info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-03-07

Дугаар 34

Улаанбаатар хот

 

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Х.Хашбаатар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан, ажиглагчаар өргөдөл гаргагч Х.Э-г байлцуулж, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

“Ж” СӨХ-ны гүйцэтгэх захирал Х.Э нь ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э-т холбогдуулан гаргасан өргөдлийг холбогдох хууль, журмын дагуу илтгэгч гишүүн Д.Ариунтуяа хүлээн авч хянаад, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ГЗҮ/2025/0007 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэжээ.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ГС/2025/0015 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн саналдаа: “... Шалгах ажиллагааны хүрээнд цугларсан баримтуудаас үзвэл Х.Э-с ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 129/ШШ2023/0149 дүгээр шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргаж, тус хүсэлт нь 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүгч А.Г-т хуваарилагдан, хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.

... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 128/ЕШ2024/0719 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар Х.Э-ийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Н.Д, шүүгч А.Г, Д.Э нарыг томилсон шийдвэрийг албажуулж, мөн өдрийн 128/ШТ2024/0057 дугаар шүүхийн тогтоолоор Х.Э-с гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж  шийдвэрлэжээ.

Улмаар шүүгч А.Г нь ээлжийн амралтаа эдлэх болсонтой холбогдуулан ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ЗТ2024/1264 дүгээр шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор түүнд хуваарилагдсан хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, хүсэлтийг шүүгч Д.Э, Л.Б, Б.М, Ц.О  нарт шилжүүлсэн байна.

Дээрх шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу шүүгч Д.Э нь шүүгч А.Г-ийн ажиллагаа явуулж байсан хэрэг, нэхэмжлэл, хүсэлтийг шилжүүлэн авч ...Х.Э-ийн хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоолыг 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 01/0983 дугаар албан бичгээр Х.Э-т хаяглан хүргүүлжээ.

Энэ талаар шүүгчийн туслах М.М “...тогтоол 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр албажин гарсан. Тогтоолыг өөрсдөө очиж авна гэдэг байсан. Би нэлээн хэдэн удаа ярьсан. Энэ шуудангийн дугтуй дээрх утасны дугаараар нь холбогдсон. Өөрөө ирж ав эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч ирвэл итгэмжлэлээ авчраад аваарай гэж хэлж байсан. Ирж авахгүй байсан учраас дугтуй дээрх хаягаар нь хүргүүлсэн.  Д.Э шүүгч зөвлөгөөний тогтоолоор манай шүүгчийг орлож, хэргүүдийг шилжүүлэн авсан ...учраас Д.Э шүүгчийн гарын үсэг зуруулж шүүхийн тогтоолыг явуулсан” гэх гэрчийн мэдүүлгийг, 

холбогдох шүүгч “...“Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг шийдвэрлэсэн тухай” тогтоолыг Х.Э нь шүүхэд өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлэхгүй 3 сар болсон байсан, шүүгч А.Г нь уг хугацаанд тогтоолоо гардуулаагүй байж байгаад ээлжийн амралтаа авч түр эзгүй байсан. ...шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шилжүүлэн авсан учраас хийх ёстой албан үүргийнхээ дагуу уг тогтоолыг гардуулах ажиллагааг явуулсан” гэх тайлбарыг тус тус гаргажээ.

Түүнчлэн шүүхээс 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШТ2024/0057 дугаар шүүхийн тогтоолыг хүсэлт гаргагч Х.Э-т гардуулахаар 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 9111... дугаарт залгаж мэдэгдэхэд “итгэмжлэгдсэн төлөөлөгч нь очиж гардаж авна” гэж хэлсэн нь шүүхийн баримтад тэмдэглэгдсэн байна.

Дээрхээс үзвэл шүүгч Д.Э нь Х.Э-ийн гаргасан  шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг өргөдөл гаргагчийн гаргасан өргөдөл нь шүүгч Д.Э-т хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байх ба хамааралгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн өргөдөлд дурдсан “намайг “Иргэн Х.Э-т” гэж хаяглан шүүхийн шийдвэрийг хүргүүлсэн, ...Ажлаа хийж байгаа хүнийг иргэн болгосон байна” гэх тухайд, шүүгч Д.Э-ийн “...Х.Э нь өөрөө “Х.Э” гэж бичиж гарын үсгээ зурсан байгаагийн хамт тэрээр “Ж” сууц өмчлөгчдийн холбооны албан бичгийн бланк, тамга тэмдгийг ашиглаагүй байгаагаар “иргэн хүний хүсэлт” гэж үзэх үндэслэл болно” гэх тайлбар нь үндэслэл бүхий байна гэж үзлээ.

Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт “Сахилгын хороо шүүгчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль дээдлэх, шударга, ил тод, хараат бус байх, өргөдөл, мэдээллийг заавал хянан шийдвэрлэх зарчмыг мөрдлөг болгоно” гэж заасны дагуу өргөдөлд дурдсан “Миний бие ийм хурал болсныг мэдээгүй, намайг оролцуулахгүйгээр ийм шийдвэр гаргасан байна...” гэх үндэслэлтэй холбогдуулан шалгах ажиллагаа явуулахад:

Х.Э-с гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад явуулахаар тогтоож, оролцогч нарт хуралдааны товыг шүүхээс мэдэгдсэн, хүсэлт гаргагч Х.Э-ийн өмгөөлөгч С.Ү-д 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 08 минутад “9111... дугаарт мэдэгдэхэд “За ойлголоо. Би өмгөөлөгч нь байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч болон Х.Э нарт би товыг мэдэгдэнэ” гэснийг шүүгчийн туслах шүүхийн баримтад тэмдэглэжээ.

Тухайн шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж нь оролцохоор ирсэн боловч тэрээр Х.Э-г төлөөлөх итгэмжлэлээ шүүхэд авчраагүй тул түүнийг шүүх хуралдаанд ажиглагчаар оролцуулсан байна. 

Энэ талаар 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2151 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлд “...Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж /РД:.../ “Би итгэмжлэлээ авч ирж амжаагүй нотариат 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл амраад явсан. Би өөрт байсан итгэмжлэлээ хайгаад олсонгүй” гэхэд

Даргалагч шүүгч: “Итгэмжлэлтэй байж та шүүхэд тайлбар мэдүүлэг гаргах боломжтой, та ажиглагчаар шүүх хуралдаанд оролцож болно” гэхэд

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж нь “За ойлголоо” гэсэн нь тусгагджээ.

Шүүх хуралдааны товыг хүсэлт гаргагчид хэрхэн мэдэгдсэн талаар шүүгчийн туслах М.М-с гэрчийн мэдүүлэг авч тодруулахад  “...хүсэлтэд хавсаргагдсан байсан дугтуй дээрх утасны дугаараар тов мэдэгдсэн. Утсаар ярихад өмгөөлөгч нь байна. Эрдэнэцэцэгт товыг дамжуулаад хэлчихье гэж хэлсэн. Өөрт нь мэдэгдье, утасны дугаарыг нь өгчих гэхэд би дамжуулаад хэлье гэж тэр өмгөөлөгч нь хэлсэн. ...тухайн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч гээд хүн ирсэн итгэмжлэлээ авчраагүй. ...итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж тус шүүх хуралдаанд ажиглагчаар байлцсан” гэх мэдүүлгийг өгсөн байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан журмын дагуу тухайн шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ”, 133.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан этгээд шүүх хуралдаанд оролцохыг хүсвэл түүнд мэдэгдэх ба хүсэлт гаргасан этгээд хүрэлцэн ирээгүй нь хүсэлтийг шийдвэрлэхэд саад болохгүй”, мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор баталсан Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 7.10.3-т “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг хянуулах хүсэлт гаргасан этгээд шүүх хуралдаанд оролцох тухай мэдэгдсэн бол шүүгчийн туслах энэ аргачлалын 6.2.1-6.2.3-т заасны дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдэнэ” гэж тус тус заасан байна.

Дээрх хууль болон аргачлалд заасны дагуу шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг хүсэлтийн ард үдэгдсэн дугтуй дээрх 9111... дугаарт мэдэгдсэний дагуу шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж ирж ажиглагчаар оролцсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул өргөдөл гаргагчийн “хурал болсныг мэдээгүй, оролцуулахгүйгээр шийдвэр гаргасан” гэх өргөдөл нь үндэслэлгүй байна.

Иймд тухайн хүсэлтийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан шүүгч А.Г-т сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

Мөн өргөдөл гаргагч “Гэрчилгээ нь албан ёсны хүчин төгөлдөр байхад Аж ахуйн нэгжийн тухай хуулийг эрс зөрчиж, давхардуулан “Ж” СӨХ-нд гэрчилгээ олгохыг даалгасан байна” гэх үндэслэлийг дурдсан.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Г.Ц нарын нэхэмжлэлтэй ... дүүргийн Засаг даргад холбогдох “Ж” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, шинэ зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирлыг томилсон шийдвэрийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Ж” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдээр Г.Ц, Г.У, А.Ц нарыг, хяналтын гишүүдээр Б.Э, Х.Г, Н.М нарыг, гүйцэтгэх захирлаар Б.Э-г бүртгэж, сууц өмчлөгчдийн холбоотой гэрчилгээг гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг шүүгч Н.Д 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0149 дүгээр шүүхийн шийдвэрээр хянан шийдвэрлэсэн байна.

Тус шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу  “Ж” сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг гаргах хүсэлтийг шийдвэрлэхийг ... дүүргийн Засаг даргад даалгаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр нь хуулийн төгөлдөр болжээ.

Шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлд тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэж шийдвэр гаргах нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаарах ба  Шүүхийн сахилгын хороонд шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд үнэлэлт, дүгнэлт эрх хуулиар олгогдоогүй тул дээр дурдсан өргөдлийн үндэслэлээр холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулах боломжгүй.

Дээрхээс нэгтгэн үзвэл ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э-т холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Холбогдох шүүгч Д.Э тайлбартаа: “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д “Илтгэгч  гишүүн дараах тохиолдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай захирамж гаргана” гээд мөн зүйлийн 104.1.1-д “энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй бол” гэж заасан байдаг. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэжээ.

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд шүүгч шүүн таслах ажиллагаа явуулсан бол, үүний дотор шүүн таслах ажиллагаандаа алдаа гаргасан бол /энэ нь би алдаа гаргасан гэдгээ зөвшөөрч байгаа явдал биш/, эсхүл шүүгч шүүн таслах ажиллагааны явцад гаргасан шийдвэртэй холбоотой бөгөөд үүний дотор гаргасан нэхэмжлэл хүсэлтийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогч, хүсэлт гаргагчийн оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн эсэх, түүнчлэн шүүн таслах ажиллагааны явцад бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шийдвэрийн “нэг шүүгчид” холбогдуулж, хамтран гаргасан шийдвэрээр нь сахилгын хэрэг үүсгэж болох заалтыг тусгаагүй байна.

   Эрх зүйн салбарт, үүний дотор аливаа өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэхэд тодорхой суурь зарчмууд үйлчилдгийн дотор эрх зүйн маргаан, захиргааны зөрчил, ёс зүйн зөрчил, сахилгын зөрчил, гэмт хэрэгт холбогдуулан гаргасан гомдол, өргөдлийг хянах эрх бүхий этгээд нь уг гомдол, өргөдлийг хүлээн аваад хамгийн эхэнд сахилгын хэрэг, захиргааны хэрэг, иргэний хэрэг, эрүүгийн хэрэг мөн эсэх, ийм хэрэг үүсгэх үндэслэлд хамаарч байгаа эсэхийг хянасны үндсэн дээр хэрэг үүсгэх талаар шийдвэрээ гаргах үүрэгтэй.

   Ийнхүү хэрэг үүсгэх үндэслэлтэй эсэхийг нягт нямбай шалгаад, хэрэг үүсгэх үндэслэлд хамаарахгүй бол хэрэг үүсгэхээс татгалзах үүрэгтэй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдлыг тогтоож, зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэл байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон бол прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзахаар тус тус хуульчилсан байна.

   Энэ ч учраас Шүүхийн сахилгын хорооны гишүүн нь шүүгчид холбогдуулан гаргасан гомдлыг хүлээн аваад сахилгын хэрэг үүсгэх үндэслэлд хамаарч байгаа юу гэдгийг хянах үүрэгтэй байхад шүүгчид холбогдуулан гаргасан гомдол болгоноор шүүгчид сахилгын хэрэг үүсгэж байгаа нь эрх зүйн “гомдлын үндэслэлийг шалгах” зарчимд нийцэхгүй, шүүгчид хууль бусаар, гаргасан гомдол болгоноор сахилгын хэрэг үүсгэж байгаа нь шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулсан буюу шүүгчийг сахилгын хорооны хараат байдалд оруулсан ажиллагаа гэж хуульчийнхаа хувьд үзэж байна.

Тодруулбал, Х.Э-ийн гаргасан гомдол нь шүүгчийн шүүн таслан ажиллагааны хүрээнд хийгдсэн, шүүгчийн эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан ажиллагааны талаар гаргасан гомдол байхад буюу Шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасан нөхцөл байдал байхад сахилгын хэрэг үүсгэсэн нь илт хууль бус ажиллагаа болно.

   Хэрэв шүүгчийн шүүн таслах ажиллагааны явцад гаргасан шийдвэр нь хууль бус, хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзвэл Х.Э нь тухайн шүүгчид өөрт нь хандаж засуулах, эсхүл тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид хандан гомдол гаргаж шийдвэрлүүлэх, давж заалдах журмаар гомдол гаргах зэргээр түүнд хуулиар олгогдсон олон боломжууд байхад яагаад “Шүүгчийн шүүн таслах ажиллагаа”-ны талаар Шүүхийн сахилгын хороонд хандсан, Шүүхийн сахилгын хороо ямар хууль зүйн үндэслэлээр шүүгчийн шүүн таслах ажиллагаатай холбоотой шийдвэрт нь холбогдуулж сахилгын хэрэг үүсгэв” гэдэг нь шүүгч миний анхаарлыг татаж байна.

   Хойшид шүүгч нь шүүх бүрэлдэхүүнд орчхоод гаргасан шийдвэрээрээ ганцаараа сахилгын хэрэг үүсгэгдээд шалгагдаж явах ёстой, бүрэлдэхүүнээс аливаа этгээдийг хуралдаанд оролцуулах, эсвэл оролцуулахгүйгээр явуулах боломжтой гэж шийдвэрлэсэн шийдвэрийнхээ төлөө дангаараа сахилгын хариуцлага тооцуулахаар шалгуулж явах үүрэгтэй болж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй.

Х.Э гэгч нь өөрөө “иргэнийхээ хувиар” тус шүүхэд хандан 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Г.Ц, Г.У, А.Ц, Б.Э, Х.Г Н.М, Б.Э нарын нэхэмжлэлтэй, ... дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдох тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0149 дугаартай шийдвэртэй хэрэгт “Ж” сууц өмчлөгчдийн холбоог гуравдагч этгээдээр оролцох ёстой байсан гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтээ гаргасан байна.

Иргэнийхээ хувиар гэдэг нь Х.Э нь “өөрөө Х.Э” гэж бичиж гарын үсгээ зурсан байгаагийн хамт тэрээр “Ж” сууц өмчлөгчдийн холбооны албан бичгийн бланк, тамга тэмдгийг ашиглаагүй байгаагаар “иргэн хүний хүсэлт” гэж үзэх үндэслэл болно.

Тодруулбал, байгууллагын албан ёсны албан бичгийн хуудсан дээр биш цаасан дээр "Хүсэлт гаргасан Х.Э” гэсэн бичилт бүхий хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэрхэн “Ж” сууц өмчлөгчдийн холбооны хүсэлт гэж үзэх ёстой байсан юм. Иймээс иргэн Х.Э танаа гэж хаяглаж шүүхийн тогтоолыг явуулсан нь түүнийг хэрхэн хохироосон, яагаад шүүхийн хууль бус ажиллагаа болдог юм.

Түүний энэ хүсэлт нь шүүхийн дотоод журмын дагуу шүүгч А.Г-т хуваарилагдаж, тус шүүгч нь уг хэрэгт процессын ажиллагаа явуулсан буюу өөрөөр хэлбэл хүсэлт хэлэлцэх хуралдааныг хэзээ товлох, хуралдааны товыг хэнд хэрхэн мэдэгдэх, хэзээ ямар арга, хэлбэрээр мэдэгдэх зэрэг ажиллагааг удирдан явуулсан байна. Иймд ажиллагаанд бүрэлдэхүүний шүүгч оролцдоггүй, Д.Э би оролцох эрх хэмжээ байхгүй, харин хурлын товыг зохих ёсоор мэдэгдсэн бол хуралдаанд оролцуулах үндэслэл бүрдсэн эсэх, эсхүл түүнийг байлцуулахгүй хуралдааныг явуулах эсэх талаар саналаа гаргаж, шийдвэрлэхэд оролцох эрхтэй.

Улмаар Х.Э нь өөрөө “шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт гаргачхаад, дээр нь шүүхэд ганцхан өмгөөлөгч С.Ү гэдэг хүний 9111... дугаарын утсыг мэдүүлчхээд /шуудангийн дугтуй дээр ганц энэ утсыг бичсэн байсан байна/, сууц өмчлөгчдийн холбоог төлөөлүүлж А.Ж гэдэг хүнийг шүүхэд ирүүлчхээд, “би ийм хурал болсон гэдгийг мэдээгүй, намайг оролцуулаагүй хийсэн” гэж тайлбарлаж байгаа нь үүндээ дан ганц шүүгч Д.Э-г буруутгаж байгаа нь илэрхий шүүгчийг гүтгэсэн, шүүгчийн хараат бус байдалд хууль бусаар халдах зорилготой үйлдэл гаргаж байна.

   “Ж” сууц өмчлөгчдийн холбооны өмгөөлөгч С.Ү, төлөөлүүлж явуулсан А.Ж нарыг шүүх хуралдаанд оролцуулах, эсэх асуудал нь нэгдүгээрт, шүүн таслах ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүний хэнээс ч хараат бусаар бие даан гаргадаг шийдвэр, хоёрдугаарт, энэ хамтын шийдвэр байхад дан ганц шүүгчид холбогдуулан Х.Э гэгчийн гомдлын үндэслэл, уг гомдлоор сахилгын хэрэг үүсгэсэн явдлыг би Сахилгын хорооны гишүүний илт хууль бус ажиллагаа гэж үзэж байна.

   Хүсэлт гаргагч Х.Э-ийн шүүхэд шуудангаар ирүүлсэн дугтуй дээрх холбогдох утасны дугаарыг шүүхээс холбогдвол зохих албан ёсны утасны дугаар гэж хүлээн авах ёстой ба А.Г шүүгчийн туслахаас уг утасны эзэмшигч нь болох түүний өмгөөлөгч гэх Х.Ү-д хурлын товыг мэдэгдсэн, өмгөөлөгч нь “хурлын товыг Х.Э-т мэдэгдэнэ” гэсэн тэмдэглэсэн байгаа тул Х.Э хурлын товыг мэдээгүй нь шүүхийн буруутай ажиллагаа бус, түүний өмгөөлөгчийн буруутай ажиллагаа гэж үздэг шүүхэд тогтсон ойлголт юм.

   Нөгөө талаас Х.Э нь шүүхэд хандаж өөрөө хүсэлт гаргасан бол хүсэлт хэлэлцэх шүүх хурлын товыг лавлах эрхтэйн дээр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т заасны дагуу хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй болно.

Иймд Х.Э шүүх хуралдааны товыг мэдээгүй нь шүүгч миний буруутай ажиллагаа биш.

... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны шүүгчдийн ээлжийн амралтын хуваариар шүүгч Д.Э би шүүгч А.Г-г ээлжийн амралттай байх хугацаанд түүнд хуваарилагдсан хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний хуралдаанаар хэргүүдийг шилжүүлж шийдвэрлэсэн юм. /Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг хавсаргав/

Шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ний өдрийн 128/ШТ2024/0057 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг шийдвэрлэсэн тухай” тогтоолыг Х.Э нь шүүхэд өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлэхгүй 3 сар болсон байсан, шүүгч А.Г нь уг хугацаанд тогтоолоо гардуулаагүй байж байгаад ээлжийн амралтаа авч түр эзгүй байсан учир тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шилжүүлэн авсан учраас хийх ёстой албан үүргийнхээ дагуу уг тогтоолыг гардуулах ажиллагааг явуулсан.

Иймд Х.Э-ийн гаргасан шүүгчийн шүүн таслах ажиллагаанд холбогдох үйлдэлд нь холбогдуулж илэрхий үндэслэлгүйгээр сахилгын хэрэг үүсгэж, шалгалт явуулж байгааг эс зөвшөөрч байгаа учраас Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасны дагуу уг сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Ж” СӨХ-ны гүйцэтгэх захирал Х.Э “шүүгч Д.Э нь намайг “иргэн Х.Э-т” гэж хаяглан үндэслэлгүй гаргасан шийдвэрийг ирүүлсэн; шүүх хуралдаан болсныг би мэдээгүй, намайг оролцуулаагүй;  гэрчилгээ нь албан ёсны хүчин төгөлдөр байхад Аж ахуйн нэгжийн тухай хуулийг зөрчиж, давхардуулан “Ж” гэрчилгээ олгохыг даалгасан, ажлаа хийж байгаа хүнийг иргэн болгосон” гэх агуулгаар өргөдөл гаргажээ. /с.х-ийн 1 тал/

Илтгэгч гишүүн саналдаа “...шүүгч Д.Э нь Х.Э-ийн гаргасан  шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байх ба өргөдөл гаргагчийн гаргасан хүсэлт нь шүүгч Д.Э-т хамааралгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна; шүүгч Д.Э-ийн “...Х.Э нь өөрөө “Х.Э” гэж бичиж гарын үсгээ зурсан байгаагийн хамт тэрээр “Ж” сууц өмчлөгчдийн холбооны албан бичгийн бланк, тамга тэмдгийг ашиглаагүй байгаагаар “иргэн хүний хүсэлт” гэж үзэх үндэслэл болно” гэх тайлбар нь үндэслэл бүхий байна; ... шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг хүсэлтийн ард үдэгдсэн дугтуй дээрх 9111... дугаарт мэдэгдсэний дагуу шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж ирж ажиглагчаар оролцсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул өргөдөл гаргагчийн “хурал болсныг мэдээгүй, оролцуулахгүйгээр шийдвэр гаргасан” гэх өргөдөл нь үндэслэлгүй; ...Шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлд тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэж шийдвэр гаргах нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаарах ба  Шүүхийн сахилгын хороонд шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд үнэлэлт, дүгнэлт эрх хуулиар олгогдоогүй тул дээр дурдсан өргөдлийн үндэслэлээр холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулах боломжгүй...” гэж дүгнэжээ. /с.х-ийн 75-82 тал/

Сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүн илтгэгч гишүүний санал нь үндэслэл бүхий холбогдох хуульд нийцсэн байна гэж үзлээ. Тодруулбал:

1. Намайг иргэн гэж хаяглан үндэслэлгүй гаргасан шийдвэрийг ирүүлсэн гэх тухайд:

Өргөдөл гаргагч Х.Э нь өргөдөлдөө “миний бие нь ... дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах СӨХ-ны үйл ажиллагааг хариуцсан “Ж” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар 2006 оноос хойш ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл тус СӨХ-ны үйл ажиллагааг хэвийн авч явж байгаа бөгөөд үүрэгт ажлаа зүй ёсоор хийж байгаа. Гэтэл  шүүгч Д.Э нь намайг “Иргэн Х.Э-т” гэж хаяглан үндэслэлгүй шийдвэрийг надад ирүүлсэн...” гэжээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад "сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог” хэлнэ, 12 дугаар 12.1 дэх хэсэгт “Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний хүрээнд гүйцэтгэх захирал эрхэлнэ” гээд мөн зүйлийн 12.4 дэх хэсэгт гүйцэтгэх захирлын эдлэх эрх, хүлээх үүргийг хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл Х.Э нь ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлтээ СӨХ-ны нэрийн өмнөөс гаргасан бол байгууллагын хэвлэмэл хуудсанд гарын үсэг, тамга тэмдэгтэйгээр гаргах нь зүйтэй байсан боловч тэрээр хүсэлт гаргахдаа байгууллагын хэвлэмэл хуудасгүй, ердийн бичгийн цаасан дээр “хүсэлт гаргасан Х.Э” гээд гарын үсэг зурсан байсан нь шалгах ажиллагааны явцад тогтоогдож байхаас гадна, хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн шуудангийн дугтуйнд “... дүүрэг, ... дүгээр хороо, 42-2-1” гэх хаягийг бичиж, холбоо барих утасны дугаараар зөвхөн 9111... гэж бичсэн байна. /с.х-ийн 44-45 тал/

Иймд холбогдох шүүгчийн “...тэрээр “Ж” сууц өмчлөгчдийн холбооны албан бичгийн бланк, тамга тэмдгийг ашиглаагүй байгаагаар “иргэн хүний хүсэлт” гэж үзэх үндэслэл болно” гэх тайлбар үндэслэл бүхий гэж үзсэн илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй.

Мөн шүүх 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШТ2024/0057 дугаар тогтоолыг 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр утсаар мэдэгдэж, хүсэлт гаргагч талаас ирж авахгүй байсан тул шүүгч Д.Э-ийн гарын үсэгтэй 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр албан бичгээр хүргүүлжээ. /с.х-ийн 2, 29 тал/

Шалгах ажиллагааны явцад хүсэлтэд ажиллагаа хийсэн шүүгчийн туслах М.М-г гэрчээр асууж, мэдүүлэг авахад тэрээр “...тогтоолыг өөрсдөө очиж авна гэдэг байсан. Би нэлээн хэдэн удаа ярьсан, шуудангийн дугтуйн дээрх утасны дугаараар холбогдсон. Өөрөө ирж ав эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч ирвэл итгэмжлэлээ авчраад аваарай гэж хэлж байсан... Ирж авахгүй байсан учраас дугтуйн дээрх хаягаар нь хүргүүлсэн” гэж мэдүүлжээ. /с.х-ийн 38-42 тал/

Дээрх хүсэлт нь шүүгч А.Г-т хуваарилагдсан байсан боловч шүүгч А.Г 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс ээлжийн амралтаа авсантай холбогдуулан түүнд хуваарилагдсан байсан хэрэг, нэхэмжлэл, хүсэлт, өргөдлийг ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ЗТ2024/1264 дүгээр зөвлөгөөний тогтоолоор шүүгч Д.Э-т хуваарилагджээ.

Өөрөөр хэлбэл Х.Э-ийн хүсэлтэд ажиллагаа явуулсан шүүгч А.Г нь тогтоолыг гардуулах ажиллагааг хийгээгүй байсан тул шүүхийн тогтоолыг хүргүүлэх албан бичигт шүүгч Д.Э гарын үсэг зурсан байна. /с.х-ийн 30-33 тал/

Иймд илтгэгч гишүүний “...өргөдөл гаргагчийн гаргасан өргөдөл нь шүүгч Д.Э-т хамааралгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байна” гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

2. Шүүх хуралдаан болсныг би мэдээгүй, намайг оролцуулаагүй гэх тухайд:

Х.Э-ийн “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай” хүсэлтийг хэлэлцсэн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч А.Г даргалж, шүүгч Н.Д, Д.Э нарын бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэн, 128/ШТ2024/0057 дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзжээ. /с.х-ийн 44-45, 3-8 тал/

Тухайн өдрийн шүүх хуралдааны 2151 дугаартай тэмдэглэлийн 1 дүгээр талын 9-11 дэх догол мөрт тусгагдсанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж шүүх хуралдаанд ирсэн боловч итгэмжлэлгүй ирсэн байсан тул шүүх түүнээс тайлбар, мэдүүлэг авалгүй, шүүх хуралдаанд ажиглагчаар оролцуулсан болох нь тогтоогдож байна. /с.х-ийн 49-52 тал/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна” гээд мөн зүйлийн 27.4 дэх хэсэгт итгэмжлэлд тавигдах шаардлагыг хуульчилсан байдаг.

Өөрөөр хэлбэл иргэн өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэн нэгэн этгээдийг томилж буй бол түүнд захиргааны ямар хэрэгт, ямар эрхийг эдэлж, үүрэг хүлээх талаар тусгасан өөрийн гарын үсэгтэй, нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл олгоно. Гэтэл Х.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх А.Ж нь хуульд заасны дагуу итгэмжлэлээ шүүхэд өгөөгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, ...-ийг шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх болон шүүх хуралдаанд дуудан ирүүлнэ”, 59.3 дахь хэсэгт “Шүүхийн мэдэгдэх хуудсыг ирвэл зохих оролцогчийн оршин суугаа болон ажлын газрын хаягийн дагуу шуудангаар, ...эсхүл утас, факс, цахим шуудан, ...-ээр дамжуулан мэдэгдэж болох бөгөөд мэдэгдсэнээ баримтжуулна” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаар шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэх замыг сонгох санкцтайгаар өгсөн тул Х.Э-ийн хүсэлтээ бичсэн 9111... гэх утасны дугаарт шүүгчийн туслах 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 08 минутад шүүх хуралдааны товыг мэдэгдэж, энэ тухай баримтжуулжээ. /с.х-ийн 47 тал/

Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан этгээд шүүх хуралдаанд оролцохыг хүсвэл түүнд мэдэгдэх ба хүсэлт гаргасан этгээд хүрэлцэн ирээгүй нь хүсэлтийг шийдвэрлэхэд саад болохгүй” гэж заасан.

Хүсэлт гаргагч Х.Э нь хүсэлтдээ “шүүх хуралдаанд оролцох хүсэлттэй байгаа тухай”-гаа бичээгүй, түүний тодорхойлсон утасны дугаарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байна.

Иймд илтгэгч гишүүний “...хууль болон аргачлалд заасны дагуу шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг хүсэлтийн ард үдэгдсэн дугтуй дээрх 9111... дугаарт мэдэгдсэний дагуу шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж ирж ажиглагчаар оролцсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул өргөдөл гаргагчийн “хурал болсныг мэдээгүй, оролцуулахгүйгээр шийдвэр гаргасан” гэх өргөдөл нь үндэслэлгүй” гэж дүгнэснийг хүлээн авах нь зүйтэй.

3. Гэрчилгээ нь албан ёсны хүчин төгөлдөр байхад Аж ахуйн нэгжийн тухай хуулийг зөрчиж, давхардуулан “Ж” гэрчилгээ олгохыг даалгасан гэх тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч А.Ц нарын 7 иргэний нэхэмжлэлтэй, ... дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Д 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэн, 128/ШШ2023/0149 дүгээр шийдвэр гаргажээ. 

Уг шийдвэрээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж буюу “Ж” СӨХ-ны сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг гаргах хүсэлтийг шийдвэрлэхийг ... дүүргийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Ж” СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдээр ...нарыг, хяналтын зөвлөлийн гишүүдээр ...нарыг, гүйцэтгэх захирлаар ...-ыг бүртгэж, СӨХ-ны гэрчилгээг гаргахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. /с.х-ийн 65-73 тал/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус зааснаар шүүгч нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын гаргасан тайлбар зэргийг харьцуулж, өөрийн дотоод итгэлээр үнэлэн шийдвэр гаргана.

Мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй”, 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах эрх нь давж заалдах шатны шүүхэд байдаг.

Иймд дээрх шүүхийн шийдвэрийг шүүгч Д.Э гаргаагүй байх тул өргөдөлд “...гэрчилгээ нь албан ёсны хүчин төгөлдөр байхад Аж ахуйн нэгжийн тухай хуулийг зөрчиж, давхардуулан “Ж” гэрчилгээ олгохыг даалгасан” гэсэн нь уг шүүгчид хамааралгүй гэж үзлээ.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Д.Э нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт сахилгын хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдохгүй байх тул илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ГС/2025/0015 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ                                     Д.ЭРДЭНЭЧУЛУУН

                      ГИШҮҮН                                            Х.ХАШБААТАР

                                                                          С.ЭНХТӨР