info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-01-21

Дугаар 14

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга А.Намуундарь нарыг оролцуулан, ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э-т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ГС/2024/0124 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өргөдөл гаргагч Б.Н сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэт нэг талыг барьж явуулан, тухайн хэргийн талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг илэрхийлж, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй тус шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаж байсан А.М болон гуравдагч этгээдэд давуу байдал бий болгоход шүүгчийн албан тушаал, эрх нөлөөгөө зүй бусаар ашиглаж байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, 50.1.28 дахь заалтуудыг тус тус зөрчиж буй шүүгчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг шалгуулахаар энэхүү мэдээллийг хүргүүлж байна. Үүнд:

Б.Н миний бие “Э” ХХК-ийг төлөөлөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын орц гарц хааж, цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын бүс, авто замын зурвас газарт хууль зөрчиж “Е о” ХХК-д газар олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг ... хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан ба 128/НЭ2023/1353 дугаар индекс бүхий уг хэрэг тус шүүхийн шүүгч Д.Э-т хуваарилагдсан.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргах эрхтэй болохоо нотолж нэхэмжлэлдээ өөрийн газрын гэрчилгээ, гэрээ, газар дээр хэрэгжүүлэх төслийн баримт бичиг, барилгын ажлын зөвшөөрөл бусад холбогдох баримтуудыг хавсарган өгсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “Е о” ХХК-д газар олгосон хувийн хэргийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан.

Гэтэл шүүгч Д.Э нь уг хэргийг хянан шийдвэрлэж, шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг илэрхийлж, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Нотлох баримт гаргах тухай” албан бичгээр “ ... нэхэмжлэгч “Э” ХХК нь уг ашиглах газартаа дээрх төслийг 9 жилийн дараа эхлүүлэх болсон шалтгаан нөхцөл, түүний газар ашиглах гэрээг 8 жилийн дараа сунгасан үндэслэлийн талаар болон одоо тус компани газар ашиглах эрх нь хадгалагдаж байгаа эсэх талаар тайлбар гаргаж, холбогдох нотлох баримтыг; ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2014 онд анх “Э” ХХК-д дээрх газрыг ашиглуулахдаа гаргасан шийдвэрийг хуулбарлан ирүүлэх ...” гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй, нэхэмжлэгчийн эрх бүхий байдлаа нотолж шүүхэд өгсөн “Э” ХХК-ийн газрын хувийн хэргийн баримтуудад дүгнэлт хийн, нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосныг буруутгасан хувийн байр сууриа илэрхийлж, түүндээ тайлбар ирүүлэхийг хариуцагч талаас шаардсан.

“Е о” ХХК-ийн газрын хувийн хэргийг хариуцагчаас гаргуулахад илт хойрго хандаж, нэхэмжлэгчээс 2023 оны 12 дугаар сарын 11, 12-ны өдөр нэмж гаргасан хариуцагчийн архивд үзлэг хийлгэх, “Е о” ХХК-д газар олгосон захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй хойшлуулж, өнөөдрийг хүртэлх 4 сарын хугацаанд эс үйлдэхүй гарган хэргийн оролцогч талуудад илт ялгавартай хандаж, хэргийн нэг талд үйлчилсэн.

Түүнчлэн тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй “Е о” ХХК-иас гаргасан “тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагын боловсруулж, эрх бүхий байгууллагын баталсан загвар зургийг хүчингүй болгох” бие даасан шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үйл баримтад огт хамааралгүй байхад хүлээн авч тухайн хэрэгт хариуцагчаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг нэмж татсан зэрэг шүүгчийн албан тушаал, эрх нөлөөгөө ашиглан хариуцагч талд давуу байдал олгосон удаа дараагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр тухайн шүүгч нь хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж, шүүхэд итгэх итгэлийг алдагдуулж байна.

Ийнхүү ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хугацааг хэтрүүлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хувийн ашиг сонирхолтой байж болзошгүй А.М оролцож байхад татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй, хариуцагч талд илт давуу байдлыг олгож байгаа шүүгч Д.Э-ийн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, 50.1.28 дахь заалтуудыг зөрчсөн дээрх хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг холбогдох хуулийн дагуу шалган, шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Өргөдөл гаргагч Б.Н сахилгын хороонд нэмж ирүүлсэн мэдээлэлдээ: “...... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э нь “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргээс өмнө миний төлөөлүүлэгч болох Д.Э-ийн гуравдагч этгээдээр оролцож буй “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг дээр мөн адил хувийн сонирхлоор хандан, шүүгчийн албан тушаал, эрх нөлөөгөө ашиглаж хэргийг нөгөө талд давуу байдал олгон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны дагуу явуулахгүй, хэрэгт хамааралгүй нотлох баримтыг цуглуулж, хэргийг санаатайгаар удаашруулж байгаа нь Д.Э шүүгчийг шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхдээ шударгаар шүүх эсэх дээр бодит эргэлзээ төрж байна.Тодруулбал:

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд 1990-ээд оноос эхлэн амьдарсан нэр бүхий иргэдийн 3 нэгж талбарын өмчлөлийн газрыг төлөөлүүлэгч болох иргэн Д.Э нь шилжүүлэн авч, барилга барих явцад замын урд талд нь байрлах “Б” ХХК үндэслэлгүйгээр 500 сая төгрөг нэхсэнийг өгөхгүй гэснээс “Б” ХХК нь барилгыг бариулахгүй гэж янз бүрээр саад хийж, 2023 оны 07 сард өөрийн хашаанд орж ирсэн үерийг Д.Э-ийн барилгын талбай руу юүлсэн. Үүний улмаас Нийслэлийн Засаг даргатай үл ойлголцол үүсэж, Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар Д.Э-гаас тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Д.Э шүүгчид хуваарилагдсан байх ба Нийслэлийн Засаг дарга захирамжаа хүчингүй болгохоор талууд эвлэрч, шүүхээс эвлэрлийг баталгаажуулсан байна.

Гэтэл үүнтэй зэрэгцэн “Б” ХХК-иас иргэн Д.Э-ийн барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар мөн л Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлд Д.Э шүүгч захиргааны хэрэг үүсгэсэн байсан бөгөөд тус хэрэгт хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газраас “нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” талаар хариу тайлбар өгсөн байх боловч бүрдүүлбэр хангуулах талаар Д.Э шүүгчээс огт ажиллагаа хийхгүй эс үйлдэхүй гарган, харин гуравдагч этгээд иргэн Д.Э-г буруутгах утга агуулга бүхий тайлбар ирүүлэхийг төрийн байгууллагаас шаардах, хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй газрын өмнөх өмчлөгч нарын талаар нотлох баримтыг цуглуулах, газар дээр үзлэг хийхдээ нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х-д тухайлан хандаж “танайх энэ талаар нотлох баримт ирүүлэх нь байна шүү, анхаараарай” гэхчлэн дотночилж харьцах зэргээр нэхэмжлэгч талд илэрхий үйлчилж, давуу байдал олгосон, хувийн харилцаатай байж болзошгүй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан байна.

Энэ бүхэн нь шүүгч Д.Э болон Төв аймгийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Б.Х нар олон жил хамтран хэрэг маргаанд хууль зүйн туслалцаа үзүүлж байсны нэг нь “Б” ХХК болон “С б” ХХК-ийн эзэн Г.Б-той хувийн ашиг сонирхлын хамааралтай талууд байсантай холбоотой байж болзошгүй байна.

Гэтэл Д.Э шүүгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т заасан ашиг сонирхлын зөрчил бүхий энэхүү нөхцөл байдлыг хэргийн оролцогчид мэдэгдээгүй, уг хэргээс татгалзан гарах үүргээ биелүүлээгүй, хэрэгт хувийн сонирхлоор хандаж буй байдал нь иргэн Д.Э-гийн гуравдагч этгээдээр оролцсон “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг, мөн “Э” ХХК-ийн нэхэмжлэл дахин дахин Д.Э шүүгчид хуваарилагдсанд үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж, үүний ард иргэн Д.Э-ийн шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах биш эсрэгээрээ чирэгдүүлж, цаг хугацаа, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсоор, шүүхийн шударга, хараат бус байдал, шүүхэд итгэх итгэл алдагдаж байна.

Түүнчлэн, олон нийтийн сошиал сувагт сэтгүүлч ... Facebook хаягт нийтлэгдсэн “Д.Э ШҮҮГЧТЭЙ УУЛЗСАН МИНЬ” нийтлэлийг уншаад уг шүүгч нь шүүн таслах ажиллагааг хараат бусаар шударгаар шүүх, ёс зүйтэй шүүгч гэдэгт бодитоор эргэлзэж байна. Түүний нийтлэлээс хэсэгчлэн дурдвал:

... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ... надтай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр Б.М-ийн талд шийдвэрээ гаргасандаа бантсан уу, санаа зовсон уу, хэн нэгэн шахсан уу бүү мэд. Ямартай ч өөрийнхөө гаргасан шийдвэрээ надад тайлбарлаж өгөх гэж л дуудсан юм билээ. “БЕГ-ынхан алдаагаа хүлээн зөвшөөрөөд байхад нь та нар үгүй ээ гээд зөрж шийдвэрлээд байгаад нь би маш их гайхаж байна?” гэж асуулаа. Энэ асуултыг сонсоод Д.Э шүүгч бүр ч их сандарсан. Бүр хоолой нь чичрээд эхэлсэн. Тэгснээ “Наадах чинь юу байхгүй юу. Нэхэмжлэгч хариуцагчтай хуйвалдах боломжтой. Тийм тохиолдол зөндөө байдаг” гэх.

Дээр дурдсанчлан, шүүгч Д.Э нь үнэхээр өөрийн гаргасан шийдвэрийг сэтгүүлчийг дуудаж тайлбарлан, олон нийтийн сувагт ийнхүү бичүүлж, ард иргэдэд шүүгч өөрөө шүүн таслах ажиллагааг хэн нэгний нөлөөгүй, шударгаар хэрэгжүүлэх боломжгүй итгэл үнэмшил төрүүлж байгаа нь шүүгчийн хувьд ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.

Иймд, иргэн Д.Э-тай хамаарал бүхий хуулийн этгээдтэй холбоотой бүхий л нэхэмжлэл, хэргүүдэд хувийн ашиг сонирхлоор хандаж, нөгөө талд илт давуу байдлыг олгож байх магадлалтай шүүгч Д.Э-ийн ёс зүйгүй үйлдэл болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.1, 50.1.28 дахь заалтуудыг зөрчсөн дээрх хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг холбогдох хуулийн дагуу шалган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгч Д.Э Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “ ...“Шүүх нотлох” зарчим буюу “мөрдөн шалгах” зарчмын хүрээнд захиргааны хэргийн шүүх нь “нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй юу”, “нэхэмжлэгчид хууль ёсны хамгаалуулах эрх байгаа юу” гэдгийг шалгаж тогтоох үүрэг нь шүүгчид байдаг. Энэ зарчмын дагуу “Э” ХХК-ийн ашиглах газар нь өөрөө хүчин төгөлдөр үү, хууль ёсоор үүссэн үү зэргийг шүүгч шалгах үүрэгтэй, энэ нь бүх хэрэг дээр явагддаг боловч хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж өөр өөр байдаг.

Тухайлбал, нэхэмжлэл гаргасан “Э” ХХК нь “миний 2009 оноос үүссэн эзэмших эрхийг хууль бусаар цуцаллаа” гэсэн нэхэмжлэл гаргасан бол шүүгч нь нэхэмжлэгч уг газар эзэмших эрхийг хуулийн дагуу олж авсан уу, газар эзэмших хүсэлтээ гаргаж байсан уу, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулсан уу, гэрээ байгуулсан уу, гэрчилгээ авсан уу, эдгээр нь хүчин төгөлдөр үү зэргийг мөрдөн шалгах ажиллагааны зарчмаар нотлох баримт цуглуулж шалгадаг. “Э” ХХК-ийн хувьд газар ашиглах эрхээ 2008 оноос үүссэн гэж тайлбарласан ба газар дээрээ 2023 онд төсөл эхлэх гэтэл манай газрын орц, гарцыг хааж нэр бүхий этгээдэд олгосон, гарцгүй болгосон” гэх нэхэмжлэлийг гаргасан. Ийнхүү 2008-2023 оны хооронд 15 жил газраа зориулалтаар нь ашиглаагүй гэдгээ өөрөө нэхэмжлэлдээ тайлбарласан байсан бөгөөд өнгөрсөн онд Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд нь газраа зориулалтаар нь ашиглаагүй гэх үндэслэлээр 180 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байсан тул уг шийдвэрээр газар ашиглах эрх нь цуцлагдсан байх боломжтой гэж үзээд үүнийг шалгахаар шийдвэрлэсэн.

Үүнийг заавал шалгах нь яагаад шүүгчийн үүрэг байдаг вэ гэвэл, учир нь газар ашиглах эрх нь дуусгавар болчихсон этгээдийн уг үйл баримтыг шүүх шалгаж тогтоохгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэвэл эрх зүйн том зөрчил болох бөгөөд шүүгч хайхрамжгүй хандсанаас үүдэн газар ашиглах эрхгүй этгээдийг “газар ашиглах эрхтэй” гэж дүгнэж нэхэмжлэлийг хангавал шүүгчийн шүүн таслах ажиллагааны ноцтой алдаанд ордог.

... Шүүгч нотлох баримтыг хэрхэн яаж цуглуулах, үнэлэх нь шүүгчийн дотоод итгэл гэх хэн ч халдах эрхгүй үйл баримтаар явагддаг байхад Шүүхийн сахилгын хороо нь энэ үндэслэлээр шүүгч надад сахилгын хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байна.

...“Е о” ХХК-ийн газрын хувийн хэргийг гаргуулахдаа хойрго хандсан, актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй нэг талд үйлчилсэн гэжээ. Шүүгч би “Э” ХХК-ийн нэхэмжлэлээр 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг шүүхэд дуудсан ба хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөө 12 дугаар сарын 06-ны өдөр томилж ирүүлэн бичгээр тайлбараа гаргаснаар шүүх нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулж эхэлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт” гаргасан байна.

Шүүгч би 2023 оны 12 сарын 16-ны өдрөөс цөсний хурц өрөвсөл, элэгний хөөлт, хаван үүссэн оноштойгоор Клиникийн нэгдсэн ... дугаар эмнэлэгт хэвтэж, цөсний чулуу авхуулах хагалгаанд орж, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл өвчний чөлөөтэй байсан ба ажилдаа ирмэгцээ буюу 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гуравдагч этгээдээр “Е о” ХХК-ийг татаж, шүүхэд ирүүлэхээр дуудахад тус компанийн захирал П.А гадагшаа явсан, 2 сард Монгол Улсад ирнэ гэх тайлбар өгч шүүхэд ирээгүй учраас түүнийг хүлээхээс өөр хууль зүйн гаргалаа шүүхэд байхгүй байсан.

Ингээд “Е о” ХХК-ийн захирал нь 2024 оны 02 дугаар сарын 08-нд шүүхэд ирсэн ба өмгөөлөгч авах хүсэлт гаргасан, хүсэлт хэлэлцэх зорилгоор хуралдааныг товлоход өмгөөлөгч байхгүй өмгөөлөгч авах зэрэг хүсэлтүүдийг гаргасан, 03 сарын 04-ний өдрийн хурал хариуцагчийн хүсэлтээр хойшилж байсан.

“Э” ХХК нь “Е о” ХХК-д эерэг нөлөөлөл үүсгэсэн захиргааны актын үйлчлэлийг зогсоох үр дагавар бүхий шийдвэрийг шүүхээр гаргуулахаар шаардсан учраас уг асуудлыг шүүх шийдвэрлэхдээ заавал “Е о” ХХК-ийг оролцуулах үүрэгтэй байсан учраас нэхэмжлэгчийн хүсэлтийг ийнхүү нэн даруй шийдвэрлэх боломжгүй, ийм эрх шүүхэд байгаагүй болно.

Учир нь “маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэх хүсэлт”-ийг хэргийн оролцогч болох хариуцагч болон гуравдагч этгээдийн хэн нэгнийг байлцуулахгүйгээр, үүний дотор актын биелэлтийг түдгэлзүүлэх үндэслэлтэй эсэх талаар хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарыг сонсох, холбогдох нотлох баримтыг гаргах эрхийг хангах, мэтгэлцэх, зарчмыг хангахгүйгээр шийдвэрлэсэн тохиолдолд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болох бөгөөд ийм байдлаар асуудлыг шийдвэрлэвэл шүүгч өрөө нэг талыг барьсан гэх асуудалд хүрэх болно.

Эдгээр өмгөөлөгч авах, хурлыг хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлуулах, тэр бүү хэл аль нэг талыг заавал байлцуулах шаардлагатай гэж үзээд хүсэлт хэлэлцэх, эсхүл шүүх хуралдааныг хойшлуулах эрх хэмжээ нь шүүгчээс хуулийн хүрээнд гаргадаг эрх хэмжээ ба гагцхүү шүүгчид хадгалагддаг байхад Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн шүүн таслах ажиллагаанд холбогдуулан сахилгын хэрэг үүсгэсэн нь хууль бус байна.

Гомдол гаргагч нь шүүгчийг “Б” ХХК-аас гаргасан нэхэмжлэлээр хэрэг үүсгэсэн гэжээ. Тэгээд шүүгчийг нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангуулаагүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй, хэрэгт ач холбогдолгүй, газрын өмнөх өмчлөгчийн нарын талаар нотлох баримт цуглуулсан гэж буруутгасныг Шүүхийн сахилгын хороо хүлээн авч сахилгын хэрэг үүсгэсэн нь хууль бус мөн л шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хамааралтай, шүүгчийн бүрэн эрхэд халдсан асуудал байна. Шүүгч намайг н.Энхтуяаг буруутгах агуулга бүхий тайлбар ирүүлэхийг шаардсан гэдэгт дээр дурдсан үндэслэлүүдийг гаргаж тайлбар өгсөн.

Гомдол гаргагч нь “шүүгч нэхэмжлэгчийн өмгөөлөгч н.Х-д “тусгайлан хандаж” манайд энэ талаар нотлох баримт ирүүлэх нь байна шүү анхаараарай” гэсэн нь шууд шүүгчийг гүтгэсэн агуулгатай байна.

Учир нь шүүгч би үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрч, нэхэмжлэгч болон н.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н-ийг байлцуулж хийсэн бөгөөд үзлэгийг Х.Н-ийн хажууд явуулсан байхад яаж н.Х гэгчид “тусгайлан хандсан” байх билээ. Мөн шүүгчийн үзлэгийн явцад талууд зэрэгцэн зогсоод хоорондоо уур уцаартайгаар болсон явдлаа үгүйсгэж, үйл баримтыг шүүгчид тайлбарлах гэж оролдсон учраас шүүгч “хэрүүлээ боль” гэж шаардаж, ярьж байгаа юмаа нотлох баримтаар шүүхэд өг гэж хэлсэн нь ганц н.Х гэгчид хандаагүй, Х.Н- ч хандсан байхад илт үндэслэлгүйгээр гүтгэлэг явуулж байна.

Хэрэв шүүгч би тухайн үед Х.Н-д ийм сэтгэгдэл төрүүлсэн гэж үзэж байгаа бол тэрээр шүүхийн үзлэгийн үеэр хөндлөнгийн гэрч, шүүгчийн туслах, хэргийн оролцогч нарыг байхад энэ талаар шаардах ёстой байсан ба ийн шаардаагүй нь ийм үйл баримт тухайн үед үүсээгүй гэдгийг нотолж байгаа явдал юм.

Шүүгч миний удирдан явуулсан “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, гуравдагч этгээдээр энэхүү н.Э гэгч оролцсон захиргааны хэргийг хянан шалгах явцад “Б” ХХК-аас надад холбогдуулан н.Э-ийн талд үйлчилсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан гэх гомдлыг Шүүхийн сахилгын хороонд гаргасан бөгөөд тус хорооноос шалгаад сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан байхад н.Э, Б.Н нарын гүтгэлгийн шинжтэй бөгөөд шүүх таслах ажиллагаатай холбоотой гомдлоор “Б” ХХК-ийн хэргийн үйл баримтыг дахин шалгаж байгаа нь “шалгаж шийдвэрлэсэн асуудлаар дахин шалгахгүй байх” эрх зүйн зарчимд нийцэхгүй.

Шүүгчийг ийнхүү “Б” ХХК нь н.Э-ийн талд үйлчилсэн гэж, н.Э нь ”Б” ХХК-д үйлчилсэн гэж байгаа үйл баримтыг яагаад анхаарахгүй, зориуд шалгасан асуудлаар дахин шалгалт явуулж байгаад хариулт авмаар байна.

...Х.Н, н.Э нар нь шүүгч намайг “шүүн таслах ажиллагаа явуулсны төлөө” мөрдөн мөшгөж, хэнтэй найз, хэнтэй утсаар ярьдаг зэргээр хувийн нууцад хамаарах мэдээллийг олж цуглуулсан, үүнийгээ мэдээлэл болгож Шүүхийн сахилгын хороонд гаргаж байхад Сахилгын хороо уг мэдээллийн эх сурвалжийг нь олж шалгахгүй, намайг давхар мөрдөж мөшгөж байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйлд “хэний ч хувийн болон ... хөндлөнгөөс оролцох, ... захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж, Эрүүгийн хуулийн Хууль бусаар мөрдөж мөшгөх нэртэй 3.12 дугаар зүйлийн 1-т “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгөсөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн Хүний халдашгүй байх эрхийг хангах нэртэй 1.8 дугаар зүйлийн 1-д “Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч .... мөрдөн мөшгөх, ..-ийг хориглоно” гэж заасан.

...Олон улсын конвенц, дотоодын хуулиар хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан мөрдөн шалгахдаа гүйцэтгэх ажлын журмаар мөрдөх эрх олгосон байна. Харин шүүгчийг шүүн таслах ажиллагаа явуулсны төлөө хэргийн оролцогчид нь мөрдөн мөшгөх, эх сурвалжгүй мэдээллээр Шүүхийн сахилгын хорооны гишүүн шүүгчийг мөрдөн шалгаж, түүний захидал харилцааны нууцад халдах эрх хэмжээгүй болно.

...Хуульд зааснаар шүүгч би, хувь хүнийхээ хувьд хэнтэй найз байх, түүнтэйгээ хэрхэн харилцах, хэзээ ямар ажил, ямар байдлаар эрхэлсэн ажлынхаа хүрээнд юу явуулсан зэрэг нь миний хувийн нууцад хамаарах буюу дээрх хуулийн 4.1.11-т заасан хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох мэдээлэл гэдэгт хамаарах миний хувийн асуудлыг шалгаж, цуглуулж байгаад нь ингэж үзэж байгаа юм.

Гэтэл Х.Н гэгч нь намайг мөрдөн мөшгөж, хэнтэй найзалдаг, түүнтэйгээ юу хийсэн, хэзээ ямар ажил хийсэн зэрэг мэдээллийг цуглуулж, энэ талаар мэдээллийг Шүүхийн сахилгын хороонд гаргасан, Шүүхийн сахилгын хорооны гишүүн нь шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг “илэрсэн” нотлох баримтын хүрээнд л нэмж цуглуулж, шалгах үүрэгтэй байхад намайг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа мэт ойлгон, миний хувийн нууцад хамаарах мэдээллийг эх сурвалжгүй гомдлоор цуглуулж эхэлсэн нь мөрдөн мөшгөлт мөн болно.

Шүүхийн сахилгын хорооны гишүүн нь шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгахдаа өөрийн шалган шийдвэрлэх эрх хэмжээний хүрээнээс хэтэрч, гомдол гаргагчийн эх сурвалжгүй, хуулиар хориглосон мэдээллийг цуглуулж гаргасан гомдлыг үндэслэн шүүгч дээр мөрдөн мөшгөлт явуулж байгаа нь хууль бус. Өөрөөр хэлбэл, аливаа этгээдийн ёс зүйн зөрчил гаргасан эсэх нь эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримтыг мөрдөн шалгахтай адилтгаж болохгүй, шүүгчийн ёс зүйн асуудлыг шалгахдаа гүйцэтгэх ажиллагаа явуулах, мөрдөн шалгах замаар цуглуулах эрхгүй болно.

Гомдол гаргагч Х.Н-оор төлөөлүүлж байгаа. н.Э гэгч нь өөрөө манай шүүхийн шүүгчтэй найз байсан бөгөөд өөрөө тэр шүүгчийн өрөөнд ирчхээд шүүгч намайг дуудуулж, уг шүүгч дуудаад ороод очиход сууж байсан боловч би зөвшөөрөөгүй тул түүний зорилгод хүрээгүйн төлөө ийнхүү шүүгчийг гүтгэж байгаа гэж үзэж байна.

Тодруулбал, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг дээр Э өөрийнх нь нөлөөлөлд орохгүй болохоор надад холбогдох мэдээллийг нууцаар, хууль бусаар цуглуулсан, тэр ч бүү хэл 2019 онд өмгөөлөгч хийж байхад ямар хэргийг өмгөөлж байсныг олж мэдэх боломж жирийн иргэнд байхгүй, ийм мэдээлэл нийтэд ил мэдээлэлд хамаарахгүй, интернэтээс хайхад гарахгүй, Монгол Улсын шүүхийн 2014-2022 оны хооронд шийдвэрлэсэн 20-30 мянга гаруй хэргээс миний хийж байсан өмгөөллийн хэргийг олж мэдэх боломжгүй байхад энэ мэдээллийг хаанаас олж авсан нь ч тодорхойгүй, мөрдөн мөшгөж олж авсан байх боломжтой.

Миний энэхүү тайлбар нь хэний өмгөөлөгч байсан гэдгээ нууцлах зорилгогүй, харин жирийн хүний олж мэдэх боломжгүй ийм мэдээллийг хаанаас олж авсан, хэн хэлж өгсөн зэрэг нь анхаарал татаж байна. Учир нь ийм мэдээллийг шүүгч нар л мэдэх боломжтой.

Шүүгч би “Б” ХХК-ийн эзэн болон “С б“ ХХК-ийн эзэн нэг гэдгийг мэдээгүй, мэдэх ч боломжгүй гэдэг нь наад захын жишээгээр харахад н.Энхтуяагийн нэхэмжлэлтэй хэрэг дээр ажиллагаа явуулсны дараа, шинээр үүсгэсэн “Б” ХХК-ийн хэрэгт н.Энхтуяа гэгчийг гуравдагч этгээдээр татахдаа тэдгээрийг мөн нэг хүн гэдгийг мэдээгүйн дээр н.Энхтуяаг “Э” ХХК-ийн эзэн гэдгийг харин Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргахад л мэдсэн тул адил нэртэй болгоныг нэг хүн гэж мэдэх боломжгүйг харуулж байгаа явдал юм.

Нөгөө талаас “Б” ХХК, “С б” ХХК-ийг н.Б гэдэг нэг эзэнтэй байсан ч энэ нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болохгүй. Учир нь 2018, 2019 оны орчим гэж бодож байна, би өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа “С б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй хэрэгт тус компанийн өмгөөлөгчөөр оролцож байснаа санаж байгаа ба энэ нь Төв аймаг дахь оршуулгын зориулалттай газрын эзэмших эрхийг цуцалсан маргаан байсан тул миний одоо шалгаж байгаа хэрэгтэй хамааралгүй үйл баримт тул шүүгчийн татгалзан гарах үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-т “урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд хэргийн оролцогч, бусад оролцогчийн хувиар оролцож байсан” гэж, 84.1.3-т “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” шүүгч татгалзан гарах ёстой ба мөн зүйлийн 84.2-т “Энэ хуулийн 84.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно” гэж заасан тул шүүгч хүн “С б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон гэх үндэслэлээр татгалзан гарвал хууль бус татгалзал болж, хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн ёс зүйн зөрчил болно.

Учир нь дээр дурдсан хэргүүд нь нэг хэрэг биш гэдэг нь тодорхой байгаа ба өмгөөлөгч, өмгөөлүүлэгч хоёрын харилцаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх, авах харилцаанууд нь хувийн харилцаанд хамаарахгүй, ажил хэргийн харилцаа байдаг учраас хуулиар шүүгчийн татгалзан гаргах үндэслэлд багтдаггүй, зөвхөн “тухайн хэрэгт буюу уг үйл баримтад холбогдох хэрэгт өмгөөлөгч, хэргийн оролцогчоор оролцсон бол шүүгч өөрөө татгалзан гарах” гэх томьёоллыг хуульд оруулсан байдаг.

Манай шүүхэд өмгөөлөгчөөр ажиллаж байгаад шүүгч болсон 4, давж заалдах болон хяналтын шатны захиргааны хэргийн шүүхүүдэд надтай хамт ажиллаж байсан, эсвэл багш шавийн харилцаатай шүүгч 13 хүн байдаг бөгөөд эдгээрийг өмгөөлж байсан хэргийн хүмүүстэй хувийн харилцаатай гэж үзэх үндэслэл болдоггүй, шүүгч ийм үндэслэлээр татгалзан гарах хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөн хүлээн авдаггүй, хамт ажиллаж байсан хүнийг ажил хэргийн харилцаатай хүмүүс гэж үздэг нь тогтсон эрх зүйн үр дагавар бүхий ойлголтууд юм. Энэ талаар Улсын дээд шүүхийн эцэслэн шийдвэрлэсэн хэрэг байгаа гэдгийг Шүүхийн сахилгын хорооны гишүүд мэдэж байгаа байх.

Би Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгоод чөлөөлөгдсөн Б.Х-тай хамт шүүгчээр ажиллаж байсан бөгөөд бусад шүүгч нарын адил бие бие рүүгээ мэнд мэдэж ярьдаг, зарим тохиолдолд хамт хоол иддэг, хөдөө гадаа хамт аялдаг, нэгэндээ өвчин зовлон тохиолдоход тусалдаг, хуваалцдаг хүн маань мөн.

Би өмгөөлөгч байх хугацаандаа шүүгчээр ажиллаж байсан Б.Х шүүгчтэй хэрэг дээр хамтран ажиллана гэсэн ойлголт байхгүй, байх ч боломжгүй ба тэр шүүгч, би өмгөөлөгч байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчээр оролцсон нь дээр дурдсан бусад 13 шүүгчтэй адил татгалзан гарах үндэслэл болохгүй.

...Ийнхүү шүүгч намайг шүүн таслах ажиллагаа явуулсантай нь холбогдуулан н.Э, Б.Н нар нь мөрдөн мөшгөж, хувийн мэдээллийг цуглуулсан, нөлөөлөх гэсэн оролдлого хийчхээд үүнийгээ юман чинээ бодохгүй надад холбогдуулан гүтгэлэг явуулсан, улмаар миний хувийн харилцаатай Д.Б дээр очиж зориудаар “Э-т захиалж сахилгын хэрэг үүсгүүлсэн, ноцтой асуудал гаргасан, одоо гарцаагүй арга хэмжээ авхуулна” гэсэн нь дахин нөлөөлж, хэргийг шийдвэрлүүлэх, надаар “би айж байна, битгий гомдол гаргаач” гэж хэлүүлэх гэсэн зэрэг ноцтой баримтыг энд анхаарч өгнө үү.

...Шүүгч шүүн таслах ажлаа хэнээс ч хараат бус явуулах шаардлагатай байхад нэг хэргийн 2 тал нь хоёулаа Шүүхийн сахилгын хороонд хандаж “шүүгч нэг талыг барьсан” гэх гомдлыг гаргасан нь аль аль нь шүүгчид нөлөөлөх гэсэн оролдлого гэдгийг анхаарч үзнэ үү.

Шүүгчид холбогдуулан шалгах асуудлын хүрээгээ тодорхой болгох нь Шүүхийн сахилгын хорооны анхаарч үзэх асуудал болсон гэдэг нь дээрхээс анзаарагдаж байгаа ба шүүгчийг шүүн таслах ажиллагаа явуулсантай нь холбогдуулж мөрдөж, гомдол гаргагчийн мөшгөсөн мэдээллээр шалгалт явуулах нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шүүгчээс хянан шийдвэрлэж байгаа болон хянан шийдвэрлэсэн хэргийнх нь талаар өөрийг нь холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан тушаалтан тайлбар, мэдүүлэг авахаар шаардахыг хориглоно” гэж заасанд нийцэхгүй байна.

Шүүгч би өөрийн ажиллагаагаар шүүгчийн ёс зүй, шударга ёсыг алдагдуулаагүй, хэн нэгэнд хүндэтгэлгүй хандсан гэх байдлыг гаргахгүй байхыг зарчим болгож ажилладаг тул гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүгч би миний яг ямар үйлдэлд холбогдуулан сахилгын хэрэг үүсгэснийг ойлгохгүй, энэ тайлбарыг бичихэд ажлынхаа 3 өдрийг зарцуулсан, яг ямар хэрэгт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэсэн нь тодорхойгүй учраас тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Д нь миний шалгаж шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн хот байгуулалтын газарт холбогдох хэрэг, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох хэргийг “шүүгч шударгаар шийдэж чадахгүй” гэх үндэслэлтэй гэж үзсэн байгаа тул яг ямар үйлдэлд холбогдуулан сахилгын хэрэг үүсгэж байгаагаа тодорхой болгохгүй бол хэн нэгэн этгээдээс тодорхой шүүгчээр хэргээ шийдвэрлүүлмээргүй байгаа бол ийнхүү элдвээр гүтгэсэн гомдлыг гаргамагц, шүүгчээс өөрийн хэргийг холдуулах арга зам болж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй байна.

3үй нь шүүгч хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэх үүрэгтэй, ийм ёс зүйтэй байх ёстой учраас хэргийн оролцогчийг Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан, сахилгын хэрэг үүсгүүлсэн гэдгээр гомдол гаргагчид хонзогнож хэргийг шийдвэрлэж болохгүй, ийм субьектив хандлагаас өөрийгөө ангижруулж чаддаг чадвар шүүгч хүнд төлөвшсөн байх ёстой гэж үздэг, ингэж ч чаддаг шүүгч болно. Дээрх үндэслэлүүдээр шүүгч Д.Э надад үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар шүүгч хэргийн оролцогчдын тайлбар, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит байдалд дүгнэлт хийн, нотлох баримтын хүрээнд, тэдгээрийг үнэлэн, өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан, хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхээр байна.

Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр гаргасан өргөдлийг ойлгохоор хуульд тодорхойлсон бөгөөд энэ утгаараа тус шүүх нь иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн шийдвэрээр сэргээн тогтооход чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг тул нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд буюу нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тодорхойлсон эрх нь хууль ёсны хүчин төгөлдөр байх ёстой.

Энэ нөхцөл байдлыг тодруулахын тулд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн шаардах эрхтэй эсэх асуудлаар ач холбогдолтой гэж үзэж буй нотлох баримтыг цуглуулах нь шүүгчийн бүрэн эрхийн асуудалд хамаарах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой тул шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх;” гэж шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар шүүгч урьдчилан өөрийн бодол, байр суурийг “олон нийтэд” мэдээлэх, илэрхийлэх буюу гадагш чиглэсэн байх үр дагавар шаарддаг бөгөөд тухайн хэрэг, маргааны талаар хэзээ, хэнд мэдээлснээс хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тодорхойлохоор хуульчилсан тул хариуцагчаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэснээрээ шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн, урьдчилсан таамаг гаргасан нөхцөл хангагдаагүй гэж үзлээ.  

Захиргааны хэргийн шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг цуглуулах үүрэгтэй боловч “ач холбогдолтой” гэж үнэлж дүгнэх нь шүүгчийн бүрэн эрхийн асуудал тул тухайн маргааны төрөлд заавал цуглуулах ёстой эсхүл нэн тэргүүнд гаргуулан авах шаардлагатай гэж ангилан авч үзэх боломжгүй тул газрын хувийн хэргийг хариуцагчаас гаргуулахад хойрго хандсан, архивд үзлэг хийлгэх хүсэлтийг шийдвэрлээгүй гэх үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Шүүгч дараахь хүсэлтийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ: ...70.1.2.захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх;”, 70.7-д “Энэ хуулийн 70.1.2-т заасан хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэргийн оролцогчдыг татан оролцуулснаас хойш тооцно”, 70.8-д “Шаардлагатай бол энэ хуулийн 70.1-д заасан хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор шүүгч сунгаж болно” гэж заасан.

Шүүгч Д.Э нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон байх ба "Е о" ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулжээ.

Шүүгч актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй шалтгаанаа “... 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гуравдагч этгээдээр “Е о” ХХК-ийг татаж, шүүхэд ирүүлэхээр дуудахад тус компанийн захирал П.А гадагшаа явсан, 2 сард Монгол Улсад ирнэ гэх тайлбар өгч шүүхэд ирээгүй учраас түүнийг хүлээхээс өөр хууль зүйн гаргалгаа шүүхэд байхгүй байсан. Ингээд “Е о” ХХК-ийн захирал нь 2024 оны 02 дугаар сарын 08-нд шүүхэд ирсэн ба өмгөөлөгч авах хүсэлт гаргасан, хүсэлт хэлэлцэх зорилгоор хуралдааныг товлоход өмгөөлөгч байхгүй өмгөөлөгч авах зэрэг хүсэлтүүдийг гаргасан, 03 сарын 04-ний өдрийн хурлыг нь хариуцагчийн хүсэлтээр хойшлуулж байсан ...” гэж тайлбарлажээ.

Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх ойлголт нь тодорхой маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд маргаан бүхий актын үйлчлэлийг түдгэлзүүлэх замаар түүний үр дагавраас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг түр хамгаалахад чиглэгдсэн, эрх зүйн урьдчилсан хамгаалалт тогтоох ажиллагаа бөгөөд актын биелэлтийг түдгэлзүүлснээр “Е о” ХХК-д эрх олгосон шийдвэрийн үйлчлэл зогсох тул хэргийн оролцогчид хууль шүүхийн өмнө эрх, тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх нь онцгой ач холбогдолтой учир хариуцагч болон гуравдагч этгээдийг урьдчилсан хэлэлцүүлэгт оролцуулах үндэслэлээр тус хүсэлтийг шийдвэрлээгүйг буруутгах боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж зааснаар гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн нэгэн адил хүлээн авахаас татгалзах нөхцөлд хамаарахгүй тохиолдолд түүнийг хүлээн авч, хуульд заасан ажиллагааг явуулах нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн захирамжийн үндэслэлд дүгнэлт хийхгүй болно. Мөн түүнчлэн хуульд хүсэлт шийдвэрлэх дарааллыг нарийвчлан журамлаж тогтоож өгөөгүй тул шүүгч бие даасан шаардлагыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэхдээ тухайн хэрэгт хамтатган шийдвэрлэх нь бодит үнэнийг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх хэмнэлтийн зарчимд нийцсэн, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн өөрийн дотоод итгэлээр хянан шийдвэрлэхээр байх тул шүүгчийн үйлдлийг бусдад давуу байдал олгосон гэж үзэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-т зааснаар хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал, мөн хуулийн 84.1.5-д ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй.

Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 36 дугаар тогтоолын 1-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3 дахь заалтын: “хувийн харилцаатай” гэж хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч уг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчтэй эдийн болон эдийн бус хувийн ашиг сонирхлоор холбогдсон байхыг ойлгоно. ... Нэг сургуульд суралцсан болон урьд хамт ажиллаж байсан зэрэг өөр бусад байдлаар таньдаг, олон нийтийн цахим сүлжээнд “дагагч”, “найз” зэргээр холбогдсон, албан ажил үүрэг гүйцэтгэх явцад тогтоосон албан харилцаа, түүнчлэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бараа, ажил үйлчилгээг нийтэд зарласан нөхцөлөөр авсан зэрэг нь “хувийн харилцаа”-нд хамаарахгүй”, Нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мэргэжлийн болон бусад хуулиар зөвшөөрөгдсөн байгууллагын гишүүнчлэл, нэг нутгийн хүн, багш шавийн харилцаатай гэх мэт нийтлэг тохиолддог нөхцөл нь дангаараа шүүгч болон нөгөө этгээдийн хоорондын ашиг сонирхлын нэгдэлтэйг илэрхийлэхгүй” гэж тайлбарлажээ.

Дээрхээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа А.М нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд тус шүүхэд шүүгчийн туслахын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд шүүгч Г.У-ийн туслах байсан нь Тамгын газрын даргын тушаал болон Захиргааны хэргийн бүртгэл хяналтын системд ажиллагаа хийж байсан баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгчийг хуульд заасны дагуу татгалзан гарах үүргээ биелүүлээгүй гэж үзэж сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлд хамаарахгүй. Холбогдох шүүгч захиргааны хэрэг үүсгэж нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах, хариу тайлбар авах, нотлох баримт цуглуулах, урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаан товлон зарлах зэргээр тасралтгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байсан болох нь тогтоогдож байх тул түүнийг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

... хэргийн анхан шатны шүүхийн Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын системээр хэргийг хуваарилдаг буюу шүүх нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэлийн бүртгэлд бүртгэдэг, шүүгч Д.Э-т системээс хуваарилагдсан болох нь үзлэгээр тогтоогдсон тул шүүгчийн аливаа оролцоотойгоор нэхэмжлэлийг хуваарилсан гэх үндэслэл тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүх маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэм болгох, энэ нь шүүхийн үндсэн зарчим болохыг хуульчлан зааж өгсөн тул талуудыг эвлэрэх эсэхийг асууж тодруулах эрхтэй төдийгүй үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогч талууд хоорондоо эвлэрэн хэлэлцэх эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны, ялангуяа шүүх хуралдааны аль ч үе шатанд асууж тодруулах, шаардлагатай бол эвлэрэн хэлэлцэх, маргаанаа эвийн журмаар шийдвэрлэх боломж, хугацаагаар хангаж өгөх үүрэгтэй байдаг болно.

Иймд холбогдох шүүгчийг эвлэрэх хүсэл зориг байгаа эсэх талаар асуусныг албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл нэхэмжлэгчид давуу байдал шууд бий болгосон гэж үзэхгүй.

... “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийн үндэслэлд Шүүхийн сахилгын хороо дүгнэлт өгөхгүй.

Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаах тухай” СХТ/2024/0091 дүгээр тогтоолд шүүгч Д.Э нь шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШЗ2023/7087 дугаар захирамжаар “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн, уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б-ийн хувьцаа эзэмшдэг “С б” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.С-той шүүгч Д.Э нь гар утсаар холбогдож ... ярьсан, “С б” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.С-оос гэрчийн мэдүүлэг аваагүй байна. Шүүгч Д.Э нь тайлбар өгөхдөө “Б” ХХК болон “С б” ХХК-ийн удирдлагатай “ажил хэргийн холбоотой байснаас хувийн харилцаатай байгаагүй” гэсэн тул У.С-оос гэрчийн мэдүүлэг авч ямар шалтгаанаар шүүгчтэй гар утсаар ярьсан талаар тодруулах шаардлагатай. Иймд илтгэгч гишүүн нь шүүгч Д.Э-ийг “С б” ХХК-ийн удирдлагуудтай харилцсан үйлдэл нь хувийн харилцаанд хамаарагдах эсэх, эсхүл ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдалд хамаарагдах эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй гэжээ.

Шүүгч Д.Э “... Өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа “С б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн нутаг дэвсгэрт байх оршуулгын газартай холбоотой маргаанд тус компанийн хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож байсан, ...“С б” ХХК-ийг буяны компани гэдгийг нь мэдэх учраас чандарлах асуудлаар тодруулж л асуусан” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.5-д зааснаар ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүрэгтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолын 3-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.5 дахь заалтын “ашиг сонирхлын зөрчил” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно. ...“үүсэж болзошгүй” гэж ашиг сонирхлын зөрчилд хүргэх магадлалтай байдлыг ойлгох бөгөөд ашиг сонирхлын зөрчлийг эргэлзээгүй нотолсон байхыг шаардахгүй, харин ашиг сонирхлын зөрчил бүхий үр дагаварт хүргэж магадгүй нь холбогдох баримтаас тодорхойлогдсон байхыг ойлгоно.

Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж хэргийн оролцогчдод ойлгогдохоор нөхцөл байдал байгаа бол энэ талаар хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг шүүгчийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана” гэж тайлбарласан.

Шүүгч Д.Э нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Г.Б-ийг “С б” ХХК-тай хамааралтай гэдгийг мэдээгүй, мэдэх ч боломжгүй гэж тайлбарладаг ба холбогдох шүүгчийн зөвлөгөө өгсөн гэх “С б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд Г.Б нь нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцсон байх бөгөөд тус хэрэгт зөвлөгөө өгөхөд Г.Б болоод түүний эрхэлдэг хуулийн этгээдүүдийн бүхий л бичиг баримттай танилцах боломжтой байсан гэж гэж шууд дүгнэх үндэслэлгүй.

Иймд ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э-ийг  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

СХТ/2024/0091 дүгээр тогтоолд дурдсаны дагуу “С б” ХХК-ны гүйцэтгэх захирал гэх иргэн У.С-оос гэрчийн мэдүүлэг авахаар 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дуудахад “Өмнө нь танайхаас холбогдоход наад яриад байгаа шүүгчийг чинь танихгүй болохоор гэрчийн мэдүүлэг өгөхгүй гэдгээ хэлсэн. Өөрт хамааралгүй, мэдэхгүй зүйл дээр оролцмооргүй байна” гэх бөгөөд мөн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Утсаар ярьсан тэмдэглэл” сахилгын хэрэгт авагдсан болно.

Шүүхийн сахилгын хорооны СХТ/2024/0091 дүгээр тогтоолд шүүгч Д.Э сэтгүүлч С.Б-тай өөрийн даргалж шийдвэрлэсэн Д.Ц-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр уулзах саналыг эхэлж гаргасан нь С.Б-ийн фейсбүүк мессенжерт хийсэн үзлэгээр тогтоогдож байх боловч шүүгч дуудаж ирүүлсэн, эсхүл сэтгүүлч С.Б өөрөө шүүхийн байранд ирж шүүгчтэй уулзсан эсэхэд илтгэгч гишүүн дүгнэлт өгөөгүй, уг уулзалтад байлцсан гэх шүүгчийн туслахаас уулзалтын үед шүүгч Д.Э нь шүүх, шүүгчийн нэр хүндэд харшилсан, эсхүл шүүхийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх санал, сэтгэгдэл төрүүлэхүйц зүйл ярьсан эсэх, шүүгч нь ... хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт сэтгүүлч С.Б ирж уулзах эсхүл ирж уулзсан талаар мэдэгдсэн эсэх, тухайн өдөр шүүхийн хамгаалалтад гарч байсан цагдаа шүүгчээс зөвшөөрөл авалгүй сэтгүүлчийг шүүгчийн өрөө рүү оруулсан эсэх талаар тодруулах шаардлагатай байна гэж үзэж дээрх нөхцөл байдлыг шалгаж, шүүгч сэтгүүлчтэй уулзаж тодруулга, мэдээлэл өгснөөр тухайн сэтгүүлч нь олон нийтийн сүлжээнд нийтлэл оруулсан үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.32-т заасанд хамаарагдах эсэх, мэдээлэл өгснөөр ямар үр дагавар үүссэнд  дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийн талаар олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгсөн байж болзошгүй гэж үзэж холбогдох шүүгчээс сэтгүүлчтэй уулзах санал тавьсан, уулзахаар товлосон өдөр сэтгүүлч ирээгүй хэдий боловч тодорхой хугацааны дараа уулзалт болсон, энэхүү үйл баримтын талаар маргаан байхгүй байх бөгөөд харин уг уулзалтын талаар яригдсан ярианы агуулгын талаар талууд өөр өөрийнхөө өнцгөөс, өөр өөрийнхөө үзэл бодлыг тайлбартаа болон мэдүүлэгтээ мэдүүлжээ.

Сэтгүүлч С.Б нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төрлөөр дагнан ажилладаг сэтгүүлч бөгөөд шүүхийн тодорхой шийдвэрийн талаар бичсэн үйл баримттай нь холбогдуулан тухайн шүүхийн шийдвэрийг гаргасан шүүгч уулзах хүсэлт тавьснаар уг уулзалт болсон байх бөгөөд уг уулзалтын талаар сэтгүүлч олон нийтийн сүлжээнд сэтгэгдэл бичиж бичвэр оруулсан байна.

Монгол Улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх эрх нь Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх бөгөөд сэтгүүлч шүүгчтэй уулзсан талаар өөрийн сэтгэгдэл, бодол санаагаа нийгмийн сүлжээнд илэрхийлэн бичсэн нь түүнд хуулиар олгогдсон бүрэн эрх байх бөгөөд холбогдох шүүгч мөн өөрийнхөө гаргасан шийдвэрийг тайлбарласан үйл баримтыг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Учир нь уулзалтын талаар тэмдэглэл үйлдэгдээгүй, уулзалтаар юу ярьсан нь баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүгчийг шүүх, шүүгчийн нэр хүндэд харшилсан, эсхүл шүүхийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх санал, сэтгэгдэл төрүүлэхүйц зүйл ярьсан гэж үзэх боломжгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.32-д “хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээ ашиглахдаа шүүх, шүүгчийн нэр хүндэд харшилсан, эсхүл шүүхийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх санал, сэтгэгдэл, зураг, дууны, дуу-дүрсний бичлэг болон бусад хэлбэрийн мэдээ, мэдээлэл тараах, байршуулах” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь холбогдох шүүгч өөрийн шийдвэрлэсэн хэргийн талаар тайлбарлах бүрэн эрхтэй төдийгүй шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод болохыг хуулиар бататгаж өгчээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11-т “Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана” гэж заасан байх бөгөөд биечлэн тайлбарлахаас гадна бичгээр тайлбарлах боломжтой болохыг хуульчлан заасан байх ба Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журам батлах тухай” 343 дугаар тогтоолоор бичгээр тайлбарлах ажиллагааг журамлан зохицуулсан байна. Шүүхийн шийдвэрийн тайлбар нь шийдвэрийн болон процессын гэсэн ямар ч хэлбэртэй байж болохыг журамлан зохицуулсан байх бөгөөд заавал хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг тайлбарлах ёстой гэж хууль журмаар нарийвчлан зохицуулаагүй төдийгүй явцын буюу процессын тайлбар тойм байж болохыг журамлан зохицуулсан болохыг тухайлан дурдах нь зүйтэй байна.

Мөн шүүгчийн туслахаар ажиллаж байсан Ж.Н гэрчээр мэдүүлэхдээ холбогдох шүүгчийг сэтгүүлчтэй уулзах уулзалтад бүтэн байгаагүй, юу яригдсан талаар мэдэхгүй, уулзалт эхлэхэд байж байгаад гарсан гэсэн утга агуулгатай тайлбар мэдүүлэг өгсөн бол харуулын цагдаа Ц.Б тухайн өдөр намайг дуудсан, хувийн ажлаар уулзана гэж хэлээд сэтгүүлчийн үнэмлэх үзүүлсэн тул би итгээд оруулсан гэж мэдүүлсэн болно.

Иймд ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Н-ийн Сахилгын хороонд гаргасан гомдол, мэдээллийн агуулгаас үзвэл ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э-ийн “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргүүдэд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсантай холбоотой, хуульд заасан татгалзан гарах үүргээ зөрчсөнтэй холбоотой, мөн сэтгүүлч С.Б-тай уулзсан үйл баримттай холбоотой мэдээлэл тус тус гаргажээ.

Нэг. “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлийн тухайд:

Өргөдөл гаргагч нь дээрх хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлээ “...Уг хэргийг хянан шийдвэрлэж шийдвэр гаргахаас өмнө нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосныг буруутгасан хувийн байр сууриа илэрхийлж, түүндээ тайлбар ирүүлэхийг хариуцагчаас шаардсан, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй хойшлуулсан, нэхэмжлэлийн шаардлагын үйл баримтад огт хамааралгүй бие даасан шаардлагыг хүлээн авсан, хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт цуглуулсан, хариуцагчаас нотлох баримт гаргуулах арга хэмжээ авахгүй эс үйлдэхүй гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хугацааг хэтрүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хувийн ашиг сонирхолтой байж болзошгүй А.М оролцож байхад татгалзан гараагүй” гэж тодорхойлсон.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь дээрх хуульд нэрлэн заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага юм.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-оос Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “...” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүгч Д.Э-ийн  2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2023/8392 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байх байна.

Шүүгч Д.Э-ийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/9114 дүгээр албан бичгээр “...нэхэмжлэгч “Э” ХХК нь уг ашиглах газартаа дээрх төслийг 9 жилийн дараа эхлүүлэх болсон шалтгаан нөхцөл, түүний газар ашиглах гэрээг 8 жилийн дараа сунгасан үндэслэлийн талаар болон одоо тус компани газар ашиглах эрх нь хадгалагдаж байгаа эсэх талаар тайлбар гаргаж, холбогдох нотлох баримт, “Э” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гэрээ”-г 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр сунгасан шалтгаан, дахин гэрээ байгуулсан шалтгаан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2014 онд анх “Э” ХХК-д дээрх газрыг ашиглуулахдаа гаргасан шийдвэр, сайдын 2020 оны А/291 дүгээр, А/465 дугаар, 2022 оны А/605 дугаар тушаалууд, “Е о” ХХК-ийн ашиглаж байгаа 900 м.кв газрын хувийн хэрэг, “Э” ХХК-ийн орц гарцыг хааж газар олгосон гэх бусад этгээдийн холбогдох баримтыг тус тус хуулбарлан ирүүлэх...”-ийг даалгаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-оос 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гуравдагч этгээд “Е о” ХХК-ийн газрын хувийн хэргийг гаргуулах тухай хүсэлт гаргасныг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/2088, 1/2090 дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулахаар хүргүүлжээ.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үзлэг хийлгэх болон маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй, шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2024/2651 дүгээр захирамжаар гуравдагч этгээд “Е о” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдуулан гаргасан ”Е о” ХХК-ийн ашиглалтын газарт авто зогсоол, орц гарц төлөвлөсөн “Э” ХХК-ийн “Аялал жуулчлал, амралт сувиллын цогцолбор”-ын загвар зургийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хот байгуулалт, хөгжлийн газар 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр баталсан нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, “Е о” ХХК-ийн ашиглалтын газарт барьсан барилгын хашааг албадан буулгах, газрыг чөлөөлөхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгах” тухай бие даасан шаардлагыг хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан.

Шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг тул хариуцагчаас нотлох баримт ирүүлэхийг шаардах, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авах эсэх зэрэг шүүгчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт хийх эрх хуулиар Сахилгын хороонд олгогдоогүй.

Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх нь хэргийн оролцогчдын хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах ажиллагаа хийдэг онцлогтой бөгөөд өргөдлийн агуулга нь шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байх тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Түүнчлэн, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх ойлголт нь тодорхой маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд маргаан бүхий актын үйлчлэлийг түдгэлзүүлэх замаар түүний үр дагавраас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг түр хамгаалахад чиглэгдсэн, эрх зүйн урьдчилсан хамгаалалт тогтоох ажиллагаа бөгөөд актын биелэлтийг түдгэлзүүлснээр “Е о” ХХК-д эрх олгосон шийдвэрийн үйлчлэл зогсох тул хэргийн оролцогчид хууль шүүхийн өмнө эрх, тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх шаардлагаар хариуцагч болон гуравдагч этгээдийг урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох эрхийг хангаж маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй удсаныг буруутгах боломжгүй.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа А.М нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд тус шүүхэд шүүгч Г.У-гийн туслахаар ажиллаж байсан үйл баримт Д.Э шүүгчийн тухайд хуульд заасан татгалзан гарах үүрэгт хамаарахгүй талаар Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 36 дугаар тогтоолд үндэслэн зөв дүгнэсэн байх тул илтгэгч гишүүний санал Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8.”Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ” гэж заасанд нийцсэн гэж үзнэ.

Хоёр. “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан мэдээллийн тухайд:

... хэргийн анхан шатны шүүх нь “Б” ХХК-ийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “...” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, нэхэмжлэлийн 128/НЭ2023/1138 дугаар бүртгэлд бүртгэсэн байх ба тус  нэхэмжлэл шүүгч Д.Э-т системээс хуваарилагдсан, шүүгч нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШЗ2023/7087 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

Иргэн Б.Н дээрх хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан мэдээллийн үндэслэлээ “Шүүгч Д.Э нь Д.Э-ийн гуравдагч этгээдээр оролцож буй “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг дээр мөн адил хувийн сонирхлоор хандсан, үзлэг хийхдээ нэхэмжлэгчийн өмгөөлөгчид тухайлан хандаж “танайх энэ талаар нотлох баримт ирүүлэх нь байна шүү, анхаараарай” гэж дотно харьцсан, урьд нь хууль зүйн туслалцаа үзүүлж байсан “С б” ХХК-ийн эзэн Г.Б нь “Б” ХХК-ийн захирал байхад ашиг сонирхлын зөрчил бүхий энэхүү нөхцөл байдлыг хэргийн оролцогчид мэдэгдээгүй, уг хэргээс татгалзан гарах үүргээ биелүүлээгүй” гэж тодорхойлсон.

Сахилгын хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд гэрч Г.Б “...2015 оноос “Б” ХХК-ийн захирлаар ажиллаж эхэлсэн. 2015 онд “С б” ХХК-ийг үүсгэн байгуулан ажилласан, ... 2018 онд шүүгч Д.Э-тэй уулзаж байсан. Манайд гэрээт өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүн захиргаагаар дагнасан өмгөөлөгч байгаа гэж танилцуулж байсан. “С б” ХХК-ийн нэхэмжлэлтэй газрын маргаантай захиргааны хэрэгт зөвлөгөө авсан, ... “С б” ХХК нь буяны үйл ажиллагаа явуулдаг учраас шүүгч Д.Э ээж нь өнгөрчихлөө гээд чандарлах талаар асууж, өнгөрсөн жилийн хавар утсаар ярьсан. Сар, өдрийг нь тодорхой санахгүй байна. Тэр үед манайх чандарлах ажил хийдэггүй, “Улаанбаатар буян” ХХК чандарладаг гэж хэлж байсан ...” гэж мэдүүлсэн бол, шүүгч Д.Э “...Өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа “С б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн нутаг дэвсгэрт байх оршуулгын газартай холбоотой маргаанд тус компанийн хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож байсан, “...“С б” ХХК-ийг буяны компани гэдгийг нь мэдэх учраас чандарлах асуудлаар тодруулж л асуусан. Саяхан 2024 оны 04 дүгээр сард би өөрөө эхэлж ярьсан. ... “Б” ХХК-ийн эзэн болон “С б“ ХХК-ийн эзэн нэг гэдгийг мэдээгүй, мэдэх ч боломжгүй...” гэж тайлбарлажээ.

Түүнчлэн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 9/5620 дугаар албан бичгээр ирүүлсэн “Б” ХХК болон “С б” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанд “Б” ХХК-ийн 100 хувийн хувьцаа, “С б” ХХК-ийн 51 хувийн хувьцааг тус тус Г.Б эзэмшдэг талаар дурдсан, “М к” ХХК-иас 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 4/3732 дугаар албан бичгээр ирүүлсэн гар утасны дуудлагын жагсаалтаас үзэхэд шүүгч Д.Э нь “С б” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.С-той 2024 оны 03 дугаар сарын 02, 03, 05-ны өдрүүдэд тус тус залгаж утсаар харилцсан үйл баримт тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-т “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал”,  84.1.5-д “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон” гэж заасан үндэслэл бий болсон тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй.

Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 36 дугаар тогтоолын 1-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3 дахь заалтын: “хувийн харилцаатай” гэж хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч уг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчтэй эдийн болон эдийн бус хувийн ашиг сонирхлоор холбогдсон байхыг ойлгоно. ... Нэг сургуульд суралцсан болон урьд хамт ажиллаж байсан зэрэг өөр бусад байдлаар таньдаг, олон нийтийн цахим сүлжээнд “дагагч”, “найз” зэргээр холбогдсон, албан ажил үүрэг гүйцэтгэх явцад тогтоосон албан харилцаа, түүнчлэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бараа, ажил үйлчилгээг нийтэд зарласан нөхцөлөөр авсан зэрэг нь “хувийн харилцаа”-нд хамаарахгүй”, нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мэргэжлийн болон бусад хуулиар зөвшөөрөгдсөн байгууллагын гишүүнчлэл, нэг нутгийн хүн, багш шавийн харилцаатай гэх мэт нийтлэг тохиолддог нөхцөл нь дангаараа шүүгч болон нөгөө этгээдийн хоорондын ашиг сонирхлын нэгдэлтэйг илэрхийлэхгүй” гэж тайлбарлажээ.

Харин Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 16.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч урьд нь тухайн хэрэг, маргаантай холбогдуулан дараах үүргийн аль нэгийг гүйцэтгэж байсан бол хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзана”, 1.1 “хуульчаар оролцож байсан...” гэж заасан бөгөөд дээрх хууль болон дүрмийн зохицуулалтаас үзэхэд тухайн хуульчаар ажиллаж байсан үедээ хууль зүйн зөвлөгөө өгсөн хэрэг маргаантай холбоотой байхыг, эсхүл хууль зүйн зөвлөгөө өгсөн этгээдтэй хувийн харилцаатай тохиолдолд татгалзана гэж ойлгохоор байна.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд шүүгч нь “С б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн нутаг дэвсгэрт байх оршуулгын газартай холбоотой маргаанд хууль зүйн туслалцаа үзүүлсэн нь нотлогдсон ч энэ хэрэг нь “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох хэрэг маргаантай хамааралгүй байх ба “Б” ХХК, “С б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Б-той шүүгч Д.Э нь хувийн харилцаатай болохыг илтгэгч гишүүн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй байна.

Иймд хуульд заасан татгалзан гарах үүргээ биелүүлээгүй гэж шүүгчийг буруутгах боломжгүй бөгөөд “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой өргөдлийн үндэслэлд илтгэгч гишүүн зөв дүгнэлт хийсэн байх тул хүлээн авч шийдвэрлэлээ.

          Шүүгч хуулиар хүлээсэн үүргээ бодитой, шударга төвийг сахиж гүйцэтгэхэд нь саад учруулах үндэслэл байна гэж өөрөө үзвэл, эсхүл олон нийтэд тийнхүү ойлгогдсон тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах нь зөв гэж олон улсад хүлээн зөвшөөрдөг болохыг тухайлан тэмдэглэв.

Гурав. Сэтгүүлч С.Б-тай уулзсан гэх мэдээллийн тухайд:

Шүүгч Д.Э нь ... хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0764 дүгээр шийдвэрээр Д.Ц-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох “...” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрийг шүүмжилсэн агуулга бүхий мэдээллийг сэтгүүлч С.Б нийтэлсэн, шүүгч Д.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сэтгүүлч С.Б-тай фэйсбүүк мессэнжерээр холбогдож “...Энэ хэргийг та захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр очиж бүрэн танилцахгүй бол буруу мэдээлэл өгсөн гэж би харлаа. ...Та манай шүүх дээр ирж дахин судалбал яасан юм бэ. Би мэдээллийг илт тод болгож өгье танд” гэж бичсэн, сэтгүүлч С.Б 2 хоногийн дараа шүүгч Д.Э-тэй уулзсан байх ба энэ талаар өөрийн фэйсбүүк хуудас дээрээ “Д.Э шүүгчтэй уулзсан минь” гэх гарчиг бүхий захиргааны хэргийн шүүгч нарыг буруутгасан агуулгатай нийтлэл гаргасан үйл баримт тогтоогдож байна.

Бангалорын зарчмын 2.4-т “Шүүгч нь өөрөө хянан шийдвэрлэж байгаа, эсхүл өөрт нь хуваарилагдан шийдвэрлэгдэх хэргийн тухайд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд нөлөөлөх бодит магадлалыг бий болгох, эсвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зарчим болох шударга байдлыг алдагдуулж болох тийм тайлбар, мэдэгдлийг мэдсээр байж хийж болохгүй. Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга байдалд нөлөөлж болох мэдэгдэл, бусад ямар нэгэн тайлбар, мэдэгдлийг олон нийтэд мэдээлж болохгүй” гэж тунхагласан байдаг бөгөөд энэ зарчмыг тайлбарлахдаа “...Шүүгч нь олон нийтийн шуугианыг дагаж буюу олон нийтийн шүүмжлэлээс айж аливаа мэдэгдэл хийсэн бол тэр нь зохисгүй харагдана. ...Хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн төлөөлөл шүүхээс гарсан шийдвэрт шүүмжлэлтэй хандвал шүүгч хэвлэл мэдээллийн хэрэгслээр хариу мэдээлэл, тэрхүү шүүмжлэлийн талаар тайлбар хийхээс зайлсхийх ёстой. ...Шүүгч нь шүүхийн шийдвэр, түүний үндэслэлийг хамгаалсан мэдэгдлийг олон нийтийн өмнө хийх нь ерөнхийдөө зохисгүй байдаг. ...Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүн таслах ажиллагаа, шүүхийн шийдвэрийн талаар худал, ташаа мэдээлэл тараасан, уг алдааг залруулах ёстой гэж шүүх, шүүгч үзвэл шүүхийн захиргааны байгууллагаас мэдээ гаргах замаар бодит мэдээллийг олон нийтэд хүргэх буюу залруулга хийх арга хэмжээ авна” гэжээ.

Дээр дурдсанаас үзвэл шүүгч Д.Э өөрийнхөө шийдвэрлэсэн хэргийн талаар мэдээлэл өгөх гэж сэтгүүлчид уулзах санал тавьсан, сэтгүүлч шүүгчтэй уулзсан уулзалтын талаар олон нийтэд мэдээлэхдээ захиргааны хэргийн шүүхийн шүүгч нарыг буруутгасан, шүүхийн талаар буруу ойлголт төрүүлэхүйц нийтлэл олон нийтийн сүлжээнд тавигдах үндэс суурь болсон зэрэг нь зохисгүй гэж ойлгогдох бөгөөд зүй нь шүүхийн шийдвэрийн талаар худал, ташаа мэдээлэл тараасан, уг алдааг залруулах ёстой гэж шүүгч үзвэл шүүхийн захиргааны байгууллагад хандаж бодит мэдээллийг хүргүүлэх нь зохимжтой талаар тайлбарлажээ.

Түүнчлэн, өөр шүүгчийн шийдвэрлэх гэж буй хэргийн шүүх хуралдааныг сонирхооч гэж сэтгүүлч рүү мессеж бичиж байгаа үйлдлийг зохистой зөв үйлдэл гэж хүлээн зөвшөөрөх боломжгүйн зэрэгцээ Бангалорын зарчмын 1.5-д “Шүүгч нь албаны үүргээ хэрэгжүүлэхдээ шүүхийн үйл ажиллагааны болон институтын бие даасан байдлын баталгааг хангах, бэхжүүлэхийг эрмэлзэнэ. ...Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг доройтуулах гэсэн оролдлогыг эсэргүүцэх ёстой”, 1.6-д “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах гол тулгуур болох шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэхийн тулд шүүгч нь ёс зүйн өндөр хэм хэмжээг үлгэр жишээчээр даган мөрдөж, өөрийн биеэр батлан үзүүлнэ” гэж тус тус заасантай нийцээгүй гэж үзнэ.

Хэдийгээр, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11-т “Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана” гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 343 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журам”-ыг баримталж хэрэгжүүлдэг, энэ журмаар шүүхийн шийдвэр болон шүүхийн процессын тойм гаргах арга ажиллагаа, мэдээлэх, түгээхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг талаар илтгэгч гишүүн зөв дүгнэсэн ч хувь шүүгч сэтгүүлчтэй хувийн журмаар холбогдон дуудан ирүүлж, шийдвэрлэсэн хэргийнхээ талаар мэдээлэл өгөхийг зохицуулсан журам биш байх атал дээрх хууль болон журмын заалтад хамааруулан “шүүгч өөрийн шийдвэрлэсэн хэргийн талаар тайлбарлах бүрэн эрхтэй” гэж дүгнэснийг хүлээн авах боломжгүй.

Гэвч нэр бүхий шүүгчийн дээрх үйлдэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.32-д “хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээ ашиглахдаа шүүх, шүүгчийн нэр хүндэд харшилсан, эсхүл шүүхийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх санал, сэтгэгдэл, зураг, дууны, дуу-дүрсний бичлэг болон бусад хэлбэрийн мэдээ, мэдээлэл тараах, байршуулах” гэж заасан зөрчлийн шинжийг хараахан агуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх заалтыг хувь шүүгч өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгсэлд болон олон нийтийн цахим мэдээллийн сүлжээ ашиглахдаа мэдээ мэдээлэл тараасан байхыг, ийнхүү тараасан мэдээ мэдээлэл нь шүүх, шүүгчийн нэр хүндэд харшилсан, эсхүл шүүхийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх хэмжээний байхыг ойлгох ба сэтгүүлч С.Б-ийн фэйсбүүк хуудас дээрх “Д.Э шүүгчтэй уулзсан минь” гэх гарчиг бүхий нийтлэлд тухайн шүүгчийн үзэл бодол бус харин сэтгүүлч нь шүүгчтэй уулзсан талаараа өөрийн сэтгэгдлээ нийгмийн сүлжээнд илэрхийлэн бичсэн агуулгатай байх тул “шүүх, шүүгчийн нэр хүндэд харшилсан, эсхүл шүүхийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх хэмжээний” гэх зөрчлийн шинжийг хангаагүй, энэ талаарх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Харин сахилгын хэргийн оролцогч шүүгч нь цаашид шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээнд бодит байдлаас зөрүүтэй, буруу ташаа мэдээлэл гарсныг залруулах шаардлагатай гэж үзэх тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 343 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журам”-ыг баримталж ажиллавал зохистой.

          Шүүгч хүн ямагт бусдын эрхэм чанарыг хүндэтгэн эелдэг, хүлээцтэй хандаж, үг хэллэгийг болгоомжтой хэрэглэн бусдад үлгэр жишээ болохуйцаар шүүхийн өндөр нэр хүндэд нийцүүлэн биеэ зөв зохистой авч явах нь зүйтэй бөгөөд шүүгчийн зан байдал, үйл ажиллагаа нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэдэг болохыг анхаарах нь зүйтэй.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ГС/2024/0124 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

                        ДАРГАЛАГЧ                                     О.НОМУУЛИН

                                    ГИШҮҮН                                          Д.МЯГМАРЦЭРЭН  

                                                                                              Д.ЭРДЭНЭЧУЛУУН