
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-03-06
Дугаар 32
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Ариунтуяа нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга А.Намуундарь нарыг оролцуулан, ... сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Д-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ГС/2025/0014 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
•Шүүх Д.М-т холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Д-д хуваарилагдсан байна.
•Шүүгч Ж.Д-ийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 335 дугаар захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг 00 минутад товлон зарлажээ.
•Товлогдсон шүүх хуралдаанд Д.М-ын өмгөөлөгч С.Б “шүүх хуралдаан давхардсан тул нэг удаа хойшлуулах тухай” хүсэлт ирүүлснийг хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан байна.
•Тухайн өдрийн шүүх хуралдаанаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, Д.М-ыг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 359 дүгээр захирамж гарч, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 00 минутад товложээ.
•Товлогдсон шүүх хуралдаанд шүүгдэгч Д.М “эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул хойшлуулах тухай” хүсэлт гаргаж, эмнэлгийн магадалгааг шүүхэд ирүүлсэн тул шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 425 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулсан байна.
•Товлогдсон өдөр Д.М нь “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан давхардсан тул хойшлуулах тухай” хүсэлт ирүүлснийг хангаж, шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 489 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 00 минутад товлон зарлажээ.
•Товлогдсон өдөр улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар ирсэн боловч шинжээч нар шүүх хуралдаанд ирээгүй тул шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 510 дугаар захирамжаар шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулсан байна.
•Тухайн өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч С.Б “2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан 11-ний өдрийн 8 цаг 30 минутаас үргэлжилж буй тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт ирүүлснийг хангаж, шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 537 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 00 минутад товложээ.
•Товлогдсон шүүх хуралдаанд хохирогч болон шинжээч нар ирээгүй бөгөөд хохирогчийн өмгөөлөгч Б.Г шинжээчийг оролцуулах санал гаргаснаар шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 581 дүгээр захирамжаар шинжээч О.Н-г албадан ирүүлэхээр шийдвэрлэж, шүүх хуралдааныг 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэл хойшлуулсан байна.
•Тухайн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч болон улсын яллагч нар нь “шинжээч нарыг оролцуулах нь зүйтэй” гэх санал гаргасан тул шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 590 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулжээ.
•Товлогдсон өдөр хэргийг хэлэлцэн, шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 704 дүгээр захирамжаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад товлосон байна.
•Тухайн өдрийн шүүх хуралдаанд хохирогч С.О “өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох болон сэтгэцэд учирсан хохирлын дүгнэлт гаргуулах”, түүний өмгөөлөгч Б.Г “шүүх хуралдаан давхардсан тул хойшлуулах тухай” хүсэлтүүдийг тус тус гаргасныг хангаж, шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1033 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулжээ.
•Шүүхийн товлосон өдөр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Д.М эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул хойшлуулах тухай” хүсэлт гаргасан тул шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1042 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутад товлосон байна.
•Шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 38 дугаар захирамжаар шүүгдэгч Д.М-т яллах дүгнэлт гардуулах ажиллагааг гүйцэтгүүлэхээр шүүх хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулжээ.
•Тухайн өдөр хэргийг хянан хэлэлцэн, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Д.М-ыг гэм буруутайд тооцсон байна.
...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр явуулж, яллагдагч Д.М-ыг шүүхэд шилжүүлж, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр товлосноос хойш хэргийг шийдвэрлэх хүртэл нийт 9 удаа шүүх хуралдаан товлогдсон байна. Эдгээр товлосон шүүх хуралдаануудаас
•шүүгдэгч Д.М эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх үндэслэлээр 2 удаа,
•шүүгдэгч Д.М шүүх хуралдаан давхардсан гэх үндэслэлээр 1 удаа,
•шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б-ийн “шүүх хуралдаан давхардсан гэх үндэслэлээр 1 удаа,
•шинжээчийг оролцуулахаар 1 удаа,
•шинжээчийг албадан ирүүлэх болон хохирогч С.О-ыг шүүх хуралдаанд оролцуулах үндэслэлээр 1 удаа,
•шинжээч болон хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах үндэслэлээр 1 удаа,
•шүүхээс нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдлыг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулсан тохиолдол 1 удаа,
•Шүүх байгуулах тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, мөрдөж эхлэх болсонтой холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ... сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь ... сум дундын анхан шатны шүүх болсон тул 1 удаа тус тус хойшлогджээ.
- Шүүгдэгч талаас шалтгаалан хойшилсон шүүх хуралдааны тухайд:
Сахилгын хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.М нь “....2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн үед авто осолд орсон гэж үзүүлсэн...” гэх эмч Н.Т-ын тодорхойлолттой, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэлх хугацааны эмнэлгийн магадалгааг шүүхэд ирүүлснээр шүүх хуралдаан хойшлогдож байжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд мөн зүйлийн 6-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж тус тус заасан тул шүүгч нь шүүгдэгчийн ирүүлсэн эмнэлгийн магадалгааг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулсан нь хуульд нийцнэ.
Харин 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б “Д.М ...хэвтэн эмчлүүлж байгаа...” гэх бичгийн хүсэлтийг, Д.М-т 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өвчний түүх нээсэн баримтын хамт шүүхэд ирүүлж, шүүх хуралдааны ирцтэй холбоотой улсын яллагч М.Ү “өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн байна. Энэ талаарх баримтаа ирүүлсэн байх тул шүүх хуралдааныг хойшлуулах саналтай байна” гэх, хохирогч С.О-ын өмгөөлөгч Б.Г “өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Д.М хүрэлцэн ирээгүй байна. Харин хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхой бус байна. Яагаад гэвэл ирүүлсэн баримтад аль эмнэлэгт байгаа нь байхгүй байна. Албадан ирүүлэх шаардлагатай байна. Шүүх хуралдааны явцад саад учруулж байна гэж үзэж байна” гэх, хохирогч С.О “миний хувьд энэ хэрэг гарснаас хойш нэг жил хоёр сар болж байна. Хэргээ хурдан шийдвэрлүүлэх саналтай байна” гэх саналыг тус тус гаргаж байсан байна.
Хэдийгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхэд өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хохирогчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч Д.М-ын аль эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нь тодорхойгүй байна” гэх санал үндэслэлтэй байсан боловч Монгол Улсын Үндсэн хуульд заасан “...хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох” иргэний үндсэн эрхийг эдлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан шүүгчийн үйлдлийг буруутгах боломжгүй юм.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, ...шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ...эрхтэй...” гэж заасан тул “шүүх хуралдаан давхардсан” гэх шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч С.Б нарын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж байсан шүүгчийн үйлдлийг буруутай гэж үзэх үндэслэлгүй болно.
2. Шинжээч болон хохирогчтой холбоотой хойшилсон шүүх хуралдааны тухайд:
Шүүгч Ж.Д-ийн нэмэлт тайлбар, нэмэлт тайлбарт хавсарган ирүүлсэн баримтуудаас үзэхэд Д.М-т холбогдох эрүүгийн хэрэгт шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 672 дугаар дүгнэлтийг хохирогч С.О зөвшөөрөөгүй тул дахин шинжээч Т.Н, О.Н, Б.Ц нарын бүрэлдэхүүнтэй 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаар дүгнэлт гаргуулжээ.
Шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 359 дүгээр захирамжаар яллагдагч Д.М-ыг шүүхэд шилжүүлж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч болон шинжээч О.Н, Б.Ц нарыг оролцуулахаар захирамжилсан байна.
Шинжээч О.Н, Б.Ц нар шүүхийн товлосон 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хохирогчийн өмгөөлөгч “захирамжийн биелэлт хангуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгч “шинжээч нарыг оролцуулах” саналыг тус тус гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Шүүхийн товлосон 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны товыг шинжээч О.Н, Б.Ц нар мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул шүүгчийн мөн өдрийн 581 дүгээр захирамжаар шинжээч О.Н-г албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэтэл шинжээч О.Н нь 8 сартай жирэмсэн тул албадан ирүүлэх боломжгүй тухай ... аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 47/04-2756 дугаар албан бичгээр шүүхэд мэдэгдсэн болох тогтоогдож байна.
Мөн хохирогч С.О нь 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн болон 6 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаануудад товыг мэдсэн боловч ирээгүй болох нь тухайн өдрүүдийн шүүх хуралдааны тэмдэглэлүүдээр нотлогдож байна.
Улмаар шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 359 дүгээр захирамжид заасан шинжээч О.Н, Б.Ц нар шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул бүрэлдэхүүний шинжээч Т.Н-ийг оролцуулахаар шүүх хуралдааныг 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хойшлуулсан болох нь шүүгч Ж.Д-ийн туслахаар ажиллаж байсан Г.Г-ын “...шинжээч нарыг хариуцдаг албаны дарга н.Т-тай холбогдоход шинжээч О.Н болон Б.Ц нь жирэмсний амралтаа авсан..., шинжээч Т.Н нь ээлжийн амралтаа авсан гэх хариуг ирүүлсэн...” гэх тайлбар, холбогдох шүүгч Ж.Д-ийн “...шүүх хуралдааныг дахин дахин хойшлуулахгүй байх үүднээс ...шинжээч Б.Ц, О.Н нар хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаар хэлэхэд бүрэлдэхүүнд орсон аль ирэх боломжтой шинжээчийг нь оруулах талаар ярилцаж, шинжээч Т.Н-ийг оролцуулахаар шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлсэн” гэх нэмэлт тайлбар, шүүхийн мэдэгдэх хуудас, шүүгчийн туслах Г.Г-ын тайлбарын хамт ирүүлсэн утасны зурвасын хуулбар зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
3. Шүүхээс шалтгаалан хойшилсон шүүх хуралдааны тухайд:
...Сахилгын хэрэгт авагдсан холбогдох баримтуудаас үзэхэд шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэн, мөн өдрийн шүүгчийн 704 дүгээр захирамжаар хохирогч С.О-ын сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоож, шинжээчийн дүгнэлт гаргуулах, гэрчээр хэрэг гарах цаг хугацаанд байсан гэх н.Сайхан, тухайн цаг хугацаанд хохирогчийг эмнэлэгт хүргэж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн н.Т нараас мэдүүлэг авах болон “Яаралтай тусламжийн хуудас” гэх баримтыг эх хувиар авах болон яаралтай тусламж үзүүлсэн эмчийг тогтоож, гэрчийн мэдүүлэг авах, мөн хэлэлцүүлэгт оролцогчдоос С.О өмнө нь бусдад зодуулан нүдэндээ гэмтэл авч байсан талаар мэдүүлсэн талаарх баримтыг хавсаргаж ирүүлэх нэмэлт ажиллагаа хийлгэхийг прокурорт даалган уг хэргийг хэлэлцэхийг 60 хоногийн хугацаагаар буюу 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
Түүнчлэн мөн хуулийн 15.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, ...шийдвэр гаргана”, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, ...нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, ...нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж тус тус зааснаар эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан, өөрийн дотоод итгэлээр баримт нэмэлтээр цуглуулах эсэх, гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай эсэх нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгчид хуулиар олгогдсон бүрэн эрх бөгөөд шүүгчийн ямар баримт цуглуулах шаардлагатай байсан эсэх, гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай эсэх, тухайн гэрчийн мэдүүлэг, нэмэлтээр авч буй баримтууд нь хэрэгт ач холбогдолтой эсэхэд Шүүхийн сахилгын хороо үнэлэлт, дүгнэлт өгөх эрхгүй болно.
Харин 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ... Сум дундын анхан шатны шүүх болж өөрчлөгдөн байгуулагдсан тул ... сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 56 дугаар захирамжаар хэргийг ... Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч З.А, Х.Х нар 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1401 дүгээр дүгнэлтээр хохирогч С.О-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “яллаж байгаа гэмт хэргийн …учруулсан хохирол,…”, мөн зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад “хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл”-ийг тус тус яллах дүгнэлт, дүгнэлтийн хавсралтад тусгахаар хуульчилсан тул тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 38 дугаар захирамжаар “...Д.М-т яллах дүгнэлт гардуулах ажиллагааг хийж гүйцэтгэх”-ээр шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд прокуророос 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр яллах дүгнэлт үйлдэж, гардуулжээ.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл ... сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Д нь хэргийн оролцогчийн аль нэг талд үйлчилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй гэж үзэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Шүүгч Ж.Д Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.М-т холбогдох эрүүгийн 2334000000... дугаартай хэргийн хохирогч С.О-ын гаргасан гомдлын дагуу дараах тайлбарыг гаргаж байна.
...... сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цагт товлогдсон шүүх хуралдаанаас шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоол гарган, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хохирогчид эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2 дугаар зэрэглэл тогтоосноор тооцон хохирол гаргуулж шийдвэрлэсэн байна.
...Шүүх хөндлөнгийн байх байр суурьтай учраас мөрдөн шалгах ажиллагааг гагцхүү мөрдөгч хийж гүйцэтгэх ёстой. Шүүх шүүгдэгч нотлох баримтаа ирүүлсэн бол хүлээн авах үндэслэлтэй гэж шийдвэрээ гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааныг хойшлуулахад талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож, хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээг авна” гэж зааснаар талуудын саналыг харгалзан шүүх хуралдаан хойшлуулсан товоо тогтоож шүүх хуралдааныг хойшлуулсан захирамж гаргаж байсан.
...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж зааснаар шүүх хуралдаан талуудын эрх, тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдах учиртай. Шүүх хуралдаанд оролцвол зохих шүүгдэгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ирээгүй нь шүүх хуралдаан хойшлох үндэслэл болно. Гэм буруугийн шүүх хуралдаан шүүгдэгчгүйгээр үргэлжлэн явагдах боломжгүй.
...Тус шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 09-ний шүүх хуралдаанд мэдүүлэхдээ хохирогч С.О болон шүүгдэгч Д.М нь тухайн хэрэг учрал болох цаг хугацаанд тэдний хажууд н.Сайхнаа гэх туслах ажилтан залуу хараад зогсож байсан талаар өөрсдөө ярьдаг бөгөөд хавтас хэрэгт дээрх н.С гэх хүнийг гэрчээр тогтоож асуух ажиллагааг хийж гүйцэтгээгүй байсан тул шүүх нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаахдаа дээрх н.С-г гэрчээр тогтоож асууж, шүүгдэгч Д.М-ыг хохирогч С.О-ын биед халдаж байхыг харсан эсэх талаар асуух нь энэ хэрэгт ач холбогдолтой гэж шүүх үзэж хэргийг хойшлуулсан байдаг.
Шүүгдэгч Д.М-т холбогдох хэрэг удаа дараа хойшилсон тохиолдол нь талуудын ирүүлсэн хүсэлт, нотлох баримтуудыг шүүх харгалзан, талуудын саналыг авч, дараагийн шүүх хуралдааныг хойшлуулахгүй, давхардуулахгүй байх үүднээс тэдний хурлын товыг харгалзан шүүх хуралдаанаа товлосон захирамжууд гарсан нь хавтас хэрэгт баримтаар авагдсан болно.
Шүүх хэнээс ч хараат бус, бие даасан байж хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг. Миний зүгээс шүүгдэгч Д.М-тай ах дүү төрөл садны холбоотой, найз нөхдийн холбоотой, өмнө түүнд холбогдох хэрэг маргааны шүүх хуралдаанд оролцож байгаагүй, түүний талд үйлчилж, түүнд давуу байдал гаргасан тохиолдол гаргаж байгаагүй болно” гэжээ.
Шүүгч Ж.Д нэмэлт тайлбартаа: “...Хохирогч С.О-ын биед учирсан гэмтэлд дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан байх ба шинжээч эмч Т.Н, О.Н, Б.Ц нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаартай дүгнэлт хэрэгт авагдсан байна. Шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны 359 дүгээр захирамжаар шүүх хуралдаанд шинжээч эмч О.Н, Б.Ц нарыг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Шинжээч О.Н-д хуралдааны товыг хүргүүлэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүнийг хуульд зааснаар албадан ирүүлэхээр шийдвэрлэхэд 8 сартай жирэмсэн байсан тул албадан ирүүлэх боломжгүй талаар Цагдаагийн байгууллагын 2024 оны 6 дугаар сарын 24-ний 47/04-756 дугаар албан бичиг ирсэн.
Шүүх хуралдааныг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 05-ныг хүртэл хойшлуулсан хугацаанд шинжээч эмч Б.Ц нь ээлжийн амралттай байгаа талаар туслах Г.Г нь шинжээч эмч Т.Н утсаар холбогдоход мэдэгдсэн байсан.
Ингээд дээрх шүүх хуралдааныг дахин дахин хойшлуулахгүй байх үүднээс оролцогчдоос шүүгчийн захирамжид зааснаар оролцуулахаар тогтоосон шинжээч эмч Б.Ц, О.Н нар нь хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаар хэлэхэд бүрэлдэхүүнд орсон аль ирэх боломжтой шинжээчийг нь оруулах талаар ярилцаж шинжээч эмч Т.Н-ийг оролцуулахаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ... сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 132 дугаар захирамжаар яллагдагч Д.М-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ж.Д-г албажуулсан, шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 334 дүгээр захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг 00 минутад товлосон, 04 дүгээр сарын 17-ны өдрийн 335 дугаар захирамжаар яллагдагчийн өмгөөлөгч С.Б-ийн “шүүх хуралдаан давхардсан тул нэг удаа хойшлуулах” тухай хүсэлтийг хангаж урьдчилсан хэлэлцүүлгийг 04 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан, 04 дүгээр сарын 23-ны өдрийн 359 дүгээр захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 05 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 00 минутад товлосон, 05 дугаар сарын 07-ны өдрийн 425 дугаар захирамжаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шүүгдэгч Д.М эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 05 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулсан, 05 дугаар сарын 24-ний өдрийн 489 дүгээр захирамжаар шүүгдэгч Д.М-ын ирүүлсэн “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 06 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 00 минут хүртэл хойшлуулсан, 06 дугаар сарын 04-ний өдрийн 510 дугаар захирамжаар шинжээч эмч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг 06 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулсан, 06 дугаар сарын 11-ний өдрийн 537 дугаар захирамжаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг 06 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 00 минут хүртэл хойшлуулсан, 06 дугаар сарын 21-ний өдрийн 581 дүгээр захирамжаар шинжээч О.Н-г албадан ирүүлэхээр шийдвэрлэж, шүүх хуралдааныг 06 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэл хойшлуулсан, 06 дугаар сарын 24-ний өдрийн 590 дүгээр захирамжаар шинжээч нарыг оролцуулахаар шүүх хуралдааныг 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулсан, 08 дугаар сарын 08-ны өдрийн 704 дүгээр захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулж 10 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад товлосон, 10 дугаар сарын 24-ний өдрийн 1033 дугаар захирамжаар хохирогч С.О-ын “өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох болон сэтгэцэд учирсан хохирлын дүгнэлт гаргуулах”, түүний өмгөөлөгч Б.Г-ын “шүүх хуралдаан давхардсан тул хойшлуулах тухай” хүсэлтүүдийг тус тус хангаж шүүх хуралдааныг 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулсан, 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1042 дугаар захирамжаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч Д.М эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг хангаж шүүх хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулсан, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 38 дугаар захирамжаар шүүгдэгч Д.М-т яллах дүгнэлт гардуулах ажиллагааг гүйцэтгүүлэхээр шүүх хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулсан, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэн, хохирогч С.О-д учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг 2 дугаар зэрэглэлээр тогтоож, нийт хохирол 13.006.670 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгохоор шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдоно.
Дээрх хэргийн хохирогч С.О нь ... сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Д-д холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “...Шүүгч нь 2024 оны 3 дугаар сард хэргийг хүлээн аваад шийдвэрлэхгүй удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч Д.М-ын талд үйлчилж байна” гэж тодорхойлсон.
Илтгэгч гишүүн шалгах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, сахилгын хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ. Тодруулбал,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин гуравдугаар бүлэгт Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааны журмыг зохицуулсан байдаг бөгөөд ... сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 359 дүгээр захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн үйл баримт тогтоогдоогүйн зэрэгцээ тус хугацаанд нийт 11 удаа шүүх хуралдаан товлогдож, тухай бүр хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийг ханган шүүх хуралдааныг хойшлуулж байжээ.
Иймд шүүгч Ж.Д-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ГС/2025/0014 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Д-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Д.АРИУНТУЯА