
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-02-06
Дугаар 23
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмгөөлөгч Ч.Х нь ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч байсан, одоо ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч И.Г-д холбогдуулан гаргасан өргөдөлд холбогдох хууль, журмын дагуу илтгэгч гишүүн Д.Ариунтуяа хүлээн авч хянаад, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ГЗҮ/2024/0121 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ГС/2025/0003 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: “...Шалгах ажиллагааны хүрээнд цугларсан баримтуудаас үзвэл Нийслэлийн ... дүүргийн Прокурорын газраас 241002... дугаартай О.З-т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд Ерөнхий шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ЕШЗ/1067 дугаар захирамжаар тухайн эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч И.Г-г томилсон байна.
Шүүгч 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/1701 дүгээр захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 00 минутад явуулахаар тогтоож, шүүх хуралдааны тов мэдэгдэх үүргийг шүүгчийн туслах С.Е-д даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгчийн туслах 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүх хуралдааны товыг яллагдагчийн 8807... дугаар утсанд, хохирогчийн 9590... дугаар /холбогдох боломжгүй/ утсанд, орчуулагч, хэлмэрчийн 9688... дугаар утсанд мэдэгдсэн гэх баримтыг үйлдэн хэрэгт хавсаргасан байна.
Тухайн хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/696 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд нарийн бичгийн дарга “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэж шүүгчийн туслахтай холбогдоход шүүгчийн туслах хүсэлтээ бичгээр явуул гэсэн боловч ирүүлээгүй байна” гэж ирцийн байдлыг танилцуулсан.
Даргалагч шүүгчээс: “Оролцогч нарт шүүх хуралдааны ирцтэй холбогдуулан гаргах санал хүсэлт байгаа” эсэхийг тодруулахад
Улсын яллагч “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч хүсэлтээ бичгээр ирүүлээгүй учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн нь тусгагджээ.
Улмаар 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/696 дугаар шийтгэх тогтоолд “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд ...прокурор хэргийн хугацаа сунгасан хүсэлт шийдвэрлэж байгаа шүүхэд хэрэг шилжсэн гэж хэлээгүй гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд бичгээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлье гэж шүүгчийн туслахад мэдэгдсэн боловч бичгээр хүсэлт ирүүлээгүй байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу хохирогчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн” гэж тэмдэглэн шүүгдэгч О.З-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг хэрхэн мэдэгдсэн талаар шүүгчийн туслах С.Е-с гэрчийн мэдүүлэг авч тодруулахад “...Хохирогч нь гадаадын иргэн байсан. Утасны дугаар тэмдэглэгдсэн байхаар нь залгахад холбогдохгүй байсан. Тэгэхээр нь хууль ёсны төлөөлөгчийн орчуулагч руу холбогдсон. Орчуулагч нь өмгөөлөгч оролцох байх асуугаад хэлье гэсэн. Тэгээд хурлаас нэг хоногийн өмнө өмгөөлөгч орох юм байна шүү гэж мэдэгдсэний дагуу өмгөөлөгч рүү хурлын товыг мэдэгдсэн. Өмгөөлөгчтэй ярихад хэрэг шүүхэд шилжсэн гэдгийг мэдээгүй. Прокурор дээр гомдол хүсэлт гаргасан байгаа. Хэргийг шүүхээр шийдвэрлэх боломжгүй гэсэн. Би “та хуралдаанд оролцох боломжгүй бол албан ёсоор хүсэлтээ ирүүлээрэй” гээд шүүхийн албан ёсны мэйл хаягийг өмгөөлөгч рүү явуулсан. ...Өмгөөлөгч шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлээгүй. Би мэйлийг шалгасан. Өмгөөлөгч тухайн хуралдаанд оролцоогүй. Өмгөөлөгчийн прокурорт гаргасан хүсэлт, баримтууд хэрэг шийдэгдсэний дараа ирсэн. ...Би шинэ туслах байсан болохоор өмгөөлөгчийн гэрээг хараагүй. ...Өмгөөлөгч хүсэлт ирүүлэх талаар шүүгчид танилцуулсан. Шүүгч хүсэлт нь ирсэн бол аваад ир гэсэн. Гэтэл өмгөөлөгч хүсэлтээ ирүүлээгүй учраас яах аргагүй хуралдаан орсон. Би хурлын дараа өмгөөлөгчтэй яриад та хүсэлт ирүүлээгүй учраас шүүх хуралдаан үргэлжлүүлсэн талаар хэлсэн. Өмгөөлөгч тухайн үед өөрөө хурлын цагийг мэдэж байсан” гэх мэдүүлгийг өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж заасан.
Гэтэл шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Lee ... /Ли .../ болон түүний өмгөөлөгч Ч.Х нарт товыг хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй нь шүүгчийн туслахын гэрчээр өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Мөн шүүгчийн туслах нь хурал болохоос нэг хоногийн өмнө буюу 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өмгөөлөгч Ч.Х-т шүүх хуралдааны тов мэдэгдсэн гэх боловч энэ талаарх баримтаа эрүүгийн хэрэгт хавсаргаагүй байна.
Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар тогтоолоор баталсан Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 3.9.4-т “Шүүгчийн захирамжид заасан шүүх хуралдаанд оролцох талууд болон оролцогч, бусад оролцогч /цаашид “хуралдаанд оролцогч” гэх/-ийг шүүх хуралдаанд дуудан ирүүлэх арга хэмжээг шүүгчийн туслах гүйцэтгэнэ”, 3.9.6-т “хуралдааны товыг цахимаар болон гибрид шуудан, утас /албаны мессеж/, факсаар мэдэгдсэн бол Баримт №6-г үйлдэж, хэрэгт хавсаргана” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт “Шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд 89.3.7-д “шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох” гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалт, хэргийн хөдөлгөөний аргачлал зэргээс үзвэл талуудад шүүх хуралдааны тов мэдэгдэх, хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах нь шүүгчийн туслахын чиг үүрэгт хамаарахаар байх тул энэ үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.
Хэдийгээр шүүгчийн туслах хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас хохирогч тал шүүх хуралдаанд оролцох боломжгүй нөхцөл байдал бий болсон хэдий ч цаашид шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдаж явуулахдаа хурлын товыг талуудад мэдэгдсэн эсэх, хуралдааны бэлтгэл бүрэн хангагдсан зэрэгт хяналт тавьж, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдал үүсгэхгүй байхад анхаарч ажиллавал зохино.
Мөн өргөдөлд дурдагдсан “...хурал хойшлуулах тухай хүсэлтээ ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цахим хаягаар явуулаад, шүүгчийн туслах эмэгтэй рүү залгаж энэ тухайгаа хэлэхэд, “таны хүсэлт манайд ирээгүй учраас шүүх хуралдаан эхэлсэн байна, та гомдлоо давж заалдах шатны шүүхэд гаргаарай" гэж хэлж байсан” гэх үндэслэлээр ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн албаны ...eruushuukh@gmail.com цахим хаягт хийсэн үзлэгээр өмгөөлөгч Ч.Х-ын шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт шүүхэд ирээгүй болох нь тогтоогдсон.
Түүнчлэн ... эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ли ... болон өмгөөлөгч Ч.Х нараас шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч /өргөдөлд дурдсан үндэслэлээр/ давж заалдах гомдол гаргасныг шүүх хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ДШМ/1368 дугаар магадлалаар “...анхан шатны шүүх, хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч Ч.Х нарын хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна. ...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.7-д шүүгчийн туслах “шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2-1.8-д “шүүх хуралдааны бэлтгэлийг хэн, хэрхэн хангах тухай” заасан байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч нарыг “шүүхийн хэлэлцүүлэг, ...шүүх хуралдаад оролцох” эрхээр нь хангаагүй, мөн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэх боломжоор хангаагүйг ноцтой зөрчил” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
2. Өргөдөл гаргагч “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасан урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх нөхцөл шаардлага үүссэн нь /хохирогч тал хэрэг шүүхэд шилжсэн тухай огт мэдээгүй бөгөөд хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байгаа гэсэн ойлголтыг прокурорын хариу мэдэгдэх хуудаснаас авсан/ хэрэгт хавсаргагдсан гомдлуудаас илт харагдаж байхад “шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж болно” гэсэн хуулийн заалтыг үл хэрэгсэж, яллагдагчийг мөн адил яаравчлан шүүхэд шилжүүлсэн” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл өмгөөлөгч Ч.Х-с мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гомдлыг ... дүүргийн Прокурорын газар, Нийслэлийн Прокурорын газарт удаа дараа гаргасан байх ба тухайн гомдол болон прокурорын хариу мэдэгдэх хуудсыг Нийслэлийн Прокурорын газрын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1/5233 дугаар албан бичгээр ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн, шүүх уг гомдлыг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт хэрэгт авагдсан бол шүүгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар зохицуулжээ.
Гэтэл өмгөөлөгч Ч.Х-ын мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гаргасан гомдлууд нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд ирээгүй, тухайн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсний дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр холбогдох байгууллагаас гомдлыг шилжүүлэн ирүүлсэн, мөн талуудаас урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаагүй учир шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахгүй байж болно” гэж заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй нь хууль зөрчөөгүй.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байх тул шүүгчийг дээрх үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч И.Г-д холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Шүүгч И.Г тайлбартаа: “...дараах тайлбарыг гаргаж байна. Гомдолд
1. Эрүүгийн 24100... дугаартай хэргийг шүүхээр хянан хэлэлцэх хурлыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр товлосон тухай өмгөөлөгч надад оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчжээ гэж үзэх үндэслэг гэжээ. Шүүх хуралдааны бэлтгэл хангах ажлыг шүүгчийн туслах хариуцан хэрэгжүүлдэг. Энэ талаар туслах тайлбар авч тодруулна уу. О.З-т холбогдох хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Давж заалдах шатны журмаар гомдол гаргаж хүргэгдсэн тул баримт хавсаргах боломжгүй байна.
2. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ли ... нь Монгол улсад байнга оршин суух визгүй бөгөөд өнөөдрийн байдлаар эх орон руугаа буцсан, түүнтэй холбоо тогтоох боломжгүй байна. Тэрээр энэ хэргийн шүүх хуралдаанд биечлэн оролцоно гэдгээ өмгөөлөгчдөө илэрхийлж байсан болно гэсэн гомдлын хувьд шүүгчийн туслахаас тодруулж асуухад хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн биеийн байцаалт дээр авагдсан 9590... дугаар руу тов мэдэгдэхээр залгахад холбогдох боломжгүй байсан тул 9688... дугаартай орчуулагчтай нь холбоо барихад өмгөөлөгчид нь мэдэгдээд хариу хэлнэ гэсэн боловч 09 дүгээр сарын 30-ны өдөр өмгөөлөгч нь оролцохын байна шүү гэж мэдэгдсэн учир 09 дүгээр сарын 30-ны өдөр өмгөөлөгчтэй нь холбогдож тов мэдэгдсэн байсан. Өмгөөлөгч Ч.Х нь шүүхэд шилжсэн талаар прокурор мэдэгдээгүй, миний гомдлыг шийдвэрлээгүй тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй хойшлуулж өгнө үү гэж туслахад мэдэгдсэн ба бичгээр хүсэлтээ ирүүлнэ үү гэж шүүхийн албан ёсны ...eruushuukh@gmail.com хаягаар ирүүлэхийг 09 дүгээр сарын 30-ны өдөр хэлсэн боловч ирүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна” гэж зохицуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүхэд тус асуудлаар хүсэлт гаргаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материал танилцуулахад гаргасан санал хүсэлт дээр дурдагдаагүй байсан тул шүүх хуралдааныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн. /шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан/
3. Энэ хэрэгт гаргасан миний гомдлыг ... дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Х хүлээн авахаас татгалзсан тухай хариу мэдэгдэх хуудас ирүүлсэн ба энэ мэдэгдэлд хэргийг шүүх рүү шилжүүлсэн тухай огт дурдагдаагүй байсан тул уг шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.А-д хандаж гомдол гаргасан юм. Гомдлын хариу гарсан эсэх талаар Нийслэлийн Прокурорын газрын хүсэлт гомдол хүлээн авах ажилтантай 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр биечлэн уулзаж тодруулахад таны гаргасан гомдлын хугацааг сунгасан байна гэсэн хариу өгдөг. Өөрөөр хэлбэл уг хариуг сонсоод хэрэг Нийслэлийн Прокурорын газарт татагдан хянагдаж байна гэдэг ойлголт би авсан асуудлын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” явагдсан. Хэрэгт гомдол мэдээллийн талаарх баримт хавсаргагдаагүй надад танилцуулаагүй, туслахад бүртгэгдээгүй болно. Хэргийг шүүхээр хянан хэлэлцэж шийтгэх тогтоол гарсны дараа тус гомдолтой холбоотой ажиллагааг Нийслэлийн прокурорын газраас албан тоотоор ирүүлсэн байсан.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, хохирогч, эсхүл тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэх үүргийг хүлээдэг.
Шүүгч миний бие хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.11.2-т зааснаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг оруулж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өмгөөлөгч Ч.Х “шүүгч И.Г хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хуульд заасан эрхийг зөрчиж, гэм буруугийн шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр шүүхийн шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.”гэж заасныг зөрчсөн; мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д заасны дагуу шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж болох байтал энэ хуулийн заалтыг үл хэрэглэж, гэм буруугийн шүүх хуралдааныг явуулж, шүүгдэгч О.З-т давуу байдал олгосон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан хориглосон зөрчил гаргасан” гэх агуулгаар өргөдөл гаргажээ. /с.х-ийн 1-5 тал/
Илтгэгч гишүүн саналдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 53 дугаар тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.9.4-т, 3.9.6-д зааснаас үзвэл талуудад шүүх хуралдааны тов мэдэгдэх, хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах нь шүүгчийн туслахын чиг үүрэгт хамаарахаар байх тул энэ үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй...; ...өмгөөлөгч Ч.Х-ын мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гаргасан гомдлууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирээгүй, ...мөн талуудаас урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаагүй учир шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй нь хууль зөрчөөгүй. Энэ нь мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй” гэж дүгнэжээ. /с.х-ийн 107-117 тал/
Сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүн илтгэгч гишүүний санал нь үндэслэл бүхий холбогдох хуульд нийцсэн байна гэж үзлээ. Тодруулбал:
1. Шүүх хуралдааны тов мэдэгдэлгүй, гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарыг оролцуулалгүй гэх тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд прокурорын 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 533 дугаар яллах дүгнэлттэй, яллагдагч О.З-т холбогдох эрүүгийн 241002... дугаартай хэргийг шүүхэд 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлж, Ерөнхий шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ЕШЗ/1067 дугаар захирамжаар шүүх хуралдааны даргалагч шүүгчээр И.Г-г томилсон шийдвэрийг албажуулсан байна. /с.х-ийн 40 тал/
Шүүгч И.Г-ын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/1701 дүгээр захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэн, уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 00 минутад товложээ. /с.х-ийн 41 тал/
Уг захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 5 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэрт дараах асуудлыг тусгана”, 1.8 дахь заалтад “шүүх хуралдааныг бэлтгэлийг хэн, хэрхэн хангах тухай” гэж зааснаар шүүгчийн туслах С.Е-д шүүх хуралдааны товыг оролцогч нарт мэдэгдэхийг даалгасан байна.
Илтгэгч гишүүн нь шалгах ажиллагааны явцад дээрх эрүүгийн хэрэгт үзлэг хийн, шаардлагатай баримтуудыг хуулбарлан авсан байх бөгөөд тухайн баримтуудаас үзэхэд товлогдсон шүүх хуралдааны товыг шүүгч И.Г-ын туслах С.Е нь 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, орчуулагч нар луу утсаар залгахад, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн утас холбогдох боломжгүй байсныг болон шүүгдэгч “ойлголоо”, орчуулагч “ойлголоо, хэлье” гэж хэлснийг “Хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэж, танилцуулсан тухай” Баримт №11-д тэмдэглэсэн байна. /с.х-ийн 42 тал/
Мөн шалгах ажиллагааны явцад дээрх шүүгчийн туслахаас гэрчийн мэдүүлэг авахад тэрээр “хохирогч гадаадын иргэн байсан. Утасны дугаар тэмдэглэгдсэн байхаар нь залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь хууль ёсны төлөөлөгчийн орчуулагч руу холбогдсон. Орчуулагч нь өмгөөлөгч оролцох байх асуугаад хэлье гэсэн. Тэгээд хурлаас 1 хоногийн өмнө өмгөөлөгч орох юм байна шүү гэж мэдэгдсэний дагуу өмгөөлөгч рүү хурлын товыг мэдэгдсэн. Өмгөөлөгчтэй ярихад хэрэг шүүхэд шилжсэн гэдгийг мэдээгүй. Прокурор дээр гомдол хүсэлт гаргасан байгаа. Хэргийг шүүхээр шийдвэрлэх боломжгүй гэсэн. Би “та хуралдаанд оролцох боломжгүй бол албан ёсоор хүсэлтээ ирүүлээрэй” гээд шүүхийн албаны мэйл хаягийг өмгөөлөгч рүү явуулсан”, “орчуулагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тэмдэглэл үйлдсэн юм байхгүй. Орчуулагч руу нь 2 удаа ярьсан”, “өмгөөлөгчид хурлын өмнөх өдөр мэдэгдсэн. Хууль ёсны төлөөлөгч гадаадын иргэн учраас орчуулагчид нь мэдэгдсэн”, “өмгөөлөгч шүүх хурал хойшлуулах хүсэлт ирүүлээгүй. Би мэйлийг шалгасан...”, “би шинэ туслах байсан болохоор өмгөөлөгчийн гэрээг хараагүй. Хуралдаан эхлэхийн өмнө өмгөөлөгч рүү залгасан”, “өмгөөлөгч хүсэлт ирүүлэх талаар шүүгчид танилцуулсан. Шүүгч хүсэлт нь ирсэн бол аваад ир гэтэл хүсэлтээ ирүүлээгүй учраас яах аргагүй хуралдаан орсон. Би хурлын дараа өмгөөлөгчтэй яриад та хүсэлт ирүүлээгүй учраас шүүх хуралдаан үргэлжлүүлсэн талаар хэлсэн. Өмгөөлөгч тухайн үед өөрөө хурлын цагийг мэдэж байсан. Би энэ хуралд орох боломжгүй гээд хэлж байсан” гэх мэдүүлэг өгсөн байна. Шүүгчийн туслах С.Е-ийн мэдүүлэг, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаас үзэхэд хохирогч БНСУ-ын иргэн Ли ... талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Ли ..., түүний өмгөөлөгч Ч.Х нарт хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй болох нь тогтоогдож байна. /с.х-ийн 42, 79-82 тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.15-д зааснаас үзэхэд орчуулагч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, монгол хэл, бичиг мэдэхгүй хүнд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичгээс монгол хэл, бичиг рүү, эсхүл монгол хэл, бичгээс түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг рүү бичгээр орчуулж өгөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч юм.
Гэтэл шүүгчийн туслах нь хэргийн бусад оролцогч болох орчуулагчаар дамжуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэх ажиллагаа хийсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт “Шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 89.3.7 дох заалтад “шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох” гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Өмгөөлөгч нь шүүх, прокурор, мөрдөгчийн товлосон хугацаанд хүрэлцэн ирж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй бол энэ тухай урьдчилж мэдэгдэнэ” гэж заасан.
Шүүгчийн туслах нь мөн хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуульд заасан хугацааг баримтлаагүй боловч товлогдсон шүүх хуралдаанаас өмнө өмгөөлөгч Ч.Х-тай утсаар холбогдож товыг мэдэгдсэн болох нь өргөдөл гаргагч өмгөөлөгч Ч.Х-ын өргөдөл болон шүүгчийн туслах С.Е-ийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Өмгөөлөгч Ч.Х нь шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ тус шүүхэд хүргүүлэх боломжтой байсан боловч уг хүсэлтээ гаргаагүй болох нь илтгэгч гишүүний “шүүхийн ...eruushuukh@gmail.com цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл” болон “шүүхийн гомдол, эсэргүүцэл, өргөдөл, хүсэлт хүлээн авсан бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл”-ээр тус тус тогтоогдож байна. /с.х-ийн 83-91 тал/
Улмаар 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар улсын яллагчийн “шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал”-ыг үндэслэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарыг байлцуулахгүйгээр хэргийг хэлэлцэн, мөн өдрийн 2024/ШЦТ/696 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.З-г гэм буруутайд тооцож, 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ. /с.х-ийн 62-68 тал/
Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ДШМ/1368 дугаар магадлалаар “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарыг шүүхийн хэлэлцүүлэг, ...шүүх хуралдаанд оролцох” эрхээр нь хангаагүй, мөн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэх боломжоор хангаагүй...” гэж үзэн буюу дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 97-104 тал/
Хэдийгээр шүүгчийн туслах шүүгчийн шууд удирдлага дор ажиллаж, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй байх боловч тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 53 дугаар тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.9.4-т “шүүгчийн захирамжид заасан шүүх хуралдаанд оролцох талууд болон оролцогч, бусад оролцогчийг шүүх хуралдаанд дуудан ирүүлэх арга хэмжээг шүүгчийн туслах гүйцэтгэнэ” гэж зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх, бэлтгэх ажлыг зохион байгуулах нь шүүгчийн туслахын үүрэг тул “шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй” гэж үзсэн илтгэгч гишүүний саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Түүнчлэн илтгэгч гишүүний саналдаа дурдсан “...цаашид шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдаж явуулахдаа хурлын товыг талуудад мэдэгдсэн эсэх, хуралдааны бэлтгэл бүрэн хангагдсан эсэх зэрэгт хяналт тавьж, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдал үүсгэхгүй байхад анхаарч ажиллавал зохино” гэснийг зориуд тэмдэглэх нь зүйтэй.
2. Шүүгч санаачилгаараа урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй гэх тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд О.З-т холбогдох эрүүгийн 241002... дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хэргийг шийдвэрлэсний дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Х-ын гомдлууд, тэдгээрт хариу өгсөн албан бичгүүдийг шүүх хүлээн авчээ. Тодруулбал,
Өмгөөлөгч Ч.Х-ын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ... дүүргийн Прокурорын газарт гаргасан гомдол, уг гомдолд хариу өгсөн тус газрын 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1/1098 дугаар хариу мэдэгдэх хуудас, өмгөөлөгч Ч.Х-ын 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ... дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурорт гаргасан гомдол, уг гомдолд хариу өгсөн тус газрын 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1/1372 дугаар хариу мэдэгдэх хуудас, өмгөөлөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурорт гаргасан гомдол, уг гомдолд хариу өгсөн тус газрын 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1/2900 дүгээр хариу мэдэгдэх хуудсыг тус тус хавсарган Нийслэлийн Прокурорын газрын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1/5233 дугаар албан бичгээр шүүхэд хүргүүлжээ. /с.х-ийн 43-56 тал/
Шүүх Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 1/5233 дугаар албан бичгээр ирүүлсэн дээрх баримтуудыг хэргийг шийдвэрлэсний дараагийн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан болох нь шүүхийн дардас болон ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Ирсэн баримт бичгийн бүртгэл”-ийн дэвтрээр тогтоогдож байна. /с.х-ийн 44, 92-94 тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаар шүүгч прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар байх бөгөөд шүүгч хэргийг хүлээн авснаас хойш шүүх хуралдаанаар хянан хэлэлцэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Х-ын гомдлуудыг шүүх хүлээн аваагүй, эрүүгийн хавтаст хэрэгт авагдаагүй байсан тул шүүгчийг өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй гэж буруутгах боломжгүй гэж үзсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч И.Г-г өргөдөлд дурдагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэх үйл баримт сахилгын хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдоогүй тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ГС/2025/0003 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч И.Г-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Г.ЦАГААНЦООЖ