
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-02-20
Дугаар 29
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
...шүүхийн шүүгч Ч.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмгөөлөгч Ц.А өргөдөлдөө: “...1. ...шатны шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэргийн нэхэмжлэгч Ч овогтой Б-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. ...шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1../ШШ2023/0...4 тоот шийдвэрээр Ч.Б, Б.Х нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эх Б.Х-ийн асрамжид үлдээж, тэтгэлэг төлүүлэхээр тогтоосон. Б.Х, Ч.Б нарын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээг баталж, Ч.Б-ийн өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2.....0 дугаарт бүртгэлтэй, ...дүүрэг, ...дүгээр хороо, ...дүгээр байрны ...тоот орон сууцыг Б.Х болон хүү Б.Б, Б.М, Б.А нарын өмчлөлд шилжүүлж, хариуцагч Б.Х нь уг орон сууцны зээлийг, нэхэмжлэгч Ч.Б нь ...банк дахь Б.Х-ийн цалингийн зээл болох 9.900.000 төгрөгийг хариуцаж төлөхөөр болсон байдаг. Гэвч шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацаанд Б.Х 3 хүүхдээ өөрийн асрамжид аваагүй. ...банк дахь орон сууцны зээлийн төлбөрийг нэг ч удаа төлөөгүй. Шүүхийн шийдвэр гарах үед байсан Б.Х-ийн зээлийн үлдэгдэл 9.900.000 төгрөгийг Ч.Б төлснөөс өөр ямар ч өөрчлөлт ороогүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө Ч.Б 3 хүүхэдтэйгээ ээжээс нь тусдаа амьдарч байсан, гэрлэлтээ цуцлуулснаас хойш ч Б.Х 3 хүүхдийг эцэгт нь орхиж, өөрөө орон сууцандаа амьдарч байсан. Нөхцөл байдал хүнд хэвээр, шүүхийн шийдвэр хэрэгжээгүй, 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр төрсөн бага хүү Б.А нь "Хүүхдийн аутизм" өвчтэй, "Р-84" өвчний оношоор 2022 оны 10 дугаар сараас байнгын асаргаанд орсон, гэвч эмчилгээ асаргааны мөнгө, төрөөс олгож байгаа хүүхдийн мөнгө зэргийг Б.Х авч хэрэглэж байгаа, Ч.Б ганцаар ажил эрхэлдэг, хүүхдүүдийн хамт ...дүүрэг, Нисэхэд өөрийн ээж, 61 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг А.Э-ийн хамт амьдарч байгаа зэрэг амьдралын аргагүй нөхцөл байдлын улмаас Ч.Б 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, орон сууцандаа хүүхдүүдтэйгээ амьдрах, шаардлага гаргасан.
Шүүхэд нэхэмжлэлээс гадна хүүхдүүдийн одоогийн байдал, асрамжгүй, хүүхдүүдийн мөнгөө ч авч чаддаггүй, орон сууцны зээлийг төлж байгаа болон өмнөх шүүхийн шийдвэр гарах үед байсан Б.Х-ийн зээлийн үлдэгдэл 9.900.000 төгрөгийг Ч.Б төлсөн зэрэг холбогдох бүхий л баримтуудыг бидний зүгээс гарган өгч, хүүхдүүдийн амьдрах орчин аюулгүй байдлын талаарх нөхцөл байдлын үнэлгээ, шинжээчийн дүгнэлт гаргуулсан.
Гэвч шүүгч Ч.Б нэхэмжлэлийн шаардлагын дагуу иргэний хэрэг үүсгэснээс хэргийг шийдвэрлэх хүртэл бүтэн 11 сарын хугацаанд хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, өвчтэй хүүхдийг эмчлүүлэх бусад олон шаардлагын хүрээнд шүүхийн санаачилгаар ганц ч ажиллагаа хийгээгүй, маш удаан хугацаанд хэргийг шийдвэрлэхгүйгээр дарагдуулж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаан хийж, бодит байдлыг үнэлж дүгнэхгүйгээр зөвхөн хариуцагч Б.Х-ийн хэлсэн худал үгэнд үндэслэн, өмнөх шүүхийн шийдвэр хүчинтэй гэсэн утга бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх тухай маш харалган шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Шүүгч Ч.Б хэргийн материалд цугларсан нотлох баримтуудыг судлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлт, хүүхдүүдийн нөхцөл байдлын үнэлгээ, асаргаа эмчилгээний талаарх баримтуудыг огт мэдэхгүйгээр зөвхөн өмнөх шүүхийн шийдвэрт заагдсан асуудал хэмээн хөнгөн аргаар хялбархан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж байгаа нь хохирсон хүний, тэр тусмаа хүнд өвчтэй, бага насны хүүхдийн эрх ашгийг өөрийн эрх мэдлээр давхар хохироон чирэгдүүлж байгаа туйлын хариуцлагагүй асуудал бөгөөд шүүгч хүнд байх “Монгол улсын шүүхийн ёс зүйн дүрэм”-д заасан "Шударга байх, хариуцлагатай байх, хуулийг дээдлэх, хүн бүрд адил тэгш хандах" шүүгчийн үйл ажиллагааны үндсэн зарчмаа зөрчсөн асуудал гэж үзэж байна...
2. Шүүгч Ч.Б нь нэхэмжлэл, хэрэг маргааныг жил шахам хугацаанд шийдвэрлэхгүйгээр хадгалж хүлээлгэсний эцэст өмнөх шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлгүй гэсэн утгаар шийдвэрлэж байгаа нь шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан “Аливаа асуудалд шударга байдлаар хандаж, хэргийн оролцогчдыг ялгаварлахгүй харилцана, шүүгчийн зан байдал, үйл ажиллагаа нь шүүхийн үнэнч шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэнэ, ажил мэргэжилдээ хүндэтгэлтэй хандаж, өөртөө болон бусдад зарчимч байдлаар хандана” гэх заалтуудыг зөрчсөн гэж би хуульч хүний хувьд дүгнэж байна. Шүүгч хүний эрхэмлэвэл зохих зан үйлийн хэм хэмжээг гажуудуулан, өнөөдөр өвчтэй хүүхдээ асрах, эмчлүүлэх, сургах, тэжээхийн тулд ажлаа ч хийж чадахгүй, өндөр настай эхийнхээ галладаг байшинд түүний тэтгэврийн мөнгөөр амьдарч яваа Ч.Б-ийн амьдралын үнэн бодит байдал хэрэгт баримтаар харагдаж байхад энэ бүхнийг үл ойшоон, маш урт хугацааны дараа хүүхдүүдийн эрх ашгийг ноцтой хөндсөн шийдвэр гаргаж байгаа шүүгч хүнийг асуудалд зарчимчаар, үнэнч шударга хандсан гэж үзэх боломжгүй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлд шүүхийн шийдвэрийг танилцуулах, гардуулах тухай заахдаа “Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана”, Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан. 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаан болж шүүгч Ч.Б шүүхийн шийдвэрийн агуулгыг товч тайлбарласан. Шүүхийн шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дараагаас эхлэн нэхэмжлэгч тал шийдвэрийг гардаж авахаар удаа дараа шаардсан. Шүүх дээр биеэр олон удаа очсон. Гэвч дээрх хуулийн заалт зөрчигдөж, нэхэмжлэгч тал шийдвэр гарснаас хойш 35 хоногийн дараа буюу 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шийдвэрийг гардаж авсан. Мөн хурлын тэмдэглэлтэй танилцах хүсэлт гаргасан боловч одоо болтол гараагүй гэсэн тайлбар өгч байгаа нь шүүхэд, шүүгч Ч.Б-д хуулийн заалт огт хамааралгүй болохыг харуулж байна. Шүүгч Ч.Б-ийн хууль зөрчсөн, хариуцлагагүй ажиллагааны улмаас хүнд өвчтэй, бага насны хүүхдүүдийн эрх ашиг давхар хохирч, иргэн хүний шүүхэд итгэх итгэл алдарч, маш их чирэгдэж байгааг шүүгчийн сахилга, хариуцлагатай шууд холбоотой асуудал гэж үзэж байна. Ч.Б шүүгчийн шударга бус байдал, хариуцлагагүй байдалд иргэн Ч.Б-ийн хувьд ч маш их гомдолтой байгаа бөгөөд ийм нөхцөл байдлын дунд энэ хэргийг заавал өөрөө шийднэ гэсэн хатуу байр суурин дээр удаан хугацаанд дарагдуулж, хууль зөрчиж байгаа шударга бус байдлыг шүүгч хүнд байж боломгүй сахилга ёс зүйн зөрчил гэж үзэж гомдол гаргаж байна” гэжээ.
Иргэн Ч.Б өргөдөлдөө: “...2023 оны 4 сард шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн шатанд 3 хүүгийнхээ ээж болох Б.Х-ийн өөрийнх нь хүслээр хүүхдүүдийг асрамжид нь үлдээж, орон сууцны өөрт оногдох хэсгээс татгалзан Б.Х-ийн цалингийн зээлийг төлөхөөр тохиролцож шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан. Гэвч шүүхийн шийдвэр гарснаас хойш ч өмнө нь байсны нэгэн адилаар хүүхдүүд надтай хамт амьдарч тэдний сургалт, эмчилгээ, хичээл сургууль гээд бүгдийг би болон миний төрсөн эх маань болгож, бодит байдал дээр 2021 оноос хойш хүүхдүүдээ би өөрийн асрамжид өсгөж байгаа нь хэвээр үргэлжилсэн. ...Б.Х нь шүүх дээр тохиролцсон Эвлэрлийн гэрээгээ огт хэрэгжүүлээгүй, орон сууцны зээлээс нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд үүнийгээ чи надад хүүхдийн тэтгэмж төлөх ёстой учир би чамд юу ч төлөхгүй гэж тайлбарласан учраас би дахин шүүхэд хандахаас өөр ямар ч арга байгаагүй. ...Би өөрийн болон хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалуулахаар л шүүхэд хандсан.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, бодит нөхцөл байдлыг баримтаар нотлох шаардлагаар өөрийн зүгээс бүхий л нотлох баримтуудыг гаргаж өгсөн, мөн удаан үргэлжилсэн шүүхийн процессын үед ч өөрөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулж хүүхдүүдийн нөхцөл байдал, бидний амьдрал ямар хэцүү байгааг байнга илэрхийлж хэлж байсан. Гэвч шүүгч Ч.Б нотлох баримтуудыг дутуу хагас уншсан, бодит байдал дээр очиж нөхцөл байдлыг нүдээр харсан. Хүүхдүүдтэй биечлэн уулзсан шинжээчдийн дүгнэлтийг үгүйсгэсэн. Шүүх хуралдаануудын үеэр ч нэг талыг барьсан, илтэд эмэгтэй хүнийг хамгаалсан өмөөрсөн байдал харуулж нөхцөл байдлыг дутуу үнэлж намайг зөвхөн салсан эхнэртээ гомдсондоо шүүхэд нэхэмжлэл гаргасан мэт хөнгөн дүгнэлт хийж, миний ярих боломжийг хязгаарлаж эсрэг талыг ярих боломжоор илүү хангаж тэнцвэргүй байдал гаргасан. Шүүгчийн хувьд ийм ёс зүйгүй хандсанд маш их гомдолтой байна.
Миний хувьд өмнө нь 2 удаа эвлэрүүлэн зуучлалаар орж, 1 удаа шүүхийн шатанд эвлэрч үзсэн боловч эрх ашиг зөрчигдсөөр, өөрөө болон хүүхдүүд хохирсоор, гэр бүлийн хүчирхийлэлд хүүхдүүдийн хамт өртсөн хэвээр байсан. Одоо ч энэ байдал яг хэвээр байгаа. Намайг ээж дээрээ байсан хүүхдүүдийг хүчээр авч явсан гэх ямар ч нотолгоогүй худал юм ярьж байгааг шүүх анхаарч дүгнээгүй, би энэ талаар хуралдааны үед илэрхийлж байсан ч шүүгч дэндүү хөнгөн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэгт өгсөн нотлох баримтууд Б.Х-ийн зүгээс хүүхдүүдээ үл хайхрах, тэднийг асрах, өсгөх талаар юу ч хийхгүй, хийгээгүй гэдгийг бүрэн баталж байгаа. Гэтэл бүр анх гэр бүл салахаас өмнө 2018 онд шүүхээр шийтгүүлсэн шийдвэрийг үндэслэл болгож, намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэж дүгнэн, хүүхдүүдийн эрх ашиг, тэдний амьдарч байгаа бодит нөхцөл байдал, эрүүл мэндийн байдлыг үл харгалзан ийм харалган шийдвэр гаргасан шүүгчийг хэрхэн дүгнэж ойлгох вэ. ...Шүүгч Ч.Б нь Б.Х-ийн хүүхдүүддээ үзүүлж буй харгис, сэтгэл санаа, эд хөрөнгийн хүчирхийллийг дэмжсэн шийдвэр гаргасан нь “Хүчирхийллийг таслан зогсоох тухай олон улсын хүүхдийн эрхийн конвенц”-ийг зөрчсөн, хүүхдүүдийг үл тоомсорлосон, хамгийн хүнд хүчирхийлэл гэж үзэж байна.
...Шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй гээд дээд шатны шүүхэд гомдол гаргахын тулд би хуульд заасан хугацаа нь болмогц өдөр бүр шахам шүүх дээр очиж шийдвэрээ гардаж авахыг хүссэн. Гэтэл 14 хоногт албажиж гарах ёстой шийдвэр 35 хоногийн дараа гарч байгааг мөн юу гэж ойлгох вэ. Энэ бол шүүгч Ч.Б-ийн ажил албандаа, иргэн хүндээ, хүүхдүүдэд хэрхэн шударгаар хандаж, хуулиа сахиж, асуудлыг шүүгч хүний байр сууринаас шийдэж, хуулийн дагуу ажиллаж чаддаггүй байдлыг нотлон харуулж байна. Шүүх хурлын тэмдэглэл хэзээ бичигдэн гарч, миний давж заалдах гомдол дээд шатны шүүхэд хэзээ хүргэгдсэнийг ч мэдэх юм алга. Иргэн хүний хувьд шүүхэд итгэх итгэл огт алга. Шүүгч Ч.Б-д хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.
Шүүгч Ч.Б тайлбартаа: “Ч.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна. Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ч.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Х-д холбогдох иргэний хэрэгт ...дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын Хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шинжээчийн дүгнэлт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Улмаар ...дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын Хөгжлийн хэлтсээс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3.. тоот албан бичгээр шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр сэргээн явуулсан байна.
Шүүх 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, үүнээс хойш нэхэмжлэгч, хариуцагч талаас аль алинаас нь гэрч асуулгах, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг шүүх хангах, энэ талаарх шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй үндэслэлээр болон хариуцагчийн өмгөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангах зэрэг үндэслэлээр шүүх хуралдааныг 2024.04.22, 2024.05.22, 2024.06.10, 2024.08.12, 2024.08.26, 2024.09.18, 2024.10.07 өдрүүдэд тус тус хойшлуулж байжээ. Иймд хэргийг шийдвэрлэхгүй хадгалсан үйлдэл хийгээгүй болно.
Ч.Б-ийн нэхэмжлэлтэй Б.Х-д холбогдох иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж, нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Ч.Б шүүхийн шийдвэрийг 35 хоногийн дараа гардан авсан гэж гомдолдоо дурджээ. Шүүгч миний ажлын ачаалал оны сүүлийн саруудад ихэсгэж эрх зүйн актуудыг хугацаанд гаргахад бэрхшээл учирдаг бөгөөд ажлын 8 цагийг хэтрүүлэн ажиллаад, мөн амралтын өдөр ажилласан ч эрх зүйн актуудыг хугацаанд албажуулахад цаг хугацаа үнэндээ хүрэлцдэггүй. Үүний зэрэгцээ шүүгч миний хүлээн авсан бүх нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа бүх хэрэгт хяналт тавьж ажиллах чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй байдаг.
Ч.Б-ийн нэхэмжлэлтэй Б.Х-д холбогдох иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэснээс хойш нэхэмжлэгч Ч.Б шүүхийн шийдвэрийг гардан авсан хугацаа гэх 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 77 удаагийн шүүх хуралдааныг даргалж, мөн 5 удаагийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд оролцсон байна. Түүнчлэн 267 ширхэг шүүгчийн захирамж, 59 ширхэг шийдвэрийг албажуулсан байна. Шүүгч би өөрийн хүлээн авсан нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа бүх хэрэгтээ тэгш хүртээмжтэй, аль ч иргэнийг шүүхийн үйл ажиллагаагаар чирэгдүүлэхгүй ажиллахыг хичээж, өөрийн өргөсөн тангаргаа эрхэмлэн ажиллаж байгаагаа үүгээр хариуцлагатайгаар хэлэхийг хүсэж байна. Мөн шүүхийн шийдвэрийг хугацаанд албажуулан гардуулаагүй нөхцөл байдлыг ойлгоно уу” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ...шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 0...4 дүгээр шийдвэрээр Ч.Б, Б.Х нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эх Б.Х-ийн асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын өмчийн асуудлыг шийдвэрлэсэн ба энэ шийдвэр хүчин төгөлдөр байна.
Ч.Б 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б.Х-д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, орон сууцыг өөрийн өмчлөлд буцаан авах тухай нэхэмжлэл гаргасан, ... шатны шүүхийн шүүгч Ч.Б 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0...0 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.
Шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0...7 дугаар захирамжаар хариуцагчийн “...шинжээч томилуулах” хүсэлтийг хангаж ...дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын Хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
Шинжээч дүгнэлтээ 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн, шүүгч 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 0...8 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн, шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0...0 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 30 хоногоор сунгасан, Ерөнхий шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0...1 дүгээр захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ч.Б-г томилсон шийдвэрийг албажуулсан байна.
Шүүгч 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0...6 дугаар захирамж гарган хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 9 цаг 30 минутад хийхээр товлон зарласан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...А.Э, Б.Б нарыг гэрчээр асуулгах”, хариуцагчийн “...шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох” хүсэлтийг хангаж, шүүх хуралдаан хойшлогджээ.
2024 оны 05 дугаар сарын 22, 2024 оны 06 дугаар сарын 10, 2024 оны 08 дугаар сарын 12, 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан хариуцагч түүний өмгөөлөгчийн хүсэлтээр, 2024 оны 08 дугаар сарын 26, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгч талын хүсэлтээр тус тус хойшлогдсон.
Шүүх хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 0...4 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хянуулахаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ...давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.
Илтгэгч гишүүний саналыг дараах үндэслэлээр хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 38.6.-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ”, 105 дугаар зүйлийн 105.1-т “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасан.
Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүгч хэргийн оролцогчийн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, холбогдох байгууллагаас нотлох баримт гаргуулах, гэрч оролцуулах, шинжээч томилж, шүүх хуралдааныг товлон зарлаж шаардлагатай ажиллагаа явуулсан, энэ нь хууль зөрчөөгүй байна.
Иймд өргөдөлд дурдсан “шүүхийн санаачилгаар ганц ч ажиллагаа хийгээгүй, удаан хугацаанд хэргийг шийдвэрлэхгүйгээр дарагдуулсан” гэх гомдол үндэслэлгүй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлд шийдвэрийг танилцуулах, гардуулах талаар зохицуулсан байх бөгөөд мөн зүйлийн 119.2-т “Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно”, 119.3-т “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан.
...шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0...4 дүгээр шийдвэрийг хэргийн оролцогчдод 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гардуулсан.
Шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчвөл сахилгын зөрчилд хамаарахаар хуульд заасан.
Шүүгч дээрх шийдвэрийг хуульд зааснаар 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд бичгээр үйлдэж, албажуулах ёстой байсан ба хэргийн оролцогчдод гардуулсан хугацааг тоолбол хуанлийн 35 өдөр байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-т заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1....шатны шүүхийн шүүгч Ч.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Д.МЯГМАРЦЭРЭН