
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-02-05
Дугаар 21
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга А.Намуундарь, ажиглагчаар өргөдөл гаргагч Ч.Х нарыг оролцуулан, ... анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.А-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ГС/2025/0005 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Өргөдөлд дурдсан “хэл амаар доромжилсон, хуралдааны дэг зөрчиж өөрөө хурлаа хойшлуулсан” гэх үйл баримтыг тодруулахаар, Ч.Х-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК, Ц.Б, Д.О нарт холбогдох иргэний хэрэгт үзлэг хийж, шаардлагатай баримтуудыг гаргуулан авч, 2023 оны 11 дүгээр сарын 07, 2024 оны 03 дугаар сарын 05, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шүүх-хуралдааны дууны болон дуу-дүрсний бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдлээ.
- 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан:
0:01:26 дахь хормоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэхийг даргалагч талуудаас асууж байх ба 0:10:30-0:10:38 дахь хэсэгт Шүүгчийн захирамжаар нүдний байдлыг тодруул гэсэн, та энэ эмнэлгүүд дээр очиж уулзсан уу гэж нэхэмжлэгчээс тодруулахад,
Нэхэмжлэгч 0:10:39-0:11:17 дахь хэсэгт даргалагчийн үгийг сонсохгүй, нэгдүгээр эмнэлэг дээр очсон талаар яриад, уурлаж байгаа нь бичигдсэн,
0:11:19-0:11:30 дахь хэсэгт даргалагчаас, та хуралдааны дэг сахих ёстой, дэг сахихгүй бол танд торгуулийн арга хэмжээ авна шүү. Та миний асуултад хариул гэв.
0:11:31-0:11:38 дахь хэсэгт нэхэмжлэгч “дуулдахгүй байна” гээд уцаарлав.
Даргалагч 0:11:39-0:11:42 дахь хэсэгт, таны уурлаж, уцаарладаг газар биш ээ. Та миний асуултад хариулаадах аа,
0:11:45-0:11:46 дахь хэсэгт нэхэмжлэгч: Үгүй болъё гэсэн,
0:11:47-0:12:05 дахь хэсэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б: Уучлаарай шүүгч ээ, шүүгчээсээ татгалзъя, манай үйлчлүүлэгч ийм байдалтай, та бас ийм байдалтай болохоор гэв.
0:12:05-0:12:40 дахь хэсэгт даргалагч, Та сууж бай даа өмгөөлөгч өө. Би сонсохгүй байна гэхээр нь хэлж байна. Тэгэхээр би “Таныг нүдээ үзүүл гэж хэлээд гэтэл нэхэмжлэгч яриаг нь таслав. Та байж бай даа, миний хэлж байгаа зүйлийг сонсоодох доо, таныг шүүхээс нүдний байдлыг тодруул гээд шинжээч томилсон, та тэр шинжээч томилсон газарт таныг дуудсан уу гэж дахин тодруулахад
… 0:14:06-0:14:42 дахь хэсэгт даргалагчийг үг хэлтэл, нэхэмжлэгч үгийг нь таслан тайлбар хэлээд байв. Өмгөөлөгч нь тайвшир гээд суудалд нь суулгав.
0:14:45-0:17:38 дахь хэсэгт даргалагч: Та миний үгийг сонсохгүй байна гэхээр би тод танд хэлээд байна. Та эмнэлэг дээр өмгөөлөгчтэйгөө очсон юм уу, хамт очсон бол ямар хариу өгсөн бэ, шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцуулахад
0:15:30-0:15:33 дахь хэсэгт нэхэмжлэгч дургүйцсэн мэт инээж, амандаа үг хэлэв.
0:19:14-0:20:39 дэх хэсэгт даргалагч: Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулах үүрэгтэй. Түүнийхээ дагуу тайлбараа авч байна. Шүүх хуралдааны танхимд хэргийн оролцогч дэг сахих үүрэгтэй. Энэ дэгийг шүүгч сахиулна. Наад хүн чинь өөрөө сонсохгүй байна гэж байна. Сонсохгүй байхаар нь би сонсогдохуйц хэмжээнд хэлж байна. Тэр хариултыг та энэ хүнтэй чанга дуугаар харьцлаа гэж үзэж болохгүй биз дээ. Энгийн байдалтай дуугаа өндөрсгөхгүй харьцахаар сонсохгүй байна гээд хэд хэдэн удаа хэлээд байна. Сонсохгүй болохоор чинь сонсох хэмжээнд хэлж байна. Та нар дэг сахих ёстой зөрчвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх үүрэгтэй. Шүүгчээс татгалзаж байна гэж байна. Тайлбар байна уу гэхэд
… хариуцагчийг тайлбар хэлж байх үед бичлэгийн 0:25:05-0:25:06 дахь хэсэгт нэхэмжлэгч: Болъё оо, чиний наад үгийг би сонсмооргүй байна гээд яриаг нь зогсоов.
0:25:07-0:25:22 дахь хэсэгт даргалагч: Х гуай танд сануулаад байгаа шүү, дэг зөрчвөл хуульд заасан арга хэмжээ авна аа. Нөгөө тал чинь тайлбар хэлэх эрхтэй, үүрэгтэй гэхэд
0:25:23-0:25:28 дахь хэсэгт нэхэмжлэгч: Уцаарлан би та нарын оч гэсэн газарт чинь очлоо, үзүүллээ гэснээр хэлэлцүүлэг дуусжээ.
Тус өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “миний үйлчлүүлэгчийн өөдөөс чанга дуугарч байна” гэсэн үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж, татгалзал шийдвэрлэх хүртэл хуралдааныг хойшлуулж, Ерөнхий шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ЕШЗ2023/03152 дугаар захирамжаар татгалзлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд бухимдсан, тиймээс даргалагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг яриулахгүй, үгийг нь таслах, давхцаж ярих үйлдэл гаргаж байгаа нь бичлэгээс харагдана. Харин шүүгчийн зүгээс хэргийн оролцогчийг яриулаагүй, эсхүл яриаг нь таслан өөрөө ярьсан, мөн загнах, уцаарлах гэх зэрэг үйлдэл гаргаагүй, шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж асуулт асуусан, үүнд нэхэмжлэгч уцаарлаж, уурласан үйлдлээс болж хуралдааны дэгтэй холбоотой шаардлага тавьсан шүүгчийг өмгөөлөгч нь татгалзсанаас бус шүүгчээс хамааралтай үйлдэл болоогүй нь тогтоогдоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, … шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна”, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй” гэж заажээ.
Шүүх хуралдаан даргалагч нь нэхэмжлэгчээс асуулт асуусан, хариуцагчийн үгийг тасалж, зэрэгцэж ярьсан нэхэмжлэгчийн үйлдлийг зогсоох, шүүх хуралдааны дэг сахихыг сануулж, шаардлага тавьсан үйлдлийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
- 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан:
20240305-153412430.mp4 нэртэй бичлэгийн 0:00:01-0:00:09 дэх хэсэгт Даргалагч: Шүүх хуралдааныг нээж, Ч.Х-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэнэ, нарийн бичгийн дарга ирц танилцуул гэснээр шүүх хуралдаан эхэлсэн,
0:00:25-0:00:33 дахь хэсэгт даргалагч: Татгалзал байгаа талаар асуусан,
0:00:39-0:00:40 дэх хэсэгт даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байна уу гэж талуудаас тодруулсан,
20240305-160832523.mp4 нэртэй дуу-дүрсний бичлэгийн 0:00:01-0:00:09 дэх хэсэгт даргалагч эвлэрэх боломж байгаа талаар талуудаас тодруулсан,
0:31:30-0:31:31 дэх хэсэгт даргалагч талууд бие биеэсээ асуух, асуулт байгаа талаар лавласан,
0:54:43-1:01:58 дахь хэсэгт даргалагч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судална гээд баримтуудыг дурдав. Нотлох баримтыг шинжлэн судлаад талуудад асуулт байгаа талаар асуусан,
1:17:15-1:20:10 дахь хэсэгт даргалагч талуудаас асуулт асуусан,
1:20:13 дахь хэсэгт даргалагч өмгөөлөгч нар өмгөөллийн үгээ хэлнэ үү гэсэн,
1:39:07-0:39:16 дахь хэсэгт даргалагчаас хуралдаан түр завсарлана гэснээр шүүх хуралдааны хэлэлцүүлэг дууссан байна.
Тус өдрийн шүүх хуралдааныг шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2024/04840 дүгээр захирамжаар “хариуцагч Д.О-т хэргийн материал танилцуулах, шүүх хуралдаанд тайлбар гаргаж мэтгэлцэх эрхээр нь хангахаар ...” шүүх хуралдааныг хойшлуулсан, өөрөөр нэхэмжлэгчийг “хэл амаар доромжилсон” гэх зүйл байгаагүй, завсарлаж орж ирээд шүүх хуралдаанаас гарсан захирамжийн агуулгыг танилцуулсан байх тул “шүүх хуралдааны дэг зөрчиж, шүүхийн шийдвэрээ гаргаагүй” гэх өргөдөл үндэслэлгүй байна.
- 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан нь /дүрсгүй бичлэг/ :
Дууны /24.03.26 Ч.Х, Ц.Б нар.m4а нэртэй/ бичлэгт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг тайлбар хэлэх явцад 0:32:49 дэх хэсэг, 0:34:54 дэх хэсэгт нэхэмжлэгч яриаг нь таслан үг хэлэхэд даргалагчаас чимээгүй байхыг анхааруулсан,
0:47:42 дахь хэсэгт нэхэмжлэгч нь хариуцагчийн яриаг таслан үг хэлэхэд даргалагчаас чимээгүй байхыг анхааруулсан,
1:05:43, 1:06:16, 1:07:02, 1:07:15, 1:07:58, 1:10:42 дахь хэсэг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн яриаг таслан үг хэлэхэд даргалагчаас чимээгүй байхыг анхааруулсан,
1:12:10 дахь хэсэгт нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн яриаг таслан үг хэлэхэд даргалагчаас чимээгүй байхыг анхааруулав.
Даргалагч 1:14:28 минутад Ч.Х гуай бүдүүлэг үг хэрэглэхгүй гэж танд сануулж байна шүү гэсэн,
Даргалагч 1:26:37, 1:29:09 минутад нэхэмжлэгч нь хариуцагчийн яриаг тасалж үг хэлэхэд “та чимээгүй байгаач ээ, янз бүрийн үг хэлээд байх юм” гэж сануулсан болох нь тусгагджээ.
Шүүх хуралдааны дууны бичлэгээр шүүгч, нэхэмжлэгчийг хэл амаар доромжилсон гэх үйлдэл гаргаагүй, харин эсрэгээрээ нэхэмжлэгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг яриулахгүй, үгийг нь таслан, дундуур нь давхцаж ярих үйлдэл гаргасан, тухай бүр нь даргалагч сануулсан, дэг сахиулсан байх ба шүүх хуралдааны дэг сахиулж байгаа энэхүү үйлдлийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг өөрийн дотоод итгэлээр үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах, эсхүл зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, мөн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргах бүрэн эрхийг шүүгчид хуулиар олгосон.
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Ч.Х-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч иргэн Ц.Б, Д.О, “С” ХХК-д холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “… гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж зааснаар шийдвэрийн үндэслэлийг хянаж, үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Иймд, өргөдлийн “Б-тай тохиролцоо хийж, 2024 оны 03 дугаар сарын 26-нд шүүх хурлын шийдвэрийг нөгөө талд гаргасан...” гэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Түүнчлэн өргөдөлд, шүүгч нь “олон удаа туслах сольсон” талаар дурджээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.2 дахь заалтад “шүүхийн Тамгын газрын ажилтныг томилох, чөлөөлөх”, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн Тамгын газрын ажилтан нь шүүхийн захиргааны ажилтан байна” гэж зааснаар шүүхийн захиргааны ажилтныг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг шүүхийн тамгын газрын дарга хэрэгжүүлэхээр байх тул шүүгчийн туслах солигдох, өөрчлөгдөх зэрэг үйл ажиллагааг шүүгчид хамаатуулж буруутгах үндэслэлгүй.
Нэгтгэн дүгнэвэл, холбогдох шүүгч Г.А нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Шүүгч Г.А Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч Ч.Х-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК, Ц.Б, Д.О нарт холбогдох төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг М.М шүүгч 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн аваад, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 102/Ш32022/03088 дугаар шүүгчийн захирамжаар “Иргэний хэрэг” үүсгэж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/02344 дүгээр шийдвэрээр хэргийг шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2022/01683 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан хэрэг шүүгч Г.А надад 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуваарилагдан ирсэн.
Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Х-ийн шинжээч томилуулах хүсэлтийг ханган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шинжээчийн дүгнэлт ирснээр 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 102/Ш32024/03650 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг сэргээж, тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2024/01553 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2022/001130 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, “399 дүгээр зүйлийн 399.1” гэснийг “186 дугаар зүйлийн 186.1” гэж хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.
Шүүгч миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж нэхэмжлэгчийг хууль зүйн туслалцаа авах эрхээр нь хангаж, шүүх хуралдаан бүрт нэхэмжлэгч Ч.Х, өмгөөлөгч Б.Т, Б.Б нарын хамт оролцож байсан болно.
Гомдолд дурдсанаар шүүгч би Ц.Б гэх хүнийг танихгүй, хараагүй бөгөөд шүүх хуралдаанд нэг ч удаа оролцож байгаагүй ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Жавзмаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан.
Мөн нэхэмжлэгчийг хэл амаар доромжлох, бүдүүлэг үг хэллэг хэлэх, зүй бус харьцсан үйлдлийг гараагүй болох нь нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хурлын бичлэгээр нотлогдоно.
...Иймээс шүүгч миний бие ёс зүйн зөрчил гаргаагүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2024/01553 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Х-ийн хариуцагч Ц.Б, Д.О, “С” ХХК нарт холбогдуулан гаргасан “Төлбөр барагдуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2024/001130 дугаар магадлалаар шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Дээрх хэргийн нэхэмжлэгч Ч.Х нь ... анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.А-д /тухайн үед ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч байсан/ холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “...шийдвэрийг нөгөө талд гаргасан, хэл амаар доромжилсон, олон удаа шүүгчийн туслах солигдсон, шүүх хурлын дэгээ зөрчсөн” гэх агуулгаар тодорхойлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрхэн үнэлж, хэргийг шийдвэрлэх нь шүүгчийн бүрэн эрх, хараат бус байдалд хамаардаг тул шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрх Сахилгын хороонд хуулиар олгогдоогүй.
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч Ц.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагч Д.О-ыг оролцуулах хүсэлт гаргасны дагуу шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2024/04840 дүгээр захирамжаар “...хариуцагч Д.О-т хэргийн материал танилцуулах, шүүх хуралдаанд тайлбар гаргаж мэтгэлцэх эрхээр нь хангахаар ...” шүүх хуралдааныг хойшлуулсан шүүгчийн үйл ажиллагааг сахилгын зөрчилд тооцохгүй, энэ талаар илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Мөн сахилгын хэрэгт авагдсан 2024 оны 03 дугаар сарын 05, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээс үзэхэд шүүгч нь нэхэмжлэгчийг хэл амаар доромжилсон гэх үйлдэл тогтоогдоогүй, харин нэхэмжлэгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг тасалдуулах, дундуур нь давхцаж ярих зэргээр шүүх хуралдааны дэгийг зөрчиж байсан, тухай бүр нь шүүх хуралдаан даргалагч дэг сахихыг сануулж, анхааруулж байсан нь нотлогдсон.
Ийнхүү илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ГС/2025/0005 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.А-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН