
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-02-18
Дугаар 28
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
... анхан шатны шүүхийн шүүгч Б.У-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ГС/2025/0011 дугаартай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“ ... тус эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 1 удаа, шүүх хуралдаан 10 удаа хойшилсон байх бөгөөд өмгөөлөгч, улсын яллагч, шүүгдэгч нарын хүндэтгэн үзэх шалтгаан болон өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүйн улмаас шүүгдэгч нар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан зэрэг үндэслэлээр хуралдааныг хойшлуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлэх шүүх хуралдаан даргалагчийн эрх хэмжээний хүрээнд хэргийн оролцогчдын өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд биечлэн оролцож нотлох баримт шинжлэн судлах, шүүх хуралдааны явцад гарсан асуудлаар санал, хүсэлт гаргах, шүүгдэгчийг цагаатгах, түүний хариуцлагыг хөнгөрүүлэх байдлын талаар болон шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, хорих байгууллагын нөхцөл, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх болон бусад асуудлын талаарх дүгнэлт гаргах боломжийг олгосон гэж үзлээ.
Харин эдгээр шалтгаануудаас гадна шүүгдэгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, оргон зайлсан, согтуу ирсэн зэрэг нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болсон байх бөгөөд энэ талаар өргөдөл гаргагчаас “таслан сэргийлэх арга хэмжээг зөв аваагүйгээс шалтгаалсан” гэж, шүүгчээс “шүүгдэгчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдол бүрд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан” гэж тайлбарласан.
Хэрэг шүүхэд шилжиж ирэх үед 8 яллагдагчаас Х.А нь ...цагдан хорих байранд, Ч.З нь ... хорих ангид тус тус хоригдож байсан ба үлдсэн 6 яллагдагчид хэргийг хүлээн авсан өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Мөн Ч.З нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хорих ялаа дуусгаж суллагдсан тул шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/42 дугаар захирамжаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Шүүх хуралдаан товлосон 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанд шүүгдэгч Б.Н , П.Ш нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтайгаар ирсэн тул 2024/ШЗ/127 дугаар захирамжаар, мөн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд Ч.З ирээгүй тул 2024/ШЗ/157 дугаар захирамжаар тус тус таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэж, Ч.З-г албадан ирүүлэх, улмаар хаягтаа байхгүй байсан тул олж ирүүлэх зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн. Мөн шүүгдэгч Б.Т нь бусдын амь насыг хохироосон хэргээр Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдсон байна.
Эдгээр нөхцөл байдлууд нь шүүгдэгч нарыг цагдан хорихгүйгээр гадуур байлгасан буюу хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсантай холбоотой гэж үзэхээр байх боловч үүнийг шүүгчээс “... ...аймгаас хэрэг нь шилжиж ирэх үед шүүгдэгч нарт авсан байсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэх үндэслэл 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар тогтоогдоогүй байсан учраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг аваагүй ...” гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна.
Тодруулбал, тус эрүүгийн хэрэг шилжиж ирэх үед Х.А , Ч.З нараас бусад яллагдагч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан бөгөөд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлснээс хойш зарласан 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанд дээрх шүүгдэгч нар бүгд ирсэн, мөн Ч.З-н хувьд 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанд ирсэн байсан тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1-д заасан үндэслэлүүд үүсээгүй байжээ.
Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглох нь НҮБ-ын Хүний эрхийн Түгээмэл тунхаглал, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүрийн баталгаатай эдлэхээр тодорхойлсон “халдашгүй чөлөөтэй байх” үндсэн эрхийн баталгаа болдог тул шүүгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, яллагдагчийг нийгмээс тусгаарлаж, эрх, эрх чөлөөг нь хязгаарлахдаа зөвхөн хуульд заасан цагдан хорих үндэслэлүүд байгаа эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх зарчимд шүүгчийн үйлдэл нийцсэн байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 1-д “Шүүх дараахь шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, тухайн хэрэгт холбоотой бусад шүүгдэгчийн хувьд шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ: 1.1.шүүгдэгч оргон зайлсан бол түүнийг олж ирүүлэх хүртэл;”, 3-д “Оргон зайлсан, хүндээр өвчилсөн шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлан бусад шүүгдэгчид холбогдох хэргийг хэлэлцэх нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ” гэж зааснаар Ч.З-г олж ирүүлэх хүртэл хугацаагаар тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд Ч.З нь Х.А , Б.Т , О.С нартай бүлэглэн олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон, түүнтэй хамтарсан эдгээр шүүгдэгч нар нь бусад шүүгдэгч нартай бүлэглэн дахин мал хулгайлсан хэрэгт холбогдсон зэргээс үзэхэд Ч.З-т холбогдох хэргийг тусгаарлан түдгэлзүүлж, бусад шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.
Ингээд шүүгдэгч Ч.З-г олж ирүүлэх хугацааг тодорхойлогдохгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл хэдийд арилахыг тооцоолох боломжгүй учраас шүүгдэгч Х.А , Б.Н , П.Ш нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах хуульд заасан хугацаанаас хэтрүүлэхгүй байх шаардлагад нийцүүлэхийн тулд гаргасан зүй ёсны шийдвэр гэж үзлээ.
Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсний дараа товлогдсон 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Н нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул 2024/ШЗ/451 дүгээр захирамжаар, мөн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд Х.А , П.Ш нар ирээгүй тул 2024/ШЗ/575 дугаар захирамжаар тус тус дахин таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн бөгөөд Х.А , П.Ш нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээснээс хойш товлогдсон хуралдаануудад ирж оролцож байсан буюу дээр дурдсанчлан тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хуульд заасан үндэслэл үүсээгүй байсан тул шүүгчийн “... зарим шүүгдэгч нар шүүх хуралдаанд ирсэн байдаг боловч дараагийн шүүх хуралдаанд ирэхгүй эсхүл согтуу ирнэ гэж урьдаас таамаглаж цагдан хорих үндэслэл байхгүй учраас товоо тогтоогоод, мэдэгдээд явахаас өөр арга байхгүй, ... Нэг шүүгдэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байхад бусад шүүх хуралдаанд ирсэн шүүгдэгч нарын хувьд шууд тэдгээрт таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж болзошгүй гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хууль зүйн боломжгүй тул зөвхөн шүүх хуралдаанд ирээгүй байсан шүүгдэгчид тухай бүр нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан ...” гэх тайлбар үндэслэлтэй байна.
Иймд, шүүхийн шатанд хэрэг хянагдаж байх хугацаанд оргон зайлах, шүүх хуралдаанд ирэхгүй байх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, бусдын амь насыг хөнөөх гэмт хэрэгт холбогдсон зэрэг үйл баримтууд тогтоогдож байх хэдий ч эдгээрийг шүүгчийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэртэй холбон, түүнийг буруутгах үндэслэлгүй бөгөөд шүүгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу авахаар хуульд нарийвчлан зохицуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Харин шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЗ/650 дугаар захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах шүүх хуралдааныг товлож, ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд цагдан хоригдож байсан яллагдагч Х.А г ...цагдан хорих байранд шилжүүлэн цагдан хорихоор шийдвэрлэснийг ... цагдаагийн газарт даалгасан боловч холбогдох ажиллагааг гүйцэтгээгүй, улмаар Х.А н өмгөөлөгч Х.С-с шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Х.А г биечлэн оролцуулах хүсэлтийг гаргасан нь урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах нэг үндэслэл болсон тул шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/18 дугаар захирамжаар Х.А г шилжүүлэн цагдан хорихыг дахин тус цагдаагийн газарт даалгасан.
Мөн шүүгдэгч Б.Т нь шүүгдэгч О.С -гийн амь насыг хохироосон хэрэгт холбогдон Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож байсан тул Ерөнхий шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаар албан бичгээр шүүгдэгч Б.Т ийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах талаар арга хэмжээ авч өгөхийг хүсэж, тус эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хаалттай явуулахаар шийдвэрлэсэн тул цахимаар оролцуулах боломжгүй болохоо тайлбарлан ... Прокурорын газрын Ерөнхий прокурорт хүргүүлсэн боловч түүнийг ирүүлээгүй нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр, 04 дүгээр сарын 04-ний өдөр тус тус товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлд хамаарчээ.
Дээрхээс үзэхэд, шүүгч хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмын дагуу шүүгдэгч нарыг шүүх хуралдаанд оролцох эрхээр нь хангах боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлсэн, энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхээс гарах шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхад чиглэсэн үйлдэл гэж үзэхээр байна. Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан эрх хэмжээ, чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлж, гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтод хүрэхийн төлөө шүүх, прокурор, цагдаагийн байгууллага нь өөрсдийн харьяалах нутаг дэвсгэрээс үл хамааран хамтран ажиллахад анхаарах шаардлагатай байгааг тэмдэглэв.
Хоёр. Өргөдөлд “... эдгээр малын хулгайч нар шүүхээр хэргийг шийдвэрлэх хугацаанд гадуур даалтад байхдаа ..., ...аймгийн зарим сумдаас мал хулгайлж, Х.А нь хүчингийн хэрэг үйлдсэн ...” гэж дурджээ.
Тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/318 дугаар шийтгэх тогтоолоос үзэхэд, нэр бүхий 8 шүүгдэгч нь 2020 оны 08 дугаар сар, 2021 оны 10 дугаар сард мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, харин Х.А нь 2020 оны 09 дүгээр сард хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт холбогдсон буюу ... анхан шатны шүүхэд хэрэг шилжиж ирэхээс өмнө эдгээр гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Мөн шалгах ажиллагааны хүрээнд, тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснээс хойш дахин мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон, Х.А н хувьд хүчингийн хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул өргөдлийн дээрх үндэслэл шүүгч Б.У т хамааралгүй байна.
Түүнчлэн, өргөдөл гаргагч Ц.Э-с гэрчийн мэдүүлэг авахад “... Өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн талаар зорчих эрхийг хязгаарлах ял л оногдуулсан гэж надад хэлсэн, ... Машин ашиглаж хулгайлсан байтал шүүхээр шийдвэрлэхдээ машин ашигласан гэдгийг нь хэрэгсэхгүй болгосон байсан. ...аймгийн шүүхэд итгэл алдарч байгаа ...” гэж дурдсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар шүүгч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, өөрийн дотоод итгэлээр дүгнэж шийдвэрээ гаргадаг тул шүүгчийн хянан шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэлд Шүүхийн сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй юм.
Харин өргөдөл гаргагч Ц.Э-н өмчлөлийн 13 тооны адууг Х.А , Ч.З , О.С , Б.Т нар бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэх гэмт хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс Б.Т д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр, О.С д холбогдох хэргийг “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, харин бусад шүүгдэгч нарыг гэм буруутай болохыг тогтоон Х.А , Ч.З нарт тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдлоо гарган хянуулах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд, өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байх тул тухайн үед ...аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан, одоо ... анхан шатны шүүхийн шүүгч Б.У-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Холбогдох шүүүгч Б.У Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“ ... ...аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.З , О.С , Б.Т , Б.Н , П.Б , Б.Д , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ш нарт холбогдох эрүүгийн ........205 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсан.
Хэрэг шүүхэд ирэх үед шүүгдэгч Ч.З нь ...дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-... дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хорих ял эдэлж байсан, шүүгдэгч Х.А нь ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд цагдан хоригдож байсан, бусад шүүгдэгч нарын хувьд гадуур хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт ирсэн ба тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ЕШЗ/620 дугаартай захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 30 хоногоор сунгасан.
Шүүгдэгч Х.А , Ч.З , О.С , Б.Т , П.Б , Б.Н , Б.Д , П.Ш нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 1 удаа хойшилсон, үндсэн буюу гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаан 11 удаа хойшилсон байна.
Урьдчилсан хэлэлцүүлэг хойшилсон шалтгаан:
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг яллагдагч Ч.З болон түүний өмгөөлөгч С.Э нарын хүсэлтээр 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14:00 цагт хийхээр товлож, Х.А г ...аймгийн цагдан хорих байрнаас, Ч.З-г ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-...дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас тус тус ...цагдан хорих байранд шилжүүлэн цагдан хорихоор шийдвэрлэсэн боловч тус аймгийн цагдаагийн газар захирамжид заагдсан Х.А , Ч.З нарыг шилжүүлэн цагдан хорих ажиллагааг биелүүлээгүй бөгөөд ялтан Ч.З нь ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-...дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас ялын хугацаа дуусаж суллагдсан байсан. Мөн Ч.З-н өмгөөлөгч С.Э (улсын өмгөөлөгч) нь Баянзүрх дүүргийн улсын өмгөөлөгчөөр шилжин ажиллахаар болж Ч.З-н өмгөөлөгчөөр Б.Б өмгөөлөгч орохоор болсон, Ч.З-г хэргийн материалтай танилцуулж урьдчилсан хэлэлцүүлэгт биечлүүлэх оролцуулах шаардлагатай тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг, Х.А н өмгөөлөгч Х.С шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Х.А г биечлэн оролцуулах хүсэлтүүдийг үндэслэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14:00 цаг хүртэл хойшлуулсан.
2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/42 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09:00 цагт хийхээр товлосон.
Үндсэн шүүх хуралдаан буюу гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаан хойшилсон шалтгаан:
1.2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хурал:
Шүүгдэгч П.Б гийн өмгөөлөгч Ж.Н шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09 цаг 00 минутад хүртэл хойшлуулав.
2.2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хурал:
Шүүгдэгч Б.Н , П.Ш нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж шүүх хуралдаанд ирсэн. Мөн шүүгдэгч Б.Т нь шүүгдэгч О.С- гийн амь насыг хохироосон хэрэгт холбогдон 461 дүгээр хорих ангийн цагдан хорих байранд цагдан хоригдож байгаа эсэх асуудлыг тодруулах шаардлагатай зэрэг үндэслэлээр шүүх хуралдааныг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 00 минутад хүртэл хойшлуулав. Шүүгдэгч Б.Н , П.Ш нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
3.2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хурал:
Шүүгдэгч Ч.З хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүгдэгч Б.Т нь шүүгдэгч О.С гийн амь насыг хохироосон гэх хэрэгт холбогдон Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид цагдан хоригдсон шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутад хүртэл хойшлуулсан. Уг захирамжаар шүүгдэгч Ч.З-н шүүхэд албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.
4.2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хурал:
Шүүгдэгч Ч.З-н өмгөөлөгч Б.Б шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн мөн шүүгдэгч Б.Т ийг Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн цагдан хорих байрнаас ирүүлээгүй, шүүгдэгч Ч.З нь хаягтаа байхгүй байна гэсэн тоотыг цагдаагийн газраас ирүүлснээр шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минутад хүртэл хойшлуулсан.
5.2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хурал:
Шүүгдэгч Ч.З , өмгөөлөгч Д.Г нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба эрүүгийн ........205 дугаартай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Ч.З-г олж ирүүлэх хүртэл түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
6.2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хурал:
Эрүүгийн ........205 дугаартай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр түдгэлзүүлсэн шалтгаан арилсан буюу Ч.З-г олж ирүүлснээр 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хэргийг сэргээсэн. Шүүгдэгч Б.Н нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүгдэгч Б.Д , Х.А нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй байсан үндэслэлээр шүүх хуралдааныг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутад хүртэл хойшлуулж, шүүгдэгч Б.Н- ыг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.
7.2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хурал:
Шүүгдэгч П.Ш шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, эмнэлгийн магадлагааг ирүүлсэн. Уг үндэслэлээр шүүх хуралдааныг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутад хүртэл хойшлуулав.
8.2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хурал:
...аймгийн Прокурорын газраас шүүх хуралдаан хойшлуулах тухай албан бичиг ирүүлснийг үндэслэн шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад хүртэл хойшлуулав.
9.2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хурал:
Шүүгдэгч Б.Т -ийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч давхацсан шүүх хурлын товыг ирүүлээгүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзсэн. Мөн шүүгдэгч Х.А -н өмгөөлөгч Х.С хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэсэн үндэслэлүүдээр шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 30 минутад хүртэл хойшлуулав.
10.2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хурал:
Шүүдэгч Х.А , П.Ш нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүгдэгч Х.А н өмгөөлөгч Х.С өмгөөллийн хөлс өгөөгүй тул өмгөөлөхөөс татгалзаж байгаа талаарх хүсэлт зэргийг үндэслэн шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 30 минутад хүртэл хойшлуулав. Шүүгдэгч Х.А , П.Ш нарыг албадан ирүүлэх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Ч.З-н өмгөөлөгч Б.Б (улсын өмгөөлөгч) нэг сарын хугацаатай ээлжийн амралтаа авч байгаа 2024 оны 12 дугаар сарын 05-нд ажилдаа орно гэж шүүх хуралдаанд гаргасан саналыг үндэслэн шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 30 минутад хүртэл хойшлуулсан болно.
11.2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хурал:
Шүүгдэгч П.Б-гийн өмгөөлөгч Ж.Н эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг үндэслэн шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутад хүртэл хойшлуулсан.
2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутад шүүх хуралдааныг товлохдоо өмгөөлөгч нарын шүүх хурлын товыг харгалзан үзэхгүйгээр шүүх хурал олон удаа хойшилж байгаа шалтгаан нөхцөлийг оролцогч нарт шүүхийн зүгээс тайлбарлаж, хэрэв шүүх хуралдаан давхацсан тохиолдолд энэ шүүх хуралдаанд оролцохыг оролцогч нараас хүссэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа болно.
Шүүх хуралдаан 11 удаа хойшилсон шалтгааныг авч үзвэл:
Өмгөөлөгчийн хүсэлтээр-3
Прокурорын хүсэлтээр-1
Шүүгдэгчийн хүсэлтээр-2
Өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй-1
Шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй-4
Нийт 7 шүүгдэгчийн 5 шүүгдэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба 4 шүүгдэгчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдол бүрд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан. Шүүгдэгч Б.Т-ийн хувьд О.С гийн амь насыг хохироосон хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан тул энэ хэрэгт нь давхар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй юм.
Шүүгдэгч Х.А , Ч.З , О.С , Б.Т , П.Б , Б.Н , Б.Д , П.Ш нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх үндсэн шүүх хуралдаан 11 удаа хойшлохдоо дээр дурдагдсан үндэслэлүүдээр хойшилсон ба шүүхээс шалтгаалах нөхцөл байдлын улмаас шүүх хурал огт хойшилж байгаагүй юм.
Түүнчлэн шүүх хуралдааныг хойшлуулах бүрдээ тухайн хурлыг дахин хойшлуулахгүй байх үүднээс өмгөөлөгч нарын товлогдсон байгаа шүүх хуралдааны товуудын талаарх санал, хүсэлтийг байнга сонсож давхцуулахгүйгээр товлож байсан. Өмгөөлөгчийн хүсэлтээр 3 удаа хойшилсон шалтгааны 2 нь эрүүл мэндийн шалтгаантай, нэг нь хурал давхацсан гэсэн шалтгаан байсан бөгөөд энэ нь хамгийн эхний хурал буюу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хурал өмгөөлөгч Ж.Н-н өмнө нь товлогдсон шүүх хуралтай давхацсан байсан.
Нэг шүүгдэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байхад бусад шүүх хуралдаанд ирсэн шүүгдэгч нарын хувьд шууд тэдгээрт таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж болзошгүй гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хууль зүйн боломжгүй тул зөвхөн шүүх хуралдаанд ирээгүй байсан шүүгдэгчид тухай бүр нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан юм.
Шүүгдэгч Х.А , Ч.З , О.С , Б.Т , Б.Д , Б.Н , П.Б , П.Ш нарт холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн. Шүүхээс гэм буруутай гэж тогтоогдсон шүүгдэгч нараас хохирлыг тэнцүү хэмжээгээр гаргуулж хохирогч Ц.Э-д олгохоор шүүхийн шийдвэр гарсан болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Ц.Э-с хуучнаар ...аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч одоо ... анхан шатны шүүхийн шүүгч Б.У-т холбогдуулан гаргасан өргөдлийг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ГЗҮ/2024/0132 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Өргөдөлд “... хэргийг түргэн шуурхай шийдвэрлэхгүй, дээрх малын хулгайч нарт таслан сэргийлэх арга хэмжээ зөв аваагүйгээс болж дахин гэмт хэрэг үйлдэх, шүүхээс оргон зайлах, шүүх хуралдаанд удаа дараа ирэхгүй байх зэрэг асуудлууд гарч шүүхээр шийдвэрлэгдэхгүй 3-4 жил болж байна” гэжээ.
1.Сахилгын хэрэгт авагдсан баримтаар ...аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.А , Ч.З , О.С , Б.Т , Б.Д , Б.Н , П.Б , П.Ш нарт холбогдох эрүүгийн хэрэгт прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102 дугаар яллах дүгнэлтийг үйлдэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасан шүүхийн харьяаллын дагуу ...аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх /хуучин нэршлээр/-д шилжүүлснийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авчээ.
Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ЕШЗ/599 дүгээр захирамжаар шүүгч Б.У-аар хянан шийдвэрлүүлэхээр томилсон шийдвэрийг албажуулж , мөн 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ЕШЗ/620 дугаар захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгасан байна.
Шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЗ/650 дугаар захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хийхээр товлосон боловч дараах үндэслэлүүдээр урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанууд хойшилсон байна. Үүнд:
Хэрэг шилжиж ирэх үед яллагдагч Ч.З нь ...дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-...дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хорих ял эдэлж байсан, яллагдагч Х.А нь ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд цагдан хоригдож байсан тул шүүгчийн дээрх захирамжаар тус яллагдагч нарыг ...цагдан хорих байранд шилжүүлэн цагдан хорихоор шийдвэрлэснийг ... цагдаагийн газарт даалгажээ.
Гэвч Ч.З нь ...дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-...дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас ялын хугацаа дуусаж суллагдсан , мөн түүний өмгөөлөгч С.Э (улсын өмгөөлөгч) нь цаашид тус хэрэгт оролцох боломжгүй болсон тул Б.Б өмгөөлөгч орохоор болсон, Ч.З-г хэргийн материалтай танилцуулах, урьдчилсан хэлэлцүүлэгт биечлэн оролцох хүсэлт гаргасан, Х.А-н өмгөөлөгч Х.С-с шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Х.А- г биечлэн оролцуулах хүсэлтийг тус тус гаргасан тул шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/18 дугаар захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14:00 цаг хүртэл хойшлуулж, Х.А- г шилжүүлэн цагдан хорихыг дахин цагдаагийн газарт даалгасан байна .
Улмаар шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/42 дугаар захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09.00 цагт хийхээр товложээ .
Шүүгдэгч П.Б -гийн өмгөөлөгч Ж.Н-с шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч, шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/80 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан .
Гэвч шүүгдэгч Б.Н , П.Ш нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж шүүх хуралдаанд ирсэн, шүүгдэгч Б.Т нь шүүгдэгч О.С- гийн амь насыг хохироосон хэрэгт холбогдон Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож байгаа гэх мэдээллийг шүүх хуралдаанд хэлсэн тул уг асуудлыг тодруулах шаардлагатай зэрэг үндэслэлээр шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/127 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулж, Ерөнхий шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаар албан бичгээр шүүгдэгч Б.Т-ийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах талаар арга хэмжээ авч өгөхийг хүсэж ... Прокурорын газрын Ерөнхий прокурорт хүргүүлжээ.
Шүүгдэгч Ч.З хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүгдэгч Б.Т ийг Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас ирүүлээгүй гэсэн үндэслэлээр шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/157 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулж, Ч.З-г албадан ирүүлэхээр шийдвэрлэжээ.
Гэвч ...аймгийн цагдаагийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 51-04/1553 дугаар албан бичгээр шүүгдэгч Ч.З нь хаягтаа оршин суудаггүй тул заасан хугацаанд албадан ирүүлэх боломжгүй байна гэх хариуг ирүүлсэн, Ч.З-н өмгөөлөгч Б.Б-с эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, мөн шүүгдэгч Б.Т -ийг Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас ирүүлээгүй зэрэг үндэслэлүүдээр шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/192 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулж, дахин Ч.З-г албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Ч.З нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, оргон зайлсан тул тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Ч.З-г олж ирүүлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ.
Ингээд шүүгдэгч Ч.З-г олж ирүүлсэн тул шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/424 дүгээр захирамжаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт товлосон.
Шүүгдэгч Б.Н нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүгдэгч Б.Д , Х.А нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй байсан үндэслэлээр шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/451 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч Б.Н -ыг албадан ирүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд ирсэн боловч шүүгдэгч П.Ш эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, эмнэлгийн магадлагааг ирүүлсэн тул шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЗ/466 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.
...аймгийн Прокурорын газрын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Ц-1/1234 дүгээр албан бичгээр хяналтын прокурорын шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг үндэслэн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/491 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулжээ.
Шүүгдэгч Б.Т -гийн өмгөөлөгч Б.Э болон Х.А -гийн өмгөөлөгч Х.С нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба шүүгдэгч нар өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/539 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09.30 цаг хүртэл хойшлуулсан.
Шүүдэгч Х.А , П.Ш нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүгдэгч Х.А-гийн өмгөөлөгч Х.С-с өмгөөллийн хөлс өгөөгүй тул өмгөөлөхөөс татгалзаж байгаа талаарх хүсэлт гаргасан зэргийг үндэслэн, шүүгдэгч Ч.З-н өмгөөлөгч Б.Б (улсын өмгөөлөгч) нэг сарын хугацаатай ээлжийн амралтаа авч байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа орно гэх нөхцөл байдлыг харгалзан шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЗ/575 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09.30 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч Х.А , П.Ш нарыг албадан ирүүлэхээр шийдвэрлэжээ.
Ингээд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/318 дугаар шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 болон 33.2 дугаар зүйлд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацааг хуульчилсан. Тухайлбал прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв дээрх хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж заасан.
Шүүгч Б.У нь дээрх хэргийг хүлээн авснаас хойш нийтдээ 1 жил, 1 сар орчмын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэр гаргасан ба тус хугацаанд
- Өмгөөлөгчийн хүсэлтээр 4 удаа,
- Прокурорын хүсэлтээр 1 удаа,
- Шүүгдэгчийн хүсэлтээр 2 удаа
- Шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй 4 удаа, нийтдээ хэргийн оролцогч нарын хүсэлтээр болон бусад шалтгааны улмаас товлосон шүүх хуралдаан 11 удаа хойшилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна. Шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно” мөн хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна” гэж тус тус зааснаас үзэхэд шүүх хуралдаанд оролцвол зохих тал ирээгүй бол шүүх хуралдааныг зайлшгүй хойшлуулахаар хуульчилжээ.
Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзэхэд шүүгч Б.У нь шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулж байсан ба дараагийн шүүх хуралдааныг товлохдоо талуудын санал, хүсэлтийг харгалзан тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шуурхай, тасралтгүй явуулах зорилгод нийцүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэг яллах болон цагаатгах талын тэгш эрх мэтгэлцээний үндсэнд явуулах нөхцөлийг хангах зорилгоор шаардлагатай арга хэмжээ авч ажилласан нь тогтоогдож байна.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан үндэслэлд шүүхээс шалтгаалж буюу шүүгчийн буруутай үйл ажиллагааны улмаас шүүх хуралдаан хойшилсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.
2.Таслан сэргийлэх арга хэмжээний тухай:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг зорилтыг хангах, тухайн ажиллагаанд оролцогч нэг бүрийн хууль ёсны эрх ашгийг хангах, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг зорилтыг хангах, тухайн ажиллагаанд оролцогч нэг бүрийн хууль ёсны эрх ашгийг хангах, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг нэг мөр хэрэгжүүлэх, эдгээртэй холбоотой эрх зүйн харилцааг үр дүнтэй зохицуулах арга хэрэгслийн нэг болох таслан сэргийлэх арга хэмжээний зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт тодорхойлж өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь таслан сэргийлэх арга хэмжээний зорилго, түүний зориулалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн, шуурхай явагдахад бодитойгоор саад учруулж буй, эсхүл саад учруулж болзошгүй яллагдагч, шүүгдэгчийн үйлдлийг гаргуулахгүй байх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, түүнчлэн хуулийг үндэслэлтэй, шударгаар хэрэгжүүлэх явдлыг хангахад чиглэгддэг.
Шүүгч, прокурор, мөрдөгч нар тодорхой төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг сонгон хэрэглэхдээ хуульд заасан үндэслэл, журмыг чанд биелүүлж, ажиллах ёстой бөгөөд яллагдагч болон шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлах, гэмт үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болзошгүй байгаа, мөн гэрч, хохирогч болон бусад оролцогч нарыг дарамталж сүрдүүлсэн, гэмт хэргийн ул мөр, бусад нотлох баримтыг устгаж болзошгүй, түүнчлэн өөр бусад байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа зэрэг нь таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх үндэслэлд хамаардаг.
Таслан сэргийлэх арга хэмжээнүүдээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нь хүнийг нийгмээс тусгаарлаж эрх, эрх чөлөөг хязгаарладаг хүнд хэлбэрт хамаардаг тул үүнийг шүүх хэрэглэхдээ зөвхөн прокурор, оролцогчийн саналыг харгалзан хуульд заасан үндэслэлээр авдаг.
Өөрөөр хэлбэл, яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээг авах, өөрчлөх, хүчингүй болгох, сунгуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хэргийн оролцогч санал, хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүх санаачилгаараа яллагдагч, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, сунгах, хүчингүй болгох хуулийн зохицуулалт байхгүй тул шүүгч Б.У нь нэр бүхий 8 шүүгдэгч нарт хуульд заасан үндэслэл бий болоогүй байхад шууд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй.
Харин сахилгын хэрэгт авагдсан баримтаар шүүгч Б.У нь удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлд “Шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй шүүгдэгчийг албадан ирүүлэх, түүнд энэ хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх шийдвэр гаргаж болно”, мөн хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1-д “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан” бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно гэж заасантай нийцсэн байна.
Мөн нэр бүхий 8 шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг ...аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн, шүүгдэгч Х.А нь хүчиндэх гэмт хэргийг 2020 оны 09 дүгээр сард үйлдсэн, хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш шүүгдэгч дахин мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон гэх үйл баримт сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй тул шүүгч Б.У т хамааралгүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд илтгэгч гишүүнээс “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй ...” гэх үндэслэлээр тухайн үед ...аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан, одоо ... анхан шатны шүүхийн шүүгч Б.У-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ГС/2025/0011 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... анхан шатны шүүхийн шүүгч Б.У-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮД Д.АРИУНТУЯА
Г.ЦАГААНЦООЖ