Тус өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ын “...Л.Д-г гэрчээр асуулгах”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хэргийг эрүүгийн хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” тухай хүсэлт гаргасан, шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0..0 дүгээр захирамжаар “... Л.Д-д холбогдуулан гаргасан гомдол, мэдээллийг эцэслэн шийдвэрлэх” хүртэл хугацаагаар тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
I. Шүүгч Б.Б хэргийг хүлээн аваад, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 0...0 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан гэх үндэслэлээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, дараах ажиллагааг явуулжээ. Үүнд:
1. 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 4.. дүгээр албан бичгээр ... аймгийн ... сумын Засаг даргаас нотлох баримт гаргуулахаар шаардсан.
2. Шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 0..9 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-аас гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтээс эрүүгийн 2......7 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг шийдвэрлэсэн прокурорын дүгнэлтийг ...аймгийн прокурорын газраас гаргуулах хүсэлтийг хангаж, уг баримтыг 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн дотор ирүүлэхийг ... аймгийн Прокурорын газарт даалгаж шийдвэрлэсэн.
3. Шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 0..3 дугаар захирамжаар шүүх хуралдааны товыг хэлэлцэх урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагт хийхээр товлон зарласан.
4. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан тул ...аймгийн Татварын газарт байгаа ...сумын 2003, 2004 оны газрын төлбөрийн ноогдвор үүсгэсэн болон төлбөр төлсөн баримтуудад үзлэг хийх шаардлагатай гэж үзэж урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж, 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагт хийхээр товложээ.
5. 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 6.., 6.. дугаар албан бичгээр ...аймгийн ...сумын Засаг даргын Тамгын газар, тус аймгийн Архивын тасгаас баримт ирүүлэхийг шаардаж, мөн өдрийн шүүгчийн 0...7 дугаар захирамжаар ... аймгийн Татварын газарт 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийхээр тов тогтоож, үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн.
6. 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 7.. дүгээр албан бичгээр ...аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас баримт шаардсан.
7. Шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 0...9 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт хийхээр товлон зарласан.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...сумын Засаг даргын иргэн аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх, өмчлүүлэх 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6.. тоот шийдвэрээр хэдэн айл аж ахуй нэгж газраа өмчлөх эрх үүсэж өмчилж авсан талаар дэлгэрэнгүй судалгаа гаргуулах, тухайн маргаан дагуулсан н.Л-ийн өмчлөл тухайн тоот газар нь 2003 оны газар зохион байгуулалтын тойм зурагт орж байсан эсэх мөн бусдын эзэмшилд байсан эсэх талаар дэлгэрэнгүй лавлагаа гаргуулах, ...аймгийн ...сумын газрын албанаас тухайн маргаантай тоот газар дээр С.Л газар эзэмшиж буйгаа тодорхойлсон 4*5 харьцаатай дүнзэн байшингаа хэзээ анх барьж амьдарч эхэлсэн одоо тухайн байшин тухайн газар дээрээ байгаа эсэх талаарх дэлгэрэнгүй лавлагаа гаргуулах хүсэлтүүдийг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд дээрх хүсэлтээ дэмжиж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан, шүүгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтээс “тухайн маргаан дагуулсан С.Л-ийн өмчлөл тухайн тоот газар нь 2003 оны газар зохион байгуулалтын тойм зурагт орж байсан эсэх мөн бусдын эзэмшилд байсан эсэх талаар дэлгэрэнгүй лавлагаа гаргуулах” хүсэлтийг хангаж, үлдэх хэсгийг хүчингүй болгож шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулж шийдвэрлэжээ.
9. 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 8.. дүгээр албан бичгээр С.Л-ийн эзэмшилд байсан газар нь 2003 оны газар зохион байгуулалтын тойм зурагт орж байсан эсэх мөн бусдын эзэмшилд байсан эсэх талаар дэлгэрэнгүй лавлагааг ирүүлэхийг ... аймгийн ... сумын Засаг даргад даалгасан, уг баримтыг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн.
10. Шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0141 дүгээр захирамжаар шүүх хуралдааны товыг хэлэлцэх урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагт хийхээр товлон зарласан.
11. Шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0...2 дугаар захирамжаар хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт хийхээр товложээ.
Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0...3 дугаар захирамжаар захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүгчээр шүүгч Б.Б-г томилсон шийдвэрийг албажуулсан, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд 0014 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй хэдий ч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлах учиргүй.
Дээр дурдсанаар, холбогдох шүүгч хэргийг хүлээн авснаас хойш хэргийн оролцогчийн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, холбогдох байгууллагаас нотлох баримт гаргуулах, шүүх хуралдаан товлон зарлах урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж байсан, энэ тохиолдолд шүүгчийг буруутгах үндэслэлгүй байна.
II. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт шүүгч шүүх хуралдааныг товлон зарлахад урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар зохицуулсан.
Тус захиргааны хэрэгт 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр, 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулжээ.
Өргөдөлд “... шүүгч Б.Б хэдэн удаагийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр чиний гаргасан нэхэмжлэлийг ойлгохгүй байна. Чи хуулийн мэдлэггүй байна. ..хууль бусаар захирамж өөрчилсөн хүмүүсийг тэд нар 2003 онд захирамж гараагүй л гэсэн байна шүү дээ гэх мэтчилэн албан тушаалтнуудыг өмгөөлөөд байгаа нь илт байгаад байна. Мөн учрыг нь тайлбарлаж хэлэх гэхээр чи дуугай бай шүүгчид нөлөөлөх гээд байна гэх мэтчилэнгээр эрх мэдлээрээ далайлгаж хохирсон асуудал нь албан тушаалтны талд шийдэгдэх вий дээ гэсэн сэтгэгдэл төрсөн...” гэжээ.
Шүүгч 2024 оны 6 дугаар сарын 13, 2024 оны 6 дугаар сарын 24, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Энэхүү тэмдэглэлээс үзвэл, шүүгч нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан тайлбар авч улмаар өмгөөлөгчөөс зөвлөгөө авч, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох талаар хэлсэн байх бөгөөд тэрээр “..энэ хүн өмгөөлөгч, хууль зүйн туслалцаа авдаггүй. Тодруул гээд явуулахаар эргээд тэр чигээрээ оруулаад ирэх юм байна гэж бодсон. Амьхандаа би ярилцаад нэхэмжлэлийн шаардлагыг урьд нь тодруулъя гэж бодсон. Би өмнө нь өмгөөлөгчөөр ажиллаж байсан болохоор хүн бүр шаардлагаа хэлэлцүүлгээр тодруулж чадахгүй. Энэ хүний шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсэж байгаа шаардлагыг тодруулаад шийдье гэж бодсон” гэх тайлбар гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 52.2.4-т зааснаар нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг заавал тусгах ба тодруулбал, нэхэмжлэгч захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнийг тодорхой тусгах талаар хуулийн 52.5.1-т заасан.
Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаас үзвэл шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх учиртай.
Иймд холбогдох шүүгч нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байгаа талаар тайлбарлаж, үүнтэй холбогдуулан өмгөөлөгч, хууль зүйн туслалцаа авах эрхтэй болон нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хэрэгт авагдсан баримтыг дурдаж ярьсныг сахилгын зөрчил гэж үзэхгүй.
Түүнчлэн өргөдөл гаргагч Б.Э нь урьдчилсан хэлэлцүүлэгт “...Бүхэл бүтэн 2003 оны захирамжийг гаргахгүй 2007 онд гаргаж болох юм уу, Та өөрөө захиргааны шүүгч мэдэж байгаа байлгүй дээ. ...Хуурамчаар үйлдэгдсэн захирамжийг хэвээр үлдээх ямар ашиг сонирхол байна. ... Энэ илт хууль бус захирамж нь үргэлжлээд цааш явах юм уу. ... Захирамж байхгүйгээр ноогдвор авч болдог гэсэн ийм захиргааны ойлголтыг би одоо танаас л сонсож байна. ... Та яагаад харин болсон процессыг болсноор ярихгүй” гэх зэргээр шүүгч рүү хандан тайлбар хэлж, мөн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад шүүгчтэй давхар ярьж, түүний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан тул шүүгч түүний яриаг таслан зогсоож өөрт нь нөлөөлж болохгүй талаар сануулсан болох нь урьдчилсан хэлэлцүүлгийн бичлэгт тусгагджээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна” гэж заасны дагуу шүүгч хуралдаан даргалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хууль сануулсныг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
III. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан.
Шүүгч хэргийн оролцогчийн тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэнээс ч хараат бусаар, гагцхүү өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан, хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг.
Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад урьдчилан нотлох баримтыг үнэлэх боломжгүй тул “...эрх мэдлээ ашиглаж нотлох баримт нь хангалттай илт хууль бус захирамжийг илт хууль бус гэж тогтоож өгсөнгүй” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.
Харин хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хуульд заасан хугацааны дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ талаар шийдвэрт тодорхой дурдсан байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ... шатны шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Д.МЯГМАРЦЭРЭН